Өдөр тутмын Бурханы үг: Хүн төрөлхтний завхралыг илчлэх нь | Эшлэл 306

Би маш олон үг илэрхийлж, хүсэл болон зан чанараа ч бас илэрхийлсэн, гэсэн атал хүмүүс одоо ч Намайг мэдэж, Надад итгэх чадваргүй л байна. Эсвэл, тэд одоо ч Намайг дуулгавартай дагаж чаддаггүй гэж хэлж болно. Библид амьдрагсад, хууль дунд амьдрагсад, загалмай дээр амьдрагсад, дүрэм журмын дагуу амьдрагсад, өнөөдөр Миний хийдэг ажлын дунд амьдрагсад дундаас хэн нь Надтай нийцэлтэй вэ? Та нар ерөөл, шагнал хүртэх тухай л боддогоос биш, Надтай хэрхэн нийцэлтэй байх, Намайг эсэргүүцдэг Нэгэн болохоос хэрхэн сэргийлэх талаар хэзээ ч бодолцож үзээгүй. Би та нарт үнэхээр урам хугарч байна, учир нь та нарт Би маш ихийг өгөөд, хариуд нь та нараас өчүүхэн багыг олж авсан. Та нарын заль мэх, их зан, шунал, тансаглах хүсэл, урвалт, дуулгаваргүй байдал—эдгээрийн аль нь Надад анзаарагдалгүй өнгөрөх юм бэ? Та нар Намайг аргацааж, Намайг хуурч, Намайг гутааж, Намайг аргалж, тахилын төлөө Намайг хяхаж, сүрдүүлдэг—ийм хорон үйл яаж Миний шийтгэлээс мултарч чадах юм бэ? Та нарын эдгээр муу үйл бол Миний дайсан гэдгийн чинь нотолгоо, бас Надтай үл нийцдэгийн чинь нотолгоо юм. Та нар дор бүрнээ өөрсдийгөө Надтай маш нийцэлтэй гэж итгэдэг, гэхдээ тийм байсан юм бол эдгээр маргашгүй нотлох баримт тэгээд хэнд нь хамаарах юм бэ? Та нар өөрсдийгөө Надад туйлын чин үнэнч, итгэмжит гэдэгт итгэдэг. Та нар өөрсдийгөө маш сайхан сэтгэлтэй, өр нимгэн бөгөөд Надад маш ихийг зориулсан гэж боддог. Бас Миний төлөө хангалттай ихийг хийсэн гэж боддог. Гэвч та нар эдгээр итгэлээ өөрсдийнхөө зан авиртай жишиж үзсэн үү? Та нар бол ихэд биеэ тоосон, ихээхэн шуналтай, ихээхэн хайхрамжгүй гэж Би хэлнэ; та нарын Намайг хуурдаг арга заль нэлээд сүйхээтэй, бас та нарт жигшүүрт санаа зорилго болон арга барил их бий. Та нарын үнэнч байдал үнэхээр шалихгүй, чин сэтгэл чинь дэндүү өчүүхэн, мөс чанар чинь бүр ч дутмаг. Зүрх сэтгэл чинь дэндүү хорлонтой байдаг бөгөөд хэнийг ч, цаашлаад Намайг ч хэлтрүүлдэггүй. Та нар хүүхдүүдийнхээ төлөө, нөхрийнхөө төлөө, эсвэл өөрийнхөө бүрэн бүтэн байдлын төлөө Намайг гэртээ оруулдаггүй. Надад санаа тавихын оронд та нар өөрсдийнхөө гэр бүл, үр хүүхэд, байр суурь, ирээдүй болоод өөрсдийн жаргал цэнгэлд санаа тавьдаг. Та нар үг хэлж, үйлдэл хийх үедээ хэзээ Миний талаар бодож байсан юм бэ? Тэсгэм хүйтэн өдрүүдэд ухаан бодол чинь үр хүүхэд, нөхөр, эхнэр, эцэг эх рүүгээ л чиглэдэг. Аагим халуун өдрүүдэд ч гэсэн та нарын бодол санаанд Намайг гэх орон зай байдаггүй. Үүргээ биелүүлэхдээ чи хувийн ашиг сонирхол, аюулгүй байдал, гэр бүлийн гишүүдээ л боддог. Чи Миний төлөө гэх юм юу хийсэн юм бэ? Хэзээ чи Миний талаар бодож байсан бэ? Хэзээ чи Миний төлөө, бас Миний ажлын төлөө ямар ч үнээр хамаагүй өөрийгөө зориулж байсан юм бэ? Надтай нийцэлтэй гэдгийн чинь нотолгоо хаана байна вэ? Надад үнэнч гэдгийн чинь бодит байдал хаана байна вэ? Дуулгавартай байдлын чинь бодит байдал хаана байна вэ? Санаа зорилго чинь хэзээ Надаас ерөөл олж авахын төлөө байгаагүй билээ? Та нар бүгд Намайг хуурч, мэхлэн, үнэнээр тоглоом хийж, үнэний оршин байгааг нуун, үнэний мөн чанараас урвадаг. Надтай ингэж дайсагнасны чинь төлөө та нарыг ирээдүйд юу хүлээж байгаа вэ? Та нар ердөө л тодорхойгүй Бурхантай нийцэлтэй байхыг болон тодорхойгүй итгэлийг эрж хайдаг, гэсэн ч та нар Христтэй нийцэлтэй биш. Ийм хорлонт үйл чинь хорон муу хүмүүст тохирсон яг тэр шийтгэлийг хүртэхгүй гэж үү? Тэр үед та нар Христтэй нийцэлгүй хэн ч уур хилэнгийн өдрөөс зугтаж чадахгүй гэдгийг ухаарч, Христтэй дайсагнадаг хүмүүст ямар төрлийн залхаан цээрлүүлэлт ирэхийг мэдэх болно. Тэр өдөр ирэх үед Бурханд итгэснийхээ төлөө ерөөгдөж, тэнгэрт орох мөрөөдөл чинь нуран унана. Харин Христтэй нийцэлтэй хүмүүсийн хувьд бол өөр хэрэг. Тэд маш ихийг алдаж, олон бэрхшээл туулсан ч хүн төрөлхтөнд өгсөн бүх өв залгамжлалыг минь хүлээн авах болно. Би л зөвт Бурхан бөгөөд Би л хүн төрөлхтнийг үзэсгэлэнтэй сайхан хүрэх газар луу аваачих чадвартай гэдгийг та нар эцэст нь ойлгоно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих