Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг
Ихэнх хүмүүс ирээдүйн хүрэх газрынхаа төлөө, эсвэл түр зуурын зугаа цэнгэлийн төлөө Бурханд итгэдэг. Ямар ч харьцалт туулаагүй хүмүүсийн хувьд тэнгэрт орохын төлөө, шагнал хүртэхийн төлөө Бурханд итгэдэг. Тэд төгс болгуулахын төлөө, эсвэл Бурханы бүтээлийн үүргийг биелүүлэхийн төлөө Бурханд итгэдэггүй. Өөрөөр хэлбэл, ихэнх хүн өөрсдийн хариуцлагыг биелүүлэхийн тулд юм уу өөрсдийн үүргийг гүйцэтгэхийн тулд Бурханд итгэдэггүй. Утга учиртай амьдралаар амьдрахын тулд Бурханд итгэдэг хүмүүс ховорхон, мөн хүн амьд байгаа тул Бурханыг хайрлах ёстой, учир нь энэ бол Тэнгэрийн хууль, газрын зарчим, хүний хүлээсэн үүрэг гэж итгэдэг хүмүүс байдаггүй. Ийм маягаар, хэдийгээр өөр өөр хүмүүс өөрсдийн хувийн зорилгыг эрэлхийлдэг боловч тэдний эрэл хайгуулын зорилго болон үүний ар дахь сэдэл бүгд төстэй байдгаас гадна ихэнхийнх нь сүсэг бишрэлийн бай ихээхэн адил байдаг. Сүүлийн хэдэн мянган жилийн турш олон итгэгч нас барсан ба олон итгэгч нас бараад дахин төрсөн. Бурханыг эрж хайдаг хүн ердөө ганц хоёроор зогсохгүй, тэр ч бүү хэл нэг, хоёр мянгаар ч зогсохгүй, гэхдээ энэ хүмүүсийн ихэнх нь өөрсдийн хэтийн ирээдүй, эсвэл ирээдүйн сайн сайхан итгэл найдварынхаа араас хөөцөлддөг. Христэд үнэнч хүмүүс ховорхон. Олон үнэн сүсэгт итгэгч өөрсдийн урхи торонд ороогдон нас нөгчсөн, түүнчлэн ялалт авчирсан хүмүүсийн тоо ч өчүүхэн бага. Өнөөг хүртэл, хүмүүсийн бүтэлгүйтдэг шалтгаан, эсвэл ялалтын нууцыг хүмүүс мэдэхгүй хэвээр байгаа. Христийг эрж хайхад донтсон хүмүүс одоо ч сэхээрээгүй, эдгээр нууцын үнэн мөнийг олж мэдээгүй, учир нь тэд ердөө мэддэггүй. Хэдий тэд эрэл хайгуулдаа уйгагүй хүчин чармайлт гаргадаг ч тэдний алхдаг зам нь амжилтын зам биш, харин өмнөх үеийнхнийх нь нэгэнтээ алхаж байсан бүтэлгүйтлийн зам юм. Ийм маягаар, хэрхэн эрж хайснаас үл хамааран тэд харанхуй руу хөтөлдөг замаар алхдаггүй гэж үү? Тэдний олж авдаг зүйл гашуун үр жимс биш гэж үү? Өнгөрсөн үед амжилтад хүрсэн хүмүүсийг дуурайдаг хүмүүст эцэстээ зол завшаан тохиолдох уу, эсвэл гай гамшиг тохиолдох уу гэдгийг урьдчилан таамаглахад хэцүү. Тэгвэл бүтэлгүйтсэн хүмүүсийн мөрийг даган эрж хайдаг хүмүүсийн хувьд хэчнээн дор байх вэ? Тэд бүр ч их бүтэлгүйтэх боломжтой бус уу? Тэдний алхдаг замд ямар үнэ цэн байх билээ? Тэд цагаа дэмий үрж байгаа бус уу? Хүмүүс эрэл хайгуулдаа амжилтад хүрэх, эсвэл бүтэлгүйтэхээс үл хамааран, товчхондоо үүнд шалтгаан байдаг ба тэдний амжилт эсвэл бүтэлгүйтэл нь дур зоргоороо эрж хайснаар тодорхойлогддог биш юм.
Хүний Бурханд итгэх итгэлийн хамгийн үндсэн шаардлага нь үнэнч шударга зүрх сэтгэлтэй байж, өөрийгөө бүрэн зориулж, үнэхээр дуулгавартай байх явдал юм. Хүний хувьд, жинхэнэ итгэлийн хариуд бүх амьдралаа өгч, үүгээр дамжуулан бүхий л үнэнийг олж авч, Бурханы бүтээлийн үүргээ биелүүлэх нь хамгийн хэцүү байдаг. Энэ нь бүтэлгүйтдэг хүмүүсийн хүршгүй зүйл бөгөөд Христийг олж чаддаггүй хүмүүсийн хувьд бүр ч хүршгүй юм. Хүн өөрийгөө Бурханд бүрэн зориулахдаа тийм ч сайн биш учраас, Бүтээгчийн өмнө үүргээ биелүүлэхийг хүсдэггүй учраас, үнэнийг харсан ч үүнээс зайлсхийж, өөрийн замаар явдаг учраас, үргэлж бүтэлгүйтсэн хүмүүсийн замыг даган эрж хайдаг учраас, мөн Тэнгэрийг үргэлж эсэргүүцдэг учраас дандаа бүтэлгүйтэж, Сатаны заль мэхэнд үргэлж автаж, өөрийнхөө урхи торонд ордог. Хүн Христийг мэддэггүй учраас, үнэнийг ойлгож, туулахдаа чадамгай биш учраас, Паулыг дэндүү их шүтэж, тэнгэрт хэтэрхий их шунадаг учраас, өөрт нь дуулгавартай байхыг Христээс үргэлж шаардаж, Бурханд тушаадаг учраас тэр агуу хүмүүс болон дэлхий ертөнцийн эрээн барааныг туулсан хүмүүс мөн л үхдэг бөгөөд Бурханы гэсгээлт дунд насан эцэслэдэг. Тийм хүмүүс эмгэнэлт үхлээр үхдэг ба тэдний үр дагавар буюу үхэл нь үндэслэлгүй биш юм гэж л Би хэлж чадна. Тэдний бүтэлгүйтэл нь Тэнгэрийн хуулинд бүр ч илүү тэвчишгүй биш гэж үү? Үнэн нь хүний ертөнцөөс үүддэг боловч хүмүүсийн дундах үнэнийг Христ дамжуулдаг. Энэ нь Христээс буюу Бурханаас Өөрөөс нь үүсэн гардаг ба хүний хүрч чадах зүйл биш. Гэхдээ Христ зөвхөн үнэнээр л хангадаг; үнэний төлөөх эрэл хайгуулдаа хүн амжилттай байх эсэхийг шийдэхийн тулд Тэр ирдэггүй. Тиймээс үнэн дэх амжилт, эсвэл бүтэлгүйтэл нь бүгд хүний эрэл хайгуулаас хамаардаг. Хүн үнэнд амжилт олох уу, эсвэл бүтэлгүйтэх үү гэдэг нь хэзээ ч Христтэй хамаатай байгаагүй, харин энэ нь хүний эрэл хайгуулаар тодорхойлогддог. Хүний хүрэх газар, түүний амжилт, эсвэл бүтэлгүйтлийг Бурханд хариуцуулж, Бурханд Өөрт нь үүрүүлж болохгүй, учир нь энэ бол Бурханы Өөрийн асуудал биш, харин Бурханы бүтээлүүдийн биелүүлэх ёстой үүрэгтэй шууд холбоотой. Ихэнх хүмүүс Паул, Петр хоёрын эрэл хайгуул болон хүрэх газрын талаар бага зэрэг мэддэг ч Петр, Паул хоёрын үр дүнгээс өөрийг мэддэггүй ба Петрийн амжилтын ар дахь нууцыг, эсвэл Паулыг бүтэлгүйтэхэд хүргэсэн дутагдлыг мэддэггүй. Иймээс хэрвээ та нар тэдний эрэл хайгуулын мөн чанарыг нэгд нэггүй ойлгож огт чадахгүй бол олонхын чинь эрэл хайгуул ч бас бүтэлгүйтнэ, та нараас цөөн хэд нь амжилтад хүрсэн ч гэсэн Петртэй эн тэнцүү байж мөн л чадахгүй. Хэрвээ эрэл хайгуулын чинь зам зөв бол амжилтад хүрэх найдвар чамд байна; хэрвээ үнэнийг эрж хайн явж байгаа зам чинь буруу бол чи үүрд амжилтад хүрч чадахгүй байх ба Паултай адил төгсгөлтэй тулгарна.
Петр төгс болгуулсан хүн байв. Тэрээр гэсгээлт, шүүлт туулж, Бурханыг гэх цэвэр хайрыг олж авсныхаа дараа л бүрэн дүүрэн төгс болгуулсан; түүний алхсан зам нь төгс болгуулах зам байлаа. Өөрөөр хэлбэл, Петрийн алхсан зам бүр эхнээсээ л зөв байсан ба Бурханд итгэх сэдэл нь зөв байсан, иймээс тэр төгс болгуулсан нэгэн болж, урьд өмнө нь хүний хэзээ ч алхаж байгаагүй шинэ замаар явсан юм. Харин Паулын алхсан зам эхнээсээ л Христийг эсэргүүцэх зам байсан бөгөөд Ариун Сүнс түүнийг ашиглаж, билиг авьяас, бүх давуу талыг нь Өөрийн ажилд ашиглахыг хүссэн учраас л тэр Христийн төлөө хэдэн арван жил ажилласан билээ. Тэрээр ердөө л Ариун Сүнсний ашигласан хүн байсан бөгөөд Есүс түүний хүн чанарт нааштай хандсанаас болж биш, харин билиг авьяасаасаа болж ашиглагдсан юм. Тэр цохигдсон учраас л Есүсийн төлөө ажиллаж чадсан болохоос биш, үүнийг хийхдээ баяртай байсан юм биш. Ариун Сүнсний гэгээрэл, удирдамжаас болж тэр ийм ажил хийж чадсан бөгөөд хийсэн ажил нь түүний эрэл хайгуулыг юм уу хүн чанарыг яавч төлөөлөөгүй. Паулын ажил зарцын ажлыг төлөөлж байсан, өөрөөр хэлбэл, тэрээр элчийн ажил хийсэн юм. Харин Петр өөр байлаа: Тэр ч бас зарим нэг ажил хийсэн; энэ нь Паулын ажил шиг агуу байгаагүй ч тэрээр өөрийн оролтыг эрэлхийлэх зуураа ажилласан бөгөөд түүний ажил Паулын ажлаас өөр байв. Петрийн ажил нь Бурханы бүтээлийн үүргийг биелүүлсэн явдал байсан юм. Тэр элчийн байр сууринаас ажиллаагүй, харин Бурханыг хайрлахаар эрэлхийлэнгээ ажилласан билээ. Ажлынх нь явцад Паулд бас хувийн эрэл хайгуул байсан: Түүний эрэл хайгуул гагцхүү ирээдүйн итгэл найдвар болон сайхан хүрэх газрын төлөөх хүслийнх нь төлөө байсан юм. Ажлынхаа үеэр тэр цэвэршүүлэлтийг хүлээн зөвшөөрөөгүй, мөн харьцалт, засалтыг ч хүлээн зөвшөөрөөгүй. Хийсэн ажил нь Бурханы хүслийг хангаж, хийсэн бүхэн нь Бурханд таалагдсаар байгаа цагт эцэстээ түүнийг шагнал хүлээж байгаа гэж итгэсэн. Түүний ажилд ямар ч хувийн туршлага байгаагүй—энэ нь бүхэлдээ ажиллахын төлөө хийгдсэн бөгөөд өөрчлөгдөх эрэл хайгуулын дунд хийгдээгүй. Түүний ажил дахь бүх юм наймаа байсан, харин Бурханы бүтээлийн үүрэг юм уу дуулгавартай байдлын алийг ч агуулаагүй. Өөрийнх нь ажлын явцад Паулын хуучин зан чанарт ямар ч өөрчлөлт гараагүй. Түүний ажил ердөө бусдад үйлчлэх явдал байсан ба зан чанарт нь өөрчлөлт гаргаж чадаагүй юм. Паул төгс болгуулалгүйгээр, мөн харьцалт туулалгүйгээр шууд ажилласан ба шагнал авах гэсэн сэдэлтэй байв. Петр бол өөр байлаа: Тэрээр засалт, харьцалт туулсан, цэвэршүүлэлт туулсан хүн байв. Петрийн ажлын зорилго болон сэдэл нь үндсэндээ Паулынхаас өөр байсан юм. Хэдийгээр Петр их хэмжээний ажил хийгээгүй ч зан чанарт нь олон өөрчлөлт гарсан ба эрж хайсан зүйл нь үнэн болон бодит өөрчлөлт байлаа. Түүний ажил зүгээр л гагцхүү ажлын төлөө хийгдээгүй. Паул хэдийгээр их ажил хийсэн ч энэ нь бүхэлдээ Ариун Сүнсний ажил байсан бөгөөд Паул энэ ажилд хамтран ажилласан хэдий ч үүнийг туулаагүй. Ариун Сүнс өөрөөр нь дамжуулж их ажил хийгээгүй учраас л Петр хавьгүй бага ажил хийсэн юм. Тэдний ажлын хэмжээ төгс болгуулсан эсэхийг нь тодорхойлоогүй; нэгнийх нь эрэл хайгуул шагнал авахын төлөө байсан, нөгөөгийнх нь Бурханы хүслийг хангалуун байлгахын тулд хайр татам дүр төрхийг амьдран харуулж чадах хэмжээнд Бурханыг гэх туйлын хайранд хүрч, Бурханы бүтээлийн үүргээ биелүүлэхийн төлөө байсан юм. Гаднаа тэд өөр байсан, мөн чанар нь ч бас өөр байсан. Хэр их ажил хийсэнд нь үндэслээд тэдний хэн нь төгс болгуулсныг чи тодорхойлж чадахгүй. Петр Бурханыг хайрладаг нэгний дүрийг амьдран харуулахыг, Бурханыг дуулгавартай дагадаг нэгэн байхыг, харьцалт, засалтыг хүлээн зөвшөөрдөг нэгэн байхыг, Бурханы бүтээлийн хувиар үүргээ биелүүлдэг нэгэн байхаар эрэлхийлсэн. Тэрээр өөрийгөө Бурханд зориулж, өөрийгөө бүхэлд нь Бурханы гарт даатгаж, үхэх хүртлээ Түүнд дуулгавартай байж чадсан юм. Энэ нь түүний хийхээр шийдсэн зүйл, түүнчлэн түүний биелүүлсэн зүйл байлаа. Түүний төгсгөл эцэстээ яагаад Паулынхаас өөр байсны үндсэн шалтгаан нь энэ юм. Петрт Ариун Сүнсний хийсэн ажил нь түүнийг төгс болгохын төлөө байсан бөгөөд Паулд хийсэн ажил нь түүнийг ашиглахын төлөө байсан. Яагаад гэвэл, тэдний уг чанар болон эрэл хайгуулын талаарх үзэл бодол адилхан байгаагүй юм. Хоёулаа Ариун Сүнсний ажилтай байсан. Петр энэ ажлыг өөртөө хэрэгжүүлж, бас үүгээр бусдыг хангасан; харин Паул Ариун Сүнсний ажлыг бүхэлд нь бусдад өгөөд, өөрөө үүнээс юу ч олж аваагүй. Ийм маягаар Ариун Сүнсний ажлыг маш олон жил туулсны дараа ч Паулд гарсан өөрчлөлт нь бараг байхгүйтэй адил байв. Тэрээр бараг төрөлх байдлаараа үлдсэн ба урьдын Паул хэвээрээ байлаа. Олон жилийн ажлын хүнд хэцүүг туулсныхаа дараа тэр ердөө хэрхэн “ажиллахыг” сурч, тэвчээртэй байж сурсан боловч түүний хуучин уг чанар—ихэд өрсөлддөг, ашиг хонжоонд шунадаг уг чанар нь хэвээр үлдсэн юм. Маш олон жил ажилласныхаа дараа тэрээр завхарсан зан чанараа мэдээгүй, хуучин зан чанараасаа ч салж чадаагүй бөгөөд эдгээр нь түүний ажлаас илт харагдсаар байв. Түүнд ердөө арай илүү ажлын туршлага байсан боловч тийм өчүүхэн туршлага нь дангаараа түүнийг өөрчилж чадаагүй ба оршин тогтнолын талаарх түүний үзэл бодлыг, эсвэл эрэл хайгуулынх нь ач холбогдлыг өөрчилж чадаагүй. Тэрээр Христийн төлөө олон жил ажиллаж, Эзэн Есүсийг дахин хэзээ ч хяхан хавчаагүй хэдий ч түүний зүрх сэтгэл дэх Бурханы талаарх мэдлэгт ямар ч өөрчлөлт гараагүй. Өөрөөр хэлбэл, тэр өөрийгөө Бурханд зориулахын тулд ажиллаагүй, харин ирээдүйн хүрэх газрынхаа төлөө албан хүчээр ажилласан гэсэн үг юм. Учир нь эхэндээ тэр Христийг хяхан хавчиж байсан бөгөөд Христэд дуулгавартай байгаагүй; тэрээр Христийг зориуд эсэргүүцдэг төрөлхийн тэрслүү хүн, мөн Ариун Сүнсний ажлын талаар ямар ч мэдлэггүй хүн байлаа. Өөрийнх нь ажил бараг дуусаж байх үед тэрээр Ариун Сүнсний ажлыг мэдэхгүй хэвээр байсан бөгөөд Ариун Сүнсний хүсэлд өчүүхэн төдий ч анхаарал хандуулалгүйгээр, зүгээр л зан авирынхаа дагуу дур зоргоороо үйлдсэн юм. Иймээс түүний уг чанар Христэд дайсагнаж байсан ба үнэнийг дуулгавартай дагаагүй. Ариун Сүнсний ажилд хаягдсан, Ариун Сүнсний ажлыг мэддэггүй, бас Христийг эсэргүүцдэг ийм хүн яаж аврагдаж чадах юм бэ? Хүн аврагдаж чадах уу, үгүй юу гэдэг нь хэр их ажил хийснээс, эсвэл хэр их зориулснаас хамаардаггүй, харин Ариун Сүнсний ажлыг мэддэг эсэхээр, үнэнийг хэрэгжүүлж чаддаг эсэхээр болон эрэл хайгуулын талаарх үзэл бодол нь үнэнтэй нийцдэг эсэхээр тодорхойлогддог.
Петр Есүсийг дагаж эхэлсний дараа төрөлхийн илчлэлүүд тохиолдсон хэдий ч уг чанартаа тэрээр анхнаасаа Ариун Сүнсэнд захирагдаж, Христийг эрж хайх хүсэлтэй нэгэн байсан юм. Тэрээр Ариун Сүнсэнд жинхэнээсээ дуулгавартай байв: Тэр нэр алдар, эд хөрөнгө хөөгөөгүй, харин үнэнд дуулгавартай байхаар зорьж байлаа. Петр хэдийгээр Христийг мэддэг гэдгээ гурван удаа үгүйсгэж, Эзэн Есүсийг сорьсон ч хүний тийм өчүүхэн сул тал нь түүний уг чанартай ямар ч холбоогүй байсан ба ирээдүйн эрэл хайгуулд нь нөлөөлөөгүй, мөн түүний сорилт антихристийн үйл байсан гэдгийг хангалттай баталж чадахгүй. Хүний хэвийн сул тал бол дэлхий дээрх бүх хүнд байдаг зүйл—Петр өөр байх ёстой гэж чи бодож байна уу? Петр хэд хэдэн тэнэг алдаа хийсэн учраас хүмүүс түүний талаар тодорхой үзэл бодол өвөрлөдөг бус уу? Паулын хийсэн бүх ажил, бичсэн бүх захидлаас болж хүмүүс Паулыг ихэд биширдэг бус уу? Хүн яаж хүний мөн чанарыг нэвт харж чадах юм бэ? Үнэхээр эрүүл ухаантай хүмүүс тийм ялихгүй зүйлийг харж чадна биз дээ? Петрийн олон жилийн шаналгаат туршлага нь Библид тэмдэглэгдээгүй хэдий ч Петрт бодитой туршлага байгаагүй, эсвэл Петр төгс болгуулаагүй гэдгийг энэ нь нотолдоггүй. Бурханы ажлыг хүн яаж бүрэн ухан ойлгож чадах юм бэ? Библи дэх бичвэрүүдийг Есүс биечлэн сонгоогүй, харин дараагийн үеийнхэн эмхэтгэсэн. Тийм болохоор Библид бичигдсэн бүхнийг хүний санаагаар сонгосон бус уу? Түүнчлэн Петр, Паул хоёрын төгсгөлийг захидлуудад тодорхой өгүүлээгүй, иймээс хүн өөрийн үзэмжээр, мөн өөрийн дур сонирхлоор Петр, Паул хоёрыг үнэлдэг. Паул маш их ажил хийсэн учраас, түүний “хувь нэмэр” асар их байсан учраас тэрээр олон нийтийн итгэлийг олсон. Хүн зөвхөн өнгөц байдалд анхаарал хандуулдаггүй гэж үү? Хүн яаж хүний уг чанарыг нэвт харах чадвартай байх юм бэ? Үүнээс гадна, Паул олон мянган жилийн турш шүтлэг бишрэлийн бай байсан болохоор түүний ажлыг хэн яаран үгүйсгэж зүрхлэх юм бэ? Петр ердөө л загасчин байсан, иймээс түүний хувь нэмэр яаж Паулынх шиг их байж чадах юм бэ? Тэдний оруулсан хувь нэмрийн тухайд бол Паул Петрээс өмнө шагнуулах ёстой байсан ба Паул Бурханы сайшаалыг хүртэхэд илүү тохирсон нэгэн байх ёстой байлаа. Паулд хандахдаа Бурхан ердөө л билиг авьяасаар нь дамжуулан түүнийг ажиллуулсан, харин Бурхан Петрийг төгс болгосон гэж хэн төсөөлж чадах билээ? Ямартай ч Эзэн Есүс бүр эхнээсээ л Петр, Паул хоёрын төлөө төлөвлөгөө зохиосон юм биш: Харин ч тэд төрөлхийн уг чанарынхаа дагуу төгс болгуулж, эсвэл ажилласан юм. Иймээс хүмүүсийн хардаг зүйл нь ердөө хүний гадаад талын хувь нэмэр байдаг байхад Бурханы хардаг зүйл нь хүний мөн чанар, түүнчлэн эхнээсээ хүний эрэлхийлдэг зам болон хүний эрэл хайгуулын ар дахь сэдэл юм. Хүмүүс өөрсдийн үзлийн дагуу, өөрсдийн үзэмжээр хүнийг хэмждэг ч хүний эцсийн төгсгөл нь түүний харагдах байдлаар тодорхойлогддоггүй. Иймээс хэрвээ эхнээсээ дагадаг зам чинь амжилтын зам бөгөөд эрэл хайгуулын талаарх үзэл бодол чинь анхнаасаа зөв бол чи Петртэй адил; хэрвээ алхаж буй зам чинь бүтэлгүйтлийн зам бол ямар ч төлөөс төлсөн бай, хүрэх газар чинь Паулынхтай адилхан байх болно гэж Би хэлдэг. Ямар ч тохиолдолд, чиний хүрэх газар болон амжилтад хүрэх үү, бүтэлгүйтэх үү гэдэг чинь хоёулаа чиний зориулалтаас, эсвэл төлсөн төлөөсөөс биш, харин эрж хайж байгаа зам чинь зөв үү, үгүй юу гэдгээр тодорхойлогддог. Петр, Паул хоёрын мөн чанар, зорьсон зорилго өөр байсан; хүн эдгээр зүйлийг олж мэдэх чадваргүй бөгөөд Бурхан л тэдгээрийг бүхэлд нь мэдэж чадна. Учир нь Бурхан хүний мөн чанарыг хардаг байхад хүн өөрийнхөө мөн чанарын талаар юу ч мэддэггүй. Хүн, хүний доторх мөн чанарыг юм уу бодит биеийн хэмжээг нь харах чадваргүй, тиймээс Паул, Петр хоёрын бүтэлгүйтэл болон амжилтын шалтгааныг тодорхойлох чадваргүй юм. Ихэнх хүн Петрийг биш, Паулыг шүтдэгийн шалтгаан нь Паул олон нийтийн ажлын төлөө ашиглагдсан ба хүн энэ ажлыг харж чаддаг тул хүмүүс Паулын “гавьяаг” хүлээн зөвшөөрдөг. Харин Петрийн туршлага хүнд харагддаггүй, түүний эрж хайсан зүйл хүний хувьд хүршгүй тул хүн Петрийг огт сонирхдоггүй.
Петр харьцалт, цэвэршүүлэлт туулснаар төгс болгуулсан. Тэрээр: “Би цаг ямагт Бурханы хүслийг хангалуун байлгах ёстой. Хийж байгаа бүхэндээ би зөвхөн Бурханы хүслийг хангахаар эрж хайдаг ба гэсгээгдэж, шүүгдэж байсан ч үүнийг баяртайяа хийнэ” гэж хэлсэн юм. Петр өөрт байгаа бүхнийг Бурханд өгсөн ба түүний ажил, үг, бүхий л амьдрал тэр чигтээ Бурханыг хайрлахын төлөө байв. Тэр бол ариун байдлыг эрж хайдаг хүн байсан бөгөөд туршлагажих тусам түүний зүрх сэтгэлийн гүн дэх Бурханыг гэх хайр улам их болж байлаа. Харин Паул зөвхөн гадна талын ажил хийсэн бөгөөд хэдийгээр шаргуу ажилласан ч түүний ажил хөдөлмөр ажлаа зохих ёсоор хийж, улмаар шагнал авахын төлөө байсан юм. Ямар ч шагнал авч чадахгүй гэдгээ мэдэж байсан бол тэр өөрийн ажлыг орхих байв. Петр өөрийн зүрх сэтгэл доторх жинхэнэ хайрыг л анхаарч байсан бөгөөд тэр нь бодитой, мөн биелүүлж болохуйц зүйл байлаа. Тэр шагнал авах эсэх талаар анхаараагүй, харин өөрийнх нь зан чанар өөрчлөгдөж чадах эсэхийг анхаарсан. Паул бүр ч илүү шаргуу ажиллах талаар анхаарч, гадна талын ажил, зориулалт болон хэвийн хүмүүсийн туулдаггүй хоосон сургаалын талаар анхаарсан. Тэрээр зүрх сэтгэлийнхээ гүн дэх өөрчлөлтийг ч, Бурханыг гэх жинхэнэ хайрыг ч огт анхаараагүй. Петрийн туршлага нь Бурханыг гэх жинхэнэ хайр, жинхэнэ мэдлэгт хүрэхийн төлөө байв. Түүний туршлага нь Бурхантай илүү ойр дотно харилцаатай болж, бодитоор амьдран харуулахын төлөө байжээ. Паулын ажил нь Есүсийн даалгасан зүйлээс болсон ба өөрийн хүсэн эрмэлзэж байсан зүйлийг олж авахын төлөө байсан ч эдгээр нь өөрийнхөө талаарх болон Бурханы талаарх мэдлэгтэй нь хамаагүй байв. Түүний ажил гагцхүү гэсгээлт, шүүлтээс зугтахын төлөө байсан. Петрийн цэвэр ариун хайрыг эрж хайж, Паул зөвт байдлын титмийг эрж хайжээ. Петр Ариун Сүнсний ажлыг олон жил туулсан бөгөөд Христийн талаар бодитой мэдлэгтэй, түүнчлэн өөрийнхөө талаар гүн гүнзгий мэдлэгтэй байсан. Иймээс Бурханыг гэх түүний хайр цэвэр байв. Олон жилийн цэвэршүүлэлт нь Есүс болон амийн талаарх түүний мэдлэгийг дээшлүүлсэн ба түүний хайр нөхцөлгүй хайр, идэвх санаачилгатай хайр байсан, тэрээр хариуд нь юу ч гуйгаагүй, ямар нэг ашиг тус хүртэнэ гэж ч найдаагүй. Паул олон жилийн турш ажилласан мөртөө Христийн талаар асар их мэдлэг эзэмшээгүй бөгөөд өөрийнх нь талаарх түүний мэдлэг ч бас өчүүхэн бага байлаа. Түүнд Христийг гэх хайр ердөө байгаагүй ба түүний ажил, явсан замнал нь эцсийн нэр хүндийг олж авахын төлөө байсан. Түүний эрж хайсан зүйл хамгийн цэвэр хайр биш, харин хамгийн сайхан титэм байв. Тэр идэвхтэйгээр эрж хайгаагүй, харин ч идэвхгүй байсан; тэр үүргээ биелүүлээгүй, харин Ариун Сүнсний ажилд баригдсаныхаа дараа албан хүчээр эрж хайсан юм. Иймээс тэр бол шаардлага хангасан Бурханы бүтээл байсан гэдгийг эрэл хайгуул нь нотолдоггүй; харин Петр бол өөрийн үүргийг биелүүлж, Бурханы шаардлагыг хангасан бүтээл байлаа. Бурханд хувь нэмрээ оруулсан бүх хүн шагнал хүртэх ёстой ба хувь нэмэр хэдий чинээ их байна, Бурханы тааллыг хүртэх нь төдий чинээ баталгаатай гэж хүн боддог. Хүний үзэл бодлын мөн чанар нь арилжаа наймааны шинжтэй байдаг бөгөөд Бурханы бүтээлийн хувиар үүргээ биелүүлэхийн тулд идэвхтэйгээр эрж хайдаггүй. Бурханы хувьд, хүмүүс Бурханыг гэх жинхэнэ хайр болон Бурханд бүрэн дуулгавартай байдлыг эрж хайх тусам, өөрөөр хэлбэл, Бурханы бүтээлийн хувиар үүргээ биелүүлэхээр эрж хайх тусам, Бурханы сайшаалыг төдий чинээ хүртэж чадна. Бурханы үзэл бодол бол анхдагч үүрэг болон байр сууриа сэргээхийг хүнээс шаардах явдал юм. Хүн бол Бурханы бүтээл, иймээс хүн Бурханд ямар нэгэн шаардлага тавьж даврах ёсгүй ба Бурханы бүтээлийн үүргээ биелүүлэхээс өөрийг хийх ёсгүй. Паул, Петр хоёрын хүрэх газар хувь нэмрийнх нь хэмжээгээр биш, харин Бурханы бүтээлийн үүргээ биелүүлж чадсан эсэхээр хэмжигдсэн; тэдний хүрэх газар нь хэр их ажил хийсэн, эсвэл бусад хүмүүс тэднийг хэрхэн үнэлсний дагуу биш, харин анхнаасаа юу эрж хайснаар нь тодорхойлогдсон. Иймээс Бурханы бүтээлийн хувиар өөрийн үүргийг идэвхтэйгээр биелүүлэхээр хичээх нь амжилтад хүрэх зам; Бурханыг гэх жинхэнэ хайрын замыг эрж хайх нь хамгийн зөв зам; хуучин зан чанараа өөрчилж, Бурханыг гэх цэвэр хайрыг эрж хайх нь амжилтад хүрэх зам юм. Амжилтад хүрэх ийм зам нь Бурханы бүтээлийн анхдагч үүргээ, түүнчлэн анхдагч дүр төрхөө сэргээх зам юм. Энэ нь сэргэлтийн зам бөгөөд түүнчлэн эхнээсээ эцэс хүртэлх Бурханы бүх ажлын зорилго билээ. Хэрвээ хүний эрэл хайгуулд хувийн хэмжээлшгүй шаардлага болон зохисгүй хүсэл эрмэлзэл нь холилдвол үүгээр хүрэх үр дүн хүний зан чанарыг өөрчилж чадахгүй. Энэ нь сэргэлтийн ажилтай зөрөлддөг бөгөөд Ариун Сүнсний хийдэг ажил биш гэдэг нь эргэлзээгүй тул ийм төрлийн эрэл хайгуулыг Бурхан хүлээн зөвшөөрдөггүй гэдгийг нотолдог. Бурханы хүлээн зөвшөөрдөггүй эрэл хайгуул ямар ач холбогдолтой байх юм бэ?
Паулын хийсэн ажил хүний өмнө харагдсан, харин зүрх сэтгэлийнх нь гүн дэх Бурханыг гэх хайр хэр цэвэр байсан, Бурханыг хэр их хайрласан бэ гэдэг нь хүний харж чадахгүй зүйл юм. Хүн түүний хийсэн ажлыг л харж чаддаг ба түүнийг Ариун Сүнс гарцаагүй ашиглаж байсан гэдгийг л мэддэг тул чуулгануудыг хангаж чаддаг байсан болохоор Паул Петрээс илүү дээр байсан, ажил нь илүү их байсан гэж боддог. Петр хувийн туршлагадаа л анхаарч, ховорхон ажлынхаа явцад цөөн хэдэн хүнийг л олж авсан. Түүний цөөн хэдхэн, бараг хүн мэдэхгүй захидал байдаг боловч зүрх сэтгэлийнх нь гүн дэх Бурханыг гэсэн хайр хэр их байсныг хэн мэдэх билээ? Паул өдөр бүр Бурханы төлөө ажилласан: Хийх ажил байгаа л бол тэр хийсэн. Ийм маягаар титмийг авч, Бурханыг хангалуун байлгаж чадна гэж түүнд санагдсан, гэхдээ ажлаараа дамжуулан өөрийгөө өөрчлөх арга замыг эрж хайгаагүй. Петр амьдралдаа Бурханы хүслийг хангаагүй л бол сэтгэл нь тавгүйтдэг байв. Бурханы хүслийг хангаагүй л бол тэр харуусаж, Бурханы зүрх сэтгэлийг хангалуун байлгахаар чармайж чадах тохиромжтой арга замыг эрж хайдаг байлаа. Өөрийнхөө амьдралын хамгийн бага, хамгийн ялихгүй талуудад хүртэл тэрээр Бурханы хүслийг хангахыг өөрөөсөө шаардсаар байсан юм. Хуучин зан чанарынхаа тухайд бол тэр бүр ч хатуу чанга байж, үнэнд илүү гүнзгий орохын тулд өөртөө тавьсан шаардлагадаа бүр ч нарийн чанд хандаж байлаа. Паул зөвхөн өнгөц нэр төр, байр суурийг л эрж хайсан. Тэр хүмүүсийн өмнө онгирохоор хичээсэн бөгөөд амийн оролтод илүү гүнзгий орохоор эрж хайгаагүй. Тэрээр бодит байдал биш, хоосон номлолыг л анхаарч байв. “Паул Бурханы төлөө маш их ажил хийсэн, гэтэл Бурхан яагаад түүнийг дурсан санадаггүй юм бэ? Петр Бурханы төлөө багахан ажил гүйцэтгэсэн, чуулгануудад их хувь нэмэр оруулаагүй, тэгвэл Бурхан яагаад түүнийг төгс болгосон юм бэ?” гэж зарим хүн хэлдэг. Петр Бурханыг тодорхой хэмжээнд хайрласан бөгөөд үүнийг Бурхан шаардсан; зөвхөн ийм хүмүүс л гэрчлэлтэй байдаг. Тэгвэл Паул ямар вэ? Паул Бурханыг ямар хэмжээнд хайрласан бэ? Паулын ажил юуны төлөө байсан бэ? Мөн Петрийн ажил юуны төлөө байсан бэ? Петр тийм ч их ажил хийгээгүй, гэхдээ түүний зүрх сэтгэлийн гүнд юу байсныг чи мэдэх үү? Паулын ажил чуулгануудыг хангаж, чуулгануудыг дэмжихтэй хамаатай байв. Петрийн туулсан зүйл бол өөрийнх нь амь зан чанарын өөрчлөлт байсан; тэрээр Бурханыг гэх хайрыг туулсан юм. Чи тэдний мөн чанар дахь ялгааг мэдсэн болохоор эцсийн эцэст хэн нь үнэхээр Бурханд итгэснийг болон хэн нь Бурханд үнэхээр итгээгүйг харж чадна. Тэдний нэг нь Бурханыг үнэхээр хайрласан, нөгөө нь Бурханыг үнэхээр хайрлаагүй; нэг нь зан чанартаа өөрчлөлт гаргасан, нөгөө нь тэгээгүй; нэг нь даруухнаар үйлчилсэн ба хүмүүст амар анзаарагдаагүй, харин нөгөөх нь хүмүүсээр шүтэгдсэн, агуу нэр хүндтэй байсан; нэг нь ариун байдлыг эрж хайсан, нөгөөх нь тэгээгүй, хэдий тэр бузар биш байсан ч цэвэр хайрыг эзэмшээгүй; нэг нь жинхэнэ хүн чанартай, нөгөө нь тийм биш байсан; нэг нь Бурханы бүтээлийн эрүүл ухааныг эзэмшсэн, нөгөөх нь тэгээгүй. Энэ нь Паул, Петр хоёрын мөн чанар дахь ялгаа юм. Петрийн алхсан зам нь амжилтын зам байсан, бас хэвийн хүн чанарыг сэргээж, Бурханы бүтээлийн үүргээ сэргээх зам байсан. Петр амжилттай бүх хүнийг төлөөлдөг. Паулын алхсан зам нь бүтэлгүйтлийн зам бөгөөд өнгөц төдий захирагдаж, өөрсдийгөө зарлагаддаг, Бурханыг жинхэнээсээ хайрладаггүй бүх хүнийг төлөөлдөг. Паул үнэнийг эзэмшээгүй бүх хүнийг төлөөлдөг. Бурханд итгэх итгэлдээ Петр бүх зүйл дээр Бурханыг хангалуун байлгахаар эрж хайсан ба Бурханаас ирсэн бүхэнд дуулгавартай хандахаар хичээсэн. Тэрээр өчүүхэн төдий ч гомдолгүйгээр гэсгээлт, шүүлт, түүнчлэн цэвэршүүлэлт, гай зовлон, амьдралынхаа гачигдлыг хүлээн зөвшөөрч чадсан бөгөөд эдгээрийн юу ч Бурханыг гэх хайрыг нь өөрчилж чадаагүй. Энэ нь Бурханыг гэсэн туйлын хайр байсан бус уу? Бурханы бүтээлийн үүргийг биелүүлсэн бус уу? Гэсгээлт, шүүлт, гай зовлонгийн үед ч чи үргэлж үхэх хүртлээ дуулгавартай байж чадах бөгөөд энэ нь Бурханы бүтээлийн хүрэх ёстой зүйл, мөн Бурханыг гэх хайрын цэвэр ариун байдал юм. Хэрвээ хүн ийм түвшинд хүрч чадах юм бол Бурханы бүтээл байхад тохирох бөгөөд Бүтээгчийн хүслийг үүнээс илүү хангалуун байлгах юу ч үгүй. Чи Бурханы төлөө ажиллаж чаддаг гэж төсөөл, гэхдээ чи Бурханд дуулгавартай ханддаггүй ба Бурханыг үнэхээр хайрлах чадваргүй. Ийм маягаар чи Бурханы бүтээлийн үүргээ биелүүлэхгүйгээр үл барам Бурханаар яллагдана, учир нь чи үнэнийг эзэмшдэггүй, Бурханд дуулгавартай байх чадваргүй, Бурханд дуулгаваргүй хүн юм. Чи Бурханы төлөө ажиллах талаар л анхаардаг бөгөөд үнэнийг хэрэгжүүлэх, эсвэл өөрийгөө мэдэх талаар анхаардаггүй. Бүтээгчийг ойлгодоггүй, мэддэггүй бөгөөд Бүтээгчид дуулгавартай байдаггүй, мөн Түүнийг хайрладаггүй. Чи бол төрөлхийн Бурханд дуулгаваргүй хүн, иймээс тийм хүмүүсийг Бүтээгч хайрладаггүй.
Зарим хүн: “Паул тоймгүй их хэмжээний ажил хийсэн ба чуулгануудын төлөө асар их ачаа үүрч, маш их хувь нэмэр оруулсан. Паулын арван гурван захидал нь Нигүүлслийн эрин үеийн 2,000 жилд дэмжлэг үзүүлсэн ба Дөрвөн Сайн Мэдээний дараа ордог. Түүнтэй эн зэрэгцэж чадах хэн байх юм бэ? Иоханы Илчлэлийг хэн ч тайлж чаддаггүй байхад Паулын бичсэн захидлууд амиар хангадаг, түүний хийсэн ажил чуулгануудад ач тустай байсан. Өөр хэн ийм зүйлийг биелүүлж чадах вэ? Тэгэхэд Петр ямар ажил хийсэн юм бэ?” гэдэг. Хүн бусдыг хувь нэмрийнх нь дагуу хэмждэг. Бурхан хүнийг хэмжихдээ уг чанарынх нь дагуу ханддаг. Амийг эрж хайдаг хүмүүсийн дундаас Паул өөрийнхөө мөн чанарыг мэддэггүй хүн байсан. Тэрээр огтхон ч даруухан, дуулгавартай байгаагүй, Бурханыг эсэргүүцдэг мөн чанараа ч мэддэг байгаагүй. Иймээс тэрээр нарийн ширийн туршлага туулаагүй хүн байсан бөгөөд үнэнийг хэрэгжүүлдэггүй хүн байлаа. Харин Петр өөр байжээ. Тэр өөрийн дутагдал, сул талыг болон Бурханы бүтээлийн хувиар өөрийн завхарсан зан чанарыг мэддэг байсан тул зан чанараа өөрчилж чадах хэрэгжүүлэлтийн замтай байв; тэрээр зөвхөн хоосон сургаалтай ч бодит байдалгүй хүмүүсийн нэг байгаагүй юм. Өөрчлөгддөг хүмүүс бол аврагдсан шинэ хүмүүс бөгөөд үнэнийг эрэлхийлэхэд тэнцдэг хүмүүс юм. Өөрчлөгддөггүй хүмүүс нь төрөлхийн хоцрогдмол хүмүүст харьяалагддаг; тэд бол аврагдаагүй хүмүүс, өөрөөр хэлбэл, Бурханы жигшин голдог хүмүүс билээ. Тэдний ажил хэчнээн их байсан ч тэднийг Бурхан санахгүй. Чи үүнийг өөрийнхөө эрэл хайгуултай харьцуулах үед эцсийн эцэст Петр шиг хүн үү, Паул шиг хүн үү гэдэг чинь илэрхий байх учиртай. Хэрвээ чиний эрэл хайгуулд ямар ч үнэн байхгүй хэвээр бол, мөн өнөөдөр ч гэсэн чи Паул шиг биеэ тоосон, эрээ цээргүй, уран ярьж, бардамнадаг хэвээр бол бүтэлгүй өөдгүй хүн гэдэг чинь эргэлзээгүй юм. Хэрвээ чи Петр шиг эрж хайж, хэрэгжүүлэлт болон жинхэнэ өөрчлөлтийг эрэлхийлж, биеэ тоосон юм уу эрх дураараа биш, харин үүргээ биелүүлэхээр зорьдог бол ялалтад хүрч чадах Бурханы бүтээл байх болно. Паул өөрийн мөн чанарыг, эсвэл завхралыг мэдээгүй, дуулгаваргүй байдлаа бүр ч мэдээгүй. Тэрээр Христийг жигшүүртэйгээр эсэргүүцэж байснаа хэзээ ч дурдаагүй, мөн тийм ч их харамсаагүй. Тэрээр зөвхөн товч тайлбар тавьсан ба зүрх сэтгэлийнхээ гүнд Бурханд бүрэн захирагдаагүй. Хэдий тэр Дамаскийн замд хөсөр унасан боловч зүрх сэтгэлийн гүнээс өөрийгөө шинжлээгүй. Тэр ажиллаж байгаа төдийдөө л сэтгэл ханаж байсан бөгөөд өөрийгөө мэдэж, хуучин зан чанараа өөрчлөх нь хамгийн чухал асуудал гэдгийг анхаарч үзээгүй. Тэр ердөө үнэнийг ярьж байгаадаа, мөс чанараа тайтгаруулахын тулд бусдыг хангаж байгаадаа, өөрийгөө тайвшруулж, урьдын нүглээ уучлахын тулд Есүсийн шавь нарыг хавчихаа больсондоо сэтгэл хангалуун байсан. Түүний зорьсон зорилго нь ирээдүйн титэм болон түр зуурын ажлаас цаашгүй байсан, түүний зорьсон зорилго нь үлэмж элбэг нигүүлсэл байсан. Тэрээр хангалттай үнэнийг эрж хайгаагүй, урьд нь ойлгоогүй байсан үнэн рүү илүү гүнзгий орохоор ч эрэлхийлээгүй. Иймээс өөрийнх нь талаарх түүний мэдлэгийг худлаа байсан гэж хэлж болох бөгөөд тэрээр гэсгээлт, шүүлтийг хүлээн зөвшөөрөөгүй. Тэр ажиллаж чаддаг байсан гэдэг нь өөрийн уг чанар, эсвэл мөн чанарыг мэдэж байсан гэсэн үг биш; тэрээр гадна талын хэрэгжүүлэлтэд л анхаарлаа төвлөрүүлж байв. Түүнчлэн, түүний зорьж байсан зүйл нь өөрчлөлт биш, харин мэдлэг байсан юм. Түүний ажил бүхэлдээ Дамаскийн замд Есүс харагдсаны үр дүн байлаа. Энэ нь анхнаасаа түүний хийхээр шийдсэн зүйл байгаагүй, мөн хуучин зан чанар нь засалтыг хүлээн зөвшөөрсний дараа тохиолдсон ажил ч байгаагүй. Тэр яаж ч ажилласан бай, хуучин зан чанар нь өөрчлөгдөөгүй, иймээс түүний ажил урьдын нүглийг нь цайруулж чадаагүй, харин тухайн үеийн чуулгануудад тодорхой үүрэг гүйцэтгэсэн төдий юм. Хуучин зан чанар нь өөрчлөгдөөгүй ийм хүн—өөрөөр хэлбэл, аврал хүртээгүй хүн бол бүр ч үнэнгүй хүн бөгөөд Эзэн Есүсээр хүлээн зөвшөөрөгдөх хүмүүсийн нэг болж яасан ч чадаагүй. Тэрээр Есүс Христийг гэх хайр, хүндлэлээр дүүрэн хүн биш, үнэнийг эрж хайхдаа чадамгай хүн ч биш бөгөөд бие махбодтой болохын нууцыг эрж хайсан хүн бүр ч биш байлаа. Тэр зүгээр л мушгин маргах чадвартай хүн байсан бөгөөд өөрөөсөө илүү дээр хэнд ч, эсвэл үнэнийг эзэмшсэн хэнд ч бууж өгдөггүй хүн байв. Тэр өөрийнх нь эсрэг байсан, эсвэл өөртэй нь дайсагнаж байсан хүмүүст юм уу үнэнд атаархан, агуу дүр төрхтэй, гүн гүнзгий мэдлэгтэй авьяаслаг хүмүүсийг илүүд үздэг байжээ. Харин үнэн замыг эрж хайдаг, үнэнээс өөр юуг ч анхаардаггүй ядуу дорд хүмүүстэй харилцах дургүй байсан ба оронд нь зөвхөн хоосон сургаал ярьдаг, өргөн их мэдлэг эзэмшсэн шашны байгууллагын ахмад хүмүүстэй харилцдаг байлаа. Тэрээр Ариун Сүнсний шинэ ажлыг огт хайрлаагүй ба Ариун Сүнсний шинэ ажлын хөдөлгөөнийг анхаараагүй. Харин ч ердийн үнэнээс илүү дээгүүр байсан ёс заншил, хоосон сургаал түүнд таалагддаг байв. Өөрийн төрөлх мөн чанар болон эрж хайсан бүхий л зүйлээрээ тэр, Бурханы гэр дэх үнэнч зарц гэгдэх нь бүү хэл, үнэнийг эрж хайсан Христэд итгэгч гэж ч нэрлэгдэх эрхгүй, учир нь түүний хоёр нүүрт зан хэтэрхий их байсан ба дуулгаваргүй байдал нь дэндүү их байсан билээ. Хэдийгээр түүнийг Эзэн Есүсийн зарц гэдэг байсан ч тэр тэнгэрийн хаанчлалын хаалгаар ороход огт тохирохгүй, учир нь эхнээсээ эцэс хүртэлх түүний үйлдлийг зөв шударга гэж хэлж болохгүй. Түүнийг ердөө л хоёр нүүрт нэгэн, зөв шударга бусыг үйлдсэн атлаа бас Христийн төлөө ажилласан нэгэн гэж үзэж болно. Хэдийгээр түүнийг ёрын муу гэж хэлж болохгүй ч зөв шударга бусыг үйлдсэн хүн гэж нэрлэвээс зохилтой. Тэр ихээхэн ажил хийсэн ч хийсэн ажлынхаа хэмжээгээр үнэлэгдэх ёсгүй, харин ажлын чанар болон мөн чанараар л үнэлэгдэх ёстой. Зөвхөн ийм маягаар л энэ асуудлын учрыг нь олох боломжтой. Тэр үргэлж ингэж итгэдэг байсан: “Би ажиллах чадвартай, би ихэнх хүмүүсээс илүү дээр; би хэнээс ч илүүгээр Эзэний ачааг хайхардаг, хэн ч над шиг гүн гүнзгий гэмшдэггүй, учир нь их гэрэл над дээр тусаж, би их гэрлийг харсан, иймээс миний гэмшил өөр хэнийхээс ч илүү гүнзгий.” Тухайн үед тэр зүрх сэтгэл дотроо ингэж бодож байсан юм. Өөрийнхөө ажлын төгсгөлд Паул: “Би тэмцэж, замналаа дуусгасан, надад зориулж зөвт байдлын титэм зэхэгдсэн байгаа” гэж хэлсэн. Түүний тэмцэл, ажил, замнал нь бүхэлдээ зөвт байдлын титмийн төлөө байсан ба тэр идэвхтэйгээр урагшлаагүй; хэдий тэр өөрийнхөө ажилд хааш яаш хандаагүй боловч түүний ажил ердөө л алдаагаа засаж залруулахын төлөө, мөс чанарынхаа буруушаалтыг болиулахын төлөө байсан гэж хэлж болно. Тэрээр аль болох хурдан ажлаа гүйцэлдүүлж, замналаа дуусгаж, тэмцэлдээ тэмцэхийг л хүсэж найдсан, ингэснээр хүсэн эрмэлзэж байсан зөвт байдлын титмээ илүү хурдан олж авч чадах байсан юм. Түүний хүсэн эрмэлзэж байсан зүйл нь өөрийн туршлага болон жинхэнэ мэдлэгээр Эзэн Есүстэй уулзах биш, харин Эзэн Есүстэй уулзах үедээ хийсэн ажилдаа тохирох шагналыг хүлээн авахын тулд ажлаа аль болох хурдан дуусгах явдал байв. Тэр өөрийгөө тайвшруулж, ирээдүйн титмээр наймаа хийхийн тулд өөрийн ажлыг ашигласан. Түүний эрж хайсан зүйл нь үнэн, эсвэл Бурхан биш, харин зөвхөн титэм байлаа. Тийм эрэл хайгуул яаж стандартад нийцэж чадах юм бэ? Түүний сэдэл, ажил, төлсөн төлөөс болон бүхий л хичээл чармайлтад нь түүний гайхалтай уран зөгнөл шингэсэн ба тэр бүхэлдээ өөрийн хүслийн дагуу л ажилласан. Бүхий л ажилдаа тэрээр төлөөс төлөхдөө өчүүхэн төдий ч дуртай байгаагүй; тэр зүгээр л наймаа хийж байв. Тэрээр үүргээ биелүүлэхийн тулд биш, харин наймааны зорилгод хүрэхийн тулд л дуртайяа хичээл чармайлт гаргасан. Тийм хүчин чармайлтад ямар нэгэн үнэ цэн байгаа юу? Түүний цэвэр бус хичээл чармайлтыг хэн сайшаах юм бэ? Тийм хичээл чармайлтыг хэн сонирхох юм бэ? Түүний ажил нь ирээдүйн төлөөх мөрөөдлөөр дүүрэн, гайхалтай төлөвлөгөөгөөр дүүрэн байсан ба хүний зан чанарыг өөрчлөх ямар ч замыг агуулаагүй. Түүний сайхан сэтгэлийн ихэнх нь дүр эсгэлт байсан; түүний ажил амиар хангаагүй, харин соёлч боловсон дүр үзүүлж байсан; энэ нь наймаа хийх явдал байсан юм. Ийм ажил нь анхдагч үүргээ сэргээх замд хүнийг хөтөлж яаж чадах юм бэ?
Петрийн эрж хайсан бүхэн Бурханы зүрх сэтгэлийн дагуу байв. Тэр Бурханы хүслийг хангахаар эрэлхийлсэн ба зовлон зүдүүр, гай тотгорыг үл хайхран Бурханы хүслийг хангахад бэлэн байлаа. Бурханд итгэгчийн хувьд үүнээс илүү сайн эрэл хайгуул гэж үгүй. Паулын эрж хайсан зүйл өөрийнх нь махан бие, үзэл, төлөвлөгөө, арга ухаантай холилдсон. Тэр яавч шаардлага хангасан Бурханы бүтээл байгаагүй, Бурханы хүслийг хангахаар эрэлхийлсэн хүн ч байгаагүй. Петр Бурханы зохион байгуулалтад захирагдахаар хичээсэн ба хэдийгээр хийсэн ажил нь их биш байсан ч түүний эрэл хайгуулын ар дахь сэдэл болон алхсан зам зөв байсан; хэдий тэр олон хүнийг олж авч чадаагүй ч үнэний замыг эрэлхийлж чадсан юм. Үүнээс үүдэн, тэр бол шаардлага хангасан Бурханы бүтээл байсан гэж хэлж болно. Өнөөдөр чи ажилчин биш байлаа ч гэсэн, Бурханы бүтээлийн үүргийг биелүүлж, Бурханы бүх зохион байгуулалтад захирагдахаар эрэлхийлж чаддаг байх ёстой. Чи Бурханы хэлсэн бүхэнд дуулгавартай байж, бүх төрлийн гай зовлон, цэвэршүүлэлтийг туулж чаддаг байх ёстой ба сул дорой хэдий ч зүрх сэтгэлдээ Бурханыг хайрлаж чаддаг байх ёстой. Өөрсдийн амийн төлөө хариуцлага үүрдэг хүмүүс Бурханы бүтээлийн үүргийг биелүүлэхэд бэлэн байдаг ба тийм хүмүүсийн эрэл хайгуулд хандах үзэл бодол зөв байдаг. Эдгээр нь Бурханд хэрэгтэй хүмүүс юм. Хэрвээ чи их ажил хийж, бусад хүмүүс чамаас юм сурч авсан боловч чи өөрөө өөрчлөгдөөгүй, ямар ч гэрчлэл хийгээгүй, эсвэл ямар нэг жинхэнэ туршлагатай болоогүй, тийм болохоор амьдралынхаа эцэст ч гэсэн чиний хийсэн юу ч гэрчлэл хийгээгүй бол чи өөрчлөгдсөн хүн мөн үү? Чи үнэнийг эрж хайдаг хүн мөн үү? Тухайн үед Ариун Сүнс чамайг ашигласан ч чамайг ашиглах үедээ ажилд ашиглаж болох хэсгийг чинь л ашигласан бөгөөд ашиглагдаж болохгүй хэсгийг чинь Тэр ашиглаагүй. Хэрвээ чи өөрчлөгдөхөөр эрж хайсан бол ашиглагдах явцдаа аажмаар төгс болгуулах байсан. Гэсэн ч эцэстээ авхуулж чадах эсэхэд чинь Ариун Сүнс ямар ч хариуцлага хүлээдэггүй бөгөөд энэ нь эрэл хайгуулын чинь байдлаас хамаардаг. Чиний хувийн зан чанарт ямар ч өөрчлөлт байхгүй бол эрэл хайгуулд хандах үзэл бодол чинь буруугаас энэ нь болдог. Хэрвээ чи ямар ч шагнал хүртээгүй бол тэр нь өөрийн чинь асуудал бөгөөд чи өөрөө үнэнийг хэрэгжүүлээгүй, Бурханы хүслийг биелүүлж чаддаггүйгээс болдог. Иймээс чиний хувийн туршлагаас илүү чухал зүйл гэж юу ч үгүй, хувийн оролтоос чинь илүү шийдвэрлэх зүйл гэж юу ч үгүй! Зарим хүн эцэст нь, “Би Таны төлөө маш их ажил хийсэн, хэдийгээр биширмээр амжилт гаргаагүй байж болох ч би хичээнгүйлэн чармайсаар ирсэн. Та намайг зүгээр л тэнгэр лүү аваачиж, амийн жимс идүүлж болохгүй гэж үү?” хэмээн хэлнэ. Би ямар хүмүүсийг хүсдэгийг чи мэдэх ёстой; ариун бус хүмүүс хаанчлалд орохыг зөвшөөрөхгүй, ариун бус хүмүүс ариун газрыг балиартуулахыг зөвшөөрөхгүй. Хэдийгээр чи их ажил хийж, олон жилийн турш ажилласан ч эцэст нь өрөвдмөөр бузар хэвээр байвал Миний хаанчлалд орохыг хүсэх чинь Тэнгэрийн хуулиар тэвчишгүй юм! Дэлхий ертөнц бүтээгдсэнээс эхлээд өнөөдрийг хүртэл Надад ая тал зассан хүмүүст Би Миний хаанчлалд амархан орох боломжийг хэзээ ч олгож байгаагүй. Энэ бол тэнгэрийн дүрэм бөгөөд хэн ч үүнийг зөрчиж болохгүй! Чи амийг эрж хайх ёстой. Өнөөдөр, төгс болгуулах хүмүүс Петртэй адил төрлийнх юм: Тэд бол зан чанараа өөрчлөхөөр эрж хайдаг хүмүүс бөгөөд Бурханд гэрчлэл хийж, Бурханы бүтээлийн үүргээ биелүүлэхэд бэлэн байдаг хүмүүс юм. Тийм хүмүүс л төгс болгуулна. Хэрвээ чи зөвхөн шагнал горилоод, амь зан чанараа өөрчлөхөөр эрэлхийлдэггүй бол бүх хичээл чармайлт чинь талаар өнгөрнө—энэ бол өөрчлөгдөшгүй үнэн юм!
Петр, Паул хоёрын мөн чанар дахь ялгаанаас чи амийг эрэлхийлдэггүй бүх хүн дэмий хөдөлмөрлөдөг гэдгийг ойлгох ёстой! Чи Бурханд итгэж, Бурханыг дагадаг тул зүрх сэтгэлдээ Бурханыг хайрлах ёстой. Чи завхарсан зан чанараа хаях ёстой, Бурханы хүслийг биелүүлэхээр эрж хайх ёстой ба Бурханы бүтээлийн үүргийг биелүүлэх ёстой. Чи Бурханд итгэж, Бурханыг дагадаг тул бүх зүйлийг Түүнд өргөн барих ёстой ба хувийн сонголт хийж, шаардлага тавих ёсгүй, мөн чи Бурханы хүслийг биелүүлэх ёстой. Чи бүтээгдсэн тул чамайг бүтээсэн Эзэнийг дуулгавартай дагах ёстой, учир нь чи төрөлхөөсөө өөрийгөө захирч чадахгүй бөгөөд хувь заяагаа хянах ямар ч чадваргүй. Чи Бурханд итгэдэг хүн тул ариун байдал болон өөрчлөлтийг эрж хайх ёстой. Нэгэнт чи Бурханы бүтээл тул өөрийн үүргийг мөрдөж, байр сууриа хадгалах ёстой ба үүргээсээ хэтрэн гарах учиргүй. Энэ нь чамайг хязгаарлахын төлөө, эсвэл хоосон сургаалаар чамайг нухчин дарахын төлөө байдаггүй, харин энэ бол үүргээ биелүүлж чадах зам чинь бөгөөд зөв шударгыг үйлддэг бүх хүний хүрч чадах, хүрэх ёстой зам юм. Хэрвээ чи Петр, Паул хоёрын мөн чанарыг харьцуулбал хэрхэн эрж хайх ёстойгоо мэдэх болно. Петр, Паул хоёрын алхсан замын нэг нь төгс болгуулах зам, нөгөө нь таягдан хаягдах зам юм; Петр болон Паул нь хоёр өөр замыг төлөөлдөг. Хэдийгээр аль аль нь Ариун Сүнсний ажлыг хүлээн авч, хоёулаа Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлтийг олж авч, аль аль нь Эзэн Есүсийн даалгасан зүйлийг хүлээн зөвшөөрсөн ч тус бүрээс нь гарсан үр дүн адилхан байгаагүй: Нэг нь үнэхээр үр дүнд хүрсэн ба нөгөө нь тэгээгүй. Тэдний мөн чанараас, хийсэн ажлаас, гаднаа илэрхийлж байсан зүйлээс, тэдний эцсийн төгсгөлөөс чи ямар замаар явах учиртайгаа, аль замыг нь сонгон алхах хэрэгтэйгээ ойлгох ёстой. Тэд гарцаагүй хоёр өөр замаар алхсан. Паул, Петр хоёр зам тус бүрийн хамгийн сайн төлөөлөгч байсан тул бүр анхнаасаа энэ хоёр замын үлгэр жишээ болсон. Паулын туршлагын гол зүйлс юу вэ, тэр яагаад үүндээ хүрээгүй вэ? Петрийн туршлагын гол зүйлс юу вэ, тэр хэрхэн төгс болгуулсан бэ? Хэрвээ чи тус бүрийнх нь анхаарч байсан зүйлсийг харьцуулах юм бол Бурхан яг ямар төрлийн хүнийг хүсдэг, Бурханы хүсэл юу болох, Бурханы зан чанар юу болох, ямар төрлийн хүн эцэстээ төгс болгуулах, мөн түүнчлэн ямар төрлийн хүн төгс болгуулж чадахгүйг мэднэ; мөн төгс болгуулах хүмүүсийн зан чанар ямар байх, төгс болгуулахгүй хүмүүсийн зан чанар ямар байхыг мэдэх бөгөөд мөн чанарын эдгээр асуудлыг Петр, Паул хоёрын туршлагаас харж болно. Бурхан бүх зүйлийг бүтээсэн, иймээс Тэр бүх бүтээлийг Өөрийн эрх мэдэл дор оруулж, Өөрийн эрх мэдэл дор захирагдуулдаг; Тэр бүх зүйлийг захирч, бүх зүйлийг Өөрийн гарт байлгана. Амьтан, ургамал, хүн төрөлхтөн, уул, гол нуур зэргийг оролцуулаад Бурханы бүх бүтээл бүгдээрээ Түүний эрх мэдэлд байх ёстой. Тэнгэр дэх болон газар дээрх бүх зүйл Түүний эрх мэдэл дор орох ёстой. Тэдэнд ямар ч сонголт байж болохгүй ба бүгд Түүний зохион байгуулалтад захирагдах ёстой. Үүнийг Бурхан зарлигдсан ба энэ нь Бурханы эрх мэдэл юм. Бурхан бүх зүйлийг захирдаг бөгөөд бүх зүйлийг цэгцэлж, жагсаан, Бурханы хүслийн дагуу төрлийнх нь дагуу ангилж, тус бүрийн байр суурийг нь оноодог. Хэчнээн том байх нь хамаагүй юу ч Бурханыг даван гарч чадахгүй, мөн бүх зүйл Бурханы бүтээсэн хүн төрөлхтөнд үйлчилдэг бөгөөд нэг ч зүйл Бурханд дуулгаваргүй байж, эсвэл Бурханд ямар нэгэн шаардлага тавьж зүрхэлдэггүй. Иймээс Бурханы бүтээл болохын хувьд хүн бас үүргээ биелүүлэх ёстой. Хүн бүх зүйлийн эзэн үү, эсвэл захирагч уу гэдгээс үл хамааран, бүх зүйлийн дундах хүний байр суурь хэчнээн өндөр байх нь хамаагүй тэр бол ердөө Бурханы эрх мэдэл дор буй өчүүхэн хүн, шалихгүй хүн, Бурханы бүтээлээс цаашгүй бөгөөд Бурханаас дээгүүр байж хэзээ ч чадахгүй. Бурханы бүтээл болохын хувьд хүн Бурханы бүтээлийн үүргийг биелүүлэхээр эрж хайж, өөр сонголт хийлгүйгээр Бурханыг хайрлахаар хичээх ёстой, учир нь Бурхан хүний хайрыг хүртвээс зохино. Бурханыг хайрлахаар эрж хайдаг хүмүүс ямар нэг хувийн эрх ашгийг, эсвэл өөрсдийн хүсэн хүлээдэг зүйлийг эрж хайх ёсгүй; энэ нь эрэл хайгуулын хамгийн зөв зүйтэй арга барил юм. Хэрвээ эрж хайдаг зүйл чинь үнэн бол, хэрэгжүүлдэг зүйл чинь үнэн бол, олж авсан зүйл чинь зан чанарын өөрчлөлт бол чиний явж байгаа зам зөв байна. Хэрвээ эрж хайдаг зүйл чинь махан биеийн ерөөл бол, хэрэгжүүлдэг зүйл чинь чиний өөрийн үзлээс гарсан үнэн бол, мөн зан чанарт чинь ямар ч өөрчлөлт гараагүй, махбод дахь Бурханд огтхон ч дуулгаваргүй хандаж, тодорхой бус байдалтай амьдарсаар байгаа бол чиний эрж хайдаг зүйл чамайг гарцаагүй там руу аваачна, учир нь чиний алхдаг зам бүтэлгүйтлийн зам юм. Төгс болгуулах уу, таягдан хаягдах уу гэдэг чинь чиний өөрийн эрэл хайгуулаас хамаардаг, өөрөөр хэлбэл, амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхаж буй замаас хамаардаг.
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?