Унаж буй навчис үндэс рүүгээ буцахад чи өөрийн хийсэн ёрын муу бүхэндээ харамсана
Та нарын дунд хийсэн ажлыг минь та нар бүгд нүдээрээ харж, Миний хэлсэн үгийг өөрсдөө сонсож, та нарт хандах хандлагыг минь бүгд мэдсэн тул Би яагаад энэ ажлыг та нарт хийж байгааг мэдэх ёстой. Би та нарт үнэнээр нь хэлье, та нар бол эцсийн өдрүүд дэх байлдан дагуулалтын ажлын минь хэрэгсэл, Харь үндэстнүүдийн дунд Миний ажлыг өргөжүүлэх багаж зэвсэг төдийхөн юм. Харь үндэстнүүдийн дунд Өөрийн ажлыг илүү сайн өргөжүүлж, Өөрийн нэрийг түгээхийн тулд, өөрөөр хэлбэл, Израилийн гаднах аливаа үндэстнүүдийн дунд түгээхийн тулд Би та нарын зөвт бус, бохир заваан байдал, эсэргүүцэл, тэрслүү байдлаар дамжуулан ярьдаг. Ингэснээр Миний нэр, Миний үйл хэрэг, Миний дуу хоолой Харь үндэстнүүд даяар тархаж, улмаар Израилийн бус тэр бүх үндэстэн Надаар байлдан дагуулагдаж, Намайг шүтэн мөргөж, Израиль болон Египет газар нутгийн гаднах Миний ариун газрууд болж болох юм. Миний ажлыг өргөжүүлэх нь үнэндээ байлдан дагуулах ажлыг минь өргөжүүлэх, Миний ариун газрыг өргөжүүлэх явдал билээ; энэ нь газар дээрх Миний тулах цэгийн өргөжилт юм. Та нар бол Миний байлдан дагуулдаг Харь үндэстнүүдийн дундах бүтээл төдий гэдгээ тодорхой мэдэж байх ёстой. Анх та нарт байр суурь ч байгаагүй, ашиглуулах үнэ цэн ч байгаагүй бөгөөд ямар ч хэрэггүй байсан. Би бүх газар нутгийг байлдан дагуулах загвар болгож, бүх газар нутгийг байлдан дагуулах “лавлах материал” болгохын тулд овоолсон өтөг бууцнаас өтнүүдийг өргөж гаргасан учраас л та нар Надтай холбоо тогтоож, одоо Надтай хамт цугларах хувьтай болсон. Дорд байр сууриас чинь болж Би та нарыг байлдан дагуулалтын ажлынхаа загвар, үлгэр дуурайл болгон сонгосон юм. Зөвхөн энэ шалтгааны улмаас л Би та нарын дунд ажиллаж, үг хэлдэг ба та нартай хамт амьдарч, түр оршин суудаг. Өөрийн удирдлагаас л болж, мөн овоолсон өтөг бууцан дундах өтнүүдийг туйлын их зэвүүцдэгээсээ болж Би та нарын дунд үг хэлж байгаа ба хилэгнэх хэмжээнд очсоныг та нар мэдэх ёстой. Та нарын дунд ажиллаж байгаа минь Ехова Израильд ажиллаж байсантай огтхон ч адилгүй бөгөөд ялангуяа Есүсийн Иудейд хийсэн ажилтай адилгүй. Би асар их тэвчээртэйгээр үг хэлж, ажилладаг ба уур хилэнтэйгээр, мөн шүүлттэйгээр энэ доройтсон хүмүүсийг байлдан дагуулдаг. Ехова Өөрийн ардуудыг Израильд удирдаж байсантай энэ огт адилгүй. Израиль дахь Түүний ажил хоол хүнс, амийн ус хайрлахын төлөө байсан бөгөөд Өөрийн ардуудыг хангаж байхдаа Тэрээр хайр, энэрлээр дүүрэн байлаа. Өнөөдрийн ажил нь сонгогдоогүй, хараагдсан үндэстэн дунд хийгддэг. Тэнд элбэг дэлбэг хоол хүнс байдаггүй, цангаа тайлах амийн ус ч байдаггүй, элбэг арвин эд материалын хангамж бүр ч байдаггүй; тэнд зөвхөн арвин их шүүлт, хараал, гэсгээлтийн хангамж л байдаг. Овоолсон өтөг бууцанд амьдардаг энэ өтнүүд нь Израильд Миний хайрласан шиг уул толгодыг бүрхсэн хонь мал, асар их эд баялаг, газар нутаг даяарх хамгийн хөөрхөн хүүхдүүдийг олж авахад огт тэнцэхгүй. Орчин үеийн Израиль Миний ард түмэнд нь өгдөг хонь мал, алт мөнгөн зүйлсийг тахилын ширээн дээр өргөж, хуулийн дор Еховагийн шаардаж байсан аравны нэгийг даван гарсан тул Би тэдэнд бүр ч ихийг—хуулийн дор Израилийн хүртсэнээс зуу дахин ихээс ч илүүг өгсөн. Израильд Миний өгсөн зүйл Абрахамын олж авсан бүхнээс давсан, мөн Исаакын олж авсан бүхнээс давсан билээ. Би Израилийн гэр бүлийг үржүүлж, олшруулна, Израилийн ард түмнээ газар дэлхий даяар тараана. Миний ерөөж, халамжилдаг хүмүүс бол мөн л Израилийн сонгогдсон хүмүүс буюу Надад бүх зүйлээ зориулдаг, Надаас бүх зүйлийг олж авсан хүмүүс юм. Тэд Намайг оюун санаандаа хадгалдаг учраас дөнгөж төрсөн хурга, тугалаа Миний ариун тахилын ширээн дээр тахил болгодог бөгөөд Миний эргэн ирэхийг хүлээсэндээ саяхан мэндэлсэн ууган хөвгүүдээ ч өргөн барих хэмжээнд өөрсдөдөө байгаа бүхнийг Миний өмнө өргөдөг. Тэгвэл та нар яадаг вэ? Та нар Миний уурыг хүргэж, Надаас юм шаардаж, Надад өргөл өргөдөг хүмүүсийн тахилыг хулгайлдаг ба Надад халдаж байгаагаа мэддэггүй; тиймээс та нар харанхуй дахь уйлаан болон шийтгэлийг л хүртдэг. Та нар олон удаа Миний уурыг хүргэсэн бөгөөд нэлээд олон хүн эмгэнэлт төгсгөлтэй учирч, аз жаргалтай гэр орон нь эзгүй булш болох хэмжээнд Би Өөрийн дүрэлзсэн галыг доош цутгасан. Энэ өтнүүдэд зориулсан эцэс төгсгөлгүй уур хилэн л Надад байдаг бөгөөд тэднийг ерөөх санаа зорилго байхгүй. Өөрийн ажлын төлөө л Би та нарыг тусгайлан үзэж, өргөсөн ба асар их доромжлолыг тэвчиж, та нарын дунд ажилласан. Эцгийн минь хүслийн төлөө байгаагүй бол Би овоолсон өтөг бууцан дотор эргэлдэж байдаг өтнүүдтэй хамт нэг гэрт амьдарч яахан чадах билээ? Би та нарын үйлдэл, үг бүхнийг туйлаас жигшдэг бөгөөд ямартай ч та нарын бохир заваан, тэрслүү байдлыг бага зэрэг “сонирхдог” учраас энэ нь Миний үгийн асар их цуглуулга болсон. Эс бөгөөс Би та нарын дунд удаан хугацаагаар яавч үлдэхгүй байх байсан. Тиймээс Би та нарт ердөө л өрөвдөж, хөөрхийлсөн хандлагаар ханддаг; Надад та нарыг гэх ганц дусал ч хайр байхгүй гэдгийг та нар мэдэх ёстой. Надад ердөө та нарыг тэвчих тэвчээр л байгаа, учир нь Би үүнийг Өөрийнхөө ажлын төлөө л хийдэг. Би бохир заваан, тэрслүү байдлыг “түүхий эд” болгон сонгосон учраас л та нар Миний үйл хэргийг харсан; эс бөгөөс Би энэ өтнүүдэд Өөрийн үйл хэргийг яавч илчлэхгүй байх байсан юм. Би та нар дээр дурамжхан ажилладаг ба Израильд хийсэн ажлаа дуртайяа, мэрийн хийсэнтэй минь огтхон ч адилгүй. Би Өөрийгөө хүчлэн та нарын дунд үг хэлэнгээ уураа барьж байна. Хэрвээ илүү агуу ажлын минь төлөө байгаагүйсэн бол ийм өтнүүдийг байнга харахыг Би яаж тэвчиж чадах юм бэ? Миний нэрийн төлөө байгаагүйсэн бол Би аль хэдийн хамгийн өндөрт гарч, энэ өтнүүдийг овоолсон өтөг бууцтай нь хамт үнс нурам болтол шатаах байлаа! Миний суу алдрын төлөө байгаагүйсэн бол нүдний минь өмнө толгойгоо сэгсрэн Намайг илт эсэргүүцэхийг энэ муу ёрын чөтгөрүүдэд Би яаж зөвшөөрч чадах юм бэ? Өөрийн ажлыг өчүүхэн төдий ч саад бартаагүйгээр төвөггүй хэрэгжүүлэхийн төлөө байгаагүйсэн бол Намайг дураараа хүчирхийлэхийг өт-шиг энэ хүмүүст зөвшөөрч яаж чадах юм бэ? Израилийн тосгон дахь зуун хүн Намайг эсэргүүцэхийн тулд ийнхүү боссон бол хэдий тэд Надад тахил өргөсөн ч гэсэн, бусад хотын хүмүүс хэзээ нэгэн цагт дахин тэрслэхээс сэргийлэхийн тулд Би тэднийг устгаж, газрын гаваар оруулах байсан юм. Би бүхнийг залгигч гал бөгөөд халдахыг тэвчдэггүй. Хүмүүсийг бүгдийг нь Би бүтээсэн учраас Миний хэлсэн, хийсэн юуг ч хүн дуулгавартай дагах ёстой ба тэрсэлж болохгүй. Миний ажилд хошуу дүрэх эрх хүмүүст байхгүй, Миний ажил болон Миний үгийн юу зөв, юу буруу болохыг задлан шинжлэхэд тэд бүр ч тохирохгүй. Би бол бүтээлийн Эзэн бөгөөд бүтээгдсэн зүйлс Намайг хүндлэх зүрх сэтгэлээр Миний шаарддаг бүхнийг биелүүлэх ёстой; тэд Надад учирлахаар оролдох ёсгүй, ялангуяа эсэргүүцэх ёсгүй. Би Өөрийн эрх мэдлээр ард түмнээ засагладаг бөгөөд Миний бүтээлийн хэсэг болох бүх хүн Миний эрх мэдэлд захирагдах ёстой. Хэдийгээр өнөөдөр та нар Миний өмнө зоригтой, давилуун байж, Миний зааж сургадаг үгэнд дуулгаваргүй хандаж, ямар ч айдсыг мэддэггүй ч тэрслүү байдлыг чинь Би зөвхөн тэвчээрээр хариулдаг; шалихгүй жаахан өтнүүд овоолсон өтөг бууцан дахь хог шороог хөдөлгөснөөс болоод Би уурсаж, ажилдаа нөлөөлөхгүй. Эцгийнхээ хүслийн төлөө Би зэвүүцэж, үзэн яддаг бүх зүйлийнхээ үргэлжилсэн оршин тогтнолыг тэвчдэг агаад бүх айлдвар маань дуусах хүртэл, мөн Өөрийн эцсийн мөчийг хүртэл ийнхүү тэвчинэ. Санаа бүү зов! Би нэргүй өттэй ижил түвшинд очиж чадахгүй, мөн ур чадварынхаа хэмжээг чамтай харьцуулахгүй. Би чамайг үзэн яддаг ч тэвчиж чадна. Чи Надад дуулгаваргүй ханддаг ч Эцгийн минь Надад амласан, чамайг гэсгээх өдрөөс минь зугтаж чадахгүй. Бүтээгдсэн өтийг бүтээлийн Эзэнтэй харьцуулж болно гэж үү? Намар цагт, унаж буй навчис үндэс рүүгээ буцдаг; чи “эцгийнхээ” гэр лүү буцаж, Би Эцгийнхээ хажууд буцан очно. Намайг Эцгийн минь энхрий зөөлөн хайр дагалдаж, чамайг эцгийн чинь дэвслэлт дагана. Надад Миний Эцгийн алдар байх болно, чамд эцгийн чинь ичгүүр байна. Чамд хань болгохын тулд Би удаан хугацаанд барьж байсан гэсгээлтээ ашиглана, чи хэдэн арван мянган жилийн турш завхарсаар ирсэн хуршсан махан биеэрээ Миний гэсгээлттэй тулгарна. Чамд хийсэн, тэвчээр дагалдсан үгийн ажлаа Би дуусгасан байх болно, чи Миний үгэн дэх гай гамшгийг туулах үүрэг гүйцэтгэж эхэлнэ. Би асар ихээр баярлан хөөрч, Израильд ажиллана; чи цурхиран уйлж, шүдээ хавиран, шавар шавхай дунд амьдарч, насан эцэслэнэ. Би анхдагч хэлбэрээ эргүүлэн олж аваад, чамтай хамт бузар заваанд үлдэхээ болино, харин чи анхдагч үзэшгүй муухай байдлаа эргүүлэн олж аваад, овоолсон өтөг бууцыг нүхлэн амьдарсаар байна. Миний ажил болон үг дуусах үед энэ нь Миний хувьд баяр хөөртэй өдөр байх болно. Эсэргүүцэл, тэрслүү байдал чинь дуусах үед энэ нь чиний цурхиран уйлах өдөр байх болно. Би чамайг өрөвдөхгүй, чи Намайг дахин хэзээ ч харахгүй. Би чамтай ярилцахаа болино, чи Надтай дахин хэзээ ч тааралдахгүй. Би тэрслүү байдлыг чинь үзэн ядна, чи Миний хайр татам байдлыг санана. Би чамайг цохиж, чи Намайг дурсан санана. Би баяртайяа чамаас салж одно, чи Надад өртэйгээ мэднэ. Би чамайг дахин хэзээ ч харахгүй, харин чи Надад үргэлж найдлага тавина. Чи одоогоор Намайг эсэргүүцдэг учраас Би чамайг үзэн ядна, харин Би одоо чамайг гэсгээдэг учраас чи Намайг үгүйлэн санана. Би чамтай хамт амьдрахыг хүсдэггүй боловч үүнийг чи гашуунаар хүсэн эрмэлзэж, үүрд уйлна, учир нь чи Надад хийсэн бүхэндээ харамсана. Чи тэрслүү байдал болон эсэргүүцэлдээ харуусаж, харамссандаа бүр нүүрээ газарт наан, Миний өмнө унаад, Надад ахин хэзээ ч дуулгаваргүй хандахгүй хэмээн тангараглана. Гэхдээ чи зүрх сэтгэлдээ ганцхан Намайг хайрлах боловч Миний дуу хоолойг хэзээ ч сонсож чадахгүй. Би чамайг өөрөөсөө ичихэд хүргэнэ.
Одоо Би, Намайг аргалах цадиггүй махан биеийг чинь харж байгаа бөгөөд чамд зүгээр л бага зэрэг анхааруулга өгч байгаа ч чамд “үйлчлэхийн” тулд гэсгээлт ашиглахгүй. Чи Миний ажилд ямар үүрэг гүйцэтгэдгээ мэдэх ёстой, тэгвэл Би сэтгэл хангалуун байх болно. Үүнээс цааших асуудлууд дээр хэрвээ чи Намайг эсэргүүцвэл, Миний мөнгийг зарцуулбал, Ехова Надад зориулсан тахилыг идвэл, өтнүүд та нар нэг нэгнээ хазвал, эсвэл нохой шиг амьтад та нар тэмцэлдэж, өөр хоорондоо хүч хэрэглэвэл—Би алийг нь ч анхаарахгүй. Та нар өөрсдийгөө ямархуу зүйл болохоо л мэдэж байх хэрэгтэй ба тэгвэл Миний сэтгэл ханана. Энэ бүхнээс гадна, хэрвээ та нар нэг нэг рүүгээ зэвсэг далайж, үгээрээ өөр хоорондоо тэмцэлдэхийг хүсэж байвал тэгж болно; тийм зүйлсэд хөндлөнгөөс оролцох хүсэл Надад байхгүй, хүмүүсийн хоорондох хэрэг явдал Надад ямар ч хамаагүй. Би та нарын хоорондох зөрчилдөөнүүдийг анхаардаггүй юм биш; зүгээр л Би та нарын нэг биш, тиймээс та нарын дунд оршдог асуудлуудад оролцдоггүй. Би Өөрөө бүтээгдсэн зүйл биш бөгөөд энэ дэлхийнх биш тул хүмүүсийн үймсэн амьдрал болон тэдний хоорондох замбараагүй, зохисгүй харилцаануудыг үзэн яддаг. Би ялангуяа шуугин хашхиралдсан бөөн хүнийг үзэн яддаг. Гэхдээ Би бүтээгдсэн зүйл нэг бүрийн зүрх сэтгэл дэх хольцыг гүн гүнзгий мэддэг бөгөөд та нарыг бүтээхээсээ өмнө Би хүний зүрх сэтгэлийн гүнд оршдог шударга бус байдлыг аль хэдийн мэдэж байсан, мөн хүний зүрх сэтгэл дэх бүх шударга бус, зальжин байдлыг мэдэж байсан. Тиймээс хүмүүсийг зөвт бус зүйл хийх үед ямар ч ул мөр байхгүй байсан ч гэсэн, зүрх сэтгэлдээ өвөрлөсөн зөвт бус байдал чинь Миний бүтээсэн бүх зүйлийн баялаг байдлаас даван гардаг гэдгийг Би мөн л мэднэ. Та нар дор бүрнээ үй олон хүний оройд хүртэл өргөгдсөн; олон түмний өвөг дээдэс байхаар өргөгдсөн. Та нар туйлын зэрлэг балмад ба бүх өтний дунд галзууран гүйж, амар тайван орогнох газар эрж хайн, өөрсдөөсөө жаахан өтнүүдийг залгихаар оролддог. Зүрх сэтгэл чинь хорлонтой, зэвүүн байдаг бөгөөд далайн ёроолд живсэн хий үзэгдлүүдийг ч даван гарсан. Та нар өтөг бууцны ёроолд оршин сууж, дээрээс доорх хүртэл өтнүүдийг үймүүлэн амар тайванг нь алдагдуулж, өөр хоорондоо хэсэг зуур тэмцэлдээд, дараа нь тайвширдаг. Та нар өөрсдийн байрыг мэддэггүй мөртөө өтөг бууцан дотор бие биетэйгээ тэмцэлдсээр байдаг. Тийм тэмцлээс та нар юу олж авч чадах юм бэ? Хэрвээ та нар үнэхээр Намайг хүндэлдэг зүрх сэтгэлтэй байсан бол Миний ар хударгаар бие биетэйгээ тэмцэлдэж яаж чадах юм бэ? Байр суурь чинь хэчнээн өндөр байх нь хамаагүй, чи бол өтөг баасан доторх өмхий үнэртэй өчүүхэн өт хэвээр бус уу? Чи далавч ургуулан, тэнгэрийн тагтаа болж чадах уу? Өмхий үнэртэй, өчүүхэн жаахан өтнүүд та нар Ехова Миний тахилын ширээнээс тахил хулгайлдаг; ингэснээрээ та нар сүйрч, бүтэлгүйтсэн нэр хүндээ аварч, Израилийн сонгогдсон ардууд болж чадна гэж үү? Ичгүүргүй өөдгүй амьтад! Тахилын ширээн дээрх тэр тахилуудыг хүмүүс Намайг хүндэлдэг сайхан сэтгэлийнхээ илэрхийлэл болгон Надад өргөсөн юм. Тэдгээр нь Миний хяналт, Миний хэрэглээнд зориулагддаг тул чи хүмүүсийн Надад өгсөн бяцхан хүүрзгэнийг Надаас дээрэмдэж яаж болох юм бэ? Чи Иудас болохоос айдаггүй гэж үү? Газар нутаг чинь цусан талбай болохоос айхгүй байна уу? Ичгүүргүй амьтан! Хүмүүсийн өргөн барьсан хүүрзгэнүүд өт чиний ходоодыг тэжээхийн төлөө байдаг гэж чи бодож байна уу? Чамд Миний өгсөн зүйл бол чамд өгөхдөө үнэн сэтгэлээсээ, дуртайяа өгдөг зүйл юм; Миний чамд өгөөгүй зүйл Миний мэдэлд байх ёстой. Чи зүгээр л Миний тахилуудыг дураараа хулгайлж болохгүй. Ажиллаж буй Нэгэн бол бүтээлийн Эзэн—Ехова Би бөгөөд хүмүүс Надаас болж тахил өргөдөг. Энэ нь ийш тийш гүйсний чинь нөхөн төлбөр гэж чи бодож байна уу? Үнэхээр ичгүүргүй юм! Чи хэний төлөө ийш тийш гүйдэг юм бэ? Өөрийнхөө төлөө биш гэж үү? Чи яагаад Миний тахилуудыг хулгайлдаг юм бэ? Чи яагаад Миний түрийвчнээс мөнгө хулгайлдаг юм бэ? Чи Искариотын Иудасын хүү биш гэж үү? Ехова Надад өгсөн тахилуудыг тахилчид эдлэх учиртай. Чи тахилч мөн үү? Чи Миний тахилуудыг маадайн идэж зүрхэлдэг ба бүр тэдгээрийг ширээн дээр тавьдаг; чи ямар ч үнэ цэнгүй! Үнэ цэнгүй өөдгүй амьтан! Ехова Миний гал чамайг үнс нурам болгон шатаана!
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?