Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 86
Бурхан бүх зүйлийг бүтээхдээ үг ашигладаг (Сонгосон хэсгүүд)
Дөрөв дэх өдөр Бурханыг эрх мэдлээ дахин нэг удаа хэрэгжүүлэхэд хүн төрөлхтний улирал, өдөр, жил бий болжээ
Бүтээгч төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхдээ үгээ ашигласан бөгөөд Түүний төлөвлөгөөний эхний гурван өдөр энэ мэтчилэн өнгөрөв. Энэ гурван өдрийн туршид Бурхан амсхийх завгүй юм уу ядартлаа ажиллаж харагдаагүй; харин ч эсрэгээрээ Тэр төлөвлөгөөнийхөө эхний гурван өдрийг гайхалтай өнгөрөөгөөд, дэлхий ертөнцийг эрс өөрчлөх агуу үйл хэргийг гүйцэлдүүлсэн. Түүний нүдний өмнө цоо шинэ ертөнц бий болж, Түүний бодол дотор битүүмжлэгдэн байсан үзэсгэлэнт дүр зураг эцэст нь Бурханы үгээр хэсэг хэсгээрээ илчлэгдсэн юм. Бий болж буй шинэ зүйл бүр нь яг л шинээр төрж буй нярай хүүхэд мэт байсан бөгөөд нэгэнтээ оюун бодолд нь байсан боловч одоо амилсан байгаа дүр зураг Бүтээгчид таатай байлаа. Энэ үед Түүний зүрх сэтгэлд өчүүхэн ч гэсэн сэтгэл ханамж төрсөн боловч Түүний төлөвлөгөө дөнгөж эхэлж байв. Нүд ирмэхийн зуурт шинэ өдөр ирлээ—Бүтээгчийн төлөвлөгөөний дараагийн хуудас юу байсан бэ? Тэр юу гэж хэлсэн бэ? Тэр эрх мэдлээ хэрхэн хэрэгжүүлсэн бэ? Мөн энэ зуур, энэ шинэ дэлхий дээр ямар шинэ зүйлс бий болсон бэ? Бүтээгчийн удирдамжаар, Бурхан бүх зүйлийг бүтээсэн дөрөв дэх өдөр буюу бас нэгэн цоо шинэ эхлэлийн өдөр дээр бидний хараа туслаа. Мэдээж Бүтээгчийн хувьд энэ нь бас нэгэн гайхамшигт өдөр байсан нь эргэлзээгүй ба өнөөгийн хүн төрөлхтний хувьд бас нэг туйлын чухал өдөр байлаа. Энэ өдөр мэдээж хэмжээлшгүй үнэ цэнтэй байсан юм. Яагаад гайхамшигтай, яагаад тийм чухал, мөн яагаад хэмжээлшгүй үнэ цэнтэй байсан бэ? Эхлээд бид Бүтээгчийн хэлсэн үгийг сонсоцгооё…
“Бурхан: ‘Өдрийг шөнөөс салгахын тулд огторгуйн мандалд гэрэлтүүлэгчид бий болог; эдгээр нь тэмдэг, улирал, өдөр ба жилд зориулагдаг: Тэдгээр нь газрыг гэрэлтүүлдэг огторгуйн мандал дахь гэрэл байг’ хэмээв” (Эхлэл 1:14–15). Энэ нь, хуурай газар болоод үүн дээрх өвс ургамлыг бүтээснийхээ дараа Бурханы бүтээлүүдээр дамжуулан харуулсан эрх мэдлийнх нь өөр нэгэн хэрэгжилт байв. Бурханы хувьд ийм үйл нь урьд өмнө хийж байсантай нь адил амархан байсан, учир нь Бурханд тийм хүч чадал бий; Бурхан үгэндээ хүрдэг бөгөөд Түүний үг биелэх болно. Бурхан тэнгэрт гэрэлтүүлэгч бий болохыг тушаасан ба эдгээр гэрэлтүүлэгч нь тэнгэр, газар дээр гэрэлтээд зогсохгүй өдөр шөнө, улирал, хоног, жилийн тэмдэг болжээ. Ийм маягаар, Бурханыг үгээ хэлэхэд гүйцэлдүүлэхийг хүссэн үйл бүр нь Бурханы зорьсон ёсоор, Бурханы тогтоосон байдлаар биелсэн юм.
Тэнгэр дэх гэрэлтүүлэгчид нь гэрэл цацруулж чаддаг тэнгэр дэх зүйл юм; тэдгээр нь тэнгэрт гэрэлтэж, хуурай газар, тэнгис далайг гийгүүлж чаддаг. Тэд Бурханы тушаасан хэмнэл, давтамжийн дагуу эргэлдэж, газрыг өөр өөр цаг хугацаанд гэрэлтүүлдэг ба энэ маягаар гэрэлтүүлэгчдийн эргэлдэх мөчлөгөөр газрын баруун, зүүн зүгт өдөр шөнө бий болдог, мөн тэдгээр нь өдөр шөнийн тэмдэг болоод зогсохгүй, эдгээр өөр өөр мөчлөгөөр дамжуулан хүн төрөлхтний баяр наадам, төрөл бүрийн онцгой өдрүүдийг тэмдэглэдэг. Тэдгээр нь Бурханы бүтээсэн хавар, зун, намар, өвөл гэсэн дөрвөн улирлын төгс чимэг, хослол бөгөөд эдгээртэй хамт гэрэлтүүлэгчид хүн төрөлхтний сарны тоолол, өдөр, жилийн тогтмол, үнэн зөв тэмдэг болж зохицон үйлчилдэг. Хэдийгээр газар тариалан дөнгөж үүссэний дараа л хүмүүс Бурханы бүтээсэн гэрэлтүүлэгчдээс үүдсэн сарны тоолол, өдөр, жилийг ялган салгаж, ойлгож эхэлсэн боловч үнэндээ өнөөдөр хүмүүсийн ойлгодог сарны тоолол, өдөр, жил нь аль эрт Бурхан бүх зүйлийг бүтээсэн дөрөв дэх өдөрт бий болсон бөгөөд хүмүүсийн мэдэрч туулдаг хавар, зун, намар, өвлийн ээлжлэн солигддог мөчлөг ч гэсэн аль эрт Бурхан бүх зүйлийг бүтээсэн дөрөв дэх өдрөөс үүсэж эхэлсэн юм. Бурханы бүтээсэн гэрэлтүүлэгчид нь хүнд өдөр шөнийг тогтмол, яв цав, тодорхой ялгаж, хоног өдрийг тоолж, сарны тоолол болон жилийг тодорхой бүртгэх боломжийг олгосон. (Тэргэл сартай өдөр нэг сар дууссаны илэрхийлэл байв, эндээс хүн гэрэлтүүлэгчдийн гэрэл шинэ мөчлөгийг эхлүүлдгийг мэдэж авсан; тал сартай өдөр нь нэг сар дундаа орсны илэрхийлэл байв, эндээс хүн сарны шинэ тоолол эхэлснийг мэдэж, сарны тоололд хэдэн өдөр, хэдэн шөнө байдгийг, нэг улиралд хэдэн сарны тоолол байдгийг, нэг жилд хэдэн улирал байдгийг тооцоолж болдог байсан бөгөөд бүх илчлэл нь гайхалтай зүй тогтолтой байсан.) Иймээс, хүн төрөлхтөн гэрэлтүүлэгчдийн тойрог замын эргэлтээр тэмдэглэгддэг сарны тоолол, өдөр, жилийг амархан бүртгэж чаддаг байв. Энэ мөчөөс эхлээд хүн төрөлхтөн болон бүх зүйл гэрэлтүүлэгчдийн тойрог замын эргэлтээр үүсэх эмх цэгцтэйгээр солигдох өдөр шөнө болон ээлжлэх улирлуудыг элээн өөрийн ухамсаргүйгээр амьдарсан юм. Бүтээгч дөрөв дэх өдөр гэрэлтүүлэгчдийг бүтээсний ач холбогдол энэ байлаа. Үүний адилаар, Бүтээгчийн энэ үйлдлийнх нь зорилго болон ач холбогдол эрх мэдэл, хүч чадлаас нь мөн л салшгүй холбоотой байсан юм. Иймээс Бурханы бүтээсэн гэрэлтүүлэгчид болон тэдгээрийн хүнд авчрах үнэ цэн нь Бүтээгчийн эрх мэдлийн хэрэгжилтийн бас нэгэн агуу бүтээл байсан билээ.
Хүн төрөлхтөн хараахан гарч ирээгүй байсан энэ шинэ дэлхийд удахгүй бүтээх гэж буй шинэ амьдаа зориулан Бүтээгч үдэш ба өглөө, огторгуй, газар ба далай тэнгис, өвс ургамал, хүнсний ногоо ба төрөл бүрийн мод, гэрэлтүүлэгчид, улирал, өдөр хоног, жилийг бэлтгэсэн юм. Бүтээсэн шинэ зүйл бүр нь Бүтээгчийн эрх мэдэл, хүч чадлыг илэрхийлж байсан бөгөөд Түүний үг, бүтээмж хоёр өчүүхэн ч зөрөхгүйгээр, өчүүхэн төдий ч цагийн зөрүүгүйгээр тохиож байлаа. Эдгээр шинэ зүйлийн илрэлт болон үүсэл нь Бүтээгчийн эрх мэдэл, хүч чадлын баталгаа байсан: Тэр үгэндээ хүрдэг бөгөөд Түүний үг биелэх болно, мөн биелсэн зүйл нь үүрд үргэлжилнэ. Энэ баримт хэзээ ч өөрчлөгдөөгүй: энэ нь урьд нь ч ийм байсан, өнөөдөр ч ийм байгаа ба үүрд мөнхөд ийм байх болно. Бичвэрийн эдгээр үгийг дахин нэг харахад та нарт шинэлэг санагдаж байна уу? Та нар шинэ агуулгыг харж, шинэ нээлт хийв үү? Тэгсэн бол Бүтээгчийн үйл хэрэг та нарын зүрх сэтгэлийг хөдөлгөж, та нарыг Өөрийн эрх мэдэл, хүч чадлын талаарх мэдлэг рүү чиглүүлж, Бүтээгчийг ойлгох ойлголтын чинь үүдийг нээж, Түүний үйл хэрэг, эрх мэдэл эдгээр үгэнд амь хайрласнаас болж байгаа юм. Иймээс хүн эдгээр үгээс Бүтээгчийн эрх мэдлийн бодитой, тод томруун илэрхийллийг харж, Бүтээгчийн ноёрхлыг бодитоор гэрчилж, Бүтээгчийн эрх мэдэл, хүч чадлын ер бусын байдлыг харсан.
Бүтээгчийн эрх мэдэл, хүч чадал гайхамшгийг ар араас нь бүтээж, Тэр хүмүүсийн анхаарлыг татдаг бөгөөд Түүний эрх мэдлийн хэрэгжилтээс үүдсэн гайхалтай үйл хэргийг хүн өөрийн эрхгүй зогтусан ширтдэг. Түүний ер бусын хүч чадал баяр хөөрийг ар араас нь авчирдаг бөгөөд хүмүүсийн нүд баясаж, хөөрөн баярладаг, шагшин гайхсандаа уулга алдаж, бахдан биширч, уухайлдаг; цаашлаад хүний сэтгэл илт хөдлөн, түүнд хүндлэл, бишрэл, татагдах сэтгэл төрдөг. Бүтээгчийн эрх мэдэл болон үйл хэрэг нь хүний сүнсэнд асар их нөлөө үзүүлж, хүний сүнсийг цэвэрлэж, цаашлаад хүний сүнсийг цатгадаг. Түүний бодол нэг бүр, айлдвар нэг бүр, эрх мэдлийнх нь илчлэл бүр бүх зүйлийн дундах сор бүтээл бөгөөд бүтээгдсэн хүн төрөлхтний гүн гүнзгий ойлгож, мэдэх ёстой хамгийн үнэ цэнтэй агуу ажил хэрэг юм.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө I
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?