Эцсийн өдрүүдэд ажиллахын тулд Бурхан Хятадад бие махбодтой болсны зорилго, ач холбогдол
Холбогдох Бурханы үг:
Еховагийн ажил нь дэлхийг бүтээх явдал байсан бөгөөд энэ нь эхлэл байсан юм; ажлын энэ үе шат бол ажлын сүүлч бөгөөд төгсгөл юм. Эхэндээ Бурханы ажил Израилийн сонгогдсон хүмүүсийн дунд хийгдсэн бөгөөд энэ нь бүх газраас хамгийн ариун газар дахь шинэ эриний эхлэл байв. Ажлын сүүлчийн үе шат нь, дэлхийг шүүж, эрин үеийг төгсгөхийн тулд бүх улс орноос хамгийн бузар заваан оронд хийгддэг. Эхний үе шатанд Бурханы ажил хамгийн гэрэл гэгээтэй газар хийгдсэн бол сүүлчийн үе шат нь хамгийн харанхуй газарт хийгддэг бөгөөд энэхүү харанхуйг хөөн зайлуулж, гэрлийг авчирч, бүх хүнийг байлдан дагуулна. Бүх газраас хамгийн бузар заваан, харанхуй газрын ард түмэн байлдан дагуулагдаж, жинхэнэ Бурхан байдгийг бүх хүн ам хүлээн зөвшөөрч, хүн болгон бүрэн үнэмших үед бүхий л орчлон ертөнц даяар байлдан дагуулалтын ажлыг гүйцэтгэхэд энэхүү баримтыг ашиглана. Ажлын энэ үе шат бэлгэдлийн чанартай: Энэ эрин үеийн ажил дуусмагц зургаан мянган жилийн удирдлагын ажил бүрмөсөн төгсөнө. Хамгийн харанхуй газарт байгаа хүмүүс байлдан дагуулагдмагц хаа сайгүй ийм зүйл болно гэдэг нь илэрхий юм. Ийм болохоор зөвхөн Хятад дахь байлдан дагуулалтын ажил л утга учиртай бэлгэдлийг агуулдаг. Хятад улс харанхуйн бүх хүчийг илтгэдэг бөгөөд Хятадын ард түмэн нь Сатан, махан бие, мах цуснаас бүтсэн бүх хүнийг төлөөлдөг. Хятадын ард түмнийг агуу улаан луу хамгийн их завхруулсан, тэд Бурханыг хамгийн хүчтэй эсэргүүцдэг бөгөөд хүн чанар нь хамгийн олиггүй, ариун бус тул бүх завхарсан хүн төрөлхтний төлөөлөгч билээ. Бусад улс оронд ямар ч асуудал байхгүй гэж хэлж байгаа юм биш; хүний үзэл бүгд адилхан бөгөөд эдгээр улс орны хүмүүс сайн хэв чанартай байж болох хэдий ч хэрвээ Бурханыг мэддэггүй бол Түүнийг эсэргүүцдэг байж таарна. Яагаад иудейчүүд ч бас Бурханыг эсэргүүцэж, сөрсөн бэ? Яагаад фарисайчууд ч бас Түүнийг эсэргүүцсэн бэ? Яагаад Иудас Есүсээс урвасан бэ? Тэр үед шавь нарынх нь олонх нь Есүсийг мэдээгүй. Есүсийг цовдлогдож, дахин амилсны дараа ч яагаад хүмүүс Түүнд итгээгүй вэ? Хүний дуулгаваргүй байдал бүгд адилхан бус уу? Зүгээр л Хятадын ард түмнийг жишээ болгож байгаа ба байлдан дагуулагдах үедээ тэд үлгэр дуурайл, загвар болж, бусдад лавлагаа болох болно. Та нар бол Миний удирдлагын төлөвлөгөөний хавсралт гэж Би яагаад үргэлж хэлдэг вэ? Учир нь Хятадын ард түмэнд завхрал, бузар, шударга бус байдал, эсэргүүцэл, тэрслүү байдал хамгийн бүрэн дүүрэн илэрхийлэгдэж, янз бүрийн хэлбэрээрээ илчлэгддэг. Нэг талаас, тэд дорд хэв чанартай, нөгөө талаас, амьдрал, сэтгэлгээ нь хоцрогдмол, мөн зуршил, нийгмийн орчин, төрсөн гэр бүл нь бүгд ядуу дорд, хамгийн их хоцрогдсон байдаг. Тэдний байр суурь ч бас дорд. Энэ газарт хийж байгаа ажил бэлгэдлийн чанартай бөгөөд туршилтын энэ ажлыг бүхэлд нь хийж дуусгасны дараа Бурханы дараагийн ажил хавьгүй илүү дээр явагдана. Хэрвээ ажлын энэ үе шатыг дуусгаж чадвал дараагийн ажлыг хэлэхийн ч хэрэггүй. Ажлын энэ үе шат гүйцэлдвэл агуу амжилтад бүрэн хүрч, бүхий л орчлон ертөнц даяарх байлдан дагуулалтын ажил бүрмөсөн төгсөнө. Үнэндээ, та нарын дундах ажил амжилттай болмогц энэ нь бүх орчлон ертөнц даяарх амжилттай тэнцүү байх болно. Би та нарыг үлгэр жишээ, загвар болгосны ач холбогдол энэ юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 2
Хятад бол бүх улс орноос хамгийн хоцрогдмол бөгөөд агуу улаан лууны цагариглан хэвтдэг газар юм, энд хуурамч шүтээн шүтэж, хар шид хийдэг хамгийн олон хүн, мөн хамгийн олон сүм байдаг ба энэ нь бузар чөтгөрийн оршин суудаг газар билээ. Чи үүнээс төрсөн, үүний боловсролыг эзэмшиж, нөлөөнд нь автсан; үүгээр завхруулагдаж, тамлуулсан, гэхдээ чамайг сэрээсний дараа чи үүнийг хаяж, Бурханаар бүрэн авахуулдаг. Энэ бол Бурханы алдар, иймээс ажлын энэ үе шат асар их ач холбогдолтой. Бурхан ийм агуу далайцтай ажил хийж, маш олон үг хэлсэн бөгөөд эцэст нь та нарыг бүрмөсөн олж авна—энэ бол Бурханы удирдлагын ажлын нэг хэсэг бөгөөд та нар бол Сатантай хийж буй Бурханы тулааны “ялалтын олз” юм. Та нар үнэнийг хэдий чинээ их ойлгоно, чуулганы амьдрал чинь төдий чинээ сайжирч, агуу улаан лууг төдий чинээ буулгаж авна. Эдгээр нь бүгд сүнсний ертөнцийн хэрэг явдлууд юм—тэдгээр нь сүнсний ертөнцийн тулаан бөгөөд Бурхан ялалт авчрах үед Сатан шившиглэгдэж, нуран унана. Бурханы ажлын энэ үе шат үлэмж их ач холбогдолтой. Бурхан тийм далайцтай ажил хийж, энэ бүлэг хүмүүсийг бүрмөсөн авардаг болохоор чи Сатаны нөлөөнөөс зугтаж, ариун газарт амьдарч, Бурханы гэрэлд амьдарч, гэрлийн манлайлал болон удирдамжтай байж чаддаг. Мөн амьд байгаа чинь утга учиртай байдаг. Та нарын идэж, өмсөж байгаа зүйл үл итгэгчдийнхээс өөр; та нар Бурханы үгийг эдэлж, утга учиртай амьдралаар амьдардаг—тэгвэл тэд юу эдэлдэг вэ? Тэд “өвөг дээдсийнхээ өв хөрөнгийг” болон “үндэсний сэтгэлийг” л эдэлдэг. Тэдэнд хүн чанарын өчүүхэн ч ул мөр байдаггүй! Та нарын хувцас, үг, үйлдэл бүгд тэднийхээс өөр. Эцсийн эцэст та нар бузар заваанаас бүрмөсөн зайлж, Сатаны уруу таталтад хууртахаа больж, Бурханы өдөр тутмын хангалтыг олж авна. Та нар үргэлж болгоомжтой байх ёстой. Хэдий бузар газарт амьдардаг боловч та нар бузар заваанаар бохирдоогүй ба Бурханы хажууд амьдарч, Түүний агуу хамгаалалтыг хүлээн авч чадна. Бурхан та нарыг энэхүү шар газар нутагт байгаа бүх хүний дундаас сонгосон. Та нар хамгийн ерөөгдсөн хүмүүс биш гэж үү?
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэрэгжүүлэлт 2
Одоо Моабын үр удам дээр ажиллах нь хамгийн харанхуйд унасан хүмүүсийг аврахын төлөө байдаг. Хэдий тэд хараагдсан ч Бурхан тэднээс алдрыг олж авахыг хүсэж байгаа, учир нь анхнаасаа тэд бүгд зүрх сэтгэлдээ Бурханаар дутагдсан хүмүүс байсан; зүрх сэтгэлдээ Бурхангүй хүмүүсийг Түүнийг дуулгавартай дагадаг, хайрладаг хүмүүс болгох нь л жинхэнэ байлдан дагуулалт бөгөөд тийм ажлын үр дүн хамгийн үнэ цэнтэй, хамгийн үнэмшилтэй байдаг. Зөвхөн энэ л алдрыг олж авах явдал—энэ бол эцсийн өдрүүдэд Бурханы олж авахыг хүсдэг алдар юм. Хэдий энэ хүмүүс дорд байр суурьтай ч одоо ийм агуу авралыг хүртэж чаддаг нь үнэхээр Бурханы өргөлт билээ. Энэхүү ажил маш утга учиртай бөгөөд шүүлтээр дамжуулан Тэр энэ хүмүүсийг олж авдаг. Түүний санаа зорилго нь тэднийг шийтгэхийн төлөө биш, харин аврахын төлөө байдаг. Хэрвээ эцсийн өдрүүдэд Тэрээр байлдан дагуулалтын ажлыг Израильд явуулсаар байсан бол энэ нь үнэ цэнгүй байх байв; үр дүнтэй байсан ч гэсэн ямар ч үнэ цэнгүй, эсвэл ямар нэгэн агуу ач холбогдолгүй байх байсан ба Тэрээр бүх алдрыг олж авч чадахгүй байх байсан юм. Тэрээр хамгийн харанхуй газарт унасан, хамгийн хоцрогдсон хүмүүс та нар дээр ажиллаж байгаа. Энэ хүмүүс Бурхан байдаг гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй ба Бурхан байдаг гэдгийг хэзээ ч мэдээгүй. Эдгээр бүтээл Бурханыг мартах хэмжээнд хүртлээ Сатанаар завхруулагдсан. Тэднийг Сатан сохолсон бөгөөд тэнгэрт Бурхан байдаг гэдгийг тэд огтхон ч мэддэггүй. Зүрх сэтгэлдээ та нар бүгд хуурамч шүтээн шүтдэг, Сатаныг шүтдэг—та нар хамгийн дорд, хамгийн хоцрогдсон хүмүүс биш гэж үү? Та нар бол ямар ч хувийн эрх чөлөөгүй, хамгийн дорд махан бие бөгөөд бас зовлон бэрхшээл туулдаг. Та нар бас энэ нийгмийн хамгийн доод түвшний хүмүүс бөгөөд бүр итгэл үнэмшилтэй байх эрх чөлөө ч байдаггүй. Та нар дээр ажиллахын ач холбогдол энд оршдог.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Моабын үр удмыг аврахын ач холбогдол
Бурхан хамгийн хоцрогдмол, хамгийн бузар газарт махбод болсон бөгөөд ийм маягаар л Өөрийн ариун, зөвт зан чанарыг бүхэлд нь тодорхой харуулж чаддаг. Түүний зөвт зан чанар юугаар дамжин харагддаг вэ? Тэрээр хүний нүглийг шүүх үед, Сатаныг шүүх үед, нүглийг зэвүүцэх үед, Өөрийг нь эсэргүүцэж, Өөрийнх нь эсрэг тэрсэлдэг дайснуудаа үзэн ядах үед энэ нь харагддаг. Өнөөдөр Миний хэлдэг үг хүний нүглийг шүүхийн төлөө, хүний зөв шударга бус байдлыг шүүхийн төлөө, хүний дуулгаваргүй байдлыг хараахын төлөө байдаг. Хүний шударга бус, ов мэхтэй байдал, хүний үг, үйлдэл—Бурханы хүсэлтэй нийцдэггүй бүхэн шүүлтэд өртөх ёстой бөгөөд хүний дуулгаваргүй байдал нүгэл гэж буруутгагддаг. Бурханы үг шүүлтийн зарчмыг тойрон эргэлддэг; Тэрээр зөвт зан чанараа харуулахын тулд хүний зөв шударга бус байдлыг шүүж, хүний тэрслүү байдлыг харааж, хүний үзэшгүй муухай нүүр царайг илчилдэг. Ариун байдал бол Түүний зөвт зан чанарын төлөөлөл бөгөөд үнэн хэрэгтээ Бурханы ариун байдал нь Түүний зөвт зан чанар билээ. Та нарын завхарсан зан чанар өнөөдрийн үгийн цаад шалтгаан юм—Би тэдгээрийг ашиглан үг хэлж, шүүж, байлдан дагуулалтын ажлыг гүйцэтгэдэг. Ганцхан энэ л жинхэнэ ажил, ганцхан энэ л Бурханы ариун байдлыг бүрэн тодруулдаг. Хэрвээ чамд завхарсан зан чанарын ямар ч ул мөр байдаггүй бол Бурхан чамайг шүүхгүй, зөвт зан чанараа ч чамд харуулахгүй. Чи завхарсан зан чанартай тул Бурхан чамайг хэлтрүүлэхгүй бөгөөд үүгээр дамжуулан Түүний ариун байдал харагддаг…
Израильд хийгдсэн ажил болон өнөөдрийн ажлын хооронд асар их ялгаа бий. Ехова израильчуудын амьдралыг залж чиглүүлсэн бөгөөд тийм ч их гэсгээлт, шүүлт байгаагүй, учир нь тухайн үед хүмүүс дэлхий ертөнцийг дэндүү бага ойлгодог, цөөн хэдэн завхарсан зан чанартай байсан юм. Тэр үед израильчууд Еховад үг дуугүй захирагддаг байв. Түүнийг тахилын ширээ барь гэж хэлэхэд тэд даруйхан тахилын ширээ барьсан; тахилчийн хувцас өмс гэхэд тэд дуулгавартай дагасан. Тухайн үед Ехова хонин сүргээ хариулж байгаа хоньчин шиг байж, хоньд нь хоньчны удирдамжийг дагаж, бэлчээрт өвс ногоо идэж байгаа мэт байсан; Ехова тэдний амьдралыг залж чиглүүлэн, яаж идэх, хувцаслах, аж төрөх, аялахад нь тэднийг хөтөлж байсан юм. Тэр үе нь Бурханы зан чанарыг ил болгох цаг үе байгаагүй, учир нь тухайн үеийн хүн төрөлхтөн дөнгөж мэндэлсэн байсан; тэрслүү, эсэргүү хүмүүс цөөхөн, хүн төрөлхтний дунд тийм ч их бузар бохир байгаагүй тул хүмүүс Бурханы зан чанарыг товойлгогч болон ажиллаж чадахгүй байлаа. Бузрын газрын хүмүүсээр дамжуулан Бурханы ариун байдал харагддаг; өнөөдөр Тэрээр бузрын газрын энэ хүмүүсээс үзэгддэг бузрыг ашигладаг, мөн шүүдэг, ингэснээр Тэр юу болох нь шүүлтийн дунд илчлэгддэг. Тэр яагаад шүүдэг вэ? Нүглийг үзэн яддаг учраас Тэр шүүлтийн үг хэлж чаддаг; хүн төрөлхтний тэрслүү байдлыг зэвүүцдэггүй байсан бол Тэр яаж тэгтлээ их уурлаж чадах юм бэ? Түүний дотор ямар ч зэвүүцэл, дургүйцэл байгаагүй бол, мөн Тэрээр хүмүүсийн тэрслүү байдлыг тоогоогүй бол хүнтэй адил бузар гэдгийг энэ нь нотлох байлаа. Тэрээр бузрыг үзэн яддаг учраас хүнийг шүүж, гэсгээж чаддаг бөгөөд Түүний үзэн яддаг зүйл Өөрт нь байдаггүй. Хэрвээ Түүнд бас эсэргүүцэл, тэрслүү байдал байсан бол эсэргүү, тэрслүү хүмүүсийг Тэр үзэн ядахгүй байх байлаа. Эцсийн өдрүүдийн ажлыг Израильд гүйцэтгэсэн бол ямар ч утга учиргүй байх байв. Эцсийн өдрүүдийн ажил яагаад хамгийн харанхуй, хамгийн хоцрогдмол газар болох Хятадад хийгдэж байгаа юм бэ? Бурханы ариун, зөвт байдлыг харуулахын тулд. Товчхондоо, уг газар харанхуй байх тусам Бурханы ариун байдал төдий чинээ тодорхой харагдаж чадна. Үнэн хэрэгтээ энэ бүхэн нь Бурханы ажлын төлөө байдаг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Байлдан дагуулалтын ажлын хоёр дахь алхам хэрхэн үр дүнд хүрдэг вэ
Бурхан газар дээр ирэх үедээ энэ дэлхийнх биш байсан бөгөөд дэлхий ертөнцөд зугаацахын тулд бие махбодтой болоогүй. Ажиллаж буй нь Түүний зан чанарыг хамгийн сайн илчлэх, хамгийн утга учиртай газар бол Түүний төрсөн газар юм. Энэ нь ариун, эсвэл бузар заваан газар байх нь хамаагүй, мөн Тэр хаана ажиллаж байгаа нь хамаагүй Тэр бол ариун юм. Дэлхий ертөнц дээрх бүх зүйлийг Тэр бүтээсэн, гэхдээ бүгдийг нь Сатан завхруулсан билээ. Гэсэн ч бүх зүйл Түүнд харьяалагддаг хэвээр байгаа; тэд бүгд Түүний гарт байдаг. Тэр ариун байдлаа илчлэхийн төлөө бузар газарт ирж, тэндээ ажилладаг; Тэр үүнийг Өөрийн ажлын төлөө л хийдэг, өөрөөр хэлбэл, Тэр энэхүү бузар газрын хүмүүсийг аврахын төлөө ийм ажил хийхдээ асар их доромжлол туулдаг. Энэ нь гэрчлэл хийхийн тулд, бүх хүн төрөлхтний төлөө хийгддэг. Ийм ажил хүмүүст Бурханы зөвт байдлыг харуулдаг бөгөөд энэ нь Бурханы дээдийн дээд байдлыг илүү сайн харуулж чаддаг. Бусдын зэвүүцэн жигшдэг бүлэг дорд хүмүүсийг аврах авралаас Түүний агуу, шулуун шударга байдал харагддаг. Бузар заваан газарт төрсөн нь Тэр бол дорд гэдгийг огтхон ч нотолдоггүй; энэ нь ердөө, Түүний агуу байдал болон хүн төрөлхтнийг гэх Түүний жинхэнэ хайрыг харах боломжийг бүх бүтээлд олгодог. Тэр хэдий чинээ ингэж хийнэ, энэ нь хүнийг гэсэн Түүний ариун хайрыг, Түүний өө сэвгүй хайрыг төдий чинээ их илчилдэг. Бурхан бол ариун агаад зөвт. Тэр бузар газарт төрсөн хэдий ч, мөн Нигүүлслийн эрин үед Есүс нүгэлтнүүдтэй хамт амьдарч байсны адилаар бузар заваан байдлаар дүүрэн хүмүүстэй хамт амьдардаг хэдий ч Түүний бүхий л ажил бүх хүн төрөлхтний оршин тогтнолын төлөө хийгддэг бус уу? Энэ нь бүхэлдээ, хүн төрөлхтөн агуу авралыг олж авахын төлөө байдаггүй гэж үү? Хоёр мянган жилийн өмнө Тэр хэдэн жилийн турш нүгэлтнүүдтэй хамт амьдарсан. Тэр нь золин авралын төлөө байсан юм. Өнөөдөр Тэр бузар заваан, дорд бүлэг хүмүүстэй хамт амьдарч байгаа. Энэ нь авралын төлөө байдаг. Түүний бүхий л ажил хүмүүс та нарын төлөө биш гэж үү? Хэрвээ хүн төрөлхтнийг аврахын төлөө байгаагүй бол тэжээлийн онгоцонд төрснийхөө дараа Тэр яагаад нүгэлтнүүдтэй хамт маш олон жилийн турш амьдарч, зовсон юм бэ? Хэрвээ хүн төрөлхтнийг аврахын төлөө байгаагүй бол Тэр яагаад хоёр дахь удаагаа бие махбодод эргэн ирж, чөтгөрүүдийн цуглардаг энэ газар нутагт төрж, Сатаны гүнзгий ялзруулсан энэ хүмүүстэй хамт амьдрах юм бэ? Бурхан итгэмжит биш гэж үү? Түүний ажлын аль хэсэг нь хүн төрөлхтний төлөө байгаагүй вэ? Аль хэсэг нь та нарын хувь заяаны төлөө байгаагүй вэ? Бурхан бол ариун—энэ нь хувиршгүй! Хэдий Тэр бузар заваан газар нутагт ирсэн боловч бузар заваанаар бохирдоогүй; энэ бүхэн нь, хүн төрөлхтнийг гэх Бурханы хайр туйлын аминч бус бөгөөд Түүний туулдаг зовлон, доромжлол туйлын их л гэсэн үг юм! Та бүхний төлөө, та нарын хувь заяаны төлөө Тэр хэр их доромжлол амсдагийг та нар мэдэхгүй гэж үү? Тэр агуу хүмүүс юм уу баян, хүчирхэг гэр бүлийн хөвгүүдийг аврахын оронд дорд агаад бусдын үл тоодог хүмүүсийг онцгойлон авардаг. Энэ бүхэн нь Түүний ариун байдал биш гэж үү? Энэ бүхэн нь Түүний зөвт байдал биш гэж үү? Бүх хүн төрөлхтний оршин тогтнолын төлөө Тэр бузар заваан газарт төрж, доромжлол бүрийг амсахыг илүүд үзнэ. Бурхан бол маш бодитой—Тэр ямар ч хуурамч ажил хийдэггүй. Ажлын үе шат бүр ийм бодитой байдлаар хийгддэггүй гэж үү? Хэдийгээр хүмүүс бүгд Түүнийг гүжирдэж, Тэр нүгэлтнүүдтэй хамт нэг ширээнд суудаг гэж хэлж, бүгдээрээ Түүнийг дооглож, Түүнийг бузар хөвгүүдтэй, хамгийн дорд хүмүүстэй хамт амьдардаг гэж хэлдэг ч гэсэн Тэр Өөрийгөө амь бие хайргүйгээр зориулсаар байж, улмаар хүн төрөлхтний дунд гологдсоор байдаг. Түүний туулдаг зовлон та нарынхаас илүү их биш гэж үү? Түүний ажил та нарын төлсөн төлөөснөөс их биш гэж үү? Та нар бузар газар нутагт төрсөн атлаа Бурханы ариун байдлыг олж авсан. Та нар чөтгөрүүдийн цуглардаг газар нутагт төрсөн атлаа агуу их хамгаалалт хүлээн авсан. Та нарт ямар сонголт байгаа юм бэ? Та нарт ямар гомдол байгаа юм бэ? Түүний туулсан зовлон та нарын туулсан зовлонгоос хавьгүй их биш гэж үү? Тэр газар дээр ирсэн бөгөөд хүний ертөнцийн баяр цэнгэлийг хэззэ ч эдлээгүй. Тэр тийм зүйлийг жигшдэг. Бурхан хүнээс материаллаг үр ашгийг эдлэхээр газар дээр ирээгүй, мөн хүний хоол хүнс, хувцас хунар, гоёл чимэглэлийг эдлэхээр ч ирээгүй. Тэр эдгээр зүйлийг огт тоодоггүй. Тэр газар дэлхийн эд хөрөнгийг эдлэхийн төлөө биш, харин хүний төлөө зовохын тулд газар дээр ирсэн. Тэр зовохын тулд, ажиллахын тулд, Өөрийн удирдлагын төлөвлөгөөг гүйцэлдүүлэхийн тулд ирсэн. Тэр сайхан газар сонгож, элчин сайдын яаманд юм уу тансаг зочид буудалд амьдраагүй, Өөрт нь үйлчлэх өдий төдий зарц нар ч Түүнд байгаагүй. Өөрсдийнхөө харсан зүйлээс та нар Тэр ажиллахаар ирсэн үү, эсвэл зугаацахаар ирсэн үү гэдгийг мэдэхгүй гэж үү? Нүд чинь хардаггүй юм уу? Тэр та нарт хэр ихийг өгсөн бэ? Хэрвээ Тэр тав тухтай газар төрсөн бол алдрыг олж авч чадах байсан уу? Ажиллаж чадах байсан уу? Тийнхүү хийх нь ямар нэгэн ач холбогдолтой байх байсан уу? Тэр хүн төрөлхтнийг бүрмөсөн байлдан дагуулж чадах байсан уу? Хүмүүсийг бузар газар нутгаас аварч чадах байсан уу? Хүмүүс өөрсдийнхөө үзлээр ингэж асуудаг: “Бурхан ариун байж яагаад бидний энэ бузар газарт төрсөн юм бэ? Та бузар хүмүүс биднийг үзэн ядаж, жигшдэг; Та бидний эсэргүүцэл, тэрслүү байдлыг жигшдэг, тэгвэл яагаад бидэнтэй хамт амьдардаг юм бэ? Та бол өндөр дээд Бурхан. Та хаа ч төрж болох байтал яагаад заавал энэ бузар газарт төрсөн юм бэ? Та биднийг өдөр болгон гэсгээж, шүүдэг бөгөөд Моабын үр удам гэдгийг маань тодорхой мэддэг, тэгвэл Та яагаад бидний дунд амьдарсаар байдаг юм бэ? Яагаад Та Моабын үр удмын гэр бүлд төрсөн юм бэ? Яагаад Та тэгсэн юм бэ?” Та нарын ийм ойлголт тэр чигтээ эрүүл ухаанаар дутмаг! Зөвхөн ийм ажил л хүмүүст, Түүний агуу байдлыг, Түүний даруу төлөв, нууцлаг байдлыг харах боломж олгодог. Тэр Өөрийн ажлын төлөө бүхнийг золиослоход бэлэн байдаг бөгөөд Өөрийн ажлын төлөө бүх зовлонг туулсан. Тэр үүнийг хүн төрөлхтний төлөө хийдэг, үүнээс ч илүүтэйгээр Сатаныг байлдан дагуулахын төлөө хийдэг болохоор бүх бүтээл Түүний эрх мэдэлд захирагдаж болох юм. Зөвхөн энэ л утга учиртай, үнэ цэнтэй ажил.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Моабын үр удмыг аврахын ач холбогдол
Өмнөх хоёр эрин үеийн ажлын нэг үе шат нь Израильд, нөгөө нь Иудейд явагдсан. Ерөнхийдөө, энэ хоёр үе шатны ажлын аль нь ч Израилийг орхиогүй, тус бүр нь анхны сонгогдсон хүмүүс дээр явагдсан. Тиймээс Ехова Бурхан бол зөвхөн израильчуудын Бурхан гэж израильчууд итгэдэг. Есүс Иудейд ажиллаж, Өөрийн цовдлолын ажлыг хэрэгжүүлсэн учраас иудейчүүд Түүнийг Иудейн хүмүүсийн золин Аврагч гэж үздэг. Тэрээр өөр бусад ард түмний биш, гагцхүү иудейчүүдийн хаан юм; Тэр англичуудыг золин авардаг Эзэн биш, бас америкчуудыг золин авардаг Эзэн ч биш, харин израильчуудыг золин авардаг Эзэн; Тэрээр Израильд иудейчүүдийг золин аварсан гэж тэд боддог. Үнэндээ, Бурхан бол бүх зүйлийн Эзэн билээ. Тэр бол бүх бүтээлийн Бурхан юм. Тэр зөвхөн израильчуудын, бас зөвхөн иудейчүүдийн ч Бурхан биш; Тэр бол бүх бүтээлийн Бурхан. Түүний ажлын өмнөх хоёр үе шат Израильд явагдсан нь хүмүүст тодорхой үзлийг бий болгожээ. Ехова Өөрийн ажлыг Израильд хийсэн, Есүс Өөрөө ажлаа Иудейд хэрэгжүүлсэн, түүнчлэн Тэр ажиллахын тулд махбод болсон—ямар ч байсан энэ ажил Израилиас цааш дэлгэрээгүй гэж тэд боддог. Бурхан египетчүүд эсвэл энэтхэгчүүдийн дунд ажиллаагүй; Тэр израильчуудын дунд л ажиллаж байсан. Тиймээс хүмүүс янз бүрийн үзэл бий болгож, Бурханы ажлыг тодорхой цар хүрээгээр хязгаарладаг. Тэд, Бурхан ажиллахдаа, сонгогдсон хүмүүсийн дунд, Израильд ажиллах ёстой; Бурхан израильчуудаас өөр хэн дээр ч ажилладаггүй, Түүний ажилд үүнээс илүү том цар хүрээ гэж үгүй гэдэг. Тэд бие махбодтой болсон Бурханыг дэгтэй байлгах тухайд нэн хатуу чанд байж, Израилийн хил хязгаараас цааш явахыг Түүнд зөвшөөрдөггүй. Энэ бүгд ердөө л хүний үзэл бус уу? Бурхан тэнгэр, газар, бүх зүйлийг бүгдийг бүтээж, бүх бүтээлийг бүтээсэн учраас Тэр Өөрийн ажлыг зөвхөн Израилиар хязгаарлаж яахан болох билээ? Тийм байсан бол Тэр бүх бүтээлийг бүтээхийн хэрэг юу байх билээ? Тэр дэлхийг бүхэлд нь бүтээсэн, Тэр Өөрийн зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөг зөвхөн Израильд ч биш, харин орчлон ертөнц дээрх хүн бүрд хэрэгжүүлсэн. Хятад, Америкийн Нэгдсэн Улс, Нэгдсэн Вант Улс, эсвэл Орост амьдардгаас үл хамааран хүн бүр Адамын үр удам; тэднийг бүгдийг нь Бурхан бүтээсэн. Тэднээс нэг нь ч Бурханы бүтээлийн хил хязгаараас зугтаж, нэг нь ч “Адамын үр удам” хэмээх хаяг шошгоос ангижирч чадахгүй. Тэд бүгд Бурханы бүтээгдсэн зүйл, бүгд Адамын үр сад, мөн бүгд Адам, Ева хоёрын ялзарсан үр удам юм. Бурханы бүтээл бол зөвхөн израильчууд ч биш, харин бүх хүн; ердөө л зарим нь хараагдаж, зарим нь ерөөгдсөн билээ. Израильчуудын тухайд олон хүлээн зөвшөөрмөөр зүйл байдаг; тэд хамгийн бага ялзарсан байсан учраас Бурхан эхэндээ тэдэн дээр ажиллаж байв. Хятадуудыг тэдэнтэй харьцуулшгүй; хавьгүй илүү дорд муу. Тиймээс Бурхан анхандаа Израилийн ард түмний дунд ажилласан бөгөөд Түүний ажлын хоёр дахь үе шат нь зөвхөн Иудейд хэрэгжсэн юм. Энэ нь хүний дунд олон үзэл, дүрэм журам гарахад хүргэсэн. Үнэндээ, хэрвээ хүний үзлийн дагуу үйлдсэн бол Бурхан зөвхөн израильчуудын л Бурхан байх байсан, ийм учраас Тэр Өөрийн ажлыг Харь үндэстнүүдэд дэлгэрүүлж чадахгүй байх байсан, учир нь Тэр бүх бүтээлийн Бурхан биш, зөвхөн израильчуудын Бурхан байх байсан юм. Еховагийн нэр Харь үндэстнүүдийн дунд алдаршиж, Харь үндэстнүүдэд түгэх болно гэж зөгнөлд хэлсэн. Яагаад ингэж зөгнөсөн бэ? Хэрвээ Бурхан зөвхөн израильчуудын Бурхан байсан бол Тэр Израильд л ажиллах байв. Цаашлаад, Тэр энэ ажлыг түгээхгүй, ийм зөгнөлийг айлдахгүй байх байлаа. Тэр энэ зөгнөлийг айлдсан учраас Харь үндэстнүүдийн дунд болоод бүх улс үндэстэн, газар нутагт Өөрийн ажлыг гарцаагүй дэлгэрүүлнэ. Нэгэнт Тэр үүнийг хэлсэн учраас Тэр үүнийг хийх ёстой; энэ бол Түүний төлөвлөгөө, учир нь Тэр тэнгэр, газар болоод бүх зүйлийг бүтээсэн Эзэн, бүх бүтээлийн Бурхан билээ. Тэр израильчуудын дунд, эсвэл бүх Иудей даяар ажиллаж байна уу гэдгээс үл хамааран Түүний хийдэг ажил нь бүх орчлон ертөнцийн, бүх хүн төрөлхтний ажил юм. Агуу улаан лууны улс орон—Харь үндэстэнд Түүний өнөөдрийн хийж буй ажил нь бас л бүх хүн төрөлхтний ажил билээ. Израиль нь газар дээрх Түүний ажлын суурь байж болно; үүний адилаар Хятад улс ч гэсэн Харь үндэстнүүдийн дундах Түүний ажлын суурь болж болно. “Еховагийн нэр Харь үндэстнүүдийн дунд алдарших болно” гэсэн зөгнөлийг Тэр одоо биелүүлсэн бус уу? Харь үндэстнүүдийн дундах Түүний ажлын эхний алхам нь агуу улаан лууны улс оронд хийж байгаа Түүний энэ ажил юм. Тэрхүү бие махбодтой болсон Бурхан энэ газар нутагт ажиллаж, энэ хараагдсан хүмүүсийн дунд ажиллах ёстой нь ялангуяа хүний үзэлтэй нийцдэггүй; энэ хүмүүс бол хамгийн дорд, ямар ч үнэ цэнгүйн дээр тэд анх Еховад хаягдсан билээ. Хүмүүс бусад хүнд хаягдаж болно, харин тэд Бурханд хаягдсан бол хамгийн дорд байр суурьтай, хамгийн дорд үнэ цэнтэй байдаг. Бурханы бүтээгдсэн зүйлийн хувьд, Сатанд эзэмдүүлж, бусад хүнд хаягдах нь маш зовлонтой санагддаг зүйл боловч, бүтээгдсэн зүйл Бүтээгчдээ хаягдана гэдэг нь тэд үүнээс дорд байр суурьтай болох боломжгүй гэсэн үг юм. Моабын үр удам хараагдаж, энэхүү харанхуй бүдүүлэг улсад төрсөн; Харанхуйн нөлөөнд байдаг бүх хүнээс Моабын үр удам л эргэлзээгүй хамгийн дорд байр суурьтай. Энэ хүмүүс эдүгээ хүртэл хамгийн дорд байр суурьтай байсан учраас тэдэнд хийгдсэн ажил хүний үзлийг эвдэж хамгийн сайн чаддаг бөгөөд мөн Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөнд бүхэлд нь хамгийн үр ашигтай юм. Энэ хүмүүсийн дунд ийм ажил хийх нь хүний үзлийг эвдэх хамгийн сайн арга зам бөгөөд үүгээрээ Бурхан эрин үеийг эхлүүлдэг; үүгээр Тэр хүний бүх үзлийг эвддэг; үүгээр Тэр Нигүүлслийн эрин үе даяарх ажлыг төгсгөдөг. Түүний анхны ажил Израилийн хил хязгаар дотор Иудейд хэрэгжсэн; Тэр эрин үеийг эхлүүлэх ямар ч ажлыг Харь үндэстнүүдийн дунд хийгээгүй. Ажлын эцсийн үе шат нь зөвхөн Харь үндэстнүүдийн дунд хэрэгжээд зогсохгүй, хараагдсан хүмүүсийн дунд илүү их хэрэгждэг. Энэ нэг зүйл бол Сатаныг хамгийн их гутаан доромжлох боломжтой нотолгоо учраас Бурхан, орчлон ертөнц дээрх бүх бүтээлийн Бурхан, бүх зүйлийн Эзэн, амьтай бүхний хувьд шүтэн мөргөх объект нь “болдог”.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан бол бүх бүтээлийн эзэн
Бурхан ямар шинэ ажил эхлүүлснийг одоо ч ойлгоогүй хүмүүс өнөөдөр бий. Харь үндэстнүүдийн дунд Бурхан шинэ эхлэлийн үүдийг нээсэн. Тэр шинэ эрин үеийг эхлүүлж, шинэ ажлыг санаачилсан, Тэр энэ ажлыг Моабын үр удам дээр гүйцэтгэдэг. Энэ Түүний хамгийн шинэ ажил бус уу? Түүхэнд хэн ч энэ ажлыг өмнө нь туулж байгаагүй. Үүнийг ойлгох нь байтугай хэн ч энэ талаар сонсож байгаагүй. Бурханы мэргэн ухаан, Бурханы гайхамшиг, Бурханы ойлгогдошгүй байдал, Бурханы агуу байдал, Бурханы ариун байдал бүгд ажлын энэ үе шат буюу эцсийн өдрүүдийн ажлаар дамжин илрэхэд хүрдэг. Хүний үзлийг эвдэх шинэ ажил энэ бус уу? “Бурхан Моабыг харааж, Моабын үр удмыг хаях болно гэж хэлсэн байхад одоо яаж тэднийг аварч болох юм бэ?” хэмээн боддог хүмүүс бий. Эдгээр нь Бурханы хараасан, Израилиас хөөгдөн гарсан Харь үндэстнүүд юм; израильчууд тэднийг “Харийн ноход” гэж нэрлэж байсан. Хүн бүрийн үзэл бодлоор бол, тэд зөвхөн Харийн ноход байгаад зогсохгүй, бүр долоон дор, сүйрлийн хөвгүүд юм; өөрөөр хэлбэл, тэд Бурханы сонгосон хүмүүс биш. Тэд Израилийн газар нутаг дотор төрсөн боловч Израилийн ард түмэнд харьяалагддаггүй бөгөөд Харь үндэстнүүд рүү хөөгдсөн. Тэд бол хамгийн дорд хүмүүс юм. Тэд хүн төрөлхтний дундаас хамгийн дорд нь учраас л Бурхан шинэ эрин үеийг эхлүүлэх ажлаа тэдний дунд хэрэгжүүлдэг, учир нь тэд ялзарсан хүн төрөлхтний төлөөлөгч билээ. Бурханы ажил сонголттой агаад зорилготой; өнөөдөр энэ хүмүүст хийж буй Түүний ажил нь мөн бүтээл дээр гүйцэтгэдэг ажил юм. Ноа Бурханы бүтээсэн зүйл байсан, түүний үр удам ч мөн адил. Дэлхий дээрх мах, цуснаас бүтсэн хэн боловч Бурханы бүтээсэн зүйл билээ. Бурханы ажил бүх бүтээлд чиглэдэг; бүтээгдсэнийхээ дараа хараагдсан эсэхээс энэ нь хамаардаггүй. Түүний удирдлагын ажил нь хараагдаагүй, сонгогдсон хүмүүст зөвхөн биш, бүх бүтээлд чиглэдэг. Бурхан Өөрийн ажлыг бүтээлийнхээ дунд хэрэгжүүлэхийг хүсдэг тул Тэр үүнийг амжилттай хэрэгжүүлж дуусгах нь гарцаагүй, Тэрээр Өөрийнх нь ажилд ашиг тустай хүмүүсийн дунд ажиллана. Тиймээс хүмүүсийн дунд ажиллахдаа Тэрээр бүх тогтсон ёсыг эвддэг; Түүний хувьд “хараагдсан”, “гэсгээгдсэн”, “ерөөгдсөн” гэдэг үг ямар ч утгагүй! Иудей хүмүүс бол сайн, Израилийн сонгогдсон хүмүүс ч бас адил; тэд бол сайн хэв чанар, хүн чанартай хүмүүс мөн. Ехова эхэндээ Өөрийн ажлыг тэдний дунд эхлүүлж, Өөрийн хамгийн анхны ажлыг гүйцэтгэсэн, гэхдээ өнөөдөр тэдэн дээр байлдан дагуулах ажлыг гүйцэтгэх нь утгагүй байх байлаа. Хэдийгээр тэд бас бүтээлийн нэг хэсэг, тэдэнд олон эерэг зүйл байж болох ч ажлын энэ үе шатыг тэдний дунд гүйцэтгээд утгагүй байх болно; Бурхан хүмүүсийг байлдан дагуулж чадахгүй, бас бүх бүтээлийг үнэмшүүлж ч чадахгүй байх болно. Ийм л учраас агуу улаан лууны улс орны хүмүүст Өөрийн ажлыг шилжүүлэх хэрэгтэй юм. Үүний хамгийн чухал ач холбогдол нь, Тэрээр эрин үеийг эхлүүлж, бүх дүрэм журам, хүний үзлийг эвдэж, Нигүүлслийн эрин үеийн ажлыг бүхэлд нь дуусгах билээ. Хэрвээ Түүний одоогийн ажил израильчуудын дунд явагдсан бол, Түүний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө эцэс болох үед Бурхан бол зөвхөн израильчуудын Бурхан, израильчууд л Бурханы сонгосон хүмүүс, израильчууд л Бурханы ерөөл, амлалтыг өвлөх эрхтэй гэж хүн бүхэн бодох байв. Эцсийн өдрүүдэд агуу улаан лууны улсын Харь үндэстэнд бие махбодтой болсон Бурхан, Бурхан бол бүх бүтээлийн Бурхан хэмээх ажлыг гүйцэлдүүлдэг; Тэрээр Өөрийн удирдлагын ажлыг бүхэлд нь гүйцээж, агуу улаан лууны улс оронд Өөрийн ажлын гол хэсгийг дуусгадаг. Ажлын энэ гурван үе шатны гол цөм нь хүнийг аврах—тухайлбал, бүх бүтээл Бүтээгчид шүтэн мөргөдөг болгох юм. Тиймээс ажлын үе шат бүр асар их утга учиртай; Бурхан утга учиргүй, үнэ цэнгүй юу ч хийхгүй. Нэг талаар, ажлын энэ үе шат нь шинэ эрин үеийн үүдийг нээж, өмнөх хоёр эрин үеийг төгсгөдөг; нөгөө талаар энэ нь, хүний бүх үзэл болоод хүний итгэл, мэдлэгийн бүх хуучин арга замыг эвддэг. Өмнөх хоёр эрин үеийн ажил хүний өөр үзлийн дагуу явагдсан; энэ үе шат нь харин хүний үзлийг бүрэн таягдан хаяж, ингэснээрээ хүн төрөлхтнийг бүрэн байлдан дагуулна. Моабын үр удмыг байлдан дагуулснаар, Моабын үр удмын дунд явагдсан ажлаар дамжуулан Бурхан орчлон ертөнц даяарх бүх хүнийг байлдан дагуулна. Түүний ажлын энэхүү үе шатны гүн гүнзгий ач холбогдол, Түүний ажлын энэ үе шатны хамгийн үнэ цэнтэй тал нь энэ юм. Байр суурь чинь дорд, үнэ цэн чинь доогуур гэдгээ одоо мэдсэн ч гэсэн чи хамгийн баяр хөөртэй зүйлтэй учирсан гэдгээ мэдрэх болно: Чи асар их ерөөл өвлөж, үлэмж их амлалтыг хүлээж авсны дээр Бурханы энэ агуу ажлыг гүйцэлдүүлэхэд тусалж чадна. Чи Бурханы жинхэнэ төрхийг харсан, Бурханы төрөлх зан чанарыг мэддэг, Бурханы хүслийг биелүүлдэг. Бурханы ажлын өмнөх хоёр үе шат Израильд явагдсан. Хэрвээ эцсийн өдрүүд дэх Түүний ажлын энэ үе шат мөн л израильчуудын дунд явагдсан бол зөвхөн израильчууд л Бурханы сонгосон хүмүүс юм байна гэж бүх бүтээл бодоод зогсохгүй, Бурханы удирдлагын төлөвлөгөө ч бас бүхэлдээ хүссэн үр дүндээ хүрч чадахгүй. Түүний ажлын хоёр үе шат Израильд явагдаж байх үед, Харь үндэстнүүдийн дунд ямар ч шинэ ажил, бас шинэ эринийг эхлүүлэх ямар ч ажил явагдаагүй. Өнөөдрийн ажлын үе шат—шинэ эринийг эхлүүлэх ажлыг эхлээд Харь үндэстнүүдийн дунд явуулдаг бөгөөд улмаар эхлээд Моабын үр удам дунд хэрэгжүүлж, ингэснээрээ бүхэл бүтэн эрин үеийг эхлүүлдэг. Бурхан хүний үзэл дотор агуулагддаг аливаа мэдлэгийг сүйтгэж, нэгийг ч үлдээхийг зөвшөөрөөгүй. Тэрээр Өөрийн байлдан дагуулах ажилдаа хүний үзлийг, тэдгээр хүний мэдлэгийн хуучин, эртний арга замыг сүйтгэсэн. Бурхан байхад ямар ч дүрэм журам байхгүй, Бурханы юу нь ч хуучин биш, Түүний хийдэг ажил бол бүхэлдээ чөлөөлөгдсөн, бүхэлдээ эрх чөлөөтэй бөгөөд Түүний хийдэг бүхэн зөв гэдгийг Тэр хүмүүст харуулдаг. Бүтээлийн дунд Түүний хийдэг ямар ч ажилд чи бүрэн захирагдах ёстой. Түүний хийдэг бүх ажил утга учиртай бөгөөд хүний сонголт, үзлийн дагуу биш, харин Түүний хүсэл, мэргэн ухааны дагуу хийгддэг. Тэр Өөрийнх нь ажилд ач тустай зүйлсийг л хийдэг; хэрвээ ямар нэг зүйл Түүний ажилд ашиг тусгүй бол хэчнээн сайн байсан ч Тэр үүнийг хийхгүй! Тэр Өөрийн ажлын утга учир, зорилгын дагуу ажлынхаа хүлээн авагч болон байршлыг сонгож ажилладаг. Тэр ажиллаж байхдаа өнгөрсөн үеийн дүрмийг баримталдаггүй, хуучин хэв загварыг ч дагадаггүй. Харин Тэр ажлын ач холбогдлын дагуу Өөрийн ажлыг төлөвлөдөг. Эцэст нь Тэр жинхэнэ үр дүн, хүлээсэн зорилгодоо хүрнэ. Хэрвээ чи эдгээр зүйлийг өнөөдөр ойлгохгүй бол энэхүү ажил чамд ямар ч үр нөлөө үзүүлэхгүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан бол бүх бүтээлийн эзэн
Аврагч эцсийн өдрүүдэд ирэхдээ мөн л Есүс гэгдэн, дахин Иудейд төрж, Иудейд ажлаа хийсэн бол, Би зөвхөн Израилийн ард түмнийг л бүтээж, Израилийн ард түмнийг л золин аварсан ба Харь үндэстнүүдтэй ямар ч хамаагүй гэдгийг энэ нь нотлох байсан. “Би бол тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээсэн Эзэн” хэмээх Миний үгтэй энэ нь зөрчилдөх байсан бус уу? Би Иудейг орхисон бөгөөд Харь үндэстнүүдийн дунд ажлаа хийдэг, учир нь Би бол зөвхөн Израилийн ард түмний Бурхан биш, харин бүх бүтээлийн Бурхан билээ. Би Израилийн ард түмний Бурхан Ехова төдийгүй Харь үндэстнүүдийн дундах Өөрийн сонгосон бүх хүний Бүтээгч тул эцсийн өдрүүдэд Харь үндэстнүүдийн дунд гарч ирдэг. Би Израил, Египет, Ливаныг төдийгүй Израилын чанад дахь бүх Харь үндэстнийг бүтээсэн. Ийм учраас Би бол бүх бүтээлийн Эзэн билээ. Би Израилыг ердөө л ажлынхаа эхлэлийн цэг болгон ашиглаж, Иудей болон Галилыг золин аврах ажлынхаа түшиц газар болгон хэрэглэсэн, харин одоо бүхий л эрин үеийг төгсгөхдөө Харь үндэстнүүдийг суурин газраа болгон ашиглана. Би Израилд ажлын хоёр үе шатыг (Хуулийн эрин үе ба Нигүүлслийн эрин үеийн ажлын хоёр үе шат) хийсэн бөгөөд Израилийн чанад дахь газар нутаг даяар бас ажлын хоёр үе шатыг (Нигүүлслийн эрин үе ба Хаанчлалын эрин үе) хэрэгжүүлсээр байна. Харь үндэстнүүдийн дунд Би байлдан дагуулах ажлыг хийж, эрин үеийг ийнхүү төгсгөнө. Хэрвээ хүн, эцсийн өдрүүдэд шинэ эрин үеийг эхлүүлж, шинэ ажил хийж эхэлсэн гэдгийг минь мэдэлгүй, Намайг дандаа Есүс Христ гэж дууддаг бол, мөн Аврагч Есүсийн ирэхийг үргэлж хэнхэглэн хүлээдэг бол тийм хүмүүсийг Би Надад итгэдэггүй хүмүүс гэж хэлнэ. Тэд бол Намайг мэддэггүй хүмүүс бөгөөд Надад итгэх итгэл нь хуурамч юм. Тийм хүмүүс Аврагч Есүсийн тэнгэрээс ирэхийг нүдээр үзэж чадах уу? Тэд Миний ирэхийг биш, харин иудейчүүдийн Хааны ирэхийг л хүлээдэг билээ. Ариун бус, хуучин энэ ертөнцийг бүрэн устгахыг минь тэд хүсэн мөрөөсдөггүй, харин өөрсдөө золин аврагдах гэсэндээ Есүсийн хоёр дахиа ирэхийг хүсэн хүлээдэг. Есүс энэхүү бузартсан, зөв шударга бус газраас бүх хүн төрөлхтнийг дахин нэг удаа золин аврахыг тэд хүлээдэг. Ийм хүмүүс эцсийн өдрүүд дэх Миний ажлыг гүйцэлдүүлэх хүмүүс болж яаж чадах юм бэ? Хүний хүсэл Миний хүслийг биелүүлж, Миний ажлыг хэрэгжүүлэх чадалгүй, учир нь хүн ердөө л Миний урьд нь хийсэн ажлыг биширч, нандигнадаг болохоос Намайг үргэлж шинэ, хэзээ ч хуучин байдаггүй Бурхан Өөрөө гэдгийг огт мэддэггүй. Хүн Намайг Ехова, бас Есүс гэдгийг л мэддэг болохоос хүн төрөлхтнийг төгсгөлд аваачих Сүүлчийн Нэгэн гэдгийг огт мэддэггүй. Хүний хүсэн хүлээдэг, мэддэг зүйл нь бүгд түүний үзлээс улбаатай бөгөөд энэ нь ердөө л тэдний хоёр нүдээрээ харж чадах зүйл байдаг. Тэр нь Миний хийдэг ажилтай нийцдэггүй, харин зөрчилддөг. Хэрвээ Миний ажил хүний санаагаар болдог байсан бол энэ хэзээ дуусах билээ? Хүн төрөлхтөн хэзээ амралтад орох юм бэ? Бас Би яаж долоо дахь өдөр Амралтын өдөрт орж чадах юм бэ? Би хүний санаа зорилгын дагуу бус, Өөрийнхөө төлөвлөгөө, зорилгын дагуу ажилладаг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Аврагч аль хэдийн “цагаан үүлэн” дээр эргэн ирсэн
Бүхий л орчлон ертөнц даяарх Бурханы бүх ажил зөвхөн энэ бүлэг хүмүүс дээр төвлөрсөн. Тэрээр та нарын төлөө бүхнээ золиосолсон; Тэрээр орчлон ертөнц даяарх Сүнсний бүх ажлыг буцаан авч, та нарт өгсөн. Тийм учраас та нар бол хувьтай хүмүүс гэж Би хэлдэг. Түүнчлэн Тэрээр алдар суугаа Өөрийн сонгосон хүмүүс болох Израилиас та нар луу шилжүүлсэн, Өөрийн төлөвлөгөөний зорилгыг энэ бүлэг хүнээр дамжуулан бүрэн харуулна. Тиймээс та нар бол Бурханы өвийг хүлээн авах хүмүүс, бүр түүгээр ч барахгүй Бурханы алдрын өв залгамжлагчид билээ. Магадгүй та бүхэн эдгээр үгийг санаж байгаа байх: “Учир нь цаг зуурын хөнгөн зовлон маань бидэнд зориулан алдрын мөнхийн жинг үлэмж арвин болгодог.” Урьд нь та нар бүгд энэ үгийг сонссон атлаа хэн ч энэ үгийн жинхэнэ утгыг ойлгоогүй. Өнөөдөр тэдгээрийн бодит ач холбогдлыг та нар сайн мэднэ. Бурхан эцсийн өдрүүдэд эдгээр үгээ агуу улаан луу цагариглан хэвтэж байдаг газар нутагт түүний харгисаар хяхаж хавчсан хүмүүс дээр биелүүлэх болно. Агуу улаан луу Бурханыг хавчдаг, Бурханы дайсан тул энэ газар нутагт Бурханд итгэдэг хүмүүс ийнхүү доромжлол, хавчлагад өртдөг. Тийм учраас эдгээр үг нь энэ бүлэг хүнд, та нарт биелдэг. Бурханыг эсэргүүцдэг газарт эхлүүлсэн учраас Бурханы бүх ажилд асар их саад тотгор учирч, Түүний олон үгийг гүйцэлдүүлэхэд цаг хугацаа ордог; иймээс Бурханы үгийн улмаас хүмүүс цэвэршүүлэгддэг. Энэ нь бас зовлонгийн нэг хэсэг юм. Агуу улаан лууны газар нутагт Өөрийн ажлыг явуулах нь Бурханд асар хэцүү байдаг боловч ийм бэрхшээлээр дамжуулан Бурхан Өөрийн ажлын нэг үе шатыг хэрэгжүүлж, Өөрийн мэргэн ухаан, гайхалтай үйл хэргийг харуулдгийн дээр энэ бүлэг хүнийг бүрэн төгс болгохын тулд энэхүү боломжийг ашигладаг. Хүмүүсийн амссан зовлон, тэдний хэв чанар болон энэ бузар газар нутаг дахь хүмүүсийн бүх сатанлаг зан чанарын улмаас Бурхан ариусгалт, байлдан дагуулалтын ажлаа явуулдаг, ингэснээр Тэр үүнээс алдар сууг олж, Өөрийнх нь үйл хэргийг гэрчилдэг хүмүүсийг олж авч болох юм. Энэ бүлэг хүмүүсийн төлөө Бурханы гаргасан бүх золиосны утга учир бүхэлдээ ийм билээ. Өөрөөр хэлбэл, Бурхан Өөрийг нь эсэргүүцдэг хүмүүсээр л дамжуулан байлдан дагуулах ажлыг хийдэг. Ингэж байж л Бурханы агуу хүч чадлыг харуулж чадна. Өөрөөр хэлбэл, бохир газар нутагт байгаа хүмүүс л Бурханы алдрыг өвлөн авбал зохих бөгөөд энэ л Бурханы агуу хүч чадлыг тодотгож чадна. Иймээс бохир заваан газар нутгаас, бохир заваан газар амьдардаг хүмүүсээс Бурханы алдрыг олж авдаг гэж Би хэлдэг. Бурханы хүсэл ийм билээ. Есүсийн ажлын үе шат үүнтэй ижил байсан; Тэрээр Өөрийг нь хяхан хавчсан фарисайчуудын дунд л алдаршиж чадах байсан. Фарисайчууд хяхан хавчиж, Иудас урваагүй бол Есүс цовдлуулах нь бүү хэл доог тохуу болж, гүжирдүүлэхгүй, ингэснээрээ алдрыг олж авч чадахгүй байх байсан. Бурхан эрин үе болгонд, махбодод ажлаа хийхдээ алдрыг олж авч, олж авахаар зорьсон хүмүүсээ олж авдаг. Энэ бол Бурханы ажлын төлөвлөгөө, Түүний удирдлага билээ.
Хэдэн мянган жилийн Бурханы төлөвлөгөөнд хоёр хэсэг ажлыг махбодод хийдэг: Эхнийх нь цовдлогдох ажил, үүгээр Тэр алдаршдаг; нөгөө нь эцсийн өдрүүд дэх байлдан дагуулж, төгс болгох ажил, үүгээр Тэр алдар сууг олж авдаг. Энэ бол Бурханы удирдлага юм. Тиймээс Бурханы ажил болоод Бурханы та нарт өгсөн даалгаврыг энгийн зүйл гэж бүү бод. Та нар бүгдээрээ Бурханы үлэмж арвин, мөнхийн алдрын өв залгамжлагчид бөгөөд үүнийг Бурхан онцгойлон зарлигдсан. Түүний алдрын хоёр хэсгээс нэг нь та нарт илэрдэг; Бурханы алдрын нэг хэсгийг бүхэлд нь та нарт хайрласан агаад энэ нь та нарын өв байж болох юм. Бурхан та нарыг ийнхүү өргөмжилдгийн дээр энэ нь бас аль эртнээс урьдаас шийдсэн Түүний төлөвлөгөө билээ. Агуу улаан луу байдаг нутагт Бурханы хийсэн ажлын агуу байдлыг харгалзан үзвэл, тийм ажлыг хэрвээ өөр хаа нэг газар хийсэн бол аль хэдийн асар их үр дүнд хүрч, хүн амархан хүлээн зөвшөөрөх байсан. Бурханд итгэдэг Барууны санваартнуудын хувьд ийм ажлыг хүлээн зөвшөөрөх хэтэрхий амархан байх байсан, учир нь Есүсийн ажлын үе шат урьдын жишээ болдог. Ийм учраас өөр хаа нэгтээ байсан бол Бурхан алдар суу олж авах ажлын энэ үе шатанд хүрч чадахгүй; хүмүүс дэмжиж, улс үндэстнүүд хүлээн зөвшөөрдөг болохоор энэ нь амжилттай болж чадахгүй. Энэхүү газар нутагт ажлын энэ үе шатыг хэрэгжүүлсний хосгүй ач холбогдол нь яг энэ юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил хүний төсөөлдөг шиг энгийн үү?
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?