Бурханыг зөрүүдлэн эсэргүүцсэнийхээ төлөө хүн Бурханы уур хилэнд сүйрдэг
Юуны түрүүнд, Бурхан Содомыг сүйрүүлсэн тухай тайлбарласан судрын хэдэн хэсгийг харцгаая.
Эхлэл 19:1–11 Хоёр тэнгэрэлч Содомд нар жаргах цагаар ирэхэд Содомын гол хаалган дээр сууж байсан Лот тэднийг хараад угтан босож, нүүрээрээ газар унан мөргөөд: “Хараач, эзэд минь, зам зууртаа зарцынхаа гэрт орж, бүхий л шөнөжингөө саатан, хөлөө угааж, өглөө эрт босоод аян замдаа гарна уу” гэж хэлэв. Тэд, “Үгүй, бид бүхэл шөнийг гадаа өнгөрөөнө” гэлээ. Тэр тэднийг ихэд хүчлэн гуйсанд тэд түүний гэрт оржээ; тэр тэднийг дайлж цайлан, исгээгүй талх барьж өгснийг тэд идэв. Харин тэднийг хэвтэхээс өмнө хотын хүмүүс буюу Содомын хүмүүс хүртэл хөгшин залуугүй дөрвөн зүгээс ирж, гэрийг нь бүслээд Лотыг дуудаж: “Энэ шөнө танайд ирсэн хүмүүс хаана байна? Тэднийг бидэнд авчир, бид тэдэнтэй хүссэнээ хийе” гэцгээв. Лот гарч ирж, хаалгаа хаагаад “Ах дүү нар минь, ийм муухай зүйл битгий хийгээч гэж би та нараас гуйж байна. Хараач, би эр хүн үзээгүй хоёр охинтой; тэднийг та нарт авчрахыг минь зөвшөөрөөч, та нар сайн гэж үзсэн зүйлээ тэдэнтэй хий: манай гэрт ирсэн учраас энэ хүмүүст л юу ч битгий хийгээрэй” гэж хэлэв. Тэд, “Хойшоо бай. Энэ хүмүүс түр хугацаагаар ирчихээд бас шүүгч болох юм гэнэ: бид чамд тэднээс муугаар хандана” гээд Лотыг хүртэл хүчээр түлхэж, хаалгыг нь эвдэхээр дөхөж очлоо. Харин нөгөө хүмүүс гараа сунган Лотыг гэрт татан оруулж, хаалгыг хаав. Тэгээд тэд гэрийн хаалган дээр байсан хүмүүсийг том жижиггүй юу ч харахгүй болгосонд тэд хаалга олох гэж ихэд зүдрэв.
Эхлэл 19:24–25 Тэгээд Ехова Содом, Гоморра хоёрт хүхэр ба галыг тэнгэрээс Еховагаас илгээж; хотуудыг, бүх тал хөндийг болон хотын бүх оршин суугчийг, газар дээрх ургамал амьтан бүгдийг сүйрүүлэв.
Содомын хорон муу, завхрал нь хүн болон Бурханы аль аль нь жигшихээр түвшинд хэдийнээ хүрсэн учраас Бурханы нүдэнд бол уг хотыг сүйрүүлэх нь зүйтэй байсан гэдгийг эдгээр хэсгээс ойлгоход хэцүү биш юм. Гэхдээ сүйрүүлэхээс өмнө хотын дотор юу болсон бэ? Эдгээр үйл явдлаас хүмүүс ямар урам зориг авч болох вэ? Эдгээр үйл явдалд хандах Бурханы хандлага нь Түүний зан чанарын талаар хүмүүст юуг харуулдаг вэ? Үйл явдлыг бүхэлд нь ойлгохын тулд Сударт юу гэж тэмдэглэснийг анхааралтай уншицгаая…
Содомын завхрал: Хүний уурыг хүргэж, Бурханыг хилэгнүүлэв
Тэр шөнө, Лот Бурханы илгээсэн хоёр элчийг хүлээн авч, тэдэнд зоог бэлдэж өгчээ. Хоол идсэний дараа, тэднийг хэвтэцгээхээс өмнө хотын өнцөг булан бүрээс хүмүүс ирж, Лотын байшинг тойрон хүрээлж, түүнийг дуудсан. Тэднийг “Энэ шөнө танайд ирсэн хүмүүс хаана байна? Тэднийг бидэнд авчир, бид тэдэнтэй хүссэнээ хийе” хэмээсэн гэж Сударт тэмдэглэсэн байдаг. Хэн энэ үгийг хэлсэн бэ? Хэнд энэ үгийг хэлсэн бэ? Энэ нь байшингийнх нь гаднаас Лотод сонсгох гэж хашхирах Содомын ард иргэдийн үг байсан. Эдгээр үгийг сонсоход ямар санагдаж байна вэ? Чиний уур хүрч байна уу? Эдгээр үг зэвүүг чинь хүргэж байна уу? Уур хилэн чинь буцалж байна уу? Эдгээр үгээс Сатан нэвт мэдрэгдэж байгаа бус уу? Тэдгээрээс чи энэ хот дахь ёрын муу, хар барааныг мэдэрч чадаж байна уу? Үгээр нь дамжуулан чи энэ хүмүүсийн хэрцгий, бүдүүлэг зан авирыг мэдэрч чадаж байна уу? Тэдний үйлдлээс завхрал нь хэр гүн байгааг мэдэрч чадаж байна уу? Тэдний хорон муу уг чанар, харгис хэрцгий зан чанар өөрсдөө ч хянахын аргагүй түвшинд хүрсэн гэдгийг хэлсэн үгийнх нь агуулгаас харах хэцүү биш. Лотыг эс тооцвол, энэ хотын хүн бүхэн Сатанаас ялгаагүй байсан; өөр хүнийг харах төдийд энэ хүмүүс хорлож, сүйтгэхийг хүсэж байв… Эдгээр зүйл нь, энэ хотын аюулт, аймшигт чанараас гадна эргэн тойрных нь үхлийн аураг хүнд мэдрүүлээд зогсохгүй хорон муу, цусанд шунасан байдлыг нь бас мэдрүүлдэг.
Хүний сүнсийг залгих галзуу хүслээр дүүрэн хүмүүс, хүний үнэргүй бүлэг дээрэмчинтэй нүүр тулаад Лот хэрхэн хариу барьсан бэ? Сударт өгүүлснээр: “Ийм муухай зүйл битгий хийгээч гэж би та нараас гуйж байна. Хараач, би эр хүн үзээгүй хоёр охинтой; тэднийг та нарт авчрахыг минь зөвшөөрөөч, та нар сайн гэж үзсэн зүйлээ тэдэнтэй хий: манай гэрт ирсэн учраас энэ хүмүүст л юу ч битгий хийгээрэй” гэжээ. Лот энэ үгээрээ юу хэлэх гэсэн бэ гэвэл: Элч нарыг хамгаалахын тулд тэрээр хоёр охиноо өгөхөд бэлэн байв. Ямар ч эрүүл ухаанаар тооцож үзвэл, тэр хүмүүс Лотын болзлыг зөвшөөрч, хоёр элчийг тайван орхих ёстой байлаа; эцсийн эцэст, элч нар тэдний хувьд огт танихгүй, тэдэнтэй ямар ч хамаагүй, ашиг сонирхолд нь ямар ч хохирол учруулаагүй хүмүүс байсан. Гэвч, хорон муу уг чанартаа автсан тэд уг асуудлыг ингээд орхиогүй, харин ч хүчин чармайлтаа улам нэмэгдүүлсэн. Энд байгаа тэдний өөр нэг харилцан яриа нь, энэ хүмүүсийн жинхэнэ, хорон уг чанарын талаар илүү гүнзгий ойлголтыг хүмүүст гарцаагүй өгч чадахын зэрэгцээ Бурхан яагаад энэ хотыг сүйрүүлэхийг хүссэн шалтгааныг ухаарч, ойлгох боломжийг хүмүүст олгодог.
Тэд дараа нь юу гэж хэлсэн бэ? Библид өгүүлснээр: “Тэд, ‘Хойшоо бай. Энэ хүмүүс түр хугацаагаар ирчихээд бас шүүгч болох юм гэнэ: бид чамд тэднээс муугаар хандана’ гээд Лотыг хүртэл хүчээр түлхэж, хаалгыг нь эвдэхээр дөхөж очлоо.” Тэд яагаад Лотын хаалгыг эвдэхийг хүссэн бэ? Учир нь тэд, тэр хоёр элчид хор хүргэхээр байж ядаж байсан юм. Тэрхүү элч нар яах гэж Содомд ирсэн бэ? Тэдний ирсэн зорилго нь Лот болон түүний гэр бүлийг аврах явдал байсан боловч, хотын хүмүүс тэднийг албан тушаал хүлээн авахаар ирсэн хэмээн андуурсан юм. Хотын хүмүүс цэвэр таамаглал дээр үндэслэж зорилгыг нь асуулгүйгээр энэхүү хоёр элчид хэрцгийгээр хор хүргэхийг хүссэн; тэд өөрсөдтэй нь огтоос хамаагүй хоёр хүнд хор хүргэхийг хүссэн. Энэ хотын хүмүүс хүн чанар, эрүүл ухаанаа бүрмөсөн алдсан байсан нь тодорхой. Тэдний галзуурал, зэрлэг догшин байдлын түвшин нь хүмүүсийг хорлож, сүйтгэдэг Сатаны хорон уг чанараас хэдийнээ ялгаагүй болсон байлаа.
Тэд Лотоос энэ хүмүүсийг өгөхийг шаардахад Лот юу хийсэн бэ? Лот тэднийг өгөөгүйг бид бичвэрээс мэднэ. Бурханы энэ хоёр элчийг Лот мэддэг байсан уу? Мэдээж үгүй! Гэтэл тэр яагаад энэ хоёр хүнийг аварч чадсан бэ? Тэд юу хийхээр ирснийг тэр мэдэж байсан уу? Хэдийгээр ирсэн шалтгааныг нь мэдээгүй боловч Бурханы зарц нар гэдгийг нь Лот мэдэж байсан тул тэднийг гэртээ оруулсан юм. Тэрээр Бурханы энэхүү зарц нарыг “эзэн” хэмээх цолоор дуудаж байсан нь Лот бол Содомын бусад хүмүүстэй адилгүй, Бурханы сурамгай дагагч байсныг нь харуулдаг. Тиймээс Бурханы элч нар өөр дээр нь ирэх үед энэ хоёр зарцыг гэртээ оруулахын тулд тэрээр амь насаараа дэнчин тавьсан; түүнчлэн энэхүү хоёр зарцыг хамгаалахын тулд хоёр охиноороо солих санал тавьсан. Энэ бол Лотын зөв шударга үйл хэрэг байсан; энэ нь Лотын уг чанар-мөн чанарын бодит илэрхийлэл, мөн Лотыг аврахын тулд Бурхан Өөрийн зарц нарыг илгээсэн шалтгаан юм. Аюул тулгарсан үед Лот өөр юуг ч үл хайхран энэ хоёр зарцыг хамгаалсан; тэр ч байтугай хоёр охиноо зарц нарын аюулгүй байдлын төлөө солихоор оролдсон. Тэр хотод ийм зүйл хийж чадах хүн Лотоос өөр байсан уу? Байгаагүй гэдгийг баримт нотолдог! Тиймээс Лотыг эс тооцвол Содомд байсан хүн бүр сүйрлийн бай болсон, тэд үүнийг хүртэх ёстой байсан гэдгийг хэлэх нь илүүц биз.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө II
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?