Үнэнч хүн болон ов мэхтэй хүний хоорондох ялгаа юу вэ?
Холбогдох Бурханы үг:
Бусдыг сэжиглэдэггүй хүмүүсийг Би маш их үнэлдэг ба үнэнийг дуртайяа хүлээн зөвшөөрдөг хүмүүс Надад таалагддаг; ийм хоёр төрлийн хүмүүсийг Би асар их халамжилна, учир нь Миний нүдээр бол тэд үнэнч хүмүүс билээ. Хэрвээ чи ов мэхтэй бол бүх хүн, бүх хэрэг явдалд сэрэмжилж, сэжиглэж хандах бөгөөд тиймээс Надад итгэх итгэл чинь хардлагын суурин дээр үндэслэнэ. Ийм итгэлийг Би хэзээ ч хүлээн зөвшөөрч чадахгүй. Жинхэнэ итгэлгүй болохоор чамд жинхэнэ хайр бүр ч байдаггүй. Хэрвээ чи Бурханд эргэлзэж, Түүний талаар хүссэнээрээ боддог бол гарцаагүй хамгийн зальтай хүн юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Газар дээрх Бурханыг хэрхэн мэдэх вэ
Зарим хүн Бурханы өмнө ёсорхуу, зүй зохистой байж, “хүмүүжилтэй” байхаар хүч чадлаа дайчилдаг ч Сүнсний өмнө хамаг эрээ цээрээ алддаг. Та нар ийм хүмүүсийг үнэнч хүмүүсийн тоонд оруулах уу? Хэрвээ чи хоёр нүүртэй, мөн “хүн хоорондын харилцаанд” чадварлаг бол Би чамайг гарцаагүй Бурханаар даажигнадаг хүн гэж хэлнэ. Хэрвээ үг чинь шалтаг болон хэрэггүй зөвтгөлөөр дүүрэн бол Би чамайг үнэнийг хэрэгжүүлэх дургүй хүн гэж хэлнэ. Хэрвээ чамд хуваалцахыг хүсдэггүй олон нууц байдаг бол, хэрвээ чи өөрийнхөө нууцыг буюу өөрийнхөө бэрхшээлийг бусдын өмнө дэлгэж, гэрлийн замыг эрж хайх маш дургүй бол чи авралыг амархан хүртэж, харанхуйгаас хялбархан гарч ирж чадахгүй хүн юм гэж Би хэлнэ. Хэрвээ үнэний замыг эрж хайх нь чамд тун таалагддаг бол чи үргэлж гэрэлд амьдардаг хүн юм. Хэрвээ чи Бурханы гэрт үйлчлэл үзүүлэхдээ тун их баяртай байж, нэрд гаралгүйгээр хичээнгүйлэн, чин сэтгэлээсээ ажиллаж, үргэлж өгч, хэзээ ч авдаггүй бол Би чамайг үнэнч ариун хүн гэж хэлнэ, учир нь чи шагнал эрэлхийлдэггүй, зүгээр л үнэнч шударга хүн байдаг. Хэрвээ чи илэн далангүй байхыг хүсдэг бол, байгаа бүхнээ зарлагадахыг хүсдэг бол, Бурханы төлөө амиа золиосолж, гэрчлэлдээ бат зогсож чаддаг бол, мөн Бурханыг хангалуун байлгахыг л мэддэг, өөрийгөө боддоггүй, өөрийнхөө төлөө юм авдаггүй байх хэмжээнд үнэнч шударга бол ийм хүмүүс гэрлээр тэтгэгддэг, хаанчлалд үүрд амьдрах хүмүүс юм гэж Би хэлнэ. Чиний дотор жинхэнэ итгэл, жинхэнэ үнэнч зан байгаа эсэхийг, Бурханы төлөө зовсон баримт чамд байгаа эсэхийг болон Бурханд бүрэн захирагдсан эсэхээ чи мэдэх ёстой. Хэрвээ чамд эдгээр зүйл байдаггүй бол чиний дотор дуулгаваргүй байдал, заль мэх, шунал, гомдол үлдсэн байдаг. Зүрх сэтгэл чинь огт үнэнч шударга биш учраас чи Бурханд хэзээ ч эерэгээр хүлээн зөвшөөрөгдөөгүй бөгөөд хэзээ ч гэрэлд амьдраагүй. Хүний хувь заяа эцэстээ яах нь түүнд үнэнч шударга, халуун сэтгэл байгаа эсэхээс болон цэвэр ариун сүнс байгаа эсэхээс хамаардаг. Хэрвээ чи маш үнэнч бус, хорлонт сэтгэлтэй, бохир сүнстэй хүн бол хувь заяаны чинь бүртгэлд бичигдсэнээр хүнийг шийтгэдэг газар очиж таарах нь гарцаагүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Гурван сануулга
Ов мэхтэй хүн өөрийнхөө хамаатнуудыг, бүр хүүхдүүдээ ч гэсэн оролцуулаад хэнийг ч зальдана. Чи түүнтэй хэчнээн илэн далангүй байх нь хамаагүй тэр чамаар тоглоом шоглоом хийнэ. Энэ бол түүний уг чанарын жинхэнэ дүр төрх—тэр ийм уг чанартай. Үүнийг өөрчлөхөд хэцүү бөгөөд тэр цаг үргэлжид тийм байдаг. Үнэнч хүмүүс заримдаа зальжин, ов мэхтэй зүйл хэлж болох боловч тийм хүн ихэнхдээ харьцангуй үнэнч байдаг; тэрээр аливааг шулуун шударгаар хийдэг бөгөөд бусадтай харилцах үедээ тэднийг ашигладаггүй. Бусадтай ярих үедээ тэднийг туршихын тулд аливааг санаатайгаар хэлдэггүй; зүрх сэтгэлээ нээж, бусадтай ярилцаж чаддаг бөгөөд нэлээд шударга хүн гэдгийг нь хүн бүхэн хэлдэг. Түүнд ов мэхтэй байдлаар ярих үе мөн л байдаг; гэхдээ тэрээр ов мэхтэй хүн биш учраас тэр нь ердөө завхарсан зан чанарын илэрхийлэл бөгөөд түүний уг чанарыг төлөөлдөггүй.
Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”
Лавлагаанд зориулсан номлол, нөхөрлөлийн эшлэлүүд:
Үнэнч хүмүүс болон зальжин хүмүүс уг чанарынхаа ялгаанаас үүдэн ааш авир, биеэ авч явдаг байдлаараа ч мөн асар их ялгаатай байдаг. Чуулганы дотор үнэнч хүмүүс амархан төгс болгуулдаг бол зальжин хүмүүс амархан төгс болгуулдаггүй. Учир нь үнэнч хүмүүс үнэнийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байдаг бөгөөд үнэнийг хэрэгжүүлж чаддаг, харин зальжин хүмүүс үнэнийг үнэхээр хүлээн зөвшөөрлөө ч гэсэн хэрэгжүүлэхэд бэрх байдаг. Үнэнч хүмүүс Бурханд итгэхдээ Бурханд зүрх сэтгэлээ өгч чаддаг бол зальжин хүмүүс тэгж чаддаггүй. Үнэнч хүмүүс Бурханы төлөө зарлагадахын тулд бүхнийг зориулж чаддаг бол зальжин хүмүүс хариу нэхэж, болзол тавихдаа гарамгай юм. Үнэнч хүмүүсийн зүрх сэтгэл цайлган агаад чин үнэнч байдаг бол зальжин хүмүүсийн зүрх сэтгэл нь зальхай, хувирамтгай байдаг. Үнэнч хүмүүс Бурханыг өөрсдөөс нь ямар нэг зүйл шаардах бүрд Түүний сэтгэлийг хангалуун байлгахын тулд бүхий л хүчин чармайлтаа дайчилдаг бол зальжин хүмүүс хийдэг ямар ч үүрэгтээ хайхрамжгүй хандаж, өөртөө үргэлж арын хаалга үлдээдэг. Үнэнч хүмүүс үг яриа, үйл хөдлөлийнхөө аль алинд итгэл даах талаар онц анхаарч, Бурханыг ч, бусад хүнийг ч хуурахаар хичээдэггүй бол зальжин хүмүүс хэнийг ч улайм цайм хуурдаг бөгөөд өөрсдийнхөө зорилгод л хүрч байвал үүнийгээ тоодоггүй. Үнэнч хүмүүс бусадтай нөхөрлөхдөө уужим сэтгэлтэй байдаг бөгөөд хувийн ашиг, алдагдлаар наймаалцдаггүй, мөн сэтгэл хөдлөлийг онцлон шударга журмыг дэмждэг бол зальжин хүмүүс үргэлж бусадтай тэмцэлдэн, ашиг хонжоо харж, бусад хүнээр тоглоом хийхдээ гаргууд байдаг. Үнэнч хүмүүс бусадтай харьцахдаа зүрх сэтгэлээ нээж, зүрх сэтгэлд нь байгаа зүйлийг ярьж, үнэнч, ний нуугүй байж чаддаг бол зальжин хүмүүс бусдаас нууцаар хар буруу санаа өвөрлөж, бусадтай эвтэй байх чадваргүй байдаг. Үнэнч хүмүүс үг яриа, биеэ авч явах байдалдаа шулуун, шударга бөгөөд яг таг, илэн далангүй байдаг бол зальжин хүмүүс бултамтгай байж, үг яриа, үйл хөдлөлдөө хорон санаа өвөрлөж, нэг зүйл хэлээд нөгөөг хийдэг. Үнэнч хүмүүс цайлган агаад нээлттэй, гэм зэмгүй, цоглог байдаг ба Бурхан ч, бусад хүн ч тэднийг хайрладаг бол зальжин хүмүүс өөдгүй сэдэл өвөрлөн, нөхцөл байдлын дагуу хуурамч дүр эсгэдэг, мөн тэд асар их худал хуурмаг, хоёр нүүртэй байдаг бөгөөд Бурхан ч, бусад хүн ч тэднийг жигшдэг. Энэ бүх илрэл нь үнэнч хүмүүс болон зальжин хүмүүсийн хоорондох ялгаа билээ.
Дээрхийн нөхөрлөлөөс эш татав
Хэрэв хүмүүс үнэнч биш бол Бурханы таалалд нийцэхгүй бөгөөд олны дунд бат зогсож чадахгүй. Үнэнч хүмүүст Бурхан төдийгүй, хүмүүс ч дуртай байдаг. Хүнүүс яагаад үнэнч хүнд дуртай байдаг вэ? Нэг талаар тэд итгэл даадаг. Тэдэнтэй холбоотой байх үед тайван, тогтвортой санагдаж, хар сэжиггүй байдаг. Түүнчлэн хэтийн бэрхшээлд санаа зовдоггүй, мөн өөрийг чинь хуурч мэхлэн, хор хөнөөл учруулахаар оролдох вий гэж зовнидоггүй. Гол нь үнэнч хүмүүс бусдад туслан, зүрх сэтгэлээ бусдад нээж, бусдад ач тустай байж чаддаг. Үнэнч хүмүүс Бурханд итгэж байхдаа үнэнийг хайрлан, хэрэгжүүлж чаддаг бөгөөд Бурханд хайрлуулдаг учраас Ариун Сүнс тэдэн дээр ажилладаг. Үнэнч хүнд Ариун Сүнс ажиллах үед тэрээр Бурханы нигүүлслийг хүртэж, үнэнийг ойлгох чадвартай болж, жинхэнэ хүний төрхийг амьдран харуулна. Иймээс үнэнч хүнд бусад нь дуртай байдаг. Түүнчлэн үнэнч хүмүүстэй холбоотой байх нь хэрхэн биеэ авч явах, хэрхэн үйлдэх, үнэнийг хэрхэн хэрэгжүүлэхэд сургаж, эцэст нь хэвийн хүний төрхийг амьдран харуулах боломж олгодог. Хүмүүс яагаад ов мэхтэй хүмүүст дургүй байдаг вэ? Бурхан яагаад ов мэхтэй хүмүүсийг жигшдэг вэ? Ов мэхтэй хүмүүсийн завхралын илэрхийлэл нь юу вэ? Уг чанар болон мөн чанар нь юу вэ? Тэд бусдад юу авчирдаг вэ? Ов мэхтэй хүмүүс нь завхарсан зан чанарынхаа мөн чанараас үүдэн туйлын аминчхан байдаг. Тэд өөрсдийнхөө төлөө бүхнийг хийж, амин хувийн таашаалаа л эрэлхийлдэг бөгөөд бусдыг харгалзан үздэггүйн дээр бусад хүн үхнэ үү, сэхнэ үү тоодоггүй. Энэ бол хамгийн аминчхан, жигшүүртэй хүн юм. Хэрэв үнэнч бус хүн чуулганд эрх баривал Бурханы сонгосон хүмүүс ямар нэг ашиг тус хүртэх үү? Бурханы сонгосон хүмүүс Бурханы үгийг идэж уух замаар ямарваа зүйл олж авч чадах эсэх, үнэнийг олж авч, бодит байдалд орж, Бурханд итгэх зөв замд орж, аврагдаж чадах эсэхийг тийм хүн харгалзан үздэггүй. Харин, “Би л таашаал эдэлж, байр сууриа олж, олноос онцгойрон, бусдыг хянаж байвал сэтгэл минь ханаж, сайхан байна!” хэмээн боддог. Махан биеийнх нь хүсэл л ханавал болчихдог, Бурханы сонгосон хүмүүсийн үхэх, сэхэхийг харгалзан үздэггүй. Ов мэхтэй хүний хамгийн чухал тал нь энэ бус уу? Иймээс ов мэхтэй хүний мөн чанарын цөм нь өөрийгөө л анхаарч, махан биеийн таашаал хайж, бусад хүн үхнэ үү, сэхнэ үү тоодоггүй.
“Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл” номоос эш татав
Үнэнч хүмүүс үнэнд хайртай учраас үнэнийг эрэлхийлдэг. Ов мэхтэй хүмүүс үнэнд хайргүй. Тэд хоосон сургаалд дуртай бөгөөд хүмүүст аливааг тайлбарлаж, онгирох дуртай тул номлох, үг хэлэхэд ихээхэн анхаарал хандуулдаг. Ов мэхтэй хүмүүс гадна төрхдөө анхаардаг. Энэ нь бусдад харуулах гэж л Бурханд залбирдаг байсан фарисайчуудтай яг адил юм. Тэд дөрвөн зүг, найман зовхисын хүмүүст харагдахын тулд замын уулзварт залбирдаг байжээ. Гаднаа нэлээд сүсэг бишрэлтэй харагддаг байсан ч, үнэн хэрэгтээ тэд шал хуурамч, шал хулхи байсан юм. Үнэнч хүмүүс үнэнд хайртай. Тэд Бурханы өмнө үнэнийг эрэлхийлэх, Бурханы хүслийг ухаарах, Бурханыг хангалуун байлгахад бэлэн байхаас өөрийг боддоггүй бөгөөд эдгээрээс өөрийг хүсдэггүй. Тэд элдэв янзын зальхай явуулга өвөрлөдөггүй бөгөөд тийм олон аминч, жигшүүртэй санаа тэдэнд байдаггүй. Тэд цэвэр ариун зүрх сэтгэлтэй. Тэгээд бүх зүйл дээр: “Бурханыг би яаж хангалуун байлгаж болох вэ? Бурханы жинхэнэ хүсэл юу вэ?” гэх энэ ганц бодлыг л нарийвчлан тунгаадаг. Хэрэв ойлгохгүй бол ойлгон ойлготлоо тасралтгүй залбирч, энэ тухай тасралтгүй тунгаан боддог. Ийм хүмүүс нь үнэнч хүмүүс юм. Үнэнч хүмүүс Бурханы өмнө залбирахдаа үнэнийг эрж хайхаас өөр юу ч гуйдаггүй. Хэрэв тэд залбирахдаа үнэнийг эрж хайж, Бурханы хүслийг ухаарахгүй бол хэлэх үг ч байхгүй мэт санагдана, учир нь эдгээрээс өөр юмны төлөө залбирах нь тэдэнд утгагүй, хий хоосон санагддаг. Тэд худал үг хэлэхийг хүсдэггүй. Ов мэхтэй хүмүүс ийм байдаггүй. Тэд үргэлж Бурханы өмнө онгирч, өөрсдийн бодлыг ярьж, чадвараа харуулж, амжилтаа гайхуулж байдаг. Үнэн хэрэгтээ тэдний хийдэг бүхэн нь бусдад харуулахын төлөө байдаг, ингэснээр тэд бусдаар хүлээн зөвшөөрүүлж, магтуулж, үгээ сонсгох гэдэг. Үнэнийг эрэлхийлдэггүй, Бурханы хүслийг эрж хайн, ухаарахаар оролддоггүй, үнэний төлөө ангаж цангадаггүй бүх хүн нь ов мэхтэй, хоёр нүүртэй хүмүүс билээ…
“Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл” номоос эш татав
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?