Эзэн Есүс эргэн ирчихсэн гэж та нар хэлдэг, тэгвэл бид яагаад Түүнийг хараагүй байгаа юм бэ? Нүд үнэнч, чих худалч. Хэрвээ бид Түүнийг хараагүй бол, Тэр хараахан эргэн ирээгүй гэсэн үг байх ёстой; Түүнийг харах үедээ би итгэнэ. Эзэн Есүс эргэн ирсэн гэж та нар хэлдэг, тэгвэл Тэр одоо хаана байна вэ? Ямар ажил хийж байгаа юм бэ? Эзэн ямар үг хэлсэн юм бэ? Гэрчлэлээр дамжуулан эдгээр зүйлийг тодруулж чадсаны чинь дараа л би итгэнэ.
Хариулт:
Эцсийн өдрүүд дэх Бурханы илрэлт болон ажил яг л Эзэн Есүсийн зөгнөсний дагуу байдаг. Бурханы нууц ирэлт болон ил тод ирэлт гэсэн хоёр хэсэг үүнд бий. Нууцаар ирэх гэдэг нь Бурхан үгээ айлдаж, эцсийн өдрүүдийн ажлаа хийхийн тулд хүн төрөлхтний дунд хүний Хүүгийн дүрээр бие махбодтой болохыг хэлдэг. Энэ бол Түүний нууц ирэлт билээ. Ил тод ирэх гэдэг нь Эзэн үүлсийн хамт нээлттэйгээр ирэх, өөрөөр хэлбэл, түмэн ариун хүний хамтаар бүх улс үндэстэн, бүх ард түмэнд үзэгдэн ирэх явдал юм. Одоо Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажилд гэрчлэл хийх үед маань олон хүн ийнхүү эргэлздэг: “Бурхан илэрчхээд ажил хийж байгаа гэж та нар хэлдэг. Бид яагаад Түүнийг хараагүй байдаг билээ? Бурхан хэзээ, яаж үгээ айлдаж байгаа юм бэ? Бурханыг үгээ хэлж байхад нь хэн нэгэн бичиж авсан юм уу, эсвэл Бурхан тэдгээр үгийг бидэнд шууд авчирдаг юм уу? Бурхан яагаад та бүгдийн дунд үг хэлдэг юм бэ? Яагаад бид Түүний дуу хоолойг сонсоогүй, Түүнийг хараагүй байдаг билээ?” гэдэг … Бурхан Хятадад, Зүүн зүгт илэрсэн; Тэрээр дуу хоолойгоо илэрхийлж, бие махбодтой болсон хүний Хүүгийн дүрээр ажилладаг. Ер бусын зүйл огтхон ч байхгүй. Бурхан эгэл жирийн махбод өмсдөг, жирийн хүний дүр төрхтэй бөгөөд бидний дунд үг хэлж, ажилладаг. Үүнд ямар ч ер бусын юм байхгүй. “Өчүүхэн төдий ч ер бусын биш юм бол Бурхан мөн юм уу? Бурхан илэрч, ажиллаж байгаа юм бол илрэлт болон ажил нь ер бусын байх учиртай” гэж зарим хүн хэлдэг. Та нараас асууя, Эзэн Есүс ажиллаж байхдаа ер бусын байсан уу? Петртэй ярьж байгааг нь бусад газрын хүмүүс харж чаддаг байсан уу? Нэг газарт тэмдэг, гайхамшиг үзүүлж байгааг нь өөр газрын хүмүүс харж чаддаг байсан уу? Мэдээж үгүй. Эзэн Есүс бол махбод дахь хүний Хүү байсан бөгөөд Түүний ажил, үг ер бусын байгаагүй; тэмдэг, гайхамшиг үзүүлснээс нь өөр ямар ч ер бусын тал байгаагүй юм. Иймээс бусад газрын хүмүүс Түүний үгийг сонсож, ажлыг нь харж чаддаггүй, харин хажууд нь байсан хүмүүс л харж, сонсож, туулж чаддаг байв. Энэ нь Бурханы ажлын бодитой, хэвийн тал юм. Тиймээс Төгс Хүчит Бурханы Чуулганаар дамжуулан Хятадад Бурханы хийсэн ажлын талаар бусад шашин болон бусад урсгал мэддэггүй. Тэд яагаад мэддэггүй вэ? Бурхан ер бусын байдлаар ажилладаггүй. Түүний дунд нь ажилласан хүмүүс л үүнийг харж, сонсож чаддаг; дунд нь ажиллаагүй хүмүүс Түүний дуу хоолойг сонсож чаддаггүй. Эзэн Есүс иудей хүмүүсийн дунд ажлаа хэрэгжүүлэх үед Хятадын ард түмэн бид үүнийг харж, сонсож чадсан уу? Баруун дахь британичууд, америкчууд харж, сонсож чадсан уу? Тэгвэл барууныхан болон зүүн зүгийн хятадууд Эзэн Есүсийн ажлыг яагаад эцэст нь хүлээн зөвшөөрч чадсан юм бэ? Учир нь гэрчлэл хийж, бидэнд сайн мэдээ түгээсэн хүмүүс байсан бөгөөд Эзэн Есүсийн үг, ажлыг тэмдэглэсэн энэхүү Библийг бидэнд өгсөн юм. Биднийг Эзэн Есүст залбирах үед Ариун Сүнс ажлаа хийн, бидэнтэй хамт байсан; Тэрээр бидэнд нигүүлсэл хайрлаж, тийнхүү бид Эзэн Есүсийг Бурхан, бас Аврагч мөн гэдэгт итгэх болсон юм. Ингэж бид итгэх болсон билээ. “Бурхан Хятадад илэрч, ажиллажээ—яагаад бид үүнийг мэдээгүй юм бэ? Яагаад бид үүнийг харж, сонсож чадаагүй юм бэ?” гэж барууныхан асуудаг. Энэ асуултыг тайлбарлахад амархан уу?
Эцсийн өдрүүдийн ажлын тухай Бурханы зөгнөл Библид байдаг уу? Эзэн Есүс энэ тухай юу хэлсэн бэ? “Аянга зүүнээс цахилж, баруун зүгт ч гэсэн гялбадаг шиг; хүний Хүүгийн ирэлт нь ч мөн тийм байх болно” (Матай 24:27). Энэ нь юу гэсэн утгатай вэ? Энэ нь, Бурханы эцсийн өдрүүдийн ажил Зүүн зүгээс цахилах аянгатай адил гэсэн үг юм. Хүний Хүү Зүүн зүгт ажиллан, агуу гэрлийн илрэлтийг эхлээд харж, жинхэнэ гэрлийн илрэлтийг харах боломжийг зүүн зүгийнхэнд олгоно, дараа нь тун удалгүй энэхүү агуу гэрэл баруун зүгт аянга шиг гялбана. Өөрөөр хэлбэл, Төгс Хүчит Бурханы үг Зүүн зүгээс гарсныхаа дараа интернетэд нийтлэгдэж, улмаар баруун зүгт түгсэн юм. Төгс Хүчит Бурханы үг хэзээ интернетэд нийтлэгдсэн бэ? Хятад эх нь наанадаж 2005, цаанадаж 2007 оны орчимд интернетэд нийтлэгдсэн юм. Англи эх нь 2010 онд интернетэд тавигджээ. Бурханы үг маш олон жилийн турш интернетэд байсан атал шашны ертөнцийн хэдэн хүн үүнийг судлахын тулд интернетэд орсон бэ? Олон биш; маш цөөн хүн тэгдэг. Бурханы зам болон Түүний айлдсан үг аль эртнээс интернетэд байж ирсэн. Төгс Хүчит Бурханы үг интернетэд байгааг хүмүүс одоо харсан, тэгвэл Эзэн Есүсийн үнэн сүсэгт итгэгчид гээч хүмүүс яагаад судалдаггүй юм бэ? Энд ямар асуудал байна вэ? Бурханы замын тухай гэрчлэл бүх улс үндэстэн, бүх бүс нутгийн хүмүүст аль хэдийн өгөгдсөн. Хэрвээ хүн хэзээ ч тэдгээрийг судлалгүй, эцэстээ мөхөж, бүрмөсөн устгагдвал тэр нь хэний хариуцлага байх вэ? Хэн энэ алдааг хариуцах вэ? Энэ нь Бурханы алдаа юу, эсвэл хүнийх үү? Хүнийх. Бид яагаад тэгж хэлдэг вэ? Учир нь Эзэн Есүс аль эрт ингэж хэлсэн юм, “Тиймээс соргог бай, учир нь Эзэн чинь ямар цагт ирэхийг та нар мэдэхгүй” (Матай 24:42), “Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, ‘Хараач, Сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа’ гэлээ” (Матай 25:6), “Миний хонин сүрэг Миний дуу хоолойг сонсдог” (Иохан 10:27). Эзэн Есүс олон удаа иймэрхүү зүйл хэлсэн: “Гуй, тэгвэл та нарт өгнө; хай, тэгвэл олно; тогш, тэгвэл та нарт нээгдэнэ” (Матай 7:7). Энэ бол Бурханы амлалт бөгөөд Эзэн Есүс иймэрхүү зүйл цөөнгүй хэлжээ. Эзэн Есүсийн үгийн дагуу бол, хэрвээ хүн хэзээ ч Бурханыг эрж хайдаггүй, мөн Бурханы ирэлтийн тухай гэрчлэл хийж байгаа хэн нэгний тухай сонсох үедээ хэзээ ч үүнийг судлалгүй, оронд нь тэдгээрийг сохроор яллаж, “Бурханы ирэлтэд гэрчлэл хийдэг бүх хүн тэрс үзэлтэн бөгөөд гаж урсгалын гишүүд мөн” гэх мэтийн зүйл хэлэх юм бол эцсээ хүртэл Бурханы ажлыг хүлээн зөвшөөрөөгүй энэ хүмүүс гай гамшигт унаж, гамшиг дунд шийтгүүлэн тарчилж насан эцэслэнэ. Үүнд хэнийг буруутгах ёстой вэ? Шашны нийгэмлэгийн олон хүн энэ асуудал дээр хардаж сэжиглэдэг. “Бурхан яагаад бидэнд харагддаггүй юм бэ? Яагаад Тэр биднээс нуугддаг юм бэ? Тэр яагаад бидэнд мэдэгддэггүй юм бэ?” Бурхан “Би ажлаа гүйцэтгэхийн тулд нууцаар ирэх үедээ бүх хүнд харагдаж, илчлэл өгнө” гэж ер нь хэлсэн үү? Бурхан юу гэж хэлсэн бэ? “Хэрэв чи сэрэхгүй бол Би хулгайч мэт очих ба ямар цагт Би чам дээр очихыг чи мэдэхгүй” (Илчлэл 3:3). Үүнийг Илчлэлийн номд зөгнөсөн байдаг. Тиймээс Эзэнд итгэгч бид “Сүйт залуу ирлээ; Эзэн эргэн ирлээ” хэмээн хүн гэрчлэл хийж байхыг сонссон атлаа Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг идэвхийлэн судалж, хүлээн зөвшөөрөхгүй юм бол гай гамшигт унаж, шийтгүүлэн үхэх болно. Чи Бурханд гомдоллож болохгүй, ямар тал дээр зохих ёсоор хийгээгүй вэ гэдгээ харахын тулд өөрсдийнхөө дотроос асуудлыг хайх хэрэгтэй, энэ л шударга юм. Эргээд бодоход чи Эзэн Есүсийг хэрхэн хүлээн зөвшөөрсөн бэ? Эзэн Есүс чам дээр ирсэн үү? Эзэн чамд харагдсан уу? Тэгээгүй. Бусад хүн сайн мэдээ номлож, Эзэний тухай гэрчлэл хийсэн учраас чи Эзэн Есүсийг хүлээн зөвшөөрсөн. Замд итгэх итгэл нь замын тухай сонсохоос, харин замын тухай сонсох нь Бурханы үгээс ирдэг. Энэхүү сайн мэдээг болон Бурхан ажиллахаар ирсэн гэх баримтыг хэн нэгэн чамд гэрчилсэн юм чинь, энэ бол чамайг гэх Бурханы хайр, өршөөл, анхаарал халамж юм байна гэж ойлгох ёстой бус уу? Үнэн сүсэгт хүн үүнийг ингэж ойлгох ёстой. Тиймээс Бурханы өмнө бүү биеэ тоо, өөрийгөө хэтэрхий өндрөөр бүү бод, “Бурхан ирэх үедээ эхлээд надад илчлэл өгөх ёстой. Тэр эхлээд надад илчлэх ёстой. Хэрвээ Тэр ирээд, надад илчлэхгүй бол Бурхан биш, би Түүнийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж бүү бод. Тэд ямар төрлийн хүмүүс вэ? Ямар алдаа гаргасан бэ? Бурхан ирэх үедээ чамд илчлэх ёстой гэж чи итгэж зүрхэлдэг үү? Үүнд чинь ямар үндэслэл байгаа юм бэ? Эзэн чамд “Би ирэхээрээ эхлээд чамд илчилнэ” гэж хэлсэн үү? Чамд ийм үг хэлсэн үү? Чи өөрийгөө дэлхийн ертөнц дэх бусад бүх хүнээс дээр, хамгийн чухал нь, бас Бурханыг хамгийн их хайрладаг нь гэж бодож байна уу? Чи бусад бүх хүнээс дээр юм уу? Чи тун онцгой бүтээгдсэн зүйл үү? Иймэрхүү хүн амархан аврагдаж чадах уу? Эцсийн өдрүүдэд Бурхан яагаад шүүлтийн ажил хийх хэрэгтэй байдаг вэ? Яагаад гэвэл завхарсан хүн төрөлхтөн Бурханыг харахад тохирдоггүй. Завхарсан бүх хүн төрөлхтөнд Сатаны зан чанар байдаг; тэд бүгдээрээ нэн биеэ тоосон, ихэрхүү байдаг ба Бурханы талаар тун хэрээс хэтэрсэн хүсэлтэй байдаг. Тэд өөрсдийгөө бусад бүх хүнээс дээгүүрт тавьдаг, тэнгэрээс ялимгүй доор, бусдаас хамаагүй илүү дээгүүр тавьж, Тэнгэрийн тааллыг хүртсэн мэт байдаг. Ийм завхарсан зан чанартайгаар, Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрөөгүй хэн боловч Бурханыг харахад тохирдоггүй.
“Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл” номоос эш татав
“Бурхан ирсэн юм бол яагаад би хараагүй юм бэ? Би хараагүй гэдэг нь Бурхан ирээгүйг нотолж байна” гэж хэлдэг хүмүүс шашны хүмүүсийг оролцуулаад олон бий. Энэ та нарт ямаршуу сонсогдож байна вэ? Хөгийн, утгагүй сонсогдож байна. Бурханы ирж байгааг та нар харж чадах уу? Бурханы бодитой үнэн биеийг харсан бол та нар үхчихсэн байгаа! Тэгвэл Бурхан хэрхэн ирдэг вэ? Хүн төрөлхтнийг аврахаар үг хэлдэг хүний Хүүгийн дүрээр Тэр бие махбодтой болдог. Та нар бие махбодтой болсон Бурханыг харвал таньж чадах байсан уу? Харлаа ч танихгүй байх байсан. Энэ нь яг л Эзэн Есүсийн ирсэн үетэй адил юм. Эзэн Есүсийг олон хүн харсан боловч тэднээс хэд нь Түүнийг Бурханы Хүү, Христ мөн гэж таньсан билээ? Ариун Сүнсээр гэгээрүүлэгдсэн учраас Петр гэх ганцхан хүн таньсан. Энэ юуг нотолдог вэ? Завхарсан хүн төрөлхтөн бие махбодын хэлбэртэй байх зуураа Бурханы сүнслэг биеийг харах боломжгүй гэдгийг энэ нь нотолдог. Бурханы сүнслэг биеийг харсан бол та нар үхчихсэн байгаа—та нар Түүний сүнслэг биеийг хэзээ ч харахгүй. Бурханы дуу хоолойг сонсож чадна гэдэг бол завхарсан хүн төрөлхтний хувьд угаасаа чамгүй ивээл юм. Бурхан Хуулийн эрин үед ажиллахад Бурханы дуу хоолойг хэчнээн хүн сонсож чадсан билээ? Цөөхөн хүн чадсан. Иов Бурханы дуу хоолойг сонссон гэдгийг бид мэднэ, гэхдээ тэр Бурханы царайг харсан уу? Үгүй, зүгээр л Ехова Бурхан хуй салхин дотроос өөртэй нь ярьж байхыг сонссон. Тэгэхээр Бурханы дуу хоолойг сонсоно гэдэг Түүний царайг харахтай дүйцдэг гэж хэлж болох юм. Мосе Бурханы дуудахыг сонссон боловч Бурханы царайг харсан уу? Мосе хожим нь Бурханы нурууг харсан ч царайг нь хараагүй. Иймээс, “Та нар Бурханыг ирсэн гэж гэрчилдэг, гэтэл би яахаараа Түүнийг хараагүй байдаг билээ? Яагаад үндэсний телевиз, радиогоор энэ чинь гараагүй юм бэ?” гэж хэн нэгний хэлэхийг сонсвол та нар энэ яриаг юу гэж бодох вэ? Маш гэнэн юм гэж бодно! Эзэн Есүсийн ирэхийг хэн харсан бэ? Тухайн үеийн цөөн хэдэн иудей хүн л харсан. Эзэн Есүсийн үгээс Бурханы дуу хоолойг сонсож, эрх мэдэл, хүч чадлыг сонссон тухайн үеийн иудейчүүд Түүнийг дагасан юм. Гэвч эцэстээ Эзэн Есүст хэчнээн хүн үнэхээр итгэж, Түүнийг үнэхээр дагасан бэ? Маш цөөхөн. Иймээс бие махбодтой болсон Бурхан эцсийн өдрүүдэд эгэл хүний дүрээр ирэх үед бид Бурханы царайг харахын тулд энэ хүний царайг харах албагүй юм. Харин бид Түүний дуу хоолойг сонсож, илэрхийлдэг үнэнийг нь харах үедээ тэдгээрийг хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагаж, хэрэгжүүлэх хэрэгтэй. Ингэсэн хүмүүс үнэн ба амийг олж авч, Бурханы авралыг хүртэнэ. Хүмүүс “Би царайг нь харж байж Христийг хүлээн зөвшөөрөх ёстой” гэж хэлдэг нь үндэслэлтэй юу? Бие махбодтой болсон Бурханы дүр нь Бурханы сүнслэг биеийг төлөөлж чадах уу? Эзэн Есүсийн дүр Бурханы жинхэнэ дүрийг төлөөлж чадах уу? Үгүй, чадахгүй. Иймээс махбод болсон биеийн олсон дүр нь зуурдынх байдаг бөгөөд Тэр бол зүгээр л хэвийн, эгэл хүн гэдгийг хүмүүс харахад хангалттай юм. Хамгийн чухал нь, хүмүүс бие махбодтой болсон Бурханыг хүлээн зөвшөөрч, үгийг нь сонсож, илэрхийлдэг бүх үнэнийг нь хүлээн зөвшөөрөх ёстой. Энэ нь Бурханы хайр, авралыг хүртэх арга зам юм! Түүний үгийг сонсож, илэрхийлдэг бүх үнэнийг нь хүлээн зөвшөөрдөггүй бол та нар Бурхантай ямар ч харилцаагүй байх бөгөөд Бурханы магтаалыг хэзээ ч хүртэхгүй. Эцсийн өдрүүдэд Бурханы илэрхийлдэг үнэн нь бүгд хүмүүсийг ариусгаж, авардаг үнэн тул хамгийн чухал үнэн юм. Тэдгээрийг хүлээн зөвшөөрч, хэрэгжүүлдэггүй хүмүүс Бурханы авралыг хэзээ ч хүртэхгүй нь лавтай.
Дээрхийн нөхөрлөлөөс эш татав
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?