Өдөр тутмын Бурханы үг: Хүн төрөлхтний завхралыг илчлэх нь | Эшлэл 327
2020-09-02
Эрэл хайгуулд чинь хэтэрхий олон хувийн үзэл, найдлага, ирээдүй байдаг. Одоогийн ажил бол байр суурийн төлөөх хүсэл болон хэрээс хэтэрсэн хүсэлтэй чинь харьцахын төлөө байдаг. Итгэл найдвар, байр суурь, үзэл нь бүгд сатанлаг зан чанарын сонгодог төлөөлөл юм. Сатаны хор хүмүүсийн бодол санааг үргэлж эвддэг ба хүмүүс Сатаны эдгээр уруу таталтаас салж чаддаггүйгээс болж л хүмүүсийн зүрх сэтгэлд эдгээр зүйл оршдог. Тэд нүгэл дунд амьдарч байгаа мөртөө үүнийг нүгэл гэж итгэдэггүй, “Бид Бурханд итгэдэг, иймээс Тэр бидэнд ерөөл хайрлаж, бидний төлөө бүх зүйлийг зохих ёсоор зохицуулах ёстой. Бид Бурханд итгэдэг, иймээс бид бусдаас илүү дээр байх ёстой ба өөр хэнээс ч илүү их байр суурь, ирээдүйтэй байх ёстой. Бид Бурханд итгэдэг болохоор Тэр бидэнд хязгааргүй их ерөөл өгөх ёстой. Эс бөгөөс үүнийг Бурханд итгэх явдал гэж нэрлэхгүй” хэмээн бодсоор байдаг. Олон жилийн турш, амьд үлдэхийн төлөө хүмүүсийн итгэж найддаг үзэл санаа нь тэднийг зальхай, хулчгар, жигшүүртэй болтол зүрх сэтгэлийг нь эвдсээр ирсэн. Тэдэнд сэтгэлийн тэнхээ, шийдвэр дутмаг байгаад зогсохгүй, тэд бас шунахай, биеэ тоосон, дур зоргоороо болсон. Тэдэнд өөрсдийгөө даван гарах шийдвэр огт байдаггүй ба үүнээс гадна эдгээр харанхуйн нөлөөний барьцаас салах эр зориг тэдэнд өчүүхэн ч байдаггүй. Хүмүүсийн бодол болон амьдрал үнэхээр илжирсэн, Бурханд итгэх тухай тэдний үзэл бодол тэвчихийн аргагүй муухай хэвээр байгаа бөгөөд хүмүүс Бурханд итгэх итгэлийн талаарх өөрсдийн үзэл бодлыг ярих үед сонсож тэвчихийн аргагүй байдаг. Хүмүүс бүгд хулчгар, чадваргүй, жигшүүртэй агаад эмзэгхэн. Тэд харанхуйн хүчинд зэвүүцдэггүй, гэрэл болон үнэнийг хайрладаггүй; харин ч тэдгээрийг хөөн зайлуулахын тулд бүхнийг хийдэг. Та нарын одоогийн бодол болон үзэл санаа яг ийм биш гэж үү? “Нэгэнт Бурханд итгэдэг тул би зүгээр л ерөөлүүдэд дарагдах ёстой, миний байр суурь хэзээ ч алга болохгүй бөгөөд үл итгэгчдийнхээс илүү өндөр байх нь баталгаатай байх ёстой.” Та нар дотроо ийм үзэл санааг ганц, хоёрхон жилийн турш өвөрлөсөөр ирээгүй, харин энэ нь олон жилийн турш тэнд байсан. Та нарын наймаалцах сэтгэлгээ хэт их хөгжсөн. Та нар өнөөдөр энэ алхамд хүрсэн хэдий ч байр суурийг одоо ч гэсэн тавьж явуулаагүй, харин нэг л өдөр нэр төр чинь сүйрнэ гэсэн гүн айдастайгаар үргэлж энэ талаар сураглаж, үүнийг өдөр тутам ажиглаж байдаг. Хүмүүс тав тухтай байдалд шунах хүслээ хэзээ ч хойш тавиагүй. Иймээс Би та нарыг одоо ийм маягаар шүүвэл эцэст нь та нар ямар түвшний ойлголттой байх вэ? Хэдийгээр байр суурь чинь өндөр биш боловч ямартай ч Бурханы өргөлтийг эдэлсэн гэж та нар хэлнэ. Дорд зиндаанд төрсөн учраас та нарт байр суурь байхгүй бөгөөд Бурханы өргөлтөөс болж байр суурьтай байгаа—энэ бол та нарт Түүний хайрласан зүйл юм. Өнөөдөр та нар Бурханы сургалтыг, Түүний гэсгээлт болон шүүлтийг биечлэн хүлээн авч чаддаг. Бүр ч илүүтэйгээр энэ нь Түүний өргөлт юм. Бас та нар Түүний ариусгалт болон шатаалтыг биечлэн хүлээн авч чаддаг. Энэ бол Бурханы агуу хайр билээ. Эрин үеүдийн туршид Түүний ариусгалт болон шатаалтыг хүлээн авсан ганц ч хүн байгаагүй, Түүний үгээр төгс болгуулж чадсан нэг ч хүн байгаагүй. Бурхан одоо та нартай нүүр тулан ярилцаж, та нарыг ариусгаж, дотоод тэрслүү занг чинь илчилж байна—энэ нь үнэхээр Түүний өргөлт билээ. Хүмүүс ямар чадвартай вэ? Давидын хөвгүүд байсан ч, эсвэл Моабын үр удам байсан ч, дүгнэн хэлбэл хүмүүс нь сайрхаад байх юмгүй, бүтээгдсэн зүйл юм. Нэгэнт та нар Бурханы бүтээл болохоор бүтээлийн үүргийг биелүүлэх ёстой. Та нарт тавих өөр шаардлага байхгүй. Та нар ингэж залбирах ёстой: “Өө Бурхан минь! Надад байр суурь байсан ч, үгүй ч одоо би өөрийгөө ойлгодог. Хэрвээ миний байр суурь өндөр бол Таны өргөлтөөс болж байгаа бөгөөд хэрвээ дорд бол энэ нь Таны тогтоосноос болж байгаа билээ. Бүх зүйл Таны гарт оршдог. Надад ямар ч сонголт, ямар ч гомдол байхгүй. Намайг энэ улсад, энэ хүмүүсийн дунд төрнө гэдгийг Та тогтоосон бөгөөд бүх зүйл Таны тогтоосон зүйл дотор байдаг учраас би зөвхөн Таны ноёрхол дор бүрэн дуулгавартай байх ёстой. Би байр суурь боддоггүй; эцсийн эцэст би бол ердөө бүтээлүүдийн л нэг. Хэрвээ Та намайг ёроолгүй нүхэнд, гал болон хүхэртэй нуурт хийвэл би ердөө л нэг бүтээлээс цаашгүй. Хэрвээ Та намайг ашиглавал би бүтээл. Та намайг төгс болгосон ч би мөн л бүтээл. Та намайг төгс болгохгүй бол би бүтээлээс өөрцгүй учраас Таныг хайрласаар л байх болно. Би бол бүтээлийн Эзэний бүтээсэн өчүүхэн жаахан бүтээл, бүтээгдсэн бүх хүний дундах нэгэн төдий билээ. Та намайг бүтээсэн бөгөөд надад хүссэнээ хийхийн тулд одоо намайг дахин нэгэнтээ Өөрийн гарт байрлуулсан. Бүх зүйл Таны тогтоосон зүйл учраас би Таны хэрэгсэл, Таны товойлгогч байхад бэлэн байна. Хэн ч үүнийг өөрчилж чадахгүй. Бүх зүйл, бүх үйл явдал Таны гарт байдаг.” Цаг нь ирэх үед чи байр суурийн талаар бодохоо больж, үүнээс ангижирна. Тэр үед л чи өөртөө итгэлтэйгээр, зоригтойгоор эрж хайж чадах бөгөөд тэр үед л зүрх сэтгэл чинь ямар нэгэн хязгаарлалтаас ангид болж чадна. Эдгээр зүйлээс ангижирмагц хүмүүст өөр санаа зовнил байхаа болино. Яг одоо та нарын олонхын санаа зовнил юу вэ? Та нар үргэлж байр сууринд хязгаарлагддаг бөгөөд байнга хэтийн ирээдүйдээ санаа зовж байдаг. Та нар үргэлж Бурханы айлдваруудын хуудсыг эргүүлэн, хүн төрөлхтний хүрэх газартай холбоотой үгийг уншихыг хүсэж, хэтийн ирээдүй, хүрэх газар чинь ямар байхыг мэдэхийг хүсдэг. “Надад үнэхээр хэтийн ирээдүй байгаа гэж үү? Бурхан тэдгээрийг булаагаад авчихсан уу? Бурхан намайг товойлгогч гэж л хэлсэн; тэгвэл миний хэтийн ирээдүй юу юм бэ?” хэмээн та нар гайхширдаг. Та нарын хувьд хэтийн ирээдүй, хувь заяагаа хойш тавих хэцүү байдаг. Та нар одоо дагалдагчид бөгөөд ажлын энэ үе шатны талаар зарим нэг ойлголт олж авсан. Гэсэн ч та нар байр суурийн төлөөх хүслээ хойш тавиагүй хэвээр байна. Байр суурь чинь өндөр үед сайн эрж хайдаг боловч байр суурь чинь дорд байх үед эрж хайхаа больдог. Байр суурийн ерөөл үргэлж оюун ухаанд чинь байдаг. Яагаад дийлэнх хүмүүс сөрөг байдлаас гарч чаддаггүй юм бэ? Найдваргүй хэтийн ирээдүйгээс болдоггүй гэж үү? Бурханы айлдварууд гармагц та нар байр суурь, ялгамж чанар чинь яг юу болохыг харахаар яардаг. Та нар байр суурь, ялгамж чанарыг эхэнд тавиад үзэгдлийг хоёрдугаарт тавьдаг. Гуравдугаарт та нарын орох ёстой зүйл, харин дөрөвдүгээрт Бурханы одоогийн хүсэл байдаг. Та нарт Бурханы өгсөн “товойлгогч” хэмээх цол өөрчлөгдсөн үү, үгүй юү гэдгийг та нар эхлээд хардаг. Та нар уншсаар уншсаар байдаг бөгөөд “товойлгогч” хэмээх цолыг авч хаясныг харах үедээ баярлаж, Бурханд тасралтгүй талархаж, Түүний агуу хүч чадлыг магтдаг. Гэхдээ та нар товойлгогч хэвээр гэдгээ хальт хармагцаа хямарч, зүрх сэтгэлдээ нэн даруй ямар ч урам зориггүй болдог. Та нар ийм байдлаар хэдий чинээ их эрж хайна, төдий чинээ бага үр дүнд хүрнэ. Байр суурийн төлөөх хүний хүсэл хэдий чинээ их байна, тэдэнтэй төдий чинээ ноцтой харьцах учиртай бөгөөд тэд төдий чинээ их цэвэршүүлэлт туулах ёстой. Тийм хүмүүс үнэ цэнгүй! Тэднээр эдгээр зүйлийг бүрэн хаяулахын тулд харьцаж, шүүх ёстой. Хэрвээ та нар эцсийг нь хүртэл ийм маягаар эрэлхийлбэл ямар ч үр дүнд хүрэхгүй. Амийг эрэлхийлдэггүй хүмүүс өөрчлөгдөж чадахгүй, үнэнээр цангадаггүй хүмүүс үнэнийг олж авч чадахгүй. Чи хувийн өөрчлөлт болон оролтдоо төвлөрдөггүй, харин хэрээс хэтэрсэн хүсэлдээ болон Бурханы төлөөх хайрыг чинь хязгаарлаж, Түүнд ойр очихоос чамайг хязгаарладаг зүйлсэд үргэлж төвлөрдөг. Тэдгээр зүйл чамайг өөрчилж чадах уу? Тэдгээр нь чамайг хаанчлал руу аваачиж чадах уу? Хэрвээ эрэл хайгуулын бай чинь үнэнийг эрж хайх явдал биш бол чи энэ боломжийг ашиглан, амжилтад хүрэхийн тулд дэлхий ертөнцдөө буцаж очсон нь дээр. Ийм маягаар цагаа дэмий үрэх үнэхээр хэрэггүй—юунд өөрийгөө тамлана гэж? Үзэсгэлэнтэй сайхан дэлхий ертөнц дээр чи элдэв янзын зүйлийг эдэлж чаддаг нь үнэн биз дээ? Мөнгө, сайхан хүүхэн, байр суурь, нэрэлхүү зан, гэр бүл, хүүхдүүд гэх мэт—энэ бүхэн нь чиний эдэлж чадах, дэлхий ертөнцийн хамгийн сайхан зүйлс биш гэж үү? Энэ хавиар эргэлдэж, жаргалтай байж чадах газраа хайх ямар хэрэгтэй юм бэ? Хүний Хүүд толгой хоргодох газар ч байхгүй, иймээс чи яаж амар тайван газартай байж чадах юм бэ? Тэр яаж чамд амар тайван сайхан газар бүтээж өгч чадах юм бэ? Ингэх боломжтой юу? Миний шүүлтээс гадна өнөөдөр чи үнэний талаарх сургаалыг л хүлээн авч чадна. Чи Надаас тав тух олж авч чадахгүй, өдөр шөнөгүй боддог жаргалтай амьдралаа ч олж авч чадахгүй. Би чам дээр энэ дэлхийн эд баялгийг хайрлахгүй. Хэрвээ чи чин сэтгэлээсээ эрэлхийлбэл Би чамд амийн замыг бүхэлд нь өгч, чамайг усандаа буцан орсон загас мэт байлгахад бэлэн байна. Хэрвээ чи чин сэтгэлээсээ эрэлхийлэхгүй бол Би бүгдийг нь буцаан авна. Тав тухтай байдалд шунадаг, гахай нохой шиг хүмүүст Өөрийн амнаас гарах үгийг өгөхийг Би хүсэхгүй байна!
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи яагаад товойлгогч байхыг хүсдэггүй юм бэ?
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд