Үүргээ биелүүлэх болон үйлчлэл үзүүлэхийн хоорондох ялгаа юу вэ?

2021-03-13

Холбогдох Бурханы үг:

Хүний үүргийн биелэлт гэдэг нь үнэндээ хүнд угаасаа байсан бүхнийг буюу хүний хувьд төрөлхөөсөө боломжтой зүйлийг биелүүлэх явдал юм. Тэр үед түүний үүрэг биелдэг. Үйлчлэлийн үеэрх хүний дутагдал нь алгуур туршлагаар болон шүүлт туулах үйл явцаар дамжуулан аажмаар багасдаг; тэдгээр нь хүний үүрэгт нөлөөлөх юм уу саад болдоггүй. Үйлчлэлд нь саад тотгор гарч болзошгүй гэж айсандаа үйлчлэхээ больж, бууж өгч, эсвэл ухарч няцдаг хүмүүс бол бүх хүний дотроос хамгийн хулчгар нь юм. Хэрвээ хүмүүс үйлчлэлийн үеэр өөрсдийн илэрхийлэх ёстой зүйлийг илэрхийлж чадахгүй, эсвэл өөрсдийнх нь хувьд төрөлхөөсөө боломжтой зүйлийг биелүүлж чадахгүй, харин оронд нь мунхаглаж, хийсэн дүр үзүүлбэл бүтээгдсэн зүйлд байх ёстой чиг үүргээ алджээ. Тийм хүмүүс бол “тааруухан” гэгддэг хүмүүс юм; тэд бол хэрэггүй хог хаягдал мөн. Тийм хүмүүсийг яаж бүтээгдсэн зүйл гэж зохис ёсоор нэрлэж болох юм бэ? Тэд гаднаа гяланцаг, дотроо паланцаг завхарсан оршихуй биш гэж үү?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн ялгаа

Үйлчлэл үзүүлэх болон үүргээ гүйцэтгэх хоёрын хоорондох ялгаа юу вэ? Үйлчлэл үзүүлнэ гэдэг нь хийдэг зүйл чинь ядаж Бурханы зан чанарт халдахгүй байх тохиолдолд хийхийг хүссэн зүйлээ хийнэ гэсэн үг. Чиний үйлдлийг хэн ч мөрдөн шалгахгүй, хийдэг зүйл чинь боломжийн байгаа цагт энэ нь хангалттай. Чи зан чанараа өөрчлөх, аливааг үнэн-зарчмын дагуу хийх, Бурханы хүслийг хангах талаар анхаардаггүй, Бурханы зохион байгуулалт, зохицуулалтад яаж захирагдах, үүргээ яаж сайн биелүүлж, Бурханд үүнийгээ тайлагнах талаар бүр ч анхаардаггүй. Эдгээрийн алийг ч чи анхаардаггүй бөгөөд үүнийг үйлчлэл үзүүлэх гэдэг. Үйлчлэл үзүүлэх нь хамаг чадлаараа өөрийгөө зориулж, өглөөнөөс орой хүртэл боол мэт ажиллах явдал юм. Хэрэв чи тийм хүнээс, “Энэ олон жил хийсэн нөр их, шаргуу хөдөлмөр чинь бүгд юун төлөө байсан юм бэ?” гэж асуувал тэр “Ерөөл хүртэхийн төлөө л байхгүй юу” гэж хариулна. Энэ олон жил Бурханд итгэсний үр дүнд зан чанар нь өөрчлөгдсөн эсэх, Бурханы оршин тогтнолд бат итгэлтэй болсон эсэх, Бүтээгчийн зохион байгуулалт, зохицуулалтын талаар тодорхой хэмжээнд жинхэнэ ойлголт, туршлагатай болсон эсэхийг нь тэднээс асуух юм бол энэ бүхний хариуд шууд л “Үгүй” гэх бөгөөд эдгээрийн алийнх нь талаар ярьж чадахгүй. Зан чанарын өөрчлөлттэй холбогдох үзүүлэлтүүдийн алинд нь ч ахиц, дэвшил гаргаагүй үедээ тийм хүн зүгээр л цаг ямагт үйлчлэл үзүүлдэг. Хүн олон жил үйлчлэл үзүүлээд, завхарсан зан чанартай, Бурханы эсрэг үргэлж тэрсэлдэг, дандаа гомдоллодог, ихэвчлэн Бурханыг дуулгавартай дагаж чаддаггүй, гүн гүнзгий завхарсан, Өөрт нь захирагд гэж Бурхан яаж ч хэллээ гэсэн тэгж чаддаггүй гэдгээ өөрийн эрхгүй ойлгож авлаа гэж үзье. Тэд биеэ барих гэж оролддог ч энэ нь бүтдэггүй, өөрсдийгөө харааж, тангараг тавиад ч болдоггүй. Эцэстээ тэд: “Хүн үнэхээр завхарсан зан чанартай, тийм болохоор л Бурханы эсрэг тэрсэлж чаддаг юм байна. Ямар нэг зүйл тохиолдох бүрд хүмүүс үргэлж өөрсдийн гэсэн хүсэлтэй байж, Бурханы зохион байгуулалт, зохицуулалтыг байнга судалж байдаг. Хэдийгээр тэд зүтгэл гаргахыг хүсдэг ч зан чанар, ойворгон санаархал, хүсэл, санаа, тэмүүллийг нь ямар нэг зүйл хөндмөгц эдгээрийг хаяж, орхиж чаддаггүй. Тэд өөрсдийгөө сэтгэл хангалуун байлгах арга замаар аливааг хийхийг үргэлж хүсдэг. Би ийм шүү дээ, намайг удирдана гэдэг үнэхээр бэрх! Үүнийг яалтай билээ?” хэмээн олж мэддэг. Хэрэв тэд эдгээрийг тунгааж эхэлсэн бол хүний арга замын талаар аль хэдийн бага зэрэг ойлголттой болсон байдаг. Үйлчлэл хийж буй хүн заримдаа бодит ажил хариуцаж, зан чанараа өөрчлөхөд анхаарлаа төвлөрүүлэх чадвартай болж, үнэндээ өөрсдөө ч бас завхарсан зан чанартай, дэндүү биеэ тоосон, Бурханд захирагдаж чаддаггүй, энэ чигээрээ явбал горьгүй гэдгээ ойлгож авбал, эдгээрийг бодож чадах цаг ирвэл тэд эргэж эхэлсэн байх бөгөөд зан чанар нь өөрчлөгдөж, авралд хүрэх найдлага бий. Хэрэв хүн эдгээр зүйлийн талаар хэзээ ч боддоггүй, гагцхүү хөдөлмөрлөж л мэддэг бөгөөд Бурханы даалгаврыг гүйцэлдүүлэхийн тулд өмнөх ажлаа дуусгахад л хангалттай, зүтгэж дууссаныхаа дараа үүргээ зохистой биелүүлсэн байх болно гэж бодоод, Бурханы шаардлага юу болох, үнэн гэж юу болох, өөрөө Бурханыг дуулгавартай дагадаг хүнд тооцогдох эсэхээ хэзээ ч боддоггүй бол тэр хүн эдгээр зүйлийг хэзээ ч тунгаан боддоггүй. Үүрэгтээ иймэрхүү маягаар ханддаг хүн авралд хүрч чадах уу? Хариулт нь гэвэл үгүй. Тэд авралд хүрч, Бурханд итгэх зөв замд хөл тавиагүй, Бурхантай хэвийн харилцаа ч тогтоогоогүй бөгөөд тэгсэн атлаа махран зүтгэж, Бурханы гэрт үйлчлэл үзүүлдэг. Иймэрхүү хүн Бурханы гэрт үйлчлэл үзүүлж, Бурхан түүнийг харж хандаж, хамгаалдаг боловч Бурхан тэр хүнийг аврахаар төлөвлөдөггүй, харьцаж, засаж, шүүж, гэсгээдэггүй, мөн шалгалт, цэвэршүүлэлтэд ч оруулдаггүй; Бурхан түүнд энэ яваа насандаа тодорхой хэмжээний ерөөл хүртэх боломж л олгодгоос цаашгүй. Хэрэв эдгээр зүйлийг эргэцүүлж, сонсдог номлолоо ойлгох цаг ирвэл хүмүүс: “Тэгэхээр Бурханд итгэнэ гэж ийм юм байдаг байх нь. Тэгвэл би аврал хүртэхээр эрж хайх ёстой юм байна. Тэгэлгүйгээр үйлчлэл хийгээд сэтгэл ханавал энэ нь Бурханд итгэх итгэлтэй ямар ч хамаагүй болох нь” хэмээн ухаарна. Тэгээд, “Надад завхарсан зан чанарын ямар тал байдаг вэ? Энэ завхарсан зан чанар гэгч зүйл яг юу юм бэ? Ямартай ч би эхлээд Бурханд захирагдах ёстой!” гэж тунгаан боддог. Эдгээр зүйл үнэн болон зан чанарын өөрчлөлттэй холбоотой бөгөөд тэдэнд найдлага бий.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүн үнэний зарчмыг эрж хайснаар л үүргээ сайн биелүүлж чадна”

Чи ямар ч үүрэг гүйцэтгэлээ гэсэн, Бурханы хүслийг ухаарч, Бурхан үүргээс чинь юу шаарддагийг ойлгохоор хичээх ёстой, тэгсэн цагт л зарчмын дагуу асуудлыг зохицуулж чадна. Үүргээ биелүүлэхдээ чи хувийн дур сонирхлынхоо дагуу хийж, өөрийн хүссэнээр хийж, өөрөө аз жаргалтай, тав тухтай, нэр төртэй болохоор хийж огт болохгүй. Хэрэв чи Бурханд дур сонирхлоо хүчээр тулгах юм уу өөрийн дур сонирхлыг үнэн мэт хэрэгжүүлж, үнэний зарчим мэт дагаж мөрдөх юм бол тэр нь үүргээ биелүүлж байгаа хэрэг биш бөгөөд үүргээ ийм маягаар биелүүлбэл Бурхан дурсан санахгүй. Зарим хүн үнэнийг ойлгодоггүй бөгөөд үүргээ сайн биелүүлнэ гэж юу гэсэн үг болохыг мэддэггүй. Тэд зүрх сэтгэл, хүчин чармайлтаа зориулж, махан биеэ хаяж, зовсон тул үүргээ биелүүлж байгаа нь стандартад нийцэх учиртай гэж боддог—гэхдээ тэгвэл яагаад Бурхан үргэлж сэтгэл хангалуун бус байдаг юм бэ? Энэ хүмүүс хаана буруутав? Бурханы шаардлагыг эрж хайхын оронд өөрсдийн санаа бодлын дагуу үйлдсэн нь тэдний алдаа байсан; тэд өөрсдийн хүсэл, сонирхол, аминч сэдлийг үнэн хэмээн авч үзсэн бөгөөд тэдгээрийг Бурханы дуртай зүйл, Бурханы стандарт, шаардлага мэт авч үзсэн. Тэд өөрсдийнхөө зөв, сайн, сайхан гэж боддог зүйлсийг үнэн хэмээн үзсэн; энэ бол буруу юм. Үнэн хэрэгтээ, хүмүүс заримдаа ямар нэг зүйлийг зөв гэж бодож болох ч энэ нь Бурханы хүсэлтэй нийцдэг гэсэн үг байх албагүй. Хүмүүс ямар нэг зүйлийг зөв гэж бодох тусмаа, өөрсдийнх нь бодож буй зүйл Бурханы шаардлагад нийцдэг эсэхийг харахын тулд үнэнийг төдий чинээ их эрж хайх ёстой. Хэрвээ энэ нь Бурханы шаардлага болон үгтэй зөрчилдөж таарвал чи үүнийг зөв гэж бодож байсан ч гэсэн үүнийг хүлээн зөвшөөрөх аргагүй, энэ нь ердөө хүний бодол бөгөөд чи үүнийг хэчнээн зөв гэж бодож байсан ч гэсэн энэ нь үнэнтэй нийцэх албагүй. Буруу, зөвийг тодорхойлох чинь гагцхүү Бурханы үгэнд үндэслэх ёстой бөгөөд чи ямар нэг зүйлийг хэдий зөв гэж бодож байсан ч Бурханы үгийн үндэслэл байхгүй л бол үүнийг хаях ёстой. Үүрэг гэж юу вэ? Энэ нь хүмүүст Бурханы даалгасан даалгавар юм. Тэгвэл чи үүргээ хэрхэн биелүүлэх ёстой вэ? Бурханы шаардлага, стандартын дагуу, хүний хувийн хүсэл бус, үнэний зарчимд үндэслэн үйлдсэнээр. Ийм маягаар, үүргийн гүйцэтгэл чинь стандартад нийцнэ.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүн үнэний зарчмыг эрж хайснаар л үүргээ сайн биелүүлж чадна”

Хүмүүс ямар ч авьяас, билиг, ур чадвартай байлаа гэсэн үүргээ биелүүлж, аливааг хийхэд зүгээр л хүч чадлаа ашигладаг. Тэд юу ч хийлээ гэсэн үзэл, төсөөлөл, зөн совиндоо түшиглэдэг. Тэгээд Бурханы хүслийг хэзээ ч эрж хайдаггүй бөгөөд “Би үүргээ биелүүлж байна. Би үнэнийг хэрэгжүүлэх ёстой” гэж хэлэх ойлголт, хэрэгцээ зүрх сэтгэлд нь байдаггүй. Тэдний бодлын ганцхан эхлэл цэг нь ажлаа сайн хийж, даалгаврыг биелүүлэх явдал байдаг. Тэгвэл энэ нь зөвхөн билиг, авьяас, чадвар, чадавхаараа амьдардаг хүн мөн үү? Ийм хүмүүс итгэхдээ зөвхөн хүч чадлаа ашиглах, хөдөлмөр, чадвараа худалдах тухай л боддог. Ялангуяа Бурханы гэр ерөнхий даалгавар хийлгэхээр өгөх үед ихэнх хүн аливаад ийм үзэл бодлоор ханддаг. Тэд хүчлэхээс өөр зүйл хийдэггүй. Заримдаа энэ нь амаа ашиглаж, заримдаа гар хуруу, биеийн хүчээ ашиглаж, заримдаа нүдээ ашиглаж, заримдаа ийш тийш гүйхийг хэлдэг. Ингэж амьдрах нь хүч чадлаа ашиглаж байгаа явдал болохоос үнэнийг хэрэгжүүлж байгаа хэрэг биш гэж яагаад хэлдэг вэ? Бурханы гэрээс даалгавар өгөхөд тэд чуулганы удирдагчдадаа тайлан тавьж, магтаал хүртэхийн тулд тухайн даалгаврыг яаж аль болох хурдан дуусгах тухай л боддог. Тэд үе шаттай төлөвлөгөө ч гаргаж магад. Тэд маш чин үнэнч харагддаг боловч харагдах байдлын төлөө даалгавраа гүйцэлдүүлэхэд л анхаардаг, эсвэл даалгавраа биелүүлж байхдаа, өөрсдөө аз жаргалтай, сэтгэл хангалуун байж, өөрсдийн зорьдог төгс төгөлдрийн түвшинд хүрэхүйцээр үүнийг хэрхэн хийх вэ гэдэг дээр өөрсдийн гэсэн стандарт тогтоодог. Тэд ямар ч төлөвлөгөө, стандарт гаргалаа гэсэн, үнэнтэй ямар ч холбоогүй байвал, мөн хэрвээ тэд үйлдэл хийхээсээ өмнө үнэнийг эрж хайж, Бурханы өөрсдөөс нь хүсдэг зүйлийг ойлгож, баталгаажуулахаар хичээдэггүй, харин ч сохроор, будилсан байдалтай үйлдэх юм бол энэ нь зүгээр л өөрсдийгөө хүчилж байгаа хэрэг билээ. Тэд өөрсдийн хүсэл, ухаан, билиг авьяас, чадвар, чадамжийн дагуу үйлдэж байгаа юм. Даалгавраа ийм маягаар гүйцэтгэх нь ямар үр дагавартай вэ? Даалгавар биелж, хэн ч ямар нэг өө сэв олоогүй бөгөөд чи үүндээ маш баяртай байж болох юм. Гэхдээ чи даалгавраа хийж байхдаа, нэгдүгээрт: Бурханы санаа зорилгыг ойлгоогүй; хоёрдугаарт: үүнийг бүхий л зүрх сэтгэл, оюун санаа, бүхий л чадлаараа хийгээгүй—бүхий л зүрх сэтгэлээ үүнд зориулаагүй. Хэрэв чи үнэний зарчмыг эрж хайж, Бурханы хүслийг эрж хайсан бол даалгавраа 90% үр ашигтай гүйцэлдүүлж, үнэний бодит байдалд орж чадах байсан бөгөөд хийж байсан зүйл чинь Бурханы хүсэлтэй нийцэлтэй байсан гэдгийг яг таг ойлгох байсан юм. Гэвч чи хэнэггүй, хааш яаш байсан бол даалгавраа биелүүлсэн байж болох ч хэр сайн биелүүлсэн эсэхээ зүрх сэтгэлдээ тодорхой мэдэхгүй. Чамд ямар ч жишиг байхгүй, мөн энэ нь Бурханы хүсэлтэй нийцэлтэй байсан эсэх, үнэнтэй нийцэлтэй байсан эсэхийг чи мэдэхгүй. Иймээс үүргийг ийм байдалтай гүйцэтгэх болгонд, үүнийг өөрийгөө хүчлэх гэх хоёр үгээр нэрлэж болох юм.

Бурханд итгэдэг хүн бүр Түүний хүслийг ойлгох ёстой. Үүргээ зөв зохистой биелүүлдэг хүмүүс л Бурханыг хангалуун байлгаж чадах бөгөөд Түүний даалгасан даалгаврыг гүйцэлдүүлснээр л тэд үүргээ хангалттай биелүүлнэ. Бурханы даалгаврыг биелүүлэх стандарт гэж бий. Эзэн Есүс: “Бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун санаа, бүхий л хүч чадлаараа Бурхан Эзэнээ хайрла” гэж хэлсэн. Бурханыг хайрлана гэдэг бол хүмүүсээс Бурханы шаарддаг зүйлийн нэг тал юм. Үнэн хэрэгтээ Бурхан хүмүүст даалгавар өгч, хүмүүс итгэлээрээ үүргээ биелүүлэх үед тэднээс шаарддаг Бурханы стандарт нь бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун санаа, бүхий л хүч чадлаараа биелүүлэх явдал юм. Хэрэв бие чинь байгаад сэтгэл чинь эзгүй бол, хэрэв чи даалгаврыг тархиндаа тунгааж, цээжилдэг атлаа зүрх сэтгэлээ зориулдаггүй бол, мөн хэрэв чи чадвараа ашиглан аливааг биелүүлдэг бол Бурханы даалгаврыг гүйцэлдүүлж байгаа хэрэг мөн үү? Тэгвэл үүргээ зүй зохистойгоор биелүүлж, Бурханы даалгасан зүйлийг гүйцэлдүүлж, үүргээ үнэнчээр гүйцэтгэхийн тулд ямар төрлийн стандартыг биелүүлэх ёстой вэ? Тэр бол үүргээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун санаа, бүх хүч чадлаараа хийх явдал юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүмүүс яг юуны дагуу амьдарч ирсэн тухай”

Ихэнх хүн: “Хүн удирдвал би дагана. Хаашаа ч удирдлаа гэсэн дагаж, хий гэсэн бүхнийг нь хийнэ” гэсэн сэтгэхүйгээр үүргээ гүйцэтгэдэг. Харин хариуцлага хүлээж, санаа чилээж, нэмэлт анхаарал тавих нь тэдний хийж чаддаггүй зүйл, төлөхийг хүсдэггүй төлөөс юм. Тэд бие махбодын хүчин зүтгэл гаргахад оролцдог ч хариуцлагаас хуваалцдаггүй. Энэ нь үнэндээ үүргээ биелүүлж байгаа явдал биш. Чи үүрэгтээ зүрх сэтгэлээ зориулж сурах ёстой; хүн зүрх сэтгэлтэй бол тэрийгээ ашиглаж чаддаг байх ёстой. Хэрэв зүрх сэтгэлээ хэзээ ч ашигладаггүй бол зүрх сэтгэлгүй хүн гэдэг нь үүгээр нотлогддог бөгөөд зүрх сэтгэлгүй хүн үнэнийг олж авч чадахгүй! Яагаад тэд үнэнийг олж авч чаддаггүй вэ? Тэд Бурханы өмнө яаж очихоо мэддэггүй; Бурханы гэгээрэл, удирдамжийг ухаарахад зүрх сэтгэлээ хэрхэн зориулах юм уу бодож тунгаах, үнэнийг эрж хайх, Бурханы хүслийг эрж хайж, ойлгож, анхаарахад зүрх сэтгэлээ яаж зориулахаа мэддэггүй. Бурханы өмнө үргэлж тайван байж чаддаг байдал, юу ч боллоо гэсэн, ямар ч үүрэг хүлээсэн байлаа гэсэн Бурханы өмнө үргэлж очиж, Бурханы үгийг тунгаахад зүрх сэтгэлээ ашиглаж, үнэнийг эрж хайх, үүргээ хэрхэн биелүүлэх учиртайг тунгаахад зүрх сэтгэлээ зориулж чаддаг байдал та нарт бий юу? Ийм үе олон байдаг уу? Үүрэгтээ зүрх сэтгэлээ зориулж, хариуцлага хүлээж чаддаг байхын тулд зовж, төлөөс төлөх шаардлагатай—зүгээр л энэ тухай ярилаа гээд хангалтгүй. Хэрэв чи үүрэгтээ зүрх сэтгэлээ зориулдаггүй, оронд нь бие махбодын хичээл зүтгэл гаргахыг үргэлж хүсдэг бол үүргээ сайн биелүүлэхгүй нь лавтай. Чи зүгээр л дүр эсгэхээс цаашгүй байх бөгөөд үүргээ хэр сайн биелүүлсэн эсэхээ мэдэхгүй. Хэрэв чи үүрэгтээ зүрх сэтгэлээ зориулбал үнэнийг аажмаар ойлгож авна; тэгэхгүй бол үнэнийг ойлгохгүй. Үүргээ гүйцэтгэж, үнэнийг эрэлхийлэхэд зүрх сэтгэлээ зориулах үедээ чи аажмаар Бурханы хүслийг ойлгож, өөрийн завхрал, дутагдлыг олж илрүүлж, янз бүрийн байдлаа бүгдийг нь хянах чадвартай болдог. Хэрэв чи өөрийгөө шинжлэхийн тулд зүрх сэтгэлээ ашиглалгүй, зөвхөн гадаад талын хичээл зүтгэл гаргахад анхаарлаа төвлөрүүлбэл зүрх сэтгэлд чинь бий болдог өөр өөр байдлыг болон өөр өөр гадаад орчин дахь бүх хариу үйлдлээ олж мэдэж чадахгүй; хэрвээ чи өөрийгөө шинжлэхийн тулд зүрх сэтгэлээ ашигладаггүй бол зүрх сэтгэл дэх асуудлаа шийдвэрлэхэд хэцүү байх болно. Иймээс чи Бурханыг магтаж, шүтэн мөргөхөд зүрх сэтгэл, үнэнч шударга байдлаа ашиглах ёстой. Бурханыг шүтэн мөргөхөд зүрх сэтгэл, үнэнч шударга байдлаа ашиглахын тулд чи тайван, чин үнэнч зүрх сэтгэлтэй байх ёстой; зүрх сэтгэлийнхээ угт Бурханы хүсэл болон үнэнийг эрж хайхаа мэддэг байх ёстой бөгөөд үүргээ яаж сайн биелүүлэх талаар тунгааж, үүргийнхээ аль хэсгийг хараахан ойлгохгүй байгаа, үүргээ яаж илүү дээр хийж болох талаар тунгаан бодох ёстой. Зүрх сэтгэлдээ эдгээрийг үргэлж бодсоноор л чи үнэнийг олж авч чадна. Хэрэв эдгээр зүйл зүрх сэтгэлдээ үргэлж тунгаадаг зүйлс чинь биш бөгөөд оронд нь зүрх сэтгэл чинь оюун санааны зүйл, аль эсвэл гадна талын зүйлсээр дүүрч, Бурханыг шүтэн мөргөхөд зүрх сэтгэл, үнэнч шударга байдлаа ашиглахтай огт хамаагүй, бүр ямар ч хамаагүй зүйлд эзэмдүүлсэн байдаг бол чи үнэнийг олж авч чадах уу? Чи Бурхантай харилцаатай байдаг уу?

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнч хүн байснаар л чи жинхэнэ хүний төрхийг амьдран харуулж чадна”

Та нар үүрэгтээ, хэр багыг хийж болохыг харъя, зайлсхийж болох юу байна харья гэсэн хандлагаар ханддаг; хөдөлж ядан, хэр их саатал учруулж байгаагаа тоодоггүй. Гэхдээ хэрэв та нар юманд нухацтай хандах юм бол төд удалгүй гүйцэтгэх болно. Зарим зүйлийг та нар яаж хийхээ мэддэггүй болохоор Би та нарт яг таг зааварчилгаа өгдөг. Та нар бодох хэрэггүй, зүгээр л сонсоод, дагах ёстой атал бүр энэ нь ч та нарын хэрээс хэтэрсэн байдаг. Та нарын үнэнч байдал хаана байна вэ? Хаана ч алга байна шүү дээ! Та нар дэмий ярихаас цаашгүй, ямар ч зүрх сэтгэлгүй. Зүрх сэтгэлдээ ойлгосон ч гэсэн юу ч хийдэггүй. Энэ бол үнэнийг хайрладаггүй хүн юм! Та нар үүнийг нүдээрээ харж, зүрх сэтгэлдээ мэдэрч чадавч бас л юу ч хийхгүй юм бол зүрх сэтгэлтэй байхын хэрэг юу билээ? Хумсын чинээ мөс чанар чинь үйлдлийг чинь удирддаггүй, бодлыг чинь чиглүүлдэггүй, тиймээс ямар хэрэгтэй юм бэ? Энэ нь ямар ч нэмэргүй; зүгээр л чимэглэл. Хүний итгэл үнэхээр өрөвдөлтэй! Тэгвэл юу нь өрөвдөлтэй юм бэ? Хүн үнэнийг ойлгосон үедээ ч хэрэгжүүлдэггүй. Асуудлыг олж харсан ч хариуцлага үүрэхээр хичээдэггүй; энэ бол түүний үүрэг хариуцлага гэдгийг мэддэг ч зүрх сэтгэлээ зориулдаггүй. Биелүүлж чадах хариуцлагаа үүрэхгүй юм бол үүрч буй тэдгээр багахан хариуцлага чинь ямар үнэ цэнтэй байх вэ? Ямар үр нөлөөтэй байх вэ? Чи ердөө нэр төдий хүчин чармайлт гаргаж, ёс төдий юм ярьдаг. Чи үүнд зүрх сэтгэлээ зориулдаггүй, бүх хүч чадлаа бүр ч зориулдаггүй. Энэ бол үүргээ зохих түвшинд гүйцэтгэж байгаа хэрэг биш, үүнд үнэнч байдал огт байдаггүй; чи ердөө л духныхаа хөлсийг дуслуулан амьдарч, Бурханы дагагчийн хувиар арайхийн аргацааж байна. Ийм итгэлд ямар нэг ач холбогдол бий юү? Ийм итгэл үнэхээр өчүүхэн—ямар үнэ цэнтэй юм бэ? Үүргээ гүйцэтгэх үедээ чи төлөөс төлөх ёстой. Үүнд нухацтай хандах ёстой. Нухацтай хандах гэдэг нь юу гэсэн үг вэ? Нухацтай хандана гэдэг нь бага зэрэг хүчин чармайлт гаргах юм уу махан биеийн зарим нэг тарчлаан амсана гэсэн үг биш. Гол нь юу вэ гэвэл, зүрх сэтгэлд чинь Бурхан, бас ачаа байдаг. Зүрх сэтгэлдээ чи үүргийнхээ ач холбогдлыг дэнсэлж, хийж буй бүхэндээ энэ ачаа болон үүрэг хариуцлагаа үүрч, зүрх сэтгэлээ зориулах ёстой. Чи Бурханы чамд даалгасан үүрэг, түүнчлэн чиний төлөө Бурханы хийсэн бүхэн, чамд тавьж буй найдлагад тэнцэхүйц байх ёстой. Ингэх нь л нухацтай байгаа хэрэг юм. Оромдох нь ямар ч нэмэргүй; чи хүмүүсийг хуурч болох ч Бурханыг хуурч чадахгүй. Үүргээ гүйцэтгэх үед чинь ямар ч бодит төлөөс, үнэнч байдал байхгүй байвал энэ нь стандартад нийцэхгүй. Хэрэв чи Бурханд итгэх итгэл болон үүргийнхээ гүйцэтгэлд нухацтай хандахгүй бол; үл итгэгч хүн даргынхаа төлөө ажиллаж буй мэт оромдож, хааш яаш үйлдвэл; нэр төдий хүчин чармайлт гаргаж, өдөр ирэх бүр аргацааж, асуудлыг харсан ч үл тоомсорлож, асгарсан юм харсан ч арчиж цэвэрлэхгүй, өөрт ашиггүй л бол бүх зүйлийг өчиггүй үл хэрэгсдэг бол энэ нь төвөгтэй бус уу? Ийм хүн яаж Бурханы гэрийн гишүүн байж чадах билээ? Ийм хүмүүс бол гаднын хүмүүс; тэд Бурханы гэрийнх биш. Үүргээ гүйцэтгэх үедээ үнэнч, нухацтай байгаа эсэхээ чи зүрх сэтгэлдээ тодорхой мэддэг бөгөөд Бурхан ч бас тайлан хөтөлж байдаг. Тэгэхээр, та нар ер нь үүргийнхээ гүйцэтгэлд нухацтай хандаж байсан уу? Чин сэтгэлээсээ авч үзэж байсан уу? Үүнд өөрийн хариуцлага, үүрэг даалгавар мэт хандаж байсан уу? Үүрэгтээ эзэн сууж байв уу? Үүргээ гүйцэтгэж байх үедээ олж илрүүлсэн асуудлынхаа талаар ер нь үнэнийг хэлж байсан уу? Асуудал олж илрүүлснийхээ дараа хэзээ ч үнэнийг хэлж байгаагүй бол, хэлье гэж бодож ч байгаагүй бол, тиймэрхүү зүйлийг анхаарч үзэх дургүй бөгөөд хэрэг төвгөөс холуур явсан нь дээр гэж боддог бол—хэрэв үүрэгтээ ийм зарчимтай байдаг бол үүрэг гүйцэтгэж байгаа хэрэг биш; чи хөлсөө дуслуулан амьдарч, үйлчлэл үзүүлж байгаа юм. Үйлчлэл үзүүлэгчид Бурханы гэрт харьяалагддаггүй. Тэд бол ажилчид; ажлаа дуусгасныхаа дараа мөнгөө аваад явж оддог, тус тусынхаа замаар явж, танихгүй хүмүүс болцгоодог. Энэ бол Бурханы гэртэй харилцах тэдний харилцаа юм. Бурханы гэрийн гишүүд бол өөр: Тэд бүх зүйл дээр хүчээ дайчилж, хариуцлагатай ханддаг, Бурханы гэрт юу хийх хэрэгтэй байгааг нүдээрээ харж, тэдгээр ажил үүргийг сэтгэлдээ тээж явдаг, тэд бодож, харсан болгоноо санадаг, ачаа үүрдэг, хариуцлагын мэдрэмжтэй—тэд бол Бурханы гэрийн гишүүд билээ. Та нар энэ түвшинд хүрсэн үү? (Үгүй.) Тэгвэл та нарт хийх юм бас л их байна, тиймээс үргэлжлүүлэн эрэлхийлэх ёстой! Хэрэв чи өөрийгөө Бурханы гэрийн гишүүн гэж үздэггүй, Түүний гэрийн гаднах хүн гэж тооцдог бол Бурхан чамайг хэрхэн хардаг вэ? Бурхан чамд гаднын хүн мэт ханддаггүй; чи л өөрийгөө Түүний хаалганы гадна гаргадаг. Тиймээс үнэнийг хэлэхэд чи Түүний гэр дотор байдаггүй. Энэ нь Бурханы хэлдэг, эсвэл тодорхойлдог зүйлтэй ер нь хамаатай юу? Өөрийнхөө төгсгөл, байр суурийг чи Бурханы гэрийн гадаа тавьсан—өөр хэнийг буруутгах билээ?

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үүргээ сайн гүйцэтгэхэд хамгийн наад зах нь мөс чанар шаардлагатай”

Гаднаа зарим хүн ямар ч ноцтой асуудалгүй юм шиг харагддаг. Тэд үймээн самуун учруулдаггүй, эсвэл хорон муу хүмүүсийн хийдэг зүйлийг хийдэггүй, антихристүүдийн замаар алхдаггүй. Үүргээ гүйцэтгэхдээ тэд ямар нэг алдаа гаргаж, зарчмын асуудал гаргадаггүй мөртөө нэг л мэдэхэд илчлэгддэг. Яагаад тэр вэ? Хүмүүс асуудлыг олж харж чаддаггүй боловч Бурхан зүрх сэтгэлийнх нь гүнийг шинжиж, асуудлыг олж хардаг. Цаг хугацаа өнгөрч, гэмшихгүй хэвээр байвал тэд илчлэгдэх учиртай. Гэмшихгүй хэвээр байх гэж юу гэсэн үг вэ? Тэд үргэлж буруу хандлагатайгаар, хайнга, хааш яаш байдалтай, хайхрамжгүй хандлагатайгаар үйлддэг бөгөөд өөрсдийгөө зориулах нь бүү хэл, хэзээ ч ухамсартай байдаггүй. Тэд бага зэрэг хүчин зүтгэл гаргаж магадгүй боловч зүгээр л оромдож байдаг. Тэд байгаа бүхнээ зориулдаггүй, гэм буруу нь эцэс төгсгөлгүй байдаг. Бурханы үзэл бодлоор бол, Тэрээр тэдний гэмшихийг хэзээ ч хараагүй, эсвэл хайнга, хааш яаш хандлагаа өөрчлөхийг нь хараагүй—өөрөөр хэлбэл, тэд гартаа байгаа ёрын муугаа хаяж, Түүнд гэмшдэггүй. Бурхан тэднээс гэмшиж буй хандлага хардаггүй, хандлагаа өөрчлөхийг нь ч хардаггүй. Тэд тийм хандлага, тийм арга барилаар өөрсдийн үүрэг, Бурханы даалгаварт тууштай ханддаг. Ерөнхийдөө энэхүү зөрүүд, тууштай зан чанарт ямар ч өөрчлөлт байдаггүй, түүгээр ч барахгүй тэд Бурханд өртэйгөө хэзээ ч мэдэрдэггүй, өөрсдийнх нь хайнга, хааш яаш байдал бол гэм буруу, ёрын муу үйл гэдгийг хэзээ ч мэдэрч байгаагүй. Тэдний зүрх сэтгэлд ямар ч өртэй, гэм буруутай, өөрийгөө зэмлэх сэтгэл байдаггүй, өөрийгөө буруутгах сэтгэл бүр ч байдаггүй. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр, энэ хүн аврагдахын аргагүй гэдгийг Бурхан хардаг. Бурхан юу ч хэлсэн бай, тэд хэчнээн олон номлол сонсож, хэчнээн их үнэнийг ойлгосон ч бай, тэдний сэтгэл хөдөлдөггүй бөгөөд хандлага нь хувирч өөрчлөгддөггүй. Бурхан: “Энэ хүнд ямар ч найдвар байхгүй. Миний хэлдэг юу ч түүний зүрх сэтгэлийг хөдөлгөдөггүй, Миний хэлдэг юу ч түүнийг өөрчилдөггүй. Түүнийг өөрчлөх аргагүй. Энэ хүн үүргээ биелүүлэхэд тохирохгүй, Миний гэрт үйлчлэл үзүүлэхэд тохирохгүй” гэж хэлдэг. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл, үүргээ гүйцэтгэж, ажил хийх үед нь тэдэнд хэчнээн их тэвчээр, хүлээцтэй байдал гаргалаа гээд ямар ч үр дүнгүй байдаг бөгөөд тэднийг өөрчилж чадахгүй. Энэ нь тэднийг сайжруулж чаддаггүй, үнэнийг үнэхээр эрэлхийлэх зам дээр хөл тавих боломжийг тэдэнд олгож чаддаггүй. Энэ хүн үнэхээр аврагдах аргагүй. Бурхан хүнийг аврагдах аргагүй гэж тодорхойлох үедээ энэ хүнээс чанга зуурсаар байх уу? Тэгэхгүй. Бурхан түүнийг тавьж явуулна. Зарим хүн: “Бурхан минь, надад зөөлөн хандаач, намайг битгий зовоо, битгий сахилгажуул. Надад жаахан эрх чөлөө өг! Би юмыг жаахан хайнга, хааш яаш хиймээр байна! Бага зэрэг задарсан баймаар байна!” гэж үргэлж гуйдаг. Тэд хязгаарлагдахыг хүсдэггүй. “Нэгэнт чи зөв замаар алхахыг хүсэхгүй байгаа бол Би чамайг явуулна. Чамайг дураар чинь тавина. Яваад хүссэнээ хий. Чи аврагдахын аргагүй тул Би чамайг аврахгүй” гэж Бурхан хэлнэ. Аврагдах аргагүй хүмүүст мөс чанарын мэдрэмж байдаг уу? Тэдэнд өртэй мэдрэмж төрдөг үү? Буруутгах мэдрэмж төрдөг үү? Тэд Бурханы зэмлэл, сахилгажуулалт, цохилт, шүүлтийг мэдэрч чаддаг уу? Тэд мэдэрч чаддаггүй. Тэд эдгээр зүйлийн алийг ч мэддэггүй; ийм зүйл зүрх сэтгэлд нь үл ялиг, эсвэл бүр огт байдаггүй. Бурхан зүрх сэтгэлд нь байхаа больсон энэ үе шатанд хүрэх үедээ хүн авралд хүрч чадах уу? Үүнийг хэлэхэд хэцүү. Хүний итгэл ийм хэмжээнд хүрэх үед тэд асуудалд ордог. Та нар хэрхэн эрэлхийлж, хэрхэн хэрэгжүүлэх ёстойгоо, энэ үр дагавраас зайлсхийж, ийм байдлыг гарцаагүй бий болгохгүйн тулд ямар зам сонгох ёстойгоо мэдэх үү? Хамгийн чухал зүйл бол эхлээд зөв замыг сонгох, дараа нь одоо биелүүлэх ёстой үүргээ сайтар гүйцэтгэхэд анхаарах явдал билээ. Энэ л хамгийн чухал. Чамайг Бурхантай холбодог холбоог хамгийн шууд, мэдэгдэхүйц байдлаар тусгадаг зүйл бол Бурханы даалгасан асуудалд, Түүний чамд оноосон ажилд чи хэрхэн ханддаг болон чиний баримталдаг хандлага юм. Хамгийн шууд ажиглаж болох зүйл бол энэ асуудал мөн. Чи энэ чухал зүйлийг ухаарч, Бурханы чамд даалгасан даалгаврыг биелүүлэх үед Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн болно. Хэрвээ Бурхан чамд ажил даалгаж, тодорхой үүргийг биелүүл гэж хэлэх үед чиний хандлага өнгөцхөн, хайхрамжгүй байж, үүнийг эн тэргүүний зүйл гэж үздэггүй бол энэ нь хамаг зүрх сэтгэл, хүч чадлаа зориулахын яг эсрэгээр байгаа бус уу? Иймээс, үүргээ гүйцэтгэх үеийн хандлага чинь маш чухал, чиний сонгосон арга барил, зам ч мөн адил. Үүргээ өнгөцхөн, яаруу гүйцэтгэж, хөнгөн хуумгай хандахын үр дүн юу вэ? Үр дүн нь гэвэл, хэдийгээр чи үүргээ сайн биелүүлэх чадвартай ч үүргээ тааруу биелүүлэх явдал юм—гүйцэтгэл чинь стандартад хүрэхгүй бөгөөд үүрэгтээ хандах хандлагад чинь Бурхан сэтгэл хангалуун байхгүй. Хэрэв чи анх хэвийн байдлаар эрж хайж, хамтран ажилладаг байсан бол; үүнд бүх бодол санаагаа зориулдаг байсан бол; үүнийг хийхэд бүхий л зүрх сэтгэл, оюун санаагаа зориулж, бүх хүчин чармайлтаа дайчилж, хэсэг хугацааны хөдөлмөр, мэрийлт, бодлоо зориулж, эсвэл материалуудыг лавлан үзэхэд цаг гаргаж, үүнд бүхий л бие, сэтгэлээ зориулсан бол; тэгж хамтран ажиллах чадвартай байсан бол Бурхан урд чинь явж, чамайг замчилж байх байлаа. Чи их хүч зарах хэрэггүй; хамтран ажиллахад бүхий л хүчин чармайлтаа дайчлах үед Бурхан чамд зориулан бүх зүйлийг аль хэдийн зохицуулсан байх болно. Хэрэв чи башир, зальхай байж, хоёрын хооронд юм хийж, бодлоо өөрчлөн, замаасаа гажих юм бол Бурхан чамайг огт сонирхохгүй; чи энэ боломжийг алдсан байх бөгөөд Бурхан: “Чи хангалттай сайн биш; ямар ч хэрэггүй. Хажуу тийшээ очоод зогс. Чи залхуурах дуртай юм аа даа, аан? Ов мэхтэй, зальхай байх дуртай юм, тийм биз? Чи амрах дуртай юу? За яах вэ, тэгвэл амар” гэж хэлнэ. Бурхан дараагийн хүнд энэ нигүүлсэл, боломжийг өгнө. Та нар юу гэх вэ: Энэ гарз уу, олз уу? Энэ бол үлэмж их гарз юм!

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үүргээ биелүүлэхдээ хайнга, хуумгай байх асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ”

Зарим хүн үүргээ биелүүлэх үедээ ямар ч асуудалтай тулгарлаа гэсэн үнэнийг эрж хайдаггүй бөгөөд үргэлж өөрийн бодол, үзэл, төсөөлөл, хүслийн дагуу үйлддэг. Тэд аминчхан хүслээ байнга хангадаг, завхарсан зан чанар нь тэдний үйлдлийг үргэлж хянаж байдаг. Тэд өөрсдөд нь даалгасан үүргийг гүйцэлдүүлж магад боловч ямар ч үнэнийг олж авдаггүй. Тэгвэл ийм хүмүүс үүргээ биелүүлэхдээ юунд түшиглэж байна вэ? Тэд үнэнд ч, Бурханд ч түшиглэдэггүй. Тэдний ойлгодог өчүүхэн төдий үнэн зүрх сэтгэлд нь дээд эрх эзэмшдэггүй; тэд эдгээр үүргийг гүйцэлдүүлэхдээ өөрсдийн билиг, чадвар, олж авсан аливаа мэдлэг, авьяас болон сэтгэлийн тэнхээ, сайн санаа зорилгодоо найдаж байгаа. Энэ нь үүргээ сайн гүйцэтгэж байгаа хэрэг мөн үү? Үүргээ хангалттай гүйцэтгэж байгаа хэрэг мөн үү? Заримдаа чи үүргээ биелүүлэхдээ төрөлх байдал, үзэл, төсөөлөл, мэдлэг, сурсан эрдэмдээ түшиглэж болох ч хийдэг зарим зүйлд чинь зарчмын ямар ч асуудал гардаггүй. Гаднаа чи буруу замаар ороогүй мэт харагдах боловч орхигдуулж болохгүй нэг зүйл бий: Үүргээ биелүүлэх үйл явцдаа үзэл, төсөөлөл, хувийн хүсэл чинь хэзээ ч өөрчлөгдөж, үнэнээр солигддоггүй, үйлдэл, үйл хэрэг чинь хэзээ ч үнэний зарчмын дагуу байдаггүй бол эцсийн үр дүн нь ямар байх вэ? Чи үйлчлэл үзүүлэгч болно. Библид яг ингэж тэмдэглэсэн байдаг: “Тэр өдөр олон хүн, ‘Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр эш үзүүлээгүй гэж үү? Таны нэрээр чөтгөрүүдийг хөөгөөгүй гэж үү? Мөн Таны нэрээр гайхамшгуудыг үйлдэж байгаагүй гэж үү?’ гэх болно. Тэгэхэд нь Би тэдэнд ингэж хэлнэ, ‘Би та нарыг хэзээ ч танихгүй: ёс бусыг үйлдэгчид та нар Надаас зайл’ гэж хэлнэ” (Матай 7:22–23). Хүчин чармайлтаа зориулж, үйлчлэл үзүүлдэг энэ хүмүүсийг Бурхан яагаад “ёс бусыг үйлдэгчид” гэж нэрлэдэг вэ? Бидний итгэлтэй байж болох нэг зүйл бол энэ хүмүүс ямар ч үүрэг юм уу ажил гүйцэтгэлээ гэсэн, тэдний сэдэл, хөдөлгөгч хүч, санаа зорилго, бодол бүхэлдээ аминч хүслээс нь үүдэж, тэр чигтээ өөрсдийнх нь санаа бодол, хувийн ашиг сонирхолд үндэслэдэг бөгөөд тэдний бодол, төлөвлөгөө нь нэр хүнд, байр суурь, нэрэлхүү зан, хэтийн ирээдүйг нь тойрон эргэлддэг. Сэтгэлийнхээ гүнд тэд үнэнийг эзэмшдэггүй, үнэний зарчмуудад ч нийцүүлэн үйлддэггүй. Тиймээс одоо та нарын хувьд юуг эрэлхийлэх нь гол чухал вэ? (Бид үнэнийг эрж хайж, Бурханы хүсэл, шаардлагын дагуу үүргээ биелүүлэх ёстой.) Бурханы шаардлагад нийцүүлэн үүргээ биелүүлэх үедээ чи ялангуяа юу хийх ёстой вэ? Ямар нэг зүйлийг хийх үед чамд байдаг санаа зорилго, бодол санааны тухайд бол, тэдгээр нь үнэнтэй нийцдэг эсэхийг, мөн санаа зорилго, бодол санаа чинь аминч хүслээ биелүүлэхийн төлөө байдаг уу, эсвэл Бурханы гэрийн ашиг сонирхлын төлөө байдаг уу гэдгийг ялган таньж сурах ёстой. Хэрвээ санаа зорилго, бодол санаа чинь үнэнтэй нийцдэг бол чи үүргээ биелүүлэхдээ бодол санаагаа дагаж болно; харин үнэнтэй нийцдэггүй бол бушуухан эргэж, тэрхүү замыг орхих ёстой. Тэр зам буруу бөгөөд тийм маягаар хэрэгжүүлж болохгүй; хэрвээ чи тэр замаар алхсаар байвал нүгэл үйлддэг нэгэн болж дуусна.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үүрэгтээ Бурханы үгийг хэрхэн туулах тухай”

Петр харьцалт, цэвэршүүлэлт туулснаар төгс болгуулсан. Тэрээр: “Би цаг ямагт Бурханы хүслийг хангалуун байлгах ёстой. Хийж байгаа бүхэндээ би зөвхөн Бурханы хүслийг хангахаар эрж хайдаг ба гэсгээгдэж, шүүгдэж байсан ч үүнийг баяртайяа хийнэ” гэж хэлсэн юм. Петр өөрт байгаа бүхнийг Бурханд өгсөн ба түүний ажил, үг, бүхий л амьдрал тэр чигтээ Бурханыг хайрлахын төлөө байв. Тэр бол ариун байдлыг эрж хайдаг хүн байсан бөгөөд туршлагажих тусам түүний зүрх сэтгэлийн гүн дэх Бурханыг гэх хайр улам их болж байлаа. Харин Паул зөвхөн гадна талын ажил хийсэн бөгөөд хэдийгээр шаргуу ажилласан ч түүний ажил хөдөлмөр ажлаа зохих ёсоор хийж, улмаар шагнал авахын төлөө байсан юм. Ямар ч шагнал авч чадахгүй гэдгээ мэдэж байсан бол тэр өөрийн ажлыг орхих байв. Петр өөрийн зүрх сэтгэл доторх жинхэнэ хайрыг л анхаарч байсан бөгөөд тэр нь бодитой, мөн биелүүлж болохуйц зүйл байлаа. Тэр шагнал авах эсэх талаар анхаараагүй, харин өөрийнх нь зан чанар өөрчлөгдөж чадах эсэхийг анхаарсан. Паул бүр ч илүү шаргуу ажиллах талаар анхаарч, гадна талын ажил, зориулалт болон хэвийн хүмүүсийн туулдаггүй хоосон сургаалын талаар анхаарсан. Тэрээр зүрх сэтгэлийнхээ гүн дэх өөрчлөлтийг ч, Бурханыг гэх жинхэнэ хайрыг ч огт анхаараагүй. Петрийн туршлага нь Бурханыг гэх жинхэнэ хайр, жинхэнэ мэдлэгт хүрэхийн төлөө байв. Түүний туршлага нь Бурхантай илүү ойр дотно харилцаатай болж, бодитоор амьдран харуулахын төлөө байжээ. Паулын ажил нь Есүсийн даалгасан зүйлээс болсон ба өөрийн хүсэн эрмэлзэж байсан зүйлийг олж авахын төлөө байсан ч эдгээр нь өөрийнхөө талаарх болон Бурханы талаарх мэдлэгтэй нь хамаагүй байв. Түүний ажил гагцхүү гэсгээлт, шүүлтээс зугтахын төлөө байсан. Петрийн цэвэр ариун хайрыг эрж хайж, Паул зөвт байдлын титмийг эрж хайжээ. Петр Ариун Сүнсний ажлыг олон жил туулсан бөгөөд Христийн талаар бодитой мэдлэгтэй, түүнчлэн өөрийнхөө талаар гүн гүнзгий мэдлэгтэй байсан. Иймээс Бурханыг гэх түүний хайр цэвэр байв. Олон жилийн цэвэршүүлэлт нь Есүс болон амийн талаарх түүний мэдлэгийг дээшлүүлсэн ба түүний хайр нөхцөлгүй хайр, идэвх санаачилгатай хайр байсан, тэрээр хариуд нь юу ч гуйгаагүй, ямар нэг ашиг тус хүртэнэ гэж ч найдаагүй. Паул олон жилийн турш ажилласан мөртөө Христийн талаар асар их мэдлэг эзэмшээгүй бөгөөд өөрийнх нь талаарх түүний мэдлэг ч бас өчүүхэн бага байлаа. Түүнд Христийг гэх хайр ердөө байгаагүй ба түүний ажил, явсан замнал нь эцсийн нэр хүндийг олж авахын төлөө байсан. Түүний эрж хайсан зүйл хамгийн цэвэр хайр биш, харин хамгийн сайхан титэм байв. Тэр идэвхтэйгээр эрж хайгаагүй, харин ч идэвхгүй байсан; тэр үүргээ биелүүлээгүй, харин Ариун Сүнсний ажилд баригдсаныхаа дараа албан хүчээр эрж хайсан юм. Иймээс тэр бол шаардлага хангасан Бурханы бүтээл байсан гэдгийг эрэл хайгуул нь нотолдоггүй; харин Петр бол өөрийн үүргийг биелүүлж, Бурханы шаардлагыг хангасан бүтээл байлаа. Бурханд хувь нэмрээ оруулсан бүх хүн шагнал хүртэх ёстой ба хувь нэмэр хэдий чинээ их байна, Бурханы тааллыг хүртэх нь төдий чинээ баталгаатай гэж хүн боддог. Хүний үзэл бодлын мөн чанар нь арилжаа наймааны шинжтэй байдаг бөгөөд Бурханы бүтээлийн хувиар үүргээ биелүүлэхийн тулд идэвхтэйгээр эрж хайдаггүй. Бурханы хувьд, хүмүүс Бурханыг гэх жинхэнэ хайр болон Бурханд бүрэн дуулгавартай байдлыг эрж хайх тусам, өөрөөр хэлбэл, Бурханы бүтээлийн хувиар үүргээ биелүүлэхээр эрж хайх тусам, Бурханы сайшаалыг төдий чинээ хүртэж чадна. Бурханы үзэл бодол бол анхдагч үүрэг болон байр сууриа сэргээхийг хүнээс шаардах явдал юм. Хүн бол Бурханы бүтээл, иймээс хүн Бурханд ямар нэгэн шаардлага тавьж даврах ёсгүй ба Бурханы бүтээлийн үүргээ биелүүлэхээс өөрийг хийх ёсгүй. Паул, Петр хоёрын хүрэх газар хувь нэмрийнх нь хэмжээгээр биш, харин Бурханы бүтээлийн үүргээ биелүүлж чадсан эсэхээр хэмжигдсэн; тэдний хүрэх газар нь хэр их ажил хийсэн, эсвэл бусад хүмүүс тэднийг хэрхэн үнэлсний дагуу биш, харин анхнаасаа юу эрж хайснаар нь тодорхойлогдсон. Иймээс Бурханы бүтээлийн хувиар өөрийн үүргийг идэвхтэйгээр биелүүлэхээр хичээх нь амжилтад хүрэх зам; Бурханыг гэх жинхэнэ хайрын замыг эрж хайх нь хамгийн зөв зам; хуучин зан чанараа өөрчилж, Бурханыг гэх цэвэр хайрыг эрж хайх нь амжилтад хүрэх зам юм. Амжилтад хүрэх ийм зам нь Бурханы бүтээлийн анхдагч үүргээ, түүнчлэн анхдагч дүр төрхөө сэргээх зам юм. Энэ нь сэргэлтийн зам бөгөөд түүнчлэн эхнээсээ эцэс хүртэлх Бурханы бүх ажлын зорилго билээ. Хэрвээ хүний эрэл хайгуулд хувийн хэмжээлшгүй шаардлага болон зохисгүй хүсэл эрмэлзэл нь холилдвол үүгээр хүрэх үр дүн хүний зан чанарыг өөрчилж чадахгүй. Энэ нь сэргэлтийн ажилтай зөрөлддөг бөгөөд Ариун Сүнсний хийдэг ажил биш гэдэг нь эргэлзээгүй тул ийм төрлийн эрэл хайгуулыг Бурхан хүлээн зөвшөөрдөггүй гэдгийг нотолдог. Бурханы хүлээн зөвшөөрдөггүй эрэл хайгуул ямар ач холбогдолтой байх юм бэ?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг

Петрийн эрж хайсан бүхэн Бурханы зүрх сэтгэлийн дагуу байв. Тэр Бурханы хүслийг хангахаар эрэлхийлсэн ба зовлон зүдүүр, гай тотгорыг үл хайхран Бурханы хүслийг хангахад бэлэн байлаа. Бурханд итгэгчийн хувьд үүнээс илүү сайн эрэл хайгуул гэж үгүй. Паулын эрж хайсан зүйл өөрийнх нь махан бие, үзэл, төлөвлөгөө, арга ухаантай холилдсон. Тэр яавч шаардлага хангасан Бурханы бүтээл байгаагүй, Бурханы хүслийг хангахаар эрэлхийлсэн хүн ч байгаагүй. Петр Бурханы зохион байгуулалтад захирагдахаар хичээсэн ба хэдийгээр хийсэн ажил нь их биш байсан ч түүний эрэл хайгуулын ар дахь сэдэл болон алхсан зам зөв байсан; хэдий тэр олон хүнийг олж авч чадаагүй ч үнэний замыг эрэлхийлж чадсан юм. Үүнээс үүдэн, тэр бол шаардлага хангасан Бурханы бүтээл байсан гэж хэлж болно. Өнөөдөр чи ажилчин биш байлаа ч гэсэн, Бурханы бүтээлийн үүргийг биелүүлж, Бурханы бүх зохион байгуулалтад захирагдахаар эрэлхийлж чаддаг байх ёстой. Чи Бурханы хэлсэн бүхэнд дуулгавартай байж, бүх төрлийн гай зовлон, цэвэршүүлэлтийг туулж чаддаг байх ёстой ба сул дорой хэдий ч зүрх сэтгэлдээ Бурханыг хайрлаж чаддаг байх ёстой. Өөрсдийн амийн төлөө хариуцлага үүрдэг хүмүүс Бурханы бүтээлийн үүргийг биелүүлэхэд бэлэн байдаг ба тийм хүмүүсийн эрэл хайгуулд хандах үзэл бодол зөв байдаг. Эдгээр нь Бурханд хэрэгтэй хүмүүс юм. Хэрвээ чи их ажил хийж, бусад хүмүүс чамаас юм сурч авсан боловч чи өөрөө өөрчлөгдөөгүй, ямар ч гэрчлэл хийгээгүй, эсвэл ямар нэг жинхэнэ туршлагатай болоогүй, тийм болохоор амьдралынхаа эцэст ч гэсэн чиний хийсэн юу ч гэрчлэл хийгээгүй бол чи өөрчлөгдсөн хүн мөн үү? Чи үнэнийг эрж хайдаг хүн мөн үү? Тухайн үед Ариун Сүнс чамайг ашигласан ч чамайг ашиглах үедээ ажилд ашиглаж болох хэсгийг чинь л ашигласан бөгөөд ашиглагдаж болохгүй хэсгийг чинь Тэр ашиглаагүй. Хэрвээ чи өөрчлөгдөхөөр эрж хайсан бол ашиглагдах явцдаа аажмаар төгс болгуулах байсан. Гэсэн ч эцэстээ авхуулж чадах эсэхэд чинь Ариун Сүнс ямар ч хариуцлага хүлээдэггүй бөгөөд энэ нь эрэл хайгуулын чинь байдлаас хамаардаг. Чиний хувийн зан чанарт ямар ч өөрчлөлт байхгүй бол эрэл хайгуулд хандах үзэл бодол чинь буруугаас энэ нь болдог. Хэрвээ чи ямар ч шагнал хүртээгүй бол тэр нь өөрийн чинь асуудал бөгөөд чи өөрөө үнэнийг хэрэгжүүлээгүй, Бурханы хүслийг биелүүлж чаддаггүйгээс болдог. Иймээс чиний хувийн туршлагаас илүү чухал зүйл гэж юу ч үгүй, хувийн оролтоос чинь илүү шийдвэрлэх зүйл гэж юу ч үгүй! Зарим хүн эцэст нь, “Би Таны төлөө маш их ажил хийсэн, хэдийгээр биширмээр амжилт гаргаагүй байж болох ч би хичээнгүйлэн чармайсаар ирсэн. Та намайг зүгээр л тэнгэр лүү аваачиж, амийн жимс идүүлж болохгүй гэж үү?” хэмээн хэлнэ. Би ямар хүмүүсийг хүсдэгийг чи мэдэх ёстой; ариун бус хүмүүс хаанчлалд орохыг зөвшөөрөхгүй, ариун бус хүмүүс ариун газрыг балиартуулахыг зөвшөөрөхгүй. Хэдийгээр чи их ажил хийж, олон жилийн турш ажилласан ч эцэст нь өрөвдмөөр бузар хэвээр байвал Миний хаанчлалд орохыг хүсэх чинь Тэнгэрийн хуулиар тэвчишгүй юм! Дэлхий ертөнц бүтээгдсэнээс эхлээд өнөөдрийг хүртэл Надад ая тал зассан хүмүүст Би Миний хаанчлалд амархан орох боломжийг хэзээ ч олгож байгаагүй. Энэ бол тэнгэрийн дүрэм бөгөөд хэн ч үүнийг зөрчиж болохгүй! Чи амийг эрж хайх ёстой. Өнөөдөр, төгс болгуулах хүмүүс Петртэй адил төрлийнх юм: Тэд бол зан чанараа өөрчлөхөөр эрж хайдаг хүмүүс бөгөөд Бурханд гэрчлэл хийж, Бурханы бүтээлийн үүргээ биелүүлэхэд бэлэн байдаг хүмүүс юм. Тийм хүмүүс л төгс болгуулна. Хэрвээ чи зөвхөн шагнал горилоод, амь зан чанараа өөрчлөхөөр эрэлхийлдэггүй бол бүх хичээл чармайлт чинь талаар өнгөрнө—энэ бол өөрчлөгдөшгүй үнэн юм!

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих