Залбирлын ач холбогдол ба хэрэгжүүлэлт (II хэсэг)
Библид олон хүний залбирал тэмдэглэгдсэн байдаг бөгөөд тэд залбиралдаа нөхцөл болзлоо аль хэдийн тавиагүй байдаг. Харин ч тэд залбирал ашиглан Бурханы хүслийг эрж хайж, ойлгож, Ариун Сүнсээр шийдвэр гаргуулдаг. Жишээ нь израильчууд залбирлаар дамжуулан Иерихо руу дайрсан. Ниневегийн ард түмэн ч бас залбирлаар дамжуулан гэмшиж, Бурханы өршөөлийг хүртсэн. Залбирал бол нэг төрлийн зан үйл биш. Энэ нь хүн Бурхан хоёрын хоорондох жинхэнэ яриа бөгөөд гүн гүнзгий ач холбогдолтой. Хүмүүсийн залбирлаас Бурханд шууд үйлчилж байгааг нь харж болно. Хэрвээ чи залбирлыг зан үйл гэж харвал залбирал чинь үр дүнгүй байх бөгөөд чи дотоод мэдрэмжээ Бурханд хэлж, зүрх сэтгэлээ нээдэггүй учраас энэ нь жинхэнэ залбирал биш байх болно. Бурханы тухайд бол залбирал чинь тооцогдохгүй. Бурханы зүрх сэтгэлд чи байдаггүй. Тэгвэл Ариун Сүнс яаж чам дээр ажиллах юм бэ? Үүний үр дүнд чи хэсэг хугацаанд ажилласныхаа дараа эцэж цуцна. Одоогоос эхлээд чи залбиралгүйгээр ажиллаж чадахгүй. Залбирлаар ажил бий болж, залбирлаар үйлчлэл бий болдог. Чи удирдагч, Бурханд үйлчилдэг хүн мөртөө хэзээ ч залбиралд өөрийгөө зориулж, нухацтай хандаж байгаагүй бол Бурханд илэрхийлэх бодол чамд байхгүй бөгөөд ийм маягаар чи үүргээ гүйцэтгэхдээ буруудах магадлалтай, үйлдэл хийхдээ байнга өөрийн санаа зорилгод найддаг учраас бүдрэх магадлалтай. Хангалттай залбирахгүйгээр Бурханд итгэх нь хүлээн зөвшөөрөгдөшгүй. Зарим хүн ховорхон залбирч, Бурхан бие махбодтой болсон болохоор Бурханы үгийг шууд уншихад хангалттай гэж боддог. Үүнийг чи дэндүү энгийнээр бодож байна. Бурханд залбирахгүйгээр зүгээр л Бурханы үгийг уншаад Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлтийг хүртэж чадна гэж үү? Хэрвээ хүн хэзээ ч Бурханд залбирдаггүй, Бурхантай ярьж, чин сэтгэлээсээ нөхөрлөдөггүй бол завхарсан зан чанараа таягдан хаяж, үүргээ гүйцэтгэхдээ Бурханыг сэтгэл хангалуун байлгахад маш хэцүү байх болно. Бие махбодтой болсон Бурхан ч заримдаа залбирдаг! Эзэн Есүс бие махбодтой болж ирэх үедээ чухал асуудлын талаар бас залбирдаг байсан. Тэрээр уулан дээр, завин дээр, цэцэрлэгт залбирч байсан. Мөн шавь нараа дагуулан залбирч байсан. Хэрвээ чи байнга Бурханы өмнө очиж, Түүнд залбирдаг бол Бурханыг Бурхан гэж үздэгийг чинь энэ нь нотолно. Харин үргэлж өөрийнхөө хүслээр үйлдэж, залбирахаа үргэлж умартаж, Бурханы ар хударгаар энэ, тэрийг хийдэг бол чи Бурханд үйлчилж байгаа биш, харин зүгээр л өөрийнхөө ажил хэргийг явуулж байна. Тийм болохоор чи яллагдахгүй гэж үү? Гаднаа чи ямар нэг үймээн дэгдээсэн зүйл хийсэн мэт харагдахгүй, Бурханыг доромжилсон мэт санагдахгүй ч өөрийнхөө ажил хэргийг л явуулж байх болно. Чи өөрийн хэргийг бүтээж, алдар нэр, ашиг хонжоо, байр суурь, хувийн ашиг тусыг эрэлхийлнэ. Ингэх нь чуулганы ажилд саад хийж байгаа хэрэг биш гэж үү? Өнгөн дээрээ чи саад хийхгүй байгаа юм шиг харагдсан ч гэсэн мөн чанартаа үйлдэл чинь Бурханыг эсэргүүцэж байна. Хэрвээ чи хэзээ ч гэмшиж, өөрчлөгдөхгүй бол аюулд орно.
Сэтгэл ханамжгүй ямар нэг зүйл тохиолдоход хүн бүр шаналж, зовсон байдалтай болж, хэнтэй ч ярихыг хүсдэггүй. Хэсэг хугацааны дараа тэдний сэтгэл санаа дээрддэг ч энэ байдал нь шийдвэрлэгдээгүй. Заримдаа тэд үүргээ гүйцэтгэхдээ завхарсан зан чанар харуулж, ажлыг саатуулах юм уу засалт туулж, шаналж, сэтгэл нь хямардаг боловч үүнийг шийдвэрлэхээр үнэнийг эрэлхийлэхгүй бол энэхүү хэвийн бус байдал шийдвэрлэгдэхгүй. Та нар шаналж, хямарч байхдаа хэдэн удаа Бурханы өмнө залбирахаар очсон бэ? Та нар бүгд тайван сэтгэлгээгээр хандаж, зүгээр л аргацаадаг. Ийм маягаар, Бурханд итгэдэг гэж хэлдэг ч зүрх сэтгэлд нь Бурхан байдаггүй олон хүн бий. Тэд ямар ч үүрэг гүйцэтгэлээ гэсэн, асуудалтай тулгарах болгондоо хэзээ ч залбирч, үнэнийг эрж хайдаггүй. Юмыг сохроор хийх хүсэлдээ найдан, зовлон зүдүүр туулж, эрч хүч зарж байгаа юм шиг харагддаг бөгөөд ямар ч нэмэргүй, хүчин чармайлт нь талаар өнгөрч байгаа ч өөрсдийгөө үүргээ сайн гүйцэтгэж байна гэж тэд боддог. Хүмүүс үргэлж өөрийн хүсэлд найдаж, алхах явцдаа төөрч оддог. Тэд багахан ажил хиймэгцээ биеэ тоож, хөрөнгөтэй болсон мэт санагддаг бөгөөд зүрх сэтгэлд нь Бурханы орон зай байдаггүй. Хүмүүсийн уг чанар бол урвалт гэдгийг үүнээс харж болно. Хүмүүс “Би Бурханд итгэдэг байхад зүрх сэтгэлд минь Бурханы орон зай байхгүй байж яаж болох юм бэ? Яг одоо би чуулганд ажиллаж байгаа биш үү? Бурхан яаж намайг хаяж чадах юм бэ?” гэж хүртэл боддог. Бурхан чамайг хаяхыг хүсдэг юм биш, зүгээр л зүрх сэтгэлд чинь Бурханы орон зай байдаггүй. Чи хэчнээн их ажил хийсэн ч үүнийгээ эргүүлэн авч чадахгүй, Ариун Сүнсний ажлыг яагаад ч олж авахгүй, юу ч хийсэн өөрийгөө Бурханаас холдуулсаар, Түүнээс урвах болно. Залбирлын хичээл хамгийн гүн гүнзгий. Чи бүр залбирал ч хийлгүйгээр үүргээ гүйцэтгэж эхэлбэл гүйцэтгэл чинь шаардлага хангахгүй, хөдөлмөр чинь дэмий үрэгдэнэ. Байдал чинь хэвийн бус байх тусам төдий чинээ их залбирах ёстой. Залбирахгүй бол байдал чинь улам дордож, үүрэг чинь үр дүнгүй болно. Хэлж байгаа зүйл чинь хэчнээн сайхан сонсогдож байгаагаас залбирал хамаардаггүй. Харин ч чин сэтгэлээсээ ярьж, бэрхшээлийнхээ үнэн мөнийг хэлж, бүтээгдсэн зүйлийн байр сууринаас, дуулгавартай байдлын өнцгөөс ярих шаардлагатай: “Бурхан минь, хүмүүс ямар хатуу болохыг Та мэднэ. Энэ асуудал дээр намайг залж чиглүүлээч. Би сул дорой, асар их дутагдалтай, Танаар ашиглагдахад тохирохгүй, тэрслүү, юм хийх болгондоо Таны ажилд саад хийж, Таны хүсэлд нийцэхгүй зүйл хийдэг гэдгийг Та мэднэ. Ажлаа хийгээч гэж би Танаас гуйя, би зүгээр л дуулгавартай дагаж, хамтран ажиллахыг хүсэж байна...” Хэрвээ чи иймхэн үг ч хэлж чадахгүй бол чамд найдлага алга. “Залбирахдаа эрүүл ухаанаар залбирч байна уу үгүй юу гэдгээ би ялган таних хэрэгтэй. Тэгвэл би яаж залбирах ёстой вэ?” гэж зарим хүн боддог. Эрүүл ухаантай байгаа эсэхээ ялган танихад удах уу? Залбирал болгоныхоо дараа чин сэтгэлээсээ эргэцүүлбэл ойлгомжтой болно. Ингэх явцдаа чи залбирах үед зарим үг зохимжгүй гэдгийг мэдэж авах учраас дараа дараагийн залбиралдаа улам л эрүүл ухаантай болно. Хүн залбирах үед Бурхантай харилцах харилцаа нь хамгийн шууд, хамгийн ойр байдаг. Ердийн үед аливааг хийхдээ чи даруйхан өвдөг сөгдөн, залбирч чадах уу? Үргэлж чадахгүй, орчноос хамаарна. Чи гэртээ ганцаараа, өвдөг сөгдөн Бурханд залбирах үед Бурхантай харилцах харилцаа чинь хамгийн ойр байдаг. Чи зүрх сэтгэлдээ байгаа бүхнийг хэлж, асар их баяр хөөрийг мэдэрч чадна. Бурханы үгийг уншихдаа эхлээд залбирвал Түүний үгийг уншихад өөр санагдана. Үүргээ гүйцэтгэх үедээ эхлээд залбирч, эрж хайвал зүрх сэтгэл чинь нухацтай болж, үүргээ гүйцэтгэх үед үр дүн нь өөр байна. Чи Бурханы үгийг уншаад гэрлийг олсон бол Бурханд залбир, тэгвэл чи илүү их баяр хөөрийг олно. Чи огт залбирахгүй бол Бурханы үгийг уншиж, үүргээ гүйцэтгэх үедээ Бурханы байгааг мэдрэхгүй. Заримдаа Бурханы үгийг уншлаа гээд чи гэгээрэхгүй, Бурханы үгийг уншсаны дараа илэрхий үр дүн гарахгүй. Бурханд итгэхдээ хийж байгаа юуг ч залбирахгүйгээр хийж болохгүй. Бурханд байнга залбирч, Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн болбол чи амь-оролттой болж, итгэл чинь улам хүчтэй болно. Удаан хугацаанд залбирахгүй бол чи итгэлээ алдана, тэгвэл чи яаж амь-оролтод хүрэх юм бэ? Жинхэнэ итгэлтэй хүмүүс залбирлаар дамжуулан Бурханы өмнө амьдарч, залбирлаар дамжуулан үнэнийг эрж хайснаар тэрхүү итгэлийг олж авдаг. Олон хүн залбирахдаа зүгээр л хэлбэрдээд, үнэнийг эрж хайдаггүй. Ямар нэгэн зүйл тохиолдож, өөр хийж чадах зүйл огт байхгүй үед л тэд Бурханы өмнө очиж залбирч, гуйдаг. Тэд хүссэнээ хийлгэж, өөрсдийгөө сэтгэл хангалуун болгуулах гэж үргэлж Бурханыг хүчилдэг. Энэ жинхэнэ залбирал мөн гэж үү? Ийм залбирлыг Бурхан сонсдог уу? Бурханы өмнө залбирч, эрж хайх нь Бурханыг албадан юу хүссэнээ хийлгэх явдал биш, энийг эсвэл тэрийг хий гэж Бурханаас шаардах явдал бүр ч биш. Эдгээр нь бүгд эрүүл ухаангүйн илрэл юм. Эрүүл ухаантай залбирал гэж юу вэ? Эрүүл ухаангүй залбирал гэж юу вэ? Чи хэсэг хугацааны дараа туршлагаасаа эдгээр зүйлийг мэддэг болно. Жишээ нь, залбирсныхаа дараа чи Ариун Сүнс залбирсан зүйлийг чинь хийхгүй, бас чиний залбирснаар чамайг залж чиглүүлэхгүй байгааг мэдэрч магадгүй. Тэгээд дараагийн удаа залбирахдаа чи өөрөөр залбирна. Өмнөх удаад оролдсон шигээ чи Бурханыг албадах юм уу өөрийн хүсэлд тулгуурлаж Түүнд хүсэлт тавихгүй. Чи: “Өө Бурхан минь! Бүх зүйл Таны хүслийн дагуу хийгдэх болтугай” гэж хэлнэ. Чи ийм хандлагад анхаарлаа төвлөрүүлж байгаа л бол хэсэг хугацаанд тэмтчиж явсныхаа дараа эрүүл ухаантай залбирал гэж юу болох, эрүүл ухаангүй залбирал гэж юу болохыг мэдэх болно. Түүнчлэн өөр нэг байдал байдаг нь чи өөрийнхөө хүслийн дагуу залбирах үед залбирал чинь үлбэгэр байгааг сүнсээрээ мэдэрч, удалгүй хэлэх юмгүй болдог. Юм хэлэхээр оролдох тусам яриа чинь улам болхи болдог. Ингэж залбирах үедээ чи махан биеийг бүрэн дагаж байгаа бөгөөд Ариун Сүнс тийм маягаар чам дээр ажиллаж, чамайг залж чиглүүлэхгүй гэдгийг энэ нь нотолдог. Энэ нь ч бас эрж хайж, туршлагажих явдал билээ. Ийм зүйлийг илүү их туулах тусам аажмаар ойлгож авна.
Залбирал нь үндсэндээ Бурхантай үнэнч шударгаар ярьж, зүрх сэтгэлдээ байгаа зүйлийг Түүнд хэлэх явдал юм. Чи: “Бурхан минь! Та хүний завхралыг мэддэг. Өнөөдөр би бас нэг эрүүл ухаангүй зүйл хийчихлээ. Би санаархал өвөрлөсөн—би бол ов мэхтэй хүн. Таны хүсэл юм уу үнэний дагуу би үйлдээгүй. Би хүссэнээрээ үйлдэж, өөрийгөө зөвтгөх гэж оролдсон. Одоо би завхралаа таньж байна. Намайг улам их гэгээрүүлэн, үнэнийг ойлгож, хэрэгжүүлж, эдгээр завхралаас ангижрах боломж олгооч гэж би Танаас гуйя” гэдэг. Ийм маягаар залбир; бодит зүйлийг бодитоор хэлж, ярь. Ихэнх хүн Бурханы өмнө залбирахаар очих үед ихэнх үг нь хоосон сургаалын үг байдаг. Тэр бол зүрх сэтгэлээс гарсан жинхэнэ залбирал биш. Тэд бага зэрэг мэдлэгтэй, зүрх сэтгэл нь гэмших хүсэлтэй гэж боддог ч үнэнийг тунгаан бодож, бүрэн ойлгоход ямар ч хүчин чармайлт гаргадаггүй. Энэ нь тэдний амийн ахиц дэвшилд нөлөөлдөг. Чи залбирахдаа Бурханы үгийг тунгаан бодож, үнэнийг эрж хайж, Ариун Сүнсний гэгээрлийг хүртэж чаддаг бол энэ талаар бодож, үүнийг ойлгохоос хавьгүй илүү үнэ цэнтэй; чи үнэн-зарчмыг ойлгож чадна. Ариун Сүнс ажиллах явцдаа хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж, Бурханы үгээр хүмүүсийг гэгээрүүлж, гэрэлтүүлдэг, ингэснээр хүмүүс чин сэтгэлээсээ ойлгож, жинхэнээсээ гэмшдэг нь хүмүүсийн бодол, ойлголтоос хавьгүй гүн гүнзгий юм. Чи үүнийг нэгд нэггүй ойлгох ёстой. Хэрвээ чи ердөө л өнгөцхөн, эмх цэгцгүй бодож, шинжилж, дараа нь хэрэгжүүлэх тохиромжтой замгүй, үнэнд багахан ордог бол өөрчлөгдөж чадахгүй хэвээр үлдэнэ. Жишээ нь, чи чин сэтгэлээсээ Бурханы төлөө өөрийгөө зарлагадаж, Бурханы хайрыг чин сэтгэлээсээ хариулахаар шийдэх үе бий. Зүрх сэтгэлдээ ийм хүсэлтэй байлаа ч гэсэн чи нэг их эрч хүчтэйгээр өөрийгөө зарлагадахгүй, зүрх сэтгэлээ зорилгынхоо төлөө бүрэн дүүрэн зориулахгүй байж магадгүй. Гэхдээ хэрэв залбирч, сэтгэл чинь хөдлөөд шийдэмгийгээр “Бурхан минь, би зовлон бэрхшээл туулахыг хүсэж байна; Таны шалгалтыг хүлээн авахыг хүсэж байна; Таныг бүрэн дүүрэн дуулгавартай дагахыг хүсэж байна. Би хэчнээн их зовж зүдэрсэн ч гэсэн, Таны хайрыг хариулахыг хүсэж байна. Би Таны агуу хайрыг эдэлдэг, Та намайг өргөсөн. Үүний төлөө би зүрх сэтгэлийнхээ гүнээс Танд талархаж, бүх алдрыг Танд өгч байна” гэж хэлбэл, ингэж залбирсны дараа бүх бие чинь хүч орж, чи хэрэгжүүлэх замтай болно. Энэ бол залбирлын үр нөлөө юм. Хүнийг залбирсны дараа Ариун Сүнс түүн дээр ажиллахад бэлэн болж, түүнийг гэгээрүүлж, гэрэлтүүлж, залж чиглүүлэн, итгэл, эр зориг өгч, үнэнийг хэрэгжүүлэх боломж олгодог. Бурханы үгийг өдөр болгон уншаад ийм үр дүнд хүрдэггүй зарим хүн бий. Гэсэн хэдий ч тэд Бурханы үгийг уншсаныхаа дараа тэр талаар нөхөрлөх үед зүрх сэтгэл нь цэлмэж, замаа олдог. Түүнчлэн хэрвээ Ариун Сүнс сэтгэлийг чинь бага зэрэг хөдөлгөж, чамд багахан ачаа өгөхийн зэрэгцээ жаахан удирдамж өгдөг бол үр дүн нь үнэхээр маш өөр байх болно. Бурханы үгийг унших үед сэтгэл чинь бага зэрэг л хөдөлж магадгүй бөгөөд тэр үед чи уйлж магад. Хэсэгхэн хугацааны дараа тэр мэдрэмж үгүй болно. Харин чи нулимс унаган, үнэн сэтгэлээсээ, жинхэнээсээ, чин сэтгэлээсээ залбирч, Ариун Сүнс сэтгэлийг чинь хөдөлгөвөл олон өдөр баяр хөөртэй байх болно. Энэ нь залбирлын үр нөлөө юм. Залбирал нь Бурханы өмнө очиж, хүмүүст Бурханы өгөх зүйлийг хүлээн авах зорилготой. Хэрвээ чи байнга залбирч, үргэлж Бурханы өмнө очиж, Бурхантай нөхөрлөж, Бурхантай хэвийн харилцаатай байдаг бол Бурхан үргэлж сэтгэлийг чинь хөдөлгөнө. Хэрвээ чи үргэлж Бурханы хангалтыг хүлээн авч, үнэнийг хүлээн авдаг бол өөрчлөгдөж, нөхцөл байдал чинь сайжирсаар байх болно. Ялангуяа, ах эгч нар хамтдаа залбирсны дараа онцгой их энерги бий болж, асар их зүйлийг олж авсан мэт тэдэнд санагддаг. Үнэндээ, хамтдаа байх хугацаандаа тэд нэг их нөхөрлөөгүй байж болох ч гэр бүлээсээ, хорвоогоос татгалзахын тулд нэг хором ч хүлээж чадахааргүй болтол нь залбирал тэднийг сэрээдэг бөгөөд тэд юу ч хүсдэггүй, гагцхүү Бурхантай байхад л хангалттай байдаг. Ямар агуу итгэл вэ! Ариун Сүнсний ажлын хүмүүст өгдөг тэр хүчийг эцэс төгсгөлгүй эдэлж болно! Өөрт чинь Бурханы өгдөг хүч чадалд найдахын оронд гөжүүдэлж, тэсвэр хатуужилдаа найдаад чи хэр хол явж чадах вэ? Чи алхсаар байгаад хүч тамираа барна, дараа нь асуудал, бэрхшээлтэй тулгарах үед явах газаргүй байх болно. Замын төгсгөлд хүрэхээсээ өмнө чи унаж, доройтно. Бурханыг дагах замд бүтэлгүйтэж, унасан маш олон хүн бий; үнэнгүйгээр тэд босож чадахгүй. Тиймээс хүмүүс байнга Бурханд залбирч, Бурханд найдаж, Бурхантай харилцах хэвийн харилцаагаа эцсээ хүртэл хадгалах ёстой. Гэтэл хүмүүс алхах тусмаа Бурханаас холдож оддог. Бурхан бол Бурхан, хүн төрөлхтөн бол хүн төрөлхтөн. Дор бүрнээ тус тусын замаар явдаг. Бурхан Бурханы үгийг хэлдэг, хүн төрөлхтөн өөрсдийнхөө замаар алхдаг, энэ нь Бурханыхтай адилгүй. Хүн Бурханд итгэх хүч чадлаа алдах үедээ Бурханы өмнө очиж, залбирлын хэдэн үг хэлээд, багахан хүч зээлдэж авдаг. Тэд жаахан эрч хүчтэй болсныхоо дараа дахин нэгэнтээ яваад өгдөг. Хэсэг хугацааны дараа түлш нь дуусаж, дахиад л Бурхан руу эргэж ирдэг. Хүн ийм байдлаар үргэлжлүүлбэл тийм ч удаан тэсэж чадахгүй. Хүн Бурханыг орхин явбал түүнд урагшлах зам гэж байхгүй.
Олон хүний өөрийгөө хянах чадвар нь тун тааруу гэдгийг Би одоо олж мэдсэн. Шалтгаан нь юу вэ? Яагаад гэвэл, хүмүүс анхнаасаа үнэнийг ойлгодоггүй бөгөөд залбирдаггүй бол эх захгүй болох магадлал өндөртэй. Тэд бичиг үсэг, хоосон сургаал л ойлгодог, тэглээ гээд нэмэргүй, тэд өөрсдийгөө хазаарлаж огт чаддаггүй. Ийм байдалд зөвхөн залбирлаар дамжуулж Ариун Сүнснээс гэгээрэл, гэрэлтүүлэлт олж авч чадах бөгөөд зарим үнэнийг ойлгож байж л зарим талаар хазаарлагдаж, бага зэрэг хүний төрхтэй болж чадна. Бурханд итгэгчид байнга Бурханы үгийг уншиж, үнэнд ач холбогдол өгч, тогтмол залбирах ёстой. Тэгсэн цагт л хүмүүс сайжирч, өөрчлөгдөж, бага зэрэг хүний төрхийг амьдран харуулж чадна. Өөрийгөө мэдэх, хэвийн хүн чанарыг амьдран харуулах талаар л яриад байх нь зүгээр биш; Ариун Сүнсний ажил байхгүй бол үр дүн гарахгүй. Ариун Сүнс яг яаж ажиллаж, хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөдөг, хүмүүс өдөр тутмын амьдралдаа үнэнийг хэрхэн эрж хайж, хэрэгжүүлэх ёстойг орхигдуулбал Бурханд итгэж яаж чадах юм бэ? Ямар үүрэг гүйцэтгэж чадах юм бэ? Хүмүүс зүрх сэтгэлдээ зөвхөн Бурханы оршин тогтнолд итгэдэг бол, итгэл бишрэлээс нь зөвхөн Бурханыг хүлээн зөвшөөрөх сэтгэл л үлдсэн бол, Бурханы үг, үнэнийг хойш тавьдаг бол тэд амь-оролтгүй, Бурхан ч, үнэн ч зүрх сэтгэлд нь байдаггүй. Хүмүүсийн бодол, үзэл зөвхөн материаллаг ертөнцөөр дүүрэн байх болно. Бурханд иймэрхүү байдлаар итгэх нь шашны зан үйл болсон. Үнэнийг хайрладаггүй хүмүүс бурхангүй үзэл, материализмыг ч хүлээн авч чадах бөгөөд Бурхан оршин тогтнодог эсэхэд аажмаар эргэлзэж, сүнсний ертөнц, сүнслэг амийн хэрэг явдлыг үгүйсгэж магадгүй. Ингэх нь үнэн замаас бүрэн холдсон хэрэг бөгөөд тэд ёроолгүй нүхэнд уначихсан. Хүмүүс залбирахгүйгээр үнэнийг хэрэгжүүлэхийг хүсэх нь ердөө л субьектив хүсэл юм; тэд ердөө л дүрэм журам баримталж байх болно. Чи Дээрхийн зохицуулалтад нийцүүлэн үйлдэж, Бурханд халдахгүй байлаа ч гэсэн ердөө л дүрэм журмыг даган мөрдөж байгаа учраас үүргээ хэзээ ч сайн гүйцэтгэхгүй. Хүмүүсийн сүнс нь одоо бүгд хөшүүн, хойрго байгаа. Бурхантай харилцах хүмүүсийн харилцаанд Сүнс сэтгэлийг нь хөдөлгөж, гэгээрүүлэх гэх мэт олон нарийн учир байдаг ч хүмүүс тэрийг мэдэрч чадахгүй—хэтэрхий хөшүүн байна! Хүмүүс Бурханы үгийг уншиж, залбирдаггүй, сүнслэг амийн хэрэг явдлыг хэзээ ч туулж мэдрээгүй, өөрийн байдлыг хянаж чаддаггүй бол Бурханы өмнө амьдарч байгааг нь баталгаажуулах ямар ч аргагүй. Бурханы өмнө амьдрахыг хүсдэг бол залбирахгүй байхыг зөвшөөрөхийн аргагүй, Бурханы үгийг уншихгүй байх нь бүр ч зөвшөөрөгдөхгүй. Чуулганы амьдралаар амьдрахгүй байхыг ч бас зөвшөөрөх аргагүй. Хүн Бурханы үгээс холдсон бол Бурханд итгэхээ болино, залбирлаас холдох нь Бурханаас холдож байгаа хэрэг. Бурханд итгэхийн тулд залбирах ёстой. Залбирал байхгүй бол Бурханд итгэж байгаа шинж байхгүй. Та нар дүрэм журмыг баримтлах шаардлагагүй, хэзээ ч, хаана ч залбирч болно гэж Намайг хэлсэн болохоор хааяахан залбирдаг зарим хүн бий. Тэд өглөө сэрээд залбирдаггүй, харин оронд нь Бурханы үгийн хэдэн хэсгийг уншсан болж, магтан дуу сонсдог. Өдөр нь тэд гадна талын хэрэг явдлаар өөрсдийгөө завгүй байлгаж, орой унтахаар хэвтэхээсээ өмнө залбирдаггүй. Ердөө Бурханы үгийг л уншаад, залбирдаггүй бол Бурханы үгийг уншаад ойлгодоггүй шүтлэггүй хүнтэй адил гэдэг нь үнэн гэж та нарт санагдахгүй байна уу? Хүмүүс залбирахгүй бол зүрх сэтгэл нь Бурханы үгэнд орж чадахгүй, уншаад гэгээрэхгүй. Сүнсний нарийн мэдрэмж ч байхгүй, сэтгэл нь ч хөдлөхгүй. Тэд хөшүүн, хойрго байдаг; чуулганы ажил, үүргээ гүйцэтгэх талаар л өнгөцхөн нөхөрлөдөг. Ямар нэгэн зүйл тохиолдох үед зүрх сэтгэлийнхээ гүнд байгаа мэдрэмжийг ухан ойлгож чаддаггүй. Энэ нь Бурхантай харилцах хэвийн харилцаанд нь нөлөөлөхгүй гэж үү? Зүрх сэтгэлд нь Бурханыг гэх орон зай хэдийнээ байхгүй, залбиръя гээд үг гардаггүй, Бурханыг мэдэрч чаддаггүй. Энэ нь аль хэдийн маш аюултай. Энэ нь тэд Бурханаас хэтэрхий холдож төөрсөн гэсэн үг. Үнэндээ залбирахын тулд сүнс рүүгээ буцлаа гээд гадна талын ажил хэрэгт саад болохгүй; аливаа юмыг огт саатуулахгүй. Харин асуудал гараад, шийдвэрлэгдэхгүй бол саатна. Бурханд залбирах нь асуудлыг шийдвэрлэж, хүмүүст Бурханы өмнө амьдарч, Бурханы үгийг эдлэх боломжийг олгох зорилготой. Ингэх нь хүмүүсийн үүргийн гүйцэтгэл болон амь-оролтод илүү ашиг тустай юм.
1998 он
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?