Үргэлж Бурханы өмнө амьдарснаар л Бурхантай хэвийн харилцаатай байж чадна (II хэсэг)
Та нар Иовын номыг уншсан уу? Уншиж байхдаа сэтгэл чинь хөдөлсөн үү? Иов шиг хүн болохыг хүсэж, тийм хүсэл тэмүүллийг мэдэрсэн үү? (Тэгсэн.) Иймэрхүү байдал, зан төлөв хэр удаан үргэлжилж чадах вэ? Нэг, хоёр өдөр үү, нэг, хоёр сар уу, эсвэл нэг, хоёр жил үү? (Хоёр, гурван өдөр.) Тэгэхээр иймэрхүү байдал, зан төлөв хоёр, гурван өдрийн дараа арилах уу? Сэтгэл чинь хөдлөх үед чи залбирч, Иов шиг хүн болохыг, үнэнийг ойлгож, Бурханы талаар мэдлэгтэй болохыг, Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүн болохыг хүсэж байгаагаа Бурханд хэлэх ёстой. Чамд үүнийг бий болгохыг Бурханаас гуйж, чамайг залж чиглүүлж, зөв орчин нөхцөлөөр хангаж, чамд хүч чадал өгч, чамайг хамгаалахыг Бурханаас гуйх ёстой, тэгснээр чи тулгарсан нөхцөл байдал болгонд Бурханыг эсэргүүцэхгүй, бат зогсож, харин ч Бурханаас эмээж, муугаас зайлах үйлдэл хийж, Бурханы хүслийг хангаж магадгүй. Чи ийм зорилгын төлөө, хүрэхийг хүсэж буй зүйлийнхээ төлөө үргэлж залбирч, Бурханаас гуйх ёстой бөгөөд жинхэнэ зүрх сэтгэлийг чинь хараад Бурхан үйлдэх болно. Бурхан үйлдэх үед бүү ай. Бурхан Иовыг шалгахдаа тэгсэн шиг яавч биеийг чинь идээ бээрэнд бариулж, байгаа бүхнийг чинь булааж авахгүй байлгүй. Бурхан тэгэхгүй. Бурхан биеийн хэмжээнд чинь тааруулан аажмаар нэмнэ. Чи чин сэтгэлээсээ Бурханыг дуудах ёстой, Иовын номыг уншсаныхаа дараа сэтгэл чинь хөдлөх үед хоёрхон хоног Бурханыг дуудсаныхаа дараа гурав дахь хоног дээрээ уншихаа больж зүрх сэтгэлдээ хадгалахаа болиод мартаж болохгүй. Тэгвэл чи аюул дуудаж байгаа хэрэг! Хэрвээ чи Иов шиг хүмүүсийг биширч, тийм хүн болохыг хүсдэг бол хэрхэн тийм хүн болох замтай болж, Бурханы өмнө зүрх сэтгэлээ гарган тавьж, үүний төлөө байнга залбирч, байнга үүнийг тунгаан бодож, дараа нь Иовын талаар Бурханы хэлсэн үгийг идэж, ууж, ахин дахин тогтмол тунгаан бодсоныхоо дараа ийм туршлага, мэдлэгтэй хүмүүстэй нөхөрлөх ёстой. Чи энэ зорилгын төлөө шаргуу ажиллах ёстой. Яаж шаргуу ажиллах ёстой вэ? Зүгээр л хараад, хүлээгээд байвал тэгэх нь шаргуу ажиллаж байгаа хэрэг биш. Чи үүнийг хэрэгжүүлж, хүчин чармайлт гаргахын зэрэгцээ зовлон зүдүүрийг тэвчих шийдэмгий байдал, хүсэж тэмүүлэх зүрх сэтгэл өвөрлөх ёстой, тэгээд үүний төлөө залбирал өргөөд үйлдэхийг Бурханаас гуй. Бурхан үйлдэхгүй байвал хүмүүс хэчнээн их урам зоригтой байлаа гээд ямар ч нэмэр болохгүй. Бурхан хэрхэн үйлдэх бол? Бурхан биеийн хэмжээнд чинь таарсан орчин нөхцөл зохион байгуулж, зохицуулж эхэлнэ. Итгэлдээ ямар зорилгод хүрэхийг хүсэж байгаагаа, ямар шийдэлтэй байгаагаа чи Бурханд хэлэх ёстой. Үүний төлөө чи Бурханд залбирч, Бурханаас гуйсан уу? Хэр удаан залбирч, гуйсан бэ? Хэрвээ чи ердөө л хаaяа нэг хэдхэн залбирал хэлдэг бөгөөд Бурхан үйлдээгүйг хараад “Үүнийг мартъя, зүгээр л больё. Юу л болбол болог, би урсгалаараа л явъя. Надад юу тохиолдох нь хамаагүй” гэж боддог бол тэр бүтэхгүй, чи чин сэтгэлээсээ хандахгүй байна. Чи хоёрхон минут урам зоригтой байгаа л болчихдог бол Бурхан чиний төлөө үйлдэж, чамд зориулсан орчин нөхцөл зохицуулан тусалж чадах уу? Бурхан тэгэхгүй! Бурхан чин сэтгэлийг чинь харахыг, чин сэтгэл, няцашгүй зориг чинь хэр удаан тэсэхийг, зүрх сэтгэл чинь жинхэнэ эсвэл хуурамч эсэхийг харахыг хүсдэг. Бурхан хүлээнэ. Тэр залбирал, гуйлтыг чинь сонсож, Өөрт нь итгэж хэлсэн шийдэмгий байдал, хүслийг чинь сонсдог боловч зовлон зүдүүр даах шийдэмгий байдлыг чинь харах хүртлээ Бурхан үйлдэхгүй. Бурханд залбирч дууссаныхаа дараа юу ч хийхгүйгээр зүгээр л алга болдог бол, ийм нөхцөл байдалд Бурхан үйлдэх үү? Яавч үйлдэхгүй. Чи Бурханд илүү их залбирч, гуйж, хүчин чармайлт гаргаж, тунгаан бодоод дараа нь чамд зориулж Бурханы бэлдэж тавьсан орчин нөхцөлийг нэгд нэгэнгүй амсаж туулах ёстой. Тэдгээр орчин нөхцөл чамд бага багаар ирж, Бурхан үйлдэж эхэлнэ. Хэрвээ зүрх сэтгэл чинь жинхэнэ биш бол энэ бүтэхгүй. Чи “Би Иовыг ямар их биширч, Петрийг ямар их биширдэг гээч!” гэж хэлж болох ч биширлээ гээд ямар сайн байна? Тэднийг хүссэнээрээ биширч болох ч чи тэдэн шиг биш, чи биширлээ гээд тэдэн дээр хийсэн ажлаа Бурхан чам дээр хийхгүй, учир нь чи тэдэнтэй адил хүн биш. Тэдэн шиг шийдэмгий байдал, хүн чанар, үнэнийг хүсэмжилж, эрэлхийлдэг зүрх сэтгэл чамд байхгүй. Чи ийм зүйлтэй болсон цагт л Бурхан чамд илүү ихийг хүртээнэ.
Үнэнийг эрэлхийлж, үнэнийг олж авах, авралд хүрч, Бурханаар төгс болгуулах шийдэмгий байдал одоо та нарт байна уу? (Байна.) Шийдэмгий байдал чинь хэр их вэ? Хэр удаан хадгалж чадах вэ? (Сайн байдалтай байгаа үедээ би шийдэмгий байдаг боловч миний үзэлтэй, эсвэл махан биеийн минь ашиг сонирхолд нийцэхгүй зүйлтэй тулгарах үедээ, эсвэл бага зэрэг цэвэршүүлэлт туулж, бага зэрэг бэрхшээлтэй тулгарах үедээ сөрөг байдалдаа гацаж, эхэндээ байсан итгэл, шийдэмгий байдал минь бага багаар арилдаг.) Ингэж болохгүй. Чи хэтэрхий сул дорой байна. Чи ямар ч нөхцөл байдалтай тулгарсан шийдэмгий байдлыг чинь өөрчилж чадахааргүй байранд хүрэх ёстой. Тэгсэн цагт л чи үнэнийг үнэхээр хайрлаж, эрэлхийлдэг хүн болно. Ямар нэгэн зүйл тохиолдож, бага зэрэг бэрхшээл тулгарах үед чи ухарч няцаж, сөрөг болж, урам зориг чинь мохож, шийдэмгий байдлаа алддаг бол бүтэхгүй. Чи амиараа дэнчин тавихад бэлэн хүн шиг хүч тэнхээтэй байж, “Юу ч болж байсан, үхэх байлаа ч гэсэн би үнэнийг, үнэнийг эрэлхийлэх зорилгоо орхихгүй” гэж хэлэх ёстой. Тэгвэл юу ч чамайг зогсоож чадахгүй. Хэрвээ чи үнэхээр бэрхшээлтэй тулгарч, буланд шахагдсан бол Бурхан үйлдэх болно. Мөн түүнчлэн чи ийм ойлголттой байх ёстой: “Надад юу ч тулгарсан тэр бүгд нь үнэнийг эрэлхийлж байхдаа миний авах ёстой сургамж билээ, үүнийг Бурхан зохицуулсан. Би сул дорой байж болох ч сөрөг биш, ийм сургамж авах боломж олгосон Бурханд би талархаж байна. Надад зориулж ийм нөхцөл байдал бүрдүүлсэн Бурханд талархаж байна. Бурханыг дагаж, үнэнийг олж авах шийдэмгий байдлаа би алдаж болохгүй. Би бууж өгвөл Сатанд буулт хийж, өөрийгөө сүйрүүлж, Бурханаас урвасантай адил болно.” Чи ийм шийдэмгий байх ёстой. Чамд тулгардаг ямарваа жижиг асуудал нь бүгдээрээ амийн хөгжлийн чинь жижиг хэсгүүд юм. Тэдгээр нь ахиц дэвшил гаргах чиглэлд чинь саад болохыг зөвшөөрч болохгүй. Бэрхшээлтэй тулгарах үедээ чи эрж хайж, хүлээж болох ч ахиц дэвшил гаргах чиглэл чинь өөрчлөгдөх ёсгүй, тийм биш гэж үү? (Тийм ээ.) Бусад хүн юу гэж хэлэх, чамд яаж хандах, Бурхан чамд яаж хандах нь хамаагүй, шийдэмгий байдал чинь өөрчлөгдөх ёсгүй. Бурхан “Чи үнэнийг огт хүлээж авдаггүй, Би чамайг жигшиж байна” гэж хэлэхэд чи “Бурхан намайг жигшиж байгаа юм чинь амьдралд минь ямар утга учир байна вэ? Би үхээд, үүнийг дуусгасан нь дээр байлгүй!” гэж хэлбэл Бурханыг буруугаар ойлгож байгаа хэрэг. Бурхан чамайг жигшдэг нь үнэн боловч чи тэмцэж, үнэнийг хүлээн авч, үүргээ гүйцэтгэх ёстой. Тэгвэл чи ямар ч хэрэггүй амьтан болохгүй, Бурхан чамайг голохгүй. Яг одоо биеийн хэмжээ чинь жижиг хэвээр, чамайг шалгахад шаардлагатай Бурханы стандартад хүрээгүй л байна. Та нарын хийж чадах цорын ганц зүйл чинь юу вэ? Чи: “Бурхан минь, намайг удирдан чиглүүлж, гэгээрүүлээч, тэгвэл би Таны хүслийг ойлгож, үнэнийг эрэлхийлдэг замаар алхах итгэл, няцашгүй зоригтой болно, тэгвэл би Бурханаас эмээж, муугаас зайлж магадгүй. Хэдийгээр би сул дорой, миний биеийн хэмжээ боловсроогүй ч надад хүч чадал өгч, намайг хамгаалаач гэж би Танаас гуйя, тэгвэл би эцсээ хүртэл Таныг дагаж чадна” гэж залбирах ёстой. Чи үргэлж Бурханы өмнө очиж, залбирах ёстой. Бусад хүн хорвоогийн юмсын хүслэн болж, махан биеийн таашаал эдэлж, хорвоогийн чиг хандлагыг дагаж болох ч чи тэднийг дагаж болохгүй, үүргээ биелүүлэхэд л анхаар. Бусад хүнд сөрөг мэдрэмж төрж, үүргээ биелүүлэхгүй байх үед чи дарамтад орох ёсгүй, тэдэнд туслахаар үнэнийг эрж хайх хэрэгтэй. Бусад хүн тав тухын таашаал эдлэх үед чи тэдэнд атаархах ёсгүй, Бурханы өмнө амьдрахад л анхаарах ёстой. Бусад хүн алдар нэр, ашиг хонжоо, байр суурь хөөцөлдөх үед чи тэдний төлөө залбирч, тэдэнд тусалж, Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайвшруулж, ийм зүйлийн нөлөөнд автахгүй байх ёстой. Эргэн тойронд чинь юу ч болж байсан, энэ бүхний талаар Бурханд залбирах ёстой. Чи үргэлж үнэнийг эрж хайж, өөрийгөө хязгаарлаж, заавал Бурханы өмнө амьдарч, Бурхантай хэвийн харилцаатай байх ёстой. Бурхан хүмүүсийг цаг үргэлж шинжиж байдаг, Ариун Сүнс ийм хүмүүсийн дотор ажилладаг. Бурхан хүний зүрх сэтгэлийг яаж шинждэг вэ? Бурхан нүдээрээ хардаг төдийгүй чамд зориулж орчин нөхцөл бэлдэж, гараараа зүрх сэтгэлийг чинь хөнддөг. Би яагаад ингэж хэлж байна вэ? Яагаад гэвэл Бурхан чамд зориулж орчин нөхцөл бэлдэхдээ тэрэнд дургүйцэж, жигшдэг эсэх, эсвэл дуртай, дуулгавартай дагадаг эсэх, идэвхгүй хүлээж эсвэл идэвхтэйгээр үнэнийг эрж хайдаг эсэхийг чинь хардаг. Бурхан зүрх сэтгэл, бодол санаа чинь хэрхэн өөрчлөгдөж, хаашаа өсөж хөгжиж байгааг ажигладаг. Зүрх сэтгэлийн чинь байдал заримдаа эерэг, заримдаа сөрөг байдаг. Хэрвээ чи үнэнийг хүлээж авч чадвал чамд зориулан Бурханы бэлдсэн хүмүүс, үйл явдал, юмс, төрөл бүрийн орчин нөхцөлийг Бурханаас хүлээн авч, тэдэнд зөвөөр хандаж чадна. Бурханы үгийг уншиж, эргэцүүлэх замаар бүх бодол, санаа, бүх санал бодол, бүх зан төлөв чинь Бурханы үгэнд суурилан өөрчлөгдөнө. Чи энэ талаар сайн мэддэг болж, Бурхан энэ бүхнийг бас шинжинэ. Хэдийгээр чи энэ талаар хэнд ч хэлж, залбираагүй, зүрх сэтгэлдээ, өөрийнхөө ертөнцөд л үүнийг бодох боловч Бурханы өнцгөөс энэ хэдийнээ маш тодорхой, Бурханд илэрхий байна. Хүмүүс чамайг нүдээрээ хардаг, харин Бурхан зүрх сэтгэлийг чинь зүрх сэтгэлээрээ хөнддөг, Тэр чамд тийм л ойрхон байдаг. Бурханы шинжихийг мэдэрч чаддаг бол чи Бурханы өмнө амьдардаг юм байна. Бурханы шинжихийг огтхон ч мэдэрч чаддаггүй бол чи өөрийнхөө ертөнцөд амьдарч, өөрийн мэдрэмж, завхарсан зан чанараар амьдарч байгаа юм байна, тийм бол чи асуудалд оржээ. Чи Бурханы өмнө амьдардаггүй, Бурхан та хоёрын хооронд асар том зай байдаг, чи Түүнээс маш хол байдаг, Бурханы хүсэлд чи огт санаа тавьдаггүй, Бурханы шинжихийг хүлээж авдаггүй бол Бурхан энэ бүхнийг мэднэ. Үүнийг олж харахад Түүнд дэндүү амархан байх болно. Тиймээс чи шийдэмгий, зорилготой, Бурханаар төгс болгуулж, Бурханы хүслийг дагадаг, Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүн болох хүсэлтэй бол, ингэж шийдээд, иймэрхүү зүйлийн төлөө байнга залбирч, гуйж чаддаг, Бурханы өмнө амьдардаг, Бурханаас огт хөндийрдөггүй, Түүнийг орхидоггүй бол, чи ийм зүйлийг сайн мэддэг, Бурхан ч бас мэддэг. Зарим хүн “Би өөрөө үүнийг сайн мэднэ, гэхдээ Бурхан үүнийг мэддэг болов уу?” гэдэг. Ингэж асуух үндэслэлгүй. Ингэж хэлбэл чи Бурхантай хэзээ ч нөхөрлөөгүй, Бурхан та хоёрын хооронд ямар ч харилцаа байхгүй гэдгийг энэ нь нотолно. Бурхан та хоёрын хооронд ямар ч харилцаа байхгүй гэж Би яагаад хэлдэг вэ? Чи Бурханы өмнө амьдраагүй учраас Тэр чамтай хамт байгаа эсэх, Тэр чамайг удирдан чиглүүлж, чамайг хамгаалж байгаа эсэх, буруу зүйл хийх үед чинь Тэр чамайг зэмлэсэн эсэхийг чи мэдэрч чадахгүй. Чи ийм зүйлийг мэдэрдэггүй бол Бурханы өмнө амьдардаггүй, ердөө л үүнийг төсөөлж, зоргоороо аашилж, Бурханы өмнө биш, өөрийнхөө ертөнцөд амьдарч байгаа хэрэг, Бурхан та хоёрын хооронд ямар ч харилцаа байхгүй.
Хүмүүс Бурхантай хэвийн харилцаагаа яаж хадгалж чаддаг вэ? Хадгалах нь юунаас хамаардаг вэ? Гуйж, залбирч, зүрх сэтгэлдээ Бурхантай ярилцахаас хамаардаг. Иймэрхүү харилцаа үргэлж Бурханы өмнө амьдрах боломжийг хүмүүст олгодог. Тиймээс Бурхантай хэвийн харилцаа тогтоохын тулд хүмүүс эхлээд тайван болох ёстой. Зарим хүн үргэлж гадаа юм хийж, зөвхөн гадаад ажил хэрэг хийгээд завгүй байдаг. Нэг, хоёр хоног ямар ч сүнслэг амьдралгүй байхад тэрийгээ ч мэдэхгүй. Гурав, дөрөв хоногийн дараа, тэр ч байтугай нэг, хоёр сарын дараа ч мэдэхгүй. Учир нь тэд залбирч, гуйж, Бурхантай нөхөрлөөгүй. Чамд ямар нэгэн зүйл тохиолдох үед Бурхан чамд тусалж, удирдан чиглүүлж, чамайг хангаж, гэгээрүүлж, Бурханы хүслийг ойлгож, үнэн гэж юу болохыг мэдэж, үнэн-зарчим гэж юу болохыг ойлгож, үнэнийг хэрхэн хэрэгжүүлэхийг мэддэг болгохыг чи хүсдэг бол иймэрхүү гуйлт Бурханы хүсэлтэй нийцдэг. Залбирал харьцангуй өргөн цар хүрээг хамардаг. Заримдаа чи зүрх сэтгэлдээ байгаа зүйлийн талаар ярьж болно, бэрхшээлтэй тулгарч, сөрөг, сул дорой санагдах үедээ ийм зүйлсийн талаар зүрх сэтгэлээсээ Бурхантай ярилцаж, бас тэрслүү байх үедээ Бурханд залбирч болно, эсвэл өдөр тутамдаа тулгардаг ойлгож чаддаг, бас ойлгож чаддаггүй зүйлсийн аль алиных нь талаар Бурхантай ярилцаж болно. Үүнийг залбирал гэдэг. Залбирал гэдэг нь зүрх сэтгэлдээ байгаа зүйлийн талаар Бурхантай ярилцах, эсвэл Бурханаас үнэнийг эрж хайх юм. Заримдаа тогтсон цагт залбирал хийдэг, зарим үед хэзээ ч хамаагүй хийдэг, чи хэзээ ч хамаагүй, хаана ч хамаагүй залбирч болно. Сүнсэн дэх нөхөрлөлд тодорхой нэг хэв маяг гэж байхгүй: Ямар нэгэн зүйл санааг чинь зовоож байж болно, үгүй ч байж болно, чамд хэлэхийг хүссэн зүйл байж болно, үгүй ч байж болно. Санааг чинь зовоосон зүйл байвал энэ талаар Бурхантай ярилцаж, залбирал хэл. Ерөнхийдөө Бурхан хүнийг хэрхэн хайрладаг, Тэр хэрхэн хүнд санаа зовдог, яагаад Тэр хүнийг засдаг, Бурханыг дуулгавартай дагана гэж үнэндээ юу гэсэн үг болох гэх мэт асуултын талаар эргэцүүлэхийг хичээж, цаг үргэлж, хаа сайгүй Бурхантай ярилцаж, Бурханд залбирч, Бурханаас эрж хайх ёстой. Энэ нь сүнсэн дэх нөхөрлөл буюу товчоор “сүнсэн нөхөрлөл” юм. Чи заримдаа замд явж байхдаа сэтгэлийг чинь маш ихээр хямраасан зүйлийн талаар бодож болно, чи өвдөг сөгдөж, эсвэл нүдээ аних хэрэггүй. Зүгээр л “Бурхан минь, надад ийм зүйл тохиолдлоо, үүнийг шийдэх зөв зүйтэй арга замыг би мэдэхгүй байгаа учраас энэ асуудал дээр удирдан чиглүүлээч гэж би Танаас гуйж байна” хэмээн зүрх сэтгэлдээ Бурхантай ярилцаж болно. Зүрх сэтгэл чинь хөдлөхийг мэдэрч энэ талаар цөөн хэдэн чин сэтгэлийн үгийг Бурханд хэлбэл Тэр мэднэ. Заримдаа чи гэрээ санаад “Бурхан минь, би гэрээ маш их санаж байна” гэж магадгүй. Онцгойлон хэнийг санаж байгаагаа хэлэхгүй, зүгээр л гунигтай санагдаж, энэ тухайгаа Бурханд хэлж байгаа юм. Чи Бурханд залбирч, зүрх сэтгэлдээ байгаа зүйлийг Түүнд хэлж байж л асуудлаа шийдвэрлэж чадна. Өөр хүнтэй ярилцаад асуудлаа шийдвэрлэж чадах уу? Үнэнийг ойлгодог хүнтэй таарвал тийм ч муу хэрэг биш, чи асуудлаа шийдвэрлэж чадахаар барахгүй чамд бас ашиг тустай. Гэхдээ хэрвээ үнэнийг ойлгодоггүй хүнтэй таарвал асуудлаа шийдвэрлэж чадахгүй, энэ нь бас тэдэнд нөлөөлж магадгүй. Хэрвээ чи Бурхантай ярилцвал Бурхан чамайг тайтгаруулж, сэтгэлийг чинь хөдөлгөнө. Чи Бурханы өмнө тайван байж, Бурханы үгийг уншаад тунгаан бодож, залбирч чадвал үнэнийг ойлгож, асуудлаа шийдвэрлэж чадна. Бэрхшээлээ давж гарах замыг олоход Бурханы үг чамд тусалж чадах бөгөөд энэхүү өчүүхэн саад тотгортой таараад чи бүдрэхгүй, чамд дарамт болохгүй, бас үүргээ гүйцэтгэхэд чинь ч нөлөөлөхгүй. Гэнэтхэн сүнс чинь сульдаж, бага зэрэг харанхуй санагдах үе гарна. Ийм зүйл тохиолдох үед чи даруй Бурханд залбирч, Түүнд ойртох ёстой бөгөөд энэ нь цаг үргэлж, хаа яваа газраа зүрх сэтгэлдээ байгаа зүйлийн талаар Түүнтэй ярилцаж, Түүнд итгэж хэлнэ гэсэн үг юм. Ийм маягаар байдал чинь өөрчлөгдөж болно. Чи: “Бурхан хором мөч бүрд дэргэд минь байна, Тэр хэзээ ч намайг орхиогүй, би мэдэрч байна. Би хаана ч, юу ч хийж байсан, цуглаанд эсвэл үүргээ гүйцэтгэж байх нь хамаагүй Бурхан намайг гараас минь хөтөлж байгааг, Тэр хэзээ ч намайг орхиогүйг би зүрх сэтгэлдээ мэднэ” гэсэн итгэлтэй байх ёстой. Он удаан жил өдөр бүрийг ингэж өнгөрөөж байснаа заримдаа дурсан санах үедээ биеийн хэмжээ чинь өссөн болохыг, Бурхан чамайг удирдан чиглүүлж ирснийг, Бурханы хайр үргэлж чамайг хамгаалж байсныг мэдэрнэ. Эдгээр зүйлийг бодоод зүрх сэтгэлдээ залбирч, Бурханд “Өө Бурхан минь, би Танд талархъя! Би дэндүү сул дорой, аймхай, дэндүү гүнзгий завхарсан. Та намайг ингэж удирдан чиглүүлээгүй бол өнөөдөр би өөрөө энд хүрч чадахгүй байсан” хэмээн талархал өргөнө. Энэ сүнслэг нөхөрлөл биш гэж үү? Хүмүүс ийм маягаар Бурхантай нөхөрлөж чадвал Бурханд хэлэх зүйл тэдэнд их байх бус уу? Тэд Бурханд нэг ч үг хэлэхгүй олон хоног явна гэж байхгүй. Бурханд хэлэх зүйл байхгүй бол зүрх сэтгэлд чинь Бурхан байхгүй байгаа хэрэг. Бурхан зүрх сэтгэлд чинь байгаа бөгөөд чи Бурханд итгэдэг бол зүрх сэтгэлдээ байгаа бүх үгээ, хамгийн дотнын итгэлт хүндээ хэлдэг зүйлээ хүртэл Түүнд хэлж чадна. Үнэндээ Бурхан бол чиний хамгийн дотнын итгэлт хүн юм. Бурханд хамгийн дотнын итгэлт хүнээ, хамгийн их түшиж найддаг, хамгийн найдвартай, итгэл хүлээсэн, хамгийн дотно гэр бүлээ гэж хандвал Бурханд хэлэх зүйлгүй байх боломжгүй. Бурханд хэлэх зүйл чамд үргэлж байдаг бол үргэлж Бурханы өмнө амьдрах бус уу? Үргэлж Бурханы өмнө амьдардаг бол Бурхан хэрхэн чамайг гэгээрүүлж, удирдан чиглүүлж, чамд санаа тавьж, чамайг хамгаалж, чамд амар амгалан, баяр хөөр авчирч, чамайг яаж ерөөж, яаж зэмлэж, сахилгажуулж, цээрлүүлж, шүүж, гэсгээж байгааг чи мэдэрч чадна. Энэ бүхэн чамд тодорхой, илэрхий байх болно. Чи өдөр бүрийг зүгээр л аргацааж өнгөрөөдөг, зүрх сэтгэлд чинь Бурхан байхгүй, аман дээрээ л Бурханд итгэдэг, өнгөн дээрээ л үүргээ гүйцэтгэж, цуглаанд оролцож, өдөр бүр Бурханы үгийг уншиж, залбирч, зүгээр л оромдсон болдог бол энэ Бурханд итгэж байгаа хэрэг биш, чиний баримталдаг эдгээр шашны зан үйлийн аль нь ч үнэнтэй ямар ч холбоогүй. Бурханд итгэдэг хүмүүс Бурханы үгийн хэсгийг өдөр бүр анхааралтай уншиж, тэдгээр үгийн дотор залбирч, нөхөрлөх хэрэгтэй. Тэд өдөр бүр Бурханы үгээс багахан гэрэл олж авч, бага зэрэг үнэнийг ойлгох хэрэгтэй. Ялангуяа үнэнийг эрж хайж, үүргээ биелүүлж байхдаа хэрэг явдлыг зарчмын дагуу зохицуулж, өдөр бүр амийн туршлага олж авч, Бурханы ажлыг туулж мэдэрч чаддаг байх ёстой. Жинхэнэ итгэгч, Бурханыг дагадаг хүн ийм байдаг.
Бурханд итгэх итгэлд чинь аль асуудал нь хамгийн чухал, шийдвэрлэх хамгийн шаардлагатай байгаа вэ? Бурхантай харилцах хэвийн харилцааны асуудал. Чи Бурханд итгэдэг боловч зүрх сэтгэлд чинь Бурхан байдаггүй, Бурханаас харилцаагаа тасалсан, Бурханд хамгийн дотнын, итгэлт, шадар гэр бүлийн гишүүн, итгэлт хүнээ гэж ханддаггүй бол Бурхан чиний Бурхан биш. Хэсэг хугацаанд Миний үгийн дагуу хэрэгжүүлээд та нарын дотоод байдал өөрчлөгдсөн эсэхийг хар. Миний үгийн дагуу хэрэгжүүлснээрээ чи лавтай Бурханы өмнө амьдарч, хэвийн нөхцөл, хэвийн байдалтай болж чадна. Хүний байдал хэвийн, аливаа хүмүүс, үйл явдал, юмс, эсвэл амийнх нь туршлагын үе шат болгонд тулгарсан төрөл бүрийн орчин нөхцөлийн нөлөөнд ордоггүй, үүргээ тууштай хэвийн гүйцэтгэж чаддаг бол жинхэнэ биеийн хэмжээтэй, үнэн-бодит байдалд орсон хүн мөн билээ.
2017 оны 7 дугаар сарын 13
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?