Бурхан дэлхийг үерээр устгахаар төлөвлөж, Ноад бүхээг барих заавар өгсөн нь
Эхлэл 6:9–14 Ноагийн үр удам энэ билээ: Ноа бол зөв шударга хүн, үеийнхнийхээ дунд төгс бөгөөд Бурхантай хамт явдаг байв. Ноа Шем, Хам, Иафет хэмээх гурван хүү төрүүлсэн. Газар дэлхий бас Бурханы өмнө завхарч, дэлхий хүчирхийллээр дүүрчээ. Бурхан ажиглаж харахад дэлхий завхарсан байлаа; учир нь газар дэлхий дээрх мах цустай бүхний зам завхарсан байв. Бурхан Ноад хандан: “Мах цустай бүхний төгсгөл Миний өмнө ирлээ; тэднээс болж газар дэлхий хүчирхийллээр дүүрч байгаа учир Би тэднийг газартай нь сүйрүүлнэ. Чи говор модоор өөртөө бүхээг хий; бүхээг дотроо тасалгаанууд гаргаж, дотор гаднагүй давирхайгаар давирхайд” гэв.
Эхлэл 6:18–22 “Харин Би чамтай гэрээ байгуулна; чи өөрийн эхнээр, хөвгүүд, бэрүүдтэй цуг тэр бүхээгт орно. Мөн өөртэйгөө хамт амьд үлдээхийн тулд чи мах цустай амьтан бүрээс эр, эмийг хосоор нь бүхээгт оруул. Амьд үлдээхийн тулд жигүүртэн шувуудын төрөл төрлөөс, адгуус амьтдын төрөл төрлөөс, газраар мөлхдөг бүхний төрөл төрлөөс хосоороо чам дээр очно. Чи идэх бүх хоол хүнсээ өөртөө авч цуглуул; энэ нь чиний болон тэдний хоол болно” гэв. Ноа тийнхүү үйлдэв; тэрээр Бурханы өөрт нь тушаасан бүхнийг ёсоор нь гүйцэтгэжээ.
Энэ хоёр хэсгийг уншсаны дараа та нар Ноа гэж хэн болох талаар ерөнхий ойлголттой болов уу? Ноа ямар хүн бэ? Эх бичигт “Ноа бол зөв шударга хүн, үеийнхнийхээ дунд төгс” гэж байна. Орчин үеийн хүмүүсийн ойлголтоор бол тэр үед “шударга” хүн гэж ямар хүн байсан бэ? Шударга хүн бол төгс хүн байх учиртай. Энэ төгс хүн нь хүмүүсийн нүдэнд төгс хүн үү, эсвэл Бурханы нүдэнд төгс үү гэдгийг та нар мэдэх үү? Энэ төгс хүн нь хүмүүсийн нүдэнд биш, харин Бурханы нүдэнд төгс хүн байх нь эргэлзээгүй. Энэ бол гарцаагүй! Учир нь, хүн сохор бөгөөд харж чадахгүй, зөвхөн Бурхан л газар дэлхийг бүхлээр нь, мөн хүн нэг бүрийг ажиглаж байдаг тул Ноа төгс хүн гэдгийг зөвхөн Бурхан л мэднэ. Иймд дэлхийг үерээр устгах Бурханы төлөвлөгөө нь Ноаг дуудсан мөчөөс эхэлсэн.
Тэр эрин үед Бурхан маш чухал нэг зүйл хийхийн тулд Ноаг дуудах гэсэн. Энэ ажлыг яагаад хийх хэрэгтэй болсон бэ? Яагаад гэвэл, тухайн мөчид Бурханы зүрх сэтгэлд нэгэн төлөвлөгөө байлаа. Тэр дэлхийг үерээр устгах төлөвлөгөөтэй байв. Яагаад дэлхийг устгана гэж? Энд ингэж хэлсэн байна: “Газар дэлхий бас Бурханы өмнө завхарч, дэлхий хүчирхийллээр дүүрчээ.” “Дэлхий хүчирхийллээр дүүрчээ” гэсэн өгүүлбэрээс та нар юу ойлгож байна вэ? Энэ нь дэлхий болон түүний хүмүүс хэтэртлээ ялзрахад тохиолддог үзэгдэл юм; үүнээс үүдэн “дэлхий хүчирхийллээр дүүрчээ” гэжээ. Өнөөдрийн хэлээр “хүчирхийллээр дүүрчээ” гэдэг нь бүх юм эмх замбараагүй байна гэсэн үг юм. Хүний хувьд энэ нь нийгмийн бүх анги давхаргад дэг журам байхгүй, юмс бүгд замбараагүй бөгөөд удирдах аргагүй болсон гэсэн утгатай. Бурханы нүдэнд бол дэлхийн хүмүүс дэндүү ялзарсан гэсэн үг байв. Харин ямар хэмжээнд хүртэл ялзарсан бэ? Бурхан цаашид харж тэвчихгүй, энэ талаар цаашид хүлцэж чадахаа болих хүртэл хэмжээнд ялзарсан. Бурхан тэднийг устгахаар зорих хэмжээнд хүртлээ ялзарсан юм. Бурхан дэлхийг устгахаар шийдэхдээ нэгэн бүхээг барих хүн олохоор төлөвлөсөн. Бурхан энэ ажлыг гүйцэтгүүлэхээр Ноаг сонгосон; Ноагаар бүхээг бариулах гэсэн. Яагаад Ноаг сонгосон бэ? Бурханы нүдэнд Ноа бол зөв шударга хүн байсан; Бурхан юу ч гэж зааварласан бай, Ноа ёсоор нь хийжээ. Өөрөөр хэлбэл, Бурханы юу хий гэснийг нь Ноа хийхэд бэлэн байжээ. Өөртэй нь хамт ажиллаж, Өөрийнх нь даалгасныг гүйцээж—газар дээрх ажлыг нь гүйцээх ийм хүн олохыг Бурхан хүссэн. Тэр үед ийм ажлыг гүйцээж чадах хүн Ноагаас өөр байсан уу? Огтхон ч үгүй! Ноа бол Бурханы даалгасан зүйлийг гүйцээж чадах цорын ганц тохирох хүн байсан тул Бурхан түүнийг сонгосон. Гэхдээ тэр үед хүмүүсийг аврах Бурханы стандарт, хязгаар нь өнөөгийнхтэй адил байсан уу? Хариулт нь гэвэл, мэдээж ялгаа бий! Би яагаад үүнийг асууж байна вэ? Тэр үед Ноа бол Бурханы үзэхэд, цорын ганц зөв шударга хүн байсан ба харин эхнэр нь ч, хөвгүүд ба бэрүүдийн аль нь ч зөв шударга хүмүүс байгаагүй боловч Ноаг бодоод Бурхан энэ хүмүүсийг зүгээр орхисон. Бурхан тэдэнд шаардлага тавихдаа одоогийнх шиг байдлаараа тавиагүй, харин Ноагийн гэрийн бүх найман гишүүнийг амьд үлдээсэн. Тэд Ноагийн зөвт байдлын ачаар Бурханы ерөөлийг хүртсэн юм. Ноа байгаагүй бол тэдний хэн нь ч Бурханы даалгасан зүйлийг гүйцээж чадахгүй байсан билээ. Иймд Ноа бол тэр үеийн дэлхийн сүйрлээс амьд гарах ёстой цорын ганц хүн байсан бөгөөд бусад нь зүгээр л хөндлөнгийн завшаантнууд юм. Бурхан Өөрийн удирдлагын ажлыг албан ёсоор эхлэхээс өмнөх эринд хүмүүст хандаж, тэднээс шаардаж байсан зарчим ба стандарт нь харьцангуй зөөлөн байсан гэдгийг энэ харуулдаг. Ноагийн гэрийн найман хүнд хандсан Бурханы байдал өнөөгийн хүмүүст “шударга ёсоор” дутмаг мэт харагддаг. Гэвч одоо хүмүүс дээр Түүний хийдэг ажлын далайц, Түүний дамжуулдаг үгийнх нь хэмжээтэй харьцуулахад Ноагийн гэрийн найман хүнд хандсан Бурханы хандлага нь тухайн үеийн Түүний ажлын цаад шалтгааныг авч үзэхэд ердөө л ажлын зарчим байсан юм. Харьцуулбал, найман хүнтэй Ноагийнх, Бурханаас илүү ихийг авсан уу, эсвэл одоогийн хүмүүс ихийг авдаг уу?
Ноа дуудагдсан нь энгийн нэг баримт боловч бидний ярих гэж байгаа гол зүйл болох энэ тэмдэглэл дэх Бурханы зан чанар, Түүний хүсэл, Түүний мөн чанар нь тйим ч энгийн биш. Бурханы энэ хэдэн талыг ойлгохын тулд бид эхлээд Бурхан ямар төрлийн хүнийг дуудахыг хүсдэг вэ гэдгийг ойлгоод, үүгээрээ Түүний зан чанар, Түүний хүсэл болон мөн чанарыг ойлгох ёстой. Энэ бол маш чухал. Тэгэхээр Бурханы дууддаг хүн Бурханы нүдэнд чухам ямар төрлийн хүн байдаг вэ? Энэ нь Түүний үгийг сонсож, Түүний зааврыг дагаж чаддаг хүн байх ёстой. Үүний зэрэгцээ энэ нь хариуцлагатай агаад Бурханы үгийг биелүүлэхээр хүлээсэн хариуцлага, үүрэг гэж үзэн гүйцэтгэх хүн байх ёстой. Тэгвэл ийм хүн Бурханыг мэддэг хүн байх хэрэгтэй юу? Үгүй. Тэр үед Ноа Бурханы сургаалыг тийм ч их сонсоогүй ба Бурханы ямар ч ажлыг мэдрээгүй байсан. Иймд Ноа Бурханы тухай маш бага мэдлэгтэй байв. Энд Ноаг Бурхантай хамт явдаг байсан гэж бичсэн боловч тэр Бурханы үнэн биеийг ер нь харсан уу? Хариулт нь, яавч үгүй! Яагаад гэвэл, тэр үед зөвхөн Бурханы элч нар л хүмүүсийн дунд ирдэг байсан. Тэд аливааг хэлж, хийхдээ Бурханыг төлөөлдөг байсан ч Бурханы хүсэл, санаа зорилгыг дамжуулдаг төдий байсан юм. Бурхан хүнтэй нүүр тулан үнэн биеэ илчлээгүй. Бичвэрийн энэ хэсгээс бид үндсэндээ энэ Ноа гэдэг хүн юу хийх ёстой байсан, мөн түүнд өгсөн Бурханы заавар юу байсныг хардаг. Тэгэхээр энд Бурханы илэрхийлсэн мөн чанар нь юу байсан бэ? Бурханы хийдэг бүхэн чамбай төлөвлөгддөг. Тэр ямар нэгэн зүйл, үйл явдал үүсэхийг харахдаа Түүний нүдэнд үүнийг хэмжих стандарт байдаг ба энэ стандарт нь үүнийг шийдэх төлөвлөгөө эхлүүлэх эсэхийг, эсвэл энэ зүйл, үйл явдлыг шийдэхдээ ямар арга барилаар хандахыг нь тодорхойлдог. Тэр бүх зүйлд тоомжиргүй, эсвэл хайхрамжгүй байдаггүй. Үнэндээ бүр эсрэгээрээ байдаг. Бурханы Ноад хэлсэн нэг мөр энд байна: “Мах цустай бүхний төгсгөл Миний өмнө ирлээ; тэднээс болж газар дэлхий хүчирхийллээр дүүрч байгаа учир Би тэднийг газартай нь сүйрүүлнэ.” Бурхан үүнийг хэлэхдээ Тэр зөвхөн хүмүүсийг устгана гэсэн үү? Үгүй! Бурхан мах цустай амьд бүхнийг устгана гэж хэлсэн. Бурхан яагаад сүйрэл хүссэн бэ? Бурханы зан чанарын бас нэг илэрхийлэл энд байна: Бурханы нүдэнд бол, хүний ялзрал, мах цустай бүхний бузар булай, хүчирхийлэл, дуулгаваргүй байдалд хандах Түүний тэвчээрт хязгаар байдаг. Түүний хязгаар юу вэ? Бурханы хэлснээр “Бурхан ажиглаж харахад дэлхий завхарсан байлаа; учир нь газар дэлхий дээрх мах цустай бүхний зам завхарсан байв.” “Учир нь газар дэлхий дээрх мах цустай бүхний зам завхарсан байв” гэсэн хэллэг ямар утгатай вэ? Энэ нь Бурханыг дагаж байсан, Бурханы нэрийг дуудсан, Бурханд нэгэнтээ шатаалт тахил өргөсөн, Бурханыг үгээр хүлээн зөвшөөрсөн, бүр Бурханыг магтаж байсан хүмүүсийг оролцуулаад бүх амьд амьтан гэсэн үг—нэгэнт тэдний үйлдэл ялзралаар дүүрч, Бурханы нүдэнд өртсөн тул Тэр тэднийг устгах хэрэгтэй болсон юм. Тэр нь Бурханы хязгаар байлаа. Тэгэхээр хүнийг болон мах цустай бүхний ялзралыг Бурхан ямар хэмжээнд хүртэл тэвчсэн бэ? Бурханыг дагагчид ч бай, эсвэл үл итгэгчид ч бай бүх хүн бүгдээрээ зөв замаар явахаа болих хүртэл нь. Хүн зүгээр нэг ёс суртахууны хувьд ялзарч, ёрын муу бүхнээр дүүрснээр үл барам ертөнцийг Бурхан захирдаг, Бурхан хүмүүст гэрэл гэгээ болон зөв замыг авчирч чадна гэдэгт итгэдэг хүн байтугай, Бурханы оршин тогтнолд итгэдэг хүн байхгүй болох хүртэл нь. Хүн Бурханы оршин тогтнолд зэвүүцэж, Бурханы оршин тогтнолыг зөвшөөрөхгүй болох хүртэл нь. Хүн төрөлхтний ялзрал энэ цэгт хүрэхэд Бурхан цаашид тэвчиж чадахаа больсон. Үүнийг нь юу орлох вэ? Бурханы уур хилэн ба Бурханы шийтгэл. Энэ нь Бурханы зан чанарын илчлэлийн нэг хэсэг биш байсан гэж үү? Одоогийн энэ эрин үед Бурханы нүдэнд зөв шударга хүн бас л бий юу? Бурханы нүдэнд төгс хүн бас л бий юу? Энэ эрин үе нь Бурханы нүдэнд бол, газар дээрх мах цустай бүхний үйлдэл ялзарсан үе мөн үү? Эдүгээ Бурханы бүрэн төгс болгохыг хүсдэг хүмүүсээс, Бурханыг дагаж, Түүний авралыг хүлээн авч чадах хүмүүсээс бусад мах цуснаас бүрдсэн бүх хүн Бурханы тэвчээрийн хязгаарыг сорьж байгаа биш гэж үү? Өдөр бүр энэ ертөнц дээр та нарын хажууд тохиолддог, та нарын нүдээрээ харж, чихээрээ сонсдож, биеэрээ амсдаг бүхэн хүчирхийллээр дүүрэн биш гэж үү? Бурханы үзэхэд, ийм ертөнц, ийм эрин үеийг дуусгавал зохилтой бус уу? Одоогийн эрин үеийн цаад нөхцөл нь Ноагийн үеийн цаад нөхцөл байдлаас огт өөр боловч хүний ялзралд хандах Бурханы мэдрэмж болон уур хилэн нь яг тэр үеийнхтэйгээ адилхан хэвээрээ. Бурхан Өөрийн ажлаас болоод тэвчиж чаддаг боловч бүхий л төрлийн нөхцөл, байдалд бол Бурханы нүдэнд энэ ертөнц аль хэдийн устгагдах ёстой байсан. Нөхцөл байдал нь дэлхийг үерээр устгасан тэр үеийнхээс ч долоон дор байна. Гэхдээ ялгаа нь юу вэ? Энэ нь бас Бурханы зүрх сэтгэлийг хамгийн их гуниглуулдаг зүйл бөгөөд та нарын хэн нь ч үүнийг ухамсарлаж чадахгүй зүйл байж магадгүй.
Бурхан дэлхийг үерээр устгахдаа Ноаг бүхээг барих болон зарим бэлтгэл ажил хийлгэхээр дуудаж чадсан. Бурхан Өөртөө энэ олон зүйлийг хийлгэхээр Ноа хэмээх нэг хүнийг дуудаж чадсан юм. Гэвч одоогийн энэ эрин үед Бурханд дуудах хүн үгүй болжээ. Яагаад ийм байна вэ? Энд сууж байгаа хүн нэг бүр уг шалтгааныг сайн мэдэж, тодорхой ойлгодог байх. Би үүнийг та нарт хэлэх хэрэгтэй юу? Үүнийг чанга хэлбэл та бүхний нүүрийг улайлгаж, хүн бүрийг хямрааж магадгүй. Зарим хүн: “Хэдийгээр бид Бурханы нүдэнд зөв шударга бус, төгс бус хүмүүс боловч хэрвээ Бурхан бидэнд ямар нэг зүйл хий гэж зааварчилбал бид түүнийг нь хийж чадах л юм. Өмнө нь, сүйдтэй гамшиг ирж байгаа тухай Түүнийг хэлэхэд бид гамшгийн үед хэрэг болох хүнс болон бусад зүйлсийг бэлдэж эхэлсэн. Энэ бүхэн нь Бурханы шаардлагын дагуу хийгдээгүй гэж үү? Бид Бурханы ажилтай үнэхээр хамтран ажиллаагүй гэж үү? Бидний хийсэн эдгээр зүйлийг Ноагийн хийсэнтэй харьцуулж болохгүй юм гэж үү? Бидний тэгж хийж байсан нь жинхэнэ дуулгавартай байдал биш гэж үү? Бид Бурханы зааврыг дагаж байгаагүй гэж үү? Бид Бурханы үгэнд итгэдэг учраас л Бурханы хэлснийг хийгээгүй гэж үү? Тэгвэл яагаад Бурхан гунигласаар байна вэ? Дуудах хүн нэг ч алга гэж Бурхан яагаад хэлдэг вэ?” Та нарын үйлдэл болон Ноагийн үйлдлийн хооронд ялгаа байна уу? Ялгаа нь юу вэ? (Өнөөдөр гамшигт зориулж хүнс бэлдэх нь бидний өөрсдийн санаа байсан.) (Бидний үйлдэл “зөв шударга”, байж чаддаггүй байхад Ноа бол Бурханы нүдэнд зөв шударга хүн юм.) Та нарын хэлсэн зүйл нэг их хол зөрсөнгүй. Ноагийн хийсэн зүйл нь одоогийн хүмүүсийн хийж байгаа зүйлээс эрс ялгаатай юм. Ноа Бурханы зааврыг дагаж байхдаа Бурханы санаа зорилго юу байсныг мэдээгүй. Бурхан юу биелүүлэхийг хүсэж байгааг тэр мэдээгүй. Бурхан түүнд зөвхөн тушаал өгч, их тайлбарлалгүйгээр нэг юм хий гэж зааварласан бөгөөд Ноа ёсоор болгож, түүнийг нь хийсэн. Тэрээр дотроо Бурханы санаа зорилгын учрыг олох гэж оролдоо ч үгүй, Бурханыг эсэргүүцээ ч үгүй, мөн хуурамч зан гаргаа ч үгүй. Тэр явж очоод л цайлган, эгэл сэтгэлээр зохих ёсоор нь хийсэн. Бурханы юу л хий гэснийг хийсэн бөгөөд дуулгавартай байж, Бурханы үгийг сонссон нь түүний аливааг хийх итгэл үнэмшил байлаа. Бурханы даалгасан зүйлийг тэр ингэж шулуухан, энгийнээр хариуцаж авсан юм. Түүний мөн чанар—түүний үйлдлүүдийн мөн чанар нь, таамаглах, эсэргүүцэх, түүнчлэн хувийн ашиг сонирхлыг болон өөрийн олз, гарзын талаар бодох явдал биш, харин дуулгавартай байдал байсан юм. Цаашлаад, Бурхан дэлхийг үерээр устгана гэж хэлэхэд Ноа хэзээ гэдгийг нь асуугаагүй, эсвэл юу тохиолдохыг асуугаагүй, мөн Бурханаас дэлхийг хэрхэн устгах гэж байгааг лав асуугаагүй. Тэр зүгээр л Бурханы зааварласнаар хийсэн. Бурхан яаж хийхийг, юугаар хийхийг хүссэнчлэн бүхнийг яг Бурханы хэлснээр хийсэн бөгөөд бас даруйхан ажлаа эхэлсэн. Тэр Бурханыг сэтгэл хангалуун байлгахыг хүссэн хандлагатайгаар Бурханы зааврын дагуу үйлдсэн. Тэр өөрийгөө гамшгаас зайлуулахын тулд үүнийг хийсэн үү? Үгүй. Бурханаас ертөнцийг сөнөөх хүртэл хэр хугацаа үлдсэнийг асуусан уу? Асуугаагүй. Тэр бүхээг барихад хэр удахыг Бурханаас асуусан уу, эсвэл өөрөө мэдэж байсан уу? Тэр үүнийг бас мэдээгүй. Тэр зүгээр л дуулгавартай байж, сонсож, ёсоор нь хийсэн. Одоогийн хүмүүс ийм биш юм: Бурханы үгээс жаахан л мэдээлэл цухалзмагц, салхинд навчис сэржигнэх төдийхнийг мэдэрмэгцээ хүмүүс юу ч хамаагүй, ямар ч үнээр хамаагүй хожим идэж, уух, хэрэглэх зүйлээ, тэр ч байтугай гамшиг тохиолдоход зугтах замаа ч төлөвлөх гэж гэнэт ирмүүн ажилладаг. Үүнээс ч илүү сонирхолтой нь, энэ чухал мөчид “ажил амжуулахдаа” хүний тархи маш сайн байдаг. Бурхан ямар ч заавар өгөөгүй нөхцөлд хүн юм бүхнийг маш тохиромжтойгоор төлөвлөж чаддаг. Та нар ийм төлөвлөгөөг дүрслэхдээ “төгс” гэдэг үгийг хэрэглэж болох юм. Харин Бурханы хэлдэг зүйл, Бурханы санаа зорилго, Бурханы хүсэж буй зүйлийн талаар бол хэн ч хайхардаггүй ба ойлгох гэж оролддоггүй. Энэ нь одоогийн хүмүүс болон Ноагийн хоорондох хамгийн том ялгаа биш гэж үү?
Ноагийн түүхийн тухай энэ тэмдэглэлээс та нар Бурханы зан чанарын нэг хэсгийг харав уу? Хүний ялзрал, бузар булай, хүчирхийлэлд хандах Бурханы тэвчээрт хязгаар байдаг. Тэрхүү хязгаарт хүрэхэд Тэр цаашид тэвчихээ больж, харин шинэ удирдлага, шинэ төлөвлөгөөгөө эхлэх ба хийх ёстой зүйлээ хийж, Өөрийн үйл хэргийг болон Өөрийн зан чанарын нөгөө талыг илчилж эхэлдэг. Түүний энэ үйлдэл нь Түүнд хүмүүс хэзээ ч халдаж болохгүй гэдгийг юм уу, эсвэл Тэр эрх мэдэл, уур хилэнгээр дүүрэн гэдгийг харуулахын тулд биш бөгөөд хүн төрөлхтнийг устгаж чадна гэдгийг харуулахын тулд ч биш юм. Энэ нь, Түүний зан чанар болон Түүний ариун мөн чанар нь иймэрхүү хүн төрөлхтнийг Түүний өмнө, Түүний эрх мэдэл дор цаашид амьдрахыг зөвшөөрч, тэвчээд байж чадахгүй гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтөн бүгдээрээ Түүний эсрэг байж, бүхий л дэлхий дээр Түүний аварч чадах нэг ч хүн байхгүй болоход Тэр ийм хүн төрөлхтнийг цаашид тэвчихээ болих ба ийм хүн төрөлхтнийг устгах Өөрийн төлөвлөгөөг эргэлзэж тээнэгэлзэлгүй хэрэгжүүлнэ. Бурханы энэ үйл нь Түүний зан чанараар тодорхойлогддог. Энэ бол зайлшгүй үр дагавар бөгөөд Бурханы эрх мэдэл дор байгаа бүтээгдсэн зүйл бүрийн үүрэх ёстой үр дагавар юм. Энэ нь, одоогийн эрин үед Бурхан Өөрийн төлөвлөгөөг дуусгаж, Өөрийн аврахыг хүсэж байгаа хүмүүсийг аврахаар тэсэн яддагийг харуулахгүй байна гэж үү? Ийм нөхцөлд Бурхан юунд хамгийн их санаа тавьдаг вэ? Түүнийг огт дагадаггүй хүмүүс, эсвэл Түүнийг юу ч гэсэн эсэргүүцдэг хүмүүс Түүнд яаж хандаж, Түүнтэй яаж мөчөөрхдөг, эсвэл хүн төрөлхтөн Түүнийг яаж гүжирдэж байгаад биш. Зөвхөн Өөрийг нь дагадаг хүмүүс буюу Түүний удирдлагын төлөвлөгөөн дэх авралын бай нь Түүгээр бүрэн төгс болгуулсан эсэх, мөн тэд Түүний сэтгэл ханамжид хүрсэн эсэх талаар л санаа тавьдаг. Түүнийг дагадгаас бусад хүмүүсийн тухайд бол Тэр Өөрийн уур хилэнг илэрхийлэхийн тулд хааяа нэг бага зэрэг шийтгэл үзүүлдэг төдий. Жишээ нь: цунами, газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт гэх мэт. Үүний зэрэгцээ Тэр бас Өөрийг нь дагадаг ба Өөрөө аврах гэж байгаа хүмүүсийг хүчтэй хамгаалж, харж ханддаг. Бурханы зан чанар бол энэ: Нэг талаар, Тэр бүрэн гүйцэд болгох гэж байгаа хүмүүстээ туйлын их тэвчээр, хүлээцтэй байж, тэднийг чадах чинээгээрээ удаан хүлээдэг; нөгөө талаар, Өөрийг нь дагадаггүй, Өөрийг нь эсэргүүцдэг Сатаны төрлийн хүмүүсийг туйлгүй үзэн ядаж, жигшдэг. Сатаны төрлийн энэ хүмүүс Өөрийг нь дагаж, Өөрийг нь шүтэн мөргөдөг эсэхийг Тэр тоодоггүй хэдий боловч зүрх сэтгэлдээ тэднийг тэвчихийн хамт тэднийг мөн л зэвүүцдэг бөгөөд Сатаны төрлийн энэ хүмүүсийн төгсгөлийг шийдэнгээ Өөрийн удирдлагын төлөвлөгөөний алхмууд ирэхийг бас хүлээж байна.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?