Гурвал гэх санаа үндэслэлтэй юу?

2021-09-30

Бие махбодтой болсон Эзэн Есүс Нигүүлслийн эрин үеийн ажлыг хийснээс хойш 2,000 жилийн турш Христийн шашныхан бүгд цор ганц жинхэнэ Бурханыг “Гурвал” гэж тодорхойлж ирсэн. Библид Эцэг, Хүү, Ариун Сүнс гэж дурддаг учир Бурхан Гурвал байж таарна гэж тэд таамагласан. Зарим нэг маргаан байдаг ч ихэнх хүн Гурвалын санааг ямар ч өөрчлөлтгүй баримталсан юм. Зарим хүн “Гурвал”, өөр бусад нь “Нэгдмэл Гурав” гэцгээдэг нь мөн чанартаа адилхан бөгөөд нэг зүйлийг хэлдэг. Бид “Гурвал” гэнэ үү, “Нэгдмэл Гурав” гэнэ үү хамаагүй, энэ нь “Хамт байхдаа Бурхан болдог гурван хэсгээс Бурхан бүрддэг, нэг хэсэг нь байхгүй бол цор ганц жинхэнэ Бурхан биш. Тэд хамт байхдаа л цор ганц жинхэнэ Бурхан байж чадна” гэж хэлж байгаа хэрэг. Энэ нь үнэндээ хөгийн үг юм. Ехова Бурхан цор ганц жинхэнэ Бурхан биш гэж та үнэхээр хэлж чадах уу? Эсвэл Эзэн Есүс цор ганц жинхэнэ Бурхан биш гэж хэлж чадах уу? Ариун Сүнс цор ганц жинхэнэ Бурхан биш гэж үү? Гурвал гэх ухагдахуун ердөө л цор ганц жинхэнэ Бурханыг үгүйсгэж, нэр төрийг нь гутаах арга биш гэж үү? Энэ нь цор ганц жинхэнэ Бурханыг хэсэгчилж, доромжилж байгаа хэрэг бус уу? Гурвал гэх энэ санаа туйлын утгагүй гэдэг нь харагдаж байна. Тэгэхээр яг ийм маягаар шашны ертөнц цор ганц жинхэнэ Бурханыг Гурвал гэж тодорхойлж, энэ бүх хугацаанд Бурханыг хэсэгчилж ирлээ. Энэ нь Бурханд үнэхээр шаналгаатай байдаг. Шашны ертөнц үүнтэй гөжүүдлэн зууралдаж байгаа бөгөөд өөрчлөгдөхөөс цаг ямагт татгалзсан юм. Одоо эцсийн өдрүүдийн Төгс Хүчит Бурхан шүүлтийн ажил хийхээр ирээд, хүн төрөлхтнийг аврах бүх үнэнийг илэрхийлж, Христийн шашны хамгийн том төөрөгдөл болох Гурвалыг бүрэн илчилсэн. Энэ нь бидний нүдийг нээсэн бөгөөд бид Христийг зам, үнэн, амь гэж зүрх сэтгэлээсээ магтан, Бурханы мэргэн ухаан, төгс хүчнийг магтдаг. Бурхан энэ худал хуурмагийг шууд дэлгээгүй бол Гурвал гэх санааны утгагүй байдлыг бид хэзээ ч олж мэдэхгүй байх байсан юм. Бурханы зарим үгийг уншаад, үүнийг нягтлан харцгаая.

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хэрвээ та нарын дундаас хэн нэг нь Гурвал үнэхээр оршдог гэж хэлбэл гурван бодгаль дахь энэ нэг Бурхан яг юу вэ гэдгийг тайлбарла. Ариун Эцэг гэж юу вэ? Хүү нь юу вэ? Ариун Сүнс гэж юу вэ? Ехова Ариун Эцэг үү? Есүс Хүү юу? Тэгвэл Ариун Сүнс юу вэ? Эцэг нь Сүнс биш гэж үү? Хүүгийн мөн чанар ч бас Сүнс биш гэж үү? Есүсийн ажил нь Ариун Сүнсний ажил байгаагүй гэж үү? Тухайн үеийн Еховагийн ажлыг ч гэсэн Есүсийнхтэй адил Сүнс хийгээгүй гэж үү? Бурхан хэдэн Сүнстэй вэ? Чиний тайлбараар бол Эцэг, Хүү, Ариун Сүнс гэсэн гурван бодгаль нь нэг; хэрвээ тийм бол гурван Сүнс байна, гэхдээ гурван Сүнс байна гэдэг нь гурван Бурхан байна гэсэн үг. Тэгвэл цор ганц жинхэнэ Бурхан байхгүй гэсэн үг; ийм төрлийн Бурхан яаж Бурханы төрөлх мөн чанартай байж чадах юм бэ? Хэрвээ чи цорын ганц Бурхан байдаг гэдгийг хүлээн зөвшөөрвөл Тэр яаж хүүтэй байж, мөн эцэг байж чадах юм бэ? Эдгээр нь бүгдээрээ зүгээр л чиний үзэл биш гэж үү? Цорын ганц Бурхан байдаг, энэ Бурханд цорын ганц үнэн бие байдаг, цорын ганц Бурханы Сүнс байдаг, яг л Библид бичсэнчлэн ‘Цорын ганц Ариун Сүнс, цорын ганц Бурхан байдаг.’ Чиний ярьдаг Эцэг, Хүү оршдог эсэхээс үл хамааран, эцсийн эцэст цорын ганц Бурхан байдаг бөгөөд та нарын итгэдэг Эцэг, Хүү, Ариун Сүнсний мөн чанар бол Ариун Сүнсний мөн чанар юм. Өөрөөр хэлбэл, Бурхан бол Сүнс, гэхдээ Тэр махбод болж, хүмүүсийн дунд амьдарч, түүнчлэн бүх зүйлээс дээгүүр байж чаддаг. Түүний Сүнс бүхнийг-хамардаг бөгөөд хаа сайгүй оршдог. Тэрээр махбодод, орчлон ертөнцөд, орчлон ертөнцийн дээр нэгэн зэрэг оршиж чадна. Бурхан бол цорын ганц жинхэнэ Бурхан гэж бүх хүн хэлдэг тул хэний ч хүслээр хуваагдашгүй ганцхан Бурхан байдаг! Бурхан бол цорын ганц Сүнс, цорын ганц бодгаль; тэр нь Бурханы Сүнс юм… Эцэг, Хүү, Ариун Сүнсний тухай энэ үзэл баримтлал хамгийн утгагүй! Энэ нь Бурханыг хэсэглэж, тус бүрдээ байр суурьтай, Сүнстэй гурван бодгаль болгон хуваадаг; тэгвэл Тэр яаж ганц Сүнс, ганц Бурхан байж чадах юм бэ? Надад хэл дээ, тэнгэр, газар болон бүх зүйлийг Эцэг бүтээсэн үү, Хүү бүтээсэн үү, эсвэл Ариун Сүнс бүтээсэн үү? Тэд бүгдээрээ хамт бүтээсэн гэж зарим хүн хэлдэг. Тэгвэл хүн төрөлхтнийг хэн золин аварсан бэ? Ариун Сүнс үү, Хүү юү, эсвэл Эцэг үү? Хүү хүн төрөлхтнийг золин аварсан гэж зарим нь хэлдэг. Тэгвэл мөн чанартаа Хүү нь хэн юм бэ? Тэр бол бие махбодтой болсон Бурханы Сүнс биш гэж үү? Бие махбодтой болсон Бурхан нь, бүтээгдсэн хүний өнцгөөс тэнгэр дэх Бурханыг Эцэг гэж дуудаж байсан. Есүс Ариун Сүнснээс олдож төрсөн гэдгийг чи мэдэхгүй гэж үү? Түүний дотор Ариун Сүнс байдаг; чи юу ч хэлсэн бай, Тэрээр тэнгэр дэх Бурхантай нэг юм, учир нь Тэр бол бие махбодтой болсон Бурханы Сүнс билээ. Хүүгийн талаарх энэхүү үзэл санаа зүгээр л худал юм. Ганц Сүнс бүх ажлыг хэрэгжүүлсэн; Бурхан Өөрөө буюу Бурханы Сүнс л Өөрийн ажлыг хэрэгжүүлдэг. Бурханы Сүнс гэж хэн бэ? Энэ нь Ариун Сүнс биш гэж үү? Есүст ажилладаг Ариун Сүнс биш гэж үү? Хэрвээ ажлыг Ариун Сүнс (өөрөөр хэлбэл, Бурханы Сүнс) хэрэгжүүлээгүй бол Түүний ажил Бурханыг Өөрийг нь төлөөлж чадах байсан уу?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Гурвал оршин байдаг уу?). Бурханы үг тодорхой, хурц байдаг. Бурхан бол цор ганц жинхэнэ Бурхан бөгөөд энэ Бурханд Бурханы нэг л Сүнс, нэг л үнэн бие байдаг. Эцэг, Хүү, Ариун Сүнс гэх гурван үнэн бие яавч байдаггүй. Бурхан Эзэн Есүс болж махбод болохын өмнө Хүүгийн талаар огт дурдагдаагүй байсан. Бурханы Сүнс л гэж байсан нь Ариун Сүнс юм. Бурхан тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээх үед эдгээр нь Бурханы Сүнсний үгээр бүтээгдсэн, тэгэхээр Бурханы Сүнс цор ганц жинхэнэ Бурхан биш гэж үү? Бурхан Хуулийн эрин үеийн ажлыг шууд хүмүүсээр дамжуулан хийсэн. Тухайн үед “Хүү” гэгч байгаагүй, харин Бурхан нэг л Бурхан, Бүтээгч байсан. Бурхан бол Гурвал гэж хэн ч, хэзээ ч хэлээгүй, бас Ариун Сүнс хэзээ ч Гурвалыг гэрчлээгүй. Тэгвэл Бурхан бие махбодтой болж, Эзэн Есүс болж ирмэгц яагаад хүмүүс Бурханыг Гурвал гэж тодорхойлж эхэлсэн бэ? Эзэн Есүс бол махбодоор хувцасласан Бурханы Сүнс байсан, Түүний бүх ажлыг Бурханы Сүнс захирч, шууд илэрхийлсэн. Эзэн Есүсийн доторх Сүнс нь Еховагийн Сүнс, өөрөөр хэлбэл, Ариун Сүнс юм. Тэгвэл Эзэн Есүс цор ганц жинхэнэ Бурхан мөн үү? Тийм ээ, мөн. Тэгэхээр Бурхан махбод болсон учраас Эцэг, Хүү, Ариун Сүнс гэх гурван хэсэгт хуваагддаг юм биш, харин хүмүүс бие махбодтой болохын мөн чанарыг ойлгодоггүй учраас Бурханыг хуваахаар зүтгэсэн юм. Энэ нь хүмүүсийн алдаа бөгөөд хүмүүсийн ойлгох чадамж хязгаартайгаас үүдэлтэй. Бурхан бол цор ганц жинхэнэ Бурхан. Цор ганц л Бурхан бий, бас Бурхан нэг Сүнстэй. Бурхан бие махбодтой болохынхоо өмнө цор ганц жинхэнэ Бурхан байсан, бие махбодтой болсныхоо дараа цор ганц жинхэнэ Бурхан хэвээр үлддэг. Бурханыг махбод болсон учраас хүмүүс гурван хэсэг, гурван үнэн бие болгон хуваадаг нь мөн чанартаа Бурханыг хэсэгчилж, цор ганц жинхэнэ Бурханыг үгүйсгэж буй хэрэг. Энэ нь мулгуу явдал биш үү? Бурхан ертөнцийг бүтээхдээ цор ганц жинхэнэ Бурхан биш байсан юм гэж үү? Эсвэл Хуулийн эрин үед Тэр цор ганц жинхэнэ Бурхан байгаагүй юу? Нигүүлслийн эрин үед махбодод илэрч, ажилласныхаа дараа цор ганц жинхэнэ Бурхан яагаад Гурвалын Бурхан болох юм бэ? Энэ нь хүний утгагүй байдал, дэмийрлээс үүдэлтэй алдаа биш үү? Гурвалын санаа зөв байсан бол Бурхан ертөнцийг бүтээхдээ гурван үнэн биедээ яагаад гэрчлэл хийгээгүй юм бэ? Хуулийн эрин үед яагаад хэн ч энэ талаар гэрчлэл хийгээгүй юм бэ? Гурвалын тухай Ариун Сүнснээс гарсан гэрчлэл Илчлэлд яагаад байдаггүй юм бэ? Иймээс Бурхан бол Гурвал гэж Бурханы Сүнс, Ариун Сүнс, Эцэг, Хүү хэзээ ч гэрчлэл хийгээгүй гэдэгт бат итгэлтэй байж болно. Эзэн Есүс махбодод ажилласнаас хойш олон зууны дараа завхарсан хүмүүс болон шашны ертөнц Гурвал гэх ийм утгагүй онол зохиосон. Гурвалын санаа ямар ч үндэслэлгүй бөгөөд хүний үзэл, төсөөллөөс цаашгүй гэдэг нь тодорхой байна. Энэ нь 2,000 жилийн турш дахь шашны ертөнцийн хамгийн том төөрөгдөл бөгөөд тоо томшгүй олон хүнийг төөрөлдүүлж, хор хөнөөл учруулсан юм.

Энэ хүрээд та гайхаж байж болох юм. Яагаад Ариун Сүнс Эзэн Есүсийг “хайрт Хүү” гэж гэрчлэв, бас яагаад Эзэн Есүс залбиралдаа тэнгэр дэх Бурханыг “Эцэг” гэж дуудав? Энэ нь ямар учиртай юм бэ? Энэ асуултын тухайд Төгс Хүчит Бурхан юу гэж хэлснийг харцгаая. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “‘Есүс бол Түүний хайртай Хүү гэж Бурхан тов тодорхой хэлээгүй гэж үү?’ хэмээн хэлдэг хүмүүс бий. Есүс бол Бурханы хайртай Хүү, Түүнийг Тэр ихэд таалдаг гэж Бурхан Өөрөө гарцаагүй хэлсэн. Тэр нь, Бурхан Өөрийгөө гэрчилж байсан хэрэг боловч ердөө өөр өнцгөөс буюу тэнгэр дэх Сүнсний өнцгөөс бие махбодтой болсон Өөртөө гэрчлэл хийж байсан хэрэг юм. Есүс бол Түүний тэнгэр дэх Хүү биш, бие махбодтой болсон Бурхан юм. Чи ойлгов уу? ‘Би Эцэгийн дотор, Эцэг Миний дотор байдаг’ хэмээх Есүсийн үг нь Тэд бол нэг Сүнс гэдгийг илтгэдэггүй гэж үү? Бие махбодтой болсноос болж Тэд тэнгэр, газрын хооронд тусгаарлагдаагүй гэж үү? Үнэндээ Тэд нэг хэвээр байгаа; ямар ч байсан энэ нь Бурхан зүгээр л Өөрийгөө гэрчилж байгаа хэрэг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Гурвал оршин байдаг уу?). “Есүс залбирахдаа тэнгэр дэх Бурханыг Эцэг хэмээн дуудаж байсан нь зөвхөн бүтээгдсэн хүний өнцгөөс, мөн Бурханы Сүнс эгэл, хэвийн махбод өмсөж, бүтээгдсэн зүйлийн гадаад бүрхүүлтэй болсон учраас л тэгсэн юм. Түүний дотор Бурханы Сүнс байсан ч гэсэн гадаад төрх нь хэвийн хүнийх байсан; өөрөөр хэлбэл, Есүсийг Өөрийг нь оролцуулаад бүх хүний хэлдгээр Тэр ‘хүний Хүү’ болсон байлаа. Хүний Хүү гэж дуудагдаж байсныг нь харгалзан үзвэл, Тэрээр эгэл жирийн хүмүүсийн хэвийн гэр бүлд төрсөн хүн (эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай, ямартай ч хүний гадаад төрхтэй) байсан юм. Тиймээс Есүс тэнгэр дэх Бурханыг Эцэг хэмээн дуудсан нь анх та нар Түүнийг Эцэг гэж дуудсантай адил; Тэрээр бүтээгдсэн хүний өнцгөөс ингэсэн… Тэрээр Бурханыг (өөрөөр хэлбэл, тэнгэр дэх Сүнсийг) тийм байдлаар дуудаж байсан нь Тэр бол тэнгэр дэх Бурханы Сүнсний Хүү гэдгийг нотолдоггүй. Харин ч Тэр өөр бодгаль байсан юм биш, зүгээр л Түүний харах өнцөг өөр байсан юм. Өөр өөр бодгалийн оршин тогтнол гэдэг нь гажууд онол юм!(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Гурвал оршин байдаг уу?). Ариун Сүнс Эзэн Есүсийг хайрт Хүү гэж дуудсан нь Бурхан бие махбодтой болсон Өөртөө Сүнсний өнцгөөс гэрчлэл хийсэн хэрэг гэдгийг Бурханы үгээс харж болно. Ариун Сүнс ингээгүй бол Эзэн Есүсийн жинхэнэ ялгамж чанарыг хэн ч мэдэхгүй байх байсан. Тэгэхээр энэхүү нээлттэй гэрчлэл Эзэн Есүс бол бие махбодтой болсон Бурхан гэдгийг хүмүүст мэдэгдсэн юм. Харин Эзэн Есүс махбодод ер бусын байлгүй, хэвийн хүн чанартайгаар амьдарч, ердийн хүн шиг байсан учир залбирахдаа тэнгэр дэх Бурханыг Эцэг гэж дуудсан. Иймээс Эзэн бүтээгдсэн зүйлийн байранд зогсоод, тэнгэр дэх Бурханы Сүнсийг Эцэг гэж дуудсан юм. Ийм маягаар залбирсан нь Христийн даруу, дуулгавартай байдлыг төгс илтгэсэн. Гэвч Эзэн Есүсийн Эцэгт залбирсан залбиралд үндэслээд шашны ертөнц Бурханыг хоёр хувааж, Есүс, Ехова хоёрыг эцэг хүүгийн харилцаатай гэцгээсэн. Шал утгагүй юм! Эзэн Есүсийн шавь Филип энэ талаар Эзэнээс ингэж асуусан, “Эзэн минь, бидэнд Эцэгээ харуулаач, энэ л бидэнд хангалттай” (Иохан 14:8). Эзэн юу гэж хариулсан бэ? Эзэн ингэж хэлсэн: “Би та нартай хамт ийм удаан байсан атал чи Намайг танихгүй гэж үү, Филип ээ? Намайг харсан хүн Эцэгийг харсан; гэтэл ‘Бидэнд Эцэгийг харуулаач’ гэж чи яаж хэлнэ вэ? Би Эцэгийн дотор, Эцэг Миний дотор байгаа гэдэгт чи итгэдэггүй гэж үү?(Иохан 14:9–10). Тэгээд бас, “Би болон Миний Эцэг нэг юм(Иохан 10:30). Харваас Эцэг, Хүү хоёр нэг Бурхан бөгөөд хүмүүсийн боддог шиг эцэг хүүгийн харилцаатай биш. Бурхан бие махбодтой болсон нь Эцэг, Хүү гэх энэ санаа гарсан цорын ганц шалтгаан юм. Бурханыг махбодод ажиллах хугацаанд л энэ нь хамаардаг. Махбод дахь ажил нь дуусмагц Бурхан анхдагч хэлбэртээ эргэн орж, Эцэг, Хүү гэх тиймэрхүү зүйл байхаа больсон.

Бурханы үгийн бас нэг хэсгийг харцгаая. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Есүсийн доторх Сүнс, тэнгэр дэх Сүнс болон Еховагийн Сүнс бүгд нэг юм. Үүнийг Ариун Сүнс, Бурханы Сүнс, долоо дахин эрчимжсэн Сүнс, бүгдийг хамарсан Сүнс гэж нэрлэж болно. Бурханы Сүнс их ажил гүйцэтгэж чадна. Тэр дэлхийг бүтээж, бас үерээр газар дэлхийг устгаж чадна; Тэр бүх хүн төрөлхтнийг золин аварч чадна, түүнчлэн бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулж, бас устгаж чадна. Энэ ажлыг бүгдийг нь Бурхан Өөрөө хийдэг бөгөөд Түүний оронд Бурханы өөр ямар ч бодгаль хийж чадахгүй байх байв. Түүний Сүнсийг Ехова, Есүс, түүнчлэн Төгс Хүчит гэж нэрлэж болно. Тэр бол Эзэн бөгөөд Христ юм. Тэр бас хүний Хүү болж чадна. Тэр тэнгэрт, бас газарт байдаг; Тэр орчлон ертөнцөөс дээш өндөрт байдаг бөгөөд олон түмний дунд байдаг. Тэр бол тэнгэр, газрын цорын ганц Эзэн билээ! Бүтээлийн цаг үеэс эхлээд одоог хүртэл энэ ажлыг Бурханы Өөрийн Сүнс хийсээр ирсэн. Тэнгэр дэх ажил ч бай, эсвэл махбод дахь ажил бай бүгдийг нь Түүний Сүнс хийдэг. Тэнгэр дэх ч бай, эсвэл газар дахь ч бай бүх бүтээл Түүний төгс хүчит гарын алганд байдаг; энэ бүхэн нь Бурханы Өөрийн ажил бөгөөд Түүний оронд өөр хэн ч хийж чадахгүй. Тэнгэрт Тэр бол Сүнс, бас Бурхан Өөрөө; хүмүүсийн дунд Тэр бол махбод, гэхдээ Бурхан Өөрөө хэвээр үлддэг. Хэдэн зуун мянган нэрээр нэрлэж болох ч Тэр Өөрөө хэвээр бөгөөд Түүний Сүнсний шууд илэрхийлэл юм. Түүний цовдлолоор дамжин ирсэн бүх хүн төрөлхтний золин аврал нь Түүний Сүнсний шууд ажил байсан бөгөөд эцсийн өдрүүдэд бүх үндэстэн, бүх газар нутагт илгээх тунхаглал ч бас Түүний Сүнсний шууд ажил юм. Бурханыг цаг ямагт төгс хүчит, ганц жинхэнэ Бурхан, бүгдийг хамарсан Бурхан Өөрөө гэж л нэрлэж болно. Тусдаа бодгалиуд оршин тогтнодоггүй, Эцэг, Хүү, Ариун Сүнс хэмээх санаа бүр ч оршдоггүй. Тэнгэрт болон газарт цорын ганц Бурхан байдаг!(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Гурвал оршин байдаг уу?). Бурхан бол Сүнс, өөрөөр хэлбэл, Ариун Сүнс гэдгийг Төгс Хүчит Бурханы үгээс харж болно. Бурхан төгс хүчтэй; Тэрээр тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээгээд, бүгдийг захирдаг. Бурхан ажлынхаа төлөө махбод болж, бодитой байдлаар хүмүүсийн дунд амьдарч чадна. Гаднаасаа Тэр ердийн хүн шиг харагддаг ч бүх ажлыг нь Бурханы Сүнс захирдаг. Махбод дахь ажил нь гүйцэлдэх үед Бурхан анхдагч хэлбэртээ эргэн ордог. Махбодын хэлбэр нь Бурхан ажлынхаа үеэр хүн төрөлхтөнд харагддаг байдлаас цаашгүй. Иймээс Бурхан Сүнснээс шууд ажиллаж байна уу, махбодод ажиллаж байна уу, Ехова гэгдэж байна уу, Есүс, Төгс Хүчит Бурхан гэгдэж байна уу хамаагүй, нэгэн Сүнс юм. Тэр бол Бурхан Өөрөө бөгөөд бие даан оршин тогтнож, үүрд мөнх байж, бүх зүйлийг бүтээгээд, захирдаг. Нөхөрлөл маань энд хүрэх үед, ганц л Бурхан, цор ганц жинхэнэ Бурхан байдаг гэдгийг бүх хүн тодорхой ойлгосон байх. Энэ нь ямар ч эргэлзээгүй. Христийн шашин цор ганц жинхэнэ Бурханыг Гурвал гэж батлан, Бурханыг гурван хэсэгт хуваахаар зүтгэж, Тэд гурвуулаа л цор ганц жинхэнэ Бурханыг бүрдүүлдэг, тус тусдаа бол цор ганц жинхэнэ Бурхан биш гэх итгэлийг түгээдэг. Энэ нь үнэндээ Бурханыг үгүйсгэж байгаа хэрэг бус уу? Хүн төрөлхтөн Бурханыг тэгж их буруугаар ойлгодог нь Библийг огтхон ч ойлгодоггүй, Бурханы мөн чанарыг мэддэггүй, Библийн үгчилсэн агуулгыг ойлгосондоо асар их биеэ тоож, хүний үзэл, төсөөлөлд үндэслэн Бурханыг хязгаарлаж, хуваадаг гэдгийг нь нотолдог. Энэ нь үнэндээ Бурханыг эсэргүүцэж, доромжилж байгаа хэрэг.

Одоо эцсийн өдрүүдийн Христ болох Төгс Хүчит Бурхан ирээд, ажлаа хийхээр үнэнийг илэрхийлж, шашны ертөнцийн хамгийн том төөрөгдөл болох Гурвалыг илчиллээ. Бурхан бол цор ганц жинхэнэ Бурхан гэдэгт одоо бид бат итгэлтэй боллоо. Бурханы Сүнс бол цор ганц жинхэнэ Бурхан, Ариун Сүнс бол цор ганц жинхэнэ Бурхан, бас бие махбодтой болсон Бурхан бол цор ганц жинхэнэ Бурхан мөн. Сүнсний хувьд, Ариун Сүнсний хувьд, мөн бие махбодтой болохдоо Тэр цор ганц жинхэнэ Бурхан, нэг л Бурхан юм. Бурханыг хувааж болохгүй. Хүмүүс эдгээр үнэнийг хүлээн авч чадалгүй үзэл, төсөөлөлтэйгөө зөрүүдлэн зууралдаж, Гурвалд итгэхээр зүтгэж, цор ганц жинхэнэ Бурханыг гурван Бурхан гэж үзэх юм бол энэ нь Бурханыг яллаж, доромжлох нүгэл юм. Бурханы Сүнсийг доромжлох нь Ариун Сүнсийг доромжилсон хэрэг, үүний үр дагаврыг хэн ч үүрч чадахгүй. Ухаалаг хүмүүс даруйхан сэрж, Бурханыг сөрөх алдаа гаргахгүйн тулд энэхүү буруу үзэл бодолтой зууралдахаа болих боломжтой. Эзэн Есүс ингэж хэлсэн: “Хүмүүсийн аливаа нүгэл болон доромжлол уучлагдаж болно: гэвч Ариун Сүнсийг доромжилсон хүний нүгэл уучлагдахгүй. Хүний Хүүгийн эсрэг үг хэлдэг хэн боловч уучлагдана: гэвч Ариун Сүнсний эсрэг үг хэлдэг хэн боловч энэ насандаа ч, мөн хойд насандаа ч уучлагдахгүй(Матай 12:31–32). Шашны ертөнц Гурвал гэх энэ төөрөгдөлтэйгөө зөрүүдлэн зууралдсаар л байна. Бурханыг тэд хэр удаан эсэргүүцсээр байх бол? Сэрэх цаг боллоо. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Энэ олон жилийн турш Бурханыг та нар ийм маягаар хуваасан, энэ нь үеэс үед илүү нарийн болж хуваагдсаар нэг Бурхан нь гурван Бурхан болж илт хуваагдах хэмжээнд очсон. Одоо хүний хувьд Бурханыг нэг болгон буцаан нийлүүлэх ердөө боломжгүй, учир нь та нар Түүнийг хэтэрхий нарийн хуваасан! Хэтэрхий оройтохоос нь өмнө Миний шуурхай ажил хийгдээгүй бол хэр удаан ийм байдлаар ичгүүр сонжуургүйгээр үргэлжлүүлэх байсныг чинь хэлэхэд хэцүү юм! Бурханыг ийм байдлаар хуваасаар байвал Тэр яаж та нарын Бурхан хэвээр байж чадах юм бэ? Та нар Бурханыг таньж чадна гэж үү?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Гурвал оршин байдаг уу?). “Чиний логик Бурханы ажлыг бүрэн гүйцэд задлан шинжилж чадах уу? Еховагийн бүх ажлыг нэвт харж чадах уу? Энэ бүхнийг нэвт шувт хардаг нь хүн чи юү, эсвэл мөнхөөс мөнхөд харж чаддаг нэгэн нь Бурхан Өөрөө юү? Мөнхийн эрт дээр үеэс үүрдийн мөнхийг харж чаддаг нь чи юү, эсвэл мөнхийн эрт дээр үеэс ирээдүйн мөнхийг хүртэл харж чаддаг нь Бурхан уу? Чи юу гэх вэ? Бурханыг тайлбарлахад чи яаж тохирох юм бэ? Чиний тайлбар юунд үндэслэдэг вэ? Чи Бурхан уу? Тэнгэр, газар болон бүх зүйлийг Бурхан Өөрөө бүтээсэн. Чи үүнийг хийгээгүй, тэгвэл чи яагаад буруу тайлбар өгч байгаа юм бэ? Одоо чи гурвал Бурханд итгэсээр байна уу? Ингэх нь хэтэрхий ядаргаатай гэж бодохгүй байна уу? Гурав биш ганц Бурханд итгэх нь чиний хувьд хамгийн сайн байх болно. Хөнгөн байх нь хавьгүй дээр, учир нь Эзэний ачаа хөнгөн билээ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Гурвал оршин байдаг уу?).

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Өргөгдөх гэж яг юу вэ?

2000 жилийн өмнө Эзэн Есүс цовдлогдож, золин авралын ажлаа гүйцэлдүүлснийхээ дараа, эргэж ирнэ гэж амласан. Тэр үеэс хойш бүх итгэгч...

Messenger дээр бидэнтэй холбоо барих