Эзэний эргэн ирэлт нь яагаад, бие махбодтой болох—нууцаар бууж ирэх—мөн үүлэн дээрээс ил тод бууж ирэх явдлыг агуулдаг вэ?
Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:
“Харагтун, Би хулгайч мэт ирнэ” (Илчлэл 16:15).
“Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, ‘Хараач, Сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа’ гэлээ” (Матай 25:6).
“Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: Хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болно” (Илчлэл 3:20).
“Харин тэр өдөр цагийг хэн ч мэдэхгүй, тэнгэрийн тэнгэрэлчүүд ч мэдэхгүй, Хүү ч мэдэхгүй, зөвхөн Миний Эцэг л мэднэ” (Матай 24:36).
“Тэгээд хүний Хүүгийн тэмдэг тэнгэрт илрэн харагдана: газар дээрх бүх овог гашуудан уйлах ба тэд хүний Хүү тэнгэрийн үүлэн дээр хүч чадал, агуу алдартайгаар ирэхийг харах болно” (Матай 24:30).
“Харагтун, Тэр үүлсийн хамт ирнэ; нүд бүр Түүнийг харна, Түүнийг жадалсан хүмүүс ч бас харна: газар дэлхийн бүх овог Түүнээс болж гашуудна” (Илчлэл 1:7).
Холбогдох Бурханы үг:
Эцсийн өдрүүдийн ажил бол бүгдийг төрлөөр нь ялгаж, Бурханы удирдлагын төлөвлөгөөг дуусгах ажил юм, учир нь цаг ойртож, Бурханы өдөр ирсэн. Бурхан хаанчлалд нь орсон бүх хүнийг буюу Өөрт нь эцсээ хүртэл үнэнч байсан бүх хүнийг Бурханы Өөрийн эрин үе рүү аваачдаг. Гэвч Бурханы Өөрийн эрин үе ирэх хүртэл Бурханы хийх ажил гэвэл хүний үйл хэргийг ажиглах болон хүний амьдралын талаар лавлах бус, харин тэрслүү байдлыг нь шүүх явдал юм, учир нь Бурхан Өөрийн сэнтийн өмнө ирсэн бүх хүнийг ариусгана. Өнөөдрийг хүртэл Бурханы мөрийг дагасан бүх хүн бол Бурханы сэнтийн өмнө очсон хүмүүс юм, иймээс Бурханы ажлыг эцсийн үе шатанд нь хүлээн зөвшөөрөх хүн нэг бүр Бурханы ариусгалтын бай мөн. Өөрөөр хэлбэл, Бурханы эцсийн үе шатандаа яваа ажлыг хүлээн зөвшөөрдөг хүн бүхэн Бурханы шүүлтийн бай билээ.
………………………
Шүүлтийн ажил бол Бурханы Өөрийн ажил тул мэдээж үүнийг Бурхан Өөрөө хийх ёстой; хүн Түүний оронд хийж чадахгүй. Шүүлт бол үнэнийг ашиглан хүн төрөлхтнийг байлдан дагуулах явдал учраас, энэ ажлыг хүмүүсийн дунд хийхээр Бурхан дахиад л бие махбод болсон дүрээрээ гарч ирэх нь дамжиггүй юм. Өөрөөр хэлбэл, эцсийн өдрүүдэд Христ газар дэлхий даяарх хүмүүсийг сургахын тулд үнэнийг ашиглаж, бүх үнэнийг тэдэнд мэдэгдэнэ. Энэ бол Бурханы шүүлтийн ажил юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг
Эцсийн өдрүүдэд, хүнийг төгс болгохын тулд Бурхан үндсэндээ үг ашигладаг. Тэр хүнийг дарангуйлах юм уу үнэмшүүлэхийн тулд тэмдэг, гайхамшиг ашигладаггүй; Бурханы хүч чадлыг энэ нь ил болгож чадахгүй. Бурхан зөвхөн тэмдэг, гайхамшиг үзүүлсэн бол Бурханы бодит байдлыг илэрхий болгох боломжгүй болж, улмаар хүнийг төгс болгох ч боломжгүй байх байв. Бурхан тэмдэг, гайхамшгаар хүнийг төгс болгодоггүй, харин үгээр хүнийг усалж, хариулдаг бөгөөд үүний дараа л хүн бүрэн дуулгавартай болж, Бурханы талаар мэдлэгтэй болдог. Энэ бол Түүний хийдэг ажил, хэлдэг үгийн зорилго юм. Бурхан хүнийг төгс болгохын тулд тэмдэг, гайхамшиг үзүүлэх арга барил ашигладаггүй—Тэрээр хүнийг төгс болгохын тулд үг ашигладаг ба ажлын олон өөр арга барилыг ашиглаж хүнийг төгс болгодог. Үгийн цэвэршүүлэлт, харьцалт, засалт, хангалтын аль нь байх нь хамаагүй, Бурхан хүнийг төгс болгож, Бурханы ажил, мэргэн ухаан, гайхалтай байдлын талаар хүнд илүү их мэдлэг өгөхийн тулд олон өөр өнцгөөс ярьдаг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүгд Бурханы үгээр биелдэг
Есүсийн махбод загалмай дээр цовдлогдсон, Тэр Өөрийн махбодыг нүглийн тахил болгосон; хэвийн хүн чанартай махбодын тусламжтайгаар Тэр Сатаныг ялж, хүнийг загалмайнаас бүрэн аварсан. Хоёр дахь удаагаа бие махбодтой болсон Бурхан нь бүрэн төгс махбодоор байлдан дагуулалтын ажлыг гүйцэтгэж, Сатаныг ялдаг. Бүрмөсөн хэвийн, бодитой махбод л байлдан дагуулалтын ажлыг бүхэлд нь хэрэгжүүлж, хүчирхэг гэрчлэл хийж чадна. Өөрөөр хэлбэл, хүнийг байлдан дагуулах нь ер бусын ид шид, илчлэлээр бус, махбод дахь Бурханы бодитой, хэвийн байдлаар дамжин үр дүнд хүрдэг. Бие махбодтой болсон энэ Бурханы үйлчлэл нь үг хэлж, улмаар хүнийг байлдан дагуулж, төгс болгох явдал юм; өөрөөр хэлбэл, махбодод биеллээ олсон Сүнсний ажил буюу махбодын үүрэг нь үг хэлж, тэгснээрээ хүнийг бүрэн байлдан дагуулж, илчилж, төгс болгож, таягдан хаях явдал билээ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы оршдог махбодын мөн чанар
Бурхан махбодод ирдэг нь үндсэндээ хүмүүст Бурханы жинхэнэ үйл хэргийг харуулах, хэлбэр дүрсгүй Сүнсийг махбодод биежүүлэх, Түүнийг харах, Түүнд хүрэх боломжийг хүмүүст олгохын төлөө байдаг. Энэ маягаар, Түүгээр бүрэн төгс болгуулсан хүмүүс Түүнийг амьдран харуулж, Түүгээр авхуулж, Түүний зүрх сэтгэлийн дагуу болно. Хэрвээ Бурхан зөвхөн тэнгэрт яриад, газар дээр бодитоор ирээгүй бол хүмүүс Бурханыг одоо ч мэдэж чадахгүй байх байв; тэд хоосон онол ашиглан Бурханы үйл хэргийг номлож л чадахаас биш, Бурханы үгийг бодит байдал болгон авч чадахгүй байх байлаа. Бурхан үндсэндээ, олж авсан хүмүүстээ үлгэр жишээ, загвар болохын тулд л газар дээр ирсэн; ийм маягаар л хүмүүс Бурханыг үнэхээр мэдэж, Бурханд хүрч, Түүнийг харж чадах ба тэр үед л Бурхан тэднийг үнэхээр олж авч чадна.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бодитой Бурхан бол Бурхан Өөрөө гэдгийг чи мэдэх ёстой
Хонконг, Тайвань дахь эх орон нэгтнүүд нь дотор газар гэж нэрлэдэг Хятадын эх газарт Бурхан бие махбодтой болсон. Бурхан дээд тэнгэрээс газар луу ирэх үед, тэнгэр газар дахь хэн ч үүнийг мэдээгүй, энэ бол Бурхан нууцаар эргэн ирэхийн жинхэнэ утга учир юм. Тэрээр удаан хугацаанд махбодоор ажиллаж, амьдарсаар ирсэн атал хэн ч үүнийг мэдээгүй. Өнөөдөр ч гэсэн хэн ч үүнийг танин мэддэггүй. Магадгүй энэ нь мөнхийн оньсого хэвээр үлдэнэ. Бурхан энэ удаа махбодод ирсэн нь нэг ч хүний мэдэж чадах зүйл биш юм. Сүнсний ажлын үр нөлөө хэчнээн өргөн цар хүрээтэй, хүчтэй байх нь хамаагүй, Бурхан үргэлж тайван хэвээр байж, хэзээ ч юу ч хэлээгүй. Бурханы ажлын энэ үе шат тэнгэрлэг ертөнцөд явагдаж байгаа мэт байдаг гэж хэлж болно: Хэдийгээр энэ нь харах нүдтэй хүн бүхэнд илэрхий байдаг боловч хэн ч үүнийг таньж мэддэггүй. Бурхан Өөрийнхөө ажлын энэ үе шатыг дуусгах үед бүх хүн ердийн хандлагынхаа эсрэгээр,1 урт удаан зүүд нойрноосоо сэрнэ. Бурхан нэгэнтээ: “Энэ удаа махбодод ирэх нь барын үүрэнд унахтай адил” гэж хэлж байсныг Би санадаг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр Бурханы ажлын энэ шатанд Бурхан махбодод ирж, улмаар агуу улаан лууны оршин суудаг газарт төрсөн учраас энэ удаа газар дээр ирснээрээ Тэр урьдынхаас ч илүү туйлын ноцтой аюултай нүүр тулдаг. Түүний нүүр тулдаг зүйл нь хутга, буу, муна, бороохой; Түүний нүүр тулдаг зүйл нь сорилт; Түүний нүүр тулдаг зүйл нь харгис санаархлаар дүүрсэн зүс царайтай бөөн хүн юм. Тэр хэдийд ч алуулж болох эрсдэлтэй байдаг. Бурхан уур хилэнгээ авч ирсэн. Гэхдээ, Тэр төгс болгох ажлыг хийхийн тулд буюу золин авралын ажлын дараа үргэлжилдэг Өөрийнхөө ажлын хоёр дахь хэсгийг хийхээр ирсэн юм. Ажлынхаа энэ үе шатны төлөө Бурхан бодол, анхаарлаа дээд зэргээр зориулсан ба сорилтын довтолгооноос зайлсхийхийн тулд боломжит бүх аргыг ашиглан, Өөрийгөө даруухнаар нууцалж, Өөрийн ялгамж чанарыг хэзээ ч гайхуулдаггүй… Үүр цайх үед үй олон хүнд мэдэгдэлгүйгээр Бурхан газарт ирж, махбод дахь амьдралаа эхлүүлсэн билээ. Хүмүүс энэ мөч ирснийг ч мэдээгүй. Магадгүй тэд бүгд бөх унтаж байсан, магадгүй сэрүүн сэргэг олон хүн хүлээж байсан, мөн магадгүй олон хүн тэнгэр дэх Бурханд чимээгүйхэн залбирч байсан. Гэсэн ч энэ олон хүний дундаас нэг нь ч Бурхан газар дээр аль хэдийн ирчихсэн гэдгийг мэдээгүй. Өөрийн ажлыг илүү төвөггүй хэрэгжүүлж, илүү сайн үр дүнд хүрэхийн тулд, бас илүү их сорилтоос зайлсхийхийн тулд Бурхан ингэж ажилласан. Хүн хавар цагийн нойрноосоо сэрэх үед Бурханы ажил аль хэдийн дуусчихсан байх ба Тэр явж, газар дэлхий дээр хэрэн хэсэж, түр амьдарсан амьдралаа төгсгөнө.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ажил ба оролт 4-өөс эш татав
Есүс Иудейд ажиллаж байх үедээ үүнийгээ ил тод хийсэн, харин одоо Би та нарын дунд нууцаар ажиллаж, үг хэлдэг. Үл итгэгчид үүнийг огт мэддэггүй. Та нарын дундах Миний ажил гадна байгаа хүмүүст хаалттай. Эдгээр үг, эдгээр гэсгээлт болон шүүлтийг бусдад биш, зөвхөн та нарт мэдэгддэг. Энэ бүх ажлыг та нарын дунд хийдэг ба зөвхөн та нарт нээлттэй байдаг; үл итгэгчдийн дундаас хэн ч үүнийг мэддэггүй, учир нь цаг нь хараахан ирээгүй байна. Энд байгаа энэ хүмүүс гэсгээлт туулсныхаа дараа бүрэн төгс болгуулах дөхөж байгаа боловч гадна буй хүмүүс энэ тухай юу ч мэддэггүй. Энэ ажил хэтэрхий их нуугдмал! Тэдний хувьд, махбод болсон Бурхан нуугдмал байдаг боловч энэ урсгалд байгаа хүмүүст нээлттэй байдаг гэж хэлж болно. Бурханд бүгд нээлттэй, бүгд илчлэгдсэн, бүгд чөлөөлөгдсөн байдаг боловч Түүнд итгэдэг хүмүүсийн хувьд л ийм байдаг; бусад нь болох үл итгэгчдийн тухайд бол юу ч мэдэгддэггүй. Та нарын дунд болон Хятадад одоогоор хийгдэж байгаа ажлыг тэдэнд мэдэгдэхгүйн тулд чанд битүүмжилдэг. Тэд энэ ажлыг олж мэдэх юм бол үүнийг яллаж, хавчлага тулгахаас өөрийг хийхгүй. Тэд үүнд итгэхгүй. Агуу улаан лууны улс буюу хамгийн их хоцрогдсон энэ газар ажиллах нь амар даалгавар биш билээ. Хэрвээ энэ ажлыг ил гарган тавьсан бол үргэлжлүүлэх боломжгүй байх байсан юм. Ажлын энэ үе шатыг энэ газарт явуулж ердөө чадахгүй. Хэрвээ энэ ажлыг ил тод гүйцэтгэсэн бол үүнийг тэд яаж зөвшөөрч чадах юм бэ? Энэ нь ажлыг бүр ч их эрсдэлд оруулах бус уу? Хэрвээ энэ ажлыг нууцлаагүй, харин ч Есүс гайхамшигтай байдлаар өвчтэйг эдгээж, чөтгөрийг хөөдөг байсан цаг үеийнхтэй адилаар явуулсан бол диаволууд аль хэдийн үүнийг “олзолчихсон” байх биш үү? Тэд Бурханы оршин тогтнолыг тэвчиж чадах уу? Хэрвээ Би одоо хүмүүст номлож, сургамжлахын тулд синагогт орсон бол Намайг аль хэдийн хэдэн хэсэг болгочих байсан биш үү? Хэрвээ тэгсэн бол Миний ажил яаж үргэлжлэн явагдаж чадах юм бэ? Тэмдэг, гайхамшгийг ил тод харуулахгүй байгаагийн шалтгаан нь бүхэлдээ нуун далдлахын төлөө юм. Иймээс үл итгэгчдэд Миний ажил харагдахгүй, мэдэгдэхгүй, эсвэл олдохгүй. Хэрвээ ажлын энэ үе шатыг Нигүүлслийн эрин үед Есүсийн хийсэнтэй адил байдлаар хийсэн бол одоогийнх шигээ ийм тогтвортой байж чадахгүй байсан. Иймд энэ маягаар нууцаар ажиллах нь та нарт болон ажилд бүхэлд нь ач тустай. Газар дээрх Бурханы ажил дуусах үед, өөрөөр хэлбэл, энэ нууц ажил төгсөх үед ажлын энэхүү үе шат ил тод болно. Хятадад бүлэг ялагч байгааг бүгд мэднэ; Бурхан Хятадад махбод болсон бөгөөд Түүний ажил дууссаныг бүгд мэднэ. Зөвхөн тэр үед л, Хятад улс яагаад хараахан уруудан доройтож, нуран унахгүй байна вэ? гэдэг нь хүнд ойлгомжтой болно. Бурхан Өөрийн ажлыг Хятадад биечлэн хийж байгаа ба бүлэг хүмүүсийг ялагч болгон төгс болгосон болж таардаг.
Махбод болсон Бурхан ажлаа биечлэн хийж байх энэ хугацаандаа бүх бүтээлд бус, Өөрийг нь дагадаг зарим хүнд л Өөрийгөө харуулдаг. Тэрээр хүнд Өөрийн дүрийг харуулахын төлөө бус, ажлынхаа нэг үе шатыг гүйцэлдүүлэхийн тулд л махбод болсон юм. Гэхдээ, ажлаа Өөрөө хийх ёстой учраас Түүний хувьд махбодоор үүнийг хийх шаардлагатай. Энэ ажил дуусахад Тэр хүний ертөнцийг орхино; хожмын ажилд саад болох вий гэсэндээ Тэр хүн төрөлхтний дунд удаан хугацаагаар үлдэж чадахгүй. Олон нийтэд Түүний харуулдаг зүйл нь зөвхөн Түүний зөвт зан чанар болон Түүний бүх үйл хэрэг болохоос хоёр удаа махбод болох үеийнх нь дүр биш юм, учир нь Бурханы дүрийг зан чанараар нь л дамжуулан харж болохоос биш, Түүний махбод болсон биеийн дүрээр орлуулж болохгүй. Түүний махбодын дүр нь, махбодод ажиллаж байхад нь Түүнийг дагадаг хүмүүст буюу хязгаарлагдмал тооны хүмүүст л харагддаг. Ийм учраас одоо гүйцэтгэж байгаа ажлыг нууцаар хийдэг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 2
Өнөөдөр Бурхан фарисайчуудтай харилцдаггүй, мөн дэлхий ертөнцөд ч мэдэгддэггүй бөгөөд Түүнийг мэддэг хүмүүс бол Түүнийг дагадаг та нар л юм, учир нь Тэр дахин цовдлогдохгүй. Нигүүлслийн эрин үед Есүс сайн мэдээний ажлынхаа төлөө газар нутаг даяар ил тод номлосон. Цовдлолын ажлын төлөө Тэр фарисайчуудтай харилцсан; хэрвээ Тэр фарисайчуудтай харилцаагүй, эрх мэдэлтэй байсан хүмүүс Түүнийг огт мэддэггүй байсан бол яаж Тэр яллагдаж, дараа нь урвалт амсаж, загалмайд цовдлогдож чадах юм бэ? Иймээс Тэр цовдлолын төлөө фарисайчуудтай харилцсан юм. Өнөөдөр Тэр сорилтоос зайлсхийхийн тулд Өөрийн ажлыг нууцаар хийдэг. Бурхан хоёр удаа бие махбодтой болоход ажил болон ач холбогдол нь өөр, орчин нөхцөл нь ч өөр байдаг, тэгвэл Түүний хийдэг ажил яаж бүхэлдээ адилхан байж болох юм бэ?
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 3
Би та нарт хэлье, тэмдгийн улмаас Бурханд итгэдэг хүмүүс бол гарцаагүй устгагдах ангилалд багтдаг. Махбодоор эргэн ирсэн Есүсийн үгийг хүлээн зөвшөөрөх чадваргүй хүмүүс бол гарцаагүй тамын үр удам, тэргүүн тэнгэрэлчийн үр хойч, мөнхийн сүйрэлд өртөх ангилал юм. Олон хүн Миний хэлсэн зүйлийг тоохгүй байж магад, гэвч Есүс тэнгэрээс цагаан үүлэн дээр бууж ирэхийг хоёр нүдээрээ харах үед чинь зөвт байдлын Нар олон нийтэд үзэгдэнэ гэдгийг Би Есүсийг дагадаг ариун хүмүүс гэгддэг хүн бүрд хэлэхийг хүсэж байна. Есүс тэнгэрээс буун ирж буйг нүдээр үзэх тэр үе чамд маш сэтгэл догдлом мөч байж болох ч энэ үе бас шийтгүүлэхээр там руу буух үе чинь гэдгийг мэдэх хэрэгтэй. Энэ нь Бурханы удирдлагын төлөвлөгөөний төгсгөлийн цаг үе байх бөгөөд Бурхан сайныг шагнаж, мууг шийтгэх үе байх болно. Учир нь, хүн тэмдгийг харахаас өмнө, үнэний илэрхийлэл л байх үед Бурханы шүүлт дууссан байх болно. Үнэнийг хүлээн авдаг, тэмдгийг эрж хайдаггүй хүмүүс ариусаж, Бурханы сэнтийн өмнө эргэн ирж, Бүтээгчийн тэвэрт орсон байх болно. “Цагаан үүл хөлөглөн ирээгүй Есүс бол хуурамч Христ” хэмээн муйхарлан итгэдэг хүмүүс мөнхийн шийтгэл хүртэнэ, учир нь тэд тэмдэг үзүүлдэг Есүст л итгэдэг, харин хатуу шүүлт зарлан, амийн үнэн замыг гаргадаг Есүсийг хүлээн зөвшөөрдөггүй. Тэгэхээр Есүс цагаан үүлэн дээр ил тодоор эргэн ирэх үедээ л үүнийг шийдвэрлэх болно.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Есүсийн сүнслэг биеийг харах үед чинь Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно
Тайлбар:
1. “Ердийн хандлагынхаа эсрэгээр” гэдэг нь Бурханыг мэдэж авмагцаа Бурханы талаарх хүмүүсийн үзэл, бодол санаа өөрчлөгддөгийг хэлдэг.
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?