Эш үзүүлэгчдийн дамжуулсан Бурханы үг болон бие махбодтой болсон Бурханы илэрхийлсэн үгийн хоорондох ялгаа

2018-01-03

Холбогдох Бурханы үг:

Нигүүлслийн эрин үед Есүс ч бас маш олон үг хэлж, ихээхэн ажил хийсэн. Тэр Исаиагаас ямар ялгаатай байсан бэ? Даниелээс ямар ялгаатай байсан бэ? Тэр чухамдаа эш үзүүлэгч байсан уу? Яагаад Түүнийг Христ гэдэг вэ? Тэдний хоорондох ялгаа юу вэ? Тэд бүгдээрээ үг хэлдэг хүмүүс байсан бөгөөд тэдний үг хүмүүст бараг адилхан харагддаг байсан юм. Тэд бүгд үг хэлж, ажил хийсэн. Хуучин Гэрээний эш үзүүлэгчид зөгнөл хэлдэг байсны адилаар Есүс ч бас тэгсэн. Яагаад тэр вэ? Энд байгаа ялгаа нь ажлын шинж чанарт үндэслэдэг. Энэ асуудлыг ялган танихын тулд чи махан биеийн шинж чанарыг авч үзэх ёсгүй, мөн тэдний үгийн гүн гүнзгий, өнгөц байдлыг ч авч үзэх ёсгүй. Чи үргэлж тэдний ажил болон тэдний ажлын хүнд үзүүлдэг үр нөлөөг эхлээд авч үзэх ёстой. Тухайн үед эш үзүүлэгчдийн хэлсэн зөгнөлүүд нь хүний амийг хангаагүй бөгөөд Исаиа, Даниел зэрэг хүмүүсийн хүлээн авсан онгод нь амийн зам биш, ердөө л зөгнөл байсан. Еховагийн шууд илчлэл байгаагүй бол эгэл хүмүүсийн хийх боломжгүй тэр ажлыг хэн ч хийж чадахгүй байх байсан. Есүс ч гэсэн олон үг хэлсэн, гэхдээ тийм үг нь амийн зам байсан ба хүн үүнээс хэрэгжүүлэх замыг олж чадсан юм. Өөрөөр хэлбэл, нэгдүгээрт, Есүс бол амь учраас хүний амийг хангаж чадсан; хоёрдугаарт, Тэр хүний гажуудлыг өөрчилж чадсан; гуравдугаарт, Тэрээр эрин үеийг үргэлжлүүлэхийн тулд Еховагийн ажлыг залгамжилж чадсан; дөрөвдүгээрт, Тэр хүний доторх хэрэгцээг ухаарч, хүнд юу дутагдаж байгааг ойлгож чадсан; тавдугаарт, Тэр шинэ эрин үеийг эхлүүлж, хуучин эринийг төгсгөж чадсан. Тийм учраас Түүнийг Бурхан, Христ гэж нэрлэдэг; Тэр Исаиагаас төдийгүй бусад бүх эш үзүүлэгчээс өөр юм. Эш үзүүлэгчдийн ажилтай харьцуулахын тулд Исаиаг авч үзье. Нэгдүгээрт, тэр хүний амийг хангаж чадаагүй; хоёрдугаарт, шинэ эрин үеийг эхлүүлж чадаагүй. Тэрээр Еховагийн удирдлага дор ажиллаж байсан болохоос шинэ эрин үеийг эхлүүлэх гэж ажиллаагүй. Гуравдугаарт, түүний хэлсэн зүйл өөрөөс нь давсан байв. Тэрээр Бурханы Сүнснээс шууд илчлэл хүлээн авч байсан ба бусад нь тэдгээрийг сонсчихоод ч ойлгохгүй байсан юм. Түүний үг бол ердөө л зөгнөлөөс цаашгүй, Еховагийн оронд хийсэн ажлын нэг талаас хэтрэхгүй байсан гэдгийг батлахад энэ цөөн хэдэн зүйл дангаараа хангалттай билээ. Гэхдээ тэр Еховаг бүрэн төлөөлж чадаагүй. Тэр бол Еховагийн зарц, Еховагийн ажлын хэрэгсэл байсан юм. Тэрээр зөвхөн Хуулийн эрин үе дотор, Еховагийн ажлын цар хүрээн дэх ажлыг л хийж байсан; тэр Хуулийн эрин үеэс цааш ажиллаагүй. Харин Есүсийн ажил өөр байв. Есүс Еховагийн ажлын цар хүрээг давсан; Тэрээр бие махбодтой болсон Бурхан болж ажилласан бөгөөд бүх хүн төрөлхтнийг золин аврахын тулд цовдлогдсон. Өөрөөр хэлбэл, Тэр Еховагийн хийсэн ажлын гаднах шинэ ажлыг гүйцэтгэсэн юм. Энэ нь шинэ эрин үеийг эхлүүлэх явдал байв. Дээр нь нэмээд Тэр хүний хүрч чадахгүй зүйлсийн талаар хэлж чаддаг байлаа. Түүний ажил нь Бурханы удирдлага доторх ажил байсан бөгөөд бүх хүн төрөлхтөнтэй холбоотой байв. Тэр цөөн хэдхэн хүн дээр ажиллаагүй, Түүний ажил цөөн тооны хүмүүсийг удирдахын төлөө ч байгаагүй. Бурхан яаж бие махбодтой хүн болсон, тухайн үед Сүнс яаж илчлэл өгсөн, Сүнс ажлаа хийхийн тулд хэрхэн хүн дээр бууж ирсэн гэх мэтийн тухайд бол эдгээр нь хүний харж, эсвэл хүрч чадахгүй зүйлс юм. Эдгээр баримт нь Тэр бол бие махбодтой болсон Бурхан мөн гэдгийн нотолгоо болох ямар ч боломжгүй. Иймээс, хүнд мэдэгдэхүйц байдаг Бурханы үг ба ажилд л үндэслэн ялгааг нь харж болно. Зөвхөн энэ л бодитой. Яагаад гэвэл, Сүнсний хэрэг явдал чамд харагддаггүй ба Бурхан Өөрөө л тодорхой мэддэг, Бурханы махбод болсон бие ч бүгдийг нь мэдэхгүй; чи Түүний хийсэн ажлаас нь л Бурхан мөн эсэхийг нь баталж чадна. Түүний ажлаас, нэгдүгээрт, Тэр шинэ эрин үеийг нээж чаддаг; хоёрдугаарт, Тэр хүний амийг хангаж, хүний дагах замыг харуулж чаддаг гэдгийг харж болно. Тэр бол Бурхан Өөрөө гэдгийг тогтооход энэ хангалттай. Хамгийн наад зах нь, Түүний хийдэг ажил Бурханы Сүнсийг бүрэн төлөөлж чадах ба Бурханы Сүнс Түүн дотор байгаа гэдгийг ийм ажлаас харж болно. Бие махбодтой болсон Бурханы хийдэг ажил нь үндсэндээ шинэ эрин үеийг эхлүүлж, шинэ ажлыг удирдан чиглүүлж, шинэ ертөнцийг нээхийн төлөө байдаг учраас Тэр бол Бурхан Өөрөө гэдгийг батлахад эдгээр нь дангаараа хангалттай. Тиймээс энэ нь Түүнийг, Исаиа, Даниел болон бусад агуу эш үзүүлэгчдээс ялгаж байгаа юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн ялгаа

Эш үзүүлэгчдийн зөгнөлийг Бурхан биечлэн зааварчилсан: Исаиа, Даниел, Езра, Иеремиа, Езекиел гэх мэт хүмүүсийн зөгнөлүүд нь Ариун Сүнсний шууд заавраас ирсэн, энэ хүмүүс зөнчид байсан ба зөгнөлийн Сүнсийг хүлээн авсан, мөн бүгд Хуучин Гэрээний эш үзүүлэгчид байсан юм. Хуулийн эрин үед, Еховагийн онгодыг хүртсэн энэ хүмүүс олон зөгнөл хэлж, үүнийг нь Ехова шууд зааварчилж байв. Яагаад Ехова тэдэн дээр ажилласан бэ? Израилийн ард түмэн нь Бурханы сонгосон хүмүүс байсан учраас эш үзүүлэгчдийн ажил тэдний дунд хийгдэх ёстой байсан; тийм учраас эш үзүүлэгчид ийм илчлэл хүлээн авч чаддаг байлаа. Үнэндээ, өөрсдөд нь өгсөн Бурханы илчлэлийг тэд өөрсдөө ч ойлгоогүй. Тэдний амаар дамжуулан Ариун Сүнс тэдгээр үгийг хэлсэн болохоор хожмын хүмүүс тэдгээр зүйлийг ойлгож, энэ нь үнэхээр Бурханы Сүнсний, Ариун Сүнсний ажил бөгөөд хүнээс ирээгүй гэдгийг нь харж, Ариун Сүнсний ажлын баталгааг тэдэнд өгөх байсан юм. Нигүүлслийн эрин үед Есүс Өөрөө энэ бүх ажлыг тэдний оронд хийсэн тул хүмүүс дахин зөгнөл хэлээгүй. Тэгвэл Есүс эш үзүүлэгч байсан уу? Есүс мэдээж эш үзүүлэгч байсан, гэхдээ Тэр бас элчүүдийн ажлыг ч хийж чаддаг байсан—Тэрээр газар нутаг даяар зөгнөл хэлж, тунхаглаж, хүмүүст зааж сургахын аль алийг чаддаг байв. Гэсэн ч Түүний хийсэн ажил болон төлөөлж байсан ялгамж чанар нь адилхан байгаагүй. Тэр бүх хүн төрөлхтнийг золин аварч, хүнийг нүглээс золин аврахаар ирсэн; Тэр эш үзүүлэгч, элч байсан боловч түүнээс ч илүүгээр Тэр бол Христ байсан. Эш үзүүлэгч зөгнөл хэлж болох боловч тийм эш үзүүлэгчийг Христ гэж хэлж болохгүй. Тухайн үед Есүс маш их зөгнөл хэлсэн тул Түүнийг эш үзүүлэгч гэж хэлж болно, гэхдээ Тэр эш үзүүлэгч тул Христ биш гэж болохгүй. Яагаад гэвэл, ажлын нэг үе шатыг биелүүлэхдээ Тэрээр Бурханыг Өөрийг нь төлөөлж байсан бөгөөд ялгамж чанар нь Исаиагийнхаас өөр байсан: Тэр золин авралын ажлыг гүйцэлдүүлэхийн тулд ирж, бас хүний амийг хангасан бөгөөд Бурханы Сүнс Түүнд шууд ирсэн. Түүний хийсэн ажилд Бурханы Сүнсний онгод юм уу Еховагийн заавар байгаагүй. Харин ч Сүнс шууд ажилласан ба Есүс эш үзүүлэгчтэй адил байгаагүйг батлахад энэ нь хангалттай. Түүний хийсэн ажил нь золин авралын ажил байсан бөгөөд зөгнөл хэлэх нь үүний дараагийн зүйл юм. Тэр эш үзүүлэгч, элч байсан, гэхдээ түүнээс ч илүүтэйгээр Золин аврагч байсан билээ. Харин зөнчид зөвхөн зөгнөл хэлж л чаддаг ба өөр ажил хийхэд Бурханы Сүнсийг төлөөлж чаддаггүй байв. Өмнө нь хүний хэзээ ч хийж байгаагүй ихээхэн ажлыг Есүс хийж, хүн төрөлхтнийг золин аврах ажлыг хийсэн учраас Исаиа мэтийн хүмүүсээс өөр байлаа.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Библийн талаар 3

Хаанчлалын эрин үед бие махбодтой болсон Бурхан үгээрээ Өөрт нь итгэдэг бүх хүнийг байлдан дагуулдаг. Энэ нь “Үг нь махбодоор илэрсэн” хэрэг юм; Бурхан эцсийн өдрүүдэд энэ ажлыг хийхээр ирсэн, өөрөөр хэлбэл, “Үг нь махбодоор илэрсэн” бодит ач холбогдлыг биелүүлэхээр ирсэн юм. Тэр зөвхөн үг хэлдэг ба баримт гарч ирэх нь ховор байдаг. Үг нь махбодоор илрэхийн мөн чанар яг энэ бөгөөд бие махбодтой болсон Бурхан үгээ хэлэх үе бол Үг нь махбодоор илэрч, Үг нь махбодод ирж байгаа хэрэг юм. “Анх Үг байв, Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байлаа, тэгээд Үг нь махбод болсон юм.” Энэ (Үг нь махбодоор илрэх ажил) нь эцсийн өдрүүдэд Бурханы гүйцэтгэх ажил бөгөөд Түүний бүхий л удирдлагын төлөвлөгөөний сүүлчийн бүлэг юм, иймээс Бурхан газар дээр ирж, үгээ махбодоор илэрхийлэх ёстой. Өнөөдөр хийдэг зүйл, хожим хийх зүйл, Бурханы гүйцэлдүүлэх зүйл, хүний эцсийн хүрэх газар, аврагдах хүмүүс, устгагдах хүмүүс гэх мэт эцэст нь биелэх ёстой энэ бүх ажлыг бүгдийг нь тодорхой өгүүлсэн ба бүгд Үг нь махбодоор илрэхийн бодит ач холбогдлыг биелүүлэхийн төлөө байдаг. Өмнө нь тунхагласан захиргааны зарлиг болон хууль, устгагдах хүмүүс, амралтад орох хүмүүс зэрэг эдгээр үг бүгд биелэх ёстой. Энэ бол эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурханы голлон биелүүлдэг ажил юм. Бурханы урьдчилан тогтоосон хүмүүс хаана харьяалагдах болон Бурханы урьдчилан тогтоогоогүй хүмүүс хаана харьяалагдахыг, Түүний ардууд болон хөвгүүд хэрхэн ангилагдахыг, Израильд юу тохиолдохыг, Египетэд юу тохиолдохыг Тэрээр хүмүүст ойлгуулдаг бөгөөд ирээдүйд эдгээр үг нэг бүрчлэн биелнэ. Бурханы ажлын алхмууд эрчээ авч байна. Эрин үе бүрд хийгдэх зүйлийг, бие махбодтой болсон Бурханы эцсийн өдрүүдэд хийх зүйлийг болон Түүний биелүүлэх гэж байгаа үйлчлэлийг хүнд илчлэхдээ Бурхан үгийн арга барилыг ашигладаг бөгөөд эдгээр үг нь бүгд Үг нь махбодоор илрэхийн бодит ач холбогдлыг биелүүлэхийн тулд байдаг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүгд Бурханы үгээр биелдэг

Эцсийн өдрүүд дэх ажил нь хүн төрөлхтний хүрэх газар, төгсгөлийг илчилж, хүн төрөлхтний дундах авралын бүх ажлыг төгсгөхийн тулд Ехова, Есүс хоёрын ажлыг болон хүний ойлгодоггүй бүх нууцыг ил болгодог. Эцсийн өдрүүд дэх ажлын энэ үе шат нь бүх зүйлийг дуусгавар болгодог. Эдгээр нууцын гүнд нь орж, зүрх сэтгэлдээ тов тодорхой ойлгох боломжийг хүнд олгохын тулд хүний ойлгоогүй бүх нууцыг дэлгэх ёстой. Тэр үед л хүн төрөлхтнийг төрлийнх нь дагуу ангилж болно. Зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө дууссаны дараа л хүн Бурханы зан чанарыг бүхэлд нь ойлгож авна, учир нь Түүний удирдлага тэр үед дуусчихсан байх болно. Одоо та нар эцсийн эрин үе дэх Бурханы ажлыг туулсан, тэгвэл Бурханы зан чанар юу вэ? Бурхан бол үг хэлдэг Бурханаас цаашгүй гэж чи хэлж зүрхлэх үү? Чи ийм дүгнэлт хийж зүрхлэхгүй. Бурхан бол нууцуудыг тайлдаг Бурхан, Бурхан бол Хурга, мөн долоон лацыг эвддэг Нэгэн гэж зарим хүн хэлнэ. Гэхдээ хэн ч ийм дүгнэлт гаргаж зүрхэлдэггүй. Бусад нь Бурхан бол махбод болсон бие гэж хэлж болзошгүй боловч энэ нь мөн л буруу байна. Бас зарим нь бие махбодтой болсон Бурхан зөвхөн үг хэлдэг бөгөөд тэмдэг, гайхамшиг үзүүлдэггүй гэж хэлж магад боловч чи ийм маягаар ярьж бүр ч зүрхлэхгүй, учир нь Есүс махбод болж, тэмдэг гайхамшиг үзүүлсэн, иймээс чи Бурханыг ийм хөнгөхнөөр тодорхойлж зүрхлэхгүй. Зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний туршид хийгдсэн бүх ажил одоо л төгсгөлдөө ирсэн. Энэ бүх ажлыг хүнд илчилж, хүн төрөлхтний дунд гүйцэтгэсний дараа л тэд Бурханы бүх зан чанарыг болон Түүнд юу байгаа, Тэр юу болохыг мэдэх болно. Энэ үе шатны ажил бүрэн дуусахад хүний ойлгодоггүй бүх нууц илчлэгдсэн байх бөгөөд урьд нь ойлгоогүй байсан бүх үнэн ойлгомжтой болж, хүн төрөлхтөнд ирээдүйн зам, хүрэх газрыг нь хэлсэн байх болно. Энэ бол өнөөгийн үе шатанд хийгдэх бүхий л ажил юм… Өнөөгийн энэ үе шат нь хүмүүсийг дараа нь аврахын тулд гэсгээлт, шүүлт, үгийн цохилт, түүнчлэн үгийн сахилгажуулалт болон илчлэлийн аргаар хүний доторх шударга бус байдлыг ил болгодог. Энэ бол золин авралаас ч илүү гүнзгий ажил билээ. Нигүүлслийн эрин үе дэх нигүүлсэл нь хүн эдлэхэд хангалттай байсан; одоо хүн энэ нигүүлслийг аль хэдийн мэдэрсэн болохоор цаашид дахиж эдлэхгүй. Энэ ажил одоо үеэ өнгөрөөсөн ба цаашид дахиж хийгдэхгүй. Одоо хүнийг үгийн шүүлтээр дамжуулан аварна. Хүнийг шүүж, гэсгээж цэвэршүүлсний дараа зан чанар нь өөрчлөгддөг. Энэ нь бүгд Миний хэлсэн үгээс болдоггүй гэж үү?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4-өөс эш татав

Ажлын энэ эцсийн үе шатанд үгээр дамжуулан үр дүнд хүрдэг. Үгээр дамжуулан хүн олон нууцыг болон өнгөрсөн үеүдийн туршид Бурханы хийсэн ажлын талаар ойлгож авдаг; үгээр дамжуулан хүнийг Ариун Сүнс гэгээрүүлдэг; үгээр дамжуулан хүн өмнөх үеийнхний хэзээ ч тайлаагүй нууцуудыг, мөн түүнчлэн өнгөрсөн үеийн эш үзүүлэгч, элч нарын ажлыг, тэдний ажилласан зарчмыг ойлгож авдаг; үгээр дамжуулан хүн бас Бурханы Өөрийн зан чанарыг болон хүний тэрслүү байдал, эсэргүүцлийг ойлгож, өөрийнхөө мөн чанарыг мэдэж авдаг. Ажлын эдгээр алхам болон хэлсэн бүх үгээр дамжуулан хүн Сүнсний ажлыг, бие махбодтой болсон Бурханы хийдэг ажлыг, үүнээс ч илүүтэйгээр Түүний бүхий л зан чанарыг мэдэж авдаг. Бурханы зургаан мянган жилийн удирдлагын ажлын тухай мэдлэгийг чи бас үгээр дамжуулан олж авсан. Урьдын үзлийн талаарх мэдлэг болон тэдгээрийг орхисон амжилтад бас л үгээр дамжин хүрээгүй гэж үү? Өмнөх үе шатанд Есүс тэмдэг, гайхамшиг үзүүлсэн боловч энэ үе шатанд тэмдэг, гайхамшиг байхгүй. Бурхан яагаад тэмдэг, гайхамшиг илчилдэггүй тухай ойлголтод ч чи бас үгээр дамжин хүрээгүй гэж үү? Тиймээс энэ үе шатанд хэлсэн үг өнгөрсөн үеийн элч нар болон эш үзүүлэгчдийн хийсэн ажлаас даван гардаг. Эш үзүүлэгчдийн хэлсэн зөгнөлүүд ч ийм үр дүнд хүрч чадаагүй. Эш үзүүлэгчид зөвхөн зөгнөл хэлсэн ба тухайн үед Бурханы хийхийг хүсэж байсан ажлыг биш, харин ирээдүйд юу болох тухай л хэлсэн. Тэд хүний амьдралыг залж чиглүүлж, хүнд үнэнийг хайрлаж, эсвэл тэдэнд нууцыг илчлэхийн тулд, тэр ч бүү хэл амь хайрлахын тулд үг хэлээгүй. Энэ үе шатанд хэлсэн үгэнд зөгнөл болон үнэн байдаг боловч үндсэндээ эдгээр үг нь хүнд амь хайрлахын төлөө байдаг. Одоо үеийн үг нь эш үзүүлэгчдийн зөгнөлүүдтэй адилгүй. Энэ нь зөгнөл хэлэхийн төлөө биш, харин хүний амийн төлөөх, хүний амь зан чанарыг өөрчлөхийн төлөөх ажлын үе шат юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4-өөс эш татав

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих