Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 150

2020-07-30

Сатан хүнийг завхруулахын тулд мухар сүсгийг хэрхэн ашигладаг тухай

Сатан хүнийг завхруулахад мухар сүсгийг хэрхэн ашигладаг вэ? Мэргэ төлгө хийх, царай шинжих, хувь заяа мэргэлэх гэх мэтээр дамжуулан хүмүүсийн мэдэхийг хүсдэг бүхэн нь ирээдүйд тэдний хувь заяа ямар байх, урдах зам нь ямар байгаа талаар олж мэдэх зорилготой байдаг боловч эцсийн эцэст эдгээр зүйлийг хэн угаасаа хянаж байдаг вэ? (Бурхан хянаж байдаг.) Энэ бүх зүйл Бурханы гарт байдаг. Эдгээр арга барилыг ашиглан Сатан хүмүүст юуг мэдүүлэх гэдэг вэ? Сатан царай шинжих, хувь заяаны мэргийг ашиглан “Ирээдүйн хувь заяаг чинь би мэднэ, эдгээрийг би мэдэхээс гадна хянаж байгаа” гэж хүмүүст хэлэхийг хүсдэг. Сатан энэ боломжийг далимдуулж, ийм арга барил ашиглан хүмүүсийг хянаж, улмаар өөртөө сохроор итгүүлэн, үг болгоноо дуулгавартай дагуулахыг хүсдэг. Жишээлбэл чи царайгаа шинжүүлсэн бол, төлгөч нүдээ аниад өнгөрсөн хэдэн жилд чамд тохиолдсон бүхнийг нэгд нэггүй хэлбэл сэтгэлд чинь ямар санагдах вэ? “Яг зөв хэлж байна! Би өнгөрсөн үеийнхээ талаар урьд нь хэнд ч, хэзээ ч хэлж байгаагүй атал төлгөч энэ талаар яаж мэдэв ээ? Энэ төлгөчийг би үнэхээр биширч байна!” гэж чи тэр дороо бодно. Чиний өнгөрсөн үеийн талаар мэдэх нь Сатаны хувьд дэндүү амархан бус уу? Бурхан чамайг өнөөдрийн байгаа газар луу чинь хөтөлсөн бөгөөд тэр хооронд Сатан хүмүүсийг завхруулж, чамайг дагаж ирсэн. Амьдралын чинь өнгөрсөн олон арван жил Сатаны хувьд юу ч биш бөгөөд эдгээр зүйлийг мэднэ гэдэг Сатанд амархан байдаг. Сатаны хэлж буй бүхэн оновчтой байгааг олж мэдэх үедээ чи зүрх сэтгэлээ түүнд хүлээлгэн өгч буй бус уу? Өөрийн ирээдүй, хувь заяаг хяналтад нь оруулж, түүнийг түшиж тулж байгаа бус уу? Хормын төдийд зүрх сэтгэл чинь түүнийг хүндэлж, биширнэ, мөн энэ үед зарим хүн сүнсээ аль хэдийн булаалгасан байх болно. Тэгээд төлгөчөөс даруйхан ингэж асууна: “Би одоо яах хэрэгтэй вэ? Ирэх жил юунаас зайлсхийх ёстой вэ? Ямар зүйл хийх ёсгүй вэ?” Дараа нь төлгөч, “Чи тэнд очиж болохгүй, тийм зүйл хийж болохгүй, ийм өнгийн хувцас өмсөж болохгүй, иймэрхүү газруудаар явахаа багасгаж, ийм зүйл илүү их хийх хэрэгтэй…” хэмээнэ. Түүний хэлсэн бүхнийг чи тэр даруй сэтгэлдээ тусгаж авах бус уу? Түүний үгийг чи Бурханы үгээс ч хурдан цээжилнэ. Яагаад ийм хурдан цээжлэх вэ? Учир нь чи Сатанд найдан аз хийморьтой байхыг хүснэ. Сатан энэ л үед зүрх сэтгэлийг чинь эзэмддэг бус уу? Зөгнөл нь ар араасаа биелэх үед чи төлгөч дээр шууд эргэн очоод, дараа жилийн чинь хувь төөрөг ямар байхыг мэдэхийг хүсэх бус уу? (Тийм ээ.) Тэгээд Сатаны хий гэсэн бүхнийг хийж, боль гэсэн бүхнийг болино. Энэ маягаар чи Сатаны хэлсэн бүхнийг дуулгавартай дагаж байгаа бус уу? Маш хурдан түүний тэвэрт орж, хууртаж, хяналтад нь орно. Сатаны хэлдэг зүйлийг үнэн гэж итгэн, өнгөрсөн болоод өнөөгийн амьдралын чинь тухай, мөн ирээдүйд юу болох тухай мэддэг гэдэгт нь чи итгэдэг учраас ийм зүйл болдог. Сатан ийм арга барил ашиглан хүмүүсийг хянадаг. Гэвч бодит байдал дээр хэн үнэхээр хяналтыг атгадаг вэ? Сатан бус, Бурхан Өөрөө хяналтыг атгадаг. Сатан энэ тохиолдолд гагцхүү овжин явуулгаа ашиглан мэдлэггүй хүмүүсийг хуурч, зөвхөн материаллаг ертөнцийг хардаг хүмүүсийг хуурах замаар өөртөө итгүүлж, өөрт нь найдахад хүргэдэг. Дараа нь тэд Сатаны саварт унаж, үг бүрийг нь дуулгавартай дагадаг. Гэвч Сатан хүмүүсийг Бурханд итгэж, Бурханыг дагахыг хүсэх үед ер нь тавьж явуулдаг уу? Тавьж явуулдаггүй. Ийм нөхцөлд хүмүүс үнэхээр Сатаны савар луу унаж байгаа хэрэг үү? (Тийм ээ.) Энэ асуудал дээрх Сатаны зан авирыг ичгүүргүй гэж хэлж болох уу? (Болно.) Яагаад тэгж хэлэх вэ? Учир нь эдгээр нь зальхай, ов мэхтэй арга байна. Сатан ичгүүргүй бөгөөд өөрөө хүмүүсийн бүх зүйлийг хянадаг, бүр хувь заяаг нь хянадаг гэж хүмүүст эндүү ташаа бодогдуулдаг. Ингэснээр мэдлэггүй хүмүүс Сатаныг бүрэн дуулгавартай дагахад хүрдэг. Тэд ердөө хэдхэн үгэнд хууртдаг. Тэгээд мэл гайхсандаа Сатаны өмнө мөргөдөг. Тэгэхээр Сатан чамайг өөртөө итгүүлэхийн тулд ямар төрлийн арга ашиглаж, юу гэж хэлдэг вэ? Жишээ нь, чи Сатанд ам бүл хэдүүлээ байдгаа хэлээгүй боловч Сатан ам бүл чинь хэдүүлээг мөн л хэлж, эцэг эх, үр хүүхдийн чинь насыг хэлж өгөх чадвартай байж болох юм. Хэдийгээр чи үүнээс өмнө Сатаны талаар хардаж сэрдэж, эргэлзэж явсан ч ийм зүйл хэлэхийг нь сонсвол Сатан жаахан үнэмшилтэй санагдах бус уу? Дараа нь Сатан, ойрын үед ажил чинь хэр хэцүү байсан, дарга нар чинь чамайг зохих ёсоор үнэлдэггүй, цаг үргэлж чиний эсрэг явдаг гэх мэт зүйл хэлж магад. Үүнийг сонсчхоод чи, “Яг үнэн! Ажил дээр хэцүү байгаа шүү” гэж бодно. Тэгээд Сатанд арай их итгэнэ. Дараа нь Сатан чамайг хуурах өөр нэг зүйл хэлж, өөртөө улам ч их итгүүлнэ. Бага багаар чи Сатаныг эсэргүүцэж чадахаа больж, хардаж сэрдэхээ болино. Сатан ердөө шалихгүй хэдэн арга заль, бүр ялихгүй өчүүхэн арга заль хэрэглээд ийм маягаар толгойг чинь эргүүлдэг. Толгой чинь эргэх явцад чи байр байдлаа мэдэхээ байж, яах учраа олохоо больж, Сатаны хэлсэн зүйлийг дагаж эхэлнэ. Энэ бол хүнийг завхруулахад Сатаны ашигладаг “суут” арга бөгөөд үүнээс үүдэн чи өөрийн мэдэлгүй Сатаны урхинд орж, түүнд уруу татагддаг. Сатан чамд хүмүүсийн сайн гэж боддог цөөн зүйл хэлээд юу хийх, юу хийхээс зайлсхийх вэ гэдгийг дараа нь хэлж өгдөг. Ийнхүү чи тэр замаар өөрийн мэдэлгүй урууддаг. Тэр замаар уруудмагц чамд төвөг чирэгдэл л учрах бөгөөд Сатан юу гэж хэлсэн, юу хий гэж хэлсэн талаар цаг ямагт бодож, өөрөө ч мэдэлгүй түүнд эзэмдүүлнэ. Яагаад ингэдэг вэ? Учир нь хүн төрөлхтөн үнэнээр дулимаг тул бат зогсож, Сатаны уруу таталт, сорилтыг тэсвэрлэх чадваргүй юм. Сатаны ёрын муу, ов мэх, урвалт, хорлонт байдалтай тулгарсан хүн төрөлхтөн маш мэдлэггүй, томоогүй, сул дорой байдаг бус уу? Сатан хүнийг завхруулдаг нэг арга зам нь энэ бус уу? (Тийм ээ.) Сатаны янз бүрийн арга барилд хүн өөрийн эрхгүй бага багаар хууран мэхлэгддэг нь эерэг, сөрөг зүйлсийг ялгаж салгах чадваргүй байдлаас үүдэлтэй. Тэдэнд ийм биеийн хэмжээ, Сатаныг ялан дийлэх чадвар дутагддаг.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө V

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих