Хүмүүс чин сэтгэлээсээ гэмшсэнээр Бурханы өршөөл, хүлээцтэй байдлыг хүртэнэ (3)
Бурханы өршөөл, хүлээцтэй байдал ховор биш, хүний жинхэнэ гэмшил л ховор юм
Бурхан Ниневе хотынхонд хэчнээн их уурласан ч гэсэн, тэднийг мацаг барихаа зарлаж, таар, үнс өмсмөгц Түүний зүрх сэтгэл нь зөөлөрч, санаа нь өөрчлөгдөж эхэлсэн. Хотыг нь устгах болно гэдгээ тэдэнд тунхаглах үед буюу тэднийг нүглээ улайж, гэмшихээс өмнө, Бурхан тэдэнд уурласан хэвээр байв. Тэднийг гэмшлийн хэд хэдэн үйлдэл хийнгүүт Ниневегийн хүмүүст уурлах Бурханы уур аажмаар өршөөл, хүлээцтэй байдал болон хувирсан. Бурханы зан чанарын энэ хоёр тал нэг үйл явдал дээр давхцан илэрсэнд ямар ч зөрчилдөх зүйл байхгүй. Тэгэхээр ийнхүү зөрчилдөхгүй гэдгийг хүн хэрхэн ойлгож, мэдэх ёстой вэ? Ниневегийн хүмүүсийг гэмших үед Бурхан, энэхүү хоёр эсрэг тэсрэг мөн чанарыг илэрхийлэн, харуулж, Бурханы мөн чанарын үнэн бодитой агаад халдашгүй байдлыг харах боломжийг хүмүүст олгосон. Хүмүүст дараах зүйлийг хэлэхийн тулд Бурхан Өөрийн хандлагыг ашигласан: Бурхан хүмүүсийг тэвчдэггүй, эсвэл тэдэнд өршөөл үзүүлэхийг хүсдэггүйдээ биш; харин хүмүүс Бурханд үнэхээр гэмших нь ховор, муу замаасаа татгалзаж, хүчирхийлэл хийхээ болих нь ховор билээ. Өөрөөр хэлбэл, Бурхан хүнд уурлахдаа хүнийг жинхэнээсээ гэмшиж чадна гэж найддаг, үнэндээ хүний жинхэнэ гэмшлийг харна гэж найддаг, тэгсэн тохиолдолд Тэр хүнд өршөөлөө өгөөмрөөр хайрлаж, хүлээцтэй хандсаар байх болно. Өөрөөр хэлбэл, хүний ёрын муу авир Бурханы уур хилэнг төрүүлдэг байхад Бурханыг сонсож, Түүний өмнө үнэхээр гэмшдэг, мөн муу замаасаа татгалзаж, хүчирхийлэл хийхээ больсон хүмүүст Бурхан өршөөлөө хайрлаж, хүлээцтэй ханддаг. Ниневе хотынхонд хандсан байдлаас Бурханы хандлага маш тодорхой харагдсан: Бурханы өршөөл, хүлээцтэй байдлыг хүртэх нь огтоос хэцүү биш, хүнээс Тэр жинхэнэ гэмшлийг л шаарддаг. Хүмүүс муу замаасаа татгалзаж, хүчирхийлэл үйлдэхээ больсон цагт Бурхан зүрх сэтгэлээ, тэдэнд хандах хандлагаа өөрчилнө.
Бүтээгчийн зөвт зан чанар нь жинхэнэ агаад тод томруун
Ниневегийн хүмүүсийн талаарх Бурханы сэтгэл өөрчлөгдөх үед Түүний өршөөл, хүлээцтэй байдал нь хуурамч байсан уу? Мэдээж үгүй! Тэгвэл энэхүү нэг нөхцөл байдалтай харьцах явцад Бурханы зан чанарын энэхүү хоёр тал өөрчлөгдсөнөөр юуг харуулсан бэ? Бурханы зан чанар бол нэгэн бүхэл, огтхон ч салангид биш. Тэр хүмүүст Өөрийн уур хилэн, эсвэл өршөөл, хүлээцтэй байдлыг илэрхийлэх эсэх нь хамаагүй, эдгээр нь бүгд Түүний зөвт зан чанарын илэрхийлэл юм. Бурханы зан чанар идэвхтэй эрч хүчээр дүүрэн, Тэрээр аливаа зүйлийн өрнөл явцын дагуу бодол, хандлагаа өөрчилдөг. Ниневе хотынхонд хандах Түүний хандлага өөрчлөгдсөн нь, Түүнд Өөрийн гэсэн бодол, санаа байдаг гэдгийг хүн төрөлхтөнд хэлж өгдөг; Тэр бол робот юм уу шавар баримал биш, харин амьд Бурхан Өөрөө билээ. Тэр Ниневегийн хүмүүст уурлаж чадах ч тэдний хандлагаас хамаарч өнгөрснийг нь уучилж бас чадна. Тэр Ниневе хотынхонд гай гамшиг авчрахаар шийдэж болно, бас тэдний гэмшлээс үүдэн Өөрийн шийдвэрийг өөрчилж болно. Хүмүүс дүрэм журмыг хатуу чанд мөрдөж, тэрхүү дүрэм журмаа ашиглан Бурханд хязгаар тогтоож, Түүнийг тодорхойлох дуртай байдгийн адил томьёо ашиглан Бурханы зан чанарыг ойлгохоор оролдох дуртай байдаг. Тиймээс хүний бодлоор бол Бурхан боддоггүй, Түүнд мөн чанартай холбоотой санаа ч бас байдаггүй. Гэвч бодит байдал дээр, Бурханы бодол аливаа юмс болон хүрээлэн буй орчны өөрчлөлтийн дагуу байнга өөрчлөгдөж байдаг. Эдгээр бодол нь өөрчлөгдөж байх зуур Бурханы мөн чанарын өөр өөр тал нь илрэн гардаг. Энэхүү өөрчлөлтийн явцад, сэтгэл нь өөрчлөгдөх яг тэр агшинд Бурхан Өөрийнх нь амь жинхэнээсээ оршин байдаг, Түүний зөвт зан чанар идэвхтэй эрч хүчээр дүүрэн байдгийг харуулдаг. Үүний зэрэгцээ Өөрийнх нь уур хилэн, өршөөл, хайр энэрэл, хүлээцтэй байдал үнэхээр оршин байдгийг хүн төрөлхтөнд батлахын тулд Бурхан Өөрийн жинхэнэ илчлэлийг ашигладаг. Аливаа зүйл хэрхэн өрнөхөөс хамаарч Түүний мөн чанар хэдийд ч, хаана ч илрэн гардаг. Түүнд арслангийн уур хилэн, эхийн өршөөл, хүлээцтэй байдал байдаг. Түүний зөвт зан чанарт эргэлзэж, түүнд нь халдаж, өөрчилж, эсвэл мушгин гуйвуулахыг ямар ч хүнд зөвшөөрөхгүй. Бүх хэрэг явдал, бүх зүйлийн дунд Бурханы зөвт зан чанар буюу Бурханы уур хилэн, Бурханы өршөөл нь хэдийд ч, хаана ч илрэн гарч болно. Тэр эдгээр талыг бүх бүтээлийн өнцөг булан бүрд эрч хүчтэйгээр илэрхийлж, агшин бүрд эрч хүчтэйгээр хэрэгжүүлдэг. Бурханы зөвт зан чанар цаг хугацаа, орон зайгаар хязгаарлагддаггүй; өөрөөр хэлбэл, Бурханы зөвт зан чанар нь цаг хугацаа, орон зайн хязгаарт баригдан механикаар илэрхийлэгдэж, илэрдэггүй, харин хэдийд ч, хаана ч чөлөөтэй илэрч, илэрхийлэгддэг. Бурханы сэтгэл өөрчлөгдөж, уур хилэнгээ илэрхийлэхээ больж, Ниневе хотыг устгахаас түдгэлзэж байгааг хараад чи Бурхан зөвхөн өршөөнгүй агаад элэгсэг гэж хэлж чадах уу? Бурханы уур хилэн зүгээр л хоосон үг гэж чи хэлж чадах уу? Бурхан догшин ширүүнээр хилэгнэж, өршөөлөө буцаан авах үед Тэр хүн төрөлхтнийг жинхэнээсээ огт хайрладаггүй гэж чи хэлж чадах уу? Бурхан хүмүүсийн ёрын муу үйлийн хариуд ийнхүү догшин ширүүн уур хилэнгээ илэрхийлдэг; Түүний уур хилэн өө сэвгүй. Хүмүүсийн гэмшлийн хариуд Бурханы зүрх сэтгэл хөдөлдөг бөгөөд энэхүү гэмшлээс болж Түүний сэтгэл өөрчлөгддөг. Түүний сэтгэл хөдөлж, сэтгэл нь өөрчлөгдөж, хүнд өршөөл, хүлээцтэй байдлаа үзүүлж байгаа энэ бүгд нь огт өө сэвгүй; тэдгээр нь цэвэр, ариун, өө сэвгүй, жинхэнэ байдаг. Бурханы өршөөл нь өршөөлөөс өөр юу ч биш байдгийн адил хүлээцтэй байдал нь чухамхүү хүлээцтэй байдал билээ. Хүний гэмшил болоод зан байдлын өөрчлөлтийн дагуу Түүний зан чанар нь уур хилэн, эсвэл өршөөл, хүлээцтэй байдал харуулдаг. Тэр юуг харуулж, илэрхийлэх нь хамаагүй, бүгд ариун агаад шууд байдаг; мөн чанар нь өөр ямар ч бүтээлийнхээс ялгаатай байдаг. Үйлдэл нь суурилдаг зарчмыг Бурхан илэрхийлэхэд, тэдгээр нь ямар ч өө сэвгүй байдаг, Түүний бодол, санаа, гаргаж буй шийдвэр болгон, хийж буй үйлдэл болгон нь мөн адил. Бурхан ийнхүү шийдэж, ийнхүү үйлдсэн болохоор ажил хэргээ ч бас ингэж гүйцэлдүүлдэг. Эх үүсвэр нь өө сэвгүй учраас Түүний ажил хэргийн үр дүн нь алдаа мадаггүй, зөв байдаг билээ. Бурханы уур хилэн өө сэвгүй. Үүний адилаар, бүх бүтээлийн дундаас өөр хэнд ч байдаггүй, Бурханы өршөөл, хүлээцтэй байдал нь ариун, өө сэвгүй агаад сайтар эргэцүүлэн бодож, туршлагажихыг тэсвэрлэж чадна.
Ниневегийн түүхийг ойлгосноороо та нар Бурханы зөвт зан чанарын мөн чанарын нөгөө талыг одоо харж байна уу? Бурханы цор ганц зөвт зан чанарын нөгөө талыг харж байна уу? Хүн төрөлхтний дундаас хэн нэгэнд нь ийм зан чанар байдаг уу? Хэн нэгэнд нь ийм уур хилэн буюу Бурханы уур хилэн байдаг уу? Бурханд байдаг шиг өршөөл, хүлээцтэй байдал хэн нэгэнд байна уу? Бүтээлийн дундаас хэн ийм асар их уур хилэнг хуралдуулж, хүн төрөлхтнийг устгаж, эсвэл тэдэн дээр гай гамшиг буулгахаар шийдэж чадах вэ? Мөн хэн хүнд өршөөл хайрлаж, хүлээцтэй хандаж, уучилж, улмаар хүнийг устгана гэсэн өмнөх шийдвэрээ өөрчилж чадахуйц вэ? Бүтээгч Өөрийн өвөрмөц арга барил, зарчмуудаар дамжуулан зөвт зан чанараа илэрхийлдэг, Тэр ямар ч хүн, үйл явдал, юмсын хяналт, хязгаарлалтад захирагддаггүй. Тэр цор ганц зан чанартай болохоор хэн ч Түүний бодол, санааг өөрчилж чадахгүй, бас хэн ч Түүнийг ятгаж, ямар нэг шийдвэрийг нь өөрчилж чадахгүй. Бүх бүтээлийн үйлдэл болон бодол бүхэлдээ Түүний зөвт зан чанарын шүүлтийн дор оршдог. Тэр уурлан хилэгнэх эсвэл өршөөл үзүүлэх эсэхийг хэн ч хянаж чаддаггүй; Бүтээгчийн мөн чанар, өөрөөр хэлбэл, Бүтээгчийн зөвт зан чанар л үүнийг шийдэж чадна. Бүтээгчийн зөвт зан чанарын хосгүй чанар нь ийм билээ!
Ниневегийн хүмүүст хандах Бурханы хандлага өөрчлөгдсөнийг шинжилж, ойлгосноороо та нар “цор ганц” хэмээх үгийг ашиглан Бурханы зөвт зан чанарт байдаг өршөөлийг тайлбарлаж чадах уу? Бурханы уур хилэн бол Түүний цор ганц зөвт зан чанарын мөн чанарын нэг тал юм гэдгийг бид өмнө нь хэлсэн. Одоо Би, Бурханы уур хилэн болон Бурханы өршөөл гэсэн хоёр талыг Түүний зөвт чанар хэмээн тодорхойлох болно. Бурханы зөвт зан чанар нь ариун; халдаж, эргэлзэхийг тэвчдэггүй; бүтээгдсэн, бүтээгдээгүй зүйлсийн алинд нь ч байдаггүй зүйл юм. Энэ нь цор ганц агаад ганцхан Бурханд л байдаг. Өөрөөр хэлбэл, Бурханы уур хилэн ариун бөгөөд халдашгүй. Үүний адилаар, Бурханы зөвт зан чанарын нөгөө тал болох Бурханы өршөөл ариун агаад халдаж болохгүй. Бүтээгдсэн, бүтээгдээгүй зүйлийн аль нь ч Бурханыг үйл хэрэгт нь орлож, эсвэл төлөөлж чадахгүй, мөн Содомын сүйрэл, Ниневегийн аврал дээр хэн ч Түүнийг орлох юм уу төлөөлж бас чадахгүй. Энэ нь Бурханы цор ганц зөвт зан чанарын жинхэнэ илэрхийлэл билээ.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө II
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?