Бурхан Содомыг устгахаар шийдсэн нь

2018-05-21

Эхлэл 18:26 Тэгээд Ехова: “Хэрвээ Би Содом хотынхон дотроос тавин зөв шударга хүнийг олох аваас тэднийг бодоод тэр газрыг бүхэлд нь өршөөнө” гэж хэлэв.

Эхлэл 18:29 Абрахам дахин Түүнтэй ярьж, “Тэндээс дөчин хүн олдож болох шүү дээ” гэж хэлэхэд Тэрээр: “Би тэрийг устгахгүй” гэв.

Эхлэл 18:30 Абрахам Түүнд “Тэндээс гучин хүн олдож болох шүү дээ” гэж хэлэхэд Тэрээр: “Би тэрийг устгахгүй” гэв.

Эхлэл 18:31 Абрахам Түүнд “Тэндээс хорь олдож болох шүү дээ” гэж хэлэхэд Тэрээр: “Би хотыг устгахгүй” гэв.

Эхлэл 18:32 Абрахам дахин Түүнд “Тэнд арав олдож болох шүү дээ” гэлээ. Тэр: “Би тэр хотыг устгахгүй” гэв.

Энд Библиэс Миний сонгосон хэдэн эшлэл байна. Эдгээр нь бүрэн эх хувь биш. Хэрвээ та нар эхийг нь үзмээр байвал Библиэс өөрсдөө харж болно; цаг хэмнэхийн тулд Би эх бичвэрийн зарим хэсгийг орхисон. Энд Би зөвхөн хэдэн гол эшлэл болон өгүүлбэрийг сонгож, бидний өнөөдрийн нөхөрлөлд үл нөлөөлөх хэдэн өгүүлбэрийг орхилоо. Бидний нөхөрлөх бүх хэсэг болон агуулгад эдгээр түүхийн нарийн ширийнийг, мөн эдгээр түүхэн дэх хүний зан төлвийг анхааралгүй алгасана; харин тэр үед Бурханы бодол, санаа ямар байсан тухай л ярина. Бурханы бодол, санаанаас бид Бурханы зан чанарыг харах ба Бурханы хийсэн бүхнээс жинхэнэ Бурханыг Өөрийг нь харна—ингэж бид зорилгодоо хүрнэ.

Бурхан зөвхөн Түүний үгэнд дуулгавартай орж, Түүний тушаалыг дагаж чаддаг хүмүүст санаа тавьдаг

Бурхан Содомыг Устгасан нь

Дээрх хэсгүүд нь хэд хэдэн чухал үгийг буюу тоог агуулсан. Эхлээд Ехова тухайн хотоос тавин зөв шударга хүн олбол энэ газрыг бүхэлд нь өршөөнө гэж, өөрөөр хэлбэл, тэр хотыг устгахгүй гэж хэлсэн. Тэгвэл үнэн хэрэг дээрээ Содом хотод тавин зөв шударга хүн байсан уу? Байгаагүй. Үүний дараахан Абрахам Бурханд юу гэж хэлсэн бэ? Тэрээр тэнд дөчин хүн олдож болох шүү дээ гэж хэлсэн. Тэгэхэд Бурхан Би үүнийг хийхгүй гэсэн. Дараа нь Абрахам тэндээс гучин хүн олдож болох шүү дээ гэж хэлсэн. Бурхан, Би үүнийг хийхгүй гэсэн. Тэгвэл хорин хүн олдох аваас? Би үүнийг хийхгүй. Арван хүн? Би үүнийг хийхгүй. Яг үнэндээ арван зөв шударга хүн тэр хотод байсан уу? Арав байгаагүй—харин нэг хүн байсан. Энэ нэг хүн нь хэн байсан бэ? Лот байсан. Тэр үед Содомд ганц зөв шударга хүн байсан, гэхдээ ийм тоонд хүрэхэд Бурхан маш хатуу чанд, эсвэл их шаардлагатай байсан уу? Үгүй, Тэр тийм байгаагүй! Иймээс хүн “Дөч байвал яах вэ?”, “Гуч байвал яах вэ?” гэж асуусаар “Арав байвал яах вэ?” гэхэд Бурхан: “Тэнд ердөө арван хүн байсан ч Би энэ хотыг устгахгүй; Би үүнийг өршөөж, энэ арваас гадна бусад хүмүүсийг уучилна” гэсэн. Арав нь өчүүхэн тоо байсан боловч үнэндээ Содомд ядаж тийм тооны ч зөв шударга хүн байгаагүй болж таарсан. Тэгэхээр Бурханы бодлоор энэ хотын хүмүүсийн нүгэл хилэнц болон хорон муу нь тэднийг устгахаас өөр аргагүй байдалд Бурханыг хүргэсэн байгаа биз дээ. Тэнд тавин зөв шударга хүн байвал энэ хотыг устгахгүй гэж Бурхан хэлсэн нь ямар утгатай байсан бэ? Эдгээр тоо нь Бурханд чухал биш байсан. Юу чухал байсан бэ гэвэл, энэ хотод Өөрийнх нь хүссэн зөв шударга хүн байсан эсэх нь чухал байсан. Хэрвээ уг хотод ганцхан зөв шударга хүн байвал уг хотыг устгасны улмаас тэр хүн аюулд өртөхийг Бурхан зөвшөөрөхгүй байв. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, Бурхан энэ хотыг устгах эсэх нь хамаагүй, тэнд хэдэн зөв шударга хүн байгаа нь хамаагүй, Бурханы хувьд энэ нүгэлт хот хараагдаж, зүхэгдэх ёстой бөгөөд устгагдах ёстой, Бурханы нүднээс арилах ёстой, харин зөв шударга хүмүүс үлдэх ёстой байсан юм. Эрин үеийг үл харгалзан, хүн төрөлхтний хөгжлийн үе шатыг үл харгалзан Бурханы хандлага өөрчлөгддөггүй: Тэрээр мууг үзэн ядаж, Өөрийн нүдэнд зөв шударга хүмүүст анхаарал тавьдаг. Бурханы энэ тодорхой хандлага нь басхүү Бурханы мөн чанарын жинхэнэ илчлэл юм. Хот дотор ганцхан л зөв шударга хүн байсан учраас Бурхан цаашид тээнэгэлзээгүй. Эцсийн үр дүнд Содом зайлшгүй устгагдах байсан. Та нар үүнээс юу харж байна вэ? Тэр үед тэнд тавин зөв шударга хүн байсан бол, эсвэл арван хүн байсан бол Бурхан хотыг устгахгүй байсан, энэ нь, Түүнийг хүндэлж, шүтэн мөргөж чадах цөөхөн хүнийг бодоод Бурхан хүн төрөлхтнийг уучилж, тэдэнд хүлцэхээр шийдэх байсан, эсвэл залж чиглүүлэх ажил хийх байсан гэсэн үг юм. Бурхан хүний зөв шударга үйлсэд асар их итгэдэг, Түүнийг шүтэн мөргөж чадах хүмүүст асар их итгэдэг ба Түүний өмнө сайн үйлс хийж чадах хүмүүст Тэр асар их итгэдэг.

Хамгийн эртний үеэс өнөөдрийг хүртэл Бурхан хэн нэгэн хүнд үнэнийг хэлж, эсвэл Бурханы замын талаар ярьж байсан тухай та нар ер нь Библиэс уншсан уу? Үгүй, хэзээ ч үгүй. Хүнд хэлсэн Бурханы үгийг уншихад хүмүүст юу хийхийг л хэлж байсан. Зарим нь үүнийг хийж гүйцэлдүүлсэн, зарим нь үгүй; зарим нь итгэсэн, зарим нь итгээгүй. Ийм л байсан. Тиймээс тухайн эрин үеийн зөв шударга хүмүүс—Бурханы бодлоор зөв шударга байсан хүмүүс нь ердөө л Бурханы үгийг сонсож, Бурханы тушаалыг дагаж чаддаг хүмүүс байв. Тэд бол Бурханы үгийг хүмүүсийн дунд биелүүлдэг зарц нар байлаа. Тийм хүмүүсийг Бурханыг мэддэг хүмүүс гэж болох байсан уу? Тэднийг Бурханы төгс болгосон хүмүүс гэж хэлж болох байсан уу? Үгүй, болохгүй байсан. Тэгэхээр, тэдний тоог үл харгалзан, Бурханы бодлоор бол эдгээр зөв шударга хүмүүсийг Бурханы итгэмжлэгдсэн хүн гэж нэрлэвэл таарах байсан уу? Тэднийг Бурханы гэрчүүд гэж нэрлэж болох байсан уу? Мэдээж үгүй! Тэд лав Бурханы итгэмжлэгдсэн хүн болон гэрчүүд гэж нэрлэгдэж таарахгүй байсан. Тэгвэл тийм хүмүүсийг Бурхан юу гэж нэрлэсэн бэ? Библийн Хуучин Гэрээнд Бурхан тэднийг “Миний зарц” гэж нэрлэсэн олон тохиолдол байдаг. Өөрөөр хэлбэл, тэр үед Бурханы нүдэнд эдгээр зөв шударга хүмүүс нь Бурханы зарц нар байсан, тэд газар дээр Бурханд үйлчилдэг хүмүүс байсан юм. Энэ нэршлийн тухай Бурхан юу гэж бодож байсан бэ? Тэр тэднийг яагаад ингэж нэрлэсэн бэ? Бурханы зүрх сэтгэлд хүмүүсийг юу гэж нэрлэх тухай стандарт байдаг уу? Гарцаагүй байдаг. Бурхан хүмүүсийг зөв шударга, төгс, чигч, эсвэл зарц нар гэж хэлэх нь хамаагүй, Түүнд стандарт байдаг. Тэр хэн нэгнийг Өөрийн зарц гэж хэлэхдээ энэ хүн Түүний элч нарыг хүлээж авч чадна, Түүний тушаалыг дагаж чадна, мөн элч нарын тушаасан зүйлийг гүйцэтгэж чадна гэдэгт бат итгэлтэй байдаг. Энэ хүн юу гүйцэтгэдэг вэ? Газар дээр хийж, гүйцэтгэ гэж Бурхан хүнд тушаасан зүйлийг гүйцэтгэдэг. Тэр үед, газар дэлхий дээр хийж, гүйцэтгэ гэж хүнээс Бурханы шаардсан зүйлийг Бурханы зам гэж болох байсан уу? Үгүй, болохгүй байсан. Учир нь, тэр үед Бурхан хүнээс зөвхөн цөөн хэдэн энгийн зүйл хийхийг хүссэн; Тэр хүнд зөвхөн энийг, эсвэл тэрийг хий гэснээс өөр юм хэлэлгүй цөөн хэдэн энгийн тушаал өгсөн. Бурхан Өөрийн төлөвлөгөөний дагуу ажиллаж байсан. Учир нь, тэр үед олон нөхцөл байдал хараахан бүрдээгүй, цаг нь хараахан болоогүй байсан бөгөөд Бурханы замыг баримтлах нь хүн төрөлхтөнд хэцүү байсан, тиймээс Бурханы зам Бурханы зүрх сэтгэлээс хараахан гарч эхлээгүй байлаа. Бурханы дурдаж байсан, бидний энд харж байгаа—хорь, эсвэл гуч ч юм уу—зөв шударга хүмүүсийг Бурхан Өөрийнхөө зарц гэж үздэг байсан. Бурханы элч нар эдгээр зарц дээр ирэхэд тэд элч нарыг хүлээн авч, тэдний тушаалуудыг дагаж, тэдний үгээр үйлдэж чаддаг байв. Энэ нь Бурханы үзэхэд, зарц нарын хийх, хүрэх ёстой яг тэр зүйл байсан юм. Бурхан хүмүүсийг нэрлэхдээ бодолтой байдаг. Тэд одоо та нарын байгаа шиг ихээхэн номлол сонссон, Бурхан юу хийх гэж байсныг мэддэг, Бурханы хүслийн талаар их ойлгодог, Түүний удирдлагын төлөвлөгөөг ухаардаг байсан болохоор нь Тэр тэднийг Өөрийн зарц гэж нэрлээгүй, харин тэд хүн чанараараа үнэнч шударга бөгөөд Бурханы үгийг дагаж чаддаг байсан учраас тэгсэн юм; Бурханыг тушаахад тэд хийж байснаа хойш тавьж, Бурханы тушаасныг гүйцэтгэж чаддаг байв. Иймээс Бурханы хувьд зарц гэдэг цолын утга учрын өөр нэг тал нь тэд газар дэлхий дээрх Түүний ажилд хамтран ажилладаг ба хэдийгээр Бурханы элч биш байсан ч гэсэн тэд бол Бурханы үгийг газар дээр гүйцэтгэгч, хэрэгжүүлэгч байсан. Тэгэхээр энэ зарц нар буюу зөв шударга хүмүүс нь Бурханы зүрх сэтгэлд их чухал байгаа биз дээ. Дэлхий дээр Бурханы эхлэх гэж байсан ажил, Түүнтэй хамтран ажиллах хүмүүсгүйгээр байж чадахгүй байсан бөгөөд Бурханы зарц нарын хүлээсэн үүргийг Бурханы элч нараар орлуулшгүй байсан. Энэ зарц нарт Бурханы тушаасан даалгавар бүр Түүнд асар их ач холбогдолтой байсан тул Тэр тэднийг алдаж болохгүй байв. Эдгээр зарц нарын Бурхантай ажилласан хамтын ажиллагаагүйгээр хүн төрөлхтний дундах Бурханы ажил зогсоход хүрч, түүний уршгаар Бурханы удирдлагын төлөвлөгөө болон Бурханы итгэл найдвар талаар болох байлаа.

Бурхан санаа тавьдаг хүмүүстээ асар их өршөөнгүй байдаг ба Өөрийнхөө жигшиж, голдог хүмүүст гүнээ хилэгнэдэг

Библийн тэмдэглэлүүд дээр Содомд Бурханы арван зарц байсан уу? Үгүй, байгаагүй! Уг хот Бурханд өршөөгдөхүйц байсан уу? Тус хотод зөвхөн нэг хүн—Лот—Бурханы элчүүдийг хүлээн авсан. Үүний цаад утга нь гэвэл, тус хотод Бурханы ганц зарц л байсан бөгөөд тиймээс Лотыг авраад Содом хотыг устгахаас өөр зам Бурханд байгаагүй гэсэн үг. Дээр эш татсан Абрахам болон Бурханы хоорондын яриа энгийн мэт санагдаж болох ч маш гүн гүнзгий зүйлийг харуулдаг: Бурханы үйлдлүүдэд зарчим байдаг ба шийдвэр гаргахаасаа өмнө Тэр ажиглаж, сайтар бодож, урт хугацаа зарцуулдаг; цаг нь болохоос өмнө Тэр лав ямар нэгэн шийдвэр гаргахгүй, эсвэл аливаа дүгнэлт яаран хийхгүй. Содомыг устгах Бурханы шийдвэр өчүүхэн төдий ч буруу байгаагүй гэдгийг Абрахам болон Бурханы хоорондын яриа бидэнд харуулдаг, учир нь энэ хотод дөчин зөв шударга хүн байхгүй, гучин ч зөв шударга хүн байхгүй, хорь ч байхгүй гэдгийг Бурхан аль хэдийн мэдэж байв. Тэнд бүр арав ч байгаагүй. Тус хотод Лот л цорын ганц зөв шударга хүн байсан юм. Содомд тохиолдсон бүхнийг, тэндхийн нөхцөл байдлыг Бурхан ажиглаж байсан бөгөөд гарын арван хуруу шигээ мэддэг байлаа. Тиймээс Түүний шийдвэр буруу байж таарахгүй. Харин ч Бурханы төгс хүчит байдалтай харьцуулбал хүн маш хөшүүн, маш тэнэг ба мунхаг, маш харалган. Үүнийг бид Бурхан болон Абрахамын хоорондоо ярилцсан үгээс харж болно. Бурхан анхнаасаа эхлээд өнөөдрийг хүртэл Өөрийн зан чанарыг гаргасаар ирсэн. Түүнчлэн бидний харвал зохих Бурханы зан чанар энд ч бас байна. Тоонууд бол энгийн бөгөөд юуг ч илэрхийлдэггүй, харин энд Бурханы зан чанарын маш чухал илэрхийлэл бий. Бурхан тавин зөв шударга хүнийг бодоод тус хотыг устгахгүй байсан. Бурханы өршөөл энэрлээс болоод уу? Түүний хайр, хүлээцээс болоод уу? Та нар Бурханы зан чанарын энэ талыг харсан уу? Тэнд аравхан зөв шударга хүн байсан ч Бурхан тэр арван зөв шударга хүнийг бодоод тус хотыг устгахгүй байх байв. Энэ нь Бурханы хүлээц, хайр биш гэж үү? Бурханы өршөөл, хүлээц, мөн тэрхүү зөв шударга хүмүүст санаа тавих учраас Тэрээр тус хотыг устгахгүй байх байсан юм. Энэ бол Бурханы хүлээцтэй байдал. Эцэст нь бид ямар үр дүнг харж байна вэ? Абрахам: “Тэнд арав олдож болох шүү дээ” гэлээ. Бурхан: “Би тэр хотыг устгахгүй” гэв. Түүний дараа Абрахам өөр юу ч хэлээгүй—учир нь Содомд түүний хэлсэн арван зөв шударга хүн байгаагүй, түүнд өөр хэлэх үг ч байгаагүй бөгөөд тэр үед Бурхан яагаад Содомыг устгахаар шийдсэнийг ойлгосон юм. Үүнээс Бурханы ямар зан чанар харагдаж байна вэ? Бурхан ямар шийдвэр гаргасан бэ? Өөрөөр хэлбэл, хэрвээ энэ хотод арван зөв шударга хүн байхгүй бол Бурхан үүний оршин тогтнохыг зөвшөөрөхгүй байсан ба үүнийг лавтайяа устгах байсан. Энэ нь Бурханы уур хилэн биш гэж үү? Энэ уур хилэн нь Бурханы зан чанарыг төлөөлөхгүй гэж үү? Энэ зан чанар нь Бурханы ариун мөн чанарын илчлэл биш гэж үү? Энэ нь хүн халдах ёсгүй Бурханы зөвт мөн чанарын илчлэл биш гэж үү? Содомд арван зөв шударга хүн байхгүй гэдгийг нотлоод Бурхан тус хотыг устгах нь мадаггүй болж, тэр хотод байсан хүмүүсийг хатуу шийтгэх гэж байсан, яагаад гэвэл, тэд Бурханыг эсэргүүцсэн ба маш бохир, ялзарсан байсан юм.

Яагаад бид эдгээр хэсгийг ийм маягаар задлан шинжилсэн бэ? Яагаад гэвэл, эдгээр энгийн цөөхөн өгүүлбэр нь Бурханы өгөөмөр энэрэлт зан чанар болон айхтар уур хилэнг бүрэн илэрхийлж өгдөг. Зөв шударга хүмүүсийг эрхэмлэж, өршөөн энэрч, хүлээцтэй хандаж, тэдэнд санаа тавихын зэрэгцээ Бурхан зүрх сэтгэлдээ Содомд байсан ялзарсан хүмүүсийг бүгдийг гүнээ жигшиж байв. Энэ нь өгөөмөр өршөөл болон айхтар уур хилэн байсан уу, үгүй юу? Бурхан уг хотыг ямар аргаар устгасан бэ? Галаар. Тэр яагаад тус хотыг гал хэрэглэж устгасан бэ? Ямар нэг зүйл галд шатаж байхыг хараад, эсвэл ямар нэг зүйлийг шатаах гэж байхдаа чамд ямар мэдрэмж төрдөг вэ? Яагаад чи тэр юмыг шатаамаар байдаг вэ? Тэр юм чамд цаашид хэрэггүй, тэрийг дахиж харахыг ч хүсэхгүй гэж боддог уу? Чи тэр юмыг огоорохыг хүсдэг үү? Бурхан гал хэрэглэсэн нь огоорох, үзэн ядах гэсэн утгатай байсан бөгөөд Тэр Содомыг дахин харахыг хүсээгүй. Энэ бол Содомыг галаар устгах болсон Бурханы сэтгэлийн хөдөлгөөн байсан юм. Гал хэрэглэсэн нь Бурханы хэр их ууртай байсныг харуулдаг. Бурханд өршөөл энэрэл, хүлээц үнэхээр байдаг боловч Өөрийн уур хилэнг сул тавих үед Бурханы ариун байдал болон зөвт байдал нь ямар ч халдлагыг тэвчдэггүй талыг нь хүнд бас үзүүлдэг. Хүн Бурханы тушаалыг дуулгавартай дагах бүрэн чадвартай байж, Бурханы шаардлагын дагуу ажиллахад хүнийг гэсэн Бурханы өршөөл энэрэл элбэг дэлбэг байдаг; хүн ялзрал, үзэн ядалт болон Өөрийнх нь эсрэг дайсагналаар дүүрэн байхад Бурхан ихэд уурладаг. Тэр хэр их хэмжээнд хүртэл уурладаг вэ? Бурхан цаашид хүний эсэргүүцэл болон муу үйлийг харахаа болих хүртэл, тэдгээр нь Түүний нүдний өмнө цаашид байхаа болих хүртэл Түүний уур хилэн үргэлжилнэ. Зөвхөн тэр үед л Бурханы уур арилна. Өөрөөр хэлбэл, тухайн хүн хэн байх нь хамаагүй, хэрвээ зүрх сэтгэл нь Бурханаас холдож, хэзээ ч эргэж ирэхгүйгээр Бурханаас нүүр буруулсан бол, харваас буюу тэдний хийсвэр хүслийн хувьд, тэд биеэрээ, эсвэл бодол санаагаараа Бурханд шүтэн мөргөж, дагаж, дуулгавартай байя гэж хүсэхийг нь үл тоомсорлон Бурханы уур хилэн зогсолтгүй ундарна. Бурхан хүнд өргөн боломж өгчихөөд уураа айхтар ноцтой гаргахад энэ нь нэгэнт суларвал буцаах аргагүй болох бөгөөд Тэр тийм хүн төрөлхтөнд дахин хэзээ ч өршөөнгүй, хүлээцтэй хандахгүй. Энэ бол ямар ч зөрчлийг тэвчдэггүй Бурханы зан чанарын нэг тал юм. Энд, Бурхан нэг хотыг устгах нь хүмүүст хэвийн мэт санагддаг, учир нь Бурханы бодлоор бол нүглээр дүүрэн хот оршин тогтнож, хэвээр үлдэж болохгүй бөгөөд түүнийг Бурхан устгах нь ухаалаг явдал байсан. Гэсэн ч Содомыг устгахаас өмнө болон дараа тохиолдсон зүйлээс бид Бурханы зан чанарыг бүхэлд нь харж болно. Тэрээр нинжин, сайхан, сайн зүйлсэд хүлээцтэй, өршөөнгүй байдаг; муу, нүгэлтэй, хорон зүйлсэд гүнээ хилэгнэж, уур хилэнгээ зогсолтгүй илгээдэг. Эдгээр нь Бурханы зан чанарын хоёр үндсэн, хамгийн чухал тал бөгөөд түүнчлэн, тэдгээрийг Бурхан эхнээс нь эцсийг нь хүртэл ил харуулсан: өгөөмөр өршөөл ба айхтар уур хилэн. Та бүхний ихэнх нь Бурханы өршөөлөөс юм үзэж мэдэрсэн боловч та нараас тун цөөхөн нь Бурханы уур хилэнг ойлгосон. Бурханы өршөөл, хайр энэрлийг хүн бүрээс харж болно; өөрөөр хэлбэл, Бурхан хүн бүрт маш их өршөөнгүй байж ирсэн. Гэсэн ч Бурхан та нарын дундах ямар нэг хүнд юм уу, аль нэг хэсэгт айхтар уурлаж байсан удаа тун ховорхон эсвэл хэзээ ч уурлаж байгаагүй гэж хэлж болно. Тайвшир! Эрт, орой хэзээ нэгэн цагт Бурханы уур хилэн хүн бүхэнд харагдаж, мэдрэгдэх болно, харин одоо цаг нь хараахан болоогүй байна. Яагаад энэ вэ? Яагаад гэвэл, Бурхан хэн нэгэнд байнга уурлах үед, өөрөөр хэлбэл, Бурхан айхтар уур хилэнгээ түүн дээр буулгах үед энэ нь Тэр уг хүнийг удтал жигшиж, голсон, тэр хүний оршин тогтнолыг үзэн ядаж, оршин тогтнолыг нь тэвчиж чадахаа больсныг харуулж байгаа юм; Түүний уур хилэн тэдэн дээр буумагц тэд үгүй болно. Өнөөдөр Бурханы ажил тэр цэгт хараахан хүрээгүй байна. Бурхан айхтар уурлах л юм бол та нарын хэн нь ч үүнийг дааж чадахгүй. Тэгэх үед Бурхан та нарт бүгдэд нь асар их өршөөнгүй байсан бөгөөд Түүний айхтар уурыг хараахан хараагүй гэдгээ та нар ойлгоно. Хэрвээ итгэхгүй байгаа хүмүүс байвал Бурханы уур хилэнг өөрсөд дээрээ буугаач гэж гуй, ингэснээр та нар Бурханы уур хилэн болон хүний халдлагыг тэвчдэггүй Түүний зан чанар үнэхээр оршин байдаг эсэхийг мэдэрч болох юм. Та нар тэгж зүрхлэх үү?

Эцсийн өдрүүдийн хүмүүс Бурханы уур хилэнг үгээс нь л хардаг бөгөөд Бурханы уур хилэнг жинхэнээсээ амсаагүй

Библийн эдгээр хэсгээс харж болох Бурханы зан чанарын хоёр талыг нөхөрлөвөл зохих уу? Энэ түүхийг сонсоод та нар Бурханы талаар шинэчлэгдсэн ойлголттой болсон уу? Ямар ойлголттой байна вэ? Бүтээлийн цаг үеэс өнөөдрийг хүртэл, Бурханы нигүүлсэл, өршөөл, хайр энэрлийг энэ сүүлчийн бүлгийнхэн шиг хэмжээгээр эдэлсэн бүлэг байхгүй гэж хэлж болно. Хэдийгээр сүүлчийн үе шатанд Бурхан шүүлт, гэсгээлтийн ажлыг хийж, Өөрийн ажлыг сүр жавхлан, уур хилэнтэйгээр хийсэн боловч Бурхан ажлаа хэрэгжүүлэхийн тулд голдуу зөвхөн үг хэрэглэдэг; Тэрээр зааж сургах, услах, хангах, тэжээхийн тулд үг хэрэглэдэг. Ингэх зуур Бурханы уур хилэн үргэлж далд нуугдаж байдаг бөгөөд Бурханы хилэнт зан чанарыг Түүний үгээс мэдрэхээс гадна тун цөөхөн хүн Түүний уур хилэнг биечлэн үзсэн юм. Юу гэсэн үг вэ гэхээр, Бурханы шүүлт, гэсгээлтийн ажлын үеэр Бурханы үгэнд илэрсэн уур хилэн хэдийгээр Бурханы сүр жавхлан болон халдашгүй байдлыг үзэх боломжийг хүмүүст олгодог боловч энэхүү уур хилэн нь Түүний үгээс цааш хэтэрдэггүй. Өөрөөр хэлбэл, Бурхан хүнийг зэмлэх, хүнийг илчлэх, хүнийг шүүх, хүнийг гэсгээх болон хүнийг яллахдаа ч үг хэрэглэдэг—гэхдээ Бурхан хүнд хараахан айхтар их уурлаагүй байгаа бөгөөд хүнд Өөрийн уур хилэнг Өөрийн үгээс гадна бараг гаргаагүй. Тиймээс энэ эрин үед хүний мэдэрсэн Бурханы өршөөл, хайр энэрэл нь Бурханы жинхэнэ зан чанарын илчлэл байдаг байхад хүний үзэж амссан Бурханы уур хилэн нь ердөө л Түүний айлдваруудын өнгө, уур амьсгалын үр нөлөө юм. Олон хүн энэ үр нөлөөг Бурханы уур хилэнгийн жинхэнэ туршлага ба жинхэнэ мэдлэг хэмээн буруугаар ойлгодог. Иймд Бурханы үгээс өршөөл, өгөөмөр сэтгэлийг нь харсан, мөн хүний халдлагыг тэвчдэггүйг нь харсан гэж ихэнх хүн итгэдэг, мөн тэдний ихэнх нь Бурхан хүнд өршөөлтэй, хүлээцтэй ханддагийг мэдсэн нь ч бий. Гэхдээ хүний явдал хэчнээн муу муухай, зан чанар нь хэчнээн ялзармал байсан ч хамаагүй, Бурхан үргэлж тэвчсэн. Тэвчихдээ Түүний зорилго нь Өөрийн хэлсэн үг, гаргасан чармайлт, төлсөн төлөөс нь, Түүний олж авахыг хүссэн хүмүүст үр нөлөө үзүүлэхийг хүлээх явдал юм. Ийм үр дүн хүлээхэд цаг орох бөгөөд энэ нь хүмүүс дөнгөж төрөнгүүтээ насанд хүрэгч болдоггүйтэй адил хүнд зориулсан өөр өөр орчныг бүтээхийг шаарддаг; тэр нь арван найм, эсвэл арван есөн жилийг зарцуулдаг ба зарим хүний хувьд жинхэнэ том хүн болж нас биед хүрэхэд хорь, гучин жил ч хэрэгтэй байдаг. Бурхан энэ үйл явц гүйцэхийг хүлээдэг, Тэр тийм цаг ирэхийг хүлээдэг бөгөөд энэхүү үр дүн гарахыг нь хүлээдэг. Хүлээх хугацаандаа Бурхан асар өршөөнгүй байдаг. Гэхдээ Бурханы ажлын хугацаанд туйлын цөөн тооны хүн цохигдон унадаг ба зарим нь Бурханыг ихэд эсэргүүцсэний улмаас шийтгэгддэг. Тийм жишээнүүд нь хүний халдлагыг тэвчдэггүй Бурханы зан чанарын бүр ч илүү том нотолгоо бөгөөд сонгогдсон хүмүүст хандах Бурханы хүлээцтэй байдал, тэвчээрийн бодит оршин тогтнолыг бүрэн баталдаг. Мэдээж, эдгээр ердийн жишээн дэх энэ хүмүүст гарсан Бурханы зан чанарын нэг хэсгийн илчлэл нь Бурханы нийт удирдлагын төлөвлөгөөнд нөлөөлдөггүй. Үнэн хэрэгтээ Бурханы ажлын энэхүү сүүлчийн үе шатанд, хүлээж байх хугацааныхаа турш Бурхан тэвчсэн ба Өөрийг нь дагадаг хүмүүсийг аврахын төлөө Өөрийн тэвчээр болон амийг зольсон. Та нар үүнийг харж байна уу? Бурхан Өөрийн төлөвлөгөөг шалтгаангүйгээр нураахгүй. Тэр Өөрийн уур хилэнг сул тавьж чадна, бас өршөөнгүй байж чадна; энэ нь Бурханы зан чанарын хоёр үндсэн хэсгийн илчлэл юм. Энэ маш ойлгомжтой байна уу, үгүй юу? Өөрөөр хэлбэл, Бурханы тухайд гэвэл, зөв ба буруу, шударга ба шударга бус, эерэг ба сөрөг—энэ бүхэн нь хүнд тодорхой харагддаг. Тэр юу хийх вэ, Тэр юунд дуртай вэ, Тэр юуг үзэн яддаг вэ—энэ бүхэн Түүний зан чанарт шууд тусгагдаж чаддаг. Тийм зүйлсийг мөн Бурханы ажлаас маш илэрхий, тодорхой харж болдог ба тэдгээр нь бүдэг бадаг, эсвэл ерөнхий биш; харин тэдгээр нь Бурханы зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохыг гойд илэрхий, жинхэнэ, бодит байдлаар харах боломжийг хүмүүст олгодог. Энэ бол жинхэнэ Бурхан Өөрөө билээ.

Бурханы зан чанар хэзээ ч хүнээс нуугдаж байгаагүй—хүний зүрх сэтгэл Бурханаас хөндийрсөн

Хэрвээ Би эдгээр зүйлийн талаар нөхөрлөөгүй бол та нарын хэн нь ч Библийн түүхүүдээс Бурханы жинхэнэ зан чанарыг харж чадахгүй байх байлаа. Энэ бол баримт. Яагаад гэвэл, хэдийгээр Библийн эдгээр түүх Бурханы хийсэн зарим зүйлийн талаар тэмдэглэсэн байдаг боловч Бурхан цөөн хэдэн үг хэлсэн ба хүнд Өөрийн зан чанарыг шууд танилцуулаагүй, эсвэл Өөрийн хүслийг ил тод гаргаагүй. Дараагийн үеийнхэн эдгээр тэмдэглэлийг үлгэр түүхээс өөрцгүй үзсэн тул Бурхан Өөрийгөө хүнээс нуудаг юм шиг, мөн Бурханы үнэн бие биш, харин Түүний зан чанар болон хүсэл хүнээс нуугддаг юм шиг хүмүүст санагддаг. Миний өнөөдрийн нөхөрлөлийн дараа ч Бурхан хүнээс бүрэн нуугдсан байдаг гэж та нар бас л бодож байна уу? Бурханы зан чанар хүнээс нуугдмал байдаг гэж та нар бас л итгэж байна уу?

Бүтээлийн цаг үеэс хойш Бурханы зан чанар Түүний ажилтай зэрэгцэн оршсоор ирсэн. Энэ нь хэзээ ч хүнээс нуугдмал байгаагүй, харин олон түмэнд бүрэн мэдэгдэж, хүнд ил байсан. Гэсэн ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хүний зүрх сэтгэл Бурханаас улам их холдсон бөгөөд хүний ялзрал илүү гүнзгий болохын хэрээр хүн, Бурхан хоёрын зай улам бүр ихэссэн юм. Хүн Бурханы нүднээс аажмаар, баараггүй алга болсон. Хүн Бурханыг “олж харж” чадахаа больсон нь түүнийг Бурханы талаарх ямар ч “мэдээлэлгүй” болгож орхисон; тийнхүү тэр Бурхан оршин байдаг эсэхийг мэддэггүй ба бүр Бурханы оршин тогтнолыг бүрэн үгүйсгэхдээ тулсан байна. Иймд Бурханы зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болох талаар хүн мэдэхгүй байх нь Бурхан хүнээс нуугддагаас болоогүй, харин хүний зүрх сэтгэл Бурханаас холдсоны уршиг юм. Хэдийгээр хүн Бурханд итгэдэг боловч зүрх сэтгэлд нь Бурхан байхгүй, Бурханыг хэрхэн хайрлахаа мэддэггүй, Бурханыг хайрлахыг ч хүсдэггүй, учир нь түүний зүрх сэтгэл хэзээ ч Бурханд ойртоогүй бөгөөд хүн, Бурханаас үргэлж зайлсхийдэг билээ. Үр дүнд нь, хүний зүрх сэтгэл Бурханаас хол хөндий байдаг. Тэгвэл түүний зүрх сэтгэл хаана байдаг вэ? Үнэн хэрэг дээрээ хүний зүрх сэтгэл хаашаа ч яваагүй: Үүнийг Бурханд өгч, эсвэл Бурханд харуулахаар илчлэхийн оронд хүн өөртөө хадгалсан. Зарим хүн Бурханд үргэлж залбирч, “Өө Бурхан минь, миний зүрх сэтгэлийг хараач, миний боддог бүхнийг Та мэднэ” гэж хэлдэг ба зарим нь бүр Бурханд өөрсдийгөө харуулж, хэрвээ тангаргаа зөрчвөл тэднийг шийтгэж болно гэж амладаг мөртлөө шүү. Хэдийгээр хүн зүрх сэтгэл доторхыг нь харахыг Бурханд зөвшөөрдөг боловч энэ нь хүн, Бурханы зохион байгуулалт болон зохицуулалтыг дуулгавартай дагах чадвартай гэсэн үг биш, мөн өөрийн хувь заяа, ирээдүй болон бүх зүйлийг Бурханы хяналт дор орхисон гэсэн үг ч биш. Тиймээс Бурханд өргөдөг чиний тангараг, эсвэл Түүнд чи юу амладгийг үл харгалзан, Бурханы бодлоор бол чиний зүрх сэтгэл одоо ч Түүнд хаалттай байдаг, учир нь чи зүрх сэтгэлийг чинь харахыг л Бурханд зөвшөөрдөг, харин хянахыг зөвшөөрдөггүй. Өөрөөр хэлбэл, чи зүрх сэтгэлээ Бурханд огтхон ч өгөөгүй бөгөөд Бурханд сонсгохын тулд чихэнд чимэгтэй үг л хэлдэг; тэгэх зуураа чи олон янзын зальхай санаагаа, нууц сэдэл, далд явуулга, төлөвлөгөөнийхөө хамт Бурханаас нуудаг ба өөрийн ирээдүй, хувь заяаг гартаа атгаж, тэдгээрийг Бурхан булаан авах вий гэдгээс их айдаг. Тиймээс Өөрт нь хандах хүний чин сэтгэлийг Бурхан хэзээ ч хардаггүй. Хэдийгээр Бурхан хүний зүрх сэтгэлийн гүнийг ажиглаж, хүн зүрх сэтгэлдээ юу бодож байгааг, юу хийхийг хүсдэгийг, мөн зүрх сэтгэлдээ юу хадгалж байгааг харж чаддаг боловч хүний зүрх сэтгэл Бурханд харьяалагддаггүй, тэр үүнийгээ Бурханы хяналтад өгөөгүй. Өөрөөр хэлбэл, Бурханд ажиглах эрх байдаг боловч хянах эрх байдаггүй. Хүн өөрийн ухамсарт Бурханы зохицуулалтад өөрийгөө өгөхийг хүсдэггүй, эсвэл зорьдоггүй. Хүн өөрийгөө Бурханаас хаасан төдийгүй, Бурханы итгэлийг олж авах ба хуурмаг сэтгэгдэл төрүүлэхийн тулд зусар яриа, бялдуучлал ашиглах, жинхэнэ дүр төрхөө Бурханы нүднээс нуун зүрх сэтгэлээ хааж, далдлах арга зам боддог хүмүүс ч байна. Бурханд харуулахгүй байх тэдний зорилго бол тэд чухамдаа ямар вэ гэдгийг ойлгохыг Бурханд зөвшөөрөхгүй байх явдал юм. Тэд өөрсдийн зүрх сэтгэлийг Бурханд өгөхийг хүсдэггүй, харин өөрсдөдөө хадгалахыг хүсдэг. Үүнийг тайлбарлавал, хүн юу хийдэг, юу хүсдэг нь бүгд өөрийнх нь төлөвлөж, тооцоолж, шийдсэн зүйл байдаг; түүнд Бурханы оролцоо буюу хөндлөнгийн оролцоо шаардлагагүй, тэр ч бүү хэл, Бурханы зохион байгуулалт, зохицуулалт хэрэггүй гэсэн үг. Тиймээс Бурханы тушаал, Түүний даалгавар, эсвэл хүнд тавьдаг Бурханы шаардлагын тухайд гэвэл, хүний шийдвэр нь түүний өөрийн санаархал, сонирхол дээр, тухайн үеийн өөрийнх нь байдал, орчин нөхцөл дээр тулгуурладаг. Хүн өөрийн явах ёстой замыг дүгнэж, сонгохын тулд өөрийн мэддэг мэдлэг, ухаарал болон өөрийн оюун ухааныг үргэлж ашигладаг бөгөөд Бурханы хөндлөнгийн оролцоо, хяналтыг зөвшөөрдөггүй. Энэ бол Бурханы хардаг хүний зүрх сэтгэл билээ.

Анхнаасаа өнөөдрийг хүртэл зөвхөн хүн л Бурхантай ярилцах чадвартай байсаар ирсэн. Өөрөөр хэлбэл, бүх амьд зүйл ба бүтээлийн дундаас хүнээс өөр юу ч Бурхантай ярилцаж чадахгүй. Хүнд сонсох чих, харах нүд бий; тэр хэл яриатай бөгөөд өөрийн санаа бодол, хүсэл зоригтой. Тэр Бурханы ярихыг сонсож, Бурханы хүслийг ойлгож, Бурханы даалгаврыг хүлээн авахад шаардлагатай бүхнийг эзэмшдэг, иймээс Бурхан хүнийг Өөртэйгөө адилхан санаатай, Өөртэй нь хамт алхаж чадах түнш болгохыг хүсэж, Өөрийн бүх хүслийг хүнд найддаг. Удирдаж эхэлснээсээ хойш Бурхан, хүнийг зүрх сэтгэлээ Өөрт нь өгч, Бурханаар ариусгуулж, хангуулан, Бурханаар хайрлуулж, Бурханд таалагддаг болж, Бурханаас эмээж, муугаас зайлдаг болохыг нь хүлээсээр байна. Бурхан энэхүү үр дүнг үргэлж тэсгэлгүй хүсэн хүлээсэн.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих