Өдөр тутмын Бурханы үг: Бурханы ажлыг мэдэх нь | Эшлэл 168
2020-10-13
Исаак Абрахамаас төрсөнтэй адилаар Иохан амлалтаар төрсөн. Есүсийн замыг засаж, ихээхэн ажил хийсэн боловч тэр Бурхан байгаагүй юм. Харин ч тэр ердөө Есүсийн төлөөх замыг тавьсан учраас эш үзүүлэгчдийн нэг байлаа. Түүний ажил ч бас асар их байсан бөгөөд түүнийг зам тавьсны дараа л Есүс Өөрийн ажлыг албан ёсоор эхэлсэн юм. Мөн чанартаа тэр зүгээр л Есүсийн төлөө хөдөлмөрлөсөн, түүний хийсэн ажил нь Есүсийн ажилд үйлчилж байв. Иоханыг зам засаж дууссаны дараа Есүс Өөрийн ажлыг буюу илүү шинэ, илүү тодорхой, илүү дэлгэрэнгүй ажлыг эхэлжээ. Иохан ажлын эхний хэсгийг л хийсэн; шинэ ажлын илүү их хэсгийг Есүс хийсэн юм. Иохан ч гэсэн шинэ ажил хийсэн боловч шинэ эрин үеийг эхлүүлсэн нэгэн байгаагүй. Иохан амлалтаар төрсөн бөгөөд түүний нэрийг тэнгэрэлч өгсөн. Тухайн үед зарим нь түүнийг аавынх нь нэрээр Зехариа гэж нэрлэхийг хүсэж байсан боловч эх нь “Энэ хүүхдийг тэр нэрээр нэрлэж болохгүй. Түүнийг Иохан гэж нэрлэх ёстой” гэж хэлжээ. Энэ нь бүгд Ариун Сүнсний тушаалаар болсон юм. Есүсийг ч бас Ариун Сүнсний тушаалаар нэрлэсэн, Тэрээр Ариун Сүнснээс төрсөн бөгөөд Түүнийг Ариун Сүнс амласан байв. Есүс бол Бурхан, Христ, мөн хүний Хүү байлаа. Гэхдээ Иоханы ажил ч бас агуу байсан атал яагаад түүнийг Бурхан гэж нэрлээгүй вэ? Есүсийн хийсэн ажил болон Иоханы хийсэн ажлын хооронд яг ямар ялгаа байсан юм бэ? Иохан Есүсийн замыг зассан нэгэн байсан гэдэг нь цорын ганц шалтгаан байсан уу? Эсвэл үүнийг Бурхан урьдчилан тогтоосноос болсон уу? Хэдийгээр Иохан ч бас “Та нар гэмшицгээ: учир нь тэнгэрийн хаанчлал ойрхон байна” хэмээн хэлж, тэнгэрийн хаанчлалын тухай сайн мэдээг номлож байсан боловч түүний ажил цаашид хөгжилгүй, ердөө л эхлэлийг бүрдүүлсэн юм. Эсрэгээрээ, Есүс шинэ эрин үеийг эхлүүлж, хуучныг нь төгсгөл болгосон, гэхдээ Тэр бас Хуучин Гэрээний хуулийг биелүүлсэн билээ. Түүний хийсэн ажил Иоханыхаас илүү агуу байснаас гадна Тэрээр бүх хүн төрөлхтнийг золин аврахаар ирсэн—Тэр ажлын тэрхүү үе шатыг гүйцэлдүүлсэн юм. Иоханы тухайд бол тэр зүгээр л замыг бэлдсэн. Хэдийгээр ажил нь агуу, үг нь олон, дагаж байсан шавь нар нь тоо томшгүй олон байсан боловч түүний ажил хүмүүст шинэ эхлэлийг авчрахаас хэтрээгүй. Хүн түүнээс амь, зам юм уу илүү гүн гүнзгий үнэнийг хүлээн аваагүй, мөн түүгээр дамжуулан Бурханы хүслийг ч ойлгоогүй. Иохан нь Есүсийн ажилд зориулсан шинэ газрыг нээж, сонгогдсон хүмүүсийг бэлдсэн агуу эш үзүүлэгч (Елиа) байсан юм; тэрээр Нигүүлслийн эрин үеийн анхдагч байлаа. Зүгээр л хэвийн хүний гадаад төрхийг нь ажиглаад ийм зүйлсийг ялган таних боломжгүй. Ялангуяа Иохан нэлээд их ажил хийсэн, мөн түүнчлэн түүнийг Ариун Сүнс амласан байсан ба ажлыг нь Ариун Сүнс дэмжиж байсан. Ийм болохоор хийдэг ажлаар нь л дамжуулан тэдний тус тусын ялгамж чанарыг хүн ялгаж чадна, учир нь хүний мөн чанарыг гадаад төрхөөс нь ялгаж мэдэх ямар ч аргагүй, мөн хүний хувьд, Ариун Сүнсний гэрчлэл юу болохыг тогтоох ямар ч аргагүй. Иохан, Есүс хоёрын хийсэн ажил адилгүй байсан бөгөөд өөр шинж чанартай байсан. Иохан Бурхан мөн байсан уу, үгүй юү гэдгийг хүн үүнээс тодорхойлж болно. Есүсийн ажил эхлүүлж, үргэлжлүүлж, дуусгаж, үр дүнд хүргэхийн төлөө байв. Тэрээр эдгээр үе шат болгоныг гүйцэтгэсэн байхад Иоханы ажил эхлэл тавихаас хэтрээгүй. Эхэндээ Есүс сайн мэдээ түгээж, гэмшлийн замыг тунхагласан ба дараа нь хүнд баптисм хүртээж, өвчтэйг эдгээж, чөтгөрийг хөөн зайлуулж байлаа. Эцэст нь Тэр хүн төрөлхтнийг нүглээс золин аварч, бүхий л эрин үеийн төлөөх Өөрийн ажлыг дуусгасан юм. Түүнчлэн хаа сайгүй явж, хүнд номлож, тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг түгээжээ. Энэ талаараа Иохан Тэр хоёр адилхан байсан бөгөөд ялгаа нь Есүс шинэ эрин үеийг эхлүүлж, хүнд Нигүүлслийн эрин үеийг авчирсан юм. Түүний амнаас, Нигүүлслийн эрин үед хүний хэрэгжүүлэх ёстой үг, хүний дагах ёстой зам гарч, эцэст нь Тэрээр золин авралын ажлыг дуусгажээ. Ийм ажлыг Иохан хэзээ ч хийж чадахгүй байх байв. Иймд Бурханы Өөрийн ажлыг Есүс хийсэн ба Тэр бол Бурханыг шууд төлөөлдөг Бурхан Өөрөө байсан билээ. Хүний үзлээр бол, амлалтаар төрж, Сүнснээс төрж, Ариун Сүнсээр дэмжүүлж, шинэ замуудыг нээдэг бүх хүн бол Бурхан юм. Энэ тайлбарын дагуу бол Иохан ч гэсэн Бурхан байх байсан ба Мосе, Абрахам, Давид … ч гэсэн мөн л Бурхан байх байв. Энэ нь туйлын инээдтэй зүйл биш гэж үү?
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 1
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд