Бурханы Абрахамд өгсөн амлалт

2018-05-21

Эхлэл 22:16–18 Ехова: “Чи энэ зүйлийг хийж, цорын ганц хүүгээ харамлаагүй учраас Би Өөртөө тангараглаж байна: Би чамайг ерөөж, чиний үр удмыг тэнгэрийн од, далайн эрэг дээрх элс шиг олшруулна; чиний үр удам дайснуудынхаа үүд хаалгыг эзэгнэнэ; чи Миний дуу хоолойг дуулгавартай дагасан учир үр удмаар чинь газар дэлхийн бүх үндэстэн ерөөгдөнө” гэлээ.

Бурханы Абрахамд өгсөн амлалт

Энэ бол Бурхан Абрахамыг ерөөсөн тухай бүрэн тэмдэглэл юм. Хэдий товч боловч агуулга нь баялаг: Энэ нь Бурханы Абрахамд өгсөн бэлгийн учир шалтгаан, цаад үндэслэл болон Түүний Абрахамд өгсөн зүйл юу байсныг багтаадаг. Энэ нь бас, Бурхан эдгээр үгийг хэлэхдээ баярлаж, догдолж байсныг, түүнчлэн Өөрийнх нь үгийг сонсож чадах хүмүүсийг олж авах Түүний хүсэл тэмүүллийн яаралтай байдлыг шингээсэн. Үүнээс бид Түүний үгэнд дуулгавартай хандаж, Түүний тушаалыг дагадаг хүмүүст хандах Бурханы хайр энхрийлэл, зөөлөн харьцааг харна. Иймээс, хүмүүсийг олж авахын тулд Түүний төлдөг төлөөс болон тэднийг олж авахад Түүний зориулдаг анхаарал халамж, бодлыг ч бид бас харна. Цаашлаад, “Би Өөртөө тангараглаж байна” гэдэг үгийг агуулсан хэсэг нь Өөрийн удирдлагын төлөвлөгөөний ажлын цаана Бурханы ганцаараа үүрсэн гашуун зовлон, шаналлын хүчтэй мэдрэмжийг бидэнд өгдөг юм. Энэ нь тунгааж бодууштай, мөн дараагийн хүмүүст онцгой ач холбогдолтой бөгөөд гүн гүнзгий нөлөөтэй хэсэг билээ.

Хүн чин сэтгэл болон дуулгавартай байдлынхаа үрээр Бурханы ерөөлийг олж авдаг

Бидний энд уншсан, Бурханаас Абрахамд хүртээсэн ерөөл агуу байсан уу? Яг хэр зэрэг агуу байв? Энд “үр удмаар чинь газар дэлхийн бүх үндэстэн ерөөгдөнө” гэсэн нэг чухал өгүүлбэр байна. Урьд хожид хэнд ч хүртээгээгүй ерөөлийг Абрахам хүртсэн гэдгийг энэ өгүүлбэр харуулдаг. Бурханыг хүсэхэд Абрахам өөрийн ганц хүүг—хайртай ганц хүүгээ—Бурханд буцааж өгсөн (энд бид “өргөл болгосон” гэдэг үгийг хэрэглэж болохгүй; тэр өөрийн хүүг Бурханд эргүүлэн өгсөн гэж хэлэх ёстой), Бурхан Исаакийг өргөл болгохыг Абрахамд зөвшөөрөөгүйгээр үл барам харин ч түүнийг ерөөсөн. Тэр Абрахамыг ямар амлалтаар ерөөсөн бэ? Түүний үр удмыг үржүүлнэ гэсэн амлалтаар ерөөсөн. Тэд хэр их үржих байсан бэ? Библид дараах тэмдэглэл бий: “тэнгэрийн од, далайн эрэг дээрх элс шиг чиний үр удам дайснуудынхаа үүд хаалгыг эзэгнэнэ; чи Миний дуу хоолойг дуулгавартай дагасан учир үр удмаар чинь газар дэлхийн бүх үндэстэн ерөөгдөнө.” Бурхан эдгээр үгийг ямар нөхцөлд хэлсэн бэ? Өөрөөр хэлбэл, Абрахам Бурханы ерөөлийг хэрхэн хүлээж авсан бэ? Библид “чи Миний дуу хоолойг дуулгавартай дагасан учир” гэж яг л Бурханы хэлснээр хүлээн авсан. Өөрөөр хэлбэл, Абрахам, Бурханы тушаалыг дагасан учраас, Бурханы хэлсэн, хүссэн, тушаасан бүхнийг өчүүхэн ч гомдолгүйгээр хийсэн учраас Бурхан түүнд ийм амлалт өгсөн. Энэ амлалтад Бурханы тухайн үеийн бодлыг хөндсөн нэг чухал өгүүлбэр бий. Та нар харсан уу? “Би Өөртөө тангараглаж байна” гэсэн Бурханы үгэнд та нар нэг их анхаарал хандуулаагүй байх. Энэ нь ямар утгатай вэ гэхээр, Бурхан эдгээр үгийг хэлэхдээ Өөрөөрөө тангараглаж байсан юм. Хүмүүс андгай тавихдаа юугаар тангарагладаг вэ? Тэд Тэнгэрээр тангарагладаг, өөрөөр хэлбэл, тэд Бурханд андгай тавьж, Бурханаар тангарагладаг. Бурхан Өөрөөрөө тангарагласан үзэгдлийн талаар хүмүүс нэг их ойлголттой биш байж магад боловч Би та нарт зөв тайлбар өгөхөөр та нар ойлгож чадна. Түүний үгийг сонсож л чадахаас биш, Түүний зүрх сэтгэлийг ойлгодоггүй хүнтэй тулгараад Бурхан дахин ганцаардаж, барьц алдах шиг болсон. Аргаа барсандаа—дотоод ухамсраараа гэж хэлж болно—Бурхан тун энгийн зүйл хийсэн: Бурхан зүрхэн дээрээ гараа тавиад энэ амлалтаа Абрахамд хүртээх үедээ Өөртөө хандсан ба Бурхан, “Би Өөртөө тангараглаж байна” гэж хэлэхийг хүн сонссон. Бурханы үйлдлээр дамжуулан чи өөрийнхөө тухай бодож болох юм. Чи зүрхэн дээрээ гараа тавиад өөртэйгөө ярь, юу хэлж байгаагаа сайн мэддэг үү? Чиний хандлага чин үнэн үү? Чи зүрх сэтгэлтэйгээ илэн далангүй ярьдаг уу? Тиймээс Бурхан, Абрахамтай ярих үедээ нухацтай, үнэнч шударга байсан гэдгийг бид эндээс харж болно. Абрахамтай ярьж, түүнийг ерөөхийн зэрэгцээ Бурхан мөн Өөртэйгээ ярьж байсан. Тэр Өөртөө: Би Абрахамыг ерөөж, түүний үр удмыг тэнгэрийн од мэт, далайн эрэг дээрх элс мэт олшруулна, учир нь тэр Миний үгийг дуулгавартай дагадаг ба тэр бол Миний сонгосон нэгэн хэмээн хэлж байсан. Бурхан “Би Өөртөө тангараглаж байна” гэж хэлэх үедээ Израилийн сонгогдсон хүмүүсийг Абрахамаас төрүүлж, дараа нь Өөрөө тэр хүмүүсийг Өөрийн ажилтай хөл нийлүүлэн урагш хөтөлнө гэж шийдсэн. Өөрөөр хэлбэл, Бурхан Абрахамын үр удамд Өөрийн удирдлагын ажлыг үүрүүлж, Бурханы ажил ба Бурханы илэрхийлсэн зүйл Абрахамаар эхэлж, Абрахамын үр удамд үргэлжлэн улмаар хүнийг аврах Бурханы хүслийг биелүүлэх байсан юм. Энэ нь ерөөгдсөн зүйл биш гэж үү? Хүнд үүнээс илүү агуу ерөөл гэж үгүй; энэ нь хамгийн их ерөөлтэй зүйл гэж хэлж болно. Абрахамын олж авсан ерөөл нь түүний үр удмыг үржүүлэх явдал биш байсан, харин Абрахамын үр удам дахь Бурханы удирдлага, Түүний даалгавар болон Түүний ажлын биелэлт байсан юм. Абрахамын авсан ерөөл нь түр зуурынх биш, харин Бурханы удирдлагын төлөвлөгөө ахихын хэрээр үргэлжилнэ гэсэн үг юм. Бурхан үүнийг ярих үедээ, мөн Бурхан Өөрөөрөө тангараглах үедээ аль хэдийн шийдвэр гаргачихсан байлаа. Энэ шийдвэрийн үйл явц үнэн байсан уу? Энэ нь бодитой байсан уу? Тэр үеэс эхлээд Түүний хүчин чармайлт, Түүний төлсөн төлөөс, Түүнд юу байгаа болон Тэр юу болох, Түүний бүх зүйл, Түүний амь хүртэл Абрахамд, Абрахамын үр удамд өгөгдөнө гэж Бурхан шийдсэн. Мөн түүнчлэн энэ бүлэг хүмүүсээс эхлэн Тэр Өөрийн үйл хэргийг харуулж, Түүний мэргэн ухаан, эрх мэдэл болон хүч чадлыг харах боломжийг хүнд олгоно гэж Бурхан шийдсэн юм.

Бурханыг мэддэг болон Түүнийг гэрчлэх чадвартай хүмүүсийг олж авах нь Бурханы хувиршгүй хүсэл юм

Бурхан Өөртэйгөө ярихын зэрэгцээ Абрахамтай бас ярьсан, гэхдээ өөрт нь өгсөн Бурханы ерөөлийг сонсохоос гадна тэр мөчид Бурханы бүх үгэн дэх Бурханы жинхэнэ хүслийг Абрахам ойлгож чадсан уу? Тэр чадаагүй! Иймээс Өөрөөрөө тангараглах тэр мөчид Бурханы зүрх сэтгэл ганцаардмал, гунигтай хэвээр байсан. Түүний зорьсон, төлөвлөсөн зүйлийг ойлгож, ухаарч чадах нэг ч хүн байгаагүй. Тэр мөчид, Абрахамыг оролцуулаад хэн ч Түүнтэй итгэмжлэн ярилцаж чадахгүй, тэр ч бүү хэл, хийх ёстой ажлаа хийхэд нь Түүнтэй хамтран ажиллаж чадах хэн ч байгаагүй. Гадна талдаа бол Бурхан Абрахамыг, Өөрийнх нь үгийг дуулгавартай дагаж чадах хүнийг олж авсан. Гэвч үнэндээ, Бурханы талаарх энэ хүний мэдлэг нь бараг л оргүй хоосон байсан. Хэдийгээр Бурхан Абрахамыг ерөөсөн боловч Бурханы зүрх сэтгэл хангалуун болоогүй л байсан. Бурхан сэтгэл хангалуун биш байсан гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь, Түүний удирдлага дөнгөж л эхэлсэн гэсэн үг, Түүний олж авахыг хүссэн хүмүүс, Түүний харахыг эгээрэн хүссэн хүмүүс, Түүний хайрласан хүмүүс Түүнээс хол хэвээр байсан гэсэн үг; Түүнд цаг хугацаа хэрэгтэй байсан, Тэр хүлээх, тэвчээртэй байх хэрэгтэй байв. Учир нь, тэр үед Түүнд юу хэрэгтэй, Тэр юу олж авахыг хүсдэг, эсвэл Тэр юу хүсэн эрмэлздэгийг Бурханаас Өөрөөс нь өөр мэддэг хүн байгаагүй. Иймээс Бурханы сэтгэл ихэд хөөрөхийн зэрэгцээ бас сэтгэл нь хүнд оргиж байсан. Гэсэн ч Тэр алхаагаа зогсоолгүй хийх ёстой зүйлийнхээ дараагийн алхмыг үргэлжлүүлэн төлөвлөсөн юм.

Абрахамд өгсөн Бурханы амлалтаас та нар юу харж байна вэ? Абрахам ердөө л Бурханы үгийг дуулгавартай дагасан учраас Бурхан түүнд агуу ерөөл хайрласан. Хэдийгээр энэ нь гаднаа хэвийн, мэдээжийн хэрэг мэт харагддаг боловч үүнээс бид Бурханы зүрх сэтгэлийг хардаг: хүн Өөрт нь дуулгавартай байхыг Бурхан онцгойлон эрхэмлэж, Өөрийнх нь талаарх хүний ойлголт болон Өөрт нь хандах чин сэтгэлийг нандигнадаг. Энэ чин сэтгэлийг Бурхан хэр их нандигнадаг вэ? Тэр үүнийг хэр их нандигнадгийг та нар ойлгохгүй байж магадгүй, мөн үүнийг ухаарч ойлгох нэг ч хүн байхгүй байж ч магадгүй юм. Бурхан Абрахамд хүү хайрласан ба тэр хүүг өсөж том болоход нь хүүгээ Бурханд өргөл болго гэж Абрахамаас шаардсан. Абрахам Бурханы тушаалыг үгчлэн дагаж, Бурханы үгийг дуулгавартай дагасан бөгөөд түүний чин сэтгэл Бурханыг уярааж, Бурханд эрхэмлэгдсэн. Бурхан үүнийг хэр их эрхэмлэсэн бэ? Тэр үүнийг яагаад эрхэмлэсэн бэ? Хэн ч Бурханы үгийг ухаарч, Түүний зүрх сэтгэлийг ойлгоогүй байхад Абрахам тэнгэрийг донсолгож, газрыг доргиосон зүйл хийсэн бөгөөд энэ нь Бурханд урьд өмнө үзээгүй сэтгэл ханамжийг мэдрүүлж, Өөрийнх нь үгийг дуулгавартай дагаж чадах хүнийг олж авахын баяр баясгаланг Бурханд авчирсан юм. Энэхүү сэтгэлийн ханамж, баяр баясгалан Бурханы өөрийнх нь гараар бүтээгдсэн зүйлээс ирсэн бөгөөд энэ бол хүнээс Бурханд өргөсөн хамгийн анхны “тахил”, мөн хүнийг бүтээснээс хойш Бурханы хамгийн их эрхэмлэсэн зүйл байв. Бурхан энэхүү тахилыг хүлээн хэцүү бэрх цагийг туулсан бөгөөд үүнийг Тэр Өөрийн бүтээсэн хүнээс авсан хамгийн чухал анхны бэлэг гэж үзсэн. Энэ нь Өөрийнх нь хүчин чармайлт болон Өөрийнх нь төлсөн төлөөсний анхны үр дүнг Бурханд харуулж, хүн төрөлхтөнд найдвар бий гэдгийг харах боломжийг Түүнд олгосон юм. Дараа нь Бурхан Түүнтэй хамт байж, Түүнд чин сэтгэлээсээ хандаж, Түүнд чин сэтгэлээсээ анхаарал тавих тийм бүлэг хүнийг бүр ч илүү ихээр эгээрэн хүсэх болсон. Тэр ч бүү хэл, Бурхан Абрахамыг амьдарсаар байна гэж найдсан, учир нь Өөрийн удирдлагыг үргэлжлүүлэхэд Абрахамынх шиг тийм зүрх сэтгэл Өөрийг нь дагаж, Өөртэй нь хамт байгаасай гэж Тэр хүссэн юм. Бурхан юу хүсэж байсан нь хамаагүй, энэ бол зүгээр л нэг хүсэл, зүгээр л нэг санаа байсан—учир нь, Абрахам бол ердөө л Түүнийг дуулгавартай дагаж чадах хүн байсан, түүнд Бурханы талаар өчүүхэн төдий ч ойлголт, мэдлэг байгаагүй. Абрахам бол Бурханыг мэдэх, Бурханыг гэрчилж чадах, Бурхантай нэгэн санаатай байх хэмээх хүнээс Бурханы шаарддаг стандартын хаана нь ч хүрээгүй нэгэн байлаа. Иймээс Абрахам, Бурхантай хамт алхаж чадаагүй. Абрахам Исаакийг өргөл болгосноос Бурхан Абрахамын чин сэтгэл, дуулгавартай байдлыг харж, Бурханы шалгалтыг давсан гэдгийг нь харсан. Бурхан түүний чин сэтгэл, дуулгавартай байдлыг хүлээн зөвшөөрсөн хэдий боловч тэр Бурханы итгэлийг хүлээсэн, Бурханыг мэддэг, Бурханыг ойлгодог хүн болох, мөн Бурханы зан чанарыг мэддэг хүн байх гавьяагүй хэвээр байв; тэр Бурхантай нэг санаатай байж, Бурханы хүслийг биелүүлэх хүн огт биш байсан. Иймээс Бурхан зүрх сэтгэлдээ ганцаардмал, санаа зовсон хэвээр байсан юм. Бурхан ганцаардаж, санаа зовох тусмаа Өөрийн удирдлагыг аль болох хурдан үргэлжлүүлж, Өөрийн удирдлагын төлөвлөгөөг биелүүлж, Өөрийн хүсэлд аль болох хурдан хүрэхийн тулд бүлэг хүмүүсийг сонгон олж авч чаддаг байх нь улам их хэрэгтэй болсон. Энэ бол Бурханы их хүслэн бөгөөд бүр эхнээсээ өнөөдрийг хүртэл өөрчлөгдөлгүй үлдсэн юм. Бурхан анх хүнийг бүтээснээсээ хойш бүлэг ялагчдыг, Түүнтэй хамт алхаж, Түүний зан чанарыг ойлгож, мэдэж, ухаарч чадах бүлгийг эгээрэн хүссэн билээ. Бурханы энэхүү хүсэл хэзээ ч өөрчлөгдөөгүй. Тэр хэчнээн удаан хүлээх хэрэгтэй болсон ч, өмнөх зам нь хэчнээн хүнд хэцүү байж магадгүй ч, хүсэн эрмэлзсэн зорилтууд нь хэчнээн хол байсан ч, Бурхан хүнд тавьсан найдлагаа хэзээ ч өөрчлөөгүй, хэзээ ч орхиогүй. Одоо Би үүнийг хэлсэн болохоор та нар Бурханы хүслээс зарим нэг зүйлийг ухаарав уу? Та нарын ухаарсан зүйл тийм ч гүн гүнзгий биш байх—гэхдээ аажмаар ухаарна!

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Абрахам Исаакийг өргөсөн нь

Эхлэл 22:2–3 Тэр: “Одоо чи өөрийн цорын ганц хайртай хүү болох Исаакийг авч, Мориагийн нутагт оч; Миний хэлж өгөх нэгэн уулан дээр...

Messenger дээр бидэнтэй холбоо барих