Харанхуйн нөлөөнөөс ангижир, тэгвэл чи Бурханаар авхуулна
Харанхуйн нөлөө гэж юу вэ? “Харанхуйн нөлөө” гэдэг нь Сатан хүмүүсийг мэхэлж, завхруулж, хүлж, хянадаг нөлөө юм; Сатаны нөлөө бол үхлийн уур амьсгалтай нөлөө. Сатаны эзэмшилд амьдардаг бүх хүн мөхөх тавилантай.
Бурханд итгэдэг болсныхоо дараа харанхуйн нөлөөнөөс хэрхэн ангижрах вэ? Бурханд чин сэтгэлээсээ залбирсныхаа дараа чи зүрх сэтгэлээ Түүн рүү бүрэн хандуулж, энэ үед Бурханы Сүнс зүрх сэтгэлийг чинь хөдөлгөдөг. Чи өөрийгөө Түүнд бүрэн зориулах хүсэлтэй болдог ба энэ мөчид чи харанхуйн нөлөөнөөс ангижирсан байдаг. Хэрвээ хүний хийдэг бүхэн Бурханы таалалд нийцэж, Түүний шаардлагуудыг хангадаг бол тухайн хүн Бурханы үгээр, Бурханы халамж, хамгаалалт дор амьдардаг хүн юм. Хэрвээ хүмүүс Бурханы үгийг хэрэгжүүлж чадахгүй, Түүнийг байнга хууран мэхлэх гэж оролддог, Түүнд хааш яаш байдлаар ханддаг, оршин тогтнолд нь итгэдэггүй аваас ийм хүмүүс бүгд харанхуйн нөлөөн дор амьдарч буй хэрэг юм. Бурханы авралыг хүлээн аваагүй хүмүүс бүгд Сатаны эзэмшил дор амьдарч байгаа; өөрөөр хэлбэл, тэд бүгд харанхуйн нөлөөн дор амьдардаг. Бурханд итгэдэггүй хүмүүс Сатаны эзэмшил дор амьдарч байгаа. Бурханы оршин тогтнолд итгэдэг хүмүүс ч гэсэн Бурханы гэрэлд заавал амьдарч байх албагүй, учир нь Түүнд итгэдэг хүмүүс үнэндээ Түүний үгээр амьдардаг, эсвэл Бурханыг дуулгавартай дагаж чаддаг хүмүүс биш байх магадлалтай. Хүн Бурханд итгэхээс хэтэрдэггүй бөгөөд тэрээр Бурханыг мэддэггүй учраас аанай л хуучин дүрэм журмаар, үхмэл үгс дунд, харанхуй, тодорхойгүй амьдралаар амьдарч, Бурханаар бүрэн ариусгагдаагүй, бүрмөсөн авхуулаагүй байна. Иймээс Бурханд итгэдэггүй хүмүүс харанхуйн нөлөөн дор амьдардаг нь хэлүүлэлтгүй ойлгомжтой боловч Бурханд итгэдэг хүмүүс хүртэл Ариун Сүнс өөрсөд дээр нь ажиллаагүйн улмаас харанхуйн нөлөөн дор амьдарсаар байдаг. Бурханы нигүүлсэл, Бурханы өршөөлийг хүлээн аваагүй хүмүүс болон Ариун Сүнсний ажлыг харж чаддаггүй хүмүүс бүгд харанхуйн нөлөөнд амьдардаг; Бурханы нигүүлслийг эдэлдэг мөртөө Түүнийг мэддэггүй хүмүүс ч бас ихэнхдээ харанхуйн нөлөөнд амьдарч байгаа. Хэрвээ хүн Бурханд итгэдэг ч амьдралынхаа ихэнхийг харанхуйн нөлөөнд өнгөрүүлбэл тухайн хүний оршин тогтнол утга учраа алдчихсан байдаг тул Бурхан оршин байдагт итгэдэггүй хүмүүсийг бол ярихын ч хэрэггүй юм.
Бурханы ажлыг хүлээн зөвшөөрдөггүй юм уу Бурханы ажлыг хүлээн зөвшөөрдөг боловч Түүний шаардлагад нийцэж чаддаггүй бүх хүн харанхуйн нөлөөн дор амьдардаг. Үнэнийг эрэлхийлдэг, Бурханы шаардлагад нийцэж чаддаг хүмүүс л Түүнээс ерөөл хүлээн авч, харанхуйн нөлөөнөөс ангижирна. Чөлөөлөгдөөгүй, зарим зүйлээр үргэлж удирдуулж байдаг, Бурханд зүрх сэтгэлээ өгч чадахгүй байгаа хүмүүс бол Сатанд боолчлогдон, үхлийн уур амьсгалд амьдарч байгаа хүмүүс юм. Үүрэгтээ үнэнч бус, Бурханы даалгаварт үнэнч бус, чуулган дахь чиг үүргээ гүйцэтгэдэггүй хүмүүс харанхуйн нөлөөн дор амьдарч байна. Чуулганы амьдралыг санаатайгаар үймүүлдэг, ах эгч нарын хоорондын харилцааг зориуд сүйтгэдэг, эсвэл өөрсдийн бүлгийг бүрдүүлдэг хүмүүс бүр гүн харанхуйн нөлөөн дор, Сатаны боолчлолд амьдардаг. Бурхантай хэвийн бус харилцаатай, үргэлж хэрээс хэтэрсэн юм хүсдэг, үргэлж ашиг хонжоо олохыг хүсдэг, өөрсдийн зан чанарыг өөрчлөхөөр огтхон ч эрж хайдаггүй хүмүүс бол харанхуйн нөлөөн дор амьдардаг хүмүүс юм. Үнэнийг хэрэгжүүлэхдээ үргэлж хайнга, нухацтай бус байж, Бурханы хүсэлд нийцүүлэхийг хичээдэггүй, оронд нь өөрсдийн махан биеийг л хангахыг хичээдэг хүмүүс ч бас харанхуйн нөлөөн дор, үхэлд ороогдон амьдарч байгаа хүмүүс билээ. Бурханы төлөө ажиллахдаа шударга бус байдал, заль мэх ашигладаг, Бурхантай хааш яаш байдлаар харьцдаг, Бурханыг хуурч мэхэлдэг, үргэлж хувиа хичээдэг хүмүүс бол харанхуйн нөлөөн дор амьдарч байгаа хүмүүс юм. Бурханыг чин сэтгэлээсээ хайрлаж чаддаггүй, үнэнийг эрэлхийлдэггүй, зан чанараа өөрчлөхөд анхаарлаа төвлөрүүлдэггүй бүх хүн харанхуйн нөлөөн дор амьдардаг.
Хэрвээ чи Бурханы сайшаалыг хүртэхийг хүсдэг бол эхлээд Сатаны харанхуйн нөлөөнөөс ангижирч, зүрх сэтгэлээ Бурханд нээж, Бурхан руу бүрэн хандуулах ёстой. Чиний одоо хийж байгаа зүйлсийг Бурхан сайшаах уу? Чи зүрх сэтгэлээ Бурхан руу хандуулсан уу? Хийсэн бүхэн чинь Бурханы чамаас шаардсан зүйлс мөн үү? Тэдгээр нь үнэнд нийцдэг үү? Чи цаг ямагт өөрийгөө шалган нягталж, Бурханы үгийг идэж уухдаа төвлөрч, Түүний өмнө зүрх сэтгэлээ дэлгэж, Түүнийг чин сэтгэлээсээ хайрлаж, Бурханы төлөө өөрийгөө үнэнчээр зарлагадах ёстой. Тийм хүмүүс Бурханы сайшаалыг хүлээн авах нь лавтай.
Бурханд итгэдэг атлаа үнэнийг эрэлхийлдэггүй бүх хүн Сатаны нөлөөнөөс ангижрах аргагүй байдаг. Үнэнч шударгаар амьдардаггүй, бусдын өмнө нэг янзаар аашилж, харин ар хударгаар нь өөрөөр авирладаг, гаднаа даруу төлөв, тэвчээртэй, хайр энэрэлтэй мөртөө мөн чанартаа зусар зальхай, ов мэхтэй, Бурханд үнэнч биш хүмүүс бол харанхуйн нөлөөн дор амьдарч буй хүмүүсийн нийтлэг төлөөлөл юм. Тэд бол хорт могойн төрлийн хүмүүс мөн. Зөвхөн өөрсдийн ашиг тусын төлөө Бурханд итгэдэг, өөрсдийгөө зөвтгөдөг, их зантай, онгироо сагсуу, байр сууриа хамгаалдаг хүмүүс бол Сатаныг хайрлаж, үнэнийг эсэргүүцдэг хүмүүс билээ. Тэд бол Бурханыг эсэргүүцдэг, Сатанд бүрэн харьяалагддаг хүмүүс юм. Бурханы ачааг боддоггүй, Бурханд үнэн сэтгэлээсээ үйлчилдэггүй, өөрсдийн ашиг сонирхол болон гэр бүлийнхээ ашиг сонирхолд байнга санаа тавьдаг, Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадахын тулд бүхнийг орхих чадваргүй, Түүний үгээр хэзээ ч амьдардаггүй хүмүүс Бурханы үгийн гадна амьдарч байгаа юм. Тийм хүмүүс Бурханы сайшаалыг хүртэж чадахгүй.
Бурхан хүмүүсийг бүтээхдээ тэдэнд Өөрийн баялгийг эдлүүлж, Өөрийгөө тэднээр үнэхээр хайрлуулахын төлөө байсан; ийм маягаар хүмүүс Түүний гэрэлд амьдрах байлаа. Өнөөдөр Бурханыг хайрлаж чаддаггүй, Түүний ачааг боддоггүй, Бурханд зүрх сэтгэлээ бүрэн өгч чаддаггүй, Бурханы зүрх сэтгэлийг өөрсдийн мэт авч үздэггүй, Бурханы ачааг өөрсдийн мэт үүрэлцэж чаддаггүй хүмүүсийн дээр Бурханы гэрэл гэрэлтдэггүй, тиймээс тэд бүгд харанхуйн нөлөөн дор амьдарч байгаа. Тэд Бурханы хүслийг эрс эсэргүүцдэг зам дээр байдаг бөгөөд хийдэг бүхэнд нь өчүүхэн ч үнэн байдаггүй. Тэд Сатантай хамт шалбаагт хөлбөрдөг. Тэд бол харанхуйн нөлөөн дор амьдарч буй хүмүүс юм. Хэрвээ чи Бурханы үгийг үргэлж идэж уун, Түүний хүсэлд анхаарал тавьж, Түүний үгийг хэрэгжүүлдэг бол Бурханд харьяалагдаж, Бурханы үгсээр амьдардаг хүн юм. Чи Сатаны эзэмшлээс ангижирч, Бурханы гэрэлд амьдрахыг хүсэж байна уу? Хэрвээ чи Бурханы үгсээр амьдардаг бол Ариун Сүнс ажлаа хийх боломжтой болно; хэрвээ чи Сатаны нөлөөн дор амьдардаг бол Ариун Сүнсэнд тийм боломж олгохгүй. Хүмүүс дээр Ариун Сүнсний хийдэг ажил, хүмүүсийн дээр Түүний гэрэлтүүлдэг гэрэл, хүмүүст Түүний өгдөг итгэл хормын төдий л үргэлжилдэг; хэрвээ хүн анхаарал, болгоомжгүй байвал Ариун Сүнсний хийдэг ажил хажуугаар нь өнгөрөх болно. Хэрвээ хүмүүс Бурханы үгээр амьдардаг бол Ариун Сүнс тэдэнтэй хамт байж, тэдэн дээр ажиллана. Хэрвээ хүмүүс Бурханы үгээр амьдрахгүй байгаа бол Сатаны боолчлолд амьдардаг. Ялзарсан зан чанартай амьдардаг хүмүүстэй Ариун Сүнс хамт байдаггүй, эсвэл тэдэнд Ариун Сүнсний ажил байдаггүй. Хэрвээ чи Бурханы үгийн хүрээнд амьдарч буй бол, мөн Бурханы шаарддаг байдалд амьдардаг бол Түүнд харьяалагддаг ба Тэр чам дээр ажиллана; хэрвээ чи Бурханы шаардлагын хил хязгаар дотор амьдардаггүй, харин Сатаны эзэмшил дор амьдардаг бол Сатаны ялзрал дор амьдардаг чинь маргаангүй. Бурханы үгээр амьдарч, Түүнд зүрх сэтгэлээ өгснөөр л чи Түүний шаардлагад нийцэж чадна; чи Бурханы хэлснээр хийж, Бурханы айлдварыг оршин тогтнолынхоо үндэс, амьдралынхаа бодит байдал болгох ёстой бөгөөд тэр үед л чи Бурханд харьяалагдана. Хэрвээ чи үнэхээр Бурханы хүслийн дагуу хэрэгжүүлбэл Тэр чам дээр ажиллаж, чи Бурханы ерөөл дор, Бурханы дүр төрхийн гэрэлд амьдарч, Ариун Сүнсний хийдэг ажлыг ухаарч, Бурхантай хамт байхын баяр хөөрийг мэдэрнэ.
Харанхуйн нөлөөнөөс ангижрахын тулд чи эхлээд Бурханд үнэнч байж, зүрх сэтгэлдээ үнэнийг эрэлхийлэх хүсэл эрмэлзэлтэй байх ёстой; тэгсэн цагт л чи зөв байдалтай байх болно. Зөв байдалтай амьдрах нь харанхуйн нөлөөнөөс ангижрах урьдчилсан нөхцөл юм. Зөв байдалгүй байна гэдэг нь чи Бурханд үнэнч бус бөгөөд зүрх сэтгэлдээ үнэнийг эрэлхийлэх хүсэл эрмэлзэлгүй гэсэн үг. Тэгвээс харанхуйн нөлөөнөөс ангижрах талаар ярихын ч хэрэггүй. Миний үг бол хүн харанхуйн нөлөөнөөс ангижрах үндэс суурь бөгөөд Миний үгийн дагуу хэрэгжүүлж чаддаггүй хүмүүс харанхуйн нөлөөний боолчлолоос ангижирч чадахгүй. Зөв байдалтай амьдрах гэдэг нь Бурханы үгийн удирдамж дор амьдрах, Бурханд үнэнч байдалтай амьдрах, үнэнийг эрж хайх байдалтай амьдрах, Бурханы төлөө чин сэтгэлээсээ өөрийгөө зориулах бодит байдалд амьдрах, Бурханыг чин сэтгэлээсээ хайрлах байдалтай амьдрах явдал юм. Эдгээр байдал болон энэ бодит байдал дотор амьдардаг хүмүүс үнэн рүү гүн орох тусмаа аажмаар өөрчлөгдөнө. Тэд ажил лавшрахын хэрээр өөрчлөгдөж, эцэст нь Бурханаар гарцаагүй авхуулах, Бурханыг чин сэтгэлээсээ хайрладаг хүн болно. Харанхуйн нөлөөнөөс ангижирсан хүмүүс Бурханы хүслийг яваандаа олж мэдэн, Бурханы хүслийг алхам алхмаар ойлгож, эцэстээ Бурханы ойр дотнын хүн болно. Тэд Бурханы тухай үзэл тээдэггүй, Түүний эсрэг тэрсэлдэггүйгээр үл барам, урьд нь өөрсдийг нь эзэмдэж байсан үзэл, тэрслүү занг улам их жигшдэг ба тэдний зүрх сэтгэлд Бурханыг гэх жинхэнэ хайр бий болдог. Харанхуйн нөлөөнөөс ангижирч чаддаггүй хүмүүс махан биедээ бүрэн эзэмдүүлдэг ба тэрслүү зангаар дүүрэн байдаг; тэдний зүрх сэтгэл хүний үзэл, амьдралын гүн ухаан болон өөрсдийнх нь санаа зорилго, төлөвлөгөөгөөр дүүрдэг. Бурхан хүнээс нэгэн сэтгэлийн хайрыг шаарддаг; Тэрээр юу шаарддаг гэхээр хүнийг Өөрийнх нь үгээр бодлоо дүүргэж, Түүнийг гэх зүрх дүүрэн хайранд эзэмдүүлэхийг шаарддаг. Бурханы үгээр амьдрах, Түүний үгэн дотроос хүний эрж хайх ёстой зүйлийг хайх, үгийнх нь төлөө Бурханыг хайрлах, Бурханы үгийн төлөө гүйх, Бурханы үгийн төлөө амьдрах—эдгээр нь бүгд хүний хүрэхээр зүтгэх ёстой зорилго юм. Бүх зүйл Бурханы үгэнд үндэслэн бий болох ёстой; ингэснээр л хүн Бурханы шаардлагуудад нийцэж чадна. Хэрвээ хүн Бурханы үгээр зэвсэглээгүй бол Сатанд эзэмдүүлсэн өт хорхойноос өөрцгүй билээ! Бодоод үз: Бурханы хэчнээн үг чиний дотор үндэслэсэн бэ? Чи ямар зүйл дээр Бурханы үгийн дагуу амьдарч байгаа вэ? Чи ямар зүйл дээр Бурханы үгийн дагуу амьдраагүй вэ? Хэрвээ Бурханы үг чамайг бүрэн эзэмдээгүй бол яг юу зүрх сэтгэлийг чинь эзэмддэг юм бэ? Өдөр тутмын амьдралдаа чи Сатанд захирагдаж байна уу, эсвэл Бурханы үгэнд эзэмдүүлж байна уу? Чиний залбирал Түүний үгэнд суурилдаг уу? Чи Бурханы үгийн гэгээрлээр дамжуулан сөрөг байдлаасаа гарсан уу? Бурханы үгийг оршин тогтнолынхоо суурь болгох нь хүн бүрийн орох ёстой зүйл юм. Хэрвээ чиний амьдралд Бурханы үг байхгүй бол чи харанхуйн нөлөөн дор амьдарч байгаа бөгөөд Бурханд тэрсэлж, Бурханыг эсэргүүцэж, Түүний нэрийг гутааж байна. Ийм хүмүүс Бурханд итгэх нь тэр чигтээ дураараа аашилж, үймүүлж байгаа хэрэг. Чи амьдралынхаа хэр ихийг Түүний үгийн дагуу амьдарч өнгөрүүлсэн бэ? Чиний амьдралын хэдий хэр нь Түүний үгийн дагуу байгаагүй вэ? Бурханы үгийн чамаас шаардсан зүйлсийн хэр их нь чамд биеллээ олсон бэ? Хэр их нь биелээгүй вэ? Чи эдгээр зүйлийг нарийн шалгаж үзсэн YY?
Харанхуйн нөлөөнөөс ангижрахад нэг талаас Ариун Сүнсний ажил, нөгөө талаас хүний чин сэтгэлийн хамтын ажиллагаа шаардлагатай. Хүн зөв замд ороогүй байна гэж Би яагаад хэлдэг вэ? Зөв замд орсон хүмүүс юун түрүүнд зүрх сэтгэлээ Бурханд өгч чадна. Энэ бол ороход маш удаан хугацаа шаардагддаг даалгавар юм, учир нь хүн төрөлхтөн үргэлж харанхуйн нөлөөн дор амьдарсаар ирсэн бөгөөд Сатаны боолчлолд хэдэн мянган жил байсаар ирсэн. Тиймээс энэ оролтод ганц хоёрхон хоногийн дотор хүрч чадахгүй. Хүмүүс өөрсдийн байр байдлыг ойлгоосой гэсэндээ Би энэ асуудлыг өнөөдөр хөндлөө; харанхуйн нөлөө гэж юу болох, гэрэл дотор амьдрах гэж юу болохыг хүн ялган таньж чаддаг болох үед оролт хавьгүй амархан болдог. Яагаад гэвэл, Сатаны нөлөөнөөс ангижрахаасаа өмнө Сатаны нөлөө гэж юу болохыг чи мэдэх ёстой; ингэсний дараа л чи үүнээс ангижрах замыг олно. Түүнээс хойш юу хийх вэ гэдэг бол хүний өөрийнх нь асуудал. Бүх зүйл рүү эерэг талаас ор, хэзээ ч бүү идэвхгүйгээр хүлээ. Ийм маягаар л чи Бурханаар авхуулж чадна.
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?