Бие махбодтой болсон Бурхан ба Бурханы ашигладаг хүмүүсийн хоорондох үндсэн ялгаа
Холбогдох Бурханы үг:
Бие махбодтой болсон Бурханыг Христ гэдэг ба Христ бол Бурханы Сүнсний өмссөн махбод билээ. Энэхүү махбод нь махан биетэй ямар ч хүнтэй адилгүй. Христ бол мах, цуснаас бүрдсэн бус, харин Сүнсний биелэл учраас ийм ялгаа байгаа юм. Түүнд хэвийн хүн чанар, бүрэн дүүрэн бурханлаг чанарын аль аль нь бий. Түүний бурханлаг чанарыг ямар ч хүн эзэмшдэггүй. Түүний хэвийн хүн чанар нь махбод дахь бүх хэвийн үйл ажиллагааг хангадаг байхад бурханлаг чанар нь Бурханы Өөрийн ажлыг гүйцэтгэдэг. Түүний хүн чанар ч бай, бурханлаг чанар ч бай, аль аль нь тэнгэрлэг Эцэгийн хүсэлд захирагддаг. Христийн мөн чанар бол Сүнс буюу бурханлаг чанар юм. Тиймээс, Түүний мөн чанар нь Бурханы Өөрийн мөн чанар байдаг; энэхүү мөн чанар Өөрийнх нь ажилд саад болохгүй, Тэрээр Өөрийнхөө ажлыг сүйтгэх ямар нэг зүйлийг хийж яавч чадахгүй, Өөрийнх нь хүсэлд харшилдаг үгийг хэзээ ч хэлдэггүй. Тиймээс, бие махбодтой болсон Бурхан нь Өөрийнхөө удирдлагад саад болох ямар нэг ажлыг бүр хэзээ ч хийхгүй. Үүнийг бүх хүн ойлгох ёстой.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн мөн чанар бол Тэнгэрлэг Эцэгийн хүсэлд дуулгавартай байх явдал юм
Тэр бол Бурханы мөн чанартай хүн учраас бүтээгдсэн бүх хүнээс дээгүүр, Бурханы ажлыг гүйцэтгэж чадах өөр ямар ч хүнээс дээгүүр байдаг. Иймээс Түүнийх шиг хүний бүрхүүлтэй бүх хүний дундаас, хүн чанарыг эзэмшдэг бүх хүний дундаас зөвхөн Тэр л бие махбодтой болсон Бурхан Өөрөө бөгөөд бусад нь бүгд бүтээгдсэн хүн билээ. Хэдийгээр тэд бүгдээрээ хүн чанартай ч гэсэн, бүтээгдсэн хүмүүст хүн чанар л байдаг байхад бие махбодтой болсон Бурхан бол өөр: Түүний махбод хүн чанартай байдгаар зогсохгүй, үүнээс ч чухал нь бурханлаг чанартай байдаг. Түүний хүн чанарыг махбодынх нь гадаад төрхөөс болон өдөр тутмын амьдралаас нь харж болно, гэхдээ Түүний бурханлаг чанарыг ухамсарлахад хэцүү байдаг. Яагаад гэвэл, Түүний бурханлаг чанар Түүнд хүн чанар байгаа үед л илэрхийлэгддэг ба хүмүүсийн төсөөлдөгтэй адил ер бусын байдаггүй, үүнийг харах нь хүмүүст туйлын хэцүү байдаг. Өнөөдөр ч гэсэн бие махбодтой болсон Бурханы жинхэнэ мөн чанарыг ойлгох нь хүмүүст хамгийн хэцүү. Намайг энэ талаар ийм ихийг ярьсны дараа ч гэсэн энэ нь та нарын дийлэнхэд нууц хэвээр байдаг гэж Би бодож байна. Үнэндээ, энэ асуудал маш энгийн: Бурхан махбод болдог тул Түүний мөн чанар нь хүн чанар ба бурханлаг чанарын хослол юм. Энэ хослолыг Бурхан Өөрөө буюу газар дээрх Бурхан Өөрөө гэж нэрлэдэг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы оршдог махбодын мөн чанар
Хэрвээ Бурхан махбодод ирэхдээ бурханлаг чанарын ажлыг л хийсэн ба зүрх сэтгэлийнх нь дагуу байдаг цөөн хэдэн хүн Түүнтэй хамтран ажиллаагүй бол хүн Бурханы хүслийг ойлгож, эсвэл Бурхантай харилцаж чадахгүй байх байв. Энэ ажлыг гүйцэлдүүлж, чуулгануудыг харж хандаж, хариулж, мөн хүний сэтгэхүй, уураг тархи төсөөлж чадах түвшинд хүрэхийн тулд Бурхан Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуу байдаг хэвийн хүмүүсийг ашиглах ёстой. Өөрөөр хэлбэл, Бурхан бурханлаг чанар дотор хийж байгаа ажлаа “орчуулахын” тулд Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуу байдаг цөөн тооны хүмүүсийг ашигладаг, ингэснээр үүнийг тайлж—бурханлаг хэлийг хүний хэл болгон хөрвүүлж чадах бөгөөд хүмүүс үүнийг ухамсарлаж, ойлгож чадна. Бурханы зүрх сэтгэлийн дагуу байдаг хүмүүс эцсийн эцэст тун цөөхөн байдаг ба хүний ухамсарлах чадвар сул байдаг учраас хэрвээ Бурхан ийнхүү хийгээгүй бол хэн ч Бурханы бурханлаг хэлийг ойлгож чадахгүй байх байлаа. Тийм учраас махбод болсон биеэр ажиллаж байх үедээ л Бурхан энэ аргыг сонгодог. Хүн Бурханы хэлийг ойлгодоггүй учраас хэрвээ зөвхөн бурханлаг ажил л байсан бол хүний хувьд Бурханыг мэдэж, Түүнтэй холбогдох ямар ч аргагүй байх байв. Гагцхүү Түүний үгийг ойлгомжтой болгодог, Бурханы зүрх сэтгэлийн дагуу байдаг хүмүүсийн дэмжлэгтэйгээр л хүн энэ хэлийг ойлгож чадна. Гэхдээ, хүн чанар дотор ажилладаг тийм хүмүүс л байсан бол тэр нь хүний хэвийн амьдралыг хадгалж л чадах байлаа; энэ нь хүний зан чанарыг өөрчилж чадахгүй байх байв. Тэгвэл Бурханы ажил шинэ эхлэлийн цэгтэй байж чадахгүй; нэгэн хэвийн хуучин зүйлс, нэгэн хэвийн улиг болсон үгс л байх байсан юм. Бие махбодтой байх хугацаандаа хэлэх хэрэгтэй бүхнийг хэлж, хийх хэрэгтэй бүхнийг хийдэг бие махбодтой болсон Бурханы тусламжтайгаар л, мөн дараа нь хүмүүс Түүний үгийн дагуу ажиллаж, туулснаар л хүмүүсийн амь зан чанар өөрчлөгдөж чадах ба тэгж байж л тэд цаг хугацааны урсгалыг дагаж чадна. Бурханлаг чанар дотор ажилладаг Нэгэн нь Бурханыг төлөөлдөг, харин хүн чанар дотор ажилладаг хүмүүс Бурханаар ашиглагддаг. Өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон Бурхан нь Бурханы ашигладаг хүмүүсээс мөн чанартаа өөр юм. Бие махбодтой болсон Бурхан бурханлаг чанарын ажлыг хийж чаддаг байхад Бурханы ашигладаг хүмүүс тэгж чаддаггүй. Эрин үе болгоны эхэнд, хүнийг шинэ эхлэл рүү аваачихын тулд Бурханы Сүнс биечлэн үг хэлж, шинэ эринийг эхлүүлдэг. Түүнийг үг хэлж дуусах үед, бурханлаг чанар доторх Бурханы ажил дууссан гэдгийг энэ нь илтгэдэг. Үүний дараа, амийн туршлага руу орохын тулд хүмүүс бүгд Бурханы ашигладаг хүмүүсийн удирдлагыг дагадаг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болсон Бурхан болон Бурханы ашигладаг хүмүүсийн хоорондох үндсэн ялгаа
Бурханы ашигладаг хүний гүйцэтгэдэг ажил нь Христ юм уу Ариун Сүнсний ажилтай хамтран ажиллахын төлөө байдаг. Энэ хүнийг Бурхан хүмүүсийн дундаас өргөдөг бөгөөд тэрээр Бурханы сонгосон бүх хүнийг удирдан хөтлөхийн төлөө, бас хүний хамтын ажиллагааны ажлыг гүйцэтгэхийн тулд Бурханаар өргөгддөг билээ. Хүний хамтын ажиллагааны ажлыг хийх чадвартай ийм хүн байснаар хүнд тавих Бурханы шаардлага болон хүмүүсийн дунд Ариун Сүнсний хийх ёстой ажлын дийлэнх нь түүгээр дамжин биелж болно. Үүнийг өөрөөр хэлэх юм бол: Энэ хүнийг ашиглах Бурханы зорилго нь Бурханыг дагадаг бүх хүнд Бурханы хүслийг илүү сайн ойлгуулж, тэднийг Бурханы илүү олон шаардлагад хүрч чаддаг болгохын төлөө байдаг. Хүмүүс Бурханы үгийг, эсвэл Бурханы хүслийг шууд ойлгох чадваргүй учраас тийм ажил гүйцэтгэхэд ашиглагдах хэн нэгнийг Бурхан өргөсөн. Бурханы ашигладаг энэ хүнийг хүмүүсийг залж чиглүүлдэг Бурханы зууч, Бурхан хүн хоёрыг хэл нэвтрэлцүүлдэг “орчуулагч” хэмээн тодорхойлж бас болно. Тиймээс ийм хүн бол Бурханы гэрт ажилладаг хүмүүс, эсвэл Түүний элчүүдийн хэнтэй ч адилгүй юм. Тэдний адилаар, түүнийг Бурханд үйлчилдэг нэгэн гэж хэлж болох ч түүний ажлын мөн чанар болон Бурханаар ашиглагдаж буйн цаад шалтгаан нь бусад ажилчид, элчүүдээс асар их ялгаатай байдаг. Түүний ажлын мөн чанар болон түүнийг ашиглах цаад шалтгааны тухайд гэвэл, Бурханаар ашиглагддаг хүнийг Бурхан өргөдөг, мөн Бурхан түүнийг Бурханы ажлын төлөө бэлдэж, тэрээр Бурханы Өөрийн ажилд хамтран ажилладаг. Хэн ч, хэзээ ч түүний ажлыг орлож чадахгүй—энэ нь бурханлаг ажлаас салшгүй хүний хамтын ажиллагаа юм. Харин бусад ажилчид юм уу элчүүдийн гүйцэтгэдэг ажил нь зүгээр л цаг үе болгонд чуулгануудын зохицуулалтын олон талыг хэрэгжүүлж, дамжуулах явдал, эсвэл чуулганы амьдралыг хэвээр хадгалахын тулд амиар хангах зарим нэг энгийн ажил байдаг. Энэ ажилчид болон элчүүдийг Бурхан томилдоггүй, тэднийг Ариун Сүнсний ашигладаг хүмүүс гэж нэрлэж бүр ч болохгүй. Тэднийг чуулгануудын дотроос сонгодог бөгөөд хэсэг хугацаанд сургаж, боловсруулсны дараа тохирох хүмүүсийг нь үлдээдэг, харин тохирохгүй хүмүүсийг ирсэн газар луу нь буцаан илгээдэг. Энэ хүмүүсийг чуулгануудын дотроос сонгодог учраас зарим нь удирдагч болсныхоо дараа жинхэнэ нүүр царайгаа харуулж, зарим нь олон муу зүйл ч хийж, эцэстээ таягдан хаягддаг. Нөгөө талаар, Бурханы ашигладаг хүн бол Бурханаар бэлтгэгдсэн, тодорхой хэв чанартай, хүн чанартай хүн юм. Түүнийг Ариун Сүнс урьдчилан бэлтгэж, төгс болгосон байдаг бөгөөд Ариун Сүнс бүрэн удирддаг, ялангуяа түүний ажлын тухайд гэвэл Ариун Сүнс түүнийг чиглүүлж, захирч байдаг—үүний үр дүнд Бурханы сонгосон хүмүүсийг залж чиглүүлэх замд ямар ч гажуудал байдаггүй, учир нь Бурхан Өөрийн ажлыг гарцаагүй хариуцдаг бөгөөд Өөрийн ажлыг цаг ямагт хийж байдаг билээ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүнийг ашиглах талаар
Бурхан газар дээр ирэх үедээ Өөрийнхөө ажлыг л бурханлаг чанараар хийдэг бөгөөд энэ бол бие махбодтой болсон Бурханд тэнгэрлэг Сүнсний даалгасан зүйл юм. Ирэх үедээ Тэр гагцхүү газар нутаг даяар үгээ хэлж, Өөрийн айлдваруудыг өөр өөр аргаар, өөр өөр өнцгөөс айлддаг. Тэр үндсэндээ хүнийг хангаж, хүнд зааж сургах явдлыг Өөрийн зорилго, ажиллах зарчим гэж авч үздэг бөгөөд хүн хоорондын харилцаа юм уу хүмүүсийн амьдралын нарийн ширийнийг анхаардаггүй. Түүний гол үйлчлэл нь Сүнсний өмнөөс ярих явдал юм. Өөрөөр хэлбэл, Бурханы Сүнс махбодод бодитоор илрэх үедээ зөвхөн хүний амийг хангаж, үнэнийг гаргадаг. Тэр хүний ажилд хутгалддаггүй, өөрөөр хэлбэл, хүмүүсийн ажилд оролцдоггүй. Хүмүүс бурханлаг ажил хийж чаддаггүй, Бурхан хүний ажилд оролцдоггүй. Бурхан Өөрийн ажлыг хийхээр энэ газар дэлхийд ирснээсээ хойш энэ бүх хугацаанд үүнийгээ үргэлж хүмүүсээр дамжуулан хийсэн юм. Гэхдээ энэ хүмүүсийг бие махбодтой болсон Бурхан гэж үзэж болохгүй, Бурханы ашигладаг хүмүүс л гэж үзэж болно. Харин өнөөдрийн Бурхан шууд бурханлаг чанарын өнцгөөс үг хэлж, Сүнсний дуу хоолойг илэрхийлж, Сүнсний өмнөөс ажиллаж чадна. Эрин үеүдийн туршид Бурханы ашигласан бүх хүн нь мөн л Бурханы Сүнс махан бие дотор ажилласан тохиолдол мөн—тэгвэл яагаад тэднийг Бурхан гэж нэрлэж болдоггүй юм бэ? Гэхдээ, өнөөдрийн Бурхан ч бас Бурханы сүнс шууд махбодоор ажиллаж буй хэрэг бөгөөд Есүс ч гэсэн махбодоор ажилласан Бурханы Сүнс байсан; энэ хоёрыг хоёуланг нь Бурхан гэж нэрлэдэг. Тэгвэл ялгаа нь юу вэ? Эрин үеүдийн туршид Бурханы ашигласан хүмүүс бүгд хэвийн бодолтой, эрүүл ухаантай байж чадсан. Тэд бүгд биеэ авч явах зарчмыг ойлгосон байв. Тэдэнд хэвийн хүний үзэл санаа байсан бөгөөд хэвийн хүмүүст байх ёстой бүх зүйлийг эзэмшсэн байлаа. Тэдний олонх нь ер бусын ур чадвартай, төрөлхийн ухаантай байсан юм. Энэ хүмүүс дээр ажиллахдаа Бурханы Сүнс, тэдэнд Бурханаас заяасан билиг авьяас болох ур чадварыг нь ашигладаг. Бурханы Сүнс тэдний ур чадварыг нь ажиллуулж, Бурханы төлөө үйлчлэхэд давуу талыг нь ашигладаг. Гэсэн ч Бурханы мөн чанар нь үзэл санаа, бодлоос ангид, хүний далд санаа холилдоогүй байдаг ба хэвийн хүмүүсийн эзэмшдэг зүйл ч дутмаг байдаг. Өөрөөр хэлбэл, хүний биеэ авч явах зарчмыг ч Тэр сайн мэддэггүй. Өнөөдрийн Бурхан газар дээр ирэх үедээ ийм л байдаг. Түүний ажил болон үгэнд хүний санаа зорилго юм уу хүний бодол холилдоогүй байдаг, харин тэдгээр нь Сүнсний санаа зорилгын шууд илрэл бөгөөд Тэрээр Бурханы өмнөөс шууд ажилладаг. Энэ нь, Сүнс шууд үг хэлдэг буюу хүний санаа зорилгыг өчүүхэн төдий ч холилгүйгээр бурханлаг чанар шууд ажил хийдэг гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон Бурхан бурханлаг чанарыг шууд агуулдаг, хүний бодол, үзэл санаанаас ангид байдаг бөгөөд хүний биеэ авч явах зарчмыг огт ойлгодоггүй. Хэрвээ зөвхөн бурханлаг чанар ажиллаж байсан бол (өөрөөр хэлбэл, зөвхөн Бурхан Өөрөө ажиллаж байсан бол) Бурханы ажлыг газар дээр гүйцэтгэх ямар ч аргагүй байх байлаа. Иймээс Бурханыг газар дээр ирэх үед, бурханлаг чанараар хийдэг ажлынхаа хамтаар хүн чанар дотор ажиллахдаа ашиглах цөөн тооны хүн Түүнд байх ёстой. Өөрөөр хэлбэл, бурханлаг чанарын ажлаа хадгалахын тулд Бурхан хүний ажлыг ашигладаг. Тэгэхгүй бол хүн бурханлаг ажилтай шууд холбогдох ямар ч аргагүй байх болно. Есүс болон Түүний шавь нарын хувьд ч ийм л байсан. Дэлхий дээр байх хугацаандаа Есүс хуучин хуулийг хүчингүй болгож, шинэ тушаалуудыг тогтоосон. Тэр бас олон үг хэлсэн юм. Энэ бүх ажил бурханлаг чанараар хийгджээ. Петр, Паул, Иохан гэх мэт бусад хүмүүс дараа нь Есүсийн үгэнд суурилан ажилласан билээ. Өөрөөр хэлбэл, Бурхан тухайн үед Өөрийн ажлыг эхлүүлж, Нигүүлслийн эрин үеийн эхлэлийг тавьсан буюу шинэ эрин үеийг авчран, хуучин эрин үеийг халсан бөгөөд бас “Бурхан бол Эхлэл ба Төгсгөл” хэмээх үгийг биелүүлсэн. Өөрөөр хэлбэл, хүн бурханлаг ажлын суурин дээр хүний ажлыг хийх ёстой. Есүс хэлэх хэрэгтэй бүхнээ хэлж, газар дээрх ажлаа дуусгамагцаа хүнийг орхиж одсон. Үүний дараа, ажиллаж байхдаа бүх хүн Түүний үгэнд илэрхийлэгдсэн зарчмын дагуу үйлдэж, Түүний хэлсэн үнэний дагуу хэрэгжүүлсэн юм. Энэ бүх хүн Есүсийн төлөө ажилласан. Хэрвээ Есүс ганцаараа ажил хийж байсан бол Тэр хэчнээн их үг хэлсэн ч бай, хүмүүс Түүний үгтэй холбогдох аргагүй байх байв, учир нь Тэр бурханлаг чанараар ажиллаж, бурханлаг чанарын үгийг л хэлж чадах байсан ба хэвийн хүмүүс үгийг нь ойлгож чадах хэмжээнд аливааг тайлбарлаж чадахгүй байх байлаа. Иймээс Түүний ажилд нэмэр болохоор араас нь ирсэн элчүүд болон эш үзүүлэгчид Түүнд хэрэгтэй байсан юм. Бурханлаг чанарын ажлыг гүйцэлдүүлэхийн тулд махбод болсон биеийг ашиглан үг хэлж, ажиллаад, дараа нь Өөрийн ажилд нэмэр болгохоор Бурханы зүрх сэтгэлийн дагуу байдаг цөөн хэдэн, эсвэл арай олон хүнийг ашиглах нь бие махбодтой болсон Бурханы ажилладаг зарчим билээ. Өөрөөр хэлбэл, Бурханы сонгосон хүмүүсийг үнэний бодит байдалд оруулахын тулд Бурхан, хүмүүсийг хариулж, услах ажил хийлгэхээр Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуу байдаг хүмүүсийг ашигладаг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болсон Бурхан болон Бурханы ашигладаг хүмүүсийн хоорондох үндсэн ялгаа
Нигүүлслийн эрин үед Иохан Есүст зориулан зам тавьсан. Иохан Бурханы Өөрийн ажлыг хийж чадаагүй, харин ердөө хүний үүргийг л биелүүлсэн юм. Хэдийгээр Иохан Эзэний анхдагч байсан ч Бурханыг төлөөлж чадаагүй; тэр ердөө Ариун Сүнсний ашигладаг хүн байлаа. Есүсийг баптисм хүртсэний дараа Ариун Сүнс Түүн дээр тагтаа мэт буужээ. Дараа нь Тэрээр ажлаа эхэлсэн, ѳѳрѳѳр хэлбэл, Христийн үйлчлэлийг гүйцэтгэж эхэлсэн юм. Тийм учраас Тэр Бурханы ялгамж чанарыг авсан, учир нь Тэр Бурханаас ирсэн билээ. Үүнээс өмнө Түүний итгэл ямар байсан нь хамаагүй—заримдаа сул дорой, заримдаа хүчтэй байсан байж болох ч—бүгд Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэхээс өмнөх хэвийн хүний амьдралд нь харьяалагдаж байв. Түүнийг баптисм хүртсэний (өөрөөр хэлбэл, тосолсны) дараа Бурханы хүч чадал, алдар суу нэн даруй Түүнтэй хамт байсан тул Тэрээр үйлчлэлээ гүйцэтгэж эхэлсэн юм. Тэрээр тэмдэг, гайхамшиг бүтээж, ид шид үзүүлж чаддаг байсан бөгөөд хүч чадал, эрх мэдэлтэй байлаа, учир нь Тэр Бурханы Өөрийн өмнөөс шууд ажиллаж байсан билээ; Тэрээр Сүнсний өмнөөс ажил хийж, Сүнсний дуу хоолойг илэрхийлж байв. Тиймээс Тэр бол Бурхан Өөрөө байсан юм; энэ нь маргаангүй. Иохан бол Ариун Сүнсний ашигладаг хүн байсан. Тэр Бурханыг төлөөлж чадаагүй, түүний хувьд Бурханыг төлөөлөх боломж ч байгаагүй. Хэрвээ тэр ингэхийг хүссэн бол Ариун Сүнс зөвшөөрөхгүй байх байлаа, учир нь Бурханы Өөрийн биелүүлэхээр зорьсон ажлыг тэр хийх чадваргүй байсан юм. Магадгүй түүнд хүний хүсэл ихээхэн байсан, эсвэл ямар нэгэн гажуудал байсан байх; ямар ч тохиолдолд тэр Бурханыг шууд төлөөлж чадахгүй байв. Түүний алдаа эндэл зөвхөн түүнийг төлөөлж байсан боловч ажил нь харин Ариун Сүнсийг төлөөлж байлаа. Гэвч түүний бүх зүйл Бурханыг төлөөлж байсан гэж хэлж болохгүй. Түүний гажуудал, алдаа мадаг нь ч бас Бурханыг төлөөлж чадсан гэж үү? Хүнийг илэрхийлэхдээ алдаа мадагтай байх нь хэвийн зүйл боловч Бурханыг төлөөлөхдөө гажуудалтай бол Бурханыг гутаасан хэрэг болох биш үү? Тэр нь Ариун Сүнсний эсрэг доромжлол байх бус уу? Бусдаар өргөмжлүүлдэг байсан ч гэсэн тухайн хүнийг Бурханы байр сууринд зогсохыг Ариун Сүнс хялбархан зөвшөөрдөггүй. Хэрвээ тэр Бурхан л биш бол эцэст нь бат зогсож чадахгүй. Ариун Сүнс, Бурханыг хүссэнээрээ төлөөлөхийг хүнд зөвшөөрдөггүй! Жишээ нь, Ариун Сүнс Иоханд гэрчлэл хийсэн бөгөөд Есүст зориулан зам тавих нэгэн болохыг нь ч бас илчилсэн боловч түүн дээр Ариун Сүнсний хийсэн ажил нэлээд хянамгай байв. Есүсийн төлөө зам тавигч байж, Түүнд зориулсан замыг бэлдэхийг л Иоханаас хүссэн юм. Өөрөөр хэлбэл, Ариун Сүнс зам тавих ажлыг нь л дэмжиж, тийм ажил хийхийг л түүнд зөвшөөрсөн—өөр ажил хийхийг түүнд зөвшөөрөөгүй. Иохан Елиаг төлөөлсөн бөгөөд зам тавьсан эш үзүүлэгчийг төлөөлсөн юм. Ариун Сүнс үүнд нь түүнийг дэмжсэн; түүний ажил зам тавихын төлөө байсан цагт Ариун Сүнс түүнийг дэмжсэн. Гэвч хэрвээ тэр өөрийгөө Бурхан Өөрөө хэмээж, золин авралын ажлыг дуусгахын төлөө ирсэн гэж хэлсэн бол Ариун Сүнс түүнийг сахилгажуулах ёстой байлаа. Иоханы ажил хэчнээн агуу байсан нь хамаагүй, үүнийг Ариун Сүнс дэмжиж байсан ч гэсэн түүний ажил хил хязгааргүй байгаагүй юм. Ариун Сүнс үнэхээр түүний ажлыг дэмжсэн нь үнэн боловч тухайн үед түүнд өгсөн хүч чадал зам тавих явдлаар л хязгаарлагдаж байв. Тэрээр өөр ажил хийж огт чадаагүй, учир нь тэр бол Есүс биш, харин зам тавьсан Иохан байлаа. Тиймээс Ариун Сүнсний гэрчлэл гол түлхүүр нь боловч хүнээр хийлгэхээр Ариун Сүнсний зөвшөөрдөг ажил бүр ч илүү чухал юм. Иохан тухайн үед цангинасан гэрчлэл хүлээн аваагүй гэж үү? Түүний ажил ч бас асар их байгаагүй гэж үү? Гэхдээ түүний хийсэн ажил Есүсийнхээс хэтрээгүй, учир нь тэр ердөө л Ариун Сүнсний ашигласан хүн байсан бөгөөд Бурханыг шууд төлөөлж чадаагүй тул хийсэн ажил нь хязгаарлагдмал байлаа. Түүнийг зам тавих ажлаа дуусгасны дараа Ариун Сүнс түүний гэрчлэлийг хадгалахаа больж, ямар ч шинэ ажил түүнийг дагаагүй бөгөөд Бурханы Өөрийн ажил эхлэхэд тэр орхин явсан юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 1
Бурханы үгийг хүний үг болгож болохгүй, хүний үгийг Бурханы үг болгож бүр ч болохгүй. Бурханы ашигладаг хүн бол бие махбодтой болсон Бурхан биш, бие махбодтой болсон Бурхан бол Бурханы ашигладаг хүн биш. Энд мөн чанарын ялгаа бий. Эдгээр үгийг уншсаныхаа дараа чи тэдгээрийг Бурханы үг гэж биш, зүгээр л хүний олж авсан гэгээрэл хэмээн хүлээн зөвшөөрч магадгүй. Тэр тохиолдолд чи мэдлэггүй байдлаас болж сохорсон байна. Бурханы үг яаж хүний олж авсан гэгээрэлтэй адил байж болох юм бэ? Бие махбодтой болсон Бурханы үг шинэ эрин үеийг эхлүүлж, бүх хүн төрөлхтнийг залж чиглүүлж, нууцуудыг илчилж, шинэ эрин үед барих чиглэлийг нь хүнд харуулдаг. Хүний олж авсан гэгээрэл нь хэрэгжүүлэлтийн энгийн заавар буюу мэдлэг төдий юм. Энэ нь бүх хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү замчилж, эсвэл Бурханы Өөрийн нууцыг илчилж чадахгүй. Эцсийн эцэст Бурхан бол Бурхан, хүн бол хүн. Бурханд Бурханы мөн чанар байдаг ба хүнд хүний мөн чанар байдаг. Хэрвээ хүн Бурханы хэлсэн үгийг зүгээр л Ариун Сүнсний энгийн гэгээрэл гэж үзээд, элчүүд болон эш үзүүлэгчдийн үгийг Бурханы биечлэн хэлсэн үг гэж авч үзэх юм бол тэр нь хүний алдаа юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг
Ариун Сүнсний урсгал дахь ажил нь Бурханы Өөрийн ажил ч бай, эсвэл ашиглагдаж буй хүмүүсийн ажил ч бай хамаагүй, Ариун Сүнсний л ажил юм. Бурханы Өөрийн мөн чанар бол Сүнс бөгөөд үүнийг Ариун Сүнс, эсвэл долоо дахин эрчимжсэн Сүнс гэж нэрлэж болно. Ямартай ч Тэд бол Бурханы Сүнс юм, харин Бурханы Сүнс өөр өөр эрин үед өөр өөр нэрээр нэрлэгдсэн. Гэхдээ Тэдний мөн чанар нэг хэвээр. Тиймээс, Бурханы Өөрийн ажил бол Ариун Сүнсний ажил; бие махбодтой болсон Бурханы ажил ч Ариун Сүнсний ажлаас өөрцгүй. Ашиглагдаж буй хүмүүсийн ажил ч бас Ариун Сүнсний ажил юм. Гэсэн ч Бурханы ажил бол Ариун Сүнсний бүрэн гүйцэд илэрхийлэл бөгөөд туйлын үнэн, харин ашиглагдаж буй хүмүүсийн ажилд хүний олон зүйл холилдсон байдаг ба Ариун Сүнсний шууд илэрхийлэл биш, Түүний бүрэн гүйцэд илэрхийлэл бүр ч биш. Ариун Сүнсний ажил янз бүр байдаг бөгөөд ямар ч нөхцөлөөр хязгаарлагддаггүй. Ажил нь өөр өөр хүмүүст ялгаатай байдаг; өөр өөр мөн чанарыг харуулдаг; тэдгээр нь эрин үе, түүнчлэн улс орноор ялгаатай байдаг. Мэдээж Ариун Сүнс олон өөр аргаар, олон зарчмын дагуу ажилладаг хэдий ч тухайн ажлыг яаж хийдэг, эсвэл ямар хүмүүс дээр хийдэг нь хамаагүй, мөн чанар нь үргэлж өөр өөр байдаг; өөр өөр хүмүүс дээр хийдэг бүх ажил нь зарчимтай байдаг ба бүгд өөрсдийнхөө байны мөн чанарыг төлөөлж чаддаг. Учир нь Ариун Сүнсний ажил цар хүрээний хувьд нэлээд тодорхой, нэлээд нарийн хэмжүүртэй байдаг. Бурханы махбод болсон биед хийгддэг ажил нь хүмүүс дээр хийгддэг ажилтай адилгүй бөгөөд ажил хийгдэж буй хүмүүсийн хэв чанарын дагуу ажил ч бас ялгаатай байдаг. Бурханы махбод болсон биед хийгддэг ажил нь хүмүүс дээр хийгддэггүй бөгөөд энэ нь хүмүүс дээр хийгддэг ажлаас өөр. Товчхондоо, ажил яаж хийгддэг нь хамаагүй, өөр өөр объект дээрх ажил хэзээ ч адилхан байдаггүй бөгөөд Түүний ажилладаг зарчим нь өөр өөр хүмүүсийн байр байдал, уг чанарын дагуу ялгаатай байдаг. Ариун Сүнс төрөлх мөн чанарт нь үндэслэн өөр өөр хүмүүс дээр ажилладаг бөгөөд тэрхүү мөн чанараас нь хэтэрсэн шаардлагыг тэдэнд тавьдаггүй, бодит хэв чанараас нь давсан ажлыг ч тэдэн дээр хийдэггүй. Иймээс, хүн дээр хийдэг Ариун Сүнсний ажил нь тэрхүү ажлын байны мөн чанарыг харах боломжийг хүмүүст олгодог. Хүний төрөлх мөн чанар өөрчлөгддөггүй; төрөлхийн хэв чанар нь хязгаарлагдмал. Ариун Сүнс хүмүүсийн хэв чанарын хязгаарлалтад нийцүүлэн хүмүүсийг ашиглаж, эсвэл тэдэн дээр ажилладаг болохоор хүмүүс ашиг тусыг нь хүртэж болох юм. Ашиглагдаж буй хүмүүс дээр Ариун Сүнс ажиллах үед тэр хүмүүсийн бүхий л авьяас билиг, төрөлхийн хэв чанар юу ч үлдэлгүйгээр гарч ирдэг. Тэдний төрөлхийн хэв чанар тухайн ажилд үйлчлэхэд хэрэглэгддаг. Тэрхүү ажлаар үр дүнд хүрэхийн тулд Тэрээр хүмүүсийн ашиглаж болох хэсгүүдийг ажилдаа ашигладаг гэж хэлж болох юм. Эсрэгээрээ, Бурханы махбод болсон биед хийгддэг ажил нь Сүнсний ажлыг шууд илэрхийлдэг бөгөөд хүний оюун санаа, бодол холилдоогүй; хүний авьяас билиг ч, хүний туршлага ч, эсвэл төрөлхийн нөхцөл байдал ч үүнд хүрч чадахгүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил ба хүний ажил
Миний яриа Миний оршихуйг төлөөлдөг боловч Миний хэлдэг зүйлд хүн хүрэхийн аргагүй. Миний хэлдэг зүйл бол хүний туулдаг зүйл биш, мөн хүний харж чадах зүйл биш; мөн хүний хүрч чадах зүйл биш, харин Би юу болох юм. Зарим хүн Миний нөхөрлөдөг зүйлийг үзэж туулсан зүйлс маань гэж л ойлгодог, гэхдээ энэ нь Ариун Сүнсний шууд илэрхийлэл гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Мэдээж Миний хэлдэг зүйлс Миний туулсан зүйл мөн. Би удирдлагын ажлыг зургаан мянган жил хийсэн. Би хүн төрөлхтөн бүтээгдэхээс эхлээд одоог хүртэлх бүхнийг туулсан; Би яаж энэ талаар ярьж чадахгүй байх юм бэ? Хүний уг чанарын тухайд гэвэл Би үүнийг тодорхой харсан; Би үүнийг аль эртнээс ажигласан. Тийм байхад Би яаж үүнийг тодорхой ярьж чадахгүй байх юм бэ? Хүний мөн чанарыг тодорхой харсан тул Би хүнийг гэсгээж, шүүхэд тохирно, учир нь бүх хүн Надаас үүссэн боловч Сатанаар завхруулагдсан. Мэдээж Би бас Өөрийн хийсэн ажлыг үнэлж дүгнэхэд тохирно. Хэдийгээр энэ ажлыг Миний махбод хийгээгүй ч, энэ нь Сүнсний шууд илэрхийлэл бөгөөд Надад юу байгаа, Би хэн болох юм. Тиймээс Би үүнийг илэрхийлж, Өөрийн хийх учиртай ажлыг хийхэд тохирно. Хүмүүсийн ярьдаг зүйл бол тэдний туулсан зүйлс юм. Энэ нь тэдний үзсэн зүйл, оюун ухаанаараа хүрч чадах зүйл бөгөөд мэдрэхүйгээрээ мэдэрч чадах зүйлс юм. Энэ л тэдний нөхөрлөж чадах зүйл билээ. Бурханы махбод болсон биеийн хэлсэн үг нь Сүнсний шууд илэрхийлэл бөгөөд Сүнсний хийсэн ажлыг илэрхийлдэг. Махбод нь үүнийг туулаагүй, хараагүй ч махбодын мөн чанар нь Сүнс учраас Түүний оршихуйг илэрхийлсээр байдаг ба Тэрээр Сүнсний ажлыг илэрхийлдэг. Махан бие үүнд хүрэх боломжгүй ч энэ нь Сүнсний аль хэдийн хийчихсэн ажил юм. Бие махбодтой болсныхоо дараа Тэрээр махбодын илэрхийллээр дамжуулан хүмүүст Бурханы оршихуйг мэдүүлж, Бурханы зан чанар болон Түүний хийсэн ажлыг харуулдаг. Хүний ажил нь юунд орох ёстой, юу ойлгох хэрэгтэйг хүмүүст илүү тодорхой болгож өгдөг; энэ нь хүмүүсийг үнэний тухай ойлголт, туршлага руу хөтөлдөг. Хүний ажил хүмүүст дэмжлэг үзүүлэхийн төлөө; Бурханы ажил нь хүн төрөлхтөнд шинэ зам, шинэ эринийг нээж, мөнх бус хүмүүсийн мэдэхгүй зүйлсийг хүмүүст илчилж, Бурханы зан чанарыг мэдэх боломж олгохын төлөө байдаг. Бурханы ажил бүх хүн төрөлхтнийг удирдан чиглүүлэхийн төлөө байдаг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил ба хүний ажил
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?