Бие махбодтой болох болон үүний мөн чанар юу вэ
Холбогдох Бурханы үг:
“Бие махбодтой болох” нь Бурхан махбодоор илрэх явдал; Бурхан Өөрийн бүтээсэн хүн төрөлхтний дунд махбодын дүрээр ажилладаг. Иймээс, бие махбодтой болохын тулд Бурхан эхлээд махбод буюу хэвийн хүн чанартай махбод байх ёстой; энэ нь хамгийн үндсэн урьдач нөхцөл юм. Үнэндээ, Бурхан бие махбодтой болохын цаад учир нь Бурхан махбодод амьдарч, ажилладаг бөгөөд чухам мөн чанартаа Бурхан махбод болж, хүн болдог.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы оршдог махбодын мөн чанар
Бие махбодтой болох гэдэг нь Бурханы Сүнс махбод болдог, өөрөөр хэлбэл, Бурхан махбод болдог гэсэн үг; тэрхүү махбодын хийдэг ажил нь махбодод биеллээ олж, махбодоор илэрхийлэгддэг Сүнсний ажил юм. Бурханы махбодоос өөр хэн ч бие махбодтой болсон Бурханы үйлчлэлийг хэрэгжүүлж чадахгүй; өөрөөр хэлбэл, өөр хэн ч биш, зөвхөн Бурханы махбод болсон бие, энэхүү хэвийн хүн чанар л бурханлаг ажлыг илэрхийлж чадна. Бурхан анх ирэх үедээ хорин есөн нас хүрэхээсээ өмнө хэвийн хүн чанартай байгаагүй бол, хэрвээ төрөнгүүтээ л гайхамшиг үзүүлж, хэлд ормогцоо л тэнгэрийн хэлээр ярьж, газар дээр анх хөл тавьсан үеэсээ л хорвоогийн бүх хэрэг явдлыг ухан ойлгож, хүн бүрийн бодол, санаа зорилгыг ялган таньж чаддаг байсан бол, ийм хүнийг хэвийн хүн гэж нэрлэж болохгүй байх байсан бөгөөд ийм махбодыг хүний махан бие гэж нэрлэж болохгүй байх байлаа. Хэрвээ Христ ийм байсан бол Бурхан бие махбодтой болохын мөн чанар, утга учир алдагдах байв. Тэр хэвийн хүн чанартай байдаг нь махбод болсон Бурхан мөн гэдгийг нь нотолдог; Тэрээр хүний хэвийн өсөлтийн үйл явцыг туулдаг нь хэвийн махбод мөн гэдгийг нь улам батлан харуулдаг; түүнчлэн, Тэр бол махбод болсон Бурханы Үг, Бурханы Сүнс гэдгийг Түүний ажил хангалттай нотолдог.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы оршдог махбодын мөн чанар
Бие махбодтой болсон Бурханыг Христ гэдэг ба Христ бол Бурханы Сүнсний өмссөн махбод билээ. Энэхүү махбод нь махан биетэй ямар ч хүнтэй адилгүй. Христ бол мах, цуснаас бүрдсэн бус, харин Сүнсний биелэл учраас ийм ялгаа байгаа юм. Түүнд хэвийн хүн чанар, бүрэн дүүрэн бурханлаг чанарын аль аль нь бий. Түүний бурханлаг чанарыг ямар ч хүн эзэмшдэггүй. Түүний хэвийн хүн чанар нь махбод дахь бүх хэвийн үйл ажиллагааг хангадаг байхад бурханлаг чанар нь Бурханы Өөрийн ажлыг гүйцэтгэдэг. Түүний хүн чанар ч бай, бурханлаг чанар ч бай, аль аль нь тэнгэрлэг Эцэгийн хүсэлд захирагддаг. Христийн мөн чанар бол Сүнс буюу бурханлаг чанар юм. Тиймээс, Түүний мөн чанар нь Бурханы Өөрийн мөн чанар байдаг; энэхүү мөн чанар Өөрийнх нь ажилд саад болохгүй, Тэрээр Өөрийнхөө ажлыг сүйтгэх ямар нэг зүйлийг хийж яавч чадахгүй, Өөрийнх нь хүсэлд харшилдаг үгийг хэзээ ч хэлдэггүй. Тиймээс, бие махбодтой болсон Бурхан нь Өөрийнхөө удирдлагад саад болох ямар нэг ажлыг бүр хэзээ ч хийхгүй. Үүнийг бүх хүн ойлгох ёстой. Ариун Сүнсний ажлын мөн чанар нь хүнийг аврахын төлөө, Бурханы Өөрийн удирдлагын төлөө байдаг. Үүний адилаар, Христийн ажил ч бас хүнийг аврахын төлөө, Бурханы хүслийн төлөө байдаг. Бурхан махбод болсон болохоор мөн чанар нь Түүний махбод дотор биеллээ олж, улмаар Түүний махбод ажлыг нь хариуцахад хангалттай болдог. Тиймээс, бие махбодтой болсон байх хугацаанд Бурханы Сүнсний бүх ажил нь Христийн ажлаар солигддог бөгөөд бие махбодтой болсон хугацааны туршид бүх ажлын цөм нь Христийн ажил байдаг. Үүнийг өөр ямар ч эрин үеийн ажилтай хольж болохгүй. Бурхан махбод болсон тул махбодынхоо ялгамж чанараар ажилладаг; Тэр махбодоор ирдэг тул хийх учиртай ажлаа махбодоор хийж дуусгадаг. Бурханы Сүнс ч бай, Христ ч бай, хоёулаа Бурхан Өөрөө бөгөөд хийх учиртай ажлаа хийж, биелүүлэх учиртай үйлчлэлээ биелүүлдэг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн мөн чанар бол Тэнгэрлэг Эцэгийн хүсэлд дуулгавартай байх явдал юм
Махбод болсон Бурханыг Христ гэдэг, иймээс хүмүүст үнэнийг өгч чаддаг Христийг Бурхан гэдэг. Энэ тухайд ямар ч хэтрүүлсэн зүйл байхгүй, учир нь Тэр хүний хүрэх боломжгүй Бурханы мөн чанар болон Бурханы зан чанарыг, мөн ажлаа хийх мэргэн ухааныг эзэмшсэн байдаг. Өөрсдийгөө Христ гэдэг атлаа Бурханы ажлыг хийж чаддаггүй хүмүүс бол луйварчид юм. Христ бол газар дэлхий дээрх Бурханы илрэл төдий биш, харин хүмүүсийн дунд ажлаа хэрэгжүүлж, гүйцэлдүүлэхдээ Бурханы авсан онцгой махбод билээ. Энэ махбод нь газар дээрх Бурханы ажлыг зүй ёсоор гүйцэтгэж, Бурханы зан чанарыг илэрхийлж, Бурханы сайн төлөөлөл байж, хүнийг амиар хангаж чаддаг учир хүссэн хүн бүр үүнийг орлочхож чадахгүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна
Бие махбодтой болсон Бурхан Тэрбээр Бурханы мөн чанарыг эзэмшинэ, бие махбодтой болсон Бурхан Тэрбээр Бурханы илэрхийллийг эзэмшинэ. Бурхан махбод болдог тул хийхээр зорьж буй ажлаа авчирна, мөн Бурхан махбод болдог тул Өөрийн юу болохыг илэрхийлж, хүнд үнэнийг авчирч, амь хайрлаж, замыг заан харуулж чадна. Бурханы мөн чанаргүй махбод нь харваас бие махбодтой болсон Бурхан биш; үүнд эргэлзэх зүйл үгүй. Хэрвээ хүн, Бурханы махбод болсон бие мөн эсэхийг судалж шинжлэхээр зорьж байгаа бол Түүний илэрхийлдэг зан чанар, хэлдэг үгээс үүнийг нотлох ёстой. Өөрөөр хэлбэл, Бурханы махбод болсон бие мөн эсэх, үнэн зам мөн эсэхийг нотлохын тулд хүн Түүний мөн чанарт үндэслэн ялган таних ёстой. Иймээс Бурханы махбод болсон бие мөн эсэхийг тодорхойлох гол түлхүүр нь гадаад дүр төрхөөс илүүтэйгээр Түүний мөн чанарт (Түүний ажил, Түүний айлдвар, Түүний зан чанар болон өөр олон талд) оршдог. Хэрвээ хүн Түүний гадаад дүр төрхийг л шинжлээд, үүний үр дүнд мөн чанарыг нь орхигдуулбал хүн харанхуй бүдүүлэг, мунхаг гэдгийг энэ нь харуулдаг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг
Бурхан бие махбодтой болохын цаад учир нь Бурхан махбодод амьдарч, ажилладаг бөгөөд чухам мөн чанартаа Бурхан махбод болж, хүн болдог. Бие махбодтой болсон Бурханы амьдрал, ажлыг хоёр үе шатанд хувааж болно. Эхнийх нь үйлчлэлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө Түүний амьдардаг амьдрал. Тэрээр хэвийн хүний гэр бүлд, туйлын хэвийн хүн чанартайгаар амьдарч, хүний амьдралын хэвийн ёс суртахуун, хуулийг дуулгавартай дагаж, хүний хэвийн хэрэгцээ (хоол, хувцас, нойр, орон байр), хүний хэвийн сул талууд болон хүний хэвийн сэтгэл хөдлөлтэй байдаг. Өөрөөр хэлбэл, энэхүү эхний үе шатанд Тэрээр бурханлаг биш, бүхэлдээ хэвийн хүн чанартайгаар амьдарч, хүний бүх хэвийн үйл ажиллагааг эрхэлдэг. Хоёр дахь үе шат нь Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэж эхэлсний дараа Түүний амьдардаг амьдрал юм. Тэр мөн л эгэл хүний бүрхүүлтэй хэвийн хүн чанарт оршин, гаднаа ямар ч ер бусын тэмдэг үзүүлдэггүй. Гэсэн ч Тэр гагцхүү Өөрийн үйлчлэлийн төлөө л амьдардаг ба энэ хугацаанд Түүний хэвийн хүн чанар бүхэлдээ бурханлаг чанарынх нь хэвийн ажлыг хадгалахын төлөө оршдог, учир нь тэр үед Түүний хэвийн хүн чанар үйлчлэлээ хэрэгжүүлж чадахуйц хэмжээнд төлөвшсөн байдаг. Иймээс Түүний амьдралын хоёр дахь үе шат нь хэвийн хүн чанараараа Өөрийнхөө үйлчлэлийг хэрэгжүүлэх явдал бөгөөд энэ нь хэвийн хүн чанар болон бүрэн дүүрэн бурханлаг чанарын хоёулангийнх нь амьдрал юм. Амьдралынхаа эхний үе шатанд Тэр бүрэн энгийн хүн чанараар амьдардгийн шалтгаан бол Түүний хүн чанар нь бурханлаг ажлыг нь хараахан бүрэн хадгалж чаддаггүй, хараахан төлөвшөөгүй байдаг; Түүний хүн чанар төлөвшиж гүйцэн, Өөрийн үйлчлэлийг үүрэх чадвартай болсны дараа л Тэр гүйцэтгэх учиртай үйлчлэлээ хэрэгжүүлж эхэлж чадна. Махбод болохын хувиар Тэр өсөж, төлөвших хэрэгтэй тул Түүний амьдралын эхний үе шат нь хэвийн хүн чанарын амьдрал байдаг байхад хоёр дахь үе шатанд Түүний хүн чанар нь ажлаа хийж, үйлчлэлээ хэрэгжүүлэх чадвартай болдог учраас Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэх үеийн бие махбодтой болсон Бурханы амьдрал нь хүн чанар болон бүрэн бурханлаг чанарыг хоёуланг нь агуулсан амьдрал байдаг. Хэрвээ бие махбодтой болсон Бурхан төрсөн мөчөөсөө л Өөрийн үйлчлэлийг жинхэнээсээ эхэлж, ер бусын тэмдэг, гайхамшгуудыг үзүүлсэн бол Түүнд бие махбодын мөн чанар байхгүй байх байсан юм. Тиймээс Түүний хүн чанар бие махбодынх нь мөн чанарын төлөө оршдог; хүн чанаргүй ямар ч махан бие байж болохгүй бөгөөд хүн чанаргүй хүн бол хүн биш. Ийм маягаар, Бурханы махбодын хүн чанар бол Бурханы махбод болсон биеийн төрөлхийн чанар юм. “Бурхан махбод болох үедээ тэр чигтээ бурханлаг чанартай бөгөөд огтхон ч хүн биш” гэж хэлэх нь доромжлол юм, учир нь энэхүү мэдэгдэл ердөө оршин байдаггүй бөгөөд бие махбодтой болох зарчмыг зөрчдөг. Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэж эхэлснийхээ дараа ч гэсэн, ажлаа хийх үедээ Тэрээр хүний гадаад бүрхүүлтэй бурханлаг чанар дотроо амьдарсаар байдаг; яг тэр үед Түүний хэвийн хүн чанар нь хэвийн махбодоор ажлаа гүйцэтгэх боломжийг Өөрийн бурханлаг чанарт олгох цорын ганц зорилготой байдаг. Иймээс ажил гүйцэтгэгч нь Түүний хүн чанарт оршин буй бурханлаг чанар юм. Түүний хүн чанар биш, харин бурханлаг чанар ажиллаж байгаа ч энэхүү бурханлаг чанар нь Түүний хүн чанар дотор нуугдаж байдаг; мөн чанартаа, Түүний хүн чанар биш, харин бүрэн бурханлаг чанар ажлыг нь хийдэг. Гэхдээ ажлыг гүйцэтгэгч нь Түүний махбод юм. Бурхан хүний бүрхүүлтэй, хүний мөн чанартай, бас Бурханы мөн чанартайгаар махан биед амьдардаг Бурхан болдог учраас Тэр бол хүн, гэхдээ бас Бурхан гэж хэлж болох юм. Тэр бол Бурханы мөн чанартай хүн учраас бүтээгдсэн бүх хүнээс дээгүүр, Бурханы ажлыг гүйцэтгэж чадах өөр ямар ч хүнээс дээгүүр байдаг. Иймээс Түүнийх шиг хүний бүрхүүлтэй бүх хүний дундаас, хүн чанарыг эзэмшдэг бүх хүний дундаас зөвхөн Тэр л бие махбодтой болсон Бурхан Өөрөө бөгөөд бусад нь бүгд бүтээгдсэн хүн билээ. Хэдийгээр тэд бүгдээрээ хүн чанартай ч гэсэн, бүтээгдсэн хүмүүст хүн чанар л байдаг байхад бие махбодтой болсон Бурхан бол өөр: Түүний махбод хүн чанартай байдгаар зогсохгүй, үүнээс ч чухал нь бурханлаг чанартай байдаг. Түүний хүн чанарыг махбодынх нь гадаад төрхөөс болон өдөр тутмын амьдралаас нь харж болно, гэхдээ Түүний бурханлаг чанарыг ухамсарлахад хэцүү байдаг. Яагаад гэвэл, Түүний бурханлаг чанар Түүнд хүн чанар байгаа үед л илэрхийлэгддэг ба хүмүүсийн төсөөлдөгтэй адил ер бусын байдаггүй, үүнийг харах нь хүмүүст туйлын хэцүү байдаг. Өнөөдөр ч гэсэн бие махбодтой болсон Бурханы жинхэнэ мөн чанарыг ойлгох нь хүмүүст хамгийн хэцүү. Намайг энэ талаар ийм ихийг ярьсны дараа ч гэсэн энэ нь та нарын дийлэнхэд нууц хэвээр байдаг гэж Би бодож байна. Үнэндээ, энэ асуудал маш энгийн: Бурхан махбод болдог тул Түүний мөн чанар нь хүн чанар ба бурханлаг чанарын хослол юм. Энэ хослолыг Бурхан Өөрөө буюу газар дээрх Бурхан Өөрөө гэж нэрлэдэг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы оршдог махбодын мөн чанар
Бие махбодтой болсон Бурханы хүн чанар нь махбод дахь хэвийн бурханлаг ажлыг хадгалахын төлөө оршдог; Түүний хэвийн хүний сэтгэхүй нь хэвийн хүн чанар болоод махбодынх нь бүх хэвийн үйл ажиллагааг хадгалдаг. Түүний хэвийн хүний сэтгэхүй нь махбод дахь Бурханы ажлыг хадгалахын тулд оршдог гэж хэлж болох юм. Хэрвээ энэхүү махбодод хүний хэвийн оюун ухаан байгаагүй бол Бурхан махбодоор ажиллаж чадахгүй байх байсан ба махбодоор хийх хэрэгтэй зүйлс нь хэзээ ч гүйцэлдэхгүй байх байлаа. Бие махбодтой болсон Бурханд хүний хэвийн оюун ухаан байдаг хэдий ч Түүний ажилд хүний бодол холилддоггүй; Тэр хүний хэвийн бодлоор бус, харин оюун ухаантай хүн чанарыг эзэмшсэн урьдач нөхцөл дор хэвийн оюун ухаантай хүн чанараар Өөрийн ажлыг явуулдаг. Түүний махбодын бодол хэчнээн сүрлэг байх нь хамаагүй, Түүний ажилд логик юм уу сэтгэлгээ холилддоггүй. Өөрөөр хэлбэл, Түүний ажил нь Түүний махан биеийн оюун ухаанаас төрөн гардаггүй, харин Түүний хүн чанар дахь бурханлаг ажлын шууд илэрхийлэл юм. Түүний бүх ажил нь Түүний биелүүлэх ёстой үйлчлэл бөгөөд нэгийг нь ч Түүний уураг тархи бодож олдоггүй. Жишээлбэл, өвчтэйг эдгээх, чөтгөрийг зайлуулах болон цовдлол нь Түүний хүний оюун ухааны үр дүн байгаагүй, хүний оюун ухаантай ямар ч хүн үүнийг хийж чадахгүй байх байсан юм. Үүний адилаар, өнөөдрийн байлдан дагуулалтын ажил бол бие махбодтой болсон Бурханы хэрэгжүүлэх ёстой үйлчлэл боловч энэ нь хүний хүслийн ажил биш, харин Түүний бурханлаг чанарын хийх ёстой ажил, махан биетэй ямар ч хүний хийж чадахгүй ажил билээ. Иймээс бие махбодтой болсон Бурханд хүний хэвийн оюун ухаан, хэвийн хүн чанар байх ёстой, учир нь Тэр хэвийн оюун ухаантай хүн чанараар Өөрийн ажлыг гүйцэтгэх ёстой. Энэ бол бие махбодтой болсон Бурханы ажлын мөн чанар, бие махбодтой болсон Бурханы жинхэнэ мөн чанар юм.
Есүс ажлаа гүйцэтгэхээс өмнө ердөө л хэвийн хүн чанараараа амьдарч байлаа. Тэр бол Бурхан мөн гэдгийг хэн ч таньж чадаагүй, бие махбодтой болсон Бурхан гэдгийг нь хэн ч олж мэдээгүй; хүмүүс Түүнийг тун жирийн хүн гэж л мэддэг байсан. Түүний туйлын эгэл жирийн, хэвийн хүн чанар нь Бурхан бие махбодтой болсны нотолгоо, мөн Нигүүлслийн эрин үе нь Сүнсний ажлын эрин үе биш, харин бие махбодтой болсон Бурханы ажлын эрин үе гэдгийн нотолгоо байлаа. Энэ нь, Бурханы Сүнс махбодод бүрэн биеллээ олж, бие махбодтой болсон Бурханы эрин үед Түүний махбод Сүнсний бүх ажлыг гүйцэтгэнэ гэдгийн нотолгоо байв. Хэвийн хүн чанартай Христ бол дотор нь Сүнс биеллээ олсон махбод бөгөөд хэвийн хүн чанар, хэвийн эрүүл ухаан, хүний бодлыг эзэмшиж байдаг. “Биеллээ олно” гэдэг нь Бурхан хүн болж, Сүнс махбод болдог гэсэн үг; илүү тодорхой хэлэх юм бол, энэ нь Бурхан Өөрөө хэвийн хүн чанартай махбодод оршиж, үүгээрээ Өөрийн бурханлаг ажлыг илэрхийлдэг үе юм—энэ нь биеллээ олсон буюу бие махбодтой болсон гэсэн үг билээ. Эхний удаад бие махбодтой болох үед Бурханы ажил нь золин аврахын төлөө байсан учраас өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах шаардлагатай байсан. Бүх хүн төрөлхтнийг золин аврахын тулд Тэрээр энэрэнгүй, өршөөнгүй байх хэрэгтэй байв. Цовдлогдохоосоо өмнө Түүний хийсэн ажил нь өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах явдал байсан нь хүнийг нүгэл, бузар муухайгаас аврах авралыг нь зөгнөсөн юм. Энэ нь Нигүүлслийн эрин үе байсан учраас Түүний хувьд өвчтэй хүмүүсийг эдгээж, улмаар тухайн эрин үе дэх нигүүлслийн бэлгэдэл болох тэмдэг, гайхамшгийг үзүүлэх шаардлагатай; учир нь Нигүүлслийн эрин үе бол хүмүүсийн Есүст итгэх итгэлийн бэлгэ тэмдэг болох амар тайван, баяр баясал, материаллаг ерөөлөөр бэлгэдсэн нигүүлслийг өгөхөд төвлөрсөн. Өөрөөр хэлбэл, өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулж, нигүүлсэл хайрлах нь Нигүүлслийн эрин үе дэх Есүсийн махбодын төрөлхийн чадвар байсан ба махбодод биеллээ олсон Сүнсний ажил байсан юм. Гэхдээ тийм ажил гүйцэтгэж байх явцдаа Тэр махбодод амьдарч байсан бөгөөд махбодоос хэтрэн гараагүй. Тэр анагааж эдгээх ямар үйл хийсэн нь хамаагүй, мөн л хэвийн хүн чанартай байсан бөгөөд хэвийн хүний амьдралаар амьдарсан хэвээр байсан. Бие махбодтой болсон Бурханы эрин үед махбод нь Сүнсний бүх ажлыг гүйцэтгэдэг гэж хэлдгийн минь шалтгаан бол, Тэр ямар ч ажил хийлээ гэсэн үүнийгээ махбодоор хийсэн билээ. Гэвч Түүний ажлаас болоод хүмүүс Түүний махбодыг бүрэн дүүрэн бие махбодын мөн чанартай гэж үзээгүй, учир нь энэхүү махбод гайхамшиг үзүүлж, зарим нэг онцгой мөчид махан биеэс даван гарсан зүйлсийг хийж байсан юм. Мэдээж, Түүнийг үйлчлэлээ эхэлсний дараа л дөчин өдрийн турш соригдох, уулан дээр хувирах гэх мэтийн энэ бүх явдал тохиолдсон. Иймээс Есүсийн хувьд, Бурхан бие махбодтой болохын утга учир бүрэн гүйцэлдээгүй, харин зөвхөн хагас биелсэн. Өөрийн ажлыг эхлэхээс өмнө махбодод амьдарсан Түүний амьдрал бүх талаараа тун хэвийн байсан. Ажлаа эхэлснийхээ дараа Тэрээр махбодынхоо гадаад бүрхүүлийг л хадгалсан. Түүний ажил бурханлаг чанарын илэрхийлэл байсан учраас махан биеийн хэвийн ажиллагаанаас даван гарсан юм. Эцсийн эцэст, Бурханы махбод болсон бие нь мах, цустай хүмүүсийн биеэс ялгаатай байлаа. Мэдээж, Түүний өдөр тутмын амьдралд бусдын адилаар хоол, хувцас, нойр, орон байр шаардагдаж, бүх хэвийн хэрэгцээ хэрэгтэй байсан ба Тэрээр хэвийн хүний эрүүл ухаантай, хэвийн хүн шиг бодолтой байсан. Түүний хийсэн ажил ер бусын байснаас бусдаар бол хүмүүс Түүнийг хэвийн хүн гэж үзсээр байлаа. Үнэндээ Тэр юу ч хийсэн бай, жирийн, хэвийн хүн чанараар амьдарсан бөгөөд Тэр ажлаа гүйцэтгэж байсан учраас өөр ямар ч хэвийн хүмүүсийнхээс илүүгээр Түүний эрүүл ухаан тун хэвийн, бодол нь нэн тодорхой байсан. Ийм бодол, эрүүл ухаантай байх нь бие махбодтой болсон Бурханд чухал байсан, учир нь эрүүл ухаан нь тун их хэвийн, бодол нь маш тодорхой байдаг махбодоор бурханлаг ажил илэрхийлэгдэх хэрэгтэй байв—зөвхөн ийм маягаар л Түүний махбод бурханлаг ажлыг илэрхийлж чадах байсан юм. Газар дээр амьдарсан гучин гурван жил хагасынхаа туршид Есүс хэвийн хүн чанараа хадгалсан боловч гурван жил хагасын үйлчлэлийн ажлаас нь үүдэн хүмүүс Түүнийг маш гайхалтай, өмнөхөөсөө хамаагүй илүү ер бусын болсон гэж боджээ. Бодит байдал дээр Есүсийн хэвийн хүн чанар нь Түүнийг үйлчлэлээ эхлэхээс өмнө нь ч, дараа нь ч өөрчлөгдөөгүй хэвээр үлдсэн; Түүний хүн чанар цаг ямагт адилхан байсан боловч Өөрийнхөө үйлчлэлийг эхлэхийн өмнөх ба дараах ялгааных нь улмаас Түүний махбодтой холбоотой хоёр өөр үзэл бодол гарч ирсэн. Хүмүүс юу гэж бодож байсан нь хамаагүй, бие махбодтой болсон Бурхан анхдагч, хэвийн хүн чанараа бүхий л хугацаанд хэвээр хадгалсан, учир нь Бурхан нэгэнт бие махбод болсон болохоор махбодод буюу хэвийн хүн чанартай махбодод амьдарч байсан юм. Тэр Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж байна уу, үгүй юу гэдгээс үл хамааран, Түүний махбодын хэвийн хүн чанарыг арилгаж болохгүй, учир нь хүн чанар бол махан биеийн үндсэн мөн чанар билээ. Есүсийг үйлчлэлээ хэрэгжүүлэхээс өмнө Түүний махбод тун хэвийн хэвээр байж, ердийн хүний бүх үйл ажиллагааг гүйцэтгэж байсан; Тэрээр ердөө ч ер бусын харагдаагүй, ямар ч гайхалтай тэмдэг үзүүлээгүй. Тухайн үед Тэрээр Бурханыг шүтэн мөргөдөг маш эгэл хүн байсан, гэхдээ Түүний эрэл хайгуул өөр ямар ч хүнийхээс илүү үнэнч, илүү чин шударга байсан билээ. Түүний туйлын хэвийн хүн чанар ийнхүү илэрхийлэгдэж байсан юм. Өөрийнхөө үйлчлэлийг явуулахаас өмнө Тэр ямар ч ажил хийгээгүй учраас хэн ч Түүний ялгамж чанарыг мэдээгүй, Түүний махбод бусад бүх хүнийхээс өөр гэдгийг хэн ч таньж чадаагүй, учир нь Тэр ганц ч ид шид үзүүлээгүй, Бурханы ажлын өчүүхэн хэсгийг ч гүйцэтгээгүй байсан. Гэхдээ, үйлчлэлээ гүйцэтгэж эхэлснийхээ дараа Тэрээр хэвийн хүн чанарын гадаад бүрхүүлээ хадгалж, хэвийн хүний эрүүл ухаантай амьдарсаар байсан хэр нь Бурханы Өөрийн ажлыг хийж, Христийн үйлчлэлийг Өөртөө авч, мах цуснаас бүрдсэн, үхэх үйлтэй хүмүүсийн хийж чадахааргүй ажлыг хийж эхэлсэн учраас Тэр хэвийн хүн чанаргүй бөгөөд бүрэн дүүрэн хэвийн махбод биш, харин бүрэн бус махбод гэж хүмүүс боджээ. Түүний гүйцэтгэсэн ажлаас болоод хүмүүс Түүнийг хэвийн хүн чанаргүй, махбод дахь Бурхан гэлцсэн. Энэ нь эндүү ташаа ойлголт юм, учир нь хүмүүс Бурхан бие махбодтой болохын ач холбогдлыг ухаараагүй. Энэхүү буруу ойлголт нь, махбодоор хийгдсэн Бурханы ажил нь хэвийн хүн чанартай махбодоор илэрхийлэгдсэн бурханлаг ажил байснаас үүдэн гарсан. Бурхан махбодоор хувцаслаж, махбод дотор оршсон бөгөөд хүн чанараар хийсэн ажил нь Түүний хүн чанарын хэвийн байдлыг бүрхэгдүүлсэн юм. Ийм учраас хүмүүс Бурханд хүн чанар байхгүй, гагцхүү бурханлаг чанар бий гэж итгэжээ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы оршдог махбодын мөн чанар
Христийн хүн чанарыг бурханлаг чанар нь удирддаг. Хэдий Тэр махбодтой ч, хүн чанар нь тэр чигтээ махан биетэй хүнийхтэй адилгүй. Түүнд Өөрийн гэсэн цор ганц зан араншин байдаг бөгөөд үүнийг ч гэсэн бурханлаг чанар нь удирддаг. Түүний бурханлаг чанарт ямар ч сул тал байхгүй; Христийн сул тал гэж хүн чанарынх нь сул талыг хэлдэг. Энэ сул тал нь Түүний бурханлаг чанарыг тодорхой хэмжээнд хязгаарладаг боловч ийм хязгаарлалт нь хэмжээ хязгааргүй бус, харин тодорхой цар хүрээ, цаг хугацаан дотор байдаг. Бурханлаг чанарынхаа ажлыг хэрэгжүүлэх цаг нь болоход, Түүний хүн чанараас үл хамааран энэ нь хийгддэг. Христийн хүн чанарыг бурханлаг чанар нь бүрэн чиглүүлдэг. Түүний хүн чанарын хэвийн амьдралаас гадна хүн чанарынх нь бусад бүх үйлдэлд бурханлаг чанар нь нөлөө үзүүлж, нөлөөлж, удирдаж байдаг. Христ хүн чанартай хэдий ч бурханлаг чанарынх нь ажлыг энэ нь тасалдуулдаггүй бөгөөд яг нарийндаа энэ нь Христийн хүн чанарыг бурханлаг чанар нь чиглүүлдгээс үүдэлтэй; Түүний хүн чанар нь бусадтай харилцахдаа биеэ хэрхэн авч явах тухайд төлөвшөөгүй байдаг ч бурханлаг чанарынх нь хэвийн ажилд нөлөөлдөггүй. Христийн хүн чанар завхраагүй гэж хэлэхдээ Би, Түүний хүн чанарыг бурханлаг чанар нь шууд захирч чаддаг, мөн Тэрээр жирийн хүнийг бодвол илүү эрүүл ухаантай байдаг гэх утгаар хэлдэг юм. Ажилдаа бурханлаг чанараар удирдуулахад Түүний хүн чанар хамгийн тохиромжтой байдаг; Түүний хүн чанар нь бурханлаг чанарын ажлыг хамгийн сайн илэрхийлж чаддаг, мөн ийм ажилд хамгийн сайн захирагдаж чаддаг. Бурхан махбодод ажиллахдаа махан биетэй хүний биелүүлэх учиртай үүргээс хэзээ ч хараа салгадаггүй; Тэрээр тэнгэр дэх Бурханыг чин зүрх сэтгэлээр шүтэн мөргөх чадвартай. Түүнд Бурханы мөн чанар байдаг бөгөөд Түүний ялгамж чанар бол Бурханы Өөрийн ялгамж чанар юм. Тэр гагцхүү газар дээр ирээд, бүтээгдсэн зүйлийн гадаад бүрхүүлтэй бүтээгдсэн зүйл болж, урьд нь Түүнд байгаагүй хүн чанарыг эзэмшсэн. Тэрээр тэнгэр дэх Бурханыг шүтэн мөргөж чаддаг, энэ нь Бурханы Өөрийн оршихуй бөгөөд хүн дуурайшгүй билээ. Түүний ялгамж чанар бол Бурхан Өөрөө. Махбодын өнцгөөс л Тэрээр Бурханыг шүтэн мөргөдөг; тиймээс, “Христ тэнгэр дэх Бурханыг шүтэн мөргөдөг” гэх үг буруу биш. Тэрээр хүнээс яг Өөрийн оршихуйг л шаарддаг; хүнээс ийм зүйл шаардахынхаа өмнө Өөрөө энэ бүхэндээ аль хэдийн хүрсэн байдаг. Тэр Өөрөө ангид байх зуураа бусдад хэзээ ч шаардлага тавихгүй, учир нь энэ бүхэн Түүний оршихуйг бүрдүүлдэг. Тэр ажлаа хэрхэн хэрэгжүүлдэг нь хамаагүй, Бурханд дуулгаваргүй ханддаг байдлаар авирлахгүй. Тэр хүнээс юу ч шаарддаг байлаа гэсэн, ямар ч шаардлага нь хүний хүрч чадах зүйлээс хэтэрдэггүй. Түүний хийдэг бүхэн Бурханы хүслийг биелүүлдэг бөгөөд Түүний удирдлагын төлөө байдаг. Христийн бурханлаг чанар бүх хүнээс дээр байдаг; тиймээс Тэр бол бүтээгдсэн бүх зүйлээс хамгийн өндөр дээд эрх мэдэл юм. Энэ эрх мэдэл нь Түүний бурханлаг чанар, өөрөөр хэлбэл, Бурханы Өөрийн зан чанар, оршихуй бөгөөд энэ нь Түүний ялгамж чанарыг тодорхойлдог. Тиймээс, Түүний хүн чанар хэчнээн хэвийн ч бай, Түүнд Бурханы Өөрийн ялгамж чанар байдаг гэдэг нь маргаангүй; Тэр ямар өнцгөөс ярьж, Бурханы хүслийг яаж ч дуулгавартай дагадаг байлаа гэсэн, Түүнийг Бурхан Өөрөө биш гэж хэлж болохгүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн мөн чанар бол Тэнгэрлэг Эцэгийн хүсэлд дуулгавартай байх явдал юм
Бие махбодтой болсон хүний Хүү нь Өөрийн хүн чанараар Бурханы бурханлаг чанарыг илэрхийлсэн бөгөөд Бурханы хүслийг хүн төрөлхтөнд дамжуулсан билээ. Үүний зэрэгцээ Тэрээр Бурханы хүсэл, зан чанарын илэрхийллээр дамжуулан сүнсний ертөнц дэх харж, хүрч болохгүй Бурханыг хүмүүст илчилсэн. Хүмүүсийн харсан зүйл нь мах, ястай бодит Бурхан Өөрөө байв. Иймээс бие махбодтой болсон хүний Хүү нь Бурханы Өөрийн ялгамж чанар, байр суурь, дүр төрх, зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохыг тодорхой, хүний чанартай болгосон. Бурханы төрхийн хувьд хүний Хүүгийн гадаад байдалд тодорхой хэмжээний хязгаарлалт байсан хэдий ч Түүний мөн чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох нь бүхэлдээ Бурханы Өөрийн ялгамж чанар, байр суурийг төлөөлж чадаж байсан—зөвхөн илэрхийлэх хэлбэрт нь л зарим нэг ялгаа байсан юм. Энэ нь хүний Хүүгийн хүн чанар, эсвэл Түүний бурханлаг чанарын аль нь ч байсан хамаагүй, Тэр Бурханы ялгамж чанар болон байр суурийг төлөөлж байсан гэдгийг бид үгүйсгэж чадахгүй. Гэхдээ энэ хугацаанд Бурхан махбодоор ажиллаж, махбодын өнцгөөс ярьж, хүн төрөлхтний өмнө хүний Хүүгийн ялгамж чанар болон байр суурьтайгаар зогсож байсан бөгөөд энэ нь хүн төрөлхтний дундах Бурханы үнэн үг болон ажилтай харьцаж, мэдрэх боломжийг хүмүүст олгосон юм. Энэ нь бас Түүний бурханлаг чанар болон даруу атлаа агуу байдлыг ухаарах, түүнчлэн Бурханы үнэн ба бодит байдлын тухай урьдчилсан ойлголт, урьдчилсан тодорхойлолт олж авах боломжийг хүмүүст олгосон. Хэдийгээр Эзэн Есүсийн гүйцэтгэсэн ажил, Түүний ажиллах аргууд, ярьсан өнцөг нь сүнсний ертөнц дэх Бурханы жинхэнэ биеэс ялгаатай байсан боловч Түүний бүх зүйл нь урьд өмнө хүмүүс хэзээ ч харж байгаагүй Бурханыг Өөрийг нь үнэхээр төлөөлж байсан—үүнийг үгүйсгэж болохгүй! Өөрөөр хэлбэл, Бурхан ямар хэлбэрээр илрэн гарах нь хамаагүй, ямар өнцгөөс ярих нь, эсвэл ямар дүр төрхтэйгээр хүн төрөлхтөнтэй нүүр учрах нь хамаагүй, Бурхан өөр юуг ч биш харин Өөрийгөө л төлөөлдөг. Тэрээр ямар ч хүнийг төлөөлж чадахгүй—Тэр завхарсан ямар ч хүнийг төлөөлж чадахгүй. Бурхан бол Бурхан Өөрөө бөгөөд үүнийг үгүйсгэж болохгүй.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III
Бурханы мөн чанар нь өөрөө эрх мэдэл эзэмшдэг боловч Өөрөөс нь гардаг эрх мэдэлд Тэр бүрэн захирагдаж чаддаг. Сүнсний ажил ч бай, махбодын ажил ч бай, аль нь ч нөгөөтэйгөө зөрчилддөггүй. Бурханы Сүнс бол бүх бүтээлийн дээрх эрх мэдэл юм. Бурханы мөн чанартай махбод ч бас эрх мэдэл эзэмшдэг, гэхдээ махбод дахь Бурхан нь тэнгэрлэг Эцэгийн хүслийг дуулгавартай дагадаг бүх ажлыг хийж чаддаг. Үүнд нэг ч хүн хүрч, ухан ойлгож чадахгүй. Бурхан Өөрөө эрх мэдэл боловч Түүний махбод эрх мэдэлд нь захирагдаж чадна. “Эцэг Бурханы хүслийг Христ дуулгавартай дагадаг” гэдэг үгийн цаад учир энэ билээ. Бурхан бол Сүнс бөгөөд авралын ажлыг хийж чаддаг, хүн болох үедээ ч үүнийг хийж чаддаг. Ямартай ч, Бурхан Өөрөө Өөрийнхөө ажлыг хийдэг; Тэр саад ч болдоггүй, хөндлөнгөөс ч оролцдоггүй, өөр хоорондоо зөрчилддөг ажил бүр ч хийдэггүй, учир нь Сүнс, махбод хоёрын хийдэг ажлын мөн чанар адилхан юм. Сүнс ч бай, махбод ч бай, хоёулаа нэг хүслийг биелүүлэхийн төлөө ажиллаж, адилхан ажлыг удирддаг. Сүнс, махбод хоёр харьцуулшгүй хоёр өөр чанартай хэдий ч мөн чанар нь адилхан; хоёулаа Бурханы Өөрийн мөн чанар болон ялгамж чанарыг агуулдаг. Бурханд Өөрт нь дуулгаваргүй байдлын ямар ч элемент байхгүй; Түүний мөн чанар нь сайн. Тэр бол бүх гоо үзэсгэлэн, сайн сайхан, бүх хайрын илэрхийлэл билээ. Бурхан махбодод байхдаа ч гэсэн, Эцэг Бурханд дуулгаваргүй хандах юу ч хийдэггүй. Амиа золиослоод ч хамаагүй, Тэр бүх зүрх сэтгэлээрээ тийнхүү үйлдэхэд бэлэн байх ба өөр ямар ч сонголт хийхгүй. Бурханд Өөрийгөө зөвтгөж, чухалчилдаг, ихэрхүү, биеэ тоосон байдлын ямар ч элемент байдаггүй; шударга бус зангийн ямар ч элемент байдаггүй. Бурханд дуулгаваргүй байдаг бүхэн Сатанаас гардаг; Сатан бол бүх муу муухай, хорон муугийн эх сурвалж билээ. Хүнийг Сатан завхруулж, боловсруулсан учраас л Сатаныхтай адил чанартай байдаг. Христийг Сатан завхруулаагүй, иймээс Тэр зөвхөн Бурханы шинж чанарыг агуулдаг ба Сатаны шинж чанарын аль нь ч байдаггүй. Ажил хэчнээн хэцүү бэрх ч бай, махбод хэчнээн сул дорой ч бай хамаагүй, Бурхан махбодод амьдрах зуураа Бурханы Өөрийн ажилд саад болох зүйл хэзээ ч хийхгүй, Эцэг Бурханы хүслийг дуулгаваргүй байдлаар бүр ч хаяхгүй. Эцэг Бурханы хүслээс урвасны оронд махбодын зовлон эдлэхийг илүүд үзнэ; Есүс “Эцэг минь, хэрвээ боломжтой бол энэ аягыг Надаас өнгөрүүлээч; гэхдээ Миний хүслээр биш, харин Таны хүслээр болог” гэж залбиран хэлсэнтэй энэ нь яг адилхан юм. Хүмүүс өөрийнхөө сонголтыг хийдэг, харин Христ тэгдэггүй. Хэдий Тэр Бурханы Өөрийн ялгамж чанартай ч махбодын өнцгөөс Эцэг Бурханы хүслийг мөн л эрж хайдаг ба Өөрт нь Эцэг Бурханы даалгасан зүйлийг биелүүлдэг. Энэ нь хүний хүрч чадахгүй зүйл юм. Сатанаас гардаг зүйл Бурханы мөн чанартай байж чаддаггүй; харин Бурханд дуулгаваргүй байж, эсэргүүцдэг мөн чанартай байж л чадна. Сатан Бурханд бүрэн дуулгавартай байж чаддаггүй, Бурханы хүслийг дуртайяа дуулгавартай дагаж бүр ч чаддаггүй. Христээс бусад бүх хүн Бурханыг эсэргүүцэх зүйл хийж магадгүй бөгөөд Бурханы даалгасан ажлыг нэг ч хүн шууд өөртөө авч чадахгүй; нэг ч хүн Бурханы удирдлагыг өөрсдийн гүйцэтгэх үүрэг гэж үзэж чаддаггүй. Христийн мөн чанар нь Эцэг Бурханы хүсэлд захирагдах явдал юм; Бурханы эсрэг дуулгаваргүй байдал бол Сатаны шинж чанар мөн. Энэ хоёр чанар нь нийцдэггүй ба Сатаны шинж чанартай хэнийг ч Христ гэж нэрлэж болохгүй. Хүн Бурханы ажлыг оронд нь хийж чаддаггүйн шалтгаан гэвэл хүнд Бурханы ямар ч мөн чанар байдаггүй. Хүн хувийн ашиг сонирхол, хэтийн ирээдүйнхээ тусын тулд Бурханы төлөө ажилладаг, харин Христ бол Эцэг Бурханы хүслийг биелүүлэхийн тулд ажилладаг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн мөн чанар бол Тэнгэрлэг Эцэгийн хүсэлд дуулгавартай байх явдал юм
Бурханы Сүнсний өмссөн махбод нь Бурханы Өөрийнх нь махбод билээ. Бурханы Сүнс бол эрхэм дээд; Тэрээр төгс хүчит, ариун, зөвт билээ. Үүний адилаар Түүний махбод ч бас эрхэм дээд, төгс хүчит, ариун, зөвт юм. Ийм махбод нь зөвт, хүн төрөлхтөнд ач тустай зүйлийг, мөн ариун, алдар суутай, сүр хүчтэй зүйлийг л хийж чаддаг; Тэрээр үнэн, ёс суртахуун, шударга ёсыг зөрчдөг юуг ч хийж чадахгүй, Бурханы Сүнснээс урвах ямар нэг зүйлийг хийж бүр ч чадахгүй. Бурханы Сүнс ариун тул Түүний махбодыг Сатан завхруулах аргагүй; Түүний махбод хүний махан биеэс өөр мөн чанартай. Учир нь, Сатан Бурханыг биш, хүнийг завхруулсан; Сатан Бурханы бие махбодыг завхруулж яавч чадахгүй. Тиймээс хүн, Христ хоёр ижил газар амьдран суудаг баримтаас үл хамааран зөвхөн хүнийг л Сатан эзэмдэж, ашиглаж, бас урхиддаг. Үүнээс ялгаатай нь Христ үүрд Сатаны завхралд авташгүй, учир нь Сатан хамгийн өндөр газарт хүрч, Бурханд ойртон очиж хэзээ ч чадахгүй. Өнөөдөр, Сатаны завхруулсан хүн төрөлхтөн л Надаас урвадаг гэдгийг та нар бүгд ойлгох ёстой. Урвалт нь Христтэй өчүүхэн ч хамаагүй асуудал юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Тун ноцтой асуудал: Урвалт 2
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?