Өдөр тутмын Бурханы үг: Бие махбодтой болох | Эшлэл 112
Энэ газар дэлхий дээр Бурханы хийхээр ирдэг ажил нь зөвхөн эрин үеийг залж чиглүүлж, шинэ эрин үеийг нээж, хуучныг нь төгсгөл болгох явдал юм. Тэрээр хүний амьдралын замналыг газар дээр амьдран харуулж, хүний ертөнц дэх амьдралын баяр гунигийг Өөрөө мэдрэх гэж, тодорхой нэг хүнийг Өөрийн гараар төгс болгох гэж, эсвэл хэн нэгний өсөж байгааг биечлэн харах гэж ирээгүй. Энэ бол Түүний ажил биш; Түүний ажил бол ердөө шинэ эрин үеийг эхлүүлж, хуучныг нь төгсгөл болгох явдал. Өөрөөр хэлбэл, Тэр биечлэн шинэ эрин үеийг эхлүүлж, хуучныг нь биечлэн төгсгөл болгоод, Өөрийн ажлыг биечлэн гүйцэтгэснээр Сатаныг ялна. Өөрийн ажлыг биечлэн хийх болгондоо Тэр тулааны талбарт хөл тавьж байгаа мэт байдаг. Эхлээд Тэр махбодод байхдаа дэлхий ертөнцийг ялан дийлж, Сатаныг ялдаг; Тэр бүх алдрыг эзэмшиж, бүхэл бүтэн хоёр мянган жилийн ажлын оршлыг эхлүүлж, тэгснээрээ газар дээрх бүх хүнийг алхах зөв замтай, амар амгалан, баяр хөөртэй амьдрах амьдралтай болгодог. Гэхдээ Бурхан газар дээр хүнтэй хамт удаан амьдарч чадахгүй, учир нь Бурхан бол Бурхан бөгөөд эцсийн эцэст хүнтэй адилгүй юм. Тэр насан туршдаа хэвийн хүний амьдралаар амьдарч чадахгүй, өөрөөр хэлбэл, Тэр туйлын эгэл жирийн хүний байдлаар газар дээр оршин сууж чадахгүй, учир нь Түүний амьдралыг хангах эгэл жирийн хүний хэвийн хүн чанар Түүнд тун бага байдаг. Өөрөөр хэлбэл, Бурхан яаж газар дээр гэр бүлтэй болж, ажил мэргэжилтэй болж, үр хүүхдээ өсгөж чадах билээ? Энэ нь Түүний хувьд шившигтэй хэрэг болох биш үү? Түүнд байдаг хэвийн хүн чанар нь, жирийн хүний адилаар гэр бүл, ажил мэргэжилтэй болох боломжийг Түүнд олгохын тулд биш, хэвийн байдлаар ажиллах зорилготой байдаг. Түүний эрүүл ухаан, хэвийн оюун санаа, Түүний махбодын хэвийн хооллолт болон хувцаслалт нь хэвийн хүн чанартай гэдгийг нь батлахад хангалттай; хэвийн хүн чанартай гэдгээ нотлохын тулд Тэр гэр бүлтэй, эсвэл ажил мэргэжилтэй байх хэрэггүй. Ингэх шаардлага огт байхгүй! Бурхан газар дээр ирнэ гэдэг нь Үг махбод болж байгаа хэрэг; Тэр зүгээр л хүнд үгээ ойлгуулж, үгээ харуулж байгаа, өөрөөр хэлбэл, махбодоор гүйцэтгэдэг ажлыг хүнд харуулж байгаа юм. Хүмүүс Түүний махбодод тодорхой байдлаар хандах бус, харин эцсээ хүртэл дуулгавартай байх буюу Түүний амнаас гарах үг бүрд дуулгавартай байж, Түүний хийдэг бүх ажилд захирагдах нь Түүний санаа зорилго билээ. Тэр зүгээр л махбодод ажиллаж байгаа; Тэрээр Өөрийнх нь махбодын агуу, ариун байдлыг өргөмжлөхийг хүнээс зориуд шаардаж байгаа юм биш, харин Өөрийн ажлын мэргэн ухаан болон Өөрт байгаа бүх эрх мэдлийг хүнд харуулж байгаа юм. Тиймээс хэдийгээр Түүнд гайхамшигтай хүн чанар байгаа боловч Тэр огт зарладаггүй, хийх ёстой ажилдаа л анхаарлаа төвлөрүүлдэг. Бурхан махбод болсон ч Өөрийн хэвийн хүн чанарыг олон нийтэд зарлах юм уу гэрчлэхийн оронд яагаад зүгээр л хийхийг хүссэн ажлаа гүйцэтгэдэг болохыг та нар мэдэх ёстой. Тиймээс, бие махбодтой болсон Бурханаас та нар бурханлаг чанар нь юу болохыг л харж чадна; яагаад гэвэл, Өөрийнх нь хүн чанар бол хүний дуурайх зүйл гэж Тэр хэзээ ч зарладаггүй. Хүн бусдыг удирдах үедээ л тэдний бахдал бишрэл, дуулгавартай байдлыг илүү их олж авч, тэгснээрээ бусдыг манлайлахын тулд өөрөө хүн чанарын хувьд ямар вэ гэдэг тухайгаа ярьдаг. Гэтэл Бурхан гагцхүү Өөрийн ажлаар (өөрөөр хэлбэл, хүний хүршгүй ажил) дамжуулан хүнийг байлдан дагуулдаг; Тэр хүнээр гайхан бахдуулж, эсвэл хүнээр Өөрийгөө бишрүүлнэ гэж байхгүй. Харин Өөрийг нь хүндэтгэх сэтгэлийг, эсвэл Өөрийнх нь ойлгогдошгүй байдлыг мэдрэх мэдрэмжийг л хүнд шингээдэг. Бурханд хүнээр бишрүүлэх шаардлага байхгүй; зан чанарыг нь хармагцаа чи Түүнийг хүндэтгэх нь л Түүнд хэрэгтэй. Бурханы хийдэг ажил бол Түүний Өөрийнх нь; хүн Түүнийг орлон хийж чадахгүй, мөн үүнд хүрч ч чадахгүй. Зөвхөн Бурхан Өөрөө л Өөрийнхөө ажлыг хийж, хүнийг шинэ амьдрал руу хөтлөхийн тулд шинэ эрин үеийг эхлүүлж чадна. Бурханы хийдэг ажил нь хүнийг шинэ амьдралтай болгож, шинэ эрин үе рүү оруулахын төлөө байдаг. Үлдсэн ажлыг нь хэвийн хүн чанартай, бусдаар шагшигдан гайхагдсан хүмүүст хүлээлгэн өгдөг. Тиймээс, Нигүүлслийн эрин үед Тэрээр махбодод байсан гучин гурван жилийнхээ ердөө гурван жил хагасын хугацаанд л хоёр мянган жилийн ажлыг гүйцэлдүүлсэн юм. Бурхан Өөрийн ажлыг гүйцэтгэхээр газар дээр ирэх үедээ хоёр мянган жилийн ажлыг буюу бүхий л эрин үеийн ажлыг ердөө хэдхэн жилийн дотор үргэлж дуусгадаг. Тэрээр хойшлуулдаггүй ба сунжруулдаггүй; цөөн хэдхэн жилийн дотор хийж дуусгах гэсэндээ л олон жилийн ажлыг товчилдог. Яагаад гэвэл, Түүний биечлэн хийдэг ажил бүхэлдээ, шинэ замыг нээж, шинэ эрин үеийг удирдахын төлөө байдаг билээ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 2
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?