Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст өгөх анхааруулга
Ах эгч нарын дунд өөрсдийн сөрөг байдлыг үргэлжид гаргагчид нь Сатаны боолууд бөгөөд тэд чуулганыг үймүүлдэг. Тийм хүмүүс нэг л өдөр хөөгдөж, таягдан хаягдах ёстой. Хүмүүс Бурханд итгэхдээ Бурханыг хүндлэх сэтгэл өвөрлөдөггүй бол, бас Бурханд дуулгавартай зүрх сэтгэлгүй бол Түүний төлөө ямар ч ажил хийж чадахгүйгээр үл барам, харин ч эсрэгээрээ Бурханы ажлыг үймүүлж, Бурханыг эсэргүүцдэг хүмүүс болно. Бурханд итгэдэг ч Бурханд дуулгавартай байж, Бурханыг хүндлэлгүй, харин ч Түүнийг эсэргүүцэх нь итгэгчийн хувьд асар их гутамшиг юм. Хэрвээ итгэгчид, үл итгэгчдийн адилаар үг хэл, үйл хөдлөлдөө ямагт хайхрамжгүй, цадиггүй байдаг бол тийм хүмүүс үл итгэгчдээс ч илүү ёрын муу юм; тэд бол жинхэнэ чөтгөр мөн. Чуулган дотор хортой, хорлонтой яриагаа дэгдээдэг хүмүүс, түүнчлэн ах эгч нарын дунд цуу яриа түгээж, зөрчил өдөөж, бүлэглэл үүсгэдэг хүмүүс бүгд чуулганаас хөөгдсөн байх ёстой. Гэвч одоо Бурханы ажлын өөр эрин үе тул энэ хүмүүс хязгаарлагдсан, учир нь тэд бол гарцаагүй таягдан хаягдах бай юм. Сатаны завхруулсан бүх хүн завхарсан зан чанартай байдаг. Зарим хүн завхарсан зан чанартайгаас цаашгүй байхад бусад нь өөр байдаг: Тэд завхарсан сатанлаг зан чанартайгаар зогсохгүй, уг чанар нь ч бас туйлын хорлонтой байдаг. Тэдний үг, үйлдэл завхарсан сатанлаг зан чанарыг нь илчилдгээр үл барам, энэ хүмүүс бол жинхэнэ диавол Сатан юм. Тэдний хийдэг бүхэн Бурханы ажилд саад болж, үймүүлдэг; тэдний бүх үйлдэл ах эгч нарын амийн оролтод саад хийж, чуулганы хэвийн амьдралыг сүйрүүлж байдаг. Хонины арьс нөмөрсөн эдгээр чоно эрт орой хэзээ нэгэн цагт цэвэрлэгдэх ёстой ба Сатаны эдгээр боолд өршөөлгүй хандлага буюу голсон хандлага баримтлах ёстой. Ингэх нь л хүмүүс Бурханы талд зогсож байгааг харуулдаг; ингэж чаддаггүй хүмүүс Сатантай хамт намаг балчирт хөлбөрч байна. Бурханд чин үнэнчээр итгэдэг хүмүүс Түүнийг үргэлж зүрх сэтгэлдээ байлгадаг бөгөөд Бурханыг хүндлэх, Бурханыг хайрлах зүрх сэтгэлийг дотроо үргэлж тээдэг. Бурханд итгэдэг хүмүүс аливааг хянамгай, болгоомжтой хийх ёстой ба хийдэг бүхэн нь Бурханы шаардлагад нийцэж, Бурханы зүрх сэтгэлийг хангалуун байлгаж чаддаг байх хэрэгтэй. Тэд дур зоргоороо байж, хүссэн болгоноо хийх ёсгүй; энэ нь ариун хүний ёс журамд тохирохгүй. Хүмүүс хаа сайгүй Бурханы туг далбааг намируулангаа энд тэндгүй сагсуурч, луйвардан ухаан солиотой мэт гүйж болохгүй; энэ нь хамгийн тэрслүү төрлийн үйлдэл юм. Гэр бүлд дүрэм журам, улс үндэстэнд хууль цааз гэж бий; тэгвэл Бурханы гэрт үүнээс ч илүү байхгүй гэж үү? Стандарт нь бүр ч хатуу чанд байхгүй гэж үү? Бүр их захиргааны зарлиг байдаггүй гэж үү? Хүмүүс юу хүссэнээ хийх эрхтэй, гэвч Бурханы захиргааны зарлигийг хүссэнээрээ өөрчилж болохгүй. Бурхан бол хүмүүсийн халдахыг тэвчдэггүй Бурхан; Тэр бол хүмүүсийг үхүүлдэг Бурхан юм. Хүмүүс үүнийг үнэхээр аль хэдийн мэдэх бус уу?
Бүх чуулганд үймүүлж сүйдэлдэг хүмүүс бий; тэдгээрт бүгдэд нь Бурханы ажилд саад болдог хүмүүс бий. Энэ хүмүүс бүгд Бурханы гэрт нэвтрэн орсон, баг өмссөн Сатан юм. Ийм хүмүүс дүр эсгэхдээ нэн сайн байдаг; тэд Миний өмнө хүндэтгэлтэйгээр ирж, толгой дохиж, бөхөлзөн, хамуутай нохой шиг авирлаж, хувийн зорилгодоо хүрэхийн тулд “бүхнээ” зориулдаг боловч ах эгч нартай нүүр тулах үедээ муу муухай талаа харуулдаг. Тэд үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүсийг харах үедээ тэдэн рүү дайрч давшлан, үл тоодог; өөрсдөөс нь илүү аймшигтай хүмүүсийг харахаараа долигонож, зусарддаг. Тэд чуулган дотор дураараа дургигч шиг авирладаг. Ихэнх чуулган дотор иймэрхүү “орон нутгийн танхай этгээд”, иймэрхүү “уяаны нохой” оршин байдаг гэж хэлж болно. Тэд хамтдаа гэтэцгээж, нэг нэгэн рүүгээ ирмэн, сэмхэн дохио илгээдэг бөгөөд хэн нь ч үнэнийг хэрэгжүүлдэггүй. Хамгийн хорт нэгэн нь “ахлагч чөтгөр” ба хамгийн нэр хүндтэй нь тэднийг удирдаж, туг далбаагаа өндөрт байлгадаг. Энэ хүмүүс чуулган даяар догшин ширүүн авирлаж, сөрөг байдлаа тарааж, үхэл ялгаруулж, хүссэнээ хийж, юу дуртайгаа хэлдэг; хэн ч тэднийг зогсоож зүрхэлдэггүй, тэд сатанлаг зан чанараар дүүрэн байдаг. Тэднийг үймээн тарьж эхлэнгүүт үхлийн уур амьсгал чуулганд нэвтрэн ордог. Чуулганд үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүс хөсөр хаягдаж, байдгаараа хичээх чадвараа алдаж байхад чуулганыг үймүүлж, үхэл тараадаг хүмүүс чуулган дотор догшин ширүүн авирлаж байдаг. Түүгээр ч үл барам, ихэнх хүн тэднийг дагадаг. Энэ мэт чуулган гагцхүү Сатаны хяналтад байдаг; диавол үүний хаан юм. Хэрвээ чуулганы гишүүд өндийн босож, эдгээр ахлагч чөтгөрийг хөөн зайлуулахгүй бол өөрсдөө ч гэсэн эрт орой хэзээ нэгэн цагт сүйрэх болно. Одоогоос эхлэн, ийм чуулгануудын эсрэг арга хэмжээ авах ёстой. Үнэнийг багахан хэрэгжүүлэх чадвартай хүмүүс үнэнийг эрж хайдаггүй бол тэр чуулганыг хориглоно. Чуулганд үнэнийг хэрэгжүүлэх хүсэлтэй нэг ч хүн үгүй, мөн Бурханы төлөө гэрчлэлд зогсож чадах хэн ч байхгүй бол тэр чуулганыг нэгмөсөн тусгаарлах хэрэгтэй ба бусад чуулгантай тогтоосон холбоог нь таслах ёстой. Үүнийг “үхлийг булшлах” гэж нэрлэдэг; Сатаныг хөөн зайлуулах гэдэг нь энэ юм. Хэрэв чуулганд орон нутгийн хэд хэдэн танхай этгээд байдаг ба ямар ч ялган таних чадваргүй “жижиг ялаанууд” тэднийг дагадаг бол, хэрэв чуулганы гишүүд үнэнийг харсныхаа дараа ч гэсэн эдгээр танхай этгээдийн хүлээс, арга залиас салж чадахгүй хэвээр байгаа бол тэр мунхгууд эцэстээ бүгд таягдуулна. Эдгээр жижиг ялаа ямар нэгэн аймшигтай зүйл хийгээгүй байж болох ч бүр илүү ов мэхтэй, бүр илүү зальхай, булзамхай байдаг бөгөөд ийм хүн бүр таягдуулах болно. Ганц нь ч үлдэхгүй! Сатанд харьяалагддаг хүмүүс Сатан руу буцах бол Бурханд харьяалагддаг хүмүүс үнэнийг хайн явах нь гарцаагүй; энэ нь тэдний уг чанараар тодорхойлогддог. Сатаныг дагадаг хүмүүс устаг! Энэ хүмүүст өрөвч сэтгэл огт үзүүлэхгүй. Үнэнийг хайдаг хүмүүс хангалт хүртэж, зүрх сэтгэлээ ханатал Бурханы үгэнд баясах болтугай. Бурхан бол зөвт; Тэрээр хэнд ч алагчилж ханддаггүй. Хэрвээ чи диавол бол үнэнийг хэрэгжүүлэх чадваргүй; хэрвээ чи үнэнийг хайдаг нэгэн бол Сатанд олзлогдохгүй нь лавтай. Энэ ямар ч эргэлзээгүй.
Ахиж дэвшихээр чармайдаггүй хүмүүс бусдыг өөрсөд шигээ идэвхгүй, хойрго байгаасай гэж үргэлж хүсдэг. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүс хэрэгжүүлдэг хүмүүст атаархдаг бөгөөд будилуу, ялган таних чадвараар дутмаг хүмүүсийг хуурч мэхлэхийг үргэлж хүсдэг. Энэ хүмүүсийн гаргадаг зүйлс нь чамайг доройтуулж, хөл алдуулж, хэвийн бус байр байдалтай болгож, харанхуйгаар дүүргэж чадна; тэд чамайг Бурханаас холдуулж, махан биеэ энхрийлэн, өөрийгөө өөгшүүлэхэд хүргэдэг. Үнэнийг хайрладаггүй, Бурхантай үргэлж хааш яаш харьцдаг хүмүүс өөрийгөө мэддэггүй; тийм хүмүүсийн зан чанар нь бусдыг нүгэл үйлдэх, Бурханыг эсэргүүцэхэд уруу татдаг. Тэд үнэнийг хэрэгжүүлдэггүй, бусдад ч хэрэгжүүлэхийг зөвшөөрдөггүй. Тэд нүглийг нандигнадаг ба өөрсдийгөө жигшинэ гэж байдаггүй. Тэд өөрсдийгөө мэддэггүй ба бусдын өөрсдийгөө танин мэдэхийг болиулдаг; тэд бас бусдын үнэний төлөө тэмүүлэхийг зогсоодог. Түүнд мэхлэгддэг хүмүүс гэрлийг харж чадалгүй харанхуйд унадаг; тэд өөрсдийгөө мэддэггүй, үнэний талаар тодорхой мэддэггүй ба Бурханаас улам бүр хол болдог. Тэд үнэнийг хэрэгжүүлдэггүй бөгөөд бусдын үнэнийг хэрэгжүүлэхийг болиулж, тэр бүх мунхаг хүмүүсийг өөрсдийн өмнө авчирдаг. Бурханд итгэдэг гэж хэлэхийн оронд тэд өвөг дээдэстээ итгэдэг гэдгээ, өөрсдийнх нь итгэдэг зүйл бол зүрх сэтгэлд нь байгаа шүтээнүүд гэдгээ хэлбэл дээр сэн. Бурханыг дагадаг гэцгээдэг хүмүүсийн хувьд нүдээ нээгээд, яг хэнд итгэдгээ сайн харсан нь дээр: Итгэдэг зүйл чинь үнэхээр Бурхан уу, эсвэл Сатан уу? Хэрвээ чиний итгэдэг зүйл Бурхан биш, харин өөрийн чинь шүтээнүүд гэдгийг мэдэж байгаа бол өөрийгөө итгэгч гэж хэлэхгүй байсан нь дээр. Хэрвээ чи хэнд итгэдгээ үнэхээр мэдэхгүй байгаа бол мөн л өөрийгөө итгэгч гэж хэлэхгүй байсан нь дээр. Тэгж хэлэх нь доромжлол болно! Хэн ч чамайг Бурханд итгэ гэж хүчлээгүй. Та нар Надад итгэдэг гэж бүү хэл; ийм яриаг Би хэдийнээ хангалттай их сонссон бөгөөд дахин сонсохыг хүсэхгүй байна, учир нь та нарын итгэдэг зүйл бол зүрх сэтгэлийн чинь доторх шүтээнүүд, мөн та нарын дундах танхай этгээдүүд юм. Үнэнийг сонсох үедээ толгойгоо сэгсэрдэг, үхлийн талаарх яриа сонсохдоо учиргүй мишээдэг хүмүүс бол бүгд Сатаны үр сад; тэд бүгд таягдан хаягдах бай юм. Чуулганд ялган таних чадваргүй олон хүн бий. Ямар нэгэн төөрөлдүүлсэн зүйл болоход тэд зүгээр л Сатаны талд зогсдог бөгөөд Сатаны боол гэж дуудагдах үед маш их хэлмэгдсэн мэт тэдэнд санагддаг. Хүмүүс тэднийг ялган таних чадваргүй гэж хэлж магад боловч тэд үргэлж үнэнгүй талд зогсдог, шийдвэрлэх чухал цаг үед үнэний талд хэзээ ч зогсож байгаагүй, хэзээ ч үнэний төлөө өндийн босож, маргаж байгаагүй. Тэд үнэхээр ялган таних чадваргүй гэж үү? Тэд яагаад санаандгүйгээр Сатаны талд ордог юм бэ? Яагаад тэд үнэнийг дэмжсэн шулуун шударга, үндэслэлтэй нэг ч болтугай үг ер нь хэлдэггүй юм бэ? Энэ нөхцөл байдал үнэхээр тэдний агшин зуурын төөрөгдлөөс үүссэн гэж үү? Хүмүүст ялган таних чадвар хэдий чинээ бага байна, үнэний талд зогсох чадвар нь төдий чинээ бага байдаг. Энэ юуг харуулдаг вэ? Ялган таних чадваргүй хүмүүс ёрын мууд хайртай гэдгийг харуулдаг бус уу? Тэд бол Сатаны үнэнч үр сад гэдгийг харуулдаг бус уу? Яагаад тэд үргэлж Сатаны талд зогсож, түүний хэлээр ярьж чаддаг юм бэ? Тэд ямар нэг байдлаар үнэнийг хайрлагч бус гэдгийг үг үйлдэл бүхэн нь, мөн нүүр царайн илэрхийллүүд нь хангалттай нотолдог; тэд бол үнэнийг жигшдэг хүмүүс юм. Тэд Сатаны талд зогсож чаддаг нь, өөрийнх нь төлөө тэмцэн бүх амьдралаа өнгөрүүлдэг эдгээр өчүүхэн диаволд Сатан үнэхээр хайртай гэдгийг хангалттай нотолдог. Энэ бүх баримт дэндүү тодорхой бус уу? Хэрвээ чи үнэхээр үнэнийг хайрладаг хүн мөн бол яагаад үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүсийг хүндэлж чаддаггүй юм бэ, мөн илэрхийлэл нь өөрчлөгдөнгүүт үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүсийг яагаад нэн даруй дагадаг юм бэ? Энэ ямар гээчийн асуудал вэ? Чамд ялган таних чадвар байгаа эсэхийг Би тоодоггүй. Хэчнээн их төлөөс төлсөн чинь Надад хамаагүй. Хэчнээн их хүчтэй чинь Надад хамаагүй, бас нутгийн танхай этгээд байна уу, эсвэл туг барьсан удирдагч байна уу, Надад хамаагүй. Хүч чинь агуу их байвал Сатаны хүч чадал л тусалсных. Нэр хүнд чинь өндөр байвал эргэн тойронд чинь үнэнийг хэрэгжүүлдэггүй хүн дэндүү олон байгаагийнх. Хэрвээ чи хөөгдөөгүй байгаа бол одоо хөөн зайлуулах ажлын цаг үе болоогүй байгаагийнх; харин ч энэ нь таягдах ажилд зориулсан цаг үе юм. Чамайг одоо хөөх гэж яарахгүй. Чамайг шийтгэхийн тулд таягдуулсны чинь дараах тэр өдөр ирэхийг л Би хүлээж байгаа. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хэн бүхэн таягдуулах болно!
Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг хүмүүс бол Бурханы үгийг хэрэгжүүлэх хүсэлтэй хүмүүс, бас үнэнийг хэрэгжүүлэх хүсэлтэй хүмүүс юм. Үнэхээр Бурханы төлөө гэрчлэлд зогсож чадах хүмүүс нь бас Түүний үгийг хэрэгжүүлэх хүсэлтэй хүмүүс, үнэний талд үнэхээр зогсож чадах хүмүүс юм. Заль мэх хэрэглэж, шударга бусыг үйлддэг хүмүүс нь бүгд үнэнээр дутмаг хүмүүс бөгөөд бүгдээрээ Бурханд шившиг авчирдаг. Чуулганд хэрүүл маргаан үүсгэдэг хүмүүс нь Сатаны боолууд ба Сатаны биелэл юм. Ийм хүмүүс маш хорлонтой. Ялган таних чадваргүй, үнэний талд зогсох чадваргүй хүмүүс бүгд хорон муу санаа зорилго өвөрлөж, үнэнийг гутаадаг. Энэ хүмүүс Сатаны бүр ч бодитой төлөөлөгч юм; тэд аврагдах аргагүй ба мэдээж бүгд таягдан хаягдах бай мөн. Бурханы гэрт, үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүс үлдэхийг зөвшөөрдөггүй, чуулганыг санаатайгаар нураадаг хүмүүс үлдэхийг ч зөвшөөрдөггүй. Гэвч одоо бол хөөн зайлуулах ажлыг хийх цаг биш; тийм хүмүүс эцэстээ зүгээр л илчлэгдэж, таягдуулна. Өөр нэмэлт хэрэгцээгүй ажлыг энэ хүмүүс дээр зарлагадахгүй; Сатанд харьяалагддаг хүмүүс үнэний талд зогсож чаддаггүй байхад үнэнийг эрж хайдаг хүмүүс чаддаг. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүс үнэний замыг сонсоход болон үнэнд гэрчлэл хийхэд тэнцэхгүй. Үнэн ердөө ч тэдний чихэнд зориулагдаагүй; харин ч энэ нь хэрэгжүүлдэг хүмүүст чиглэдэг. Хүн бүрийн төгсгөл илчлэгдэхээс өмнө чуулганыг үймүүлж, Бурханы ажилд саад хийдэг хүмүүсийг одоохондоо эхлээд хойш тавьж, дараа нь тэдэнтэй харьцана. Ажил дуусмагц энэ хүмүүсийг нэг нэгээр нь илчилж, дараа нь таягдан хаяна. Одоохондоо, үнэнээр хангаж байх үед тэднийг үл ойшооно. Үнэн бүхэлдээ хүнд илчлэгдэх үед тэр хүмүүсийг таягдан хаях ёстой; тэр үе нь ч бас бүх хүн төрлийнхөө дагуу ангилагдах цаг үе байна. Ялган таних чадваргүй хүмүүс ялихгүй овсгоо самбааныхаа улмаас ёрын муу хүмүүсийн гарт сүйрэх ба ёрын муу хүмүүст хууртагдан, эргэн ирж чадахгүй байх болно. Энэ хүмүүс үнэнийг хайрладаггүй, үнэний талд зогсох чадваргүй, муу хүмүүсийг дагаж, муу хүмүүсийн талд зогсдог, муу хүмүүстэй сүлбэлдэж, Бурханыг эсэргүүцдэг учраас тэднийг энэ маягаар зохицуулах ёстой. Муу хүмүүс ёрын мууг ялгаруулна гэдгийг тэд маш сайн мэддэг атлаа тэднийг дагахын тулд зүрх сэтгэлээ чангалан, үнэний эсрэг явдаг. Үнэнийг хэрэгжүүлдэггүй мөртөө хөнөөлтэй, ой гутам зүйлсийг хийгч энэ хүмүүс бүгд мууг үйлдэж байгаа бус уу? Тэдний дунд өөрсдийгөө хаан гэж нэрийдсэн хүмүүс, мөн тэднийг дагадаг бусад хүмүүс байгаа хэдий ч Бурханыг эсэргүүцэх уг чанар нь бүгд адил бус уу? Бурхан өөрсдийг нь авардаггүй гэж хэлэх ямар шалтаг тэдэнд байх юм бэ? Бурханыг зөвт бус гэж хэлэх ямар шалтаг тэдэнд байх вэ? Өөрсдийнх нь ёрын муу байдал тэднийг сүйрүүлж байгаа бус уу? Өөрсдийнх нь тэрслүү байдал там руу чирч байгаа бус уу? Үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүс эцэст нь үнэнээс үүдэн аврагдаж, төгс болгуулна. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүс эцэстээ үнэнээс үүдэн сүйрэл дуудах болно. Эдгээр нь үнэнийг хэрэгжүүлдэг ба хэрэгжүүлдэггүй хүмүүсийг хүлээж байдаг төгсгөл юм. Би үнэнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөгүй хүмүүст хандаж, бүр илүү их нүгэл үйлдэхээс зайлсхийхийн тулд нэн даруй чуулганыг орхи гэж зөвлөж байна. Цаг нь ирэхээр гэмшихэд хүртэл хэтэрхий оройтсон байх болно. Ялангуяа бүлэглэл бий болгож, хагарал үүсгэдэг хүмүүс болон чуулган доторх нутгийн танхай этгээдүүд бүр эрт явах ёстой. Ёрын муу чонын уг чанартай ийм хүмүүс өөрчлөгдөх чадваргүй. Тэд ах эгч нарын хэвийн амьдралыг дахин хэзээ ч үймүүлэхгүй байж, улмаар Бурханы шийтгэлээс зайлсхийхийн тулд аль болох эртхэн чуулганаас явсан нь дээр. Тэднийг дагаж явсан хүмүүс та нар энэ боломжийг сайтар ашиглаж, өөрсдийгөө эргэцүүлэх хэрэгтэй. Та нар ёрын муу хүмүүстэй хамт чуулганаас явмаар байна уу, эсвэл үлдэж, дуулгавартай дагамаар байна уу? Та нар энэ асуудлыг няхуур авч үзэх хэрэгтэй. Би та нарт сонголт хийх дахиад нэг боломж өгье; хариултыг чинь Би хүлээж байна.
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?