Үнэнч хүн байх хэрэгжүүлэлтийн зарчим юу вэ?

2021-03-13

Холбогдох Бурханы үг:

Үнэнч байдал гэдэг нь Бурханд зүрх сэтгэлээ өгөх, бүх зүйл дээр Бурханд үнэн сэтгэлээсээ хандаж, бүх зүйл дээр Түүнтэй илэн далангүй байж, бодит баримтыг хэзээ ч нуухгүй байж, дээд, доод хүмүүсээ мэхлэхээр оролдохгүй байж, Бурханд бялдуучлах зүйл хэзээ ч хийхгүй байна гэсэн үг юм. Товчхондоо үнэнч байна гэдэг нь өөрийн үйлдэл болон үгийг цэвэр байлгаж, Бурханыг ч, хүнийг ч мэхлэхгүй байх явдал билээ. Миний хэлдэг зүйл маш энгийн боловч та бүхний хувьд хоёр дахин хэцүү бэрх байдаг. Олон хүн үнэнч шударгаар ярьж, үйлдсэний оронд тамд яллагдахыг илүүд үздэг. Иймээс үнэнч бус хүмүүст өөрөөр ханддагт минь гайхах юмгүй. Мэдээж үнэнч байхад хэчнээн хэцүү байдгийг чинь Би сайн мэднэ. Та нар бүгд маш ухаантай, юмыг өөрсдийн өчүүхэн жаахан хэмжүүрээр хэмжихдээ дадамгай учраас Миний ажлыг хавьгүй илүү амархан болгодог. Та нар дор бүрнээ өөрсдийн нууцыг дотроо хадгалж байдаг тул Би та нарыг галаар “хүмүүжүүлэхийн” тулд нэг нэгээр чинь гай гамшигт оруулна, ингэснээр тэр цагаас хойш та нар Миний үгэнд бүрэн итгэлтэй болж магад юм. Эцэст нь Би “Бурхан бол итгэмжит Бурхан” гэх үгийг амнаас чинь гарган авна, тэгэхэд та нар цээжээ дэлдэн “Хүний зүрх сэтгэл зальтай юм!” хэмээн халаглана. Тэр үед та нарын сэтгэл санааны байдал ямар байх вэ? Та нар одоогийнх шигээ бардам байхгүй гэж Би төсөөлж байна. Тэр ч бүү хэл, одоогийнх шигээ “гүн гүнзгий, ойлгомжгүй” байхгүй. Зарим хүн Бурханы өмнө ёсорхуу, зүй зохистой байж, “хүмүүжилтэй” байхаар хүч чадлаа дайчилдаг ч Сүнсний өмнө хамаг эрээ цээрээ алддаг. Та нар ийм хүмүүсийг үнэнч хүмүүсийн тоонд оруулах уу? Хэрвээ чи хоёр нүүртэй, мөн “хүн хоорондын харилцаанд” чадварлаг бол Би чамайг гарцаагүй Бурханаар даажигнадаг хүн гэж хэлнэ. Хэрвээ үг чинь шалтаг болон хэрэггүй зөвтгөлөөр дүүрэн бол Би чамайг үнэнийг хэрэгжүүлэх дургүй хүн гэж хэлнэ. Хэрвээ чамд хуваалцахыг хүсдэггүй олон нууц байдаг бол, хэрвээ чи өөрийнхөө нууцыг буюу өөрийнхөө бэрхшээлийг бусдын өмнө дэлгэж, гэрлийн замыг эрж хайх маш дургүй бол чи авралыг амархан хүртэж, харанхуйгаас хялбархан гарч ирж чадахгүй хүн юм гэж Би хэлнэ. Хэрвээ үнэний замыг эрж хайх нь чамд тун таалагддаг бол чи үргэлж гэрэлд амьдардаг хүн юм. Хэрвээ чи Бурханы гэрт үйлчлэл үзүүлэхдээ тун их баяртай байж, нэрд гаралгүйгээр хичээнгүйлэн, чин сэтгэлээсээ ажиллаж, үргэлж өгч, хэзээ ч авдаггүй бол Би чамайг үнэнч ариун хүн гэж хэлнэ, учир нь чи шагнал эрэлхийлдэггүй, зүгээр л үнэнч шударга хүн байдаг. Хэрвээ чи илэн далангүй байхыг хүсдэг бол, байгаа бүхнээ зарлагадахыг хүсдэг бол, Бурханы төлөө амиа золиосолж, гэрчлэлдээ бат зогсож чаддаг бол, мөн Бурханыг хангалуун байлгахыг л мэддэг, өөрийгөө боддоггүй, өөрийнхөө төлөө юм авдаггүй байх хэмжээнд үнэнч шударга бол ийм хүмүүс гэрлээр тэтгэгддэг, хаанчлалд үүрд амьдрах хүмүүс юм гэж Би хэлнэ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Гурван сануулга

Өнөөдөр ихэнх хүмүүс үйлдлээ Бурханы өмнө авчрахаас хэтэрхий их айдаг; чи Түүний махбодыг мэхэлж магадгүй ч Түүний Сүнсийг мэхэлж чадахгүй. Бурханы шинжилтийг тэсвэрлэж чадахгүй аливаа хэрэг явдал үнэнтэй таардаггүй бөгөөд үүнийг хаях хэрэгтэй; үүнээс өөрөөр хийх нь Бурханы эсрэг нүгэл үйлдэж байгаа хэрэг. Иймээс чи залбирах үедээ, ах эгч нартайгаа ярилцаж, нөхөрлөх үедээ, үүргээ гүйцэтгэж, ажил хэргээ явуулах үедээ зүрх сэтгэлээ цаг үргэлж Бурханы өмнө тавих ёстой. Үүргээ биелүүлэх үед чинь Бурхан чамтай хамт байдаг бөгөөд санаа зорилго чинь зөв, Бурханы гэрийн ажлын төлөө байгаа цагт хийдэг бүхнийг чинь Тэр хүлээн зөвшөөрнө; чи үүргээ биелүүлэхэд чин сэтгэлээсээ өөрийгөө зориулах хэрэгтэй. Залбирах үедээ зүрх сэтгэлд чинь Бурханыг гэсэн хайр байдаг, Бурханы халамж, хамгаалалт, шинжилтийг эрэлхийлдэг бол, хэрэв эдгээр зүйл санаа зорилго чинь бол чиний залбирал үр дүнтэй байна. Жишээлбэл, цуглаан дээр залбирах үедээ чи зүрх сэтгэлээ нээж, Бурханд залбиран, худал хуурмаг зүйл ярилгүйгээр зүрх сэтгэлдээ байгаа зүйлийг Түүнд хэлбэл залбирал чинь гарцаагүй үр дүнтэй болно…

Бурханд итгэгч байна гэдэг нь хийж буй бүхнээ Түүний өмнө авчирч, шинжүүлэх ёстой гэсэн үг юм. Хийж буй зүйлээ Бурханы Сүнсний өмнө авчирч болох боловч Бурханы махбодын өмнө авчирч болохгүй бол чи Түүний Сүнсээр шинжүүлж байгаагүйг харуулж байна. Бурханы Сүнс гэж хэн бэ? Бурхан гэрчлэл хийдэг хүн хэн бэ? Тэд нэг биш гэж үү? Ихэнх нь Тэднийг хоёр тусдаа оршихуй гэж үзэн, Бурханы Сүнс бол зөвхөн Өөрийнх нь, харин Бурхан гэрчлэл хийдэг хүн бол ердөө л нэг хүн гэж итгэдэг. Гэвч чи андуурсан бус уу? Энэ хүн хэний өмнөөс ажилладаг вэ? Бие махбодтой болсон Бурханыг мэддэггүй хүмүүст сүнслэг ойлголт байдаггүй. Бурханы Сүнс, Түүний махбод болсон бие хоёр нэг бөгөөд учир нь Бурханы Сүнс махбодод биеллээ олдог. Энэ хүн чамд базаахгүй хандвал Бурханы Сүнс эелдэг хандана гэж үү? Чи будилсан бус уу? Өнөөдөр Бурханы шинжихийг хүлээн авч чаддаггүй бүхэн Түүний сайшаалыг хүртэж чадахгүй бөгөөд бие махбодтой болсон Бурханыг мэддэггүй хүмүүс төгс болгуулж чадахгүй. Хийж байгаа бүхнээ хараад Бурханы өмнө авчирч болох эсэхийг үзээрэй. Хийж байгаа бүхнээ Бурханы өмнө авчирч чадахгүй бол энэ нь мууг үйлдэгч болохыг чинь харуулж байна. Мууг үйлдэгч төгс болгуулж чадах уу? Үйлдэл, санаа зорилго, хариу үйлдэл бүр гээд хийж буй бүхнээ Бурханы өмнө авчрах хэрэгтэй. Чиний залбирал, Бурхантай ойр дотно байдал, Бурханы үгийг хэрхэн идэж уудаг, ах эгч нартайгаа хийсэн нөхөрлөл, чуулган доторх амьдрал, түншлэл дэх үйлчлэл гээд өдөр тутмын сүнслэг амьдралаа хүртэл Бурханы өмнө авчирч шинжүүлэх хэрэгтэй. Ийм хэрэгжүүлэлт амиа өсгөхөд чинь тусална. Бурханы шинжихийг хүлээн зөвшөөрөх явц нь ариусах явц юм. Бурханы шинжихийг хүлээн зөвшөөрч чадах тусам улам их ариусаж, Бурханы хүсэлд улам их нийцсэнээрээ самуун явдалд татагдахгүй, зүрх сэтгэл чинь Түүний өмнө амьдарна. Түүний шинжлэхийг хүлээн зөвшөөрөх тусам Сатан улам их шившиглэгдэж, махан биеэ хаях чадвар чинь улам нэмэгдэнэ. Тиймээс Бурханы шинжлэхийг хүлээн зөвшөөрөх нь хүмүүсийн дагах ёстой хэрэгжүүлэлтийн зам юм. Чи юу ч хийж байсан бай, ах эгч нартайгаа ярилцахдаа хүртэл үйлдлээ Бурханы өмнө авчирч, Түүнээр шинжүүлэхийг хичээж, Бурханыг Өөрийг нь дуулгавартай дагахаар зорьж болно. Энэ нь хэрэгжүүлдэг зүйлийг чинь хавьгүй илүү зөв болгоно. Чи хийж байгаа бүхнээ Бурханы өмнө авчирч, Бурханы шинжихийг хүлээн зөвшөөрөх л юм бол Бурханы өмнө амьдардаг нэгэн болж чадна.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуух хүмүүсийг Бурхан төгс болгодог

Үнэнч хүн байхын хамгийн чухал хэсэг нь чиний зүрх сэтгэл Бурханд нээлттэй байх ёстой. Дараа нь чи бусад хүнд нээлттэй байж, үнэнчээр, үнэнээ ярьж, зүрх сэтгэлдээ байгаа зүйлийг хэлж, нэр төртэй, шулуун шударга, ёс жудагтай хүн байж, хэтрүүлэгтэй, худал ярихгүй, дүр эсгэж, бусдыг хуурахад үгээ ашиглахгүй байхад суралцаж болох юм. Хүн үүргээ гүйцэтгэхдээ үнэнч шударга хандлага гаргаж, үүргээ үнэнч шударга зүрх сэтгэлээр гүйцэтгэх ёстой байдаг нь үнэнч хүн байхтай хамааралтай өөр бас нэг тал юм. Чи зарчмын дагуу байж, тэдгээрийг хэрэгжүүлэх ёстой; энэ бол зүгээр нэг яриа төдий зүйл биш, эсвэл ердөө л тодорхой нэг хандлага гаргачхаад, өөрөө амарч суунгаа бусдад явж юм хий гэж хэлэхийн нэр ч биш. Амарч суугаа чи бодит байдал дээр үнэнч хүн байгаа чинь хаана байна вэ? Ямар ч бодит байдалгүй байж зүгээр нэг уриа лоозон хашхирах хэрэггүй. Бурхан хүнийг шинждэг, Тэр хүний зүрх сэтгэлийнх нь гүнийг шинжиж, дотоод сэтгэлийг нь харахаас гадна бас зан авир болоод хэрэгжүүлэлтийг нь хардаг. Чи дотоод сэтгэлдээ нэгийг бодсон ч хэрэгжүүлдэггүй бол энэ нь үнэнч хүнийг илтгэх үү? Ингэнэ гэдэг нь нэгийг хэлээд нөгөөг бодно гэсэн үг; энэ нь өөрийгөө сайнаар харагдуулах зүйлийг хийж, үгээрээ бусдыг маллана гэсэн үг—яг л бичвэрүүдийг гарамгай сайн уншдаг, ар өвөргүй мэддэг байсан фарисайчууд шиг. Гэсэн ч хэрэгжүүлэх цаг болж, төлөөс төлж, байр суурийн ерөөлөөсөө татгалзах хэрэгтэй болохоор тэд тэгээгүй, харин Бурханыг шүүж, яллаж, Түүний албан тушаалын төлөө өрсөлдөж эхэлсэн. Бурханд энэ нь жигшмээр санагдсан; энэ бол явах сайн зам байгаагүй! Ийм хүнд бусад хүн итгэж чадах уу? (Үгүй.)

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнч хүн байснаар л чи жинхэнэ хүний төрхийг амьдран харуулж чадна”

Үнэнч шударга хүн байхыг хэрэгжүүлэхдээ эхлээд өдөр бүр Бурханд зүрх сэтгэлээ уудалж, залбирч, сэтгэлдээ юу байгааг Бурханд хэлж сурах ёстой. Өнөөдөр чи худлаа хэлсэн гэж бодъё; үүнийг хэн ч хараахан мэдээгүй, мөн чи хүн болгонтой илэн далангүй байхаар хараахан зориглоогүй байна. Наад зах нь чи өнөөдөр биеэ авч явах байдлаасаа шинжиж, олж илрүүлсэн алдаа эндэгдэл, худал хуурмаг, худал үгийг даруйхан Бурханд аваачиж, нүглээ улайж, “Өө Бурхан минь, би дахиад л худал хэлчихлээ. Ийм тийм юмны төлөө тэгсэн юм. Намайг сахилгажуулаач гэж Танаас гуйя” гэж хэлэх ёстой. Хэрэв чи тийм хандлагатай байвал Бурхан чамайг хүлээн авч, үүнийг санах болно. Худал хэлдэг дутагдал буюу завхарсан зан чанарыг засахад чамаас маш их хүч, хөдөлмөр шаардаж магад, гэхдээ хэзээ ч бүү ай. Бурхан чамтай хамт байгаа бөгөөд энэхүү ужгирсан саад бэрхшээлийг давахад чамайг замчилж, тусалж, худал хэлэхгүй байх, худал хэлсэн гэдгээ хүлээн зөвшөөрөх, мөн юу гэж худал хэлсэн, яагаад худал хэлсэн, ямар санаархал, зорилготой байснаа хүлээн зөвшөөрч, үнэнч биш, ов мэхтэй хүн гэдгээ хүлээх зориг оруулна. Түүнчлэн Тэр чамд энэ саадыг давж, Сатаны торноос мултарч, хяналтаас нь гарах эр зориг хайрлана. Ингэснээр чи аажмаар гэрэлд, Бурханы удирдамж, ерөөл дор амьдардаг болно. Махан биед баригдсан энэ саадыг даваад, үнэнд захирагдах чадвартай болсныхоо дараа чи эрх чөлөөтэй болж, чөлөөлөгдсөн байх болно. Энэ маягаар амьдрахад хүмүүс чамд талтай болоод зогсохгүй Бурхан ч бас чамайг таалах болно. Заримдаа чи буруу үйлдэл хийж, худал хэлэх чадвартай хэвээр, үе үе өөрийн гэсэн санаархал, хувиа хичээсэн сэдэл, аминчхан, жигшүүртэй үйлдэл, санаа гаргах боловч Бурханы шинжилтийг хүлээн авч, өөрийн зүрх сэтгэл, бодит байдал, завхарсан зан чанарыг Бурханы өмнө илчилж чадах бөгөөд тийнхүү чи хэрэгжүүлэх зөв замтай болно. Хэрэв чиний хэрэгжүүлэх зам, урагшлах чиглэл зөв бол хэтийн ирээдүй чинь үзэсгэлэнтэй сайхан, гэгээлэг байх болно. Ийм маягаар зүрх сэтгэл чинь санаа амар амьдарч, сүнс чинь тэжээгдэж, элбэг дэлбэг, баяр баясгалантай мэдрэмж төрнө. Хэрэв махан биед баригдсан энэхүү саадыг давж чадахгүй, үргэлж сэтгэл хөдлөл, сатанлаг гүн ухаанд хүлэгдэж, үг, үйлдэл чинь үргэлж сэмхэн, далд байж, хэзээ ч өдрийн гэрэл үзэхгүй бол чи Сатаны эзэмшил дор амьдардаг нэгэн мөн. Үнэнийг ойлгож, махан биед баригдсан саадыг давж чадах үедээ чи аажмаар хүний төрхтэй болдог. Тэгээд илэн далангүй, шулуухан ярьж, үйлдэж, өөрийн ямар ч санаа, бодол, буруу хийсэн ямар ч зүйлийг бусдад үзүүлдэг бөгөөд ингэснээр хүмүүс үүнийг тод томруун харж, эцэстээ чамайг ил тод хүн гэцгээнэ. Ил тод хүн гэж юу вэ? Энэ нь худал хэлдэггүй, үг яриандаа гойд үнэнч шударга, үгийг нь хүн болгон үнэн гэж итгэдэг хүн юм. Тэд өөрсдийн мэдэлгүй худал ярьж, буруу юм хэллээ ч санамсаргүй тэгсэн гэдгийг нь хүн болгон мэддэг болохоор тэднийг уучилж чаддаг. Энэ талаар мэдмэгцээ тэд эргэж ирээд уучлал гуйж, үүнийгээ залруулна. Энэ бол ил тод хүн юм. Ийм хүнд хүн болгон дуртай, мөн итгэж найдаж чаддаг. Хэрэв чи ийм түвшинд хүрч, Бурханы болон бусдын итгэлийг олбол эгэлгүй даалгавар биелүүлсэн байх болно—энэ бол хүний хүрч болох хамгийн дээд эрхэм чанар бөгөөд ийм хүмүүс л өөрсдийгөө хүндэлдэг.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнч хүн байснаар л чи жинхэнэ хүний төрхийг амьдран харуулж чадна”

Үнэнч хүний хувиар чи эхлээд хүн болгонд зүрх сэтгэлээ нээх ёстой, ингэснээр хүн бүр үүнийг шинжилж, бодож байгаа бүхнийг чинь харж, үнэн нүүр царайг чинь хальт харж чадна; чи сайхан харагдахын тулд дүр эсгэж, дүр үзүүлэхээр оролдох ёсгүй. Тэр үед л хүмүүс чамд итгэж, үнэнч хэмээн тооцох болно. Энэ бол хамгийн үндсэн хэрэгжүүлэлт бөгөөд үнэнч хүн байхын урьдач нөхцөл юм. Чи үргэлж дүр эсгэж, ариун, эрхэм дээд, агуу дүр үзүүлж, ёс зүйн өндөр чанартай царайлж байна. Тэгээд хүмүүст завхрал, дутагдлаа харуулдаггүй. Мөн өөрийгөө шулуун шударга, агуу, өөрийгөө золиослогч, туйлширдаггүй, амь бие хайргүй гэж итгүүлэхийн тулд хүмүүст хуурамч дүр харуулдаг. Энэ бол ов мэхтэй байдал юм. Бүү дүр эсгэ, бүү өөрийгөө хайрцагла; харин өөрийгөө болон зүрх сэтгэлээ ил болгон бусдад харуул. Хэрэв чи зүрх сэтгэлээ уудлан бусдад харуулж, эерэг ч бай, сөрөг ч бай, бүх бодол, төлөвлөгөөгөө ил болгож чаддаг бол үнэнч байгаа хэрэг бус уу? Хэрэв чи өөрийгөө ил болгон бусдад харуулж чадвал Бурхан ч бас чамайг хараад, “Чи өөрийгөө ил болгон бусдад харуулсан тул Миний өмнө ч бас үнэнч байгаа нь лавтай” хэмээн хэлнэ. Хэрэв чи зөвхөн бусдын нүднээс далдуур Бурханд өөрийгөө ил болгож, бусадтай хамт байхдаа үргэлж агуу, эрхэм дээд, шулуун шударга, аминч бус дүр эсгэдэг бол Бурхан юу гэж бодож, юу гэж хэлэх вэ? “Чи үнэхээр ов мэхтэй юм; туйлын хоёр нүүртэй, шалихгүй, мөн үнэнч хүн биш юм” гэж Тэр хэлнэ. Бурхан чамайг тийнхүү яллана. Хэрэв чи үнэнч хүн байхыг хүсвэл Бурхан юм уу бусдын өмнө юу ч хийлээ гэсэн сэтгэлээ нээж, өөрийгөө илчилж чаддаг байх ёстой. Ингэх амархан уу? Үүнд цаг хугацаа шаардагддаг, учир нь зүрх сэтгэл дотор маань тулаан явагдаж, бид тасралтгүй хэрэгжүүлэх болдог. Зүрх сэтгэл маань бага багаар нээгдэж, бид өөрсдийгөө ил болгож чадна.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнч хүн байх хамгийн үндсэн хэрэгжүүлэлт”

Сөрөг, сул дорой байдал, харьцалт туулсны дараа муухай ааштай байх гээд үүргээ гүйцэтгэх явцдаа юутай ч тулгарсан бай, чи үүнд зөв зохистой хандах хэрэгтэй, мөн үнэнийг эрж хайж, Бурханы хүслийг ойлгох ёстой. Эдгээр зүйлийг хийснээр чи хэрэгжүүлэх замтай болно. Үүргээ сайн биелүүлэхийг хүсэж байвал зан аашныхаа нөлөөнд автахгүй байх ёстой. Чамд хэчнээн сөрөг, сул дорой санагдаж байсан ч гэсэн, хийдэг бүхэндээ үнэнийг туйлын хатуу чанд хэрэгжүүлж, зарчмаа баримтлах ёстой. Ингэвэл бусад хүн чамайг сайшаагаад зогсохгүй Бурхан ч бас чамд дуртай байх болно. Ингэснээр чи хариуцлагатай, ачаа үүрдэг хүн болно; чи үүргээ үнэхээр стандартад нийцэхүйц биелүүлж, жинхэнэ хүний төрхийг бүрэн дүүрэн амьдран харуулдаг жинхэнэ сайн хүн болно. Ийм хүмүүс үүргээ биелүүлэх үедээ ариусгагдаж, бодит өөрчлөлтөд хүрдэг бөгөөд тэднийг Бурханы нүдэнд үнэнч байдаг гэж хэлж болно. Үнэнч хүмүүс л үнэнийг хэрэгжүүлэхдээ тууштай байж, зарчимтай үйлдэхэд амжилт олж чаддаг бөгөөд үүргээ стандартад нийцүүлэн биелүүлж чаддаг. Зарчимтай үйлддэг хүмүүс сайхан ааштай байхдаа үүргээ нягт нямбай биелүүлдэг; тэд хааш яаш байдлаар ажилладаггүй, бусдаар өөрсдийгөө үнэлүүлэх гэж биеэ тоож, онгирдоггүй. Харин муухай ааштай байхдаа өдөр тутмын үүргээ мөн л чин үнэнчээр, хариуцлагатай гүйцэтгэдэг бөгөөд үүргээ гүйцэтгэхэд нь хор хөнөөлтэй, өөрсдөд нь бага зэрэг дарамт үзүүлдэг, үүргээ гүйцэтгэх явцад нь саад болдог ямар нэг зүйлтэй тулгарсан ч гэсэн Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгаж, залбиран, “Би ямар ч том асуудалтай тулгарсан бай, тэнгэр нурж ирсэн ч гэсэн, Бурхан намайг амьдруулсаар байгаа цагт үүргээ биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийхээр шийдсэн. Бурханы надад хайрласан энэ үүрэг, мөн миний биед Түүний оруулсан энэ амьсгалыг хүртэх эрхтэй байхын тулд би амьдарч байгаа өдөр бүрдээ үүргээ гүйцэтгэхээр шаргуу ажиллана. Хэчнээн хэцүү байдалд байхаас үл хамааран би бүгдийг үл тооно, учир нь үүргээ биелүүлэх нь хамгийн чухал!” хэмээн хэлж мөн л чаддаг. Ямар ч хүн, үйл явдал, зүйл, орчны нөлөөнд автдаггүй, аливаа зан ааш, эсвэл гадаад нөхцөл байдалд захирагддаггүй, Бурханы даалгасан үүрэг, даалгаврыг эн тэргүүнд тавьдаг хүмүүс нь Бурханд үнэнч, Түүнд жинхэнээсээ захирагддаг хүмүүс юм. Ийм хүмүүс амийн оролтод хүрч, үнэний бодит байдалд орсон байдаг. Үнэнийг амьдран харуулахын хамгийн бодит, жинхэнэ илэрхийллийн нэг нь энэ билээ.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Өөрийн үүргийг гүйцэтгэх туршлагаас амийн оролт эхлэх ёстой”

Бурхан чамд шууд үүрэг болгосон уу, чиний гүйцэтгэх ёстой үүрэг байна уу, хэн нэгэн чамд хэлсэн байна уу хамаагүй, эсвэл энэ нь чиний биеэ хэрхэн авч явдаг, асуудлыг хэрхэн зохицуулдаг эсэхтэй чинь холбоотой байна уу хамаагүй, ямар ч асуудалтай нүүр тулсан чи үргэлж үнэнч сэтгэлээр хандах ёстой. Аливаад үнэнч сэтгэлээр хандах хандлагыг хүн хэрхэн хэрэгжүүлбэл зохилтой вэ? Юу бодож байгаагаа хэлж, шударгаар ярь; албан үг хэллэгээр бүү ярь, чихэнд чимэгтэй, тал зассан, хоёр нүүртэй хуурамч зүйл бүү хэл, харин сэтгэлийнхээ үгийг хэлж, зүрх сэтгэлдээ байгаа жинхэнэ бодол, үзэл бодлоо илэрхийл—үнэнч хүмүүсийн хийвэл зохих зүйл энэ билээ. Зүрх сэтгэлдээ юу бодож байгаагаа хэзээ ч хэлж, задалдаггүй, амнаас гарах үг чинь хэзээ ч сэтгэлдээ бодож байгаатай чинь адилгүй байдаг бол үнэнч хүний гаргах зан энэ биш. Жишээлбэл, чи үүргээ сайн гүйцэтгээгүй гэж бодъё. Хэн нэгэн чамаас юу болсныг асуухад “би үүргээ сайн гүйцэтгэхийг хүссэн ч энэ, тэр шалтгааны улмаас чадаагүй” гэж чи хэлдэг. Үнэн хэрэг дээрээ, цалгар байснаа зүрх сэтгэлдээ мэдэж байгаа ч чи илэн далангүй, чин сэтгэлээсээ ярьдаггүй, тэгээд хариуцлагаас зугтаж, эсвэл бодит үнэнийг нуух бүхий л шалтгааныг хайдаг. Энэ нь үнэнч хүн байгаа хэрэг мөн үү? Ингэж хэлснээрээ чи аргалаад өнгөрч болох ч дотроо байгаа зүйлсийг шийдвэрлэхийн тулд ил гаргаагүй болохоор зүрх сэтгэлийг чинь энэ нь шаналгана. Хэрэв энэ нь зүрх сэтгэлд чинь үндэслэвэл төвөгтэй хэрэг болно. Чи илэн далангүй, шударга ярих ёстой: “Энэ үүргийг гүйцэтгэж байхдаа би бага зэрэг хайхрамжгүй байж, нухацтай хандаагүй ээ. Би хэсэгхэн мэрийн ажиллаж байснаа л жоохон назгайрчихдаг. Сэтгэл санаа сайхан үед би бага зэрэг төлөөс төлж чаддаг ч сайхан зантай биш байвал хүчин чармайлтаа сулруулан, төлөөс төлөх дургүй болж, лазагнан биеийн тав тухад шунадаг, тиймээс би үүргээ гүйцэтгэхдээ ямар ч үр дүнд хүрдэггүй юм. Өнгөрсөн хэдэн өдөрт би өөрийгөө эрс өөрчилж байна, бүтээмжээ нэмэгдүүлж, илүү хурдан ажиллахын тулд цаашид үүрэгтээ улам бүр сайн болохоор мэрийсээр байна”. Энэ хоёрын аль нь үнэнч шударга хариулт болохыг хүн сонсож чадах уу? Та нар юу гэж бодож байна? Эхний хариулт бол харьцалт туулахаас, асуудал байгааг нь бусад хүн олж мэдэх вий, шалгагдаад хариуцлага хүлээх болох вий гэхээс айсандаа үнэнийг далдалж, буруушаахыг няцаахын тулд урьдаас шалтаг олж, харьцалт туулахгүйн тулд хариуцлагаас зугтаж буй хүн өрсөж довтолж байгаа гэдэг нь тодорхой байна. Энэ бол тэдний худал хуурмагийн эх сурвалж. Хоёр дахь нь үнэнээ хэлж байгаа хүн байна, хэдийгээр тэр харьцалт туулж, хариуцлага хүлээх ёстой гэдэг нь тодорхой байгаа ч гэсэн энэ бол үнэн. Хүмүүсийн хэвийн байдал ийм л байдаг—чи юу ч хэлэхгүй байсан ч хүмүүс мэдэх л болно. Чи дуугүй байж, өөрийгөө зөвтгөн хамгаалах сонголт хийгээгүй, харин ч шулуухан ярьсан. Энэ нь чамайг үнэнч шударга хандлагатай агаад бодит үнэнийг далдалж, бусдыг мэхлэхийн тулд шалтагтайгаа гөжүүдлэн тууштай зууралдахын оронд өөрчлөлтийг эрэлхийлж байгаа гэдгийг чинь батална. Аль зам нь зөв бэ? Аль нь үнэнч шударга хүмүүсийн хэрэгжүүлдэг зам бэ? Нээлттэй байж, өөрийгөө илчилж, шударгаар ярьж, бодит байдал, бодит асуудлаа өчих—үнэнч хүмүүс ингэж л хэрэгжүүлдэг, ингэж хэрэгжүүлэх нь ч зөв юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнч хүн байснаар л чи жинхэнэ хүний төрхийг амьдран харуулж чадна”

Чи бусадтай харилцахдаа эхлээд үнэн зүрх сэтгэл, чин сэтгэлээ мэдрүүлэх ёстой. Хэрэв хүн бусадтай ярьж, холбоо тогтоож, хамтдаа ажиллаж байхдаа хааш яаш, сүржин, тал зассан, долигоносон, хариуцлагагүй, хий хоосон үгтэй, аль эсвэл зүгээр л бусдын тусыг эрж юм ярьдаг бол тэдний үг ямар ч үнэмшилгүй, тэд огтхон ч чин сэтгэлгүй байдаг. Хэн ч байсан, өрөөлтэй харилцах тэдний горим ийм ажээ. Тийм хүн үнэнч шударга зүрх сэтгэлтэй байдаг уу? Энэ бол үнэнч хүн биш. Хэн нэгэн зарим нэг дутагдалтай байгаад, чамд “Би яг яагаад ийм сөрөг байдгийг хэлээд өгөөч. Үүнийг ер ойлгож чадахгүй юм!” гэж чин сэтгэлээсээ, үнэнээ хэллээ гэж бодъё. Тэгээд чи тэдний асуудлыг үнэндээ зүрх сэтгэлдээ ойлгож байгаа хэр нь тэгж хэлэлгүй, харин “Зүгээр дээ. Би ч гэсэн үе үе сөрөг болдог юм” гэж хэллээ гэж бодъё. Энэ үг сонсож байгаа хүндээ маш их тайтгарал болдог ч чиний хандлага чин сэтгэлийнх мөн үү? Үгүй, тийм биш. Чи нөгөө хүндээ хайнга хандаж байна, тэдэнд илүү аятайхан санагдуулж, тайтгаруулахын тулд чи тэдэнтэй үнэнчээр ярихаас зайлсхийж байна. Тэднийг сөрөг байдлаа ардаа орхиж чаддаг болгохоор чин сэтгэлээсээ тэдэнд туслахгүй байна. Тэднийг тайтгаруулж, тэд нараас хөндийрөх юм уу зөрчил маргаан гаргахгүй байхыг хичээгээд л чи маш өчүүхэн зүйл хийж өгсөн—үнэнч шударга хүн байна гэдэг ийм байдаггүй юм. Тэгвэл иймэрхүү нөхцөлтэй тулгарах үедээ үнэнч шударга хүн яах ёстой вэ? Үзэж харж, таньж мэдсэн зүйлээ тэдэнд ингэж ярьж өг: “Би юу харж, юу туулснаа чамд хэлье. Миний хэлж байгаа зүйл зөв үү, буруу юу гэдгийг чи шийд. Буруу байвал чи хүлээн зөвшөөрөх албагүй. Зөв байвал чамайг хүлээн авна гэж найдъя. Хэрвээ би сонсоход хэцүү, сэтгэл шархлуулах юм хэлбэл та Бурханаас хүлээн авч чадна гэж найдъя. Миний санаа, зорилго бол чамд туслах явдал. Бардам зан чинь шархалсан байна, би энэ асуудлыг тодорхой харж байна. Өөрийгөө өргөмжлөх үзлийг чинь хэн ч тордохгүй байна, тэгээд бусад бүх хүн чамайг дорд үзэж, дайрч давшилж байна, ингэж их хэлмэгдэж байсан удаагүй гэж чи боддог. Үүнийг чи тэвчиж чадалгүй, сөрөг болдог. Та юу гэж бодож байна? Үнэхээр ийм зүйл болж байгаа юу?” Үүнийг сонсоод тэд үнэхээр тийм байгааг мэдэрдэг. Зүрх сэтгэлд үнэндээ ийм зүйл байгаа ч хэрэв чи үнэнч шударга хүн биш бол үүнийгээ хэлэхгүй. Харин, “Би ч гэсэн байнга сөрөг болдог” гэж хэлэх бөгөөд хүн болгон сөрөг болдог гэж нөгөө хүн нь сонсоод үүнийг хэвийн гэж бодож, эцэстээ сөрөг байдлыг ардаа орхидоггүй. Хэрэв чи үнэнч шударга хүн байгаад, тэдэнд үнэнч хандлага, үнэнч зүрх сэтгэлээр тусалбал үнэнийг ойлгож, сөрөг байдлыг ардаа орхиход нь тус болж чадна.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнч хүн байснаар л чи жинхэнэ хүний төрхийг амьдран харуулж чадна”

Хүмүүс ямар зарчмын дагуу Христтэй харилцах ёстой вэ? Зусардаж, таалагдахаар оролдож, таатай мэдрэмж төрүүлэхийн тулд үгээ цэгнэх тухайд хүмүүс ямар зарчмыг баримтлах ёстой вэ? Чин үнэнч бай, тэгээд зусардах эсвэл долигонох талаар бүү анхаар. Тал засах хэрэггүй, зүгээр л чин үнэнч бай. Үүнийг яаж тусгайлан хэрэгжүүлэх ёстой вэ? Чин үнэнч байхын тулд чи юун түрүүнд хувийн хүслээ хойш тавих ёстой. Бурхан чамд яаж ханддагт анхаарал хандуулахын оронд зүрх сэтгэлдээ юу байгааг хэл, харин үг чинь ямар үр дагавар дагуулах тухай бодож, санаа тавих хэрэггүй; бодож байгаа бүхнээ хэл, сэдлүүдээ хойш тавь, зарим нэг зорилгод хүрэхийн тулд л бүү ярь. Хэтэрхий их хувийн санаа зорилго тээх үедээ чи юм ярихдаа үргэлж тооцоолж байдаг. “Би тэгж биш, ингэж хэлэх хэрэгтэй, хэлэх зүйлдээ болгоомжтой хандах ёстой, би зорилгодоо хүрэх ёстой”—энд хувийн сэдэл орсон байна уу? Үг хэлэхээсээ ч өмнө чи оюун санаан дотроо аль хэдийн хэд хэд давтан ярьсаар, хэлэх гэж байгаа зүйлээ олон удаа боловсруулж, толгой дотроо олон удаа шүүсэн байдаг. Амнаас чинь гарах үедээ эдгээр үг Сатаны ов мэхтэй явуулгыг агуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, амнаас чинь гарах үг сэдэл, хувийн зорилго өвөрлөж байдаг; тийм үг үнэн сэтгэлийнх биш бөгөөд зүрх сэтгэлээс гардаггүй. Энэ бол чин үнэнч байгаа хэрэг биш. Үүнийг юу гэж нэрлэдэг вэ? Үүнийг муу санаа зорилго өвөрлөх гэдэг юм. Үүнээс гадна, чи ярьж байхдаа магадгүй нүүр царай, нүдний илэрхийллийг тогтмол ажиглаж магадгүй бөгөөд Түүний илэрхийлэл тааламжтай байвал л яриагаа үргэлжлүүлдэг. Тааламжгүй илэрхийлэл олж илрүүлэх үедээ чи амаа хамхидаг. Түүнд сонссон зүйл нь таалагдаагүйг харсан даруйдаа чи ярихаа больдог. Тэр сонирхохгүй, чамайг хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байгаа мэт санагдсан даруйд чи дотроо “Юу хэлбэл сонирхлыг тань татаж, Та надад анхаарал хандуулахыг хүсэх бол? Яаж Танд өөрийгөө сайн гэж бодогдуулах вэ? Яаж Танд таалагдах вэ? Миний талаарх Таны сэтгэгдлийг яаж өөрчлөх вэ? Юу хэлбэл Таныг баярлуулж, Та надтай харьцахгүй байх бол? Бодит нөхцөл байдлыг Танд мэдэгдэхгүйн тулд би юу хэлэх вэ? Таны сонсох дургүй сэдвээс би хэрхэн зайлсхийх вэ? Үүнд хүрэхийн тулд юу ч хэлэх ёстой байсан, би хэлнэ” гэж боддог. Чин үнэнч байх гэдэг нь энэ үү? (Үгүй, биш.) Зарим хүн: “Хэрэв Та энэ зүйлийг мэдээгүй бол би мэдээлэхгүй. Харин, өөр хэн нэгний мэдээлэхийг хүлээж байгаад, дараа нь л бусдыг дагаж энэ тухай ярих болно. Ингэснээр миний мэдээлэл үнэн гэдгийг Танд мэдэгдэнэ, харин би түрүүлээд мэдээлэх юм бол харьцалт туулж магадгүй. Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлддөг шүү дээ, би тэр хөхөө болмооргүй байна. Би яавч түрүүлж урагш алхах хүн байж болохгүй” гэж боддог. Энэ нь чин үнэнч байгаа хэрэг мөн үү? Чи хэн нэгний талаар тодорхой нэг үнэн мэдээлэл олж мэдсэн гэж бодъё, хэрэв мэдэж байгаа хүн нь ганцхан чи бөгөөд бусад нь бүгдээрээ мэдэхгүй, тэр хүнийг сайн хүн гэж бодсоор байвал, Христ ч мөн адил энэ мэдээллийг мэдэхгүй байгаа бол ийм нөхцөлд чи Христэд энэ талаарх бүх үнэнийг хэлэх үү? Хэрэв нууж, далдлаад энэ талаар хэзээ ч юу ч хэлэхгүй, хэзээ ч илчлэхгүй, зөвхөн тэр хүнийг хэн болохоо харуулаад, албан тушаалаасаа чөлөөлөгдөх юм уу Бурханы гэрээс хөөгдсөний дараа л өндийн босож, санаагаа хэлэх юм бол энэ чинь чин үнэнч байгаа хэрэг мөн үү? Асуудал гаргаад хэн ч ил болсон бай, эсвэл өөр ямар ч асуудал мэдээлэгдсэн бай, чи үргэлж хамгийн сүүлд дуугарах нэгэн нь байдаг. Энэ нь чин үнэнч байгаа хэрэг мөн үү? Чи хувьдаа хэн нэгэнд дургүй, эсвэл хэн нэгэн чамд өс санадаг гэж бодъё. Тэр хүн муу хүн байх, эсвэл ямар нэг муу үйл хийсэн байх албагүй ч чи түүнийг үзэн яддаг ба түүнийг уналтад оруулж, тэнэг мэт харагдуулахыг хүсдэг болохоор түүний талаар ямар нэг муу зүйл хэлэх арга замыг бодож, боломжийг хайдаг. Хэдийгээр чи энэ тухай тухай тодорхой зүйл хэлэхгүйгээр ярьж байж болох ч асуудалд өгч байгаа тайлбар бүрээс чинь чиний сэдэл илэрхий болдог. Чи Дээрхийн гарыг ашиглан тэдэнтэй харьцахаар оролдож байна. Өнгөн дээрээ чи үнэн бодит баримтыг л ярьж байгаа мэт харагдавч тэдгээрт чиний хувийн сэдэл холилдсон байдаг; энэ бол чин үнэнч байгаа хэрэг биш.

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд үнэнийг үл тоож, зарчмуудыг илт зөрчиж, Бурханы гэрийн зохицуулалтыг үл ойшоодог (II)”

Шулуун шударга байж чадна гэдэг нь үнэнч шударга хүн байхыг хэлнэ. Энэ нь хүн зүрх сэтгэл, сүнсээ Бурханд бүрэн нээж, юу ч нуухгүй, юунаас ч нуугдахгүй байна гэсэн үг юм. Ийм төрлийн хүмүүс зүрх сэтгэлээ Бурханд өгч, бүрэн харуулдаг. Өөрөөр хэлбэл, тэд өөрийгөө бүхэлд нь Бурханд өгдөг. Хэрэв Бурхан тэднийг муу гэж хэлбэл тэд санал нийлдэг. Бурхан тэднийг биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг гэвэл тэд санал нийлж, бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрдөг. Тэд үүнтэй санал нийлчхээд л, зүгээр орхичхож болох уу? Тэд гэмшиж, үнэн-зарчмыг олж авахаар мэрийж, олж мэдсэн алдаагаа залруулж, алдааныхаа үндсийг эрэлхийлэх л ёстой. Тэгвэл нэг л мэдэхэд тэд бүхий л алдаатай зан авираа засаж, мэхэлж, хуурч, зайлсхийж, аливаад хааш яаш ханддаг байдлаа улам бүр багасгадаг. Ийм маягаар удаан амьдрах тусмаа тэд улам ний нуугүй, шударга болж, үнэнч хүн болох зорилгодоо улам ойртдог. Энэ бол гэрэлд амьдарч буй хэрэг. Энэ бүх алдар Бурханы л ач! Бурхан л хүмүүсийг гэрэлд амьдруулдаг—хүмүүст онгироод байх юм юу ч байхгүй. Хүмүүс гэрэлд амьдарч байхдаа бүх үнэнийг ойлгож, Бурханаас эмээх сэтгэлтэй болж, тулгарсан асуудал бүрд үнэнийг эрж хайхаа мэддэг болж, хүний төрхтэй амьдардаг. Хэдийгээр тэднийг сайн хүн гэж бүрэн дүүрэн хэлж болохгүй ч Бурханы нүдэнд тэд зарим нэг хүний төрхтэй, хэдэр, дайсагнасан зангаа гээсэн, Бурханыг эсэргүүцэж, Түүнийг жигшин голох аюулыг гэтэлсэн гэж харагддаг. Хэдийгээр тэдэнд үнэний талаар маш гүнзгий ойлголт байхгүй байж болох ч дуулгавартай дагаж чаддаг бөгөөд тэдэнд ажил юм уу үүрэг даалгахад бүх зүрх сэтгэл, оюун санаагаа дайчлан, бүхий л чадлаараа хийж чаддаг. Тэд итгэл даасан, Бурхан тэдний талаар огт санаа зовдоггүй—ийм хүмүүс гэрэлд амьдардаг. Гэрэлд амьдардаг хүмүүс Бурханы шинжихийг хүлээн авч чаддаг уу? Тэд зүрх сэтгэлээ Бурханаас нуусан хэвээр байх болов уу? Жижигхэн заль гаргасаар байдаг уу? Тэдэнд нууц байдаг уу? (Үгүй ээ.) Тэдний зүрх сэтгэл Бурханд бүрэн нээлттэй байдаг. Өөрөөр хэлбэл, юуг ч ямар нэг байдлаар нуудаггүй, тэдэнд хэлэхээсээ ичих зүйл, ичсэндээ толгой гудайх зүйл юу ч байдаггүй. Тэд бүхнээ Бурханд зориулдаг, харин Бурхан бүгдийг нь мэдэж байдаг. Хүмүүс үүнд хүрч чадах үедээ сэтгэл амар, тайван, эрх чөлөөтэй амьдардаг.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнч хүн байснаар л хүн үнэхээр жаргалтай байж чадна”

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Messenger дээр бидэнтэй холбоо барих