Бүтээгчийн эрх мэдэл нь цаг хугацаа, орон зай, эсвэл газар зүйд хязгаарлагддаггүй ба Бүтээгчийн эрх мэдэл хэмжээлшгүй
Эхлэл 22:17–18-ыг харцгаая. Энэ нь Ехова Бурханы хэлсэн бас нэгэн эшлэл бөгөөд Абрахамд, “Би чамайг ерөөж, чиний үр удмыг тэнгэрийн од, далайн эрэг дээрх элс шиг олшруулна; чиний үр удам дайснуудынхаа үүд хаалгыг эзэгнэнэ; чи Миний дуу хоолойг дуулгавартай дагасан учир үр удмаар чинь газар дэлхийн бүх үндэстэн ерөөгдөнө” гэж хэлсэн. Ехова Бурхан Абрахамыг үр удам нь өнөр өтгөн болно хэмээн олон удаа ерөөсөн—тэгвэл хэр хэмжээгээр өнөр өтгөн болох юм бэ? Бичвэрт өгүүлснээр: “тэнгэрийн од, далайн эрэг дээрх элс шиг” олон болно. Өөрөөр хэлбэл, Бурхан Абрахамд тэнгэрийн одод шиг олон, далайн эргийн элс мэт арвин үр удмыг хайрлахыг хүссэн. Бурхан дүрслэл ашиглан ярьсан бөгөөд энэ дүрслэлээс Бурхан Абрахамд ердөө нэг, хоёр, эсвэл бүр мянган мянга ч биш, харин үй олон үндэстэн болоход хангалттай тоо томшгүй олон үр удмыг хайрлана гэдгийг ойлгоход амархан, учир нь Бурхан олон үндэстний эцэг болгоно гэж Абрахамд амласан юм. Энэ тоог хүн шийдсэн үү, Бурхан шийдсэн үү? Хэчнээн үр удамтай байхаа хүн хянаж чадах уу? Энэ нь хүнээс шалтгаалдаг уу? “Тэнгэрийн од, далайн эрэг дээрх элс шиг” олон байх нь бүү хэл, хэд хэдэн үр удамтай байх уу, үгүй юу гэдэг нь ч хүнээс шалтгаалдаггүй. Үр хойчоо од шиг үй олон болгохыг хүсдэггүй хэн байх билээ? Харамсалтай нь, аливаа зүйл үргэлж хүссэнээр чинь болдоггүй. Хүн хэчнээн чадвар, чадамжтай бай, энэ нь хүнээс шалтгаалдаггүй; хэн ч Бурханы урьдчилан тогтоосон зүйлээс гадуур байж чадахгүй. Тэр чамд хэдий чинээ ихийг өгнө, чи төдий чинээ ихийг л авах болно: Бурхан чамд багыг өгвөл чи хэзээ ч их зүйлтэй болохгүй, Бурхан чамд ихийг өгвөл чи их зүйлтэй байгаадаа хэчнээн дургүйцээд ч нэмэргүй. Ийм байдаг биш үү? Энэ бүхэн бүгд хүнээс бус, Бурханаас шалтгаалдаг! Бурхан хүнийг захирдаг ба хэн ч үүнээс ангид байдаггүй!
Бурхан “Би чиний үр удмыг олшруулна” гэж хэлсэн нь Бурханы Абрахамтай байгуулсан гэрээ билээ. Энэ нь Абрахамд өгсөн Бурханы амлалт бөгөөд солонгон гэрээтэй адил мөнх биелэх юм. Бурхан л энэ амлалтыг биелүүлэхэд тохиромжтой, мөн биелүүлэх чадвартай. Хүн үүнд итгэдэг ч бай, үгүй ч бай, үүнийг хүлээн зөвшөөрдөг ч бай, үгүй ч бай, мөн үүнийг хэрхэн үзэж, үүнд хэрхэн ханддаг ч бай, энэ бүгд нь Бурханы хэлсэн үгийн дагуу нэгд нэггүй биелэх болно. Хүний хүсэл юм уу, үзэл дэх өөрчлөлтийн улмаас Бурханы үг өөрчлөгдөхгүй ба аливаа хүн, зүйл, эд юман дахь өөрчлөлтөөс болж өөрчлөгдөхгүй. Бүх зүйл үгүй болж болох ч Бурханы үг үүрд үлдэнэ. Харин ч, бүх зүйл үгүй болох өдөр нь Бурханы үг бүрэн биелэх яг тэр өдөр байдаг, учир нь Тэр бол Бүтээгч бөгөөд Бүтээгчийн эрх мэдэл, хүч чадлыг эзэмшиж, бүх зүйлийг болон амийн бүх хүчийг хянадаг билээ; Тэр оргүй хоосноос ортой зүйлийг бий болгож, ортой зүйлийг үгүй хийж чаддаг ба амьдаас үхсэн хүртэлх бүх зүйлийн хувиралт өөрчлөлтийг хянадаг, иймээс Бурханы хувьд хүний үрийг үржүүлэхээс амархан зүйл гэж үгүй. Энэ нь хүнд уран зөгнөл, үлгэр мэт сонсогддог боловч Бурханы хувьд хийхээр шийдсэн, хийх гэж амласан зүйл нь уран зөгнөл ч биш, үлгэр ч биш. Харин энэ нь Бурханы аль хэдийн харсан, гарцаагүй биелэх баримт юм. Та нар үүнийг ухамсарлаж байна уу? Абрахамын үр удам үй олон байсан гэдгийг баримтууд нотолж байна уу? Яг хэр олон байсан бэ? Бурханы хэлснээр “тэнгэрийн од, далайн эрэг дээрх элс шиг” олон уу? Тэд дэлхий дээрх бүх үндэстэн, бүс нутаг, газар орон бүрд тархсан уу? Энэ баримтыг юу биелүүлсэн бэ? Энэ нь Бурханы үгийн эрх мэдлээр биелсэн үү? Бурхан үгээ хэлснээс хойш хэдэн зуун, хэдэн мянган жилийн турш Бурханы үг үргэлжлэн биелж, байнга бодит байдал болсоор байсан; энэ нь Бурханы үгийн сүр хүч, Бурханы эрх мэдлийн баталгаа юм. Бурхан анх бүх зүйлийг бүтээхдээ гэрэл бий болтугай гэж хэлэхэд гэрэл бий болсон. Энэ нь маш хурдан болж өнгөрч, тун богино хугацаанд биелсэн, үүний биелэлт болон хэрэгжилтэд ямар ч саатал байгаагүй; Бурханы үгийн үр нөлөө нь шуурхай байсан. Аль аль нь Бурханы эрх мэдлийн илрэл байсан, гэхдээ Бурхан Абрахамыг ерөөхдөө Бурханы эрх мэдлийн мөн чанарын өөр нэг талын зэрэгцээ Бүтээгчийн эрх мэдлийн хэмжээлшгүй байдал, цаашлаад Бүтээгчийн эрх мэдлийн илүү бодитой, илүү нарийн талыг харах боломжийг хүнд олгосон юм.
Бурханыг үгээ хэлмэгц Бурханы эрх мэдэл энэ ажлыг хариуцан авч, Бурханы амаараа амласан баримт нь аажмаар бодит байдал болдог. Үүний үрээр бүх зүйлийн дунд, хавар ирэх, зүлэг ногоорох, цэцэг дэлгэрэх, мод нахиалах, шувууд жиргэх, галуу буцаж ирэх, талбай хүмүүсээр дүүрэх гэх мэтээр юм бүхэнд өөрчлөлт гарч эхэлдэг… Хавар ирснээр бүх зүйл сэргэсэн ба энэ нь Бүтээгчийн гайхалтай үйл хэрэг юм. Бурхан амлалтаа биелүүлэх үед тэнгэр газар дахь бүх зүйл Бурханы бодлын дагуу шинэчлэгдэж, өөрчлөгддөг—юу ч үүнээс ангид байдаггүй. Бурханы амнаас амлалт гарах үед бүх зүйл үүний хэрэгжилтэд үйлчилж, үүний хэрэгжилтийн төлөө жолоодуулж, бүх бүтээл Бүтээгчийн эрх мэдэл дор зохион байгуулагдан, зохицуулагдаж, тус тусын үүргээ биелүүлж, дор бүрнээ чиг үүргээ гүйцэтгэдэг. Энэ нь Бүтээгчийн эрх мэдлийн илрэл юм. Үүнээс чи юу олж харж байна вэ? Бурханы эрх мэдлийг чи хэрхэн мэддэг вэ? Бурханы эрх мэдэлд цар хүрээ бий юу? Цаг хугацааны хязгаар бий юу? Үүнийг тодорхой өндөртэй, тодорхой урттай гэж хэлж болох уу? Тодорхой хэмжээ, хүч чадалтай гэж хэлж болох уу? Үүнийг хүний хэмжигдэхүүнээр хэмжиж болох уу? Бурханы эрх мэдэл нь асаж унтардаггүй, ирж буцдаггүй ба Түүний эрх мэдэл хэчнээн агуу болохыг хэн ч хэмжиж чадахгүй. Хэр их цаг хугацаа өнгөрөхөөс үл хамааран Бурхан хүнийг ерөөх үед энэхүү ерөөл нь үргэлжилж, үргэлжлэл нь Бурханы хэмжээлшгүй эрх мэдлийг гэрчилж, Бүтээгчийн бөхөшгүй амийн хүчний дахин илрэлтийг удаа дараа харах боломжийг хүн төрөлхтөнд олгох болно. Түүний эрх мэдлийн илрэл бүр нь Түүний амнаас гарсан үгийн төгс үзүүлэн болж бүх зүйлд болон хүн төрөлхтөнд харагддаг. Түүнчлэн, Түүний эрх мэдлээр хэрэгжсэн бүх зүйл нь юутай ч харьцуулшгүй нарийн гоёмсог, туйлын өө сэвгүй юм. Түүний бодол, Түүний үг, Түүний эрх мэдэл болон Түүний хэрэгжүүлдэг бүх ажил бүгд харьцуулахын аргагүй сайхан дүр зураг бөгөөд бүтээлүүдийн хувьд хүн төрөлхтний хэл нь үүний ач холбогдол болон үнэ цэнийг илэрхийлэх чадваргүй гэж хэлж болно. Бурхан хүнд амлалт өгөх үед, тухайн хүний хаана амьдардаг, юу хийдэг эсэх нь, амлалтыг хүлээн авахын өмнөх, эсвэл дараах нөхцөл, мөн амьдрах орчинд нь хэр их өөрчлөлт байсан эсэх нь—Бурханд бүгд алган дээр нь байгаа мэт тодхон байдаг. Бурхан үгээ хэлсний дараа хэчнээн их хугацаа өнгөрөх нь хамаагүй Бурханы хувьд үгээ дөнгөж хэлсэн мэт л байдаг. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтөнд өгсөн амлалт бүрээ бүртгэж, хянаж, биелүүлэх хүч чадал, ийм эрх мэдэл Бурханд байдаг бөгөөд тухайн амлалт нь юу ч бай, бүрэн биелэх хүртлээ хэр их хугацаа шаарддаг ч бай, бүр цаг хугацаа, газар зүй, арьс өнгөөр тодорхойлогдох хэрэгжүүлэлтийнх нь цар хүрээ хэр өргөн байдаг ч бай, энэ амлалт биелж, хэрэгжих болно, түүнчлэн хэрэгжилт, биелэлт нь Түүнээс өчүүхэн төдий ч хичээл зүтгэл шаардахгүй. Энэ нь юуг нотолдог вэ? Бурханы эрх мэдэл, хүч чадлын өргөн хүрээ нь бүхий л орчлон ертөнцийг болон бүхий л хүн төрөлхтнийг хянахад хангалттай. Бурхан гэрлийг бүтээсэн, гэхдээ Бурхан гэрлийг л удирддаг гэсэн үг биш, эсвэл Тэр усыг бүтээсэн учраас усыг л удирдаж, бусад бүх зүйл Бурхантай хамааралгүй байдаг гэсэн үг биш. Энэ нь буруу ойлголт биш гэж үү? Абрахамд өгсөн Бурханы ерөөл нь хэдэн зуун жилийн дараа аажмаар хүний ой ухаанаас арилсан хэдий ч Бурханы хувьд энэхүү амлалт хэвээр үлдсэн. Энэ нь мөн л хэрэгжих явцдаа байсан бөгөөд хэзээ ч зогсоогүй. Бурхан эрх мэдлээ хэрхэн хэрэгжүүлдэг болох, бүх зүйл хэрхэн зохион байгуулагдаж, зохицуулагддаг болох, энэ хугацаанд Бурханы бүтээсэн бүх зүйл дунд хэчнээн гайхалтай түүх тохиолдсон болохыг хүн хэзээ ч мэдээгүй, дуулаагүй боловч Бурханы эрх мэдлийн илэрхийлэл, үйл хэргийнх нь илчлэлийн гайхалтай хэсэг бүр бүх зүйлийн дунд уламжлагдаж, өргөмжлөгдөн, бүх зүйл Бүтээгчийн гайхалтай үйл хэргийг харуулж, энэ тухай ярьсан бөгөөд бүх зүйлийг захирах Бүтээгчийн дээд эрхийн тухай түгээмэл яригддаг түүх бүрийг бүх зүйл үүрд мөнх тунхаглах болно. Бурханы бүх зүйлийг захирдаг эрх мэдэл, мөн хүч чадал нь Бурхан цаг үргэлжид хаа сайгүй оршин байдаг гэдгийг бүх зүйлд харуулдаг. Бурханы эрх мэдэл болон хүч чадал хаа сайгүй байдгийг нүдээр үзэх үедээ чи Бурхан цаг үргэлжид газар сайгүй байдаг гэдгийг харна. Бурханы эрх мэдэл, хүч чадал нь цаг хугацаа, газар зүй, орон зай, аливаа хүн, эд юм, зүйлээр хязгаарлагдахгүй. Бурханы эрх мэдэл болон хүч чадлын өргөн хүрээ нь хүний төсөөллийг даван гардаг; энэ нь хүн ойлгохын аргагүй, хүн төсөөлөхийн аргагүй байдаг бөгөөд хүн хэзээ ч бүрэн мэдэж авахгүй.
Зарим хүн тааж төсөөлөх дуртай, гэвч хүний төсөөлөл хэр хол хүрч чадах вэ? Энэ дэлхий ертөнцөөс даван гарч чадах уу? Хүн Бурханы эрх мэдлийн жинхэнэ байдал болон үнэн зөв байдлыг тааж төсөөлөх чадвартай юу? Хүний таамаг, төсөөлөл нь Бурханы эрх мэдлийн тухай мэдлэгтэй болгох чадвартай юу? Тэдгээр нь Бурханы эрх мэдлийг үнэхээр үнэлж, үүнд захирагдахад хүмүүсийг хүргэж чадах уу? Хүний таамаг болон төсөөлөл нь зөвхөн хүний оюун ухааны бүтээл бөгөөд Бурханы эрх мэдлийн талаарх хүний мэдлэгт өчүүхэн төдий ч тус нэмэр, үр ашиггүй гэдгийг баримтууд баталдаг. Шинжлэх ухааны уран зөгнөлийг уншаад, зарим хүн сарыг төсөөлж, одод ямар вэ гэдгийг төсөөлж чаддаг. Гэсэн ч энэ нь, хүн Бурханы эрх мэдлийн тухай ямар нэгэн ойлголттой гэсэн үг биш юм. Хүний төсөөлөл нь зүгээр л төсөөлөл юм. Эдгээр зүйлийн баримтуудаас, өөрөөр хэлбэл, Бурханы эрх мэдэлтэй холбогдох эдгээрийн холбооноос хүн юуг ч огт ухаардаггүй. Чи саран дээр очсон байлаа гээд яах юм бэ? Энэ нь Бурханы эрх мэдлийн талаар олон хэмжээст ойлголттойг чинь харуулах уу? Энэ нь Бурханы эрх мэдэл болон хүч чадлын өргөн хүрээг төсөөлж чадна гэдгийг чинь харуулах уу? Хүний таамаг, төсөөлөл нь Бурханы эрх мэдлийг мэдэх боломж олгож чадахгүй юм хойно, хүн яах ёстой вэ? Хамгийн ухаалаг сонголт бол таамаглаж, төсөөлөхгүй байх, өөрөөр хэлбэл, Бурханы эрх мэдлийг мэдэх тухайд хүн хэзээ ч төсөөлөлдөө найдаж, таамагтаа түшиглэх ёсгүй юм. Би энд та нарт юу гэж хэлэх гээд байна вэ? Бурханы эрх мэдэл, Бурханы хүч чадал, Бурханы ялгамж чанар, Бурханы мөн чанарын тухай мэдлэгт төсөөлөлдөө найдсанаар хүрч чадахгүй. Бурханы эрх мэдлийг мэдэхийн тулд чи төсөөлөлдөө найдаж болохгүй болохоор ямар арга замаар Бурханы эрх мэдлийн талаарх жинхэнэ мэдлэгийг олж авч чадах вэ? Чи Бурханы үгийг идэж, ууснаар, Бурханы үгийг нөхөрлөж, туулснаар аажмаар Бурханы эрх мэдлийн талаар туршлага, баталгаажуулалттай болж, улмаар энэ тухай шат дараатай ойлголт, нэмэлт мэдлэгийг олж авах болно. Энэ нь Бурханы эрх мэдлийн тухай мэдлэгт хүрэх цорын ганц зам юм; ямар ч дөт зам байхгүй. Та нараас битгий төсөөл гэж гуйж байгаа нь сүйрлийг чинь хүлээлгэн зүгээр суулгах юм уу юу ч хийлгэхгүй байхтай адилгүй. Бодож, төсөөлөхдөө уураг тархиа ашиглахгүй байна гэдэг нь таамаглахад логик ашиглахгүй, дүн шинжилгээ хийхэд мэдлэг ашиглахгүй, шинжлэх ухааныг үндэслэл болгон ашиглахгүй байх явдал бөгөөд үүний оронд Бурханы үг, үнэн болон амьдралд чинь тулгарч байгаа бүх зүйлээр дамжуулан чиний итгэдэг Бурханд эрх мэдэл бий гэдгийг ухамсарлаж, бататгаж, баталгаажуулах, мөн Бурхан хувь заяаг чинь захирдгийг, Түүний хүч чадал цаг үргэлж жинхэнэ Бурхан Өөрөө гэдгийг нь нотолдог болохыг баталгаажуулах явдал юм. Аливаа хүн Бурханы тухай ойлголтыг олж авах цорын ганц арга энэ билээ. Зарим нь энэ зорилгод хүрэх хялбар арга зам олмоор байна гэдэг, гэхдээ та нар ийм хялбар арга замыг бодож олсон уу? Бодох хэрэг байхгүй гэдгийг чамд Би хэлье: Өөр ямар ч арга зам байхгүй! Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг илэрхийлдэг үг, хийдэг зүйл бүрээр нь дамжуулан чин сэтгэлээсээ, тууштайгаар мэдэж, бататгана гэдэг цорын ганц арга зам юм. Энэ нь Бурханыг мэдэх цорын ганц зам. Учир нь Бурханд юу байгаа, Тэр юу болох болон Бурханы бүх зүйл хөндий, хоосон биш—харин бодитой билээ.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө I
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?