Зургаа дахь онцгой үе: Үхэл
Маш их үймээн бужигнаан, маш их бүтэлгүйтэл, гонсойлгосон үйл явдал, маш их баяр хөөр, уй гашуу, сайн, муу, маш олон мартагдашгүй он жил, улирлууд ахин дахин солигдохыг харсны дараа хүн амьдралын чухал үеүдийг анзааралгүй өнгөрөөж, нүд ирмэхийн зуурт л насны нар хэвийх үедээ ирсэн байдаг. Цаг хугацааны ул мөр бүхий л биеэр нь үлдсэн байдаг: Хүн цэх шулуун зогсож чадахаа больж, хар үстэй байсан толгой нь цагаан болж, нэгэн цагт гэрэлтсэн тунгалаг байсан нүд нь сүүмийн булингартаж, зөөлөн толигор арьс нь үрчийж, цоохортдог. Хүний сонсгол муудаж, шүд нь сулран унаж, хариу үйлдэл нь удааширч, хөдөлгөөн нь удаан болдог… Энэ үед хүн залуу насныхаа оргилсон он жилүүдтэй бүрмөсөн салах ёс хийж, амьдралынхаа насны нар хэвийх үе болох өтөл нас руугаа ордог. Дараа нь тэрээр хүний амьдралын сүүлчийн онцгой үе болох үхэлтэй нүүр тулна.
1. Хүний амьдрал, үхлийг хянах эрх гагцхүү Бүтээгчид бий
Хэрвээ хүний төрөлтийг өмнөх амьдрал нь заяадаг бол хүний үхэл тэрхүү хувь төөргийн төгсгөлийг заадаг. Хэрвээ хүний төрөлт нь энэ амьдрал дахь хүний үүрэг даалгаврын эхлэл юм бол хүний үхэл нь тэрхүү үүрэг даалгаврын төгсгөлийг заадаг. Бүтээгч хүний төрөлтөд зориулсан тогтсон цогц нөхцөл байдлыг тодорхойлчихсон байдаг болохоор Тэр мөн үхэлд нь зориулан тогтсон цогц нөхцөл байдлыг зохицуулчихсан байдаг нь илэрхий юм. Өөрөөр хэлбэл, хэн ч санамсаргүй төрдөггүй, хэний ч үхэл гэнэтхэн байдаггүй, төрөх, үхэх хоёр хоёулаа хүний өмнөх болон өнөөгийн амьдралтай гарцаагүй холбоотой байдаг. Хүний төрөлт болон үхлийн нөхцөл байдлын аль алиныг нь Бүтээгч урьдчилан тодорхойлдог; энэ бол хүний хувь тавилан, хувь заяа юм. Хүний төрөлтийн талаар олон тайлбар байдаг хойно, хүний үхэл өөрийн гэсэн янз бүрийн онцгой цогц нөхцөл байдалд болдог нь мөн үнэн билээ. Хүмүүсийн амьдрах хугацаа өөр өөр, үхсэн байдал, цаг нь ялгаатай байдгийн шалтгаан нь энэ юм. Зарим хүн эрүүл, чийрэг ч эрт үхдэг; зарим нь сул дорой, эмгэг хуучтай ч өндөр насалж, зоволгүйгээр таалал төгсдөг. Зарим нь зуурдаар, зарим нь жамаараа нас нөгчдөг. Зарим нь гэрээсээ хол насан эцэслэж байхад зарим нь хайртай хүмүүсийнхээ дэргэд нүд аньдаг. Зарим хүн агаар дээр, зарим нь газар доор нас бардаг. Зарим нь усанд живж, зарим нь гамшигт үгүй болдог. Зарим нь өглөө, зарим нь орой нас бардаг… Хүн бүхэн нэр цуутай төрөлт, гялалзсан амьдрал, алдар суутай үхлийг хүсдэг боловч хэн ч өөрийн хувь тавиланг даван гарч, Бүтээгчийн дээд эрхээс зугтаж чадахгүй. Энэ бол хүний хувь заяа юм. Хүн ирээдүйдээ зориулан бүхий л төрлийн төлөвлөгөө гаргаж болох боловч өөрийн төрөх болон энэ дэлхийгээс явах байдал, цаг хугацааг хэн ч төлөвлөж чадахгүй. Хүмүүс хэдийгээр үхлээс зайлсхийж, эсэргүүцэхийн тулд чадах бүхнээ хийдэг боловч үхэл тэдэнд мэдэгдэлгүйгээр чимээгүйхэн ойртсоор байдаг. Хэзээ үхэх, яаж үхэх, тэр ч бүү хэл хаана тохиолдохыг хэн ч мэдэхгүй. Мэдээжийн хэрэг, амьдрал, үхлийн эрхийг барьдаг нь хүн төрөлхтөн биш, байгаль дэлхий дээрх ямар нэг амьтан биш, харин цор ганц эрх мэдэлтэй Бүтээгч юм. Хүн төрөлхтний амьдрал, үхэл нь байгаль дэлхийн хуулийн үр дүн биш, харин Бүтээгчийн эрх мэдлийн дээд эрхийн үр дагавар билээ.
2. Бүтээгчийн дээд эрхийг мэддэггүй хүн үхлийн айдаст автана
Өтөл насандаа очих үед хүнд тулгардаг сорилт нь гэр бүлээ тэжээх, эсвэл амьдралын агуу их нэр төрийг тогтоох биш, харин амьдралтай хэрхэн салах ёс хийж, амьдралынхаа төгсгөлтэй хэрхэн учрах, амьдралын ялын төгсгөлд хэрхэн цэг тавих вэ гэдэг явдал юм. Хэдийгээр хүмүүс гаднаа үхэлд анхаарал бага хандуулдаг мэт байдаг боловч хэн ч энэ сэдвийг судлахаас зайлсхийж чадахгүй, учир нь үхлийн цаад талд өөр ертөнц, хүний ухамсарлаж, мэдэрч чадахгүй, тэдний огтхон ч мэддэггүй ертөнц оршин байдаг эсэхийг хэн ч мэдэхгүй билээ. Энэ нь хүмүүсийг үхэлтэй халз тулахаас, зохих ёсоор нүүр тулгарахаас айхад хүргэдэг; харин ч тэд энэ сэдвээс зайлсхийхийн тулд чадах бүхнээ хийдэг. Иймээс энэ нь хүн бүрийг үхлийн тухай айдсаар дүүргэж, амьдралын энэхүү зайлшгүй үнэнд нууцлаг халхавч нэмж, хүн бүхний зүрх сэтгэлд байнгын сүүдэр тусгадаг.
Бие нь дордож байгааг мэдэрч, үхэл ойртож байгааг мэдрэхдээ хүн тодорхойгүй эмээх сэтгэл, үгээр илэрхийлэхийн аргагүй айдсыг мэдэрдэг. Үхлээс айх айдас нь хүнд бүр ч их ганцаардал, арчаагүй байдлыг мэдрүүлдэг бөгөөд энэ үед хүн өөрөөсөө ийнхүү асуудаг: Хүн хаанаас ирсэн бэ? Хүн хаашаа явж байна вэ? Хүний амьдрал урсан өнгөрч, хүн ингээд үхдэг юм гэж үү? Хүний амьдралын төгсгөлийг тэмдэглэдэг үе энэ гэж үү? Эцсийн эцэст, амьдралын утга учир юу юм бэ? Эцэст нь амьдрал ямар үнэ цэнтэй юм бэ? Энэ нь алдар нэр, эд хөрөнгийн төлөө байдаг гэж үү? Үр хүүхэд өсгөхийн төлөө байдаг гэж үү?… Хүн яг энэ асуултуудын тухай бодсон эсэх, үхлээс хэр гүнзгий айдгаас үл хамааран нууцыг судлах хүсэл, амьдралыг ойлгохгүй байх мэдрэмж, эдгээртэй холилдсон дэлхий ертөнцөд хоргодох сэтгэл, орхин одох хүсэлгүй байдал хүн бүхний зүрх сэтгэлийн гүнд үргэлж байдаг. Магадгүй хүний айдаг зүйл юу болох, эрж хайдаг зүйл юу болох, тэр юунд хоргодох сэтгэлтэй байдаг, юуг орхин одох хүсэлгүй байдгийг хэн ч тодорхой хэлж чадахгүй байх…
Үхлээс айдаг учраас хүмүүс маш их зүйлд санаа зовдог; үхлээс айдаг учраас орхиж чаддаггүй зүйл хүмүүст маш их байдаг. Үхэх гэж байхдаа зарим хүн энэ ч тэр ч юманд цухалддаг; тэд санаа зовсноороо үхлийн авчрах зовлон шаналал, айдсыг арилгаж, амьд хүмүүстэй ямар нэгэн байдлаар ойр дотно харьцааг хадгалснаараа үхлийг дагалдан ирдэг арчаагүй, ганцаардмал байдлаас зугтаж чадах юм шиг үр хүүхэд, хайртай хүмүүс, эд хөрөнгөндөө санаа зовж байдаг. Хүний сэтгэлийн гүнд тодорхойгүй айдас, хайртай хүмүүсээсээ хагацаж, хөх тэнгэрийг дахин хэзээ ч харахгүй, материаллаг ертөнцийг дахин хэзээ ч харахгүй гэсэн айдас байдаг. Хайртай хүмүүстэйгээ хамт байж дассан ганцаардмал сүнс, зуурсан гараа тавьж, үл мэдэгдэх, танихгүй ертөнц рүү цор ганцаараа явах дургүй байдаг.
3. Алдар нэр, эд баялаг хөөцөлдөж өнгөрүүлсэн амьдрал хүнийг үхэлтэй тулгарахад барьц алдуулна
Өөрийн гэсэн юу ч үгүй эхэлсэн ганцаардмал сүнс, Бүтээгчийн дээд эрх болон урьдчилан тогтоосны улмаас эцэг эх, гэр бүлтэй болж, хүн төрөлхтний нэг гишүүн болох боломж, хүмүүний амьдрал туулж, дэлхий ертөнцийг харах боломжийг олж авдаг. Энэхүү сүнс мөн Бүтээгчийн дээд эрхийг мэдэрч, Бүтээгчийн бүтээлийн гайхалтай сайхныг мэдэж, түүнээс ч илүүтэйгээр Бүтээгчийн эрх мэдлийг мэдэж, захирагдах боломжийг олж авдаг. Гэхдээ ихэнх хүн энэхүү ховор, агшин зуурын боломжийг үнэндээ барьж авдаггүй. Хүн, хувь заяаны эсрэг тэмцэж насан туршийн эрч хүчээ шавхан, гэр бүлээ тэжээх гэж хичээн, эд баялаг, байр суурийн хооронд нааш цааш давхиж, хөл үймээн болж хамаг цагаа зарцуулдаг. Хүмүүсийн нандигнадаг зүйл нь гэр бүл, мөнгө, алдар нэр байдаг, тэд эдгээрийг амьдралын хамгийн үнэ цэнтэй зүйлс гэж үздэг. Бүх хүн хувь заяаныхаа талаар гомдоллодог боловч, хүн яагаад амьд байдаг, хүн хэрхэн амьдрах ёстой, амьдралын үнэ цэн, утга учир юу вэ гэсэн шинжилж, ойлговол зохих хамгийн чухал асуудлуудыг бодлынхоо мухар луу түлхсээр байдаг. Хэчнээн урт наслах байсан ч бай, залуу нас нь нисэн одож, үрчлээтэж, буурал болох хүртлээ ердөө л алдар нэр, эд баялаг эрж хайн тэвдэж гүйсээр хамаг амьдралаа үрдэг. Нэр хүнд, эд баялаг өтөл насны доройтол руу уруудахыг нь зогсоож чадахгүй гэдгийг, мөнгө сэтгэлийн хоосролыг дүүргэж чадахгүй, төрж, хөгширч, өвдөж, үхэх хуулиас хэн ч ангид байдаггүй, хувь заяаны төөргөөс хэн ч зугтаж чадахгүй гэдгийг ойлгох хүртлээ тэд ингэж амьдардаг. Тэд амьдралын эцсийн онцгой үетэй тулгарахаас аргагүй болсон үедээ л, асар их эд баялаг, үлэмж их эд хөрөнгөтэй, эрх дархтай, өндөр зиндаатай байсан ч гэсэн хэн ч үхлээс зугтаж чадахгүй, анхны байрандаа эргэн очиж, өөрийн гэх ямар ч юмгүй орь ганц сүнс болно гэдгийг лавтай ухаардаг. Хүмүүс эцэг эхтэй байх үедээ, эцэг эх бол бүх юм гэж итгэдэг; эд хөрөнгөтэй байх үедээ мөнгө бол хүний түшиг тулгуур, амьдрах арга хэрэгсэл гэж боддог; байр суурьтай болохоороо түүнтэйгээ ягштал зууралдаж, түүний төлөө амиа дэнчин тавихаар байдаг. Хүмүүс энэ хорвоог орхих гэж байхдаа л өөрсдийнх нь эрж хайж амьдралаа өнгөрүүлсэн зүйлс үзэгдээд өнгөрөх үүлсээс өөр юу ч биш, тэдгээрийн алийг нь ч хадгалж үлдэж чадахгүй, алийг ч аваад явж чадахгүй, аль нь ч үхлээс чөлөөлж чадахгүй, аль нь ч буцах замд нь ганцаардмал сүнстэй хамт байж, тайтгаруулж чадахгүй; хамгийн наад зах нь, эдгээр зүйлийн аль нь ч хүнийг аварч, үхлийг даван туулах боломж олгож чадахгүй гэдгийг ухаардаг. Материаллаг ертөнцөд олж авдаг нэр алдар, эд баялаг нь түр зуурын сэтгэл ханамж, зуурдын таашаал, хуурамч тайвшрах мэдрэмжийг хүнд өгч; ингэх явцдаа хүнийг замаа алдахад хүргэдэг. Иймээс хүмүүс, хүн төрөлхтний өргөн уудам далайд бачимдан, амар тайван байдал, тав тух, зүрх сэтгэлийн амар амгаланг хүсэн мөрөөдөхийн хэрээр давлагаанд ахин дахин нөмрүүлдэг. Тэд хаанаас ирсэн, яагаад амьд байгаа, хаашаа явж байгаа гэх мэт ойлговол зохих хамгийн чухал асуултуудыг хүмүүс хараахан ойлгоогүй байхдаа алдар нэр, эд баялагт уруу татагдаж, будилж, тэдгээрт захирагдаж, эргэлт буцалтгүйгээр төөрөлддөг. Цаг хугацаа нисэн одож; он жил нүд цавчихын төдийд өнгөрч, хүн нэг л мэдэхэд амьдралынхаа хамгийн сайхан жилүүдтэй салах ёс хийсэн байдаг. Хүн хорвоогоос явах нь дөхөхөд хорвоо дээрх бүх зүйл урсан оддог, анх өөрийнх нь байсан зүйлсийг цаашид хадгалж үлдэж чадахгүй гэдгийг аажмаар ухаарахад хүрдэг; тэгээд энэ хорвоод дөнгөж мэндлээд орилж байгаа, хараахан өөрийн гэсэн юу ч байхгүй нярай хүүхэд шиг гэдгээ хүн үнэхээр мэдэрдэг. Энэ үед хүн амьдралдаа юу хийсэн, амьд байхын үнэ цэн, энэ нь ямар утга учиртай, хүн яагаад энэ хорвоод ирснийг тунгаан бодоход хүрдэг. Тэгээд энэ үед л хүн, хойд нас гэж үнэхээр байдаг эсэх, Тэнгэр үнэхээр оршдог эсэх, цээрлүүлэлт үнэхээр байдаг эсэхийг мэдэхийг улам их хүсдэг… Хүн үхэх нь ойртох тусам амьдрал гэж үнэндээ юу болохыг ойлгохыг улам их хүсдэг; хүн үхэх нь ойртох тусам зүрх сэтгэл нь улам хоосон санагддаг; хүн үхэх нь ойртох тусмаа арчаагүй байдлыг улам их мэдэрдэг; ийнхүү хүний үхлээс айх айдас өдрөөс өдөрт улам их болдог. Үхэх нь ойртох үед хүмүүст ийм мэдрэмж төрдөг хоёр шалтгаан бий: Нэгдүгээрт, тэд амьдрал нь хамаарч байсан алдар нэр, эд баялгаа алдаж, хорвоо дээрх нүдэнд харагдах бүхнийг ардаа орхин одох гэж байна; хоёрдугаарт, тэд хөл тавихаас айдаг, хайртай хүмүүс нь байхгүй, ямар ч дэмжлэг туслалцаа байхгүй танил бус ертөнцтэй, нууцлаг, үл мэдэх оронтой орь ганцаараа нүүр тулах гэж байна. Энэ хоёр шалтгааны улмаас үхэлтэй нүүр тулсан хүн бүхэнд түгшүүртэй санагдаж, урьд өмнө нь хэзээ ч үзээгүйгээр сандарч, арчаагүй байдлыг мэдэрдэг. Үнэндээ энэ цэгт хүрээд л, хүн хаанаас гаралтай, яагаад хүмүүс амьд байгаа, хүний хувь заяаг хэн шийддэг, хүний оршин тогтнолыг хэн хангадаг, үүнийг захирах дээд эрх хэнд байдаг вэ гэдэг нь энэ хорвоод хөл тавингуутаа хамгийн түрүүнд ойлгох учиртай зүйл юм байна гэдгийг хүн ухаардаг. Гэр бүлээ хэрхэн тэжээж, алдар нэр, эд баялагт хэрхэн хүрэхэд суралцах биш, хэрхэн бусдаас онцгойроход, эсвэл илүү чинээлэг амьдрахад суралцах ч бас биш, хэрхэн бусдаас илүү дээр байж, амжилттай өрсөлдөхөд суралцах явдал бүр ч биш харин энэхүү мэдлэг бол хүний амьдрах жинхэнэ арга хэрэгсэл, гол суурь мөн. Хэдийгээр хүмүүсийн амьдралаа зарцуулан сурч эзэмшдэг олон янзын амь зуух ур чадвар нь асар их материаллаг тав тухыг өгч чадах боловч зүрх сэтгэлд нь жинхэнэ амар амгалан, тайтгарлыг хэзээ ч авчирдаггүй, харин ч хүмүүсийг байнга зүг чигээ алдаж, биеэ барихад хэцүү болж, амьдралын утга учрыг мэдэж авах боломж болгоныг алдахад хүргэдэг; амьд үлдэх эдгээр ур чадвар нь үхэлтэй хэрхэн зүй ёсоор нүүр тулах тухай сэтгэл зовних далд мэдрэмжийг төрүүлдэг. Хүмүүсийн амьдрал ийм байдлаар сүйрдэг. Бүтээгч хүн болгонд шударга хандаж, Өөрийнх нь дээд эрхийг туулж, мэдэх насан туршийн үнэт боломжийг хүн бүрд олгодог хэдий ч зөвхөн үхэх нь дөхөж, үхэл заналхийлэх үед л хүн ухаарч эхэлдэг боловч тэр үед хэтэрхий оройтсон байдаг!
Хүмүүс мөнгө, алдар нэрийн хойноос хөөцөлдөн амьдралаа үрдэг; эдгээр хэрэггүй зүйл тэдэнд байвал амьд явж, үхлээс мултарч чадах юм шиг, цорын ганц найдвар нь хэмээн бодож тэдгээрээс зуурдаг. Гэвч үхэх гэж байхдаа л эдгээр зүйл тэднээс хэчнээн хол, үхлийн өмнө тэд хэчнээн сул дорой болох, хэчнээн амархан сүйрдэг, хаашаа ч явах аргагүй, хэчнээн ганцаардмал, арчаагүй болохоо тэд ухаардаг. Амийг мөнгө, эсвэл алдар нэрээр худалдан авч болдоггүй, хүн хэчнээн баян чинээлэг байх, байр суурь нь хэчнээн өндөр дээд байх нь хамаагүй, үхлийн өмнө бүх хүн адилхан ядуу дорой, өчүүхэн гэдгийг ухаардаг. Мөнгөөр амь худалдан авч чадахгүй, алдар нэр үхлийг баллуурдаж чадахгүй, мөнгө, алдар нэрийн аль нь ч хүний амьдралыг ганц минут, ганц секундээр уртасгаж чадахгүй гэдгийг тэд ухаардаг. Хүмүүст ингэж санагдах тусам, амьд явахыг улам их хүсэмжилдэг; хүмүүст хэдий чинээ их ингэж санагдана, үхэл ойртохоос төдий чинээ их айж эмээдэг. Энэ үед л тэд өөрсдийнх нь амь тэдэнд хамаардаггүй, тэдний хянадаг зүйл биш, амьдрах, үхэхээ хүн шийдэж чадахгүй, энэ бүхэн хүний хяналтаас гадуур байдаг гэдгийг үнэхээр ухаардаг.
4. Бүтээгчийн ноёрхол дор орж, үхэлтэй тайвнаар нүүр тул
Хүн төрөх мөчид ганцаардмал нэгэн сүнс газар дээрх амьдралын туршлагаа, түүнд зориулан Бүтээгчийн зохицуулсан Бүтээгчийн эрх мэдлийг туулах туршлагаа эхлүүлдэг. Тухайн хүн—сүнсний хувьд энэ нь Бүтээгчийн дээд эрхийн тухай мэдлэгийг олж авч, Түүний эрх мэдлийг мэдэж авч, үүнийг биеэрээ туулах хосгүй сайхан боломж юм гэдгийг хэлэх нь илүүц биз ээ. Хүмүүс Бүтээгчийн тавьж өгсөн хувь заяаны хуулийн дотор амьдардаг бөгөөд мөс чанартай, эрүүл ухаантай ямар ч хүний хувьд амьдралынхаа хэдэн арван жилийн явцад Бүтээгчийн дээд эрхийг хүлээн зөвшөөрч, Түүний эрх мэдлийг мэдэж авах нь хэцүү зүйл биш юм. Тиймээс хүн бүрийн хувьд амьдралынхаа хэдэн арван жилийн туршлагаар бүх хүний хувь заяаг урьдчилан тогтоосон байдаг гэдгийг танин мэдэж, амьд байхын утга учир юу болохыг ухаарч, нэгтгэн дүгнэх нь тун амархан байх ёстой. Хүн амьдралын эдгээр сургамжийг хүлээн авах явцдаа амь хаанаас ирдгийг ойлгож, зүрх сэтгэлд нь үнэндээ юу хэрэгтэй, амьдралын жинхэнэ зам руу хүнийг юу хөтөлдөг, хүний амьдралын даалгавар, зорилго юу байх учиртайг аажмаар ухаарч эхэлдэг. Хэрвээ хүн Бүтээгчийг шүтэн мөргөхгүй, Түүний ноёрхол дор орохгүй бол үхэлтэй тулгарах цаг ирэхэд, хүний сүнс Бүтээгчтэй дахин нүүр тулах гэж байх үед зүрх сэтгэл нь энгүй их айдас, бухимдлаар дүүрэх болно. Хэрвээ хүн энэ хорвоо дээр хэдэн арван жил байсан атлаа хүний амь хаанаас ирдгийг хараахан мэдэж аваагүй, хүний хувь заяа хэний гарт байдгийг ч бас танин мэдээгүй бол үхэлтэй тайвнаар нүүр тулж чадахгүйд нь гайхах зүйлгүй. Хүмүүний амьдралыг хэдэн арван жил туулахдаа Бүтээгчийн дээд эрхийн талаар мэдлэг олж авсан хүн бол амьдралын утга учир, үнэ цэнийг үнэн зөв ойлгодог хүн билээ. Ийм хүн амьдралын зорилгын талаар гүн гүнзгий мэдлэгтэй, Бүтээгчийн дээд эрхийн талаар жинхэнэ туршлага, ойлголттой, түүнээс ч илүүтэйгээр Бүтээгчийн эрх мэдэлд захирагдах чадвартай байдаг. Ийм хүн, Бурхан хүн төрөлхтнийг бүтээсний утга учрыг ойлгодог, хүн Бүтээгчийг шүтэн мөргөх хэрэгтэй, хүнд байдаг бүх зүйл Бүтээгчээс ирдэг, ойрын ирээдүйд хэзээ нэгэн өдөр Түүнд буцааж өгнө гэдгээ ойлгодог. Бүтээгч хүний төрөхийг зохицуулдаг, хүний үхлийг захирах дээд эрхтэй, амьдрал, үхлийн аль алийг нь Бүтээгчийн эрх мэдлээр урьдчилан шийддэг гэдгийг ийм хүн ойлгодог. Иймээс хүн эдгээр зүйлийг үнэхээр ойлгохоороо, аяндаа үхэлтэй тайвнаар нүүр тулж, энэ хорвоогийн бүх эд хөрөнгөө тайвнаар орхиж, дараа нь тохиолдох бүхнийг баяртайгаар хүлээн зөвшөөрч, захирагдан, Бүтээгчийн зохицуулсан амьдралын сүүлчийн онцгой үеэс сохроор айж, эсэргүүцэж тэмцэлдэхийн оронд баяртайгаар байгаагаар нь угтан авна. Хэрвээ хүн, Бүтээгчийн дээд эрхийг мэдэрч, Түүний эрх мэдлийг мэдэж авах боломж гэж амьдралыг үзвэл, өөрийн амьдралыг бүтээгдсэн зүйлийн хувьд үүргээ гүйцэтгэж, даалгавраа биелүүлэх ховорхон боломж гэж үзвэл, амьдралын талаар гарцаагүй зөв үзэл бодолтой болж, Бүтээгчийн ерөөж, залж чиглүүлсэн амьдралаар гарцаагүй амьдарч, Бүтээгчийн гэрэл дор гарцаагүй алхаж, Бүтээгчийн дээд эрхийг гарцаагүй мэдэж, Түүний ноёрхол дор гарцаагүй орж, Түүний ер бусын үйл хэрэг, Түүний эрх мэдлийг гарцаагүй гэрчлэх болно. Тийм хүн гарцаагүй Бүтээгчээр хайрлуулж, хүлээн зөвшөөрөгдөх бөгөөд тийм хүн л үхэлд тайван хандаж, амьдралын эцсийн онцгой үеийг баяр хөөртэйгөөр угтан авч чадна гэдгийг хэлэх нь илүүц биз. Мэдээжээр үхэлд ингэж хандаж байсан нэг хүн бол Иов байсан. Иов амьдралынхаа сүүлчийн онцгой үеийг баяртайгаар хүлээн зөвшөөрч чадсан бөгөөд амьдралын замналаа төвөггүй төгсгөж, амьдралын даалгавраа биелүүлснээр Бүтээгчийн дэргэд эргэн очсон юм.
5. Иовын амьдралын эрэл хайгуул, олж авсан зүйл нь үхэлтэй тайвнаар нүүр тулах боломжийг түүнд олгосон
Сударт Иовын талаар ингэж бичигдсэн байдаг: “Иов өтөлж, өдөр хоногоо гүйцээгээд өөд болов” (Иов 42:17). Энэ нь, Иов нас барахдаа харамсах юмгүй, ямар ч өвдөлт мэдрэлгүй, харин энэ хорвоогоос жам ёсоороо явсан гэсэн үг юм. Хүн бүхний мэдэж байгаачлан, Иов амьд байхдаа Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүн байсан. Бурхан түүний үйл хэргийг сайшааж, хүмүүс тэдгээрийг дурсан санаж байсны дээр түүний амьдрал бусад бүх хүнээс ч илүү үнэ цэнтэй, ач холбогдолтой байсан гэж хэлж болно. Иов газар дээр Бурханы ерөөлийг эдэлж, Түүгээр зөв шударга хэмээн дуудуулж, мөн Бурханд шалгуулж, Сатанд сориулсан. Тэр Бурханы төлөө гэрчлэлд зогсож, Түүгээр зөв шударга хүн гэж дуудуулах гавьяатай байсан. Тэр Бурханд шалгуулсныхаа дараа хэдэн арван жилийн туршид өмнөхөөсөө бүр ч илүү их үнэ цэнтэй, утга учиртай, үндэслэлтэй, амар тайван амьдралаар амьдарсан. Зөв шударга үйлийнх нь улмаас Бурхан түүнийг шалгасан, мөн зөв шударга үйлийнх нь улмаас Бурхан түүнд үзэгдэж, түүнтэй шууд ярьсан юм. Иймээс шалгуулснаасаа хойших жилүүдэд Иов амьдралын үнэ цэнийг илүү бодитойгоор ойлгож, үнэлж, Бүтээгчийн дээд эрхийн талаар илүү гүнзгий ойлголтыг олж авч, Бүтээгч ерөөлөө хэрхэн өгч, авдаг талаар илүү нарийн, тодорхой мэдлэг олж авсан. Ехова Бурхан өмнө нь өгч байснаасаа илүү их ерөөлийг Иовд хайрлаж, Иовыг Бүтээгчийн дээд эрхийг мэдэж, үхэлтэй тайвнаар нүүр тулах илүү таатай нөхцөлд байдалтай болгосон гэдгийг Иовын номд тэмдэглэсэн байдаг. Иймээс хөгширч, үхэлтэй нүүр тулах үедээ Иов эд хөрөнгийнхөө талаар сэтгэл зовоогүй нь мэдээж юм. Түүнд санаа зовох, харамсах зүйл байгаагүй, мэдээж үхлээс айгаагүй, учир нь тэр бүхий л амьдралаа Бурханаас эмээж, муугаас зайлах замаар алхаж өнгөрүүлсэн. Өөрийнхөө төгсгөлийн талаар санаа зовох ямар ч шалтгаан түүнд байгаагүй билээ. Үхэлтэйгээ тулгарах үедээ Иовын үйлдсэн бүхий л байдлаар өнөөдөр хэчнээн олон хүн үйлдэж чадах вэ? Яагаад хэн ч тийм энгийн гаднах намба төрхийг хадгалж чаддаггүй вэ? Үүнд ердөө нэг л шалтгаан бий: Иов Бурханы дээд эрхэд итгэж, танин мэдэж, захирагдахыг бодитоор эрэлхийлж амьдарсны дээр амьдралынхаа чухал онцгой үеүдийг ийнхүү итгэж, танин мэдэж, захирагдан өнгөрөөж, амьдралынхаа сүүлчийн жилүүдийг амьдран харуулж, амьдралынхаа эцсийн онцгой үеийг угтсан юм. Иов юу туулснаас үл хамааран түүний амьдралын зорилго, эрэл хайгуул нь зовлон шаналалтай биш, харин жаргалтай байсан. Зөвхөн Бүтээгчийн хайрласан ерөөл, сайшаалаас болж биш, харин түүнээс ч чухал нь, өөрийн эрэл хайгуул, амьдралын зорилго, Бурханаас эмээж, муугаас зайлснаараа олж авсан Бүтээгчийн дээд эрхийн тухай улам нэмэгдэх мэдлэг, жинхэнэ ойлголт, цаашлаад Бүтээгчийн дээд эрхэд захирагдаж байхдаа биеэрээ мэдэрсэн Бурханы гайхалтай үйл хэрэг болон Бурхан хүн хоёрын зэрэгцэн оршиж, танилцаж, харилцан ойлголцсон тухай халуун дулаан, мартагдашгүй туршлага, дурсамжийн улмаас тэр жаргалтай байсан юм. Бүтээгчийн хүслийг мэдсэний улмаас төрсөн тав тух, баяр хөөр, Түүнийг агуу, гайхалтай, хайр татам, итгэмжит гэдгийг нь харсны дараа төрсөн хүндлэл бишрэлийн улмаас Иов аз жаргалтай байсан. Үхэхээрээ Бүтээгчийн дэргэд буцаж очно гэдгээ мэдэж байсан учраас Иов ямар ч зовлон зүдүүргүйгээр үхэлтэй нүүр тулах чадвартай байсан. Мөн түүний амьдралдаа хийсэн эрэл хайгуул, олж авсан зүйл нь үхэлтэй тайвнаар нүүр тулж, Бүтээгч түүний амийг буцаан авах явдалтай сэтгэл тайван нүүр тулж, цаашлаад Бүтээгчийн өмнө ямар ч хир толбогүй, санаа зовох зүйлгүйгээр зогсох боломж олгосон. Өнөөгийн хүмүүс Иовд байсан шиг тийм аз жаргалд хүрч чадах уу? Та нарт тэгэхэд шаардлагатай нөхцөл байна уу? Өнөөгийн хүмүүст ийм нөхцөл байгаа хэр нь яагаад Иов шиг аз жаргалтай амьдарч чадахгүй байна вэ? Яагаад тэд үхлээс айх айдсын зовлонгоос зугтаж чадахгүй байна вэ? Үхэлтэй нүүр тулах үедээ зарим хүн өөрийн эрхгүй өмдөндөө шээдэг; зарим нь дагжин чичирч, ухаан алдаж, Тэнгэр болон хүнийг аль алиныг нь хараан загнадаг; зарим нь бүр орь дуу тавин цурхиран уйлдаг. Эдгээр нь үхэх дөхөхөд гэнэтхэн гарч ирдэг ердийн хариу үйлдлүүд огтхон ч биш юм. Гол нь хүмүүс зүрх сэтгэлийнхээ гүнд үхлээс айдаг учраас, Бурханы дээд эрх, Түүний зохицуулалтын талаар тодорхой мэдлэг, ойлголт байдаггүй, тэр ч бүү хэл тэдгээрт үнэхээр захирагддаггүй учраас ийм ичмээр авирладаг. Хүмүүс бүх зүйлийг өөрсдөө зохицуулж, захирч, хувь заяагаа, амьдралаа, үхлийг хянахаас өөрийг хүсдэггүй учраас ингэж авирладаг. Тиймээс хүмүүс үхлийн айдсаас хэзээ ч зугтаж чаддаггүйг гайхах хэрэггүй юм.
6. Бүтээгчийн дээд эрхийг хүлээн зөвшөөрснөөр л хүн Түүний хажууд эргэн очиж чадна
Хүн Бурханы дээд эрх, Түүний зохицуулалтын талаар тодорхой мэдлэг, туршлагагүй байх үед хувь заяа болон үхлийн талаарх хүний мэдлэг авцалдаагүй байх нь гарцаагүй. Бүх зүйл Бурханы гарт байдаг гэдгийг хүмүүс тодорхой ойлгож чаддаггүй, бүх зүйлийг Бурханы хяналт, дээд эрхийн дор байдаг гэдгийг ухаарч, хүн тийм дээд эрхийг хаяж, зугтаж чадахгүй гэдгээ танин мэддэггүй. Ийм шалтгааны улмаас тэд үхэлтэй нүүр тулах цаг ирэхэд сүүлчийн үг, сэтгэлийн шаналал, харамсалд нь төгсгөл байдаггүй. Тэд маш их дарамт, дурамжхан байдал, төөрөгдлийн дарамтад байдаг. Энэ нь тэднийг үхлээс айхад хүргэдэг. Энэ хорвоод мэндэлсэн ямар ч хүний хувьд төрөх шаардлагатай, үхэх нь зайлшгүй; хэн ч юмсын энэхүү замналыг даван гарч чадахгүй. Хэрвээ хүн энэ хорвоогоос зовлонгүйгээр явахыг хүсэж байвал, хэрвээ хүн дургүйлхэлгүй, сэтгэл зоволгүйгээр амьдралынхаа эцсийн онцгой үетэй нүүр тулах чадвартай байхыг хүсэж байвал, цорын ганц арга зам нь ямар ч харамсах зүйл үлдээхгүй байх юм. Харамсах зүйлгүйгээр явах цорын ганц зам бол Бүтээгчийн дээд эрх, Түүний эрх мэдлийг мэдэж, тэдгээрт захирагдах явдал билээ. Хүн ийм маягаар л хүмүүний тэмцэлдээнээс, ёрын муу, Сатаны боолчлолоос хол байж, ингэж байж л хүн Иовынх шиг Бүтээгчээр удирдуулж, ерөөлгөсөн амьдралаар, эрх дураараа, чөлөөлөгдсөн, үнэ цэн, утга учиртай, үнэнч шударга, илэн далангүй амьдралаар амьдарч чадна. Ийм маягаар л хүн Иов шиг Бүтээгчийн шалгалтад орж, хоосорч, Бүтээгчийн зохион байгуулалт, зохицуулалтад захирагдаж чадна. Ийм маягаар л хүн Бүтээгчийг бүх амьдралаараа шүтэн мөргөж, Иовын адилаар Түүний сайшаалыг хүртэж, Түүний дуу хоолойг сонсож, Түүний илрэхийг харж чадна. Зөвхөн ийм маягаар л хүн Иов шиг ямар ч шаналал, сэтгэлийн зовнил, харамсалгүйгээр жаргалтай амьдарч, үхэж чадна. Ийм байдлаар л хүн Иов шиг гэрэлд амьдарч, амьдралынхаа онцгой үе бүрийг гэрэлд өнгөрүүлж, өөрийн замналыг гэрэлд төвөггүй төгсгөж, бүтээгдсэн зүйл болохын хувьд Бүтээгчийн дээд эрхийг мэдэрч, сурч, мэдэж авах даалгавраа амжилттайгаар биелүүлж, гэрэлд нас барж чаддаг бөгөөд түүнээс хойш бүтээгдсэн хүний хувиар Бүтээгчид сайшаагдан Түүний хажууд үүрд зогсох болно.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө III
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?