Эхний онцгой үе: Төрөлт

2018-07-08

Хүн хаана, ямар гэр бүлд төрсөн, хүний хүйс, дүр төрх, төрсөн цаг гээд эдгээр нь хүний амьдралын эхний онцгой үеийн нарийн зүйлс юм.

Энэхүү онцгой үеийн тодорхой нарийн зүйлсийг хэн ч сонгож болохгүй; тэдгээрийг бүгдийг нь Бүтээгч аль эрт урьдаас тогтоосон байдаг. Тэдгээрт гадаад орчин ямар нэгэн байдлаар нөлөөлдөггүй, Бүтээгчийн урьдаас тогтоосон эдгээр баримтыг хүний бий болгосон ямар ч хүчин зүйл өөрчилж чадахгүй. Хүн төрнө гэдэг нь тухайн хүнд зориулан зохицуулсан хувь заяаных нь эхний алхмыг Бүтээгч аль хэдийн биелүүлсэн гэсэн үг юм. Энэ бүх нарийн зүйлийг Тэр аль эрт урьдаас тогтоосон учраас аль нэгийг нь өөрчлөх хүч хэнд ч байхгүй. Хүний цаашдын хувь заяанаас үл хамааран хүний төрөх нөхцөлүүд урьдаас тогтоогдож, тэр хэвээрээ үлддэг; тэдгээрт хүний амьдралын хувь заяа ямар нэгэн байдлаар нөлөөлдөггүй, мөн тэдгээр нь хүний амьдралын хувь заяаг захирах Бүтээгчийн дээд эрхэд ямар нэг байдлаар нөлөөлдөггүй.

1. Бүтээгчийн төлөвлөгөөнөөс шинэ амь төрдөг

Эхний онцгой үеийн хүний төрөх газар, гэр бүл, хүйс, бие махбодын төрх байдал, төрөх цаг хугацаа гэх мэт нарийн зүйлээс алийг нь хүн өөрөө сонгож чадах вэ? Мэдээжийн хэрэг хүн төрөх нь идэвхгүй үйл явдал юм. Хүн өөрийн хүслээс үл хамааран тодорхой нэгэн газарт, тодорхой нэгэн цагт, тодорхой нэгэн гэр бүлд, тодорхой нэгэн дүр төрхтэйгөөр төрдөг; хүн өөрийн эрхгүй тодорхой нэгэн ургийн модны нэг мөчир, тодорхой нэгэн өрхийн гишүүн болдог. Амьдралын энэхүү эхний онцгой үе дээр хүнд ямар ч сонголт байдаггүй, харин Бүтээгчийн төлөвлөгөөний дагуу бэлдсэн орчинд, тодорхой нэгэн гэр бүлд, тодорхой хүйс, дүр төрхтэйгөөр, тухайн хүний амьдралын замналтай нягт холбоотой тодорхой нэгэн цагт төрдөг. Энэхүү шийдвэрлэх онцгой үе дээр хүн юу хийж чадах вэ? Ерөнхийдөө, өөрийнх нь төрөлттэй холбоотой эдгээр нарийн зүйлээс нэгийг нь ч сонгох боломж хүнд байдаггүй. Бүтээгчийн урьдчилсан төлөвлөлт, Түүний удирдамж байгаагүй бол энэ дэлхийд шинээр төрсөн амь хаашаа явах, хаана байхаа мэдэхгүй, ямар ч хамаарал байхгүй, хаана ч хамаардаггүй, жинхэнэ орон гэргүй байх байсан. Харин Бүтээгч нямбайлан зохицуулсан учраас энэхүү шинэ амь байрлах газар, эцэг эх, харьяалагдах газартай, хамаатан садантай байдаг, тийнхүү тэрхүү амь амьдралын замналаа эхэлдэг. Энэхүү үйл явцын туршид, энэхүү шинэ амь бүрэлдэн бий болохыг Бүтээгчийн төлөвлөгөө тодорхойлдог бөгөөд түүний эзэмших бүх зүйлийг Бүтээгч түүнд хайрладаг. Энэ нь өөрийн гэх юу ч үгүй хөвөгч бие байснаа бодож, амьсгалж, халуун хүйтнийг мэдэрдэг; материаллаг ертөнц дээрх бүтээгдсэн зүйлийн бүх ердийн үйл ажиллагаанд оролцож чаддаг; бүтээгдсэн хүний амьдралдаа туулах учиртай бүх зүйлийг амсаж туулах Бурханы бүтээлүүдийн нэг, мах цуснаас бүрдсэн, нүдэнд үзэгдэх, гарт баригдах хүмүүн аажмаар болдог. Хүний төрөлтийг Бүтээгч урьдаас тодорхойлно гэдэг нь амьдрахад шаардлагатай бүх зүйлийг тухайн хүнд хайрлана гэсэн үг юм; үүний нэгэн адил, хүн төрнө гэдэг нь амьдрахад шаардлагатай бүх зүйлийг тэр Бүтээгчээс хүлээн авч, тэр мөчөөс эхлээд Бүтээгчээс хангаж өгсөн өөр хэлбэрт, Бүтээгчийн дээд эрхэд захирагдан амьдарна гэсэн үг юм.

2. Яагаад өөр өөр хүмүүс өөр өөр нөхцөлд төрдөг вэ

Хэрвээ тэд дахиж төрвөл алдар цуутай гэр бүлд төрөх байсан; хэрвээ эмэгтэй байсан бол Цасан цагаан шиг харагддаг, хүн бүрийн хайрыг татах байсан, хэрвээ эрэгтэй байсан бол юугаар ч гачигддаггүй, хорвоо бүхэлдээ далайсан газар нь далд орж, далласан газар нь ил гардаг Царайлаг ханхүү байх байсан гэж хүмүүс ихэвчлэн төсөөлөх дуртай байдаг. Өөрсдийн төрөлтийн талаар олон төөрөгдөл тээж амьдардаг, төрсөндөө сэтгэл дундуур байдаг, гэр бүл, дүр төрх, хүйс, тэр ч бүү хэл төрсөн цаг хугацаандаа хүртэл дургүйцдэг хүмүүс байх нь олонтоо. Гэсэн ч яагаад тухайн гэр бүлд төрснөө, яагаад тийм харагддагаа хүмүүс хэзээ ч ойлгодоггүй. Тэд хаана төрсөн, ямар харагддагаас үл хамааран Бүтээгчийн удирдлага дор олон янзын үүрэг гүйцэтгэж, өөр өөр даалгавар биелүүлэх ёстой бөгөөд энэхүү зорилго хэзээ ч өөрчлөгдөхгүй гэдгийг мэддэггүй. Бүтээгчийн нүдээр бол хүний төрсөн газар, хүйс, дүр төрх зэрэг нь бүгд түр зуурын зүйлс юм. Тэдгээр нь, Түүний бүхий л хүн төрөлхтнийг удирдах үе шат болгон дахь дараалсан өчүүхэн тэмдэглэл, бяцхан ялгах тэмдэг юм. Хүний бодит хүрэх газар болон төгсгөлийг ямар ч тодорхой үе шатанд түүний төрөлт тодорхойлдоггүй, харин амьдралдаа биелүүлдэг үүрэг даалгавар нь, Бүтээгчийн удирдлагын төлөвлөгөө биелэх үед түүнийг шүүх Бүтээгчийн шүүлт тодорхойлдог.

Үр дүн болгонд учир шалтгаан байдаг, учир шалтгаангүй үр дүн гэж байдаггүй гэж хэлдэг. Иймээс хүний төрөлт нь хүний өнөөгийн амьдрал болон өмнөх амьдралтай заавал холбоотой байдаг. Хүний үхэл өнөөгийн амьдралынх нь хугацааг төгсгөдөг бол хүний төрөлт нь шинэхэн мөчлөгийн эхлэл юм; хуучин мөчлөг хүний өмнөх амьдралыг төлөөлдөг бол шинэ мөчлөг нь яах аргагүй өнөөгийн амьдрал юм. Хүний төрөлт нь хүний өнгөрсөн амьдрал болон өнөөгийн амьдралтай нь холбоотой байдаг болохоор хүний төрөлттэй холбоотой байршил, гэр бүл, хүйс, дүр төрх болон өөр бусад иймэрхүү хүчин зүйл нь бүгд хүний өнгөрсөн болон одоогийн амьдралтай заавал хамаатай байдаг. Энэ нь хүний төрөлтийн хүчин зүйлд өмнөх амьдрал нь нөлөөлдөг төдийгүй, өнөөгийн амьдрал дахь хувь тавилан нь тэдгээрийг тодорхойлдог гэсэн үг бөгөөд энэ нь хүмүүсийн төрсөн янз бүрийн ялгаатай нөхцөл байдлыг тайлбарладаг: Зарим нь ядуу гэр бүлд, зарим нь баян гэр бүлд төрдөг. Нэг хэсэг нь эгэл гаралтай байхад нөгөө хэсэг нь алдар цуутай удам судартай байдаг. Зарим нь өмнөд нутагт, зарим нь хойд нутагт төрдөг. Нэг хэсэг нь элсэн цөлд, нөгөө хэсэг нь ногоон газар нутагт төрдөг. Зарим хүмүүсийн төрөлтийг баяр хөөр, инээд, баяр ёслол дагалддаг; заримынх нь уйлаан, гай гамшиг, гаслан зовлон авчирдаг. Зарим нь нандигнан хайрлагдахаар, зарим нь хогийн ургамал мэт хаягдахаар төрдөг. Нэг хэсэг нь сайхан зүс царайтай, нөгөө хэсэг нь орсгой муруй төрдөг. Зарим нь харахад дур булаам, зарим нь царай муутай байдаг. Нэг хэсэг нь шөнө дунд, нөгөө хэсэг нь үд дундын нар хурцаар шарж байхад төрдөг… Бүх төрлийн хүмүүсийн төрөлтийг тэдэнд зориулж Бүтээгчийн бэлдсэн хувь заяа тодорхойлдог; тэдний төрөлт нь тэдний өнөөгийн амьдралын хувь заяаг, мөн түүнчлэн гүйцэтгэх үүрэг, биелүүлэх даалгаврыг нь тодорхойлдог. Энэ бүхэн нь Бүтээгчийн дээд эрхэд захирагддаг, Түүгээр урьдчилан тогтоогдсон байдаг; хэн ч нэгэнт тогтоогдсон хувь зохиолоосоо зугтаж чадахгүй, хэн ч өөрсдийн төрөлтийг өөрчилж, хувь заяагаа сонгож чадахгүй.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө III

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тав дахь онцгой үе: Үр удам

Гэрлэснийхээ дараа хүн дараагийн үеэ өсгөн хүмүүжүүлж эхэлнэ. Хэдэн хүүхэдтэй, ямар хүүхэдтэй болохоо хүн шийдэж чадахгүй; үүнийг мөн л...

Дөрөв дэх онцгой үе: Гэрлэлт

Хүн өсөж том болон, насанд хүрэх үедээ эцэг эхээсээ, төрж, өссөн орчноосоо улам холдож, оронд нь амьдралын зүг чигийг эрж хайн, эцэг...

Messenger дээр бидэнтэй холбоо барих