Бүтээгчийн айлдварын өвөрмөц байдал болон шинж чанар нь Бүтээгчийн цор ганц ялгамж чанар болон эрх мэдлийн бэлгэ тэмдэг юм

2018-07-08

Эхлэл 17:4–6 Харагтун, Миний хувьд чамтай гэрээ байгуулж, чи олон үндэстний эцэг болно. Үүнээс хойш чамайг Абрам гэж нэрлэхгүй, харин Абрахам гэх болно; учир нь Би чамайг олон үндэстний эцэг болгосон. Би чамайг өнөр өтгөн болгож, чамаас үндэстнүүдийг бий болгох бөгөөд хаад чамаас гарах болно.

Эхлэл 18:18–19 Абрахам гарцаагүй агуу, хүчирхэг үндэстэн болж, газар дэлхийн бүх үндэстэн түүгээр ерөөгдөнө. Учир нь өөрийнх нь араас үнэн зөв, шударгыг үйлдэж, Еховагийн замыг сахихыг тэр хүүхдүүд болон гэр бүлийнхэндээ тушаана гэдгийг Би мэддэг; ингэснээр Абрахамд амласан зүйлээ Ехова биелүүлж болох юм.

Эхлэл 22:16–18 Ехова: “Чи энэ зүйлийг хийж, цорын ганц хүүгээ харамлаагүй учраас Би Өөртөө тангараглаж байна: Би чамайг ерөөж, чиний үр удмыг тэнгэрийн од, далайн эрэг дээрх элс шиг олшруулна; чиний үр удам дайснуудынхаа үүд хаалгыг эзэгнэнэ; чи Миний дуу хоолойг дуулгавартай дагасан учир үр удмаар чинь газар дэлхийн бүх үндэстэн ерөөгдөнө” гэлээ.

Иов 42:12 Иймээс Ехова Иовын сүүлчийн өдрүүдийг эхэн үеэс нь илүүгээр ерөөжээ: учир нь тэр арван дөрвөн мянган хонь, зургаан мянган тэмээ, нэг мянган буулгат хос шар, мөн нэг мянган эм илжигтэй байлаа.

Олон хүн Бурханы ерөөлийг эрж хайж, олж авахыг хүсдэг боловч эдгээр ерөөлийг хүн болгон олж авч чаддаггүй, учир нь Бурханд Өөрийн гэсэн зарчим байдаг бөгөөд Өөрийн гэх арга замаар хүмүүсийг ерөөдөг. Бурханы хүнд өгдөг амлалтууд болон хайрладаг нигүүлслийн хэмжээ нь хүний бодол, үйлдэл дээр үндэслэн хуваарилагддаг. Тэгвэл Бурханы ерөөл юу харуулдаг вэ? Хүмүүс тэндээс юу харж болох вэ? Одоохондоо, Бурхан ямар хүмүүсийг ерөөдөг тухай болон Бурхан хүнийг ерөөдөг зарчмыг хэлэлцэхээ түр хойш тавьцгаая. Үүний оронд, Бурханы эрх мэдлийг мэдэх зорилгоор, Бурханы эрх мэдлийг мэдье гэсэн өнцгөөс Бурханы хүнийг ерөөх ерөөлийг харцгаая.

Бичвэр дээрх дөрвөн эшлэл нь бүгд Бурхан хүнийг ерөөсөн тухай тэмдэглэл юм. Тэдгээр нь Абрахам, Иов зэрэг Бурханы ерөөлийг хүртэгчдийн тухай, түүнчлэн Бурхан ерөөлөө хайрласан шалтгаан болон эдгээр ерөөл юу агуулж байсан тухай нарийвчилсан дүрслэлийг харуулдаг. Бурханы айлдварын өнгө, хэв маяг, хэлсэн өнцөг, байр суурь нь ерөөл хайрладаг Нэгэн болон ийм ерөөлийг хүртэгчид нь харваас өөр ялгамж чанар, байр суурь, мөн чанартай байдаг гэдгийг хүмүүст ойлгуулдаг. Эдгээр айлдварын өнгө, хэв маяг, хэлсэн байр суурь нь Бүтээгчийн ялгамж чанарыг эзэмшдэг Бурханд л ганцхан байдаг. Түүнд эрх мэдэл, сүр хүч, Бүтээгчийн нэр хүнд, түүнчлэн ямар ч хүний эргэлзээг тэвчдэггүй сүр жавхлан байдаг.

Эхлээд Эхлэл 17:4–6-г харцгаая: “Харагтун, Миний хувьд чамтай гэрээ байгуулж, чи олон үндэстний эцэг болно. Үүнээс хойш чамайг Абрам гэж нэрлэхгүй, харин Абрахам гэх болно; учир нь Би чамайг олон үндэстний эцэг болгосон. Би чамайг өнөр өтгөн болгож, чамаас үндэстнүүдийг бий болгох бөгөөд хаад чамаас гарах болно.” Эдгээр үг нь Бурханы Абрахамтай байгуулсан гэрээ, түүнчлэн Абрахамд өгсөн Бурханы ерөөл байсан: Бурхан Абрахамыг үндэстнүүдийн эцэг болгож, үр удмыг нь өнөр өтгөн болгож, түүнээс үндэстнүүдийг бий болгож, хаадыг гаргах байв. Чи эдгээр үгээс Бурханы эрх мэдлийг харж байна уу? Тийм эрх мэдлийг хэрхэн харж байна вэ? Бурханы эрх мэдлийн мөн чанарын аль талыг чи харж байна вэ? Эдгээр үгийг няхуур уншвал Бурханы эрх мэдэл, ялгамж чанар нь Бурханы айлдварт тодорхой илчлэгдсэн гэдгийг олж мэдэхэд амархан. Жишээлбэл, “чамтай гэрээ байгуулж, чи … болно, Би чамайг … болгосон. Би чамайг … болгох болно” гэж Бурхан хэлэх үед Бурханы ялгамж чанар, эрх мэдлийн баталгааг агуулсан “чи тэгэх болно” ба “Би тэгэх болно” гэх мэтийн хэллэг нь нэг талаараа Бүтээгчийн итгэмжит байдлын илрэл; нөгөө талаараа тэдгээр нь Бүтээгчийн ялгамж чанарыг эзэмшдэг Бурханы ашигладаг тусгай үгс—түүнчлэн уламжлалт үгсийн сангийн нэг хэсэг юм. Хэрэв хэн нэгэн хүн, өөр нэг хүний үр удам нь өнөр өтгөн болж, түүнээс үндэстнүүд бий болж, хаад гарна гэж найддагаа хэлбэл энэ нь нэг төрлийн хүсэл бөгөөд амлалт, ерөөл биш гэдэг нь эргэлзээгүй. Иймээс хүмүүс “Би чамайг ийм, тийм болгоно, чи ийм тийм болох болно,” гэж хэлж зүрхэлдэггүй, учир нь тэд ийм хүч чадал эзэмшдэггүйгээ мэднэ; энэ нь тэднээс шалтгаалдаггүй, ийм зүйл хэллээ ч гэсэн энэ нь хий хоосон, утгагүй, хүсэл санаархалд нь жолоодуулсан үг байх байсан. Хүслээ биелүүлж чадахгүй юм шиг санагдвал хэн ч бай, ийм сүрлэг өнгөөр ярьж зүрхэлнэ гэж үү? Хүн бүр л үр удамдаа сайн сайхныг хүсэж, чадварлаг болж, агуу амжилтад хүрээсэй гэж найддаг. “Нэг нь эзэн хаан болчихвол ямар сайхан агуу хувь заяа байх сан билээ! Нэг нь захирагч болбол, ер нь нэр нөлөөтэй хүн л болж байвал мөн л сайн хэрэг!” Эдгээр нь бүгд хүний хүсэл боловч хүмүүс үр удамдаа ерөөлийг л хүсдэг ба өөрсдийнхөө ямар ч амлалтыг хэрэгжүүлж, эсвэл биелүүлж чаддаггүй. Ийм зүйлийг биелүүлэх хүч чадлыг эзэмшдэггүй гэдгээ хүн бүр зүрх сэтгэлдээ сайн мэддэг, учир нь тэдний бүх зүйл өөрсдийнх нь мэдлээс гадна байдаг байхад бусдын хувь заяаг яаж захирч чадах юм бэ? Харин Бурхан ийм үгийг хэлж чаддагийн шалтгаан гэвэл Бурхан ийм эрх мэдлийг эзэмшдэг бөгөөд хүнд өгдөг бүх амлалтаа хэрэгжүүлж, гүйцэтгэж, хүнд хайрласан бүх ерөөлөө биелүүлэх чадвартай. Хүнийг Бурхан бүтээсэн бөгөөд Бурханы хувьд хэн нэгнийг улам үржүүлэх нь хүүхдийн тоглоом төдий; хэн нэгний үр удмыг амжилтад хүргэхэд Түүний нэг үг л шаардлагатай. Тэр ийм зүйлийн төлөө хэзээ ч хөлсөө гоожтол ажиллаж, сэтгэлээ чилээж, үүнээс болж санаагаа зовоохгүй; энэ бол Бурханы жинхэнэ хүч чадал, жинхэнэ эрх мэдэл юм.

Эхлэл 18:18 дахь “Абрахам гарцаагүй агуу, хүчирхэг үндэстэн болж, газар дэлхийн бүх үндэстэн түүгээр ерөөгдөнө” гэдгийг уншсаны дараа та нар Бурханы эрх мэдлийг мэдэрч чадав уу? Бүтээгчийн ер бусын байдлыг мэдэрч чадав уу? Бүтээгчийн эрхэм дээд байдлыг мэдэрч чадав уу? Бурханы үг тодорхой байдаг. Бурхан амжилтдаа итгэсэндээ, үүнийгээ төлөөлүүлэхийнтулд ийм үг хэлдэггүй; харин тэдгээр нь Бурханы айлдварын эрх мэдлийн нотолгоо бөгөөд Бурханы үгийг хэрэгжүүлдэг тушаал юм. Энд та нарын анхаарах ёстой хоёр илэрхийлэл бий. Бурханы хэлсэн “Абрахам гарцаагүй агуу, хүчирхэг үндэстэн болж, газар дэлхийн бүх үндэстэн түүгээр ерөөгдөнө” хэмээх эдгээр үгэнд ямар нэгэн тодорхойгүй элемент байна уу? Санаа зовоох ямар нэгэн элемент байна уу? Айдсын ямар нэгэн элемент байна уу? Бурханы айлдвар дахь “гарцаагүй ингэх болно”, “тэгэх болно” гэсэн үгээс үүдэн, хүнд ялангуяа байдаг, хүнээс ихэвчлэн харагддаг эдгээр элемент нь Бүтээгчтэй хэзээ ч, ямар ч хамаатай байгаагүй юм. Бусдад сайн сайхныг хүсэхдээ хэн ч тийм үг ашиглаж зүрхлэхгүй, хэн ч ийм итгэлтэйгээр өөр нэгнийг агуу, хүчирхэг үндэстэн болгохоор ерөөж, газар дээрх бүх үндэстэн түүгээр ерөөгдөнө гэж амлаж зүрхлэхгүй. Бурханы үг хэдий чинээ тодорхой байна, ямар нэг зүйлийг төдий чинээ баталдаг—тэгвэл тэр зүйл нь юу вэ? Бурханд ийм эрх мэдэл байгаа бөгөөд Түүний эрх мэдэл эдгээр зүйлийг биелүүлж чадна, мөн эдгээрийн хэрэгжилт нь гарцаагүй юм гэдгийг энэ нь баталдаг. Бурхан Абрахамыг ерөөхдөө зүрх сэтгэлдээ өчүүхэн ч эргэлзээгүй, бүрэн итгэлтэй байсан. Цаашлаад энэ нь бүхэлдээ Түүний үгийн дагуу биелэх бөгөөд биелэлтийг нь ямар ч хүч өөрчилж, саад болж, сулруулж, үймүүлж чадахгүй юм. Юу ч тохиолдсон бай, Бурханы үгийн хэрэгжилт, биелэлтийг юу ч цуцалж, нөлөөлж чадахгүй. Энэ нь Бүтээгчийн амнаас гарсан үгийн жинхэнэ хүч бөгөөд хүний үгүйсгэлийг тэвчдэггүй Бүтээгчийн эрх мэдэл юм! Чи эдгээр үгийг уншчихаад эргэлзсээр л байна уу? Эдгээр үг Бурханы амнаас гарсан бөгөөд Бурханы үгэнд хүч чадал, сүр жавхлан, эрх мэдэл байдаг. Ийм сүр хүч, эрх мэдэл, бодит баримт хэрэгжих нь гарцаагүй байдалд бүтээгдсэн, бүтээгдсэн бус ямар ч зүйл хүрч чадахгүй бөгөөд бүтээгдсэн, бүтээгдсэн бус ямар ч зүйл үүнийг давах аргагүй. Бүтээгч л хүн төрөлхтөнтэй ийм өнгө, аялгатайгаар ярьж чадах бөгөөд Түүний амлалтууд нь хоосон үг, хий дэмий бардамнал биш, харин ямар ч хүн, зүйл, эд юмсын давах аргагүй цор ганц эрх мэдлийн илэрхийлэл юм гэдгийг баримтууд нотолсон билээ.

Бурханы хэлсэн үг, хүний хэлсэн үг хоёрын ялгаа юу вэ? Чи Бурханы хэлсэн эдгээр үгийг уншихдаа Бурханы үгийн сүр хүч болон Бурханы эрх мэдлийг мэдэрдэг. Хүмүүс ийм үг хэлэх үед чамд ямар санагддаг вэ? Тэд туйлын биеэ тоосон, онгироо бөгөөд өөрсдийгөө гайхуулж байна гэж чамд боддог уу? Тэд ийм хүч чадалгүй учраас, ийм эрх мэдэл эзэмшдэггүй тул тийм зүйлсийг биелүүлэх ямар ч чадваргүй юм. Тэд амлалтдаа маш итгэлтэй байдаг нь үгэндээ хайхрамжгүй ханддагийг нь илтгэдэг. Хэн нэгэн хүн ийм үг хэлж байвал тэр гарцаагүй биеэ тоосон, өөртөө хэт итгэлтэй нэгэн байх бөгөөд тэргүүн тэнгэрэлчийн зан чанарын сонгодог жишээ гэдгээ үүгээрээ илчлэх болно. Эдгээр үг Бурханы амнаас гарсан; чи эндээс биеэ тоосон зангийн ямар нэг элементийг мэдэрч байна уу? Бурханы үг зүгээр л наргиан юм шиг чамд санагдаж байна уу? Бурханы үг бол эрх мэдэл, Бурханы үг бол баримт бөгөөд Түүний амнаас үг гарахаас өмнө, өөрөөр хэлбэл, Тэр ямар нэг зүйлийг хийх шийдвэр гаргах үед тухайн зүйл аль хэдийн биелсэн байдаг. Бурханы Абрахамд хэлсэн бүхэн нь Абрахамтай байгуулсан Бурханы гэрээ, Абрахамд өгсөн Бурханы амлалт байсан гэж хэлж болно. Эдгээр амлалт нь хүлээн зөвшөөрөгдсөн баримт, мөн хэрэгжсэн баримт байсан бөгөөд эдгээр баримт Бурханы төлөвлөгөөний дагуу Бурханы бодолд аажмаар гүйцэлдсэн. Иймээс Бурханы хувьд ийм үгсийг хэлэх нь Тэр биеэ тоосон зан чанартай гэсэн үг биш, учир нь Бурхан ийм зүйлсийг биелүүлэх чадвартай билээ. Түүнд ийм хүч чадал, эрх мэдэл байдаг бөгөөд эдгээр үйлийг биелүүлэх бүрэн чадвартай, мөн тэдгээрийн биелэлт нь бүхэлдээ Түүний чадварын хүрээнд оршдог. Бурханы амнаас иймэрхүү үг гарах үед Бурханы жинхэнэ зан чанарын илчлэл, илрэл, Бурханы мөн чанар, эрх мэдлийн төгс илчлэл, илрэл байдаг бөгөөд Бүтээгчийн ялгамж чанарыг нотлох үүнээс илүү тохиромжтой, зохистой юу ч үгүй. Ийм айлдварын өнгө, хэв маяг, хэллэг нь яг Бүтээгчийн ялгамж чанарыг илтгэдэг бөгөөд Бурханы ялгамж чанарын илэрхийлэлд төгс зохицдог, мөн эдгээрт ямар ч дүр эсгэлт, хольц байдаггүй; тэдгээр нь Бүтээгчийн мөн чанар болон эрх мэдлийн бүрэн бүтэн, туйлын төгс илэрхийлэл юм. Бүтээлүүдийн хувьд гэвэл, Бурханаас өгөгдсөн хүч чадлыг эзэмших нь бүү хэл, энэ эрх мэдэл, энэ мөн чанарын алийг нь ч эзэмшдэггүй. Хүн ийм зан авир харуулах юм бол энэ нь гарцаагүй ялзарсан зан чанарынх нь тэсрэлт байх бөгөөд тухайн хүний их зан, жолоогүй санаархлын хөндлөнгийн нөлөө, мөн хүмүүсийг хуурч, Бурханаас урвахад уруу татахыг хүсдэг өнөөх диавол Сатаны хорон санааны илрэлээс үүдэлтэй байх болно. Иймэрхүү үг хэлээр илчлэгдсэн зүйлд Бурхан хэрхэн ханддаг вэ? Бурхан чамайг, Өөрийнх нь байрыг булааж, Өөрийг нь дуурайж, орлохыг хүсэж байна гэж хэлнэ. Чи Бурханы айлдварын өнгийг дуурайх үедээ хүмүүсийн зүрх сэтгэл дэх Бурханы байр суурийг орлож, Бурханд зүй ёсоор харьяалагддаг хүн төрөлхтнийг өөрийн болгох санаа зорилготой байдаг. Энэ бол Сатанаас өөр хэн ч биш; эдгээр нь Тэнгэрийн хувьд тэвчишгүй тэргүүн тэнгэрэлчийн үр удмын үйлдэл юм! Хүмүүсийг төөрөгдүүлж, мэхлэх санаатайгаар цөөн хэдэн үг хэлж, үг, үйлдэл нь Бурханы эрх мэдэл, сүр хүчийг агуулдаг, мөн чанар болон ялгамж чанар нь цор ганц, тэр ч бүү хэл ярианы өнгө нь хүртэл Бурханыхтай төстэй хэмээн хүмүүст санагдуулахын тулд Бурханыг хэзээ нэгэн цагт тодорхой маягаар дуурайж байсан хүн та нарын дунд бий юу? Та нар хэзээ нэгэн цагт иймэрхүү зүйл хийж байсан уу? Бурханы зан чанарыг төлөөлөх мэт үйл хөдлөлөөр, сүр хүч, эрх мэдэлтэй гэмээр байдлаар Бурханы өнгийг хэзээ нэгэн цагт дуурайн ярьж байсан уу? Та нарын олонх нь үргэлж ийм маягаар аяглаж, эсвэл ингэж аяглахаар төлөвлөдөг үү? Одоо Бүтээгчийн эрх мэдлийг үнэхээр харж, ойлгож, мэдээд, юу хийж, өөрсдийгөө илчилдэг байснаа эргэн санах үедээ ой гутаж байна уу? Та нар олиггүй, ичгүүргүй байдлаа хүлээн зөвшөөрч байна уу? Ийм хүмүүсийн зан чанар болон мөн чанарыг судалж шинжилсний дараа тэднийг хараал хүрсэн тамын хүү гэж хэлж болохоор байна уу? Ийм зүйл хийдэг хүн бүр өөрсдийгөө доромжилж байна гэж хэлж болох уу? Үүний шинж чанар ноцтой гэдгийг та нар мэдсэн үү? Энэ нь яг хэр ноцтой вэ? Ингэж аягладаг хүмүүсийн санаа зорилго нь Бурханыг дуурайх явдал. Тэд Бурхан байж, хүмүүсээр өөрсдийгөө Бурхан мэт шүтүүлэхийг хүсдэг. Тэд хүмүүсийг хянаж, хүмүүсийг залгиж, эзэмшилдээ авахын тулд хүмүүсийн зүрх сэтгэл дэх Бурханы байр суурийг үгүй хийж, хүмүүсийн дунд ажилладаг Бурханаас ангижрахыг хүсдэг. Хүн бүрд ийм далд хүсэл, санаархал байдаг ба хүн болгон ийм ялзарсан сатанлаг мөн чанартайгаар амьдарч, Бурхантай дайсагнаж, Бурханаас урваж, Бурхан болохыг хүсдэг ийм сатанлаг уг чанартайгаар амьдардаг. Бурханы эрх мэдлийн тухай сэдэвтэй Миний нөхөрлөлийн дараа та нар Бурханыг хуулбарлаж, дуурайхыг хүсэж, тэмүүлсээр л байна уу? Та нар Бурхан байхыг хүссээр л байна уу? Та нар Бурхан болохыг хүссээр л байна уу? Бурханы эрх мэдлийг хүн дуурайж чадахгүй, Бурханы ялгамж чанар болон байр суурийг хүн хуулбарлаж чадахгүй. Бурханы ярианы өнгийг чи дуурайж чадах боловч Бурханы мөн чанарыг дуурайж чадахгүй. Хэдийгээр чи Бурханы оронд зогсож, Бурханыг дуурайж чадах боловч Бурханы хийхээр зорьдог зүйлийг хэзээ ч хийж чадахгүй бөгөөд хэзээ ч бүх зүйлийг удирдан, захирч чадахгүй. Бурханы нүдээр чи үүрд өчүүхэн бүтээл байх бөгөөд ур дүй, ур чадвар чинь хэчнээн агуу ч бай, авьяас билиг чинь хэчнээн их ч бай хамаагүй, чи бүхэлдээ Бүтээгчийн эрх мэдэл дор байдаг. Чи ганц нэг хүчтэй үг хэлж чадлаа гээд энэ нь чамайг Бүтээгчийн мөн чанартай болгон харагдуулж чадахгүй, Бүтээгчийн эрх мэдлийг эзэмшсэн гэдгийг ч илэрхийлэхгүй. Бурханы эрх мэдэл болон хүч чадал нь Бурханы Өөрийн мөн чанар юм. Тэдгээрийг сурч мэдсэн юм биш, гаднаас олж авсан ч юм биш, харин энэ нь Бурханы Өөрийн төрөлх мөн чанар юм. Иймээс Бүтээгч, бүтээл хоёрын харилцаа хэзээ ч өөрчлөгдөхгүй. Бүтээлүүдийн нэг болохын хувьд хүн өөрт оногдсон байраа хадгалж, ухамсартайгаар авирлаж, Бүтээгчийн өөрт нь даалгасан зүйлийг хариуцлагатайгаар биелүүлэх ёстой. Хүн хэмжээ хязгаараас хэтэрч, чадвар чансаанаас нь давсан зүйл юм уу Бурханы жигшдэг зүйлийг хэзээ ч хийх ёсгүй. Хүн агуу, супер хүн болж, бусдаас дээр байхаар хичээх ёсгүй, мөн Бурхан болох гэж эрэлхийлэх ёсгүй. Хүмүүс ийм байхыг хүсэх ёсгүй юм. Агуу, супер хүн болохыг эрэлхийлнэ гэдэг нь утгагүй зүйл. Бурхан болохыг хичээх нь бүр ч гутамшигтай; энэ нь ой гутаж, жигшмээр үйлдэл юм. Магтууштай зүйл буюу бүтээлүүдийн юунаас ч илүүгээр баримтлах ёстой зүйл нь жинхэнэ бүтээл болох явдал; энэ л бүх хүний эрэлхийлэх ёстой цорын ганц зорилго билээ.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө I

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих