Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 92

2021-09-08

Бурханы ерөөлүүд

Эхлэл 17:4–6 Харагтун, Миний хувьд чамтай гэрээ байгуулж, чи олон үндэстний эцэг болно. Үүнээс хойш чамайг Абрам гэж нэрлэхгүй, харин Абрахам гэх болно; учир нь Би чамайг олон үндэстний эцэг болгосон. Би чамайг өнөр өтгөн болгож, чамаас үндэстнүүдийг бий болгох бөгөөд хаад чамаас гарах болно.

Эхлэл 18:18–19 Абрахам гарцаагүй агуу, хүчирхэг үндэстэн болж, газар дэлхийн бүх үндэстэн түүгээр ерөөгдөнө. Учир нь өөрийнх нь араас үнэн зөв, шударгыг үйлдэж, Еховагийн замыг сахихыг тэр хүүхдүүд болон гэр бүлийнхэндээ тушаана гэдгийг Би мэддэг; ингэснээр Абрахамд амласан зүйлээ Ехова биелүүлж болох юм.

Эхлэл 22:16–18 Ехова: “Чи энэ зүйлийг хийж, цорын ганц хүүгээ харамлаагүй учраас Би Өөртөө тангараглаж байна: Би чамайг ерөөж, чиний үр удмыг тэнгэрийн од, далайн эрэг дээрх элс шиг олшруулна; чиний үр удам дайснуудынхаа үүд хаалгыг эзэгнэнэ; чи Миний дуу хоолойг дуулгавартай дагасан учир үр удмаар чинь газар дэлхийн бүх үндэстэн ерөөгдөнө” гэлээ.

Иов 42:12 Иймээс Ехова Иовын сүүлчийн өдрүүдийг эхэн үеэс нь илүүгээр ерөөжээ: учир нь тэр арван дөрвөн мянган хонь, зургаан мянган тэмээ, нэг мянган буулгат хос шар, мөн нэг мянган эм илжигтэй байлаа.

Бүтээгчийн айлдварын өвөрмөц байдал болон шинж чанар нь Бүтээгчийн цор ганц ялгамж чанар болон эрх мэдлийн бэлгэ тэмдэг юм (Сонгосон хэсгүүд)

Олон хүн Бурханы ерөөлийг эрж хайж, олж авахыг хүсдэг боловч эдгээр ерөөлийг хүн болгон олж авч чаддаггүй, учир нь Бурханд Өөрийн гэсэн зарчим байдаг бөгөөд Өөрийн гэх арга замаар хүмүүсийг ерөөдөг. Бурханы хүнд өгдөг амлалтууд болон хайрладаг нигүүлслийн хэмжээ нь хүний бодол, үйлдэл дээр үндэслэн хуваарилагддаг. Тэгвэл Бурханы ерөөл юу харуулдаг вэ? Хүмүүс тэндээс юу харж болох вэ? Одоохондоо, Бурхан ямар хүмүүсийг ерөөдөг тухай болон Бурхан хүнийг ерөөдөг зарчмыг хэлэлцэхээ түр хойш тавьцгаая. Үүний оронд, Бурханы эрх мэдлийг мэдэх зорилгоор, Бурханы эрх мэдлийг мэдье гэсэн өнцгөөс Бурханы хүнийг ерөөх ерөөлийг харцгаая.

Бичвэр дээрх дөрвөн эшлэл нь бүгд Бурхан хүнийг ерөөсөн тухай тэмдэглэл юм. Тэдгээр нь Абрахам, Иов зэрэг Бурханы ерөөлийг хүртэгчдийн тухай, түүнчлэн Бурхан ерөөлөө хайрласан шалтгаан болон эдгээр ерөөл юу агуулж байсан тухай нарийвчилсан дүрслэлийг харуулдаг. Бурханы айлдварын өнгө, хэв маяг, хэлсэн өнцөг, байр суурь нь ерөөл хайрладаг Нэгэн болон ийм ерөөлийг хүртэгчид нь харваас өөр ялгамж чанар, байр суурь, мөн чанартай байдаг гэдгийг үнэлэх боломжийг хүмүүст олгодог. Эдгээр айлдварын өнгө, хэв маяг, хэлсэн байр суурь нь Бүтээгчийн ялгамж чанарыг эзэмшдэг Бурханд л ганцхан байдаг. Түүнд эрх мэдэл, сүр хүч, Бүтээгчийн нэр хүнд, түүнчлэн ямар ч хүний эргэлзээг тэвчдэггүй сүр жавхлан байдаг.

Эхлээд Эхлэл 17:4–6-г харцгаая: “Харагтун, Миний хувьд чамтай гэрээ байгуулж, чи олон үндэстний эцэг болно. Үүнээс хойш чамайг Абрам гэж нэрлэхгүй, харин Абрахам гэх болно; учир нь Би чамайг олон үндэстний эцэг болгосон. Би чамайг өнөр өтгөн болгож, чамаас үндэстнүүдийг бий болгох бөгөөд хаад чамаас гарах болно.” Эдгээр үг нь Бурханы Абрахамтай байгуулсан гэрээ, түүнчлэн Абрахамд өгсөн Бурханы ерөөл байсан: Бурхан Абрахамыг үндэстнүүдийн эцэг болгож, үр удмыг нь өнөр өтгөн болгож, түүнээс үндэстнүүдийг бий болгож, хаадыг гаргах байв. Чи эдгээр үгээс Бурханы эрх мэдлийг харж байна уу? Тийм эрх мэдлийг хэрхэн харж байна вэ? Бурханы эрх мэдлийн мөн чанарын аль талыг чи харж байна вэ? Эдгээр үгийг няхуур уншвал Бурханы эрх мэдэл, ялгамж чанар нь Бурханы айлдварт тодорхой илчлэгдсэн гэдгийг олж мэдэхэд амархан. Жишээлбэл, “чамтай гэрээ байгуулж, чи … болно … Би чамайг … болгосон … Би чамайг болгох болно” гэж Бурхан хэлэх үед Бурханы ялгамж чанар, эрх мэдлийн баталгааг агуулсан “чи тэгэх болно” ба “Би тэгэх болно” гэх мэтийн хэллэг нь нэг талаараа Бүтээгчийн итгэмжит байдлын илрэл; нөгөө талаараа тэдгээр нь Бүтээгчийн ялгамж чанарыг эзэмшдэг Бурханы ашигладаг тусгай үгс—түүнчлэн уламжлалт үгсийн сангийн нэг хэсэг юм. Хэрэв хэн нэгэн хүн, өөр нэг хүний үр удам нь өнөр өтгөн болж, түүнээс үндэстнүүд бий болж, хаад гарна гэж найддагаа хэлбэл энэ нь нэг төрлийн хүсэл бөгөөд амлалт, ерөөл биш гэдэг нь эргэлзээгүй. Иймээс хүмүүс “Би чамайг ийм, тийм болгоно, чи ийм тийм болох болно…” гэж хэлж зүрхэлдэггүй, учир нь тэд ийм хүч чадал эзэмшдэггүйгээ мэднэ; энэ нь тэднээс шалтгаалдаггүй, ийм зүйл хэллээ ч гэсэн энэ нь хий хоосон, утга учиргүй, хүсэл эрмэлзлээр нь жолоодуулсан үг байх байсан. Хүслээ биелүүлж чадахгүй юм шиг санагдвал хэн ч бай, ийм сүрлэг өнгөөр ярьж зүрхэлнэ гэж үү? Хүн бүр л үр удамдаа сайн сайхныг хүсэж, чадварлаг болж, агуу амжилтад хүрээсэй гэж найддаг. Нэг нь эзэн хаан болчихвол ямар сайхан агуу хувь заяа байх сан билээ! Нэг нь захирагч болбол, ер нь нэр нөлөөтэй хүн л болж байвал мөн л сайн хэрэг! Эдгээр нь бүгд хүний хүсэл боловч хүмүүс үр удамдаа ерөөлийг л хүсдэг ба аливаа амлалтаа хэрэгжүүлж, эсвэл биелүүлж чаддаггүй. Ийм зүйлийг биелүүлэх хүч чадлыг эзэмшдэггүй гэдгээ хүн бүр зүрх сэтгэлдээ сайн мэддэг, учир нь тэдний бүх зүйл өөрсдийнх нь мэдлээс гадна байдаг байхад бусдын хувь заяаг яаж захирч чадах юм бэ? Харин Бурхан ийм үгийг хэлж чаддагийн шалтгаан гэвэл Бурхан ийм эрх мэдлийг эзэмшдэг бөгөөд хүнд өгдөг бүх амлалтаа хэрэгжүүлж, гүйцэтгэж, хүнд хайрласан бүх ерөөлөө биелүүлэх чадвартай. Хүнийг Бурхан бүтээсэн бөгөөд Бурханы хувьд хэн нэгнийг улам үржүүлэх нь хүүхдийн тоглоом төдий; хэн нэгний үр удмыг амжилтад хүргэхэд Түүний нэг үг л шаардлагатай. Тэр ийм зүйлийн төлөө хэзээ ч хөлсөө гоожтол ажиллаж, сэтгэлээ чилээж, үүнээс болж санаагаа зовоохгүй; энэ бол Бурханы жинхэнэ хүч чадал, жинхэнэ эрх мэдэл юм.

Эхлэл 18:18 дахь “Абрахам гарцаагүй агуу, хүчирхэг үндэстэн болж, газар дэлхийн бүх үндэстэн түүгээр ерөөгдөнө” гэдгийг уншсаны дараа та нар Бурханы эрх мэдлийг мэдэрч чадав уу? Бүтээгчийн ер бусын байдлыг мэдэрч чадав уу? Бүтээгчийн эрхэм дээд байдлыг мэдэрч чадав уу? Бурханы үг тодорхой байдаг. Бурхан амжилтдаа итгэсэндээ, үүнийгээ дүрслэхийн тулд ийм үг хэлдэггүй; харин тэдгээр нь Бурханы айлдварын эрх мэдлийн нотолгоо бөгөөд Бурханы үгийг хэрэгжүүлдэг тушаал юм. Энд та нарын анхаарах ёстой хоёр илэрхийлэл бий. Бурханы хэлсэн “Абрахам гарцаагүй агуу, хүчирхэг үндэстэн болж, газар дэлхийн бүх үндэстэн түүгээр ерөөгдөнө” хэмээх эдгээр үгэнд ямар нэгэн тодорхойгүй элемент байна уу? Санаа зовоох ямар нэгэн элемент байна уу? Айдсын ямар нэгэн элемент байна уу? Бурханы айлдвар дахь “гарцаагүй ингэх болно”, “тэгэх болно” гэсэн үгээс үүдэн, хүнд ялангуяа байдаг, хүнээс ихэвчлэн харагддаг эдгээр элемент нь Бүтээгчтэй хэзээ ч, ямар ч хамаатай байгаагүй юм. Бусдад сайн сайхныг хүсэхдээ хэн ч тийм үг ашиглаж зүрхлэхгүй, хэн ч ийм итгэлтэйгээр өөр нэгнийг агуу, хүчирхэг үндэстэн болгохоор ерөөж, газар дээрх бүх үндэстэн түүгээр ерөөгдөнө гэж амлаж зүрхлэхгүй. Бурханы үг хэдий чинээ тодорхой байна, ямар нэг зүйлийг төдий чинээ баталдаг—тэгвэл тэр зүйл нь юу вэ? Бурханд ийм эрх мэдэл байгаа бөгөөд Түүний эрх мэдэл эдгээр зүйлийг биелүүлж чадна, мөн эдгээрийн хэрэгжилт нь гарцаагүй юм гэдгийг энэ нь баталдаг. Бурхан Абрахамыг ерөөхдөө зүрх сэтгэлдээ өчүүхэн ч эргэлзээгүй, бүрэн итгэлтэй байсан. Цаашлаад энэ нь бүхэлдээ Түүний үгийн дагуу биелэх бөгөөд биелэлтийг нь ямар ч хүч өөрчилж, саад болж, сулруулж, үймүүлж чадахгүй юм. Юу ч тохиолдсон бай, Бурханы үгийн хэрэгжилт, биелэлтийг юу ч цуцалж, нөлөөлж чадахгүй. Энэ нь Бүтээгчийн амнаас гарсан үгийн жинхэнэ хүч бөгөөд хүний үгүйсгэлийг тэвчдэггүй Бүтээгчийн эрх мэдэл юм! Чи эдгээр үгийг уншчихаад эргэлзсээр л байна уу? Эдгээр үг Бурханы амнаас гарсан бөгөөд Бурханы үгэнд хүч чадал, сүр жавхлан, эрх мэдэл байдаг. Ийм сүр хүч, эрх мэдэл, хэрэгжих нь гарцаагүй баримтад бүтээгдсэн, бүтээгдээгүй ямар ч зүйл хүрч чадахгүй бөгөөд бүтээгдсэн, бүтээгдээгүй ямар ч зүйл үүнийг давах аргагүй. Бүтээгч л хүн төрөлхтөнтэй ийм өнгө, аялгатайгаар ярьж чадах бөгөөд Түүний амлалтууд нь хоосон үг, хий дэмий бардамнал биш, харин ямар ч хүн, зүйл, эд юмсын давах аргагүй цор ганц эрх мэдлийн илэрхийлэл юм гэдгийг баримтууд нотолсон билээ.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө I

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих