Өдөр тутмын Бурханы үг: Бие махбодтой болох | Эшлэл 129

Бурханы хийсэн ажлын үе шат болгон өөрийн гэсэн бодит ач холбогдолтой. Тухайн үед Есүс ирэхдээ эрэгтэй хэлбэрээр ирсэн бол Бурхан энэ удаад эмэгтэй хэлбэрээр ирсэн. Үүнээс чи, Бурхан эрэгтэй, эмэгтэй хүнийг хоёуланг нь Өөрийнхөө ажилд ашиглахаар бүтээсэн бөгөөд Түүнд хүйсийн ялгаа байдаггүйг харж болно. Түүний Сүнс ирэхдээ Өөрийн хүссэн ямар ч махбодыг сонгон авч болох бөгөөд тэрхүү махбод Түүнийг төлөөлж чадна; эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай, Түүний махбод болсон бие мөн л бол Бурханыг төлөөлж чадна. Хэрвээ Есүс ирэхдээ эмэгтэй хүн болж гарч ирсэн бол, өөрөөр хэлбэл, Ариун Сүнснээс хүү биш, харин охин олдсон бол ажлын тэрхүү үе шат мөн л адилхан гүйцэлдэх байв. Хэрвээ тийм байсан бол ажлын одоогийн үе шатыг эрэгтэй хүн гүйцэлдүүлэх байсан, тэгсэн ч ажил мөн л адилхан хийгдэж дуусах байв. Үе шат бүрд хийгдсэн ажил өөрийн гэсэн ач холбогдолтой; ажлын аль ч үе шат давтагддаггүй, нөгөөтэйгөө ч зөрчилддөггүй. Тухайн үед, Есүс Өөрийн ажлыг хийж байхдаа цорын ганц Хүү гэж нэрлэгдэж байсан бөгөөд “Хүү” гэдэг нь эрэгтэй хүйс гэсэн утгыг агуулдаг. Тэгвэл одоогийн энэ үе шатанд яагаад цорын ганц Хүү гэж дурддаггүй вэ? Яагаад гэвэл, ажил нь Есүсийнхээс өөр хүйстэй байхыг шаардсан юм. Бурханы хувьд хүйсийн ялгаа ер байхгүй. Тэр Өөрийнхөө ажлыг хүссэнээрээ хийдэг ба ажлаа хийхдээ ямар ч хязгаарлалтад баригддаггүй, харин маш чөлөөтэй байдаг. Гэхдээ ажлын үе шат болгон өөрийн гэсэн бодит ач холбогдолтой. Бурхан хоёр удаа махбод болсон бөгөөд эцсийн өдрүүдийн үеэр бие махбодтой болдог нь сүүлчийнх гэдэг нь илэрхий юм. Тэрээр Өөрийн бүх үйл хэргийг мэдэгдэхийн тулд ирсэн. Хэрвээ энэ үе шатанд хүнд харуулах ажлаа биечлэн хийхийн тулд Тэр махбод болоогүй бол, Бурхан эмэгтэй биш, зөвхөн эрэгтэй гэсэн үзэлтэй хүн үүрд зууралдах байлаа. Үүнээс өмнө, Бурхан зөвхөн эрэгтэй байж болно, эмэгтэй хүнийг Бурхан гэж нэрлэж болохгүй гэж бүх хүн боддог байв, учир нь эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү эрх мэдэлтэй гэж бүгд үздэг байсан юм. Ямар ч эмэгтэй хүн эрх мэдлийг авч чадахгүй, зөвхөн эрэгтэй хүн л чадна гэж тэд итгэдэг байлаа. Тэр ч бүү хэл тэд, эрэгтэй хүн нь эмэгтэй хүний тэргүүн бөгөөд эмэгтэй хүн эрэгтэй хүнд дуулгавартай байх ёстой, эрэгтэй хүнээс илүү байж болохгүй гэж ч хэлдэг байв. Урьд нь, эрэгтэй хүн эмэгтэй хүний тэргүүн байсан гэж хэлэх үед энэ нь могойд мэхлэгдсэн Адам, Евад чиглэсэн болохоос бус, анх Еховагийн бүтээсэн эрэгтэй, эмэгтэй хүн рүү чиглээгүй юм. Мэдээж эмэгтэй хүн нөхөртөө дуулгавартай байж, түүнийг хайрлах ёстой, нөхөр нь гэр бүлээ тэжээж, тулж түшиж сурах ёстой. Энэ нь Еховагийн тогтоосон хууль, тогтоомж бөгөөд хүн төрөлхтөн газар дээрх амьдралдаа үүнийг дагаж мөрдөх ёстой. Ехова эмэгтэй хүнд, “Эр нөхрөө чи эрмэлзэнэ, нөхөр чинь чамайг захирах болно” гэж хэлсэн. Хүн төрөлхтөн (өөрөөр хэлбэл, эрэгтэй, эмэгтэй хүн хоёулаа) Еховагийн ноёрхол дор хэвийн амьдралаар амьдарч, хүн төрөлхтний амьдрал зохион байгуулалттай, зөв зохистой дэг журмаа алдахгүй байгаасай гэсэндээ Тэр ингэж хэлсэн юм. Тиймээс Ехова эрэгтэй, эмэгтэй хүн хэрхэн үйлдэх ёстой талаар зөв зохистой дүрэм журам гаргасан, гэхдээ энэ нь газар дээр амьдарч байгаа бүх бүтээгдсэн зүйлд хамаатай байсан бөгөөд Бурханы махбод болсон биед ямар ч хамаагүй байлаа. Бурхан яаж Өөрийн бүтээсэн зүйлстэй адил байж болох юм бэ? Түүний үг Өөрийнх нь бүтээл болох хүн төрөлхтөн рүү л чиглэж байсан; хүн төрөлхтнийг хэвийн амьдралаар амьдруулахын тулд Тэр эрэгтэй, эмэгтэй хүнд зориулж дүрэм журам тогтоосон билээ. Анх Ехова хүн төрөлхтнийг бүтээхдээ хоёр төрлийн хүнийг буюу эрэгтэй, эмэгтэй хүнийг хоёуланг нь бүтээсэн; иймээс Түүний махбод болсон бие ч бас эрэгтэй, эмэгтэй болж хуваагддаг. Тэр Адам, Ева хоёрт хэлсэн үгэндээ үндэслэн Өөрийн ажлыг шийдээгүй. Тэр хоёр удаа махбод болсон нь бүхэлдээ, хүн төрөлхтнийг анх бүтээх үеийн Түүний бодлын дагуу тодорхойлогдсон, өөрөөр хэлбэл, ялзруулагдахаас өмнөх эрэгтэй, эмэгтэй хүнд үндэслэн Тэрээр хоёр удаа бие махбодтой болох ажлаа гүйцэтгэсэн юм. Хэрэв хүмүүс могойд мэхлэгдсэн Адам, Ева хоёрт Еховагийн хэлсэн үгийг аваад бие махбодтой болсон Бурханы ажилд хэрэглэсэн бол Есүс ч бас эхнэрээ хайрлах учиртай байсан бус уу? Тэгвэл Бурхан бас Бурхан хэвээр байх байсан уу? Хэрвээ тийм байсан бол Тэр Өөрийн ажлыг гүйцэлдүүлж мөн л чадах байсан уу? Хэрвээ Бурханы махбод болсон бие эмэгтэй байх нь буруу юм бол Бурхан эмэгтэй хүнийг бүтээсэн нь мөн асар том алдаа болохгүй гэж үү? Бурхан эмэгтэй хүн болж бие махбодтой болох нь буруу гэж хүмүүс үзсээр байгаа бол гэрлээгүй, Өөрийн эхнэрийг хайрлаж чадаагүй Есүс болон одоогийн бие махбодтой болсон Бурхан нь хүмүүсийн хэлдэг шиг буруу байх бус уу? Өнөө үеийн бие махбодтой болсон Бурханы бодит баримтыг хэмжихдээ чи Евад хэлсэн Еховагийн үгийг ашигладаг бол Нигүүлслийн эрин үед бие махбодтой болсон Эзэн Есүсийг хэмжихдээ Адамд хэлсэн Еховагийн үгийг ашиглах ёстой. Энэ хоёр адилхан биш гэж үү? Чи могойд мэхлэгдээгүй эрэгтэйгээр Эзэн Есүсийг хэмждэг бол өнөөдрийн бие махбодтой болсон Бурханы бодит баримтыг могойд мэхлэгдсэн эмэгтэйгээр хэмжиж болохгүй. Энэ нь шударга бус! Бурханыг ингэж хэмжиж байгаа нь чамд эрүүл ухаан дутаж байгааг нотолдог. Ехова хоёр удаа махбод болох үед Түүний махбодын хүйс нь могойд мэхлэгдээгүй эрэгтэй, эмэгтэй хүнтэй хамаатай байсан; могойд мэхлэгдээгүй эрэгтэй, эмэгтэй хүний дагуу Тэр хоёр удаа махбод болсон юм. Есүсийн эрэгтэй чанар нь могойд мэхлэгдсэн Адамтай адил байсан гэж бүү бод. Тэр хоёр хоорондоо огт хамаагүй бөгөөд тэд бол өөр өөр шинж чанартай хоёр эрэгтэй юм. Есүсийн эрэгтэй чанар нь Тэрээр бүх эрэгтэй хүний бус, бүх эмэгтэй хүний тэргүүн гэдгийг баталж байгаа хэрэг биш биз дээ? Тэр бүх Иудейн (эрэгтэй болоод эмэгтэй аль алийг нь багтаагаад) Хаан биш гэж үү? Тэр бол Бурхан Өөрөө бөгөөд зөвхөн эмэгтэй хүний тэргүүн биш, бас эрэгтэй хүний ч тэргүүн юм. Тэрээр бүх бүтээгдсэн зүйлийн Эзэн бөгөөд бүх бүтээгдсэн зүйлийн тэргүүн билээ. Есүсийн эрэгтэй чанар нь эмэгтэй хүний тэргүүн байхын бэлгэ тэмдэг гэж чи яаж тодорхойлж чадаж байна вэ? Энэ нь доромжлол биш гэж үү? Есүс бол ялзруулагдаагүй эрэгтэй. Тэр бол Бурхан; Тэр бол Христ; Тэр бол Эзэн. Тэр яаж ялзарсан Адамтай адилхан эрэгтэй байх юм бэ? Есүс бол хамгийн ариун Бурханы Сүнсний өмссөн махбод юм. Тэр бол Адамын эрэгтэй чанарыг эзэмшдэг Бурхан гэж чи яаж хэлж чадаж байна вэ? Тэр тохиолдолд Бурханы бүх ажил буруу байх байсан биш гэж үү? Ехова могойд мэхлэгдсэн Адамын эрэгтэй чанарыг Есүсийн дотор нэгтгэх байсан уу? Өнөө үеийн бие махбодтой Бурхан нь хүйсээрээ Есүсээс ялгаатай боловч уг чанараараа адилхан бие махбодтой болсон Бурханы ажлын өөр нэг тохиолдол биш гэж үү? Могойд эхлээд мэхлэгдсэн хүн нь эмэгтэй байсан учраас бие махбодтой болсон Бурхан эмэгтэй байж болохгүй гэж чи одоо ч хэлж зүрхлэх үү? Эмэгтэй хүн бол хамгийн бузар бөгөөд хүн төрөлхтний ялзралын эх сурвалж тул Бурхан эмэгтэй хүнтэй адил махбод болох боломжгүй гэж мөн л хэлж зүрхлэх үү? Чи, “эмэгтэй хүн үргэлж эрэгтэй хүнд дуулгавартай байх ёстой, хэзээ ч Бурханыг илэрхийлж, эсвэл шууд төлөөлж чадахгүй” гэж хэлж зүрхэлсээр л байна уу? Чи өмнө нь ойлгоогүй байсан боловч одоо ч гэсэн Бурханы ажлыг, ялангуяа Бурханы махбод болсон биеийг доромжилсоор байж чадах уу? Хэрвээ чи үүнийг тов тодорхой ойлгож чадахгүй бол хэл амаа анхаарч байсан нь дээр, тэнэглэл болон мэдлэггүй байдал чинь илчлэгдэж, муу муухай чинь илрэх вий. Чи бүхнийг ойлгодог гэж бүү бод. Миний удирдлагын төлөвлөгөөний мянганы нэг хэсгийг ойлгоход ч харсан, туулсан бүхэн чинь хангалттай биш гэдгийг Би чамд хэлж байна. Тэгвэл яагаад чи ийм ихэрхүү авирладаг юм бэ? Чиний өчүүхэн жаахан авьяас, туйлын бага мэдлэгийг Есүс Өөрийнхөө ажлын нэг секундэд ч ашиглахад хангалтгүй юм! Чи үнэндээ хэр их туршлагатай вэ? Чиний харсан, бүх насаараа сонссон, төсөөлсөн зүйл Миний агшин зуур хийдэг ажлаас ч бага! Чи өөнтөглөхгүй байсан нь дээр. Чи хүссэнээрээ биеэ тоож болно, гэхдээ чи бол шоргоолжны хэмжээнд ч хүрэхгүй бүтээгдсэн зүйлээс хэтрэхгүй! Гэдсэн дотроо агуулдаг бүхэн чинь шоргоолжны гэдсэнд байдгаас ч бага! Бага зэрэг туршлага, зэрэг зиндаа олж авсан учраас энэ нь чамд цадиггүйгээр дохиж зангаж, сайрхах эрх олгодог гэж бүү бод. Чиний туршлага болон зэрэг зиндаа Миний айлдсан үгийн үр дүн биш гэж үү? Чи тэдгээрийг шаргуу ажил, хөдөлмөрийн чинь үр дүнд ирсэн гэж бодож байна уу? Өнөөдөр чи махбод болсныг минь харж байна, гагцхүү үүнээс л болж чиний дотор хангалттай баялаг уран сэтгэмж, хязгааргүй их үзэл байдаг. Хэрвээ Би бие махбодтой болоогүй бол чи ер бусын авьяастай байсан ч гэсэн ийм их уран сэтгэмжтэй болохгүй байх байсан; эдгээрээс чиний үзэл гарч ирдэггүй гэж үү? Хэрвээ Есүс анх махбод болоогүй байсан бол чи бие махбодтой болох талаар мэдэх байсан гэж үү? Эхний удаа бие махбодтой болсон нь чамд мэдлэг өгсөн болохоор хоёр дахь удаа бие махбодтой болсныг нь шүүх гэж оролдох эрээ цээргүй зан чамд байгаа бус уу? Дуулгавартай дагагч байхын оронд чи яагаад үүнийг судалж шинжлэх ёстой юм бэ? Чамайг энэ урсгалд орж, бие махбодтой болсон Бурханы өмнө ирэх үед Түүнийг судлахыг Тэр чамд зөвшөөрөх үү? Чи гэр бүлийнхээ түүхийг судалж болно, гэтэл Бурханы “гэр бүлийн түүхийг” судлахаар оролдвол өнөөдрийн Бурхан ийм судалгаа хийхийг чинь зөвшөөрөх үү? Чи сохор бус уу? Чи жигшил зэвүүцэл төрүүлдэггүй гэж үү?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцээдэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих