Ялзарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй гэж яагаад хэлдэг тухай

2018-01-01

Холбогдох Бурханы үг:

Бурхан хүнийг аврахдаа Сүнсний арга барил, Сүнсний ялгамж чанарыг шууд ашиглан хийдэггүй, учир нь хүн Түүний Сүнсэнд хүрч чадахгүй, харж чадахгүй, мөн ойртож ч чадахгүй. Хэрвээ Тэр Сүнс байдлаар хүнийг шууд аврахаар оролдсон бол хүн Түүний авралыг хүртэж чадахгүй байх байлаа. Хэрвээ Бурхан бүтээгдсэн хүний гадаад хэлбэртэй болоогүй бол хүний хувьд энэ авралыг хүртэх ямар ч аргагүй байх байв. Учир нь хэн ч Еховагийн үүлэнд дөхөн очиж чадахгүйн адилаар хүн Түүнд ойртох ямар ч аргагүй байдаг. Зөвхөн бүтээгдсэн хүн болсноор, өөрөөр хэлбэл, Өөрийн болох гэж буй махбодод үгээ оруулснаар л Тэр Өөрийг нь дагадаг бүх хүнд үгийг биечлэн хүргэж чадна. Тэр үед л хүн өөрийн биеэр Түүний үгийг харж, сонсож, түүнчлэн Түүний үгийг эзэмшиж, үүгээр дамжуулан бүрэн аврагдаж чадна. Хэрвээ Бурхан махбод болоогүй бол мах цуснаас бүтсэн нэг ч хүн ийм агуу авралыг хүртэж чадахгүй байсан бөгөөд ганц ч хүн аврагдахгүй байх байлаа. Хэрвээ Бурханы Сүнс шууд хүн төрөлхтний дунд ажилласан бол бүх хүн цохиулж, эсвэл Бурхантай холбогдох ямар ч аргагүйн улмаас Сатанд бүрмөсөн олзлогдох байв. Эхний удаа бие махбодтой болсон нь хүнийг нүглээс золин аварсан ба Есүсийн бие махбодын тусламжтайгаар хүнийг золин аварсан юм. Өөрөөр хэлбэл, Тэр хүнийг загалмайнаас аварсан боловч хүний дотор завхарсан сатанлаг зан чанар мөн л үлджээ. Хоёр дахь удаа бие махбодтой болсон нь дахиж нүглийн тахил болж үйлчлэхгүй, харин ч нүглээс золин аврагдсан хүмүүсийг бүрэн аврахын төлөө байдаг. Энэ нь уучлагдсан хүмүүсийг нүглээс нь гэтэлгэж, бүрэн ариусгаж, мөн зан чанарын өөрчлөлтөд хүргэснээр Сатаны харанхуй нөлөөнөөс ангижруулж, Бурханы сэнтийн өмнө буцаан авчрахын тулд хийгддэг. Ийм маягаар л хүн бүрэн ариусаж чадна. Хуулийн эрин үе дууссаны дараа Нигүүлслийн эрин үе эхлэхийн хамтаар Бурхан авралын ажлыг эхлүүлсэн ба энэ нь эцсийн өдрүүдэд хүн төрөлхтний тэрслүү байдлыг шүүж, гэсгээж, тэднийг бүрмөсөн ариусгах хүртэл үргэлжилдэг. Дараа нь л Бурхан авралын ажлаа төгсгөөд амралтад орно. Тиймээс ажлын гурван үе шатанд Өөрийн ажлыг хүмүүсийн дунд биечлэн гүйцэтгэхийн тулд Бурхан хоёр удаа л махбод болсон юм. Яагаад гэвэл, ажлын гурван үе шатны ердөө нэг нь л хүмүүсийн амьдралыг залж чиглүүлэх явдал байсан, харин нөгөө хоёр нь авралын ажлаас бүрддэг. Бурхан махбод болсноор л хүмүүстэй хамт амьдарч, дэлхий ертөнцийн зовлонг туулж, хэвийн махан биед амьдарч чадна. Зөвхөн ийм маягаар л Тэр, бүтээгдсэн зүйлийн хувиар хүмүүст хэрэгтэй байдаг бодитой үгээр хүмүүсийг хангаж чадна. Хүн бие махбодтой болсон Бурханаар дамжуулан Бурханаас бүрэн аврал хүртдэг болохоос биш, залбирлынхаа хариуд тэнгэрээс шууд хүртдэггүй. Хүн махан биетэй учраас Бурханы Сүнсэнд ойртох нь бүү хэл, Түүний Сүнсийг харах ямар ч аргагүй байдаг. Хүн Бурханы махбод болсон биетэй л харилцаж чадах бөгөөд үүгээр л дамжуулан бүх зам, бүх үнэнийг ойлгож, бүрэн авралыг хүлээн авч чадна.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4-өөс эш татав

Бурханы ажлын бай нь Сатаны сүнс, эсвэл ямар нэг биегүй хоосон зүйл биш, харин махан биеэс бүтсэн, Сатаны завхралд өртсөн хүн учраас Бурхан махбод болсон билээ. Чухамдаа хүний махан бие завхарсан учраас Бурхан махан биетэй хүнийг Өөрийн ажлын бай болгосон; түүнчлэн, хүн завхралын бай учраас Бурхан авралын ажлынхаа бүх үе шатанд хүнийг Өөрийн ажлын цорын ганц бай болгосон юм. Хүн бол мах, цуснаас бүтсэн мөнх бус оршихуй бөгөөд хүнийг аварч чадах Нэгэн бол гагцхүү Бурхан билээ. Иймээс, ажлаа хийхийн тулд, Өөрийнхөө ажлыг илүү дээр үр дүнд хүргэхийн тулд Бурхан хүнтэй адил шинж чанартай махбод болох ёстой. Хүн махан биетэй, мөн нүглийг ялан дийлж, махан биеийг орхих чадваргүй учраас Өөрийн ажлыг хийхийн тулд Бурхан махбод болох ёстой. Бие махбодтой болсон Бурханы мөн чанар болон ялгамж чанар нь хүний мөн чанар, ялгамж чанараас асар их ялгаатай байдаг ч Түүний гадаад төрх хүнийхтэй адилхан; Тэрээр хэвийн хүний дүр төрхтэй, хэвийн хүний амьдралаар амьдардаг бөгөөд Түүнийг харсан хүмүүс хэвийн хүнээс ялгаж огт чадахгүй. Хэвийн хүн чанараар бурханлаг ажлаа хийхэд нь Түүнд энэхүү хэвийн төрх байдал, хэвийн хүн чанар хангалттай. Түүний махбод нь хэвийн хүн чанараар ажиллах боломж олгон, хүмүүсийн дунд ажлаа хийхэд нь тусалдаг, түүнчлэн хүмүүсийн дунд авралын ажлаа явуулахад нь Түүний хэвийн хүн чанар тусалдаг. Хэдийгээр Түүний хэвийн хүн чанар хүмүүсийн дунд ихээхэн шуугиан тарьсан ч тийм шуугиан Түүний ажлын хэвийн үр дүнд нөлөөлөөгүй. Товчхондоо Түүний хэвийн махбодын ажил нь хүнд дээд зэргийн ач тустай. Ихэнх хүмүүс Түүний хэвийн хүн чанарыг хүлээн зөвшөөрдөггүй хэдий ч Түүний ажил үр дүнд хүрч мөн л чадах ба Түүний хэвийн хүн чанарын ачаар эдгээр үр дүнд хүрдэг. Үүнд эргэлзэх юмгүй. Махбод дахь Түүний ажлаас хүн, Түүний хэвийн хүн чанарын талаар хүмүүсийн дунд байдаг үзлээс арав дахин, эсвэл бүр хэдэн арав дахин ихийг олж авдаг бөгөөд эцэстээ эдгээр үзэл нь бүгд Түүний ажилд залгиулдаг. Түүний ажлын хүрсэн үр дүн, өөрөөр хэлбэл, Түүний тухай хүний мэдлэг нь Бурханы талаарх хүний үзлээс хавьгүй их байдаг. Махбодоор хийдэг Түүний ажлыг төсөөлж, хэмжих аргагүй, учир нь Түүний махбод махан биетэй ямар ч хүнийхтэй адилгүй; гадаад бүрхүүл нь хэдий адилхан ч мөн чанар нь ижил биш. Түүний махбод хүмүүсийн дунд Бурханы талаарх олон үзлийг төрүүлдэг ч бас ихээхэн мэдлэг олж авах боломжийг хүнд олгодог ба тэр ч бүү хэл адилхан гадаад бүрхүүлтэй ямар ч хүнийг байлдан дагуулж чадна. Учир нь Тэр зүгээр ч нэг хүн биш, харин хүний гадаад бүрхүүлтэй Бурхан бөгөөд хэн ч Түүнийг бүрэн ухан мэдэж, ойлгож чадахгүй. Үл үзэгдэх, гарт үл баригдах Бурханыг бүгд хайрлаж, угтан авдаг. Хэрвээ Бурхан хүнд үл үзэгдэх Сүнс л байвал Бурханд итгэх нь хүнд маш хялбар байх болно. Хүн өөрийн төсөөллийг зөнд нь орхиж, өөрийгөө баясгаж, жаргалтай байлгахын тулд дуртай дүр зургаа Бурханы дүр төрх болгон сонгож чадна. Ийм маягаар, хүмүүс өөрсдийнхөө Бурханы хамгийн дуртай зүйлийг болон хийгээсэй гэж хүсдэг зүйлийг нь ямар ч эргэлзээгүйгээр хийж болох юм. Үүнээс ч илүүтэйгээр, өөрөөс нь өөр хэн ч Бурханд үнэнч, сүсэгтэй биш бөгөөд бусад хүмүүс бүгд Харь үндэстний ноход, Бурханд үнэнч бус гэж хүмүүс итгэдэг. Энэ бол Бурханд итгэх итгэл нь тодорхойгүй агаад хоосон номлолд тулгуурласан хүмүүсийн эрж хайдаг зүйл гэж хэлж болно; тэдний эрж хайдаг зүйл хоорондоо төдийлөн ялгаагүй бүгд ижилхэн байдаг. Ердөө тэдний төсөөлөлд байгаа Бурханы дүр л өөр боловч мөн чанар нь үнэндээ адилхан.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон бурханы аврал илүү их хэрэгтэй

Хүн Бурханд итгэхдээ хэнэггүй байдаг ба хүссэнээрээ Бурханд итгэдэг. Хүмүүс өөр хэний ч биш өөрийн Бурханд итгэж байгаа учраас энэ бол хэний ч саад болж чадахгүй “хүний эрх, эрх чөлөө” юм; энэ бол тэдний хувийн өмч бөгөөд бараг хүн бүр ийм төрлийн хувийн өмчтэй байдаг. Хүмүүс энэ өмчийг үнэт эрдэнэс гэж үздэг, харин Бурханы хувьд үүнээс илүү дорд, үнэ цэнгүй юу ч үгүй, учир нь хүний энэ хувийн өмч бол Бурханыг эсэргүүцдэгийн хамгийн илэрхий шинж юм. Бие махбодтой болсон Бурханы ажлаас болоод Бурхан, биет хэлбэртэй агаад хүн харж, хүрч болох махбод болдог. Тэрээр хэлбэргүй Сүнс биш, харин хүний хүрч, харж болох махбод юм. Гэсэн хэдий ч, хүмүүсийн итгэдэг Бурхадын ихэнх нь хэлбэргүй, бас хэлбэрт үл баригдах, биегүй бурхад байдаг. Ийм маягаар, бие махбодтой болсон Бурхан нь Бурханд итгэдэг ихэнх хүмүүсийн дайсан болсон бөгөөд үүний нэгэн адилаар, Бурхан бие махбодтой болсон баримтыг хүлээн зөвшөөрч чаддаггүй хүмүүс Бурханы дайснууд болсон. Хүн үзэлтэй байх нь түүний бодлоос, эсвэл тэрслүү байдлаас болдог юм биш, харин хүний энэ хувийн өмчөөс болж байгаа юм. Чухамдаа энэ өмчөөс болж ихэнх хүн үхдэг ба хүрч, харж болохгүй, бодит байдал дээр оршдоггүй энэхүү тодорхойгүй Бурхан хүний амийг сүйрүүлдэг. Хүний амийг сүйрүүлдэг нь бие махбодтой болсон Бурхан биш, тэнгэрийн Бурхан бүр ч биш, харин хүний өөрийнх нь төсөөллийн Бурхан юм. Бие махбодтой болсон Бурхан махбодод ирсний цорын ганц шалтгаан нь завхарсан хүний хэрэгцээнээс болсон билээ. Энэ нь Бурханы биш, хүний хэрэгцээнээс болдог бөгөөд Түүний бүх золиослол болон зовлон нь Бурханы Өөрийн ашиг тусын төлөө биш, харин хүн төрөлхтний төлөө байдаг. Бурханы хувьд ашиг, алдагдал, эсвэл шагнал гэж үгүй; Тэрээр хожмын ургацыг хураахгүй, харин анхнаасаа Өөрийнх нь байсан зүйлийг хураана. Хүн төрөлхтний төлөө Түүний хийдэг, золиосолдог бүхэн нь асар их шагнал олж авахын төлөө биш, харин гагцхүү хүн төрөлхтний төлөө байдаг. Хэдийгээр махбод дахь Бурханы ажил төсөөлөхийн аргагүй олон бэрхшээл агуулдаг ч эцэстээ хүрдэг үр дүн нь Сүнсний шууд хийсэн ажлаас хавьгүй илүү давдаг. Махбодын ажил ихээхэн бэрхшээл дагуулдаг бөгөөд махбодод Сүнстэй адил агуу ялгамж чанар байдаггүй, Сүнстэй адил ер бусын үйл хэргийг гүйцэтгэж чаддаггүй, Сүнстэй адил эрх мэдэл эзэмшиж бүр ч чаддаггүй. Гэхдээ бусдаас ялгарах юмгүй энэ махбодын хийсэн ажлын мөн чанар нь Сүнсний шууд хийсэн ажлаас хавьгүй илүү бөгөөд энэхүү махбод Өөрөө бүх хүн төрөлхтний хэрэгцээ юм. Аврагдах хүмүүсийн хувьд, Cүнсний хэрэглээний үнэ цэн нь махбодынхоос хамаагүй доогуур байдаг: Сүнсний ажил уул нуруу, гол мөрөн, нуур, далай тэнгис гээд бүх орчлон ертөнцийг хамрах чадвартай атал махбодын ажил нь Өөрийн харилцдаг хүн бүртэй илүү үр дүнтэйгээр холбогддог. Үүнээс гадна биет хэлбэртэй Бурханы махбодыг хүн илүү их ойлгож, итгэж чадах бөгөөд энэ нь Бурханы тухай хүний мэдлэгийг улам гүнзгийрүүлж, хүнд Бурханы бодит үйл хэргийн талаар илүү гүн гүнзгий сэтгэгдэл үлдээж чаддаг. Сүнсний ажил нууц далд байдаг; мөнх бус хүмүүсийн хувьд үүнийг ухан ойлгоход хэцүү, харахад бүр ч хэцүү, иймээс тэд зөвхөн хий хоосон төсөөлөлд түшиглэж л чадна. Гэхдээ махбодын ажил хэвийн, бодит байдалд үндэслэдэг, баялаг мэргэн ухаантай байдаг бөгөөд энэ нь хүний нүдээр харж болох баримт юм; хүн Бурханы ажлын мэргэн ухааныг өөрийн биеэр туулах боломжтой, элбэг арвин төсөөллөө ашиглах шаардлагагүй байдаг. Энэ бол махбод дахь Бурханы ажлын үнэн зөв байдал болон жинхэнэ үнэ цэн мөн. Сүнс хүнд үл үзэгдэх зүйлсийг болон хүн төсөөлөхөд амаргүй зүйлсийг л хийж чаддаг, тухайлбал Сүнсний гэгээрэл, Сүнсний хөдөлгөлт, Сүнсний удирдамж зэрэг нь оюун ухаантай хүнийг ямар нэгэн тодорхой утга учраар хангадаггүй. Тэдгээр нь зөвхөн сэтгэл хөдөлгөх юм уу өргөн хүрээтэй утга учраар хангахаас биш, үгээр зааварчилгаа өгч чадахгүй. Харин махбод дахь Бурханы ажил асар өөр байдаг: Үүнд үгийн нарийн зөв удирдамж байдаг ба тодорхой хүсэл, тодорхой шаардсан зорилготой байдаг. Иймээс хүн тэмтчин бэдэрч, төсөөллөө ашиглах хэрэггүй, таамаглал дэвшүүлэх бүр ч хэрэггүй. Энэ бол махбод дахь ажлын тодорхой байдал бөгөөд Сүнсний ажлаас ялгагдах асар том ялгаа юм. Сүнсний ажил хязгаарлагдмал цар хүрээнд л тохиромжтой бөгөөд махбодын ажлыг орлож чадахгүй. Махбодын ажил нь Сүнсний ажлаас хавьгүй илүү үнэн зөв, чухал шаардлагатай зорилго болон хавьгүй илүү бодит, үнэ цэнтэй мэдлэгийг хүнд өгдөг. Завхарсан хүний хувьд үнэн зөв үгс, эрэлхийлэх тодорхой зорилго болон харж, хүрч болох зүйлээр хангадаг ажил л хамгийн үнэ цэнтэй юм. Бодитой ажил, цагаа олсон удирдамж л хүний дур сонирхолд таарч тохирдог бөгөөд бодит ажил л хүнийг завхарсан, доройтсон зан чанараас нь аварч чадна. Үүнийг бие махбодтой болсон Бурхан л биелүүлж чадна; бие махбодтой болсон Бурхан л хүнийг урьдын завхарсан, доройтсон зан чанараас нь аварч чадна. Сүнс бол Бурханы төрөлх мөн чанар хэдий ч иймэрхүү ажлыг зөвхөн Түүний махбод л хийж чадна. Хэрвээ Сүнс дангаараа ажилласан бол Түүний ажил үр дүнтэй байх боломжгүй байсан—энэ бол илэрхий үнэн юм. Энэхүү махбодоос болж ихэнх хүн Бурханы дайсан болсон ч гэсэн Түүнийг ажлаа дуусгах үед Түүний эсрэг байдаг хүмүүс дайснууд нь байхаа болиод зогсохгүй, харин ч эсрэгээрээ Түүний гэрчлэгчид болно. Тэд Түүгээр байлдан дагуулагдсан, Түүнтэй нийцэлтэй, Түүнээс салшгүй гэрчлэгчид болно. Тэрээр, махбод дахь ажлынхаа ач холбогдлыг хүнд мэдүүлэх ба хүний оршин тогтнол дахь энэ махбодын ач холбогдол, хүний амийн өсөлтөн дэх Түүний бодит үнэ цэнийг хүн мэдэх болно, түүнчлэн энэ махбод бол хүний салж үл түвдэх амийн амьд булаг болно гэдгийг ч мэднэ. Хэдийгээр Бурханы махбод болсон бие нь Бурханы ялгамж чанар, байр сууринд нийцэхэд хол, мөн Түүний бодит байр суурьтай нийцэхгүй мэт хүнд санагдавч Бурханы жинхэнэ дүр төрхгүй, эсвэл Бурханы жинхэнэ ялгамж чанаргүй энэ махбод нь Бурханы Сүнсний шууд хийж чадахгүй ажлыг хийж чадна. Энэ бол бие махбодтой болсон Бурханы жинхэнэ ач холбогдол, үнэ цэн бөгөөд энэхүү ач холбогдол, үнэ цэнийг хүн ойлгож, хүлээн зөвшөөрч чаддаггүй. Бүх хүн төрөлхтөн Бурханы Сүнсийг дээдэлж, Бурханы махбодыг дорд үздэг хэдий ч тэдний хэрхэн харж, боддогоос үл хамааран махбодын бодит ач холбогдол болон үнэ цэн нь Сүнснийхээс хавьгүй хол давдаг. Мэдээж завхарсан хүн төрөлхтний хувьд л ийм байдаг. Үнэнийг эрж хайдаг, Бурханы илрэлтийг хүсэн хүлээдэг хүн бүрийн хувьд Сүнсний ажил нь зөвхөн сэтгэл хөдөлгөж, онгодоор хангаж, тайлбарлашгүй, төсөөлшгүй гайхалтай байдлын мэдрэмж, мөн агуу, ер бусын, бишрэм атлаа бүх хүний олж авч, хүрч чадахааргүй мэдрэмжийг л өгдөг. Хүн, Бурханы Сүнс хоёрын хооронд асар их зай байгаа мэт, тэд хэзээ ч адилхан байж чадахгүй мэт, хүн Бурхан хоёрыг үл үзэгдэх заагаар тусгаарласан мэт алсаас л бие биеэ харж чадна. Үнэндээ, Сүнс хүн хоёр нэг төрлийн зүйл биш, нэг ертөнцөд хамт хэзээ ч оршихгүй, Сүнсэнд хүний гэх юу ч байдаггүй учраас энэ нь хүнд Сүнсний өгсөн төөрөгдөл юм. Иймээс хүнд хамгийн их хэрэгтэй ажлыг Сүнс шууд хийж чаддаггүй учраас хүнд Сүнс хэрэггүй. Махбодын ажил нь хүнд эрэлхийлэх бодит зорилго, тодорхой үгсийг болон Тэр бол бодитой агаад хэвийн, эгэл жирийн агаад даруухан гэх мэдрэмжийг өгдөг. Хэдий хүн Түүнээс айдаг байж болох ч ихэнх хүмүүсийн хувьд Тэр харилцахад тун хялбар байдаг: Хүн Түүний царайг харж, дуу хоолойг нь сонсож чадах ба Түүнийг алсаас харах шаардлагагүй. Энэхүү махбод нь хүнтэй адил нэг ертөнцөд оршдог учраас хүний хувьд хүрч болохуйц санагддаг бөгөөд хол юм уу ойлгошгүй биш, харин ч харж, хүрч болохуйц байдаг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон бурханы аврал илүү их хэрэгтэй

Бурхан махбод болоогүй байх үед Түүний хэлсэн зүйлс бүрэн бурханлаг чанараас гардаг байсан учраас хүмүүс ихэнхийг нь ойлгодоггүй байлаа. Түүний хэлсэн зүйлийн өнцөг болон нөхцөл байдал нь хүмүүст харагдашгүй, хүршгүй байсан; үүнийг хүмүүсийн харж чаддаггүй сүнсний ертөнцөөс илэрхийлдэг байсан. Махан биед амьдардаг хүмүүсийн хувьд тэд сүнсний ертөнцөд нэвтэрч чадахгүй байсан юм. Гэхдээ Бурхан махбод болсныхоо дараа хүн чанарын өнцгөөс хүн төрөлхтөнтэй ярьсан бөгөөд сүнсний ертөнцөөс гарч, цар хүрээг нь давсан. Бурханыг ойлгож, мэдэх, Түүний санаа зорилго болон тэдний чадварын цар хэмжээнд тааруулан шаардсан стандартыг чадах хэрээрээ ойлгож ухаарах боломжийг хүн төрөлхтөнд олгохын тулд Тэр хүмүүсийн төсөөлж чадах зүйлсээр болон амьдралдаа харсан, тулгарсан зүйлсээр нь дамжуулан, хүмүүсийн хүлээн зөвшөөрч чадах аргыг ашиглан, ойлгож чадах хэлээр нь, олж авч чадах мэдлэгээр нь дамжуулан Өөрийн бурханлаг зан чанар, хүсэл, хандлагыг илэрхийлж чадсан юм. Энэ нь Бурханы хүн чанар дахь ажлын арга барил, зарчим байлаа. Хэдийгээр махбодод ажиллах Бурханы арга зам болон зарчмууд нь ихэвчлэн хүн чанараар, эсвэл үгээр дамжин биелж байсан боловч энэ нь шууд бурханлаг чанараар ажиллаад хүрч чадахааргүй үр дүнд үнэхээр хүрч чадсан юм.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III

Одоо хүн бие махбодтой болсон Бурханы ажил нь үнэхээр ер бусын гэдгийг хардаг бөгөөд үүнд хүний хүрч чадахгүй олон зүйл байдаг, тэдгээр нь нууц болон гайхамшгууд юм. Тиймээс олон хүн захирагдсан. Зарим нь төрснөөсөө хойш хэнд ч, хэзээ ч захирагдаж байгаагүй мөртөө Бурханы өнөөдрийн үгийг харах үедээ өөрийн мэдэлгүй бүрэн захирагддаг бөгөөд үүнийг судалж, эсвэл өөр юм хэлж зүрхэлдэггүй. Хүмүүс үгэн дор унаж, үгийн шүүлт дор нүүрээрээ газар унан мөргөсөн. Хэрэв Бурханы Сүнс хүнтэй шууд ярьсан бол хүн төрөлхтөн бүгд дуу хоолойд захирагдаж, Дамаск явах замдаа Паул гэрэл дунд газар унасантай яг адилаар хүмүүс бүгд илчлэлийн үггүйгээр доош унах байсан юм. Хэрвээ Бурхан ийм маягаар үргэлжлүүлэн ажилласан бол хүн үгийн шүүлтээр дамжуулан өөрийн завхралыг хэзээ ч мэдэж авч чадахгүй, улмаар аврал хүртэхгүй байх байв. Зөвхөн махбод болсноор л Бурхан Өөрийн үгийг хүн нэг бүрийн чихэнд биечлэн хүргэж чадна, ингэснээр чихтэй бүхэн Түүний үгийг сонсож, Түүний үгийн шүүлтийн ажлыг хүлээн авч болох юм. Энэ нь л Түүний үгийн хүрдэг үр дүн болохоос биш, Сүнс илэрч, хүнийг айлган эрхшээлдээ оруулдаг юм биш. Зөвхөн ийм бодит атлаа ер бусын ажлаар дамжуулан хүний дотор олон жил гүн нуугдсан хуучин зан чанар бүрэн ил болдог, ингэснээр хүн үүнийг таньж, өөрчилж болох юм. Эдгээр нь бүгд бие махбодтой болсон Бурханы бодитой ажил бөгөөд бодитой байдлаар ярьж, шүүлт явуулснаар Тэр үгээр хүнийг шүүх үр дүнд хүрдэг. Энэ бол бие махбодтой болсон Бурханы эрх мэдэл бөгөөд Бурхан бие махбодтой болохын ач холбогдол билээ. Бие махбодтой болсон Бурханы эрх мэдлийг ил болгохын тулд, үгийн ажлаар хүрсэн үр дүнг ил болгож, Сүнс махбодод ирчихсэн ба хүнийг үгээр шүүснээр дамжуулан эрх мэдлээ харуулж байгааг ил болгох гэж үүнийг хийдэг. Түүний махбод хэдийгээр жирийн, хэвийн хүн чанарын гадаад хэлбэртэй боловч Түүний үгийн хүрдэг үр дүн нь Тэр бол эрх мэдлээр дүүрэн, Тэр бол Бурхан Өөрөө, Түүний үг бол Бурханы Өөрийн илэрхийлэл гэдгийг хүнд харуулдаг. Энэ аргаар Тэр бол Бурхан Өөрөө, Тэр бол махбод болсон Бурхан Өөрөө, Түүнд хэн ч халдаж болохгүй, Түүний үгийн шүүлтийг хэн ч давж чадахгүй, мөн ямар ч харанхуйн хүч Түүний эрх мэдлийг дийлж чадахгүй гэдгийг бүх хүнд харуулдаг. Тэр бол Үг болсон махбод учраас, мөн Түүний эрх мэдлээс болж, Түүний үгийн шүүлтээс болж хүн Түүнд захирагддаг. Бурханы махбод болсон биеийн авчирсан ажил нь Түүний эзэмшдэг эрх мэдэл билээ. Махбод ч гэсэн эрх мэдэл эзэмшдэг учраас Тэр махбод болсон бөгөөд хүн төрөлхтний дунд бодитой байдлаар ажиллаж чаддаг, ийм маягаар хүн харж, хүрч болдог. Энэ ажил нь, бүх эрх мэдлийг эзэмшдэг Бурханы Сүнсний шууд хийдэг ажлаас илүү бодитой, үр дүн нь ч бас илэрхий байдаг. Яагаад гэвэл, Бурханы махбод болсон бие бодитоор ярьж, ажиллаж чаддаг. Түүний махбодын гадаад хэлбэр төрх ямар ч эрх мэдэл агуулдаггүй бөгөөд хүн ойртож болдог байхад Түүний мөн чанар эрх мэдлийг агуулдаг, гэхдээ эрх мэдэл нь хэнд ч харагддаггүй. Түүнийг ярьж, ажиллаж байх үед хүн Түүнд эрх мэдэл байгааг олж илрүүлж чаддаггүй; энэ нь Түүний бодитой ажилд нэмэр болдог. Энэ бүх бодитой ажил үр дүнд хүрч чадна. Хэн ч Түүнд эрх мэдэл байгааг ухаардаггүй, халдашгүй гэдгийг нь хардаггүй, эсвэл Түүний уур хилэнг хардаггүй боловч далдлагдсан эрх мэдэл, нуугдмал уур хилэн болон ил тод хэлдэг үгээрээ дамжуулан Тэр Өөрийн үгийн зорьсон үр дүнд хүрдэг. Өөрөөр хэлбэл, Өөрийн дуу хоолойн өнгө, ярианы хатуу чанга байдал, Өөрийн үгийн бүх мэргэн ухаанаар дамжуулан хүнийг бүрэн үнэмшүүлдэг. Ийм маягаар харваас ямар ч эрх мэдэлгүй, бие махбодтой болсон Бурханы үгэнд хүн захирагдаж, улмаар хүнийг аврах Бурханы зорилго биелдэг. Илүү бодитоор ярьж, үгийнх нь бодит байдал хүнд үр нөлөө үзүүлэх боломж олгож, хүнд Бурханы үгийн хүч чадлыг харуулах нь Бурхан бие махбодтой болсны ач холбогдлын өөр нэг тал юм. Тиймээс энэ ажлыг бие махбодтой болсноор дамжуулан хийхгүй бол өчүүхэн төдий ч үр дүнд хүрэхгүй бөгөөд нүгэлтнүүдийг бүрэн аварч чадахгүй байх байлаа. Хэрвээ Бурхан махбод болоогүй бол хүнд үзэгдэшгүй, баригдашгүй Сүнс хэвээр үлдэх байв. Хүн махан биетэй бүтээл тул Бурхан, хүн хоёр өөр өөр ертөнцөд харьяалагддаг бөгөөд өөр өөр шинж чанартай байдаг. Бурханы Сүнс махан биетэй хүнтэй огт нийцдэггүй, тэдний хооронд харилцаа тогтоох ямар ч аргагүй бөгөөд хүн сүнс болох чадваргүйг дурдахын ч хэрэггүй. Ийм болохоор Өөрийн анхдагч ажлыг хийхийн тулд Бурханы Сүнс бүтээгдсэн зүйл болох ёстой. Бурхан хамгийн өндөр газарт гарч чадахын сацуу Өөрийгөө даруу болгон бүтээгдсэн хүн болж, хүн төрөлхтний дунд ажиллаж, тэдний дунд амьдарч чаддаг, харин хүн өндөрт гарч, сүнс болж чадахгүй, хамгийн доод газарт буун очиж бүр ч чадахгүй. Ийм учраас Бурхан Өөрийн ажлыг гүйцэтгэхийн тулд махбод болох ёстой. Тэрчлэн, эхний удаа бие махбодтой болох үеэр бие махбодтой болсон Бурханы махбод л цовдлолоор дамжуулан хүнийг золин аварч чадсан, харин Бурханы Сүнсний хувьд хүний төлөө нүглийн тахил болон цовдлогдох ямар ч аргагүй байв. Хүний төлөөх нүглийн тахил болохын тулд Бурхан шууд махбод болж чаддаг боловч хүн шууд тэнгэрт гарч, өөрийнх нь төлөө Бурханы бэлтгэсэн нүглийн тахилыг авч чадахгүй. Ийм болохоор энэ авралыг авахын тулд хүнийг тэнгэр лүү гаргалгүйгээр, тэнгэр, газрын хооронд хэд хэдэн удаа нааш цааш явахыг Бурханаас гуйх нь л боломжтой байв, учир нь хүн унаж доройтсон бөгөөд нүглийн тахилыг олж авах нь бүү хэл, тэнгэр өөд гарч ч ер чадахгүй. Тиймээс Есүс хүн төрөлхтний дунд ирж, хүний ердөө хийж чадахгүй ажлыг биечлэн хийх хэрэгтэй байлаа. Бурхан махбод болох бүрд энэ нь зайлшгүй шаардлагатай байдаг. Хэрвээ эдгээр үе шатны аль нэгийг Бурханы Сүнс шууд хийж чадах байсан бол Тэр бие махбодтой болохын доромжлолд өртөхгүй байх байлаа.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4-өөс эш татав

Шүүгддэг нэгэн нь махан биеэс бүтсэн, завхарсан хүн болохоос Сатаны сүнс шууд шүүгддэггүй учраас шүүлтийн ажил нь сүнсний ертөнцөд биш, харин хүмүүсийн дунд хийгддэг. Хүний махан биеийн завхралыг шүүх ажилд махбод дахь Бурханаас илүү таарч, тохирох өөр хэн ч байхгүй. Хэрэв шүүлтийг Бурханы Сүнс шууд явуулсан бол бүгдийг хамрахгүй байх байв. Түүнчлэн Сүнс хүнтэй нүүр тулан уулзаж чадахгүй учраас ийм ажлыг хүлээн зөвшөөрөх нь хүний хувьд хэцүү байх байсан ба үүнээс болоод үр дүн нь тэр даруй харагдахгүй, тэр ч бүү хэл Бурханы халдашгүй зан чанарыг хүн илүү тодорхой харж чадахгүй байх байлаа. Махбод дахь Бурхан хүн төрөлхтний завхралыг шүүсэн цагт л Сатаныг бүрэн ялж болно. Хэвийн хүн чанар эзэмшдэг хүнтэй адил байснаар махбод дахь Бурхан хүний зөвт бус байдлыг шууд шүүж чаддаг; энэ бол Түүний төрөлхийн ариун байдал болон Түүний ер бусын байдлын тэмдэг юм. Бурхан л хүнийг шүүх байр суурьтай байж, хүнийг шүүхэд тохирно, учир нь Тэр үнэн болон зөвт байдлыг эзэмшдэг тул хүнийг шүүх чадвартай. Үнэн болон зөвт байдалгүй хүмүүс бусдыг шүүхэд тохирохгүй. Хэрвээ энэ ажлыг Бурханы Сүнс хийсэн бол Сатаныг ялах ялалт биш байх байлаа. Сүнс төрөлхөөсөө мөнх бус хүмүүсээс илүү өндөр дээд бөгөөд Бурханы Сүнс бол төрөлхийн ариун, махан биеэс илүү ялгуусан. Хэрвээ Сүнс энэ ажлыг шууд хийсэн бол хүний бүх дуулгаваргүй байдлыг шүүж, хүний бүх зөвт бус байдлыг илчилж чадахгүй байх байсан юм. Учир нь шүүлтийн ажлыг бас Бурханы талаарх хүний үзлээр дамжуулан хийдэг ба хүнд хэзээ ч Сүнсний талаарх үзэл байгаагүй, иймээс Сүнс хүний зөвт бус байдлыг сайн илчилж чадахгүй, ийм зөвт бус бус байдлыг бүрэн ил болгож бүр ч чадахгүй. Бие махбодтой болсон Бурхан бол Өөрийг нь мэддэггүй бүх хүний дайсан юм. Хүний үзэл болон Бурханыг эсэргүүцэх эсэргүүцлийг шүүснээр Тэр хүн төрөлхтний бүх дуулгаваргүй байдлыг ил болгодог. Махбод дахь Түүний ажлын үр дүн нь Сүнсний ажлынхаас илүү илэрхий байдаг. Иймээс бүх хүн төрөлхтнийг шүүх шүүлтийг Сүнс шууд явуулдаггүй, харин энэ нь бие махбодтой болсон Бурханы ажил юм. Махбод дахь Бурханыг хүн харж, хүрч болох ба махбод дахь Бурхан хүнийг бүрэн байлдан дагуулж чадна. Махбод дахь Бурхантай харилцахдаа хүн эсэргүүцлээс дуулгавартай байдал руу, хавчлагаас хүлээн зөвшөөрөл рүү, үзлээс мэдлэг рүү, гололтоос хайр луу хөгжин дэвшдэг—эдгээр нь бие махбодтой болсон Бурханы ажлын үр дүн юм. Түүний шүүлтийг хүлээн зөвшөөрснөөр л хүн аврагдаж, амнаас нь гарсан үгээр дамжуулан Түүнийг аажмаар мэдэж авч, Түүнийг эсэргүүцэх явцдаа Түүгээр байлдан дагуулагдаж, гэсгээлтийг нь хүлээн зөвшөөрснөөр амийн хангалтыг Түүнээс хүртдэг. Энэ бүх ажил нь махбод дахь Бурханы ажил бөгөөд Сүнсний ялгамж чанараар Бурханы хийсэн ажил биш. Бие махбодтой болсон Бурханы хийсэн ажил хамгийн агуу, хамгийн гүн гүнзгий ажил бөгөөд Бурханы ажлын гурван үе шатны шийдвэрлэх чухал хэсэг нь бие махбодтой болох ажлын хоёр үе шат билээ. Хүн гүн гүнзгий завхарсан учраас бие махбодтой болсон Бурханы ажилд асар их саад болдог. Ялангуяа эцсийн өдрүүдийн хүмүүс дээр хийгддэг ажил асар хэцүү, гаднын орчин муу бөгөөд төрөл бүрийн хүний хэв чанар тун дорд байдаг. Гэсэн ч энэ ажил дуусах үедээ ямар ч алдаа мадаггүйгээр, зохих үр дүнд хүрнэ; энэ бол махбодын ажлын үр дүн бөгөөд энэ үр дүн нь Сүнсний ажлынхаас илүү үнэмшилтэй. Бурханы ажлын гурван үе шат махбодоор гүйцэлдэх бөгөөд үүнийг бие махбодтой болсон Бурхан дуусгах ёстой. Хамгийн чухал, хамгийн шийдвэрлэх ажлыг махбодоор хийдэг бөгөөд хүнийг аврах ажлыг махбод дахь Бурхан биечлэн гүйцэтгэх ёстой. Хэдий бүх хүн төрөлхтөнд, махбод дахь Бурхан нь хүнтэй хамаагүй мэт санагддаг ч үнэндээ энэ махбод нь бүх хүн төрөлхтний хувь заяа, оршин тогтнолтой холбоотой.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон бурханы аврал илүү их хэрэгтэй

Махан биед амьдардаг бүх хүний хувьд зан чанараа өөрчлөхөд эрэлхийлэх зорилго шаардлагатай байдаг бөгөөд Бурханыг мэдэхэд Бурханы бодит үйл хэрэг болон жинхэнэ нүүр царайг харах шаардлагатай байдаг. Хоёуланд нь Бурханы махбод болсон бие л хүрч чадах ба хоёуланг нь хэвийн, бодитой махбодоор л биелүүлж чадна. Ийм учраас бие махбодтой болох шаардлагатай бөгөөд энэ нь завхарсан бүх хүн төрөлхтөнд хэрэгтэй. Хүмүүс Бурханыг мэдэх шаардлагатай учраас тодорхойгүй, ер бусын бурхдын дүр төрхийг зүрх сэтгэлээс нь зайлуулах ёстой, хүмүүс завхарсан зан чанараасаа салах шаардлагатай учраас тэд эхлээд завхарсан зан чанараа мэдэх ёстой. Хэрвээ хүмүүсийн зүрх сэтгэлээс тодорхойгүй бурхдын дүр төрхийг зайлуулах тэр ажлыг зөвхөн хүн хийвэл зохих үр дүнд хүрч чадахгүй. Хүмүүсийн зүрх сэтгэлд байгаа тодорхойгүй бурхдын дүр төрхийг дан ганц үгээр ил болгож, хаяж, бүрэн зайлуулж чадахгүй. Хэрвээ ингэвэл эцэстээ эдгээр гүн үндэслэсэн зүйлийг хүмүүсээс зайлуулах боломжгүй хэвээр байх болно. Эдгээр тодорхойгүй, ер бусын зүйлсийг бодитой Бурхан болон Бурханы жинхэнэ дүрээр орлуулж, хүмүүст тэдгээрийг аажмаар мэдүүлснээр л зохих үр дүнд хүрч чадна. Өнгөрсөн хугацаанд эрж хайж байсан Бурхан нь тодорхойгүй, ер бусын гэдгийг хүн танин мэддэг. Энэ үр дүнд, Сүнсний шууд удирдлага биш, хэн нэгэн хүний сургаал бүр ч биш, харин бие махбодтой болсон Бурхан л хүрч чадна. Бие махбодтой болсон Бурханы хэвийн ба бодит байдал нь хүний төсөөлөлд байгаа тодорхойгүй, ер бусын Бурханы эсрэг байдаг учраас бие махбодтой болсон Бурханыг албан ёсоор Өөрийн ажлыг хийх үед хүний үзэл бүгд ил болдог. Бие махбодтой болсон Бурхантай сөргүүлэн тавьснаар л хүний анхдагч үзлийг илчлэх боломжтой. Бие махбодтой болсон Бурхантай харьцуулахгүйгээр хүний үзэл илчлэгдэх боломжгүй; өөрөөр хэлбэл, бодит байдалтай зэрэгцүүлэн тавихгүйгээр тодорхойгүй зүйлс илчлэгдэх боломжгүй. Хэн ч үг ашиглан энэ ажлыг хийж чадахгүй, хэн ч үгээр энэ ажлыг тодорхой илэрхийлж чадахгүй. Бурхан Өөрөө л Өөрийнхөө ажлыг хийж чадахаас биш, Түүний өмнөөс өөр хэн ч энэ ажлыг хийж чадахгүй. Хүний хэл хэр баялаг байх нь хамаагүй, хүн Бурханы бодитой болон хэвийн байдлыг тодорхой илэрхийлэх чадваргүй. Бурхан хүмүүсийн дунд биечлэн ажиллаж, Өөрийнхөө дүр болон оршихуйг бүрэн харуулах л юм бол хүн Бурханыг илүү бодитоор мэдэж, Түүнийг илүү тодорхой харж чадна. Энэ үр дүнд махан биетэй ямар ч хүн хүрч чадахгүй. Мэдээж Бурханы Сүнс ч бас энэ үр дүнд хүрэх чадваргүй. Бурхан завхарсан хүнийг Сатаны нөлөөнөөс аварч чадна, гэхдээ энэ ажлыг Бурханы Сүнс шууд биелүүлж чадахгүй; харин үүнийг Бурханы Сүнсний өмсдөг махбод буюу Бурханы махбод болсон бие л хийж чадна. Энэ махбод нь хүн бас Бурхан, хэвийн хүн чанартай хүн, бас бүрэн бурханлаг чанартай Бурхан юм. Иймээс, энэ махбод хэдийгээр Бурханы Сүнс биш бөгөөд Сүнснээс асар их ялгаатай ч тэр бол хүнийг авардаг бие махбодтой болсон Бурхан Өөрөө буюу Сүнс, түүнчлэн махбод билээ. Түүнийг юу гэж нэрлэх нь хамаагүй, эцсийн эцэст Бурхан Өөрөө хүн төрөлхтнийг авардаг. Учир нь Бурханы Сүнсийг махбодоос салгашгүй бөгөөд махбодын ажил ч бас Бурханы Сүнсний ажил юм; зүгээр л энэ ажлыг Сүнсний ялгамж чанараар хийдэггүй, харин махбодын ялгамж чанараар хийдэг. Сүнсээр шууд хийх хэрэгтэй ажил нь бие махбодтой болохыг шаарддаггүй бөгөөд махбодоор хийх шаардлагатай ажлыг Сүнсээр шууд хийж болохгүй, үүнийг бие махбодтой болсон Бурхан л хийж чадна. Энэ нь энхүү ажилд шаардагддаг зүйл бөгөөд завхарсан хүн төрөлхтний шаарддаг зүйл юм. Бурханы ажлын гурван үе шатанд зөвхөн нэг үе шатыг л Сүнс шууд хийсэн ба үлдсэн хоёр үе шатыг Сүнс биш, харин бие махбодтой болсон Бурхан хийсэн. Сүнсний хийсэн Хуулийн эрин үеийн ажил нь хүний завхарсан зан чанарыг өөрчлөхтэй хамаагүй, Бурханы талаарх хүний мэдлэгтэй ч хамаагүй байсан. Нигүүлслийн эрин үе ба Хаанчлалын эрин үе дэх Бурханы махбодын ажил нь харин хүний завхарсан зан чанар болон Бурханы талаарх түүний мэдлэгтэй хамаатай бөгөөд авралын ажлын чухал, шийдвэрлэх хэсэг юм. Тиймээс завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй, бие махбодтой болсон Бурханы шууд ажил илүү хэрэгтэй байдаг. Хүн төрөлхтөнд өөрсдийг нь хариулах, дэмжих, услах, тэжээх, шүүх, гэсгээх бие махбодтой болсон Бурхан хэрэгтэй бөгөөд бие махбодтой болсон Бурханы илүү их нигүүлсэл, илүү агуу золин аврал хэрэгтэй. Махбод дахь Бурхан л хүний дотнын нэгэн, хүний хоньчин, байнгын туслагч байж чадах бөгөөд энэ бүхэн нь өнөөдөр болон өнгөрсөн үед бие махбодтой болсны хэрэгцээ шаардлага билээ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон бурханы аврал илүү их хэрэгтэй

Бүхий л удирдлагын ажлаас хамгийн чухал ажил нь хүнийг Сатаны нөлөөнөөс аврах явдал юм. Гол ажил нь завхарсан хүнийг бүрэн байлдан дагуулж, улмаар байлдан дагуулагдсан хүний Бурханыг хүндлэх анхдагч зүрх сэтгэлийг нь сэргээж, хэвийн хүний амьдрал буюу Бурханы бүтээлийн хэвийн амьдралтай болгох явдал юм. Энэ ажил чухал бөгөөд удирдлагын ажлын цөм нь билээ. Авралын ажлын гурван үе шатанд, ажлын эхний үе шат болох Хуулийн эрин үе нь удирдлагын ажлын цөмөөс хол байсан; үүнд авралын ажил өчүүхэн төдий үзэгдэж байсан ба энэ нь Сатаны эзэмшлээс хүнийг аврах Бурханы ажлын эхлэл байгаагүй. Хуулийн дор хүн зөвхөн хуулийг мөрдөхөө л мэддэг байсан ба хүнд илүү их үнэн байгаагүй, мөн Хуулийн эрин үе дэх ажил хүний зан чанарыг өөрчлөхтэй бараг хамаагүй, Сатаны эзэмшлээс хүнийг хэрхэн аврах тухай ажилтай бүр ч холбоогүй байсан учраас ажлын эхний үе шатыг Сүнс шууд хийжээ. Тиймээс хүний завхарсан зан чанартай хамаагүй туйлын энгийн ажлын энэ үе шатыг Бурханы Сүнс гүйцэтгэсэн юм. Ажлын энэ үе шат удирдлагын цөмтэй өчүүхэн холбоотой бөгөөд хүнийг аврах албан ёсны ажилтай тийм ч их уялдаа холбоогүй байсан тул ажлаа биечлэн хийхийн тулд Бурхан махбод болох шаардлагагүй байлаа. Сүнсний хийсэн ажил далд утгатай, ойлгошгүй, хүний хувьд ихэд айдас төрүүлэм, ойртохын аргагүй байдаг; Cүнс нь авралын ажлыг шууд хийхэд тохиромжгүй, хүнийг амиар шууд хангахад тохиромжгүй байдаг. Хүний хувьд хамгийн тохиромжтой нь Сүнсний ажлыг хүнд ойр арга зам болгон өөрчлөх явдал бөгөөд өөрөөр хэлбэл, Өөрийн ажлыг хийхийн тулд Бурхан эгэл жирийн, хэвийн хүн болох нь хүнд хамгийн тохиромжтой. Сүнсний ажлыг орлохын тулд Бурхан бие махбодтой болохыг энэ нь шаарддаг бөгөөд хүний хувьд үүнээс илүү тохиромжтой арга гэж үгүй. Ажлын энэ гурван үе шатны дундаас хоёр үе шатыг махбодоор гүйцэтгэдэг ба энэ хоёр үе шат нь удирдлагын ажлын гол шат юм. Хоёр удаа бие махбодтой болсон нь харилцан бие биеэ нөхөж, нэг нэгнээ иж бүрэн болгодог. Бурхан бие махбодтой болсон эхний үе шат нь хоёр дахь үе шатны суурийг тавьсан, мөн Бурхан хоёр удаа бие махбодтой болсон нь нэгэн бүхэл болдог ба өөр хоорондоо нийцэлтэй байдаг гэж хэлж болно. Бурханы ажлын энэ хоёр үе шат нь бүхий л удирдлагын ажилд нэн чухал учраас Бурхан үүнийг Өөрийн махбодын ялгамж чанараар гүйцэтгэдэг. Хоёр удаа бие махбодтой болсон Бурханы ажилгүйгээр удирдлагын бүхий л ажил зогсож, хүн төрөлхтнийг аврах ажил хоосон ярианаас цаашгүй болох байсан гэж хэлж бараг болно. Энэ ажил чухал эсэх нь хүн төрөлхтний хэрэгцээ, хүн төрөлхтний доройтлын бодит байдал, Сатаны дуулгаваргүй байдлын хэмжээ болон ажилд саад хийж байгаа байдалд нь үндэслэдэг. Даалгаварт тохирох зөв нэгнийг, ажилчны гүйцэтгэсэн ажлын шинж чанар болон чухал байдалд үндэслэн тогтоодог. Энэ ажлын чухал байдлын тухайд бол ажлын ямар арга барил ашиглахтай хамаатайгаар—Бурханы Сүнсний шууд хийдэг ажил, эсвэл бие махбодтой болсон Бурханы хийдэг ажил, эсвэл хүнээр дамжин хийгддэг ажил—энэ гурвын дундаас эхлээд таягдан хаягдах зүйл бол хүнээр дамжин хийгддэг ажил бөгөөд ажлын шинж чанарт үндэслэн, Сүнсний ажлын шинж чанарыг махбодынхтой харьцуулан харвал махбодоор хийгддэг ажил нь Сүнсээр шууд хийгддэг ажлыг бодвол хүнд илүү их ач тустай байж, илүү их давуу тал олгодог гэдгийг эцэст нь тодорхойлж болно. Ажлыг махбодоор хийх үү, эсвэл Сүнсээр хийх үү гэдэг нь тухайн үеийн Бурханы бодлоор шийдэгддэг. Ажлын үе шат бүрд ач холбогдол, үндэслэл бий. Тэдгээр нь үндэслэлгүй төсөөлөл биш, мөн тэдгээрийг дураараа гүйцэтгэдэг ч юм биш; тэдгээрт тодорхой мэргэн ухаан бий. Энэ бол Бурханы ажлын ард буй үнэн юм. Ялангуяа бие махбодтой болсон Бурхан хүмүүсийн дунд биечлэн ажиллах ийм агуу ажилд Бурханы төлөвлөгөө бүр ч их байдаг. Иймээс Бурханы мэргэн ухаан болон Түүний оршихуй бүхэлдээ, ажиллаж байх үеийнх нь үйлдэл, бодол, санаа бүрд тусгалаа олдог; энэ бол илүү бодит, системтэй Бурханы оршихуй юм. Эдгээр нарийн бодол санааг төсөөлж, итгэхэд, тэр ч бүү хэл мэдэхэд хүний хувьд хэцүү байдаг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон бурханы аврал илүү их хэрэгтэй

Махбод дахь Түүний ажлын хамгийн сайн зүйл нь Тэр үнэн зөв үгс, захиас болон хүн төрөлхтний төлөөх тодорхой хүслээ Өөрийг нь дагадаг хүмүүст үлдээж чадна, ингэснээр Түүний дагалдагчид хожим нь махбод дахь Түүний бүх ажлыг болон бүх хүн төрөлхтний төлөөх Түүний хүслийг энэ замыг хүлээн зөвшөөрдөг хүмүүст илүү үнэн зөвөөр, илүү бодитоор дамжуулж чадна. Хүмүүсийн дундах махбод дахь Бурханы ажил л Бурхан хүнтэй хамт байж, хамт амьдардаг тухай баримтыг үнэхээр биелүүлдэг. Энэ ажил л Бурханы царайг харж, Бурханы ажлыг үзэж, Бурханы Өөрийн үгийг сонсох гэсэн хүний хүслийг биелүүлдэг. Бие махбодтой болсон Бурхан, Еховагийн нуруу л хүн төрөлхтөнд харагддаг эрин үеийг төгсгөдөг ба тодорхойгүй Бурханд итгэх хүн төрөлхтний итгэлийн эрин үеийг ч бас дуусгавар болгодог. Ялангуяа сүүлчийн удаа бие махбодтой болсон Бурханы ажил нь бүх хүн төрөлхтнийг илүү бодит, илүү жинхэнэ, илүү сайхан эрин үед аваачдаг. Тэрээр хууль болон дүрэм журмын эрин үеийг дуусгавар болгоод зогсохгүй, илүү чухал нь, бодитой агаад хэвийн, зөвт агаад ариун, удирдлагын төлөвлөгөөний ажлыг нээж, хүн төрөлхтний нууц болон хүрэх газрыг харуулдаг, хүн төрөлхтнийг бүтээж, удирдлагын ажлыг дуусгавар болгодог, хэдэн мянган жилийн туршид нуугдмал байсан Бурханыг хүн төрөлхтөнд илчилдэг. Тэрээр тодорхойгүй байдлын эрин үеийг бүрэн дуусгавар болгож, бүх хүн төрөлхтөн Бурханы царайг харахаар эрж хайсан ч харж чаддаггүй байсан тэр эринийг дуусгаж, бүх хүн төрөлхтөн Сатанд үйлчилсэн эрин үеийг төгсгөж, бүх хүн төрөлхтнийг цоо шинэ эрин үе рүү хөтөлдөг. Энэ бүхэн нь Бурханы Сүнсний оронд махбод дахь Бурхан ажилласны үр дүн юм. Бурхан махбодоороо ажиллах үед Түүнийг дагадаг хүмүүс оршдог, бас эс оршдог мэт санагддаг тэдгээр зүйлийн хойноос хөөцөлдөн, тэмтчихээ больж, тодорхойгүй Бурханы хүслийг тааварлахаа больдог. Бурхан махбод дахь ажлаа түгээх үед Түүнийг дагадаг хүмүүс махбодоор хийсэн ажлыг нь бүх шашин, урсгалд дамжуулж, Түүний бүх үгийг бүх хүн төрөлхтний чихэнд хүргэнэ. Түүний сайн мэдээг хүлээн авдаг хүмүүсийн сонсдог бүхэн нь Түүний ажлын баримт байх болно, хүний биечлэн үзэж, сонссон зүйлс байх болно, мөн цуу яриа биш, баримт байх болно. Эдгээр баримт нь Түүний ажлаа түгээдэг нотолгоо, бас ажлаа түгээхдээ ашигладаг багаж хэрэгсэл билээ. Баримт байхгүй бол Түүний сайн мэдээ бүх улс орон, бүх газар нутаг даяар түгэхгүй байх байсан; баримт байхгүйгээр зөвхөн хүний төсөөллөөр бол Тэр бүх орчлон ертөнцийг байлдан дагуулах ажлыг хэзээ ч хийж чадахгүй байх байсан юм. Сүнс бол хүний хувьд мэдрэгдэшгүй, үзэгдэшгүй бөгөөд Сүнсний ажил нь Бурханы хийсэн ажлын талаарх ямар ч нэмэлт баримт, нотолгоог хүнд үлдээх чадваргүй. Хүн Бурханы бодит нүүр царайг хэзээ ч харахгүй ба оршин байдаггүй тодорхойгүй Бурханд үргэлж итгэнэ. Хүн Бурханы нүүр царайг хэзээ ч харахгүй, мөн Бурханы биечлэн хэлсэн үгийг хэзээ ч сонсохгүй. Хүний төсөөлөл эцсийн эцэст хоосон бөгөөд Бурханы жинхэнэ нүүр царайг орлож чадахгүй; Бурханы төрөлх зан чанар болон Бурханы Өөрийн ажлыг хүн дуурайж чадахгүй. Хүмүүсийн дунд Өөрийн ажлыг биечлэн хийдэг бие махбодтой болсон Бурхан л тэнгэр дэх үл үзэгдэх Бурхан болон Түүний ажлыг газар дээр авчирч чадна. Энэ бол Бурхан хүнд илрэн харагддаг, мөн хүн Бурханыг харж, Бурханы жинхэнэ нүүр царайг мэдэж авах хамгийн тохиромжтой арга бөгөөд үүнийг бие махбодтой болоогүй Бурхан биелүүлж чадахгүй. Энэ үе шатыг хүртэл ажлаа хийснээр Бурханы ажил аль хэдийн хамгийн сайн үр дүнд хүрч, бүрэн амжилттай болсон. Махбод дахь Бурханы биечлэн хийсэн ажил Түүний бүхий л удирдлагын ажлын ерэн хувийг аль хэдийн биелүүлсэн. Энэхүү махбод Өөрийнхөө бүх ажлыг илүү сайн эхлэл рүү аваачиж, Өөрийнхөө бүх ажилд дүгнэлт гаргаж, зарлан тунхагласан бөгөөд энэ бүх ажилд эцсийн иж бүрэн нэмэлтийг хийсэн. Тиймээс Бурханы ажлын дөрөв дэх үе шатыг хийх бие махбодтой болсон өөр Бурхан гэж байхгүй бөгөөд гурав дахь удаа бие махбодтой болсон Бурханы гайхалтай ажил гэж хэзээ ч байхгүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон бурханы аврал илүү их хэрэгтэй

Махбод дахь Бурханы ажил махан биеэр хийгдэх ёстой. Хэрэв үүнийг Бурханы Сүнс шууд хийсэн бол ямар ч үр дүн гарахгүй. Үүнийг Сүнс хийсэн ч гэсэн тийм ч их ач холбогдолгүй, эцэстээ ямар ч үнэмшилгүй болох болно. Бүтээгчийн ажил ач холбогдолтой эсэх, юуг төлөөлдөг, юуны төлөө хийгддэг, Бурханы ажил эрх мэдэл, мэргэн ухаанаар дүүрэн эсэхийг болон хамгийн үнэ цэнтэй, ач холбогдолтой эсэхийг бүх бүтээл мэдэхийг хүсдэг. Түүний хийдэг ажил бүх хүн төрөлхтнийг аврахын төлөө, Сатаныг ялахын төлөө, мөн бүх зүйлийн дунд Түүнд гэрчлэл хийхийн төлөө байдаг. Иймээс Түүний хийдэг ажил асар их ач холбогдолтой байх ёстой. Хүний махан бие Сатанаар завхруулагдаж, хамгийн их сохорч, гүн гүнзгий хорлогдсон. Бурхан махбодоор биечлэн ажилладгийн хамгийн үндсэн шалтгаан нь, Түүний авралын бай махан биеэс бүтсэн хүн бөгөөд Бурханы ажилд саад хийхийн тулд Сатан ч бас хүний махан биеийг ашигладгаас болдог. Сатантай хийдэг тулаан нь үнэндээ хүнийг байлдан дагуулах ажил бөгөөд үүний зэрэгцээ хүн бас Бурханы авралын бай юм. Ийм болохоор бие махбодтой болсон Бурханы ажил тун чухал. Сатан хүний махан биеийг завхруулж, хүн Сатаны биелэл болсон ба Бурханд ялагдах бай болсон юм. Ийм маягаар, Сатантай тулалдах, хүн төрөлхтнийг аврах ажил бүгд газар дэлхий дээр болдог бөгөөд Сатантай тулалдахын тулд Бурхан хүн болох ёстой байдаг. Энэ бол хамгийн бодитой ажил юм. Бурхан махбодоор ажиллах үедээ үнэндээ махан биеэр Сатантай тулалдаж байдаг. Тэр махбодоор ажиллах үедээ сүнсний ертөнцөд Өөрийн ажлыг хийж, сүнсний ертөнц дэх бүх ажлаа газар дээр бодит болгодог. Байлдан дагуулагддаг нэгэн нь Түүнд дуулгаваргүй байдаг хүн, харин ялагддаг нэгэн нь Түүнтэй дайсагнадаг Сатаны биелэл (мэдээж энэ нь ч бас хүн) бөгөөд эцэстээ аврагддаг нэгэн нь бас л хүн юм. Ийм болохоор Бурханы хувьд бүтээлийн гадаад бүрхүүлтэй хүн болох нь бүр ч илүү чухал юм, ингэснээр Тэр Сатантай бодитоор тулаан хийж, Өөрт нь дуулгаваргүй байдаг, Өөртэй нь адилхан гадаад бүрхүүлтэй хүнийг байлдан дагуулж, Өөртэй нь яг ижилхэн гадаад бүрхүүлтэй, Сатанд хорлогдсон хүнийг аварч чадна. Түүний дайсан бол хүн, Түүний байлдан дагуулалтын бай бол хүн, мөн Түүний авралын бай бол Өөрийнх нь бүтээсэн хүн билээ. Тиймээс Тэр хүн болох ёстой бөгөөд ийм маягаар Түүний ажил хавьгүй илүү хялбар болдог. Тэр Сатаныг ялан дийлж, хүн төрөлхтнийг байлдан дагуулж чаддаг, түүнчлэн хүн төрөлхтнийг аварч чаддаг. Хэдий энэ махбод хэвийн агаад бодит боловч ердийн нэг махбод биш: Тэр ердөө л нэг хүн чанартай махбод биш, харин хүн чанартай, бас бурханлаг чанартай махбод юм. Энэ нь Түүний хүнээс ялгарах ялгаа бөгөөд Бурханы ялгамж чанарын тэмдэг билээ. Зөвхөн ийм махбод л Түүний хийхээр зорьдог ажлыг хийж, махбод дахь Бурханы үйлчлэлийг биелүүлж, хүмүүсийн дундах Түүний ажлыг бүрэн гүйцэлдүүлж чадна. Хэрэв ийм байгаагүй сэн бол хүмүүсийн дундах Түүний ажил ямагт хоосон, өө сэвтэй байх байлаа. Бурхан хэдийгээр Сатаны сүнстэй тулаан хийж, ялалтаа мандуулж чадах ч завхарсан хүний хуучин уг чанарыг хэзээ ч шийдвэрлэж чадахгүй бөгөөд Бурханд дуулгаваргүй, Түүнийг эсэргүүцдэг хүмүүс хэзээ ч Түүний ноёрхол дор орохгүй, өөрөөр хэлбэл, Тэр хэзээ ч хүн төрөлхтнийг байлдан дагуулж, бүх хүн төрөлхтнийг олж авч чадахгүй билээ. Хэрвээ газар дээрх Түүний ажил шийдвэрлэгдэхгүй бол Түүний удирдлага хэзээ ч дуусгавар болохгүй, бүх хүн төрөлхтөн амралтад орж чадахгүй. Хэрвээ Бурхан Өөрийн бүх бүтээлтэй хамт амралтад орж чадахгүй бол ийм удирдлагын ажил хэзээ ч үр дүнтэй байхгүй бөгөөд үүний үрээр Бурханы алдар суу алга болно. Хэдийгээр Түүний махбод ямар ч эрх мэдэлгүй ч Түүний хийдэг ажил үр дүндээ хүрсэн байх болно. Энэ бол Түүний ажлын зайлшгүй чиглэл юм. Түүний махбод эрх мэдэлтэй эсэхээс үл хамааран Бурханы Өөрийн ажлыг хийх чадвартай л бол Тэр бол Бурхан Өөрөө мөн. Энэ махбод хэр хэвийн, эгэл жирийн байх нь хамаагүй, хийх ёстой ажлаа хийж чадна, учир нь энэ махбод бол ердийн нэг хүн биш, харин Бурхан билээ. Хүний хийж чадахгүй ажлыг энэ махбод хийж чаддагийн шалтгаан нь Түүний дотоод мөн чанар ямар ч хүнийхтэй адилгүй бөгөөд Тэр хүнийг аварч чаддагийн шалтгаан нь Түүний ялгамж чанар өөр ямар ч хүнийхээс өөр байдгаас болдог. Тэр бол хүн, үүнээс ч илүүтэйгээр Бурхан учраас, Тэрээр махан биетэй жирийн хүний хийж чадахгүй ажлыг хийж чаддаг учраас, Өөртэй нь хамт газар дэлхий дээр амьдарч байгаа завхарсан хүнийг аварч чадах учраас энэхүү махбод хүн төрөлхтөнд нэн чухал юм. Хэдий хүнтэй ижилхэн ч гэсэн бие махбодтой болсон Бурхан нь хүн төрөлхтний хувьд ямар ч үнэ цэнтэй хүнээс илүү чухал, учир нь Тэр Бурханы Сүнсний хийж чадахгүй ажлыг хийж чаддаг бөгөөд Бурханы Сүнснээс илүүтэйгээр Бурханд Өөрт нь гэрчлэл хийж чаддаг, Бурханы Сүнснээс илүүтэйгээр хүн төрөлхтнийг бүрэн олж авч чаддаг. Үүний үр дүнд хэдий энэ махбод хэвийн, эгэл жирийн ч гэсэн хүн төрөлхтөнд оруулсан Түүний хувь нэмэр, хүн төрөлхтний оршин тогтнол дахь Түүний ач холбогдол нь Түүнийг ихэд эрхэм нандин болгодог бөгөөд энэ махбодын жинхэнэ үнэ цэн, ач холбогдол ямар ч хүний хувьд хэмжээлшгүй юм. Хэдийгээр энэ махбод Сатаныг шууд устгаж чадахгүй ч гэсэн Өөрийн ажлыг ашиглан хүн төрөлхтнийг байлдан дагуулж, Сатаныг ялж, Сатаныг Өөрийн ноёрхолд бүрэн захирагдуулж чадна. Бурхан бие махбодтой болсон болохоор Сатаныг ялан дийлж, хүн төрөлхтнийг аварч чаддаг. Тэр Сатаныг шууд устгадаггүй, харин махбод болж, Сатаны завхруулсан хүн төрөлхтнийг байлдан дагуулах ажил хийдэг. Ийм маягаар Тэр бүтээлүүдийн дунд Өөртөө илүү сайн гэрчлэл хийж, завхарсан хүн төрөлхтнийг илүү сайн аварч чаддаг. Бие махбодтой болсон Бурхан Сатаныг ялах нь Бурханы Сүнс Сатаныг шууд устгаснаас илүү их гэрчлэл хийдэг, мөн илүү үнэмшилтэй байдаг. Махбод дахь Бурхан, Бүтээгчийг мэдэхэд нь хүнд илүү сайн тусалж, бүтээлүүдийн дунд Өөртөө илүү сайн гэрчлэл хийж чаддаг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон бурханы аврал илүү их хэрэгтэй

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих