Өдөр тутмын Бурханы үг: Бурханы ажлыг мэдэх нь | Эшлэл 216
Бурханы удирдлагын ажил дэлхий ертөнц бүтээгдсэнээс хойш эхэлсэн ба хүн энэхүү ажлын цөмд байдаг. Бурхан бүх зүйлийг бүтээсэн нь хүний төлөө байсан гэж хэлж болно. Түүний удирдлагын ажил олон мянган жил дамнадаг учраас энэ нь хэдхэн минут, секундын дотор юм уу нүд цавчихын төдийд, эсвэл ганц хоёрхон жилийн дотор хийгддэггүй бөгөөд хүн төрөлхтний оршин амьдрахад шаардлагатай нар, сар, бүх төрлийн амьд зүйл, хоол хүнс, таатай орчин гэх зэрэг илүү их зүйлийг бүтээх хэрэгтэй болсон. Энэ нь Бурханы удирдлагын эхлэл байсан юм.
Үүний дараа Бурхан хүн төрөлхтнийг Сатанд хүлээлгэн өгч, хүн Сатаны эзэмшил дор амьдарсан ба энэ нь яваандаа эхний эрин үеийн Бурханы ажил буюу Хуулийн эрин үеийн түүх рүү хөтөлсөн… Хуулийн эрин үеийн хэдэн мянган жилийн турш хүн төрөлхтөн Хуулийн эрин үеийн удирдамжид дасаж, ийм байх ёстой мэт үзэж эхэлсэн юм. Тэгээд хүн аажмаар Бурханы анхаарал халамжийг орхисон. Иймээс хуулийг мөрдөхийн зэрэгцээ тэд бас шүтээн шүтэж, муу үйл хийжээ. Тэдэнд Еховагийн хамгаалалт байгаагүй бөгөөд ердөө сүм дэх тахилын ширээг сахиж амьдралаа өнгөрүүлсэн юм. Үнэндээ, Бурханы ажил тэднийг аль хэдийн орхисон бөгөөд хэдийгээр израильчууд хуулийг мөрдөж, Еховагийн нэрийг хэлсээр байж, тэр ч байтугай зөвхөн тэд л Еховагийн ардууд, Еховагийн сонгосон хүмүүс хэмээн бардамнан бодож байсан ч Бурханы алдар тэднийг чимээгүйхэн орхисон билээ…
Бурхан ажлаа хийхдээ үргэлж нэг газраас сэмээрхэн явж, Өөрийн эхлүүлсэн шинэ ажлыг өөр газарт чимээгүйхэн хийдэг. Энэ нь мэдрэлгүй болсон хүмүүст ер бусын мэт санагддаг. Хүмүүс үргэлж хуучныг дээдэлж, танил бус шинэ зүйлсэд дайсагнан ханддаг, эсвэл тэдгээрийг яршигтай хэмээн үздэг. Иймээс Бурхан ямар ч шинэ ажил хийлээ гэсэн, эхнээс нь бүр төгсгөл хүртэл бүх зүйлийн дундаас хүн л хамгийн сүүлд үүнийг мэддэг.
Хуулийн эрин үе дэх Еховагийн ажил дууссаны дараа Бурхан ердийнхөөрөө хоёр дахь үе шатны шинэ ажлаа эхлүүлэн, махбод авч—арав, хорин жилийн турш бие махбодтой хүн болж—итгэгчдийн дунд ярьж, Өөрийн ажлыг хийсэн. Гэсэн ч бүгд ялгаагүй, нэг нь ч мэдээгүй ба Эзэн Есүсийг загалмайд цовдлогдож, дахин амилсны дараа Тэр бол махбод болсон Бурхан мөн гэдгийг цөөн тооны хүн л хүлээн зөвшөөрсөн… Бурханы ажлын хоёр дахь үе шат биелмэгц—цовдлолын дараа—хүнийг нүглээс буцаан авах (өөрөөр хэлбэл, хүнийг Сатаны гараас буцаан авах) Бурханы ажил биелсэн. Иймд тэр мөчөөс эхлэн хүн төрөлхтөн нүглээ уучлуулахын тулд зөвхөн Эзэн Есүсийг Аврагч хэмээн хүлээн авахад л болох байв. Нэр төдий хэлэхэд, авралд хүрч, Бурханы өмнө очиход хүний нүгэл цаашид саад болохоо больж, Сатан хүнийг буруутгах хөшүүрэг байхаа больсон. Яагаад гэвэл, Бурхан Өөрөө бодит ажил хийж, нүгэлт бие махбодын төрх, урьдач загвар болсон бөгөөд Бурхан Өөрөө нүглийн тахил байсан юм. Ийм маягаар энэ нүгэлт бие махбодын төрх болох Бурханы махбодоор дамжуулан хүн загалмайнаас бууж, золилт, авралыг хүртсэн. Иймээс Сатанд олзлогдсоны дараа хүн Бурханы өмнө аврал хүлээн авахад нэг алхам илүү ойртсон. Мэдээж, ажлын энэ үе шат нь Хуулийн эрин үеийн Бурханы удирдлагаас илүү гүн гүнзгий, илүү ахисан түвшнийх байлаа.
Бурханы удирдлага ийм байдаг: Бурхан юу болох, Бүтээгч юу болох, Бурханд хэрхэн шүтэн мөргөх, яагаад Бурханд захирагдах шаардлагатай вэ гэдгийг мэддэггүй хүн төрөлхтнийг Сатанд гардуулан өгч, Сатаны завхралд өртүүлдэг. Дараа нь хүн Бурханд бүрэн шүтэн мөргөж, Сатаныг голох хүртэл Бурхан хүнийг Сатаны савраас алхам алхмаар буцаан авдаг. Энэ бол Бурханы удирдлага юм. Энэ бүхэн үлгэр домог шиг сонсогдож магадгүй; мөн ээдрээтэй санагдаж магадгүй. Хүмүүст энэ нь үлгэр домог шиг санагддаг, учир нь өнгөрсөн хэдэн мянган жилд хүнд хэчнээн их зүйл тохиолдсоныг тэд мэддэггүй, сансар, огторгуйд хэчнээн олон үйл явдал тохиосныг бүр ч мэддэггүй. Түүнчлэн, материаллаг ертөнцөөс цааш оршдог, хүний эгэл нүдээр харах аргагүй илүү гайхалтай, илүү айдас төрүүлэм ертөнцийг тэд ойлгож чаддаггүй. Энэ нь хүнд ойлгохын аргагүй санагддаг, учир нь Бурхан хүн төрөлхтнийг аврахын утга учир болон Бурханы удирдлагын ажлын утга учрын тухай ойлголт хүнд байдаггүй бөгөөд Бурхан хүн төрөлхтнийг ямар байгаасай гэж хүсдэгийг хүн ухаардаггүй. Сатанаар огт завхруулагдаагүй Адам, Еватай адил байгаасай гэж хүсдэг үү? Үгүй! Бурханы удирдлагын зорилго нь Бурханд шүтэн мөргөж, Түүнд захирагдах бүлэг хүмүүсийг олж авахын төлөө байдаг. Энэ хүмүүсийг Сатан завхруулсан хэдий ч тэд Сатаныг өөрсдийн эцэг гэж үзэхээ больж, Сатаны үзэшгүй муухай царайг таниад түүнийг голдог ба Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авахаар Бурханы өмнө ирдэг. Тэд юу муухай вэ гэдгийг болон энэ нь ариун зүйлээс хэр өөр байдгийг мэдэж авч, Бурханы агуу байдал, Сатаны ёрын мууг таньж мэддэг. Ийм хүн төрөлхтөн цаашид Сатаны төлөө ажиллахгүй, Сатаныг шүтэхгүй, эсвэл Сатаныг тахихгүй. Учир нь, тэд бол Бурханаар үнэхээр авхуулсан бүлэг хүмүүс билээ. Энэ бол Бурхан хүн төрөлхтнийг удирдахын утга учир юм. Өнөө үеийн Бурханы удирдлагын ажлын үед хүн төрөлхтөн бол Сатаны завхрал, Бурханы авралын аль алиных нь бай бөгөөд Бурхан, Сатан хоёрын тэмцэлддэг бүтээгдэхүүн билээ. Бурхан Өөрийн ажлыг хийхийн зэрэгцээ хүн төрөлхтнийг Сатаны гараас алхам алхмаар буцаан авдаг тул хүн Бурханд улам бүр ойр болдог…
Тэгээд дараа нь Хаанчлалын эрин үе ирсэн ба энэ нь ажлын илүү бодитой үе шат атлаа хүн хүлээн авахад хамгийн хэцүү нь юм. Учир нь, хүн Бурханд ойртон очих тусам Бурханы саваа хүнд улам ойртдог ба Бурханы царай хүний өмнө улам тодорхой илчлэгддэг. Хүн төрөлхтөн золин аврагдсаны дараа хүн албан ёсоор Бурханы гэрт буцаж очдог. Одоо үе бол зугаа цэнгэлийн цаг гэж хүн бодсон боловч хэний ч урьдчилан мэдэж чадахааргүй Бурханы шууд ширүүн дайралтад өртсөн: Энэ нь Бурханы ардуудын “эдлэх” ёстой баптисм байж таарсан. Тийм хандлага дор хүмүүс түр зогсоод, “Би бол олон жил төөрсөн Хурга бөгөөд Бурхан намайг буцааж худалдан авахын тулд маш ихийг зарцуулсан, тэгвэл Бурхан надад яагаад ингэж хандаж байгаа юм бэ? Намайг шоолж, намайг илчлэх Бурханы арга зам энэ гэж үү? …” хэмээн бодохоос өөр аргагүйд хүрдэг. Олон жил өнгөрсний дараа хүн цэвэршүүлэлт, гэсгээлтийн бэрхшээлийг туулаад хашир болсон. Хэдийгээр хүн өнгөрсөн үеийн “алдар суу” болон “романтик байдлаа” алдсан ч хүний биеэ авч явах зарчмыг өөрийн мэдэлгүй ойлгож эхэлсэн ба хүн төрөлхтнийг аврахын төлөөх Бурханы олон жилийн зориулалтыг ойлгож эхэлсэн юм. Хүн харанхуй бүдүүлэг байдлаа аажмаар үзэн ядаж эхэлдэг. Тэр өөрийнхөө хэчнээн зэрлэг догшныг, Бурханд хандах бүх үл ойлголцлоо болон Түүнд тавьж байсан үндэслэлгүй шаардлагуудаа үзэн ядаж эхэлдэг. Цаг хугацааг буцааж болохгүй. Өнгөрсөн үеийн үйл явдлууд нь хүний харуусал дүүрэн дурсамж болж, Бурханы үг болон хайр хүний шинэ амьдралыг хөдөлгөгч хүч болдог. Хүний шарх өдөр өдрөөр эдгэрч, хүч чадал нь эргэн ирэхэд хүн өндийн босож, Төгс Хүчитийн царайг хараад… Тэр үргэлж миний хажууд байсан ба Түүний инээмсэглэл, Түүний үзэсгэлэнт царай маш сэтгэл хөдөлгөм хэвээр байж, Түүний зүрх сэтгэл Өөрийн бүтээсэн хүн төрөлхтнийхөө төлөө зовнисоор байдаг, Түүний гар одоо ч анхных шигээ дулаахан, хүчирхэг хэвээр гэдгийг л олж мэддэг. Хүн Еден цэцэрлэгт буцаж очсон мэт байдаг, гэхдээ энэ удаад хүн могойн уруу таталтыг цаашид сонсохгүй, цаашид Еховагаас нүүр буруулахгүй. Хүн Бурханы өмнө өвдөг сөгдөж, Бурханы инээмсэглэсэн царайг хараад өөрийн хамгийн эрхэм тахилыг өргөдөг—Өө! Эзэн минь, Бурхан минь!
Бурханы хайр, энэрэл нь Түүний удирдлагын ажлын нарийн учир нэг бүрд шингэдэг ба хүмүүс Бурханы сайн санааг ойлгож чадах эсэхээс үл хамааран Тэр биелүүлэхээр зорьсон ажлаа цуцалтгүйгээр хийсээр байдаг. Бурханы удирдлагыг хүмүүс хэр их ойлгодгоос үл хамааран, Бурханы ажлын хүнд авчирсан тусламж, ач тусыг хүн бүр ойлгож чадна. Өнөөдөр чи Бурханы өгсөн хайр, эсвэл амийн хангалтыг юуг ч мэдрээгүй байж магад, гэхдээ Бурханыг орхиогүй, үнэнийг эрж хайх шийдвэрээ хаяагүй байгаа цагт Бурханы инээмсэглэл чамд харагдах өдөр ирэх болно. Бурханы удирдлагын ажлын зорилго нь Сатанаар завхруулагдсан, Бурханыг эсэргүүцдэг хүмүүсийг орхих биш, харин Сатаны эзэмшил дор байгаа хүмүүсийг буцаан авах явдал юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 3: Хүн Бурханы удирдлага дунд л аврагдаж чадна
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?