Чи замын сүүлчийн хэсэгт яаж алхах ёстой вэ? (I хэсэг)

Чи одоо замын сүүлчийн хэсэгт ирсэн ба энэ бол замын амин чухал хэсэг юм. Магадгүй чи ихээхэн зовлон амсаж, их ажил хийж, олон замаар аялж, олон номлол сонссон байх; одоо байгаа газартаа ирэхэд амар байгаагүй биз. Хэрэв чи одоо нүүрлэж буй зовлонг тэсвэрлэж чадахгүй, хуучин шигээ үргэлжлүүлсээр байвал төгс болгуулж чадахгүй. Эдгээр үг чамайг айлгахаар зорьдоггүй—тэдгээр нь баримт юм. Петр Бурханы олон ажлыг туулсныхаа дараа зарим зүйлийг гүнзгий ойлгож, бас ихээхэн ялган таних чадвартай болсон. Тэрээр үйлчлэлийн зарчмын талаар олон зүйлийг ойлгож авсан ба хожим нь Есүсийн даалгасан зүйлд өөрийгөө бүрэн зориулж чадсан юм. Түүний хүлээн авсан асар их цэвэршүүлэлт нь ихэвчлэн, өөрийнхөө хийсэн зүйлийн төлөө Бурханд маш их өртэй мэт, мөн хэзээ ч буцаан төлж чадахгүй мэт түүнд санагдаж байснаас болсон билээ. Түүнчлэн, хүн маш их завхарсан гэдгийг Петр танин мэдсэн бөгөөд энэ нь мөс чанартаа буруугаа мэдрэхэд хүргэжээ. Есүс Петрт олон зүйл хэлсэн боловч тэдгээрийг хэлж байх үед тэрээр бага зэрэг л ойлгох чадвартай байсан бөгөөд заримдаа эсэргүүцэл, тэрслүү байдал өвөрлөсөөр байлаа. Есүсийг загалмайд цовдлогдсоны дараа л тэр эцэст нь бага зэрэг сэхээрч, өөрийгөө хүчтэй зэмлэх сэтгэл түүнд төрсөн юм. Эцэстээ энэ нь, буруу санаа бодолтой байх нь хүлээн зөвшөөрөхийн аргагүй мэт санагдах хэмжээнд хүрчээ. Тэрээр өөрийн байр байдлыг тун сайн мэддэг, бас Эзэний ариун байдлыг сайн мэддэг байв. Үүний үр дүнд Эзэнийг хайрлах сэтгэл нь улам бүр нэмэгдэж, тэр өөрийн аминд илүү их төвлөрөх болжээ. Үүнээс болоод тэр асар их зовлон бэрхшээл туулсан ба заримдаа хүндээр өвчилсөн мэт, заримдаа бүр үхсэн мэт санагддаг байсан ч ийм маягаар олон удаа цэвэршүүлэгдсэний дараа өөрийгөө илүү их ойлгож авч, Эзэнийг үнэхээр хайрладаг болсон юм. Түүний бүхий л амьдрал цэвэршүүлэлт дунд өнгөрсөн, үүнээс ч илүүгээр гэсгээлт дунд өнгөрсөн гэж хэлж болно. Түүний туршлага өөр ямар ч хүнийхээс өөр байсан бөгөөд түүний хайр төгс болгуулаагүй хэний ч хайраас давж гарсан. Түүнийг үлгэр жишээ болгон сонгосны учир нь тэрээр амьдралынхаа хугацаанд хамгийн их зовлон шаналал амссан бөгөөд түүний туршлага хамгийн амжилттай байв. Хэрэв та нар замын сүүлчийн хэсэгт үнэхээр яг Петр шиг алхаж чадвал та нарын ерөөлийг булаан авч чадах бүтээгдсэн зүйл нэгээхэн ч үгүй.

Петр мөс чанартай хүн байсан боловч тийм хүн чанартай байсан ч гэсэн, Есүсийг анх дагаж эхлэх үедээ олон эсэргүү, тэрслүү бодол санаатай байсан нь гарцаагүй. Гэвч Есүсийг дагаж байх үедээ тэрээр эдгээр зүйлийг нухацтай авч үзэлгүй, хүмүүс ийм л байх ёстой гэж итгэдэг байв. Иймээс тэр эхэндээ ямар ч зэмлэлийг мэдрээгүй, харьцалт ч туулаагүй. Есүс Петрийн хариу үйлдлийг ноцтойгоор авч үзээгүй, анхаарал хандуулаа ч үгүй, харин хийх ёстой ажлаа л үргэлжлүүлсэн. Тэрээр Петр болон бусдаас нь хэзээ ч өө хайгаагүй. “Тэд ийм санаа бодолтой байсныг Есүс мэдээгүй байж болно гэж үү?” хэмээн чи хэлж магад. Ердөө ч үгүй! Учир нь Тэр Петрийг үнэхээр ойлгосон—үнэндээ асар их ойлгож байсан учраас Есүс түүний эсрэг ямар ч арга хэмжээ аваагүй гэж хэлж болно. Тэр хүн төрөлхтнийг үзэн ядсан мөртөө бас өрөвдсөн. Одоо та нарын дунд Паул шиг эсэргүүцдэг, мөн тухайн үед Петр Эзэн Есүст хандаж байсан шиг олон үзэл өвөрлөдөг хүмүүс олон байдаг бус уу? Би чамд хэлье, гурав дахь мэдрэхүйдээ хэт их итгэхгүй байсан чинь дээр, чиний мэдрэхүй найдваргүй бөгөөд аль эрт Сатаны завхралаар бүрэн дүүрэн сүйтгэгдсэн. Чиний мэдрэхүй төгс, өө сэвгүй гэж чи бодож байна уу? Паул Эзэн Есүсийг олонтоо эсэргүүцсэн боловч Есүс хариу үйлдэл үзүүлээгүй. Есүс өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг хөөн зайлуулж чаддаг байсан атлаа Паулын доторх “чөтгөр”-ийг зайлуулж чадаагүй байж болох уу? Паул Есүсийн шавь нарыг дур зоргоороо үргэлжлүүлэн баривчилж байхад, яагаад дахин амилж, тэнгэр өөд гарсныхаа дараа л Есүс эцэст нь Дамаск орох замд нь түүнд үзэгдэж, түүнийг цохисон юм бэ? Эзэн Есүс дэндүү удаан хариу үйлдэл хийсэн юм гэж үү? Эсвэл махбодод байхдаа Тэрээр ямар ч эрх мэдэлгүй байснаас энэ нь болсон юм уу? Миний ар хударгаар нууцхан үймүүлж, эсэргүүцэж байхад чинь Би мэддэггүй гэж чи бодоо юу? Ариун Сүнснээс авсан гэгээрлийн хэлтэрхийг Намайг эсэргүүцэхэд ашиглаж болно гэж чи бодоо юу? Петр төлөвшөөгүй байхдаа Есүсийн талаар олон санаа бодол өвөрлөсөн, тэгвэл яагаад тэр буруутгагдаагүй юм бэ? Яг одоо, олон хүн буруутгагдалгүйгээр аливааг хийж байгаа бөгөөд хийж байгаа зүйл нь буруу гэдгийг тодорхой хэлэх үед ч гэсэн тэд мөн л сонсдоггүй. Энэ нь бүхэлдээ хүний тэрслүү зангаас болоогүй гэж үү? Би сая маш их зүйл хэлсэн боловч чамд мөс чанарын мэдрэмж өчүүхэн ч байдаггүй, тэгвэл чи яаж замын замын сүүлчийн хэсгийг дуустал алхаж, замын төгсгөл хүртэл алхсаар байж чадах юм бэ? Энэ нь томоохон асуудал гэдгийг чи мэдэрч байна уу?

Хүмүүс байлдан дагуулагдсаныхаа дараа Бурханы зохион байгуулалтад захирагдаж чаддаг; тэдэнд Бурханыг хайрлах итгэл, хүсэл зоригийн аль аль нь байдаг бөгөөд тэд Түүнийг дагахдаа эдгээрт тулгуурладаг. Иймээс замын сүүлчийн хэсэгт хэрхэн алхаж болох вэ? Гай зовлон туулах өдрүүддээ чи бүх бэрхшээлийг тэвчих ёстой ба зовох хүсэлтэй байх ёстой; ийм маягаар л чи замын энэ хэсгийг сайн туулж чадна. Замын энэ хэсгийг туулах маш амархан гэж чи бодож байна уу? Чи ямар чиг үүрэг гүйцэтгэхээ мэддэг байх ёстой; та нар хэв чанараа өсгөж, хангалттай үнэнээр зэвсэглэх ёстой. Энэ бол ганц хоёр хоногийн ажил биш бөгөөд чиний бодож байгаа шиг энгийн бус! Замын сүүлчийн хэсэгт алхах нь үнэндээ ямар итгэл, ямар хүсэлтэй байгаагаас чинь шалтгаална. Магадгүй чи Ариун Сүнс дотор чинь ажиллаж байгааг харж чадахгүй буюу чуулганаас Ариун Сүнсний ажлыг олж илрүүлж чаддаггүй болохоор гутранги, сэтгэл дундуур, урдах замдаа цөхрөлөөр дүүрэн байдаг байж болно. Ялангуяа, эртний агуу дайчид бүгд мөхсөн—энэ бүхэн чиний хувьд цохилт биш гэж үү? Эдгээр зүйлийг чи яаж харах ёстой вэ? Чамд итгэл байна уу, үгүй юү? Чи өнөөдрийн ажлыг бүрэн ойлгож байна уу, үгүй юү? Эдгээр зүйл замын сүүлчийн хэсэгт амжилттай алхаж чадах эсэхийг чинь тодорхойлж чадна.

Та нар одоо замын төгсгөлийн зурвас дээр байна гэж яагаад хэлдэг вэ? Учир нь та нар ойлгох ёстой бүх зүйлээ ойлгосон, Би та нарт хүмүүсийн хүрэх ёстой бүхнийг хэлсэн. Би бас та нарт даалгасан бүх зүйлийн тухай хэлсэн. Иймээс та нарын одоо алхаж яваа зүйл бол хүмүүсийг удирдан хөтөлдөг замын минь сүүлчийн хэсэг юм. Би та нараас бие даан амьдрах чадвартай болохыг л шаарддаг; чи үргэлж, цаг ямагт явах замтай байж, урьдынх шигээ хэв чанараа дээшлүүлж, Бурханы үгийг хэвийн уншиж, хэвийн хүний амьдралаар амьдарна. Одоо Би чамайг ийм маягаар амьдрахад хөтөлж байгаа боловч ирээдүйд Би чамайг удирдаагүй байх үед чи ингэж бас л чадах уу? Чи үргэлжлүүлэн явж чадах уу? Петрийн туршлага ийм байсан: Есүс түүнийг удирдаж байх үед түүнд ямар ч ойлголт байгаагүй; тэр үргэлж хүүхэд шиг санаа амар байж, хийж буй зүйлдээ нухацтай ханддаггүй байв. Есүсийг явж одсоны дараа л тэр хэвийн хүний амьдралаа эхлүүлсэн. Есүсийг явсны дараа л утга учиртай амьдрал нь эхэлсэн. Хэдийгээр тэр хэвийн хүн чанарын зарим эрүүл ухааныг эзэмшиж, хэвийн хүний эзэмших ёстой зарим зүйлийг эзэмшдэг байсан боловч Есүсийг явах хүртэл жинхэнэ туршлага болон эрэл хайгуул нь шинээр эхлээгүй юм. Та нарын одоогийн нөхцөл байдал ямар байна вэ? Би одоо та нарыг ийм маягаар удирдаж, чи үүнийг гайхалтай гэж боддог. Чамд тохиолддог ямар ч орчин, шалгалт байхгүй ч ийм маягаар үнэндээ ямар биеийн хэмжээтэйг чинь харах аргагүй, мөн үнэхээр үнэнийг эрэлхийлдэг хүн мөн эсэхийг чинь ч харах аргагүй. Чи мөн чанараа ойлгодог гэж өөрийн амаар хэлдэг ч эдгээр нь хоосон үг юм. Ирээдүйд бодит баримтууд чам дээр ирэх үед л ойлголт чинь батлагдана. Одоо чи иймэрхүү ойлголттой байгаа: “Махан бие минь маш их завхарсан, хүмүүсийн махан биеийн мөн чанар нь Бурханы эсрэг тэрсэлж, эсэргүүцдэг гэдгийг би ойлгодог. Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авч чадна гэдэг нь хүмүүсийг өргөх Түүний арга зам юм. Би тэрийг одоо ойлгосон, бас Бурханы хайрыг хариулахыг хүсэж байна.” Гэвч үүнийг хэлэхэд амархан. Хожим нь гай зовлон, шалгалт, зовлон чам дээр ирэхэд энэ бүхнийг туулахад амаргүй байх болно. Та нар ийм маягаар өдөр бүр дагадаг боловч өөрсдийн туршлагыг үргэлжлүүлж мөн л чаддаггүй. Хэрэв Би та нарыг сул тавьж, огт анхаарахаа больсон бол бүр ч дор байх байсан; ихэнх хүн унаж, ичгүүрийн тэмдэг болох давсан багана болж хувирна. Ийм зүйлс тохиолдох тун боломжтой. Чи энэ талаар санаа зовох юм уу түгшихгүй байна уу? Петр тийм орчныг туулж, тийм зовлон амссан боловч бат зогсож чадсан юм. Хэрэв чи ийм орчин туулсан бол бат зогсож чадах байсан уу? Газар дээр байхдаа Есүсийн хэлсэн зүйл, хийсэн ажил Петрт суурь болж өгсөн бөгөөд энэхүү сууриас эхлэн тэр өөрийнхөө хожмын замаар алхсан билээ. Та нар тэр түвшинд хүрч чадах уу? Та нарын алхсан зам, ойлгосон үнэн—эдгээр нь ирээдүйд бат зогсох суурь чинь болж чадах уу? Эдгээр зүйл хожим бат зогсох үзэгдэл чинь болж чадах уу? Би та нарт үнэнийг хэлье—одоо хүмүүсийн ойлгодог зүйл бүгд хоосон сургаал юм гэж хэлж болно. Яагаад гэвэл, тэд ойлгодог бүх зүйлээ туулаагүй байдаг. Чи өдий хүртэл үргэлжлүүлж чадсан нь тэр чигтээ, шинэ гэрэл чамайг хөтөлснөөс болж байгаа. Чиний биеийн хэмжээ тодорхой түвшинд хүрсэн юм биш, харин Миний үг чамайг өнөө хүртэл удирдсанаас болж байгаа юм; чи агуу итгэлтэйдээ бус, харин чамайг өнөөг хүртэл дагахаас өөр аргагүй болгосон Миний үгийн мэргэн ухаанаас болж байгаа юм. Хэрэв Би одоо яриагүй бол, дуу хоолойгоороо айлдаагүй бол чи цааш явж чадахгүй болж, урагшлахаа нэн даруй болих байсан. Энэ нь та нарын бодит биеийн хэмжээ бус уу? Та нар аль тал руу орж, дутаж байгаа зүйлээ аль тал дээр нөхөх талаар огт мэддэггүй. Та нар утга учиртай амьдралаар хэрхэн амьдарч, Бурханы хайрыг хэрхэн хариулах, эсвэл хүчирхэг, цангинасан гэрчлэл яаж хийхийг ойлгодоггүй. Та нар энэ бүхэнд хүрэх ямар ч чадваргүй. Та нар залхуу дээрээ бас тэнэг. Та нар өөр зүйлд тулгуурлаж л болох ба тулгуурлах зүйл чинь шинэ гэрэл болон урд чинь чамайг хөтлөн явж буй Нэгэн билээ. Чи өнөөг хүртэл цөхрөлтгүй үргэлжлүүлж чадсан нь бүхэлдээ, шинэ гэрэл болон хамгийн сүүлийн үеийн айлдваруудад тулгуурласнаас болж байгаа юм. Та нар үнэн замыг эрэлхийлэхдээ чадамгай байсан Петртэй огт адилгүй, эсвэл Еховад үнэнчээр шүтэн мөргөж, өөрийг нь яаж ч туршсан бай, ерөөсөн ч бай, үгүй ч бай Ехова бол Бурхан гэдэгт итгэсэн Иовтой адилгүй. Чи тийнхүү үйлдэж чадах уу? Та нар хэрхэн байлдан дагуулагдсан бэ? Нэг тал нь шүүлт, гэсгээлт, хараал, нөгөө тал нь та нарыг байлдан дагуулдаг нууцууд юм. Та нар бүгд илжиг шиг байдаг. Миний ярьдаг зүйл та нарын хувьд хангалттай сүрлэг биш бөгөөд ямар ч нууц байхгүй байвал та нарыг байлдан дагуулах боломжгүй байдаг. Хэрэв номлол айлддаг хүн байгаад, хэсэг хугацааны туршид нэг л зүйлийн талаар үргэлж номлосон бол та нар бүгд хоёр жилийн дотор тарж явах байсан; та нар үргэлжлүүлж чадахгүй байх байсан. Та нар хэрхэн гүнзгийрэхээ мэддэггүй, үнэнийг эсвэл амийн замыг хэрхэн эрэлхийлэхээ ч ойлгодоггүй. Та нарын ойлгодог бүхэн чинь нууц эсвэл үзэгдлийн талаар, Бурхан хэрхэн ажилладаг байсан, Петрийн туршлага, Есүсийн цовдлолын цаад шалтгааныг сонсох гэх мэт шинэ санагдах зүйлсийг хүлээн авах явдал юм... Та нар энэ талаар сонсоход л бэлэн байдаг, сонсох тусам улам их эрч хүчтэй болдог. Та нар уйтгар, гунигаа хөөх гэж л энэ бүхнийг сонсож байгаа. Та нарын амийг бүхэлд нь эдгээр шинэ зүйл тэтгэдэг. Чи өнөөдрийн байгаа газартаа өөрийнхөө итгэлээр хүрсэн гэж бодож байна уу? Энэ чинь та нарын ялихгүй, өрөвдөлтэй өчүүхэн биеийн хэмжээ бус уу? Та нарын ёс жудаг хаана байна? Хүн чанар хаана байна? Та нарт хүний амьдрал байдаг уу? Төгс болгуулах элементээс хэд нь чамд байдаг вэ? Миний хэлж байгаа зүйл баримт биш гэж үү? Би ийм маягаар ярьж, ажилладаг боловч та нар бараг анхаарал хандуулдаггүй хэвээр байдаг. Та нар дагахдаа бас ажигладаг. Та нар үргэлж хайхрамжгүй царай гаргадаг бөгөөд үргэлж хамраасаа дөрлүүлдэг. Та бүхэн ингэж явж ирсэн; гагцхүү гэсгээлт, цэвэршүүлэлт, цээрлүүлэлт л өнөөдрийн байгаа газарт чинь хөтөлж авчирсан. Амийн оролтын тухай хэдэн номлол л номлоод байсан бол та нар бүгд аль эрт зугтаж алга болох байсан бус уу? Та нар нэг нь нөгөөгөөсөө илүү ихэрхүү боловч бодит байдал дээр гэдэс чинь гагцхүү бохир усаар дүүрсэн! Чи цөөн хэдэн нууц, урьд өмнө нь хүмүүсийн ойлгож байгаагүй зарим зүйлийг ойлгож авсан учраас л одоог хүртэл туйлбартай байж чадсан. Та нарт дагахгүй байх шалтгаан байгаагүй учраас өөрсдийгөө бараг л хатамжилж байж, олныг дагаж чадсан. Энэ бол ердөө л Миний үгээр хүрсэн үр дүн бөгөөд та нарын өөрсдөө биелүүлсэн үйл хэрэг яавч биш. Та нарт гайхуулах юм юу ч байхгүй. Тиймээс ажлын энэ үе шатанд та нар голчлон үгээр дамжуулан өдий хүрсэн. Эс бөгөөс та нарын дундаас хэн чинь дуулгавартай дагаж чадах байсан бэ? Хэн өнөөдрийг хүртэл туйлбартай байж чадах байсан бэ? Аль эртнээс та нар эхний боломж гарах мөчид явахыг хүсэж байсан боловч тэгж зүрхлээгүй; та нарт зориг дутагдсан. Өнөөдрийг хүртэл та нар шийдэмгий бусаар дагаж байсан.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Messenger дээр бидэнтэй холбоо барих