Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 166
Бурханы зөвт зан чанарыг мэдэх тухайд, юу нь гол болохыг та нар ойлгож байна уу? Та нар энэ талаарх туршлагынхаа тухай олон юм ярьж чадах боловч та нарт хэлэх ёстой цөөн хэдэн гол зүйл Надад байна. Бурханы зөвт зан чанарыг ойлгохын тулд хүн эхлээд Бурханы мэдрэмжийг ойлгох ёстой: Тэр юуг үзэн ядаж, юуг жигшиж, юуг хайрлаж, хэнийг тэвчиж, хэнд өршөөнгүй байдгийг, мөн ямар төрлийн хүн тэр өршөөлийг хүртдэгийг ойлгох ёстой. Үүнийг мэдэх нь чухал. Цаашлаад, Бурхан хэчнээн элэгсэг ч гэлээ, хүмүүсийг хэчнээн их хайрлаж, өршөөдөг ч гэлээ, Өөрийнх нь ялгамж чанар, байр сууринд халдсан хэнийг ч тэвчдэггүй, мөн Өөрийнх нь эрхэм чанарт халдсан хэнийг ч тэвчдэггүй гэдгийг хүн ойлгох ёстой. Бурхан хүмүүсийг хайрладаг боловч тэднийг эрхлүүлдэггүй. Тэр хүмүүст хайр, өршөөл, хүлээцтэй байдлаа үзүүлдэг ч тэднийг хэзээ ч өөгшүүлдэггүй; Түүнд Өөрийн гэсэн зарчим, хил хязгаар бий. Чи дотроо Бурханы хайрыг хэчнээн их мэдэрсэн нь хамаагүй, тэр хайр хэчнээн гүн байх нь хамаагүй, өөр хүнтэй харьцаж байгаа мэт Бурхантай харьцаж хэзээ ч болохгүй. Бурхан хүмүүст ойр дотно ханддаг нь үнэн хэдий ч, хэрвээ хүн Бурханыг хүнтэй адилхан үзэж, Түүнийг ердөө өөр нэг бүтээл шиг үзэж, найз шигээ юм уу шүтээн мэт хандвал Бурхан тэднээс нүүр буруулж, тэднийг хаях болно. Энэ бол Түүний зан чанар бөгөөд энэ тухайд Өөртэй нь хайхрамжгүй ханддаг хэнийг ч Тэр тэвчдэггүй. Иймээс Бурханы үгэнд Түүний зан чанарын талаар үргэлж ингэж хэлдэг: Чи хэчнээн урт зам туулсан нь хамаагүй, Бурханы төлөө хэр их ажил хийж, эсвэл хэр их зовсон нь хамаагүй, Бурханы зан чанарт халдмагц Тэр хийсэн зүйлд чинь үндэслэн хариу өгөх болно. Үүнийг та нар харж байсан уу? (Тийм ээ, харж байсан.) Юу гэсэн үг вэ гэхээр, Бурхан хүмүүсийг Өөртэйгөө ойр дотно гэж харж болох боловч хүмүүс Түүнтэй найз шигээ, эсвэл хамаатан шигээ харьцаж болохгүй. Бурханыг найзаа гэж бодож болохгүй. Бурхан чамайг хэр их хайрлаж байгааг чи хэдий чинээ мэдэрсэн нь хамаагүй, Тэр чамайг хэчнээн их тэвчдэг байсан нь хамаагүй, чи үүрд Бурханыг зүгээр нэг найзтайгаа адил авч үзэх ёсгүй. Энэ бол Бурханы зөвт зан чанар. Ойлгож байна уу? Энэ тухай Би нэмж ярих хэрэг байна уу? Өмнө нь та нар үүнийг ойлгодог байсан уу? Хүн сургаалыг ойлгодог эсэх, эсвэл энэ тухай бодсон эсэх нь хамаагүй, Ерөнхийдөө, энэ бол хүмүүсийн хамгийн амархан гаргадаг алдаа юм. Хүн Бурханыг уурлуулах нь ганц удаагийн буруу зүйл, эсвэл ганц үгнээс болж байгаа биш магад, харин энэ нь тэдний хандлага, байгаа байдлаас болдог. Энэ бол үнэхээр аймаар зүйл. Зарим хүн, Бурханы тухай ойлгодог, Бурханыг мэддэг гэж боддог, тэд бүр Бурханы таалалд нийцэх зарим зүйлийг хийдэг ч байж мэднэ. Тэдэнд Бурхантай эн тэнцүү мэт, Бурхантай найзууд болсон мэт санагдаж эхэлдэг. Иймэрхүү мэдрэмж бол тун буруу. Хэрэв чи үүнийг сайн ойлгодоггүй бол, үүнийг тодорхой ойлгодоггүй бол Бурханыг уурлуулж, Бурханы зөвт чанарт халдахад маш амархан. Одоо чи үүнийг ойлгосон, тийм үү? (Тийм ээ.) Тэгвэл Бурханы зөвт зан чанар цор ганц мөн үү биш үү? Энэ нь хүний зан төлөвтэй адилхан уу? Хүний хувийн хүн чанартай ижилхэн үү? Хэзээ ч үгүй, тийм биз дээ? (Тийм ээ.) Тэгэхээр, Бурхан хүмүүстэй яаж ч харьцсан, хүмүүсийн тухай юу ч бодсон, Бурханы байр суурь, эрх мэдэл, ялгамж чанар хэзээ ч өөрчлөгдөхгүй гэдгийг мартах ёсгүй. Хүн төрөлхтний хувьд, Бурхан бол үргэлж бүхний Эзэн, мөн Бүтээгч.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө VII
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?