Бурханы ашигласан хүмүүсийн үнэнтэй нийцдэг үг болон Бурханы Өөрийн үгийн хоорондох ялгаа
Холбогдох Бурханы үг:
Миний үг бол үүрд үл өөрчлөгдөх үнэн юм. Би бол хүний амийн тэжээл бөгөөд хүн төрөлхтний цорын ганц хөтөч билээ. Миний үгийн үнэ цэн болон утга учир нь хүн төрөлхтөнд танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн эсэхээр бус, харин үгийн өөрийнх нь мөн чанараар тодорхойлогддог. Энэ газар дэлхий дээр Миний үгийг ганц ч хүн хүлээн авахгүй байлаа ч гэсэн Миний үгийн үнэ цэн болон хүн төрөлхтөнд өгөх тусламжийг ямар ч хүн хэмжихийн аргагүй. Иймд Миний үгэнд тэрсэлж, үгийг минь няцаах юм уу, анзаардаггүй олон хүнтэй учрах үедээ Би ийм л хандлагатай байдаг: Цаг хугацаа болон баримтууд Миний гэрч болж, Миний үг бол үнэн, зам, амь юм гэдгийг харуулаг. Миний хэлсэн бүхэн зөв болохыг, энэ нь хүний эзэмших ёстой зүйл гэдгийг, мөн түүнчлэн энэ нь хүний хүлээн авах ёстой зүйл гэдгийг тэдэнд харуулаг. Намайг дагадаг бүх хүнд Би дараах баримтыг мэдэгдэх болно: Миний үгийг бүрэн хүлээн авч чаддаггүй хүмүүс, Миний үгийг хэрэгжүүлж чаддаггүй хүмүүс, Миний үгээс зорилго олж чаддаггүй хүмүүс, Миний үгийн ачаар аврал хүлээн авч чаддаггүй хүмүүс бол Миний үгээр яллагдсан, түүнчлэн Миний авралыг алдсан хүмүүс бөгөөд Миний саваа хэзээ ч тэднээс холдохгүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Та нар үйл хэргээ бодолцож үзэх учиртай
Бурханы хэлдэг үг гаднаа энгийн ч бай, гүн гүнзгий ч бай, амь руу ороход хүнд шаардлагатай бүх үнэн юм; тэдгээр нь сүнсээрээ болон махан биеэрээ амьд үлдэх боломжийг хүнд олгодог амийн усны эх булаг билээ. Тэдгээр нь хүнийг амьд үлдэхэд хэрэгтэй зүйлээр; өдөр тутмын амьдралдаа биеэ авч явахад нь зориулсан зарчим, итгэл үнэмшлээр; аврагдахын тулд хүний дамжин өнгөрөх ёстой зам, зорилго болон чиглэлээр; Бурханы өмнө бүтээгдсэн зүйл нь болохын хувьд эзэмших ёстой бүх үнэнээр; Бурханыг хэрхэн дуулгавартай дагаж, шүтэн мөргөх тухай бүх үнэнээр хангадаг. Тэр нь хүний амьд үлдэх баталгаа, хүний өдөр тутмын талх төдийгүй, хүнийг хүчтэй, тэсвэртэй болгодог бат бөх дэмжлэг юм. Тэр нь бүтээгдсэн хүн төрөлхтний амьдран харуулдаг хэвийн хүн чанарын үнэний бодит байдлаар баялаг, хүн төрөлхтнийг завхралаас чөлөөлж, Сатаны урхинаас мултлах үнэнээр баялаг, Бүтээгчээс бүтээгдсэн хүмүүст өгсөн чин сэтгэлийн сургаал, сануулга, зоригжуулалт болон тайтгарлаар баялаг байдаг. Тэр нь бүхий л эерэг зүйлийг ойлгоход хүмүүсийг удирдан гэгээрүүлдэг гэрэлт цамхаг, зөв шударга, сайн бүхнийг амьдран харуулж, эзэмшихэд хүнийг хүргэдэг баталгаа, хүмүүс, үйл явдлууд болон эд зүйлсийг бүгдийг нь хэмждэг хэмжүүр, мөн түүнчлэн хүмүүсийг аврал болон гэрлийн зам руу хөтөлдөг жолоодлогын тэмдэг юм.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Өмнөх үг
Миний яриа Миний оршихуйг төлөөлдөг боловч Миний хэлдэг зүйлд хүн хүрэхийн аргагүй. Миний хэлдэг зүйл бол хүний туулдаг зүйл биш, мөн хүний харж чадах зүйл биш; мөн хүний хүрч чадах зүйл биш, харин Би юу болох юм. Зарим хүн Миний нөхөрлөдөг зүйлийг үзэж туулсан зүйлс маань гэж л ойлгодог, гэхдээ энэ нь Ариун Сүнсний шууд илэрхийлэл гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Мэдээж Миний хэлдэг зүйлс Миний туулсан зүйл мөн. Би удирдлагын ажлыг зургаан мянган жил хийсэн. Би хүн төрөлхтөн бүтээгдэхээс эхлээд одоог хүртэлх бүхнийг туулсан; Би яаж энэ талаар ярьж чадахгүй байх юм бэ? Хүний уг чанарын тухайд гэвэл Би үүнийг тодорхой харсан; Би үүнийг аль эртнээс ажигласан. Тийм байхад Би яаж үүнийг тодорхой ярьж чадахгүй байх юм бэ? Хүний мөн чанарыг тодорхой харсан тул Би хүнийг гэсгээж, шүүхэд тохирно, учир нь бүх хүн Надаас үүссэн боловч Сатанаар завхруулагдсан. Мэдээж Би бас Өөрийн хийсэн ажлыг үнэлж дүгнэхэд тохирно. Хэдийгээр энэ ажлыг Миний махбод хийгээгүй ч, энэ нь Сүнсний шууд илэрхийлэл бөгөөд Надад юу байгаа, Би хэн болох юм. Тиймээс Би үүнийг илэрхийлж, Өөрийн хийх учиртай ажлыг хийхэд тохирно. Хүмүүсийн ярьдаг зүйл бол тэдний туулсан зүйлс юм. Энэ нь тэдний үзсэн зүйл, оюун ухаанаараа хүрч чадах зүйл бөгөөд мэдрэхүйгээрээ мэдэрч чадах зүйлс юм. Энэ л тэдний нөхөрлөж чадах зүйл билээ. Бурханы махбод болсон биеийн хэлсэн үг нь Сүнсний шууд илэрхийлэл бөгөөд Сүнсний хийсэн ажлыг илэрхийлдэг. Махбод нь үүнийг туулаагүй, хараагүй ч махбодын мөн чанар нь Сүнс учраас Түүний оршихуйг илэрхийлсээр байдаг ба Тэрээр Сүнсний ажлыг илэрхийлдэг. Махан бие үүнд хүрэх боломжгүй ч энэ нь Сүнсний аль хэдийн хийчихсэн ажил юм. Бие махбодтой болсныхоо дараа Тэрээр махбодын илэрхийллээр дамжуулан хүмүүст Бурханы оршихуйг мэдүүлж, Бурханы зан чанар болон Түүний хийсэн ажлыг харуулдаг. Хүний ажил нь юунд орох ёстой, юу ойлгох хэрэгтэйг хүмүүст илүү тодорхой болгож өгдөг; энэ нь хүмүүсийг үнэний тухай ойлголт, туршлага руу хөтөлдөг. Хүний ажил хүмүүст дэмжлэг үзүүлэхийн төлөө; Бурханы ажил нь хүн төрөлхтөнд шинэ зам, шинэ эринийг нээж, мөнх бус хүмүүсийн мэдэхгүй зүйлсийг хүмүүст илчилж, Бурханы зан чанарыг мэдэх боломж олгохын төлөө байдаг. Бурханы ажил бүх хүн төрөлхтнийг удирдан чиглүүлэхийн төлөө байдаг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил ба хүний ажил
Бурханы шууд илэрхийлдэг бүхэн үнэн байдаг байхад Ариун Сүнсний бүх гэгээрэл ердөө л үнэнтэй ницэлтэй байдаг. Учир нь, Ариун Сүнс биеийн хэмжээнийх нь дагуу хүмүүсийг гэгээрүүлдэг бөгөөд тэдэнд үнэнийг шууд илэрхийлж чаддаггүй. Энэ бол чиний ойлгох ёстой зүйл юм. Хэрвээ хүмүүс үнэний үгийн туршлагадаа үндэслэн зарим нэг мэдлэг ухааныг олж авч, жаахан ойлголттой болсон бол үүнийг үнэн гэж тооцох уу? Сайндаа л бид тэднийг үнэний талаар зарим нэг ойлголттой гэж хэлж болно. Ариун Сүнсний гэгээрлийн бүх үг Бурханы үгийг төлөөлдөггүй, үнэнийг төлөөлдөггүй бөгөөд үнэнд хамаардаггүй. Тэр хүмүүс үнэний талаар зарим нэг ойлголттой, Ариун Сүнсний жаахан гэгээрэлтэй гэж л хэлж болно. Хэрвээ хүмүүс үнэний талаар зарим нэг мэдлэг олж аваад дараа нь үүгээр бусдыг хангадаг бол энэ нь ч бас хувийн мэдлэг, туршлагаар хангаж байгаа хэрэг юм. Тэд хүмүүсийг үнэнээр хангаж байгаа юм биш. Үүнийг үнэнийг нөхөрлөж байгаа хэрэг гэж хэлж болно—ингэж хэлэх нь тохиромжтой. Энэ нь энгийн хэрэг биш бөгөөд ихэнх хүн үүнийг бүрэн дүүрэн ухаарч чаддаггүй учраас та нар үүнийг тодорхой ойлгох ёстой; энэ нь ердөө л үнэн зөв тодорхойлох явдал биш, эсвэл чи ердөө бага зэрэг тайлбар төдийхнийг ойлгох хэрэгтэй байдаг юм биш. Чи үнэнээс тодорхой зүйлсийг, хүний эзэмших учиртай зүйлсийг олж авсан байж болох ч энэ нь үнэнийг олж авсан гэсэн үг биш. Чи өөр бусад зүйлсийг үнэнээс олж авсан байж болох боловч одоо үнэний амьтай гэсэн үг биш, чамайг үнэнийх гэж хэлж бүр ч болохгүй—яавч тийм биш юм. Чи зүгээр л өөрийнхөө амийг тэжээхийн тулд зарим нэг шим тэжээлтэй зүйлийг үнэнээс олж авсан, ингэснээр чиний эзэмших ёстой, Бурханд итгэдэг, Бурханыг сэтгэл хангалуун болгодог ямар нэг зүйл чиний дотор байдаг. Бурхан хүмүүсийг хангахын тулд үнэнийг ашиглаж, үнэнээр дамжуулан Өөрийг нь сэтгэл хангалуун болгох, Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуу байх боломж олгодог. Эцэст нь, хүмүүс Бурханы хүслийг бүрэн хангасан байх үед ч тэднийг үнэнийх болсон гэж хэлж болохгүй, тэдний дотор үнэний амь бий гэж хэлж бүр ч болохгүй… Хүн бүхэн үнэнийг туулж чадах боловч тэдний туршлагын нөхцөл байдал өөр байх бөгөөд адилхан үнэнээс хүн нэг бүрийн олж авдаг зүйл өөр байдаг. Гэхдээ хүн бүрийн ойлголтыг нийлүүлсний дараа ч гэсэн чи энэ нэг үнэнийг бүрэн тайлбарлаж бас л чаддаггүй; үнэн тийм гүнзгий байдаг! Чиний олж авсан бүх зүйл болон чиний бүх ойлголт үнэнийг орлож чадахгүй гэж Би яагаад хэлдэг вэ? Хэрвээ чи өөрийнхөө ойлголтыг бусадтай нөхөрлөвөл тэд энэ талаар хоёр, гурван өдөр эргэцүүлээд, дараа нь үүнийг туулах явдлаа дуусгаж болох юм, гэхдээ хүн насан туршдаа ч үнэнийг бүрэн мэдэрч туулж чадахгүй, бүх хүн хамтдаа ч үүнийг нэгд нэггүй туулж чаддаггүй. Тиймээс үнэн бол маш гүн гүнзгий гэдгийг харж болно! Үнэнийг үг ашиглан бүрэн тодорхой илэрхийлэх ямар ч боломжгүй, хүний хэлээр буулгасан үнэн бол хүний онч мэргэн үг юм; хүмүүс үүнийг хэзээ ч бүрэн дүүрэн мэдрэхгүй бөгөөд хүмүүс үүнд тулгуурлан амьдрах ёстой. Үнэний нэг хэсэг нь бүх хүн төрөлхтнийг хэдэн мянган жилийн турш амьдруулж чадна.
Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэн яг юу болохыг чи мэдэх үү?”
Үнэн бол Бурханы Өөрийн амь юм; энэ нь Түүний зан чанар, Түүний мөн чанар, Түүний доторх бүхнийг төлөөлдөг. Хэрвээ чи, бага зэрэг туршлагатай байна гэдэг нь үнэнийг эзэмшинэ гэсэн үг гэж хэлдэг бол Бурханы зан чанарыг төлөөлж чадах уу? Чи үнэний тодорхой тал юм уу хэсгийн талаар жаахан туршлага, эсвэл гэрэлтэй байж болох боловч үүгээрээ бусдыг үүрд хангаж чадахгүй, иймээс олж авсан энэ гэрэл чинь үнэн биш; энэ ердөө хүмүүсийн хүрч чадах тодорхой түвшин юм. Энэ нь зүгээр л хүнд байх ёстой зүй зохистой туршлага, зүй зохистой ойлголт: үнэний талаарх бодитой туршлага болон мэдлэг юм. Туршлагад үндэслэсэн энэхүү гэрэл, гэгээрэл болон ойлголт нь хэзээ ч үнэнийг орлож чадахгүй; бүх хүн энэ үнэнийг бүрэн туулаад, туршлагаар олсон энэ ойлголтоо бүгдийг нь нийлүүлсэн ч гэсэн тэр ганц үнэний орыг эзэлж бас л чадахгүй. Урьд нь хэлж байсанчлан, “Үүнийг Би хүний ертөнцийн зарчмаар нэгтгэн дүгнэе: Хүмүүсийн дунд Намайг хайрладаг хэн ч үгүй.” Энэ бол үнэний үг; амьдралын жинхэнэ мөн чанар юм. Энэ нь хамгийн гүн гүнзгий зүйл; Бурханы Өөрийн илэрхийлэл юм. Чи үүнийг туулсаар байж болох бөгөөд гурван жилийн турш туулах юм бол өнгөц ойлголттой болно; долоо юм уу найман жил туулах юм бол бүр ч их ойлголт олж авах ч ойлголт чинь үнэний тэр нэг үгийг орлож хэзээ ч чадахгүй. Өөр хүн үүнийг хоёр жилийн турш туулсныхаа дараа жаахан ойлголттой болж магадгүй бөгөөд арван жил туулаад арай илүү гүн гүнзгий ойлголттой болж, насан туршдаа туулсныхаа дараа улам илүү ойлголттой болж магад—гэхдээ та хоёр олж авсан ойлголтоо нэгтгэсэн ч гэсэн—хэчнээн их ойлголт, хэдий их туршлага, хэр их ухаарал, хэдий их гэрэл, хэчнээн их үлгэр жишээтэй боллоо ч гэсэн—энэ бүхэн чинь үнэний тэр нэг үгийг орлож бас л чадахгүй. Өөрөөр хэлбэл, хүний амь үргэлж хүний л амь байх бөгөөд ойлголт чинь үнэнтэй, Бурханы санаа зорилготой, Бурханы шаардлагатай хэчнээн их нийцэж байх нь хамаагүй, үнэнийг орлож хэзээ ч чадахгүй гэж хэлж байна. Хүмүүс үнэнийг олж авсан гэж хэлэх нь тэдэнд зарим нэг бодит байдал байдаг, үнэний талаарх бага зэрэг ойлголт байдаг, Бурханы үгийн зарим бодит оролт байдаг, Бурханы үгийн талаарх зарим бодит туршлага байдаг, мөн тэд Бурханд итгэх итгэлдээ зөв зам дээр байдаг гэсэн утгатай. Бурханы цорын ганц үг л хүн насан туршдаа туулахад хангалттай байдаг; хүмүүс хэдэн насныхаа амьдралаар, эсвэл хэдэн мянган жилийн турш туулсан ч гэсэн ганц үнэнийг бүхэлд нь, нэгд нэггүй туулж мөн л чадахгүй…
…Чи Бурханы үгийн талаар бага зэрэг туршлагатай бөгөөд үнэний талаарх ойлголтынхоо дагуу амьдарч байгаа бол Бурханы үг чиний амь болдог. Гэхдээ чи үнэн бол чиний амь, эсвэл чиний илэрхийлж буй зүйл үнэн гэж хэлж бас л болохгүй; хэрэв чи ийм санаа бодолтой бол эндүүрч байна. Хэрвээ чи үнэний нэг талын тухайд зарим нэг туршлагатай бол энэ нь өөрөө үнэнийг төлөөлж чадах уу? Яавч чадахгүй. Тэвэл чи үнэнийг нэгд нэггүй тайлбарлаж чадах уу? Чи үнэнээс Бурханы зан чанар, мөн чанарыг олж мэдэж чадах уу? Чадахгүй. Хүн бүр үнэний нэг тал болон цар хүрээний талаар л туршлагатай байдаг. Үүнийг өөрийнхөө хязгаарлагдмал цар хүрээн дотроос туулснаар чи үнэний бүх талд хүрч чадахгүй. Хүмүүс үнэний анхдагч утгыг амьдран харуулж чадах уу? Чиний өчүүхэн төдий туршлага хэр хэмжээтэй вэ? Далайн эрэг дээрх ганц элсэн ширхэг; далай дахь ганц дусал устай адил. Тиймээс туршлагаараа олж авсан мэдлэг, мэдрэмж чинь хэчнээн эрхэм нандин байсан ч хамаагүй, үнэн гэж тооцож бас л болохгүй. Үнэний эх сурвалж, үнэний утга учир маш өргөн цар хүрээг хамардаг. Юу ч үүнтэй зөрчилдөж чадахгүй. “Миний туршлагын мэдлэг хэзээ ч зөрчилдөхгүй юу?” гэж зарим хүн хэлдэг. Мэдээж үгүй. Бурханы үгийг туулсан туршлагаас чинь гарсан жинхэнэ ойлголт үнэнтэй нийцдэг—энэ хэрхэн зөрчилдөж болох билээ? Ямар ч орчинд үнэн чиний амь байж чадна. Чамд зам өгч, чамайг амьд үлдээж чадна. Хүмүүст байдаг зүйл, хүмүүсийн олж авсан гэрэл нь зөвхөн өөрсдөд нь, эсвэл тодорхой цар хүрээн доторх зарим хүнд зохимжтой байдаг боловч өөр цар хүрээн дотор зохимжгүй байх болно. Хүний туршлага хэчнээн гүн гүнзгий байх нь хамаагүй маш хязгаарлагдмал бөгөөд тэдний туршлага хэзээ ч үнэний цар хүрээнд хүрэхгүй. Хүний гэрэл, хүний ойлголтыг хэзээ ч үнэнтэй харьцуулж болохгүй.
Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэн яг юу болохыг чи мэдэх үү?”
Зөгнөлийн номноос гадна, Хуучин Гэрээний ихэнх нь түүхэн тэмдэглэл юм. Шинэ Гэрээний зарим захидал хүмүүсийн туршлагаас бий болсон, зарим нь Ариун Сүнсний гэгээрлээс гарсан; жишээлбэл, Паулын захидлууд хүний ажлаас үүсэн гарсан, тэдгээр нь бүгд Ариун Сүнсний гэгээрлийн үр дүн байсан бөгөөд чуулгануудын төлөө бичигдсэн, чуулганы ах эгч нарт зориулсан сургамж, зоригжуулалтын үгс байсан юм. Тэдгээр нь Ариун Сүнсний хэлсэн үг биш—Паул Ариун Сүнсний өмнөөс ярьж чадахгүй, тэрээр эш үзүүлэгч ч байгаагүй, тэр ч бүү хэл, Иоханы харсан үзэгдлийг хараагүй. Түүний захидлууд Ефес, Филаделфи, Галатын чуулганууд болон бусад чуулганд зориулан бичигдсэн. Тиймээс Шинэ Гэрээний Паулын захидлууд нь чуулгануудад зориулж бичсэн Паулын захидлууд байсан бөгөөд Ариун Сүнсний онгод биш, мөн Ариун Сүнсний шууд айлдвар ч биш байсан. Тэдгээр нь ердөө л ажлынхаа явцад чуулгануудад бичсэн Паулын сургамж, тайтгаруулалт, зоригжуулалтын үгс байв. Иймээс тэдгээр нь ч бас тухайн үеийн Паулын ихэнх ажлын тэмдэглэл юм. Тэдгээрийг Эзэн доторх бүх ах эгч нарт зориулж бичсэн, ингэснээр тухайн үеийн чуулгануудын ах эгч нар түүний зөвлөгөөг дагаж, Эзэн Есүсийн гэмшлийн замыг даган мөрдөх байлаа. Тухайн үеийн, эсвэл хожмын чуулганууд бүгд өөрийнх нь бичсэн зүйлийг идэж уух ёстой гэж Паул яавч хэлээгүй, мөн түүний үг бүгд Бурханаас ирсэн гэж ч хэлээгүй. Тэр үеийн чуулганы нөхцөл байдлын дагуу тэрээр зүгээр л ах эгч нартай ярилцаж, тэдэнд сургамжилж, итгэлийг нь зоригжуулсан бөгөөд зүгээр л хүмүүст номлож, эсвэл сануулж, сургамжилжээ. Түүний үг өөрийнх нь ачаанд үндэслэсэн бөгөөд эдгээр үгээр дамжуулан хүмүүст тусалж дэмжсэн. Тэрээр тухайн үеийн чуулгануудын элчийн ажлыг хийсэн, Эзэн Есүсийн ашигладаг ажилчин байсан тул чуулгануудын төлөө хариуцлага үүрч, чуулгануудын ажлыг өөртөө авч, ах эгч нарын байдлыг мэдэж авах ёстой байсан—үүнээс болж тэрээр Эзэн доторх бүх ах эгч нарт захидал бичжээ. Түүний хэлсэн, хүмүүсийг босгон байгуулж, тэдэнд эерэг нөлөө үзүүлсэн бүхэн нь зөв байсан боловч энэ нь Ариун Сүнсний айлдварыг төлөөлөөгүй ба энэ нь Бурханыг төлөөлж чадахгүй. Хүмүүс хүний туршлагын тэмдэглэл болон хүний захидлуудыг чуулгануудад хандсан Ариун Сүнсний үг гэж үзэх нь эндүү ташаа ойлголт бөгөөд үлэмж их доромжлол юм! Ялангуяа чуулгануудад бичсэн Паулын захидлын тухайд ийм байдаг, учир нь түүний захидлууд тухайн үеийн чуулган бүрийн нөхцөл байдал, төлөв байдалд үндэслэн, ах эгч нарт зориулан бичигдсэн бөгөөд Эзэн дотор ах эгч нарт сургамжлахын төлөө байсан, ингэснээр тэд Эзэн Есүсийн нигүүлслийг хүртэж чадах байлаа. Түүний захидлууд тухайн үеийн ах эгч нарыг сэргээхийн төлөө байсан. Энэ нь түүний өөрийн ачаа байсан бөгөөд түүнд Ариун Сүнсний өгсөн ачаа байсан гэж хэлж болно; эцсийн эцэст тэр бол тухайн үеийн чуулгануудыг залж чиглүүлж, чуулгануудад захидал бичиж, тэдэнд сургамжилж байсан элч юм, энэ нь түүний үүрэг хариуцлага байлаа. Түүний ялгамж чанар ердөө ажлаа хийж буй элчийнх байсан бөгөөд тэр бол ердөө Бурханы илгээсэн элч байсан юм; тэр эш үзүүлэгч, эсвэл зөнч байгаагүй. Түүний хувьд өөрийнх нь ажил болон ах эгч нарын амь хамгийн чухал байв. Тиймээс тэр Ариун Сүнсний өмнөөс ярьж чадаагүй. Түүний үг Ариун Сүнсний үг байгаагүй, тэр ч бүү хэл тэдгээрийг Бурханы үг гэж хэлж болохгүй, учир нь Паул Бурханы бүтээлээс цаашгүй бөгөөд мэдээж бие махбодтой болсон Бурхан биш байсан. Түүний ялгамж чанар Есүсийнхтэй адил байгаагүй. Есүсийн үг нь Ариун Сүнсний үг байсан, мөн Бурханы үг байсан, учир нь Түүний ялгамж чанар Христийнх, Бурханы Хүүгийнх байсан юм. Паул яаж Түүнтэй адил байж чадах юм бэ? Хэрвээ хүмүүс, Паулынх шиг захидал юм уу үгийг Ариун Сүнсний айлдвар хэмээн үзэж, Бурхан мэт шүтвэл, тэднийг огт ялган салгах чадваргүй гэж хэлж болно. Хатуухан хэлэх юм бол, энэ нь зүгээр л доромжлол биш гэж үү? Хүн яаж Бурханы өмнөөс ярьж чадах юм бэ? Хүмүүс түүний захидлууд болон түүний хэлсэн үгийн тэмдэглэлд мэхийж, тэдгээрийг ариун ном, эсвэл тэнгэрлэг ном шиг үзэж яаж болох юм бэ? Бурханы үгийг хүн санаандгүй хэлж болох уу? Хүн яаж Бурханы өмнөөс ярьж чадах юм бэ? Иймээс чуулгануудад бичсэн захидлуудад нь түүний өөрийн санаа бодол холилдоогүй гэж чи яаж хэлж болох юм бэ? Тэдгээрт яаж хүний санаа бодол холилдоогүй байх юм бэ? Тэрээр хувийн туршлага болон өөрийнхөө мэдлэгт үндэслэн чуулгануудад захидал бичсэн. Тухайлбал, тодорхой нэг санал агуулсан захидлыг Паул Галатын чуулгануудад бичсэн ба Петр өөр өнцгөөс өөр захиа бичсэн. Аль нь Ариун Сүнснээс ирсэн бэ? Хэн ч итгэлтэй хэлж чадахгүй. Тиймээс тэд хоёулаа чуулгануудын төлөө ачаа үүрсэн гэж хэлж болно, гэхдээ тэдний захиа биеийн хэмжээг нь төлөөлдөг, мөн ах эгч нарын төлөө гэсэн тэдний хангалт, дэмжлэг болон чуулганы төлөөх тэдний ачааг төлөөлдөг, тэдгээр нь зөвхөн хүний ажлыг л төлөөлдөг; тэдгээр нь тэр чигтээ Ариун Сүнснийх байгаагүй. Хэрвээ түүний захидлуудыг Ариун Сүнсний үг гэх юм бол чи мунхаг бөгөөд доромжлол үйлдэж байна! Паулын захидлууд болон Шинэ Гэрээний бусад захидал нь орчин үеийн сүнслэг хүмүүсийн дурсамжтай адилхан: Тэдгээр нь Вотчман Нигийн ном, эсвэл Лауренсийн туршлага гэх мэттэй адилхан. Ердөө л орчин үеийн сүнслэг хүмүүсийн ном Шинэ Гэрээнд эмхэтгэгдээгүй, харин энэ хүмүүсийн мөн чанар адилхан: Тэд бол тодорхой хугацаанд Ариун Сүнсний ашиглаж байсан хүмүүс бөгөөд Бурханыг шууд төлөөлж чадаагүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Библийн талаар 3
Хүний хэрэгжүүлэлтийн зам болон үнэний тухай мэдлэг нь бүгд тодорхой цар хүрээнд тохиромжтой. Иймд хүний алхдаг замыг бүхэлдээ Ариун Сүнсний хүсэл гэж хэлж болохгүй, учир нь хүнийг Ариун Сүнс л гэгээрүүлж чадах бөгөөд Ариун Сүнс түүнийг бүрэн дүүргэж чадахгүй. Хүний туулж болох зүйлс бүгд хэвийн хүн чанарын цар хүрээн дотор байдаг ба хэвийн хүний оюун ухаан дахь бодлын хүрээнээс хальж чадахгүй. Үнэний бодит байдлыг амьдран харуулж чаддаг бүх хүн энэ цар хүрээн дотор туршлагаждаг. Тэд үнэнийг туулах үед, энэ нь үргэлж Ариун Сүнсний гэгээрүүлсэн хэвийн хүний амьдралын туршлага байдаг ба хэвийн хүний амьдралаас гаждаг туршлагажих зам биш юм. Тэд хүний амьдралаар амьдарсан суурин дээрээ Ариун Сүнсний гэгээрүүлсэн үнэнийг туулдаг. Түүнчлэн, энэ үнэн нь хүнээс хүнд янз бүр байдаг бөгөөд гүн гүнзгий байдал нь тухайн хүний байр байдлаас хамаардаг. Тэдний алхдаг зам нь үнэнийг эрэлхийлдэг хэвийн хүний амьдрал, мөн Ариун Сүнсний гэгээрүүлсэн хэвийн хүний алхдаг зам гэж хэлж болно. Тэдний алхдаг замыг Ариун Сүнсний алхдаг зам гэж хэлж болохгүй. Эрэлхийлдэг хүмүүс нь адилгүй учраас хэвийн хүний туршлагад Ариун Сүнсний ажил ч бас адилгүй байдаг. Түүнчлэн, хүмүүсийн туулдаг орчин болон туршлагын цар хүрээ адилгүй байдаг учраас, мөн оюун ухаан, бодол нь холилдсон байдаг учраас тэдний туршлага янз бүрийн түвшинд хольцтой байдаг. Хүн бүр тус тусын өөр нөхцөл байдлынхаа дагуу үнэнийг ойлгодог. Үнэний жинхэнэ утга учрын талаарх тэдний ойлголт бүрэн бус байдаг ба ердөө л ганц юм уу цөөн хэдэн тал байдаг. Хүний туулдаг үнэний цар хүрээ нь хүн бүрийн нөхцөл байдалд тулгуурлан хүнээс хүнд үргэлж ялгаатай байдаг. Ийм маягаар, нэг үнэний талаар өөр өөр хүмүүсийн илэрхийлсэн мэдлэг адилхан байдаггүй. Өөрөөр хэлбэл, хүний туршлага үргэлж хязгаартай байж, Ариун Сүнсний хүслийг бүрэн төлөөлж чаддаггүй бөгөөд хүний илэрхийлж буй зүйл Бурханы хүсэлтэй маш ойр нийцэж байсан ч гэсэн, мөн хүний туршлага Ариун Сүнсний явуулдаг төгс болгох ажилтай тун ойр байсан ч гэсэн хүний ажлыг Бурханы ажил гэж үзэж болохгүй. Хүн зөвхөн Бурханы зарц байж, даалгасан ажлыг нь хийж л чадна. Хүн Ариун Сүнсний гэгээрлээс олж авсан мэдлэг болон хувийн туршлагаараа олж авсан үнэнийг илэрхийлж л чадна. Хүн Ариун Сүнсний гарц байхад тэнцдэггүй, мөн болзлыг нь хангадаггүй. Өөрийнх нь ажил бол Бурханы ажил гэж хэлэх эрхгүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил ба хүний ажил
Хүний нөхөрлөл Бурханы үгээс ялгаатай. Хүмүүсийн нөхөрлөдөг зүйл өөрсдийнх нь хэрсүү ухаан болон туршлагыг дамжуулж, Бурханы ажилд үндэслэсэн хэрсүү ухаан, туршлагыг нь илэрхийлдэг. Бурханыг ажиллаж, үг хэлсний дараа, юуг хэрэгжүүлж, юунд орох учиртайгаа олж мэдээд, дараа нь дагалдагчдад дамжуулах нь тэдний хариуцлага юм. Тиймээс хүний ажил өөрийнх нь оролт болон хэрэгжүүлэлтийг төлөөлдөг. Мэдээж ийм ажилд хүний хичээл, туршлага, эсвэл зарим нэг бодол холилдсон байдаг. Ариун Сүнс яаж ч ажилласан бай, хүн дээр, эсвэл бие махбодтой болсон Бурхан дээр ажиллах нь хамаагүй, ажилчид үргэлж юу болохоо илэрхийлж байдаг. Хэдийгээр Ариун Сүнс ажиллаж байгаа боловч тухайн ажил хүн төрөлхөөсөө юу болоход суурилдаг, учир нь Ариун Сүнс суурьгүйгээр ажилладаггүй. Өөрөөр хэлбэл, оргүй хоосноос ажил хийгддэггүй, харин бодит орчин болон жинхэнэ нөхцөл байдалд үргэлж тохирч байдаг. Ийм маягаар л хүний зан чанар өөрчлөгдөж, хуучин үзэл, бодлууд нь өөрчлөгдөж болно. Хүний илэрхийлдэг зүйл нь түүний харж, туулдаг, мөн төсөөлж чадах зүйлс бөгөөд хоосон сургаал, эсвэл үзэл байлаа ч гэсэн, үүнд хүний сэтгэхүйгээр хүрч болохуйц байдаг. Хүний ажил ямар ч хэмжээтэй байсан бай, хүний туршлагын цар хүрээнээс давч чадахгүй, мөн хүний хардаг зүйл, эсвэл хүний төсөөлж, ухан ойлгож чадах зүйлийн цар хүрээнээс ч давж чадахгүй. Бурханы илэрхийлдэг зүйл нь Бурхан Өөрөө юу болох бөгөөд үүнд хүн хүршгүй—өөрөөр хэлбэл, үүнд хүний сэтгэхүйгээр хүрэх аргагүй. Тэрээр бүх хүн төрөлхтнийг удирдан чиглүүлэх ажлаа илэрхийлдэг бөгөөд энэ нь хүний туршлагын нарийн учиртай хамаагүй, харин Өөрийнх нь удирдлагатай холбоотой байдаг. Хүн өөрийн туршлагыг илэрхийлдэг бол Бурхан Өөрийн оршихуйг буюу Өөрийн төрөлх зан чанарыг илэрхийлдэг бөгөөд үүнд хүн хүршгүй. Хүний туршлага нь Бурханы оршихуйн илэрхийлэлд тулгуурлан олж авсан хэрсүү ухаан болон мэдлэг юм. Ийм хэрсүү ухаан болон мэдлэгийг хүний оршихуй гэдэг бөгөөд хүний төрөлх зан чанар, бодит хэв чанарт үндэслэн илэрхийлэгддэг—ийм учраас тэдгээрийг ч бас хүний оршихуй гэж нэрлэдэг. Хүн үзэж, туулдаг зүйлээ нөхөрлөж чаддаг. Өөрсдийн үзэж туулаагүй зүйлийг, эсвэл сэтгэхүйгээрээ хүрч чадахгүй зүйлийг буюу өөрийнх нь дотор эс орших зүйлсийг хэн ч нөхөрлөж чадахгүй. Хэрвээ хүний илэрхийлдэг зүйл туршлагаас нь гардаггүй бол энэ нь түүний төсөөлөл юм уу хоосон номлол байдаг. Энгийнээр хэлбэл, түүний үгэнд ямар ч бодит байдал байдаггүй. Чи нийгмийн зүйлстэй огтхон ч харилцдаггүй бол нийгмийн төвөгтэй харилцааны талаар тодорхой нөхөрлөж чадахгүй. Хэрвээ чамд гэр бүл гэж байхгүй бол бусад хүмүүс гэр бүлийн асуудлын талаар ярилцах үед чи тэдний ярьж байгаа зүйлсийн ихэнхийг ойлгож чадахгүй. Иймээс хүний нөхөрлөдөг зүйл болон хийдэг ажил нь түүний дотоод оршихуйг төлөөлдөг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил ба хүний ажил
Бурханы үгийг хүний үг болгож болохгүй, хүний үгийг Бурханы үг болгож бүр ч болохгүй. Бурханы ашигладаг хүн бол бие махбодтой болсон Бурхан биш, бие махбодтой болсон Бурхан бол Бурханы ашигладаг хүн биш. Энд мөн чанарын ялгаа бий. Эдгээр үгийг уншсаныхаа дараа чи тэдгээрийг Бурханы үг гэж биш, зүгээр л хүний олж авсан гэгээрэл хэмээн хүлээн зөвшөөрч магадгүй. Тэр тохиолдолд чи мэдлэггүй байдлаас болж сохорсон байна. Бурханы үг яаж хүний олж авсан гэгээрэлтэй адил байж болох юм бэ? Бие махбодтой болсон Бурханы үг шинэ эрин үеийг эхлүүлж, бүх хүн төрөлхтнийг залж чиглүүлж, нууцуудыг илчилж, шинэ эрин үед барих чиглэлийг нь хүнд харуулдаг. Хүний олж авсан гэгээрэл нь хэрэгжүүлэлтийн энгийн заавар буюу мэдлэг төдий юм. Энэ нь бүх хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү замчилж, эсвэл Бурханы Өөрийн нууцыг илчилж чадахгүй. Эцсийн эцэст Бурхан бол Бурхан, хүн бол хүн. Бурханд Бурханы мөн чанар байдаг ба хүнд хүний мөн чанар байдаг. Хэрвээ хүн Бурханы хэлсэн үгийг зүгээр л Ариун Сүнсний энгийн гэгээрэл гэж үзээд, элчүүд болон эш үзүүлэгчдийн үгийг Бурханы биечлэн хэлсэн үг гэж авч үзэх юм бол тэр нь хүний алдаа юм. Ямар ч байсан чи хэзээ ч зөв бурууг хольж, өндрийг нам болгож, гүн гүнзгийг өнгөц гэж эндүүрэх ёсгүй; ямар ч байсан чи үнэн гэдгийг нь мэддэг зүйлээ хэзээ ч зориуд няцаах ёсгүй. Бурхан байдаг гэж итгэдэг хүн бүр асуудлыг зөв байр сууриас шинжилж, Бурханы бүтээлийн өнцгөөс Түүний шинэ ажил болон үгийг хүлээн зөвшөөрөх ёстой; эс бөгөөс тэднийг Бурхан таягдан хаяна.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?