Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 159

2020-08-05

Хүнд хийдэг зүйлээс нь Бурханы ариун байдлыг ойлгох нь (Сонгосон хэсэг)

Сатан хүнийг завхруулж, эсвэл хүнд харгис хор хөнөөл учруулах болгонд Бурхан гар хумхин суудаггүй, мөн Өөрийн сонгосон хүмүүсийг үл тоомсорлож, хараагүй дүр үзүүлдэг ч үгүй. Сатаны хийдэг бүхнийг Бурхан тов тодорхой ойлгодог. Сатан юу хийх нь хамаагүй, ямар чиг хандлага бий болгох нь хамаагүй, Сатаны хийхээр оролдож байгаа бүхнийг Бурхан мэддэг ба сонгосон хүмүүсээ хаядаггүй. Харин ч Бурхан огт анхаарал таталгүйгээр, нууцаар, чимээгүйхнээр, шаардлагатай бүхнийг хийдэг. Бурхан хэн нэгэн дээр ажиллаж эхлэх үедээ, хэн нэгнийг сонгосон үедээ энэ мэдээг хэнд ч зарладаггүй, Сатанд ч зарладаггүй, тэр ч бүү хэл ямар нэгэн томоохон дохио үзүүлдэггүй. Тэр ердөө тун чимээгүйхнээр, тун ердийн байдлаар шаардлагатай зүйлийг хийдэг. Эхлээд, Тэр чамд зориулсан гэр бүлийг сонгодог; гэр бүлийн чинь нөхцөл байдал, чиний эцэг эх, өвөг дээдэс—энэ бүхнийг Бурхан урьдчилан шийддэг. Өөрөөр хэлбэл, Бурхан эдгээр шийдвэрийг тэрхэн зуурт гаргадаггүй; харин ч Тэр энэ ажлыг аль эртнээс эхэлсэн. Бурхан чамд зориулсан гэр бүлийг сонгомогцоо төрөх хугацааг чинь сонгодог. Дараа нь Бурхан энэ дэлхийд уйлан төрөхийг чинь хардаг. Тэгээд төрөхийг чинь харж, анхны үгээ хэлэхийг чинь харж, бүдэрч, майжганан анхны алхмаа хийж, алхаж сурахыг чинь хардаг. Чи эхлээд нэг алхам, дараа нь өөр нэг алхмаа хийдэг … одоо чи гүйж, үсэрч харайж, ярьж, мэдрэмжээ илэрхийлж чадна. Хүмүүс өсөхийн хэрээр, бар олзоо ажигладагтай адилаар Сатаны харц хүн нэг бүр дээр тогтсон байдаг. Харин Өөрийн ажлыг хийхдээ Бурхан хүмүүс, үйл явдал, аливаа зүйлс, цаг хугацаа, орон зайн ямар нэгэн хязгаарлалтад хэзээ ч баригддаггүй; Тэр Өөрийн хийх хэрэгтэй, хийх ёстой зүйлийг хийдэг, Өсөх үйл явцдаа чи өвчин, бүтэлгүйтэл гэх мэт өөрт таалагдахгүй олон зүйлтэй тулгарч болох юм. Гэхдээ энэ замаар алхах зуур чиний амь, чиний ирээдүй Бурханы чанд хатуу анхаарал халамжинд байдаг. Бурхан бүх амьдралд чинь хүрэлцэх жинхэнэ баталгааг өгдөг, учир нь Тэр яг чиний хажууд, чамайг хамгаалж, харж хандаж байдаг билээ. Үүнийг мэдэлгүйгээр чи өсдөг. Чи шинэ зүйлстэй харилцаж эхэлдэг ба энэ дэлхий ертөнцийг, энэ хүн төрөлхтнийг мэдэж авч эхэлдэг. Чамд юм бүхэн шинэлэг, шинэ байдаг. Чамд хийх дуртай зүйл гэж бий. Чи хүн чанар дотроо амьдарч, өөрийн гэсэн орон зайд амьдардаг бөгөөд Бурханы оршин тогтнолыг өчүүхэн төдий ч ухамсарладаггүй. Харин чамайг өсөж байх зуур Бурхан алхам бүрд чамайг харж байдаг бөгөөд урагшлах алхмаа хийх бүрд чинь харж байдаг. Мэдлэгт суралцаж, эсвэл шинжлэх ухааныг судалж байх үед чинь ч гэсэн Бурхан чиний хажуугаас нэг алхам ч холдож байгаагүй. Чи бусад хүмүүсийн л адилаар, дэлхий ертөнцийг танин мэдэж, үүнтэй харилцах явцдаа өөрийн гэсэн туйлын зорилготой болж, өөрийн гэсэн хобби, сонирхолтой болж, бас асар их амбиц өвөрлөдөг. Чи ирээдүйгээ дандаа эргэцүүлж, ирээдүй чинь ямар харагдах ёстой тухай дүр зургийг дандаа зураглаж байдаг. Гэхдээ зам зуурт юу тохиолдох нь хамаагүй, Бурхан энэ бүхнийг тов тодорхой хардаг. Магадгүй чи өөрөө өнгөрсөн үеэ мартчихсан байж болох юм, харин Бурханы хувьд, чамайг Түүнээс илүү сайн ойлгож чадах өөр хэн ч үгүй. Чи Бурханы харцан дор амьдарч, өсөж бойжиж, нас бие гүйцдэг. Энэ хугацаанд Бурханы хийсэн хамгийн чухал зүйл бол хэний ч ухамсарлаж чадахгүй, хэний ч мэдэхгүй зүйл юм. Бурхан энэ талаар хэзээ ч хүмүүст хэлдэггүй нь мэдээж. Тэгвэл энэ хамгийн чухал зүйл юу вэ? Энэ бол Бурхан хүнийг аварна гэдгийн баталгаа гэж хэлж болох юм. Энэ нь, Бурхан энэ хүнийг аврахаар шийдсэн бол үүнийг хийх ёстой гэсэн үг. Энэ нь хүн, Бурхан хоёрын аль алинд амин чухал билээ. Та нар юу болохыг нь мэдэх үү? Та нарт энэ талаар ямар ч мэдрэмж байхгүй, мөн энэ тухай ямар ч ойлголт байхгүй байгаа юм шиг байна, иймээс Би та нарт хэлж өгье. Чамайг төрсөн цагаас эхлээд одоог хүртэл Бурхан чам дээр маш их ажил хийсэн боловч Өөрийн хийсэн бүхнийг Тэр чамд нарийвчлан тайлагнадаггүй. Бурхан чамд үүнийг мэдэх боломж олгоогүй, мөн чамд хэлээгүй. Гэхдээ хүн төрөлхтний хувьд Түүний хийдэг бүхэн чухал. Бурханы тухайд гэвэл, энэ нь Түүний хийх ёстой зүйл юм. Түүний зүрх сэтгэлд байдаг Өөрийнх нь хийх ёстой ямар нэгэн чухал зүйл, энэ бүх зүйлээс хавьгүй илүү давдаг. Өөрөөр хэлбэл, хүнийг төрөхөөс эхлээд одоог хүртэл Бурхан аюулгүй байдлыг нь батлан даах ёстой. Эдгээр үгийг сонссоны дараа та нарт бүрэн ойлгохгүй байгаа мэт санагдаж магадгүй. “Аюулгүй байдал тийм чухал уу?” гэж асууж болох юм. Тэгвэл “аюулгүй байдал” гэдгийн үгчилсэн утга нь юу вэ? Магадгүй та нар үүнийг амар амгалан гэсэн утгатай гэж ойлгож байгаа, эсвэл магадгүй ямар нэгэн аюул, гамшиг хэзээ ч туулалгүйгээр, сайхан амьдарч, хэвийн амьдралаар амьдрах гэсэн утгатай гэж ойлгож байгаа. Гэхдээ зүрх сэтгэлдээ та нар энэ нь тийм ч энгийн биш гэдгийг мэдэж байх ёстой. Тэгвэл Бурханы хийх ёстой гэж Миний яриад байгаа энэ зүйл яг юу юм бэ? Аюулгүй байдал гэдэг нь Бурханы хувьд юу гэсэн үг вэ? Энэ нь үнэхээр “аюулгүй байдлыг” баталгаажуулах явдал уу? Үгүй. Тэгвэл Бурханы хийдэг зүйл юу юм бэ? Энэхүү “аюулгүй байдал” нь чи Сатанд залгиулахгүй гэсэн үг. Энэ нь чухал уу? Сатанд залгиулахгүй байх гэдэг нь чиний аюулгүй байдалтай холбоотой юу, үгүй юу? Тийм ээ, энэ нь хувийн аюулгүй байдалтай чинь холбоотой бөгөөд үүнээс илүү чухал зүйл гэж үгүй. Сатанд залгиулмагц сүнс болон махан бие чинь Бурханд харьяалагдахаа больдог. Бурхан чамайг аврахаа болино. Сатанд залгиулсан сүнснүүд болон хүмүүсийг Бурхан хаядаг. Иймээс Бурханы хийх учиртай хамгийн чухал зүйл бол чиний аюулгүй байдлыг баталгаажуулах, чамайг Сатанд залгиулахгүй байлгах явдал юм гэж Би хэлдэг. Энэ нь маш чухал, тийм биз? Тэгвэл та нар яагаад хариулж чадахгүй байна вэ? Та нар Бурханы агуу нинжин сэтгэлийг мэдэрч чаддаггүй юм шиг байна!

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө VI

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих