Үерийн дараа Ноад өгсөн Бурханы ерөөл
Эхлэл 9:1–6 Бурхан Ноа болон түүний хөвгүүдийг ерөөж, “Өсөн үржиж, өнөр өтгөн болж, газар дэлхийг дүүргэ. Газар дэлхий дээрх бүх араатан амьтан, огторгуйн бүх жигүүртэн шувууд та нараас айж, та нараас эмээнэ; газар дээрх шавьж бүхэн, далайн бүх загасыг та нарын гарт өгнө. Амьд амьтад та нарын хоол болно; та нарт хүнсний ногоо өгсөн шигээ Би бүх зүйлийг та нарт өгсөн. Гэхдээ та нар тэдний махыг амьтай нь буюу цустай нь идэж болохгүй. Та нарын цусыг урсгаж, амийг хөнөөсөн араатан бүрээс, мөн хүний гараас Би амийн цусыг гарцаагүй нэхнэ; хүний ах дүү бүрийн гараас ч Би хүний амийг нэхнэ. Хүний цус урсгасан хэний ч цус хүний гараар урсана: учир нь Бурхан хүнийг Өөрийн дүрээр бүтээсэн билээ” гэв.
Та нар энэ хэсгээс юу юу ойлгож байна вэ? Би яагаад эдгээр эшлэлийг сонгосон бэ? Би яагаад Ноа ба түүний гэр бүлийн бүхээг дээр байсан үеийнх нь амьдралын тухай эшлэл сонгоогүй вэ? Яагаад гэвэл, тэрхүү мэдээлэл нь бидний өнөөдрийн ярилцаж буй сэдэвтэй нэг их холбоогүй. Бидний анхаарах зүйл бол Бурханы зан чанар юм. Хэрвээ та нар тэр тухай дэлгэрэнгүй мэдмээр байвал Библи аваад өөрсдөө уншаарай. Бид тэр тухай энд ярихгүй. Өнөөдрийн бидний ярилцах хамгийн гол сэдэв бол Бурханы үйл хэргийг хэрхэн мэдэх тухай юм.
Ноа Бурханы зааврыг хүлээн авч, бүхээг барьж, Бурхан дэлхийг үерээр сөнөөж байсан өдрүүдэд амь зогоож, найман хүнтэй гэр бүл нь бүтнээрээ амьд гарсан. Найман ам бүлтэй Ноагийнхаас бусад бүх хүн төрөлхтөн устсан, газар дэлхий дээрх бүх амьд юм устсан. Ноад Бурхан ерөөлөө хайрлаад түүнд болон хөвгүүдэд нь хэдэн үг хэлсэн. Эдгээр үг нь Бурханы түүнд хайрлаж байсан зүйлс, мөн Бурханы түүнд өгсөн ерөөл байсан юм. Энэ бол Түүнийг сонсож, Түүний зааврыг хүлээн авч чаддаг хүнд өгдөг Бурханы ерөөл, амлалт бөгөөд энэ нь бас хүмүүсийг шагнадаг Бурханы арга юм. Өөрөөр хэлбэл, Бурханы нүдэнд Ноа төгс хүн, эсвэл зөв шударга хүн байсан эсэхээс үл хамааран, Бурханы талаар хэр зэрэг мэддэг байснаас үл хамааран, товчхондоо, Ноа ба түүний гурван хүү бүгдээрээ Бурханы үгийг сонсож, Бурханы ажилд хамтарч, Бурханы зааврын дагуу хийх ёстой зүйлээ хийсэн. Үр дүнд нь тэд Бурханы удирдлагын төлөвлөгөөний дараагийн алхамд асар их хувь нэмэр оруулж, дэлхий үерт сүйрсний яг дараа Бурханы төлөө хүмүүс болон төрөл бүрийн амьд зүйлийг эсэн мэнд авч үлдсэн. Хийсэн бүхнийх нь төлөө Бурхан түүнийг ерөөжээ. Өнөөдрийн хүмүүсийн хувьд Ноагийн хийсэн зүйл дурдахын ч хэрэггүй юм байж магадгүй. Тэр ч байтугай “Ноа юу ч хийгээгүй, Бурхан түүнийг үлдээхээр шийдсэн болохоор тэр мэдээж үлдэх байсан. Ололт амжилтынхаа ачаар тэр амь гарсан биш. Бурхан ийм юм болохыг хүссэн, учир нь хүн бол идэвхгүй” гэж зарим хүн бодож магадгүй. Гэвч энэ нь Бурханы бодож байсан юм биш билээ. Хүн агуу, эсвэл өчүүхэн байх нь Бурханд хамаагүй, Түүнийг сонсож, тэд Түүний заавар, Түүний даалгасан зүйлд дуулгавартай хандаж, Түүний ажил, Түүний хүсэл, Түүний төлөвлөгөөтэй хамтран ажиллаж чаддаг ба тэгснээр Түүний хүсэл болон Түүний төлөвлөгөө төвөггүй хэрэгжиж байх л юм бол тэдний тийм зан төлөв Түүнд дурсагдахуйц, Түүний ерөөлийг хүртэхүйц байх юм. Бурхан тийм хүмүүсийг эрхэмлэдэг ба тэдний үйлдэл, Өөрийг нь гэсэн тэдний хайр, сэтгэлийг нандигнадаг. Энэ бол Бурханы хандлага юм. Тэгэхээр Бурхан яагаад Ноаг ерөөсөн бэ? Яагаад гэвэл, хүний тийм үйлдэл, дуулгавартай байдалд Бурхан ингэж ханддаг юм.
Бурхан Ноаг ерөөсөн тухайд зарим хүн: “Хэрвээ хүн Бурханыг сонсож, Бурханыг хангалуун болгож байвал Бурхан хүнийг ерөөх ёстой. Энэ нь зүй ёсны хэрэг биш гэж үү?” гэж хэлнэ. Бид ингэж хэлж болох уу? Зарим хүн: “Болохгүй” гэдэг. Бид яагаад тэгж хэлж болохгүй вэ? Зарим хүн: “Хүн бол Бурханы ерөөлийг эдлэхэд зохисгүй” гэж хэлдэг. Энэ яг зөв биш юм. Яагаад гэвэл, хүн Бурханы даалгасан зүйлийг хүлээн авах үед тэр хүний үйлдлийн сайн, муу эсэхийг, түүний дуулгавартай байсан эсэхийг, Бурханы хүслийг хангалуун байлгасан эсэхийг болон түүний хийдэг зүйл тэнцэх эсэхийг шүүх стандарт Бурханд байдаг. Бурханы анхаардаг зүйл нь хүний гадна талын үйлдэл биш, харин хүний зүрх сэтгэл юм. Хүн яаж хийхийг үл харгалзан ямар нэг зүйл хийж л байвал Бурхан хүнийг ерөөх ёстой гэсэн үг биш. Энэ бол Бурханы тухай хүмүүст байдаг буруу ойлголт юм. Бурхан юмны зөвхөн эцсийн үр дүнг хардаггүй, харин аливаа зүйл явагдах хугацаанд хүний зүрх сэтгэл ямар байгааг болон хүний хандлага ямар байгааг илүү онцлон анхаардаг ба тэдний зүрх сэтгэлд дуулгавартай байдал, тоомсор болон Бурханыг хангалуун байлгах хүсэл байгаа эсэхийг хардаг. Тэр үед Ноа Бурханы талаар хэр их мэддэг байсан бэ? Одоо та нарын мэддэг сургаал шиг их байсан уу? Бурханы тухай ухагдахуун болон мэдлэг гэх мэт үнэний талын хувьд тэрээр та нартай адил хэмжээний усалгаа, хариулга хүлээн авсан уу? Үгүй ээ, тэгээгүй! Гэвч энд үгүйсгэхийн аргагүй нэг баримт байна: Одоогийн хүмүүсийн ухамсар, оюун санаа, зүрх сэтгэлийнх нь гүнд байгаа Бурханы тухай ухагдахуун болон хандлага бүдэг бадаг бөгөөд тодорхойгүй. Хүмүүсийн нэг хэсэг нь Бурханы оршин тогтнолд үгүйсгэсэн хандлагаар ханддаг гэж ч хэлж болно. Харин Ноа зүрх сэтгэл, ухамсартаа Бурханы оршин тогтнолд бүрэн дүүрэн, өчүүхэн ч эргэлзээгүй итгэдэг байсан тул түүний дуулгавартай байдал хольцгүй байсан ба туршилтыг тэсвэрлэж чадсан. Түүний зүрх сэтгэл цэвэр бөгөөд Бурханд нээлттэй байсан. Бурханы үг бүрийг дагахад өөрийгөө итгүүлэхийн тулд түүнд онолын нэг их мэдлэг хэрэггүй байсан ба Бурханы даалгасныг хүлээн авч чадахын тулд, мөн Бурханы хий гэсэн бүхнийг хийх чадвартай байхын тулд Бурханы оршин тогтнолыг батлах олон баримт ч хэрэггүй байсан. Энэ бол Ноа болон өнөөдрийн хүмүүсийн хоорондын мөн чанарын ялгаа ба Бурханы нүдэнд төгс хүн чухам ямар байх тухай жинхэнэ тодорхойлолт юм. Бурхан Ноа шиг хүмүүсийг хүсдэг. Тэр бол Бурханы магтдаг, мөн Бурханы ерөөдөг чухам тийм төрлийн хүн юм. Та нар үүнээс гэгээрэл олж авав уу? Хүмүүс хүмүүсийг гаднаас нь хардаг байхад Бурханы хардаг зүйл нь хүний зүрх сэтгэл, мөн чанар юм. Өөрт нь дурамжхан, эргэлзсэн байдлаар хандахыг Бурхан хэнд ч зөвшөөрдөггүй ба мөн Өөрийг нь ямар ч байдлаар сэжиглэх юм уу, туршихыг хүмүүст зөвшөөрдөггүй. Иймээс өнөөдрийн хүмүүс Бурханы үгтэй нүүр тулдаг—Бурхантай нүүр учирдаг гэж хэлж ч болох атал зүрх сэтгэлийнх нь гүнд байдаг ямар нэг зүйлээс, завхарсан мөн чанар байдгаас, Бурханд дайсагнадаг хандлагаасаа болоод Бурханд итгэх жинхэнэ итгэл нь боогдож, Түүнд дуулгавартай байх нь хаагддаг. Үүнээс болоод Бурханы Ноад хайрласантай адил ерөөлийг олох нь тэдний хувьд маш хэцүү юм.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?