Бурхан солонгыг хүмүүстэй хийсэн Өөрийн гэрээний тэмдэг болгосон нь
Эхлэл 9:11–13 Би та нартай гэрээ байгуулах ба мах цустай бүхнийг дахиж үерийн усаар устгахгүй; газар дэлхийг сүйрүүлэх үер дахиад болохгүй. Тэгээд Бурхан: “Миний та нартай болон та нартай хамт байгаа амьд амьтан болгонтой үеийн үед хийх гэрээний тэмдэг нь энэ: Би үүлэнд солонго татуулах ба энэ нь дэлхий бид хоёрын хоорондын гэрээний тэмдэг байх болно” гэв.
Ихэнх хүн солонго гэж юу болохыг мэддэг ба солонготой холбоотой зарим түүх сонссон. Библи дэх солонгын тухай түүхийн хувьд гэвэл, зарим хүн үүнд итгэж, зарим нь үүнийг домог гэж үздэг байхад бусад нь ерөөсөө итгэдэггүй. Ямар ч байсан солонготой холбоотой тохиолдсон бүх үйл явдал нь Бурханы ажил бөгөөд хүнийг удирдах Бурханы удирдлагын үйл явцад болсон билээ. Эдгээр зүйлийг Библид яг нарийн тэмдэглэсэн байдаг. Эдгээр тэмдэглэл нь тэр үед Бурханы ааш аяг ямар байсныг, эсвэл Бурханы хэлсэн эдгээр үгийн цаана ямар санаа зорилго байсныг бидэнд хэлдэггүй. Түүнчлэн Бурхан эдгээр үгийг хэлж байхдаа ямар мэдрэмжтэй байсныг хэн ч мэдэж чаддаггүй. Гэвч энэ бүхэл үйл явдлын талаар Бурханы сэтгэл санааны байдал нь бичвэрийн цаад утгаас илэрч байна. Бурханы тэр үеийн бодол нь Түүний айлдварын үг, хэллэг бүрээр дамжин хуудаснаас даруй тодрон гарч ирэх мэт байдаг.
Бурханы сэтгэл бодол бол хүмүүсийн хамгийн их анхаарах ёстой зүйл бөгөөд мэдэж авах гэж хичээвэл зохих зүйл юм. Учир нь Бурханы бодол нь Бурханы талаарх хүний ойлголттой салшгүй холбоотой бөгөөд Бурханы тухай хүний ойлголт нь хүний амийн оролтод зайлшгүй чухал зангилаа юм. Тэгвэл эдгээр үйл явдал тохиолдох үед Бурхан юу бодож байсан бэ?
Анх Бурхан Өөрийнхөө үзлээр маш сайн бөгөөд Өөртөө ойр хүн төрөлхтөн бүтээсэн боловч тэд Түүний эсрэг боссоны дараа тэднийг үерээр устгасан. Ийм хүн төрөлхтөн хоромхон зуур ингэж алга болсон нь Бурханыг шаналгасан уу? Мэдээж, шаналгасан! Тэгвэл Тэр энэ зовнилоо юугаар илэрхийлсэн бэ? Энэ нь Библид хэрхэн тэмдэглэгдсэн бэ? Энэ нь Библид ийнхүү тэмдэглэгджээ: “Би та нартай гэрээ байгуулах ба мах цустай бүхнийг дахиж үерийн усаар устгахгүй; газар дэлхийг сүйрүүлэх үер дахиад болохгүй.” Энэ энгийн өгүүлбэр нь Бурханы бодлыг илчилж байна. Дэлхийн энэ сүйрэл Түүнийг маш их шаналгасан. Хүний үгээр бол Тэр маш гунигтай байсан юм. Бид ингэж төсөөлж болно: Нэгэнтээ амиар дүүрэн байсан дэлхий үерт устсаны дараа ямархуу харагдаж байсан бол? Нэгэнтээ хүн төрөлхтнөөр дүүрэн байсан дэлхий тэр үед ямархуу харагдаж байсан бол? Хүний суурьшил үгүй, амьд зүйл үгүй, хаа сайгүй ус, усны гадаргуу дээр жинхэнэ сүйрэл байсан. Бурхан дэлхий ертөнцийг бүтээх үед иймэрхүү дүр зураг Түүний анхдагч санаа зорилго байсан уу? Мэдээж үгүй! Бурханы анхдагч санаа бол бүх газар нутаг даяар амьдрал цэцэглэхийг харах, Түүнийг шүтэн мөргөдөг ганц хүн нь, эсвэл Түүний дуудлагад хариу өгч, даалгасан зүйлийг нь гүйцээдэг ганц хүн нь Ноа биш, харин Өөрийнх нь бүтээсэн хүмүүс Өөрт нь шүтэн мөргөж байхыг харах явдал байлаа. Хүн төрөлхтөн алга болоход Бурхан Өөрийн анх төлөвлөж байсан зүйлийг бус, харин шал эсрэг зүйлийг харсан. Түүний зүрх яаж шаналахгүй байж чадах юм бэ? Иймд Өөрийн зан чанарыг илчилж, Өөрийн сэтгэл хөдлөлийг илэрхийлж байх үедээ Бурхан шийдвэр гаргасан. Тэр ямар шийдвэр гаргасан бэ? Бурхан дахиж хүн төрөлхтнийг үерээр устгахгүй хэмээн амлаж, хүнтэй байгуулсан гэрээ болгон үүлэнд нум (өөрөөр хэлбэл, бидний хардаг солонго) хийх шийдвэр. Мөн үүний зэрэгцээ энэ нь хүмүүст Бурхан нэгэн цагт дэлхийг үерээр сөнөөсөн гэдгийг хэлж, Бурхан яагаад ийм зүйл хийснийг хүнд үүрд сануулахын тулд байсан.
Тэр удаа дэлхийг устгах нь Бурханы хүссэн зүйл байсан уу? Бурханы хүссэн зүйл огт биш байсан нь дамжиггүй. Бид дэлхийн сүйрлийн дараа газар дэлхий ямар эмгэнэлтэй байсны өчүүхэн хэсгийг төсөөлөн бодож чадах боловч тэр үед Бурханы нүдэнд ямар дүр зураг харагдаж байсныг дөхүүлэн төсөөлж чадахгүй юм. Дэлхийг үерээр сөнөөсний дараах дүр зургийг хараад Бурханы сэтгэл санаа ямар байсныг одоогийн ч юм уу, эсвэл тэр үеийн хүмүүсээс хэн нь ч төсөөлж, ойлгох чадваргүй гэхэд болно. Хүний дуулгаваргүй байдал Бурханыг ийм юм хийхэд хүргэсэн боловч үерт устсан дэлхийн энэ сүйрлээс болж Бурханы амссан сэтгэлийн шаналал нь нэг ч хүний ойлгож үнэлж эс чадах бодит үнэн юм. Тийм учраас Бурхан нэгэнтээ иймэрхүү юм хийсэн гэдгийг хүмүүст сануулах гэж, мөн Бурхан дахиж ийм маягаар дэлхийг хэзээ ч сөнөөхгүй гэж тэдэнд амлахаар зорьж хүн төрөлхтөнтэй гэрээ байгуулжээ. Энэ гэрээнээс бид Бурханы зүрх сэтгэлийг хардаг ба хүн төрөлхтнийг устгах үед Бурханы зүрх сэтгэл шаналж байсныг хардаг. Хүний хэлээр бол, Бурхан хүн төрөлхтнийг устгах үедээ, хүн төрөлхтөн алга болж байгааг харах үедээ зүрх нь шимширч, элэг нь эмтэрч байсан. Бид үүнээс илүү дүрсэлж чадна гэж үү? Эдгээр үгийг хүмүүс хүний сэтгэл хөдлөлийг дүрслэхэд хэрэглэдэг ба хүний хэл дэндүү хомсдох боловч Бурханы мэдрэмж, сэтгэл хөдлөлийг дүрслэхэд Надад бол тийм ч муугүй, бас дэндүү хэтрүүлээгүй санагдаж байна. Энэ нь та нарт дор хаяж Бурханы сэтгэл санаа тэр үед ямар байсан тухай маш бодитой, маш тохиромжтой ойлголт өгч байна. Одоо та нар дахиж солонго харахаараа юу бодох вэ? Ядаж л та нар Бурхан нэгэнтээ дэлхийг үерээр сөнөөсөндөө гунигтай байсныг санана. Бурхан энэ дэлхийг үзэн ядаж, хүн төрөлхтөнд зэвүүцэж байсан ч Өөрийн гараар бүтээсэн хүн төрөлтнийг устгах үедээ Түүний зүрх сэтгэл зовуурилж, зөнд нь хаяж ядан дурамжхан, тэсвэрлэхийн аргагүй болж байсныг та нар санах болно. Түүний цорын ганц тайтгарал нь найман хүнтэй Ноагийн гэр бүл байв. Ноагийн хамтын ажиллагаа нь Түүний бүх зүйлийг бүтээсэн уйгагүй зүтгэлийг талаар болгоогүй юм. Бурханыг зовж байх үед энэ нь л Түүний зовуурийг намдаах ганц зүйл байв. Тэр үеэс Бурхан хүн төрөлхтөнд зориулсан бүх найдвараа Ноагийн гэр бүлд тавьж, тэднийг Түүний хараал дор биш, Түүний ерөөл дор амьдарч чадна гэж найдан, дэлхийг Бурхан дахиж үерээр устгахыг тэд хэзээ ч харахгүй, бас өөрсдөө ч устгагдахгүй гэж найджээ.
Эндээс бид Бурханы зан чанарын аль хэсгийг ойлгох хэрэгтэй вэ? Хүн Түүнтэй дайсагнадаг тул Бурхан хүнийг үзэн ядсан боловч Түүний зүрх сэтгэлд хүн төрөлхтөнд зориулсан анхаарал, халамж, өршөөл нь өөрчлөгдөлгүй үлдсэн. Тэрээр хүн төрөлхтнийг устгасан хэдий ч Түүний зүрх сэтгэл хувиралгүй хэвээр үлдсэн. Хүн төрөлхтөн ялзралаар дүүрч, Бурханд ноцтой хэмжээгээр дуулгаваргүй хандахад Бурхан Өөрийн зан чанар, мөн чанараас үүдэж, мөн Өөрийн зарчмын дагуу энэхүү хүн төрөлхтнийг устгах хэрэгтэй болсон. Гэвч Өөрийнхөө мөн чанараас үүдэн Бурхан хүн төрөлхтнийг бас өрөвдсөн бөгөөд хүн төрөлхтнийг цаашид амьдруулахын тулд тэднийг золин аврах янз бүрийн арга зам хэрэглэхийг хүртэл хүсэж байв. Гэтэл хүн Бурханыг эсэргүүцэж, Бурханд дуулгаваргүй байсаар, Бурханы авралыг хүлээн авахаас татгалзсан; өөрөөр хэлбэл, Түүний сайн санааг хүлээн авахаас татгалзсан. Бурхан тэднийг яаж ч дуудаад, тэдэнд яаж ч сануулж, тэднийг хангаж, тусалж, тэдэнд хүлээцтэй хандсан ч хамаагүй, хүмүүс үүнийг нь ойлгоогүй, үнэлээгүй бөгөөд ямар ч анхаарал хандуулаагүй. Бурхан шаналж байхдаа хүний ухаарч өөрчлөгдөхийг хүлээн хүнд Өөрийн дээд зэргийн тэвчээрийг хайрлахаа бас л мартаагүй билээ. Тэр Өөрийн хязгаарт хүрснийхээ дараа хийх ёстой зүйлээ ямар ч эргэлзээгүйгээр хийжээ. Өөрөөр хэлбэл, Бурхан хүн төрөлхтнийг устгахаар төлөвлөсөн мөчөөс хүн төрөлхтнийг устгах Түүний ажлын албан ёсны эхлэл хүртэл тодорхой цаг хугацаа, үйл явц байсан. Энэ үйл явц нь хүнд ухаарч өөрчлөгдөх боломж олгох зорилготой байсан ба энэ нь Бурханы хүнд өгсөн сүүлчийн боломж байв. Тэгвэл Бурхан хүн төрөлхтнийг устгахын өмнөх энэ хугацаанд юу хийсэн бэ? Бурхан ихээхэн хэмжээний сануулах, ятгах ажил хийсэн. Түүний зүрх сэтгэл хэчнээн их шаналж, гуньж байсан ч Тэрээр хүмүүст анхаарал, халамж, өгөөмөр өршөөлөө хайрласаар л байсан. Бид үүнээс юу ойлгож байна вэ? Эргэлзээгүйгээр, хүн төрөлхтнийг гэх Бурханы хайр нь зүгээр нэг дэмжсэн дүр үзүүлэх явдал биш, харин үнэн бодитой гэдгийг ойлгож байна. Энэ нь бодитой, мэдрэгдэхүйц, мэдэгдэхүйц бөгөөд бачтай, хуурамч, мэхэлсэн, эсвэл дүр үзүүлсэн зүйл биш юм. Бурхан хайр татам гэдгээ хүмүүст харуулахын тулд хэзээ ч, ямар ч заль мэх хэрэглэж, хуурамч дүр зураглал бүтээдэггүй. Тэр Өөрийн хайр татам байдлыг хүмүүст харуулахын тулд, эсвэл Өөрийн хайр татам болон ариун байдлыг гайхуулахын тулд хэзээ ч хуурамч гэрчлэл хэрэглэдэггүй. Бурханы зан чанарын эдгээр тал нь хүний хайрыг хүртүүштэй бус уу? Тэдгээрийг шүтэн мөргүүштэй биш гэж үү? Тэдгээрийг нандигнууштай биш гэж үү? Одоо Би та нараас ингэж асуумаар байна: Эдгээр үгийг сонссоныхоо дараа та нар Бурханы агуу байдлыг зүгээр л цаасан дээрх үгс гэж бодож байна уу? Бурханы хайр татам байдал нь зүгээр л хоосон үг юм уу? Үгүй! Мэдээж үгүй! Бурханы дээдийн дээд байдал, агуу, ариун байдал, хүлээц, хайр гэх зэрэг—Бурханы зан чанар болон мөн чанарын олон янзын тал нэг бүрийн нарийн ширийн нь ажлаа хийх бүрд нь бодитоор илэрхийлэгдэж, хүнд хандсан Түүний хүсэлд шингэсэн ба хүн нэг бүр дээр хэрэгжиж, тусгагдаж байдаг. Чи үүнийг өмнө нь мэдэрч байсан эсэхийг үл харгалзан Бурхан хүн бүрийн сэтгэлийг дулаацуулж, сүнсийг сэргээхийн тулд Өөрийн чин зүрх сэтгэл, мэргэн ухаан болон янз бүрийн аргыг хэрэглэн, хүн бүрийг боломжийн бүх аргаар халамжилж байна. Энэ бол маргаангүй үнэн юм. Энд хэдэн ч хүн сууж байгаа нь хамаагүй, хүн бүр Бурханы хүлээц, тэвчээр болон хайр татам байдлын талаар өөр өөр туршлага, мэдрэмжтэй байгаа. Бурханы тухай эдгээр туршлага, эдгээр мэдрэмж, эсвэл Түүний тухай ойлголт—товчхондоо, энэ бүх эерэг зүйл Бурханаас үүдэлтэй. Тэгэхээр Бурханы тухай хүн бүрийн туршлага, мэдлэгийг нэгтгэн, өнөөдөр Библиэс уншсан зүйлтэйгээ нийлүүлэхээр та нар одоо Бурханы талаар илүү үнэн бодитой, зүй зохистой ойлголттой болж байна уу?
Энэ түүхийг уншиж, энэ үйл явдал дээр Бурханы харуулсан зарим зан чанарыг ойлгоод та нар Бурханы талаар ямар шинэ мэдлэгтэй болсон бэ? Энэ нь та нарт Бурхан болон Түүний зүрх сэтгэлийн талаар илүү гүнзгий ойлголт өгсөн үү? Одоо та нар Ноагийн түүхийг дахин харахдаа өөрөөр үздэг үү? Та нарын бодлоор бол Библийн энэ мөрүүдийг нөхөрлөх хэрэггүй байсан уу? Одоо бид үүнийг нөхөрлөсний дараа та нар тэгэх шаардлагагүй гэж бодож байна уу? Гарцаагүй шаардлагатай байсан! Бидний уншсан зүйл хэдийгээр нэг түүх боловч энэ нь Бурханы нэгэнтээ хийсэн ажлын тухай үнэн тэмдэглэл юм. Миний зорилго бол та нарт эдгээр түүхийн нарийн ширийнийг, эсвэл энэ дүрийг дэлгэрэнгүй ойлгуулах гэсэн биш, та нараар энэ дүрийг судлуулах гэсэн биш, мөн та нараар Библийг дахиад судлуулах гэсэн юм огт биш. Та нар ойлгож байна уу? Тэгээд Бурханы тухай та нарын мэдлэгт эдгээр түүх тус болов уу? Энэ түүх Бурханы тухай та нарын мэдлэгт юу нэмэрлэсэн бэ? Хонконгийн ах, эгч нар аа, бидэнд хэлээч. (Бурханы хайр бол бидэн шиг ялзарсан хүмүүсийн эзэмшдэг зүйл биш гэдгийг бид ойлгосон.) Өмнөд Солонгосын ах, эгч нар аа, бидэнд хэлээч. (Хүнийг гэсэн Бурханы хайр үнэн бодитой. Хүнийг гэсэн Бурханы хайр нь Түүний зан чанар болон Түүний агуу, ариун байдал, дээдийн дээд байдал болон Түүний хүлээцийг агуулдаг. Бид энэ талаар илүү гүнзгий ойлгох гэж оролдууштай.) (Нөхөрлөлөөр яг тэр үедээ нэг талаас би Бурханы зөвт бөгөөд ариун зан чанарыг харж чаддаг ба мөн хүн төрөлхтний төлөөх Бурханы санаа зовнил, хүнийг өршөөх Бурханы өршөөл болон Бурханы хийж байгаа бүхэн, Түүний бодол санаа бүхэн нь хүн төрөлхтнийг гэсэн Түүний хайр, санаа зовнилын илэрхийлэл гэдгийг харж чаддаг.) (Хүн төрөлхтөн ноцтой хэмжээнд хүртэл муу ёрын болсны улмаас Бурхан дэлхийг үерээр сөнөөсөн ба Бурхан тэднийг үзэн яддаг байсан тул хүн төрөлхтнийг устгасан гэж урьд нь би ойлгодог байсан. Өнөөдөр Бурхан Ноагийн тухай түүхийг ярьж, Бурханы элэг эмтэрч байсан гэж хэлсний дараа л би Бурхан тэр хүмүүсийг зөнд нь хаяхдаа үнэндээ дурамжхан байсан гэдгийг ухаарлаа. Хүн төрөлхтөн хэтэрхий дуулгаваргүй байсан учраас л Бурхан тэднийг устгахаас өөр аргагүй болсон юм байна. Үнэндээ, тэр үед Бурханы зүрх сэтгэл маш гунигтай байжээ. Эндээс би Бурханы зан чанар дахь хүн төрөлхтнийг гэсэн халамж, санаа зовнилыг ойлгож байна. Үүнийг би өмнө нь мэдээгүй.) Маш сайн байна! Дараа нь та нар ярьж болно. (Үүнийг сонссоны дараа миний сэтгэл их хөдөллөө. Урьд би Библийг уншсан боловч бидэнд Өөрийгөө мэдүүлэхийн тулд Бурхан эдгээр зүйлийг шууд задлан шинжилж байсныг би өнөөдрийнх шиг хэзээ ч мэдрээгүй. Бурхан Библийг ойлгуулахын тулд биднийг ийнхүү хөтлөн залсан нь хүний ялзралаас өмнөх Бурханы мөн чанар нь хүн төрөлхтнийг гэсэн хайр, халамж байсан гэдгийг надад мэдүүлж чадлаа. Хүн төрөлхтөн ялзарснаас эхлээд одоогийн эцсийн өдрүүд хүртэл Бурхан зөвт зан чанартай хэвээр хэдий боловч Түүний хайр, халамж нь өөрчлөгдөөгүй. Энэ нь хүн ялзарсан эсэхээс үл хамааран бүтээлийн цаг үеэс одоог хүртэл Бурханы хайрын мөн чанар хэзээ ч өөрчлөгдөөгүйг харуулдаг.) (Өнөөдөр би Бурханы мөн чанар нь цаг хугацаа болон Түүний ажлын байрлал өөрчлөгдсөнөөс үүдэн хувирч өөрчлөгддөггүй гэдгийг харлаа. Бурхан дэлхий ертөнцийг бүтээж байгаа, эсвэл хүнийг ялзарсны дараа үүнийг устгаж байгаа нь хамаагүй, Түүний хийсэн бүхэн утга учиртай бөгөөд Түүний зан чанарыг агуулдаг гэдгийг бас харлаа. Тиймээс би Бурханы хайр хязгааргүй бөгөөд хэмжээлшгүй гэдгийг, мөн бусад ах, эгч нарын дөнгөж сая дурдсанчлан дэлхийг устгах үедээ хүн төрөлхтөнд өгсөн Бурханы анхаарал халамж болон өршөөлийг ч бас харлаа.) (Эдгээр нь үнэндээ миний мэддэггүй байсан зүйлс юм. Өнөөдөр сонсоод би Бурхан бол үнэхээр итгэл хүлээсэн, үнэхээр найдвартай, итгүүштэй бөгөөд Тэр үнэхээр оршин байдаг гэдгийг мэдэрч байна. Бурханы зан чанар болон хайр үнэхээр ийм бодитой гэдгийг би зүрх сэтгэлдээ жинхэнээсээ ойлгож чадна. Энэ бол өнөөдөр үүнийг сонссоны дараах миний сэтгэгдэл юм.) Онц сайн! Та нар сонссон бүхнээ зүрх сэтгэлдээ хүлээн авсан юм шиг байна.
Та нар өнөөдрийн нөхөрлөсөн Библийн бүх түүхийг оролцуулаад Библийн бүх эшлэлээс нэг юм анзаарав уу? Бурхан хэзээ нэг цагт Өөрийн бодлыг, эсвэл хүн төрөлхтнийг гэсэн Өөрийн хайр, халамжийг илэрхийлэх гэж Өөрийнхөө хэлийг ер нь хэрэглэж байсан уу? Тэрээр энгийн хэл хэрэглэн хүн төрөлхтөнд хэр их санаа тавьж, хайрладаг гэдгээ хэлснийг батлах тэмдэглэл бий юу? Үгүй. Үгүй биз дээ? Та бүхний дунд Библийг болон Библиэс өөр ном уншсан хүмүүс олон бий. Та нарын дунд ийм үг харсан хүн байна уу? Хариулт нь мэдээж үгүй! Учир нь, Бурханы үг болон Бурханы ажлын баримтыг агуулсан Библийн тэмдэглэлд Бурхан, Өөрийн сэтгэлийг дүрслэх, эсвэл хүн төрөлхтнийг гэсэн Өөрийн хайр, халамжийг илэрхийлэх гэж ямар ч эринд, ямар ч цаг үед Өөрийн арга барилыг ашиглаж байгаагүй ба Өөрийн сэтгэл санаа болон сэтгэл хөдлөлийг илэрхийлэхдээ Бурхан, яриа буюу ямар нэгэн үйлдлийг хэзээ ч ашиглаагүй—энэ нь баримт биш гэж үү? Би яагаад ингэж хэлж байна вэ? Би яагаад үүнийг дурдах хэрэгтэй вэ? Яагаад гэвэл, үүнд бас Бурханы хайр татам байдал болон Түүний зан чанар илэрдэг.
Бурхан хүн төрөлхтнийг бүтээсэн; тэд ялзарсан эсэхээс, эсвэл Түүнийг дагадаг эсэхийг үл харгалзан Бурхан, хүн төрөлхтнийг Өөрийн хамгийн их нандигнадаг хайртай хүмүүс—буюу хүмүүсийн хэлдгээр Түүний хувьд энхрий дотно хүмүүс—гэж үздэг болохоос биш, Өөрийн тоглоом шиг үздэггүй. Бурхан Өөрийгөө Бүтээгч, хүнийг Өөрийн бүтээл гэж хэлдэг нь тэдний хооронд зэрэг зиндааны жаахан ялгаа байгаа мэт сонсогдож болох боловч бодит байдал дээр хүн төрөлхтний төлөө Бурханы хийсэн бүхэн нь ийм чанарт харилцаанаас хавьгүй илүү давсан байдаг. Бурхан хүн төрөлхтнийг хайрлаж, хүн төрөлхтнийг халамжилж, тэдэнд санаа тавьдгаа үзүүлдгээс гадна мөн хүн төрөлхтнийг тасралтгүй, тогтмол хангадаг. Зүрх сэтгэлдээ Тэр үүнийгээ хэзээ ч нэмэлт ажил, эсвэл маш их гавьяатай зүйл гэж боддоггүй. Мөн Тэр хүн төрөлхтнийг аварч, тэднийг хангаж, тэдэнд бүх зүйлийг өгч байгаагаа хүн төрөлхтөнд асар их хувь нэмэр оруулж байна гэж ч боддоггүй. Тэр зүгээр л хүн төрөлхтнийг Өөрийн арга замаар, Өөрийн мөн чанар болон Түүнд юу байгаа, Тэр юу болохоороо дамжуулан чимээгүйхэн, дуугүй хангаж байдаг. Хүн Түүнээс хэчнээн их хангалт, хэр их тусламж авч байдаг нь хамаагүй, Бурхан хэзээ ч гавьяа гэж боддог ч үгүй, гавъяа болгох гэж оролддог ч үгүй. Энэ нь Бурханы мөн чанараар тодорхойлогддог ба Бурханы зан чанарын жинхэнэ илэрхийлэл юм. Ийм учраас бид, Бурхан Өөрийн бодлыг илэрхийлснийг Библиэс ч, эсвэл өөр аливаа номоос ч ерөөсөө олж үзэхгүй, түүнчлэн Бурхан эдгээр зүйлийг яагаад хийдэг, эсвэл хүн төрөлхтний төлөө яагаад ингэж их санаа тавьдаг гэдгээ Өөртөө талархуулж, Өөрийгөө магтуулах гэсэн зорилгоор хүмүүст тайлбарласныг нь юм уу, зарласныг нь ерөөсөө олж үзэхгүй. Тэр гомдож, зүрх сэтгэл нь туйлын их шимширч байхдаа ч гэсэн хүн төрөлхтний өмнө хүлээсэн хариуцлагаа, хүн төрөлхтний төлөөх халамжаа хэзээ ч мартдаггүй; энэ бүх зовуурь, шаналгааг Тэр ганцаараа чимээгүйхэн тэсвэрлэж байдаг. Харин ч Бурхан хүн төрөлхтнийг үргэлж хангасан шигээ хангасаар байдаг. Хүн төрөлхтөн Бурханыг байнга магтаж, эсвэл Түүнд гэрчлэл хийдэг ч гэсэн эдгээр явдлын алийг нь ч Бурхан шаардаагүй юм. Учир нь, хүн төрөлхтөнд зориулан хийдэг сайн зүйлсийнхээ нэгийг нь ч талархлаар солих, эсвэл хариу төлөөс авах гэсэн санаа Бурханд ерөөсөө байдаггүй. Нөгөө талаар, Бурханаас эмээж, муугаас зайлдаг, Бурханыг чин сэтгэлээсээ дагадаг, Түүнийг сонсож, Түүнд үнэнч байдаг болон Түүнд дуулгавартай байдаг хүмүүс Бурханы ерөөлийг байнга хүртэх бөгөөд Бурхан ийм ерөөлийг харамгүй хайрлана. Түүнчлэн хүмүүсийн Бурханаас хүртдэг ерөөл нь тэдний төсөөллөөс байнга давсан байдаг ба мөн хүмүүс хийсэн зүйлээрээ, эсвэл төлсөн төлөөсөөрөө сольж чадахааргүй байдаг. Хүн төрөлхтөн Бурханы ерөөлийг эдэлж байхад Бурхан юу хийж байгаа талаар анхаардаг хүн байна уу? Бурханы сэтгэл ямар байгаад санаа тавьдаг хүн байдаг уу? Бурханы шаналлыг ойлгох гэж хичээдэг хүн байдаг уу? Эдгээр асуултын хариулт нь: Хэрхэвч үгүй! Тэр үед Бурханы мэдэрч байсан шаналлыг Ноаг оролцуулаад ямар ч хүн ойлгож чадах уу? Бурхан яагаад тийм гэрээ байгуулсныг хүн ойлгож чадах уу? Чадахгүй! Хүн төрөлхтөн Бурханы шаналлыг үнэлдэггүй нь Бурханы шаналлыг ойлгож чаддаггүйгээс болдог бус, мөн Бурхан хүн хоёрын хоорондын зайнаас юм уу, тэдний байр суурийн ялгаанаас ч болдог юм биш; харин хүн төрөлхтөн Бурханы ямар ч мэдрэмжийг огт тоодоггүйгээс болдог. Бурхан бол бие даасан тул хүмүүс Түүнд санаа тавих, Түүнийг ойлгох юм уу, Түүнийг анхаардгаа харуулах нь Бурханд хэрэггүй гэж хүн төрөлхтөн боддог. Бурхан бол Бурхан, иймээс Тэр өвддөггүй, сэтгэлийн хөдөлгөөнгүй; Тэр гуниглахгүй, уй гашууг мэдэрдэггүй, Тэр бүр уйлдаг ч үгүй. Бурхан бол Бурхан, иймээс Түүнд сэтгэл хөдлөлийн ямар ч илэрхийлэл хэрэггүй бөгөөд Түүнд сэтгэл санааны тайтгарал хэрэггүй. Хэрвээ ямар нэг нөхцөлд эдгээр нь Түүнд хэрэгтэй болбол Тэр үүнийг Өөрөө шийдвэрлэх ба хүн төрөлхтнөөс ямар ч тусламж шаардахгүй. Харин ч “сул дорой, төлөвшөөгүй” хүмүүст л Бурханы тайтгарал, хангалт, зоригжуулалт хэрэгтэй байдаг ба Бурхан тэдний сэтгэл хөдлөлийг цаг үргэлж, хаана ч байсан тайвшруулах хэрэгтэй байдаг. Хүн төрөлхтний сэтгэлийн гүнд ийм юм бүгж байдаг: Хүн бол сул дорой; тэднийг Бурхан бүх талаар харж хандах ёстой, Бурханаас авдаг бүх халамжийг тэд хүртэж, өөрсдийнх нь гэж бодож байгаа бүхнээ Бурханаас шаардах ёстой. Бурхан бол хүч чадалтай; Түүнд бүх юм бий, Тэрээр хүн төрөлхтний хамгаалагч, мөн ерөөл хүртээгч байх учиртай. Тэрээр хэдийний Бурхан бөгөөд бүхнийг чадагч учраас хүн төрөлхтнөөс Түүнд хэзээ ч юу ч хэрэггүй байдаг.
Хүн Бурханы ямар ч илэрхийлэлд анхаарал хандуулдаггүй болохоороо Бурханы гуниг, шаналал, баяр баясгаланг хэзээ ч мэдэрч байгаагүй. Тэгэхэд харин Бурхан хүний бүх зан төлөвийг алган дээрээ тавьсан юм шиг мэддэг. Бурхан хүн бүрийн хэрэгцээг цаг үргэлж, хаана ч хангаж, хүн бүрийн хувиран өөрчлөгдөх бодлыг ажиглаж, ингэснээр тэднийг тайтгаруулан ухуулж, чиглүүлэн гэрэлтүүлдэг. Хүн төрөлхтөнд Бурханы хийсэн бүх зүйл, тэдний төлөө Түүний төлсөн бүх төлөөсийг авч үзвэл, Бурхан хүнээс ямар нэгэн юм шаардана гэж тодорхой илтгэсэн нэг хэсгийг Библиэс юм уу, эсвэл эдүгээг хүртэл Бурханы хэлсэн үгээс хүмүүс олж чадах уу? Үгүй! Харин ч хүмүүс Бурханы бодлыг хэчнээн ч үл тоож байсан Тэрээр хүн төрөлхтнийг мөн л ахин дахин замчилж, байн байн хангаж, тэдэнд тусалж, тэдэнд зориулан Өөрийн бэлтгэсэн гайхалтай сайхан хүрэх газарт очиж чадахад нь туслахын тулд Бурханы замыг дагах боломжийг тэдэнд өгдөг. Бурханы тухайд бол, Түүнд юу байгаа болон Тэр юу болох, Түүний нигүүлсэл, Түүний өршөөл, Түүний бүх шагнал нь Түүнийг хайрладаг, дагадаг хүмүүст харамгүй хүртэнэ. Гэвч Тэр Өөрийн амссан шаналал, Өөрийн сэтгэл санааны байдлыг хэнд ч, хэзээ ч харуулдаггүй ба Түүнийг тоохгүй байна гэж, эсвэл Түүний хүслийг мэдэхгүй байна гэж хэнд ч, хэзээ ч гомдоллодоггүй. Тэрээр хүн төрөлхтөн үүнийг ойлгож чадах өдрийг хүлээн энэ бүгдийг зүгээр л чимээгүйхэн тэсэж байдаг.
Би яагаад энд эдгээр зүйлийг хэлж байна вэ? Миний хэлсэн зүйлээс та нар юу ойлгосон бэ? Бурханы мөн чанар болон зан чанарт анзааралгүй өнгөрөхөд дэндүү амархан нэг зүйл буюу агуу хүмүүс, сайн хүмүүс гэж бусдын боддог ямар ч хүн, эсвэл өөрсдийнх нь төсөөллийн Бурханы эзэмшдэггүй, харин гагцхүү Бурханы эзэмшдэг нэг зүйл байдаг. Энэ зүйл юу вэ? Энэ бол Бурханы аминч бус чанар юм. Аминч бус чанарын талаар ярихад чи өөрийгөө ч бас их аминч бус гэж бодож магадгүй, яагаад гэвэл, чи хүүхэдтэйгээ хэзээ ч үнэ хэлэлцэж, наймаалцдаггүй, бас эцэг, эхдээ маш их аминч бус байдаг гэж боддог. Чи юу ч гэж бодож байсан чамд дор хаяж “аминч бус” гэдэг үгийн тухай ухагдахуун байдаг ба чи үүнийг эерэг үг гэж боддог, мөн аминч бус хүн байх нь их бахдам хэрэг гэж боддог. Чи аминч бус байхдаа өөрийгөө дээгүүр үнэлдэг. Гэвч бүх зүйл, хүмүүс, үйл явдлууд, юмсын дунд болон Бурханы ажлаас Бурханы аминч бус чанарыг олж харж чадах нэг ч хүн байхгүй. Яагаад ийм байна вэ? Яагаад гэвэл, хүн хэтэрхий аминчхан! Би яагаад үүнийг хэлж байна вэ? Хүн төрөлхтөн материаллаг ертөнцөд амьдардаг. Чи Бурханыг дагадаг байж болох боловч Бурхан яаж чамайг хангаж, чамайг хайрлаж, чамд анхаарал тавьдгийг хэзээ ч харж, үнэлдэггүй. Чи юу хардаг вэ? Чамайг хайрладаг, эсвэл жигтэйхэн энхрийлдэг төрөл төрөгсдөө хардаг. Чи өөрийн бие махбодод хэрэгтэй зүйлсийг хардаг ба өөрийн хайрладаг хүмүүс болон зүйлсэд л санаа тавьдаг. Энэ бол хүний аминч бус чанар гэгч нь юм. Гэхдээ ийм “аминч бус” хүмүүс өөрсдөд нь амь хайрладаг Бурханыг хэзээ ч анхаардаггүй. Бурханыхтай харьцуулахад, хүний аминч бус чанар нь нь аминчхан, жигшүүртэй болдог. Хүмүүсийн итгэдэг аминч бус байдал нь хоосон, бодит бус, хуурамч, Бурхантай зохицолгүй, Бурхантай холбоогүй. Хүний аминч бус байдал нь өөрийнхөө төлөө байдаг бол Бурханы аминч бус чанар нь Түүний мөн чанарын жинхэнэ илрэл юм. Бурханы аминч бус чанарын үрээр л хүн Түүнээс тасралтгүй урсах хангалт хүртэж байдаг. Та нарт Миний өнөөдрийн ярьж буй энэ сэдэв тийм ч гүн нөлөөлөөгүй, толгой дохих төдийхөн л зөвшөөрдөг байгаа боловч чи зүрх сэтгэлдээ Бурханы зүрх сэтгэлийг мэдрэх гэж оролдоход өөрийн мэдэлгүй дараах зүйлийг олж мэднэ: Энэ ертөнцөд чиний мэдэрч чадах бүх хүн, үйл хэрэг болон юмсын дундаас гагцхүү Бурханы аминч бус чанар л жинхэнэ агаад бодитой, учир нь чамайг гэсэн Бурханы хайр л ямар нэгэн болзол тавьдаггүй бөгөөд өө сэвгүй байдаг. Бурханыхаас өөр хэний ч аминч бус чанар гэгч нь бүгд хуурамч, өнгөцхөн, жинхэнэ биш; энэ нь нэг зорилго, зарим санаархалтай, нэг тохиролцоо агуулдаг ба шалгуур давж чаддаггүй. Үүнийг бүр бохир, жигшүүртэй гэж хэлж ч болох юм. Та нар зөвшөөрч байна уу?
Та бүхэн эдгээр сэдвийн талаар сайн мэдэхгүй бөгөөд жинхэнээсээ ойлгохын өмнө бага зэрэг бодох хугацаа хэрэгтэй гэдгийг Би мэдэж байна. Эдгээр асуудал болон сэдвийн талаар та нар хэдий их мэдэхгүй байх тусам эдгээр сэдэв нь та нарын зүрх сэтгэлд дутагдаж байгааг төдий чинээ баталж байгаа юм. Би эдгээр сэдвийн талаар хэзээ ч дурдаагүй бол та нарын дундаас тэр талаар бага ч атугай мэдэх хүн байх байсан болов уу? Та нар хэзээ ч мэдэхгүй байх байсан биз. Энэ бол баттай. Та нар хэр ихийг ухаарч, мэдэж чадахаас үл хамааран товчхондоо, Миний ярьдаг энэ сэдвүүд хүмүүст хамгийн их дутагддаг бөгөөд тэдний хамгийн сайн мэдэж байвал зохих зүйл юм. Эдгээр сэдэв нь хүн бүрийн хувьд маш чухал—тэдгээр нь эрхэм нандин ба тэдгээр нь амь, тэдгээр нь өмнө чинь байгаа замд зориулж та нарын эзэмших ёстой зүйлс юм. Энэ үгсээр удирдамж хийхгүй бол, Бурханы зан чанар болон мөн чанарыг ойлгохгүй бол чи Бурханы тухайд үргэлж эргэлзэж явах болно. Чи Бурханыг ойлгож ч чадахгүй бол Түүнд яаж зохих ёсоор итгэж чадах юм бэ? Чи Бурханы сэтгэл хөдлөл, Түүний хүсэл, Түүний сэтгэл санаа, Тэр юу бодож байгааг болон Түүнийг юу гуниглуулдгийг, юу баярлуулдгийг огт мэддэггүй, тэгэхээр Бурханы зүрх сэтгэлд яаж анхаарал тавьж чадах юм бэ?
Бурхан сэтгэлээр зовох бүрдээ Өөрт нь огт анхаарал хандуулдаггүй, Өөрийг нь дагадаг, Өөрийг нь хайрладаг гэдэг мөртөө Өөрийнх нь мэдрэмжийг өчүүхэн ч тоодоггүй хүн төрөлхтөнтэй нүүр тулдаг. Түүний зүрх сэтгэл яаж шархлахгүй байх юм бэ? Өөрийн удирдлагын ажилд Бурхан Өөрийн ажлыг чин сэтгэлээсээ хэрэгжүүлж, хүн бүртэй ярьж, юу ч нууж хаалгүй нүүр тулдаг байтал харин Түүнийг дагадаг хүн бүр Түүнд хаалттай байж, хэн ч Түүнд идэвхтэй ойртож, Түүний зүрх сэтгэлийг ойлгож, Түүний сэтгэлийг анхаарахыг хүсдэггүй. Бурханы дотны хүн болохыг хүсдэг хүмүүс хүртэл Түүнд ойртож, Түүний зүрх сэтгэлийг анхааран тоож, эсвэл Түүнийг ойлгох гэж оролдохыг хүсдэггүй. Бурханыг хөгжилтэй, баяртай байхад аз жаргалыг нь хуваалцах хэн ч байдаггүй. Хүмүүс Бурханыг буруугаар ойлгох үед Түүний шархалсан зүрх сэтгэлийг тайтгаруулах хэн ч байдаггүй. Түүний зүрх сэтгэл шархалж байх үед уужиртлаа ярихыг нь сонсохыг хүсэх ганц ч хүн байдаггүй. Бурханы удирдлагын ажлын энэ хэдэн мянган жилийн туршид Бурханы хажууд байж, баяр гунигийг нь хуваалцах хүн байтугай Бурханы сэтгэл хөдлөлийг ойлгох нэг ч хүн байгаагүй, мөн тэдгээрийг ухаарч, мэдрэх хэн ч байгаагүй юм. Бурхан ганцаардаж байна. Тэр ганцаардаж байна! Завхарсан хүн төрөлхтөн Түүнийг эсэргүүцдэгээс болж Бурхан ганцаардаж байгаа юм биш, харин сүнслэг байхыг эрэлхийлдэг, Бурханыг мэдэхийг, Түүнийг ойлгохыг хүсдэг хүмүүс, мөн өөрийн бүх амьдралыг Түүнд зориулахыг хүсэж буй хүмүүс хүртэл Түүний бодлыг мэддэггүй ба Түүний зан чанар, сэтгэл хөдлөлийг ойлгодоггүйгээс болдог.
Ноагийн түүхийн төгсгөлд Бурхан тухайн үеийн Өөрийн сэтгэлийг илэрхийлэхийн тулд ер бусын арга хэрэглэснийг бид хардаг. Энэ бол маш онцгой арга байсан: тэр нь. Бурхан дэлхийг үерээр устгахаа зогсоосныг тунхагласан гэрээ хүнтэй хийх арга байв. Гаднаа бол гэрээ хийх нь маш энгийн зүйл мэт харагддаг. Энэ нь хоёулангийнх нь ашиг сонирхлыг хамгаалахын тулд хоёр талд үүрэг хүлээлгэж, гэрээгээ зөрчихөөс урьдчилан сэргийлэх гэж л үг үсэг ашигласан хэрэг билээ. Хэлбэрээрээ бол энэ нь маш энгийн зүйл боловч Бурхан ийм юм хийж байгаагийн цаад шалтгаан, утга учраас үзвэл, энэ нь Бурханы зан чанар болон сэтгэл санааны жинхэнэ илрэл юм. Хэрвээ чи эдгээр үгийг хойш тавьж, тоохгүй өнгөрвөл, хэрвээ Би та бүхэнд юмсын үнэнийг хэзээ ч хэлэхгүй бол хүн төрөлхтөн Бурханы бодлыг хэзээ ч мэдэхгүй. Чиний төсөөллөөр бол Бурхан энэ гэрээг хийх үедээ инээмсэглэж байсан, эсвэл сүрхий буурьтай дүртэй байсан байж магадгүй, гэвч Бурханы царайд хамгийн энгийн ямар илрэл байсан гэж хүмүүсийн төсөөлөхийг үл харгалзан Бурханы ганцаардлыг байтугай Бурханы зүрх сэтгэлийг, мөн Түүний шаналлыг хэн ч харж чадахгүй байсан билээ. Хэн ч Бурханыг өөртөө итгүүлж чадаагүй буюу Бурханы итгэлийг олж чадахуйц биш, эсвэл Бурхан Өөрийн бодлыг илэрхийлж, Өөрийн шаналлыг уужиртал хэлэх нэгэн болж чадахгүй юм. Тийм учраас Бурхан ийм зүйл хийхээс өөр замгүй болсон. Гадна талдаа Бурхан урьдын хүн төрөлхтнөөс хагацахдаа өнгөрсөн асуудлыг шийдвэрлэж, дэлхийг үерээр устгах явдлаа төгс гүйцэлдүүлэн хялбар зүйл хийсэн. Гэвч Бурхан энэ үеийн шаналанг зүрх сэтгэлийнхээ гүнд булсан юм. Бурхан итгэмжлэх нэг ч хүнгүй байхдаа дэлхийг дахин хэзээ ч үерээр устгахгүй гэж хэлэн хүнтэй гэрээ хийсэн. Солонго татсан нь ийм нэгэн зүйл тохиолдсон гэдгийг хүмүүст сануулж, муу зүйл хийхгүй байхыг тэдэнд анхааруулахын тулд байлаа. Ийм шаналалтай байдалд ч Бурхан хүн төрөлхтнийг мартаагүй ба тэдэнд маш их анхаарал тавьсаар байсан. Энэ нь Бурханы хайр, аминч бус чанар биш гэж үү? Гэтэл хүмүүс зовох үедээ юуны тухай боддог вэ? Энэ нь тэдэнд Бурхан хамгийн хэрэгтэй болдог үе биш гэж үү? Иймэрхүү үед хүмүүс Бурханаар өөрсдийгөө тайтгаруулах гээд Бурханыг үргэлж татан авчирдаг. Хэдийд ч байсан Бурхан хүмүүсийн итгэлийг хэзээ ч хөсөрдүүлэхгүй ба хүмүүсийг хэцүү байдлаас нь үргэлж гаргаж, гэрэлд амьдруулна. Бурхан хүнийг ингэж хангаж байдаг боловч хүний зүрх сэтгэлд Бурхан бол зөвхөн тайвшруулах эм, тайтгаруулах ундаа юм. Зовж байхад нь, зүрх сэтгэл нь шархалсан үед Өөрт нь хань болж, эсвэл Өөрийг нь тайтгаруулах нэг бүтээл юм уу, нэг хүнтэй байна гэдэг бол Бурханы хувьд хэтэрхий сайхан хүсэл юм. Хүн Бурханы сэтгэлийг хэзээ ч анхаардаггүй тул Бурхан Өөрийг нь тайтгаруулж чаддаг хүн байгаач гэж хэнээс ч асуудаггүй, тийм хүн бий гэж боддог ч үгүй. Тэр Өөрийн ааш занг илэрхийлэхийн тулд зүгээр л Өөрийн аргуудыг хэрэглэдэг. Зарим нэг зовлон туулах нь Бурханд сүртэй юм биш гэж хүмүүс үздэг боловч чи үнэхээр Бурханыг ойлгох гэж оролдох үедээ л, Түүний хийж байгаа бүхнээс Бурханы чин сэтгэлийн хүчин чармайлтыг жинхэнээсээ ухаарах үедээ л Бурханы агуу байдал, аминч бус чанарыг мэдэрч чадна. Хэдийгээр Бурхан солонго хэрэглэн хүн төрөлхтөнтэй гэрээ хийсэн боловч Тэр үүнийг яагаад хийснээ болон яагаад энэ гэрээг байгуулснаа Тэр хэнд ч хэлээгүй. Энэ нь Тэр хэнд ч Өөрийн жинхэнэ бодлыг хэлээгүй гэсэн үг юм. Учир нь, Өөрийн гараар бүтээсэн хүн төрөлхтөндөө Бурхан ямар их хайртайг ойлгож чадах нэг ч хүн байхгүй ба мөн хүн төрөлхтнийг устгах үедээ Түүний зүрх хэчнээн их шимширснийг ухаарч чадах нэг ч хүн байхгүй юм. Тиймээс Тэр хүмүүст юу мэдэрч байгаагаа хэлсэн ч гэсэн тэд энэ итгэлийг нь дааж чадахгүй. Шаналж байгаагаа үл харгалзан Тэр Өөрийн ажлын дараагийн алхмыг үргэлжлүүлсээр байна. Бурхан үргэлж Өөрийн хамгийн сайн тал, хамгийн сайн зүйлийг хүн төрөлхтөнд өгөөд Өөрөө бүх зовлонг чимээгүйхэн үүрдэг. Бурхан эдгээр зовлонг хэзээ ч ил дэлгэдэггүй. Тэгэхийн оронд тэдгээрийг тэсвэрлэж, чимээгүй хүлээдэг. Бурханы тэвчээр нь хүйтэн цэвдэг, хөшүүн, арчаагүй ч биш, мөн сул доройн шинж ч биш юм. Харин Бурханы хайр болон мөн чанар нь үргэлж аминч бус байсаар байна. Энэ нь Түүний мөн чанар болон зан чанарын төрөлхийн илрэл бөгөөд жинхэнэ Бүтээгч болох Бурханы ялгамж чанарын үнэн бодитой биелэл билээ.
Үүнийг хэлсний дараа зарим хүн Миний юу гэснийг буруу ойлгож, “Бурханы сэтгэлийг ийм дэлгэрэнгүй, ийм их дуулиантайгаар дүрслэх нь хүмүүсээр Бурханыг өрөвдүүлэх зорилготой байсан уу?” хэмээн бодож магадгүй. Ийм санаа зорилготой байдаг уу? (Үгүй.) Эдгээр зүйлийг хэлсэн Миний цорын ганц зорилго бол та бүхэнд Бурханыг илүү сайн мэдүүлэх, Түүний асар олон талыг ойлгуулах, Түүний сэтгэл хөдлөлийг ойлгуулах, Бурханы мөн чанар, зан чанар нь хүний хоосон үгээр, бичиг үсэг, номлол болон төсөөллөөр дүрслэгддэг бус, харин Түүний ажлаар дамжин үнэн бодитоор, бага багаар илэрхийлэгдэж байдаг гэдгийг ухааруулах явдал юм. Өөрөөр хэлбэл, Бурхан болон Бурханы мөн чанар нь үнэхээр оршин байдаг—тэдгээр нь зураг биш, төсөөлөл биш, мөн хүний гараар бүтээгдээгүй бөгөөд хүний санаанаасаа зохиосон зүйл лав биш юм. Та нар үүнийг одоо ухамсарлаж байна уу? Хэрэв та нар үүнийг ухамсарласан бол өнөөдөр Миний үг зорилгодоо хүрчээ.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?