Тав дахь онцгой үе: Үр удам

2018-07-08

Гэрлэснийхээ дараа хүн дараагийн үеэ өсгөн хүмүүжүүлж эхэлнэ. Хэдэн хүүхэдтэй, ямар хүүхэдтэй болохоо хүн шийдэж чадахгүй; үүнийг мөн л Бүтээгчийн урьдчилан тогтоосон хүний хувь заяагаар тодорхойлдог. Энэ бол хүний туулж өнгөрөх ёстой тав дахь онцгой үе юм.

Хэрвээ хүн хэн нэгний хүүхдийн үүргийг гүйцэтгэхээр төрсөн бол хэн нэгний эцэг эхийн үүргийг биелүүлэхээр дараагийн үеийг өсгөн хүмүүжүүлдэг. Үүргийн энэхүү шилжилт нь хүнийг, амьдралын өөр өөр үеийг өөр өөр өнцгөөс туулахад хүргэдэг. Мөн энэ нь амьдралын өөр өөр цогц туршлагыг хүнд өгч, үүгээр хүн үргэлж нэг л байдлаар тунхагладаг Бүтээгчийн дээд эрхийг мэдэж авч, үүгээр хүн Бүтээгчийн урьдчилан тогтоосныг хэн ч даван гарч, эсвэл өөрчилж чадахгүй гэсэн бодит үнэнтэй нүүр тулдаг.

1. Хүний үр хүүхэд ямар болохыг хэн ч хянах боломжгүй

Төрж, өсөж, гэрлэх нь бүгд төрөл бүрээр, янз бүрийн хэмжээгээр гонсойлгодог. Зарим хүн гэр бүлдээ, эсвэл гадаад үзэмждээ сэтгэл хангалуун бус байдаг; зарим нь эцэг эхдээ дургүй; зарим нь өссөн орчиндоо дургүйцэж, гомдоллодог. Ихэнх хүний хувьд, энэ бүх гонсойлгосон зүйлийн дундаас гэрлэлт нь хамгийн сэтгэл дундуур байдаг зүйл юм. Хүн өөрийн төрөлт, өсөлт, гэрлэлтдээ хэчнээн сэтгэл дундуур байсан ч гэсэн хаана, хэзээ төрөх, ямар харагдах, эцэг эх нь хэн байх, хань ижил нь хэн байхыг сонгож чадахгүй, харин зүгээр л Тэнгэрийн хүслийг хүлээн зөвшөөрөх ёстой гэдгийг үүнийг туулсан хүн бүр мэддэг. Гэхдээ дараагийн үеэ өсгөж хүмүүжүүлэх цаг ирэхэд амьдралынхаа эхний хагаст биелүүлж чадаагүй бүх хүслийг үр удамдаа даатгаж, амьдралынхаа эхний хагасын бүх гонсойлтыг нь үр хүүхэд нь нөхнө байх гэж найдах болно. Иймээс хүмүүс охид нь гайхам үзэсгэлэнтэй эмэгтэй, хөвгүүд нь золбоолог эр хүн; охид нь боловсролтой, авьяаслаг, хөвгүүд нь гялалзсан сурагч, шилдэг тамирчин; охид нь дөлгөөн, журамтай, ухаалаг, хөвгүүд нь ухаантай, чадамгай, өр нимгэн байх болно гэх мэтээр хүүхдүүдийнхээ талаар зүсэн зүйлийн хоосон төсөөлөлд автдаг. Үр хүүхэд нь охин ч бай, хүү ч бай ахмадаа хүндэлж, эцэг эхдээ санаа тавьж, бүх хүнээр хайрлуулж, магтуулах болно гэж тэд найддаг… Энэ үед амьдралын төлөөх найдвар шинээр ундарч, хүмүүсийн зүрх сэтгэлд шинэ хүсэл тэмүүлэл асдаг. Энэ амьдралд тэд хүчин мөхөс агаад найдлагагүй болсон, бусдаас онцгойрох өөр боломж, өөр найдвар тэдэнд байхгүй, хувь заяагаа хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй гэдгийг хүмүүс мэддэг. Иймээс тэд бүх найдвар, биелээгүй хүслээ дараагийн үедээ даатгаж, мөрөөдөлдөө хүрч, хүслээ биелүүлэхэд үр хүүхэд нь тэдэнд тусалж чадна; охид, хөвгүүд нь гэр бүлийнхээ нэрд алдар суу авчирч, чухал, баян, алдартай хүн болно гэж найддаг. Товчхондоо, тэд хүүхдүүдийнх нь аз хийморь өндөрт цойлж байгааг харахыг хүсдэг. Хүмүүсийн төлөвлөгөө, хоосон төсөөлөл төгс байдаг; хэдэн хүүхэдтэй болох, хүүхдүүдийнх нь дүр төрх, ур чадвар гэх мэт нь тэдний шийдэх зүйл биш, хүүхдүүдийнх нь хувь заяа тэдний гарт огтхон ч байдаггүй гэдгийг тэд мэддэггүй гэж үү? Хүмүүс хувь заяаныхаа эзэд нь биш атлаа залуу үеийнхээ хувь заяаг өөрчилнө гэж найддаг; тэд хувь заяанаасаа зугтах аргагүй байдаг атлаа охид, хөвгүүдийнхээ хувь заяаг хянах гэж хичээдэг. Тэд өөрсдийгөө хэтэрхий өндөр үнэлж байгаа бус уу? Хүний мунхаглал, харанхуй бүдүүлэг байдал энэ бус уу? Хүмүүс үр хүүхдүүдийнхээ төлөө юу ч хийхээс буцахгүй боловч эцсийн эцэст, хэдэн хүүхэдтэй болох, тэр хүүхдүүд нь ямар байх нь хүний төлөвлөж, хүссэнээр болохгүй. Зарим хүн сохор зоосгүй ч олон хүүхэд төрүүлдэг; зарим хүн чинээлэг боловч нэг ч хүүхэдгүй байдаг. Зарим нь охинтой болохыг хүсдэг ч тэр хүсэл нь бүтдэггүй; зарим нь хүү хүсдэг ч хүүтэй болж чаддаггүй. Зарим хүний хувьд хүүхдүүд бол ерөөл; өөр бусдын хувьд тэд бол хараал юм. Зарим хос хурц ухаантай ч ухаан муутай хүүхдүүд төрүүлдэг; зарим эцэг эх хөдөлмөрч, үнэнч шударга байдаг ч өсгөсөн хүүхдүүд нь залхуу хойрго байдаг. Зарим эцэг эх сайхан сэтгэлтэй, шулуун шударга боловч хүүхдүүд нь зальтай, хорон байдаг. Зарим эцэг эх оюун санаа, бие бялдрын хувьд эрүүл саруул ч тахир дутуу хүүхэд төрүүлэх нь бий. Зарим эцэг эх жирийн, амжилт олоогүй ч асар их зүйлд хүрсэн хүүхдүүдтэй байдаг. Зарим эцэг эх доод зиндааных ч өндөр зиндаанд хүрсэн хүүхдүүдтэй байдаг…

2. Дараагийн үеэ өсгөн хүмүүжүүлсний дараа хүмүүс хувь заяаны талаар шинэ ойлголт олж авдаг

Ихэнх хүн гуч орчим насандаа, хүний хувь заяаны талаар ямар ч ойлголтгүй байх амьдралын энэ үедээ гэрлэдэг. Гэхдээ хүмүүс хүүхдүүдээ өсгөж эхлээд, үр хүүхдүүд нь том болохын хэрээр шинэ үеийнхэн нь өмнөх үеийнхний амьдрал болон бүх туршлагыг давтаж байгааг хардаг бөгөөд өнгөрсөн амьдралаа тэднээс олж үзээд, залуу үеийн алхаж байгаа замыг яг л өөрсдийнх шиг нь төлөвлөж, сонгож болдоггүй юм байна гэдгийг ухаардаг. Энэ бодит үнэнтэй тулгарсан тэд хүн бүрийн хувь заяаг урьдчилан тогтоосон байдгийг зөвшөөрөхөөс өөр аргагүй болдог бөгөөд өөрийн мэдэлгүйгээр өөрсдийн хүслийг аажмаар хойш тавьж, зүрх сэтгэл дэх дэврүүн хүсэл нь бөхөж унтардаг… Энэ хугацаанд хүмүүс амьдралынхаа чухал үеүдийг үндсэндээ туулж өнгөрөөсөн байдаг болохоор, амьдралын талаар шинэ ойлголттой болж, шинэ хандлагатай болсон байдаг. Энэ насны хүн ирээдүйгээс хэр ихийг хүлээж, ямар хэтийн ирээдүйг хүсэн хүлээх ёстой вэ? Тавин настай ямар эмэгтэй Царайлаг ханхүүг мөрөөдсөөр байх юм бэ? Тавин настай ямар эр хүн Цасан гуагаа хайсаар байх юм бэ? Дунд эргэм насны ямар эмэгтэй нугасны муухай дэгдээхэй байснаа хун болно гэж найдсаар байх юм бэ? Ихэнх ахимаг насны эрэгтэй залуу эрчүүдтэй адил тушаал дэвших гэж улайрдаг уу? Дүгнэж хэлэхэд, эрэгтэй, эмэгтэй байхаас үл хамааран энэ насны ямар ч хүн гэрлэлт, гэр бүл, хүүхдүүдийн талаар харьцангуй ухаалаг, бодитой хандлагатай байх талтай. Ийм хүнд үндсэндээ ямар ч сонголт, хувь заяагаа сорих хүсэл эрмэлзэл үлдээгүй байдаг. Хүний туршлагын тухайд гэвэл, хүн энэ насанд хүрмэгцээ аяндаа “Хүн хувь заяаг хүлээн зөвшөөрөх ёстой; хүүхдүүд өөрсдийн гэсэн заяа төөрөгтэй байдаг; хүмүүний хувь заяаг Тэнгэр тодорхойлдог” гэсэн хандлагатай болдог. Үнэнийг ойлгодоггүй ихэнх хүн энэ хорвоогийн бүхий л энхэл донхол, бүтэлгүйтэл, зовлон бэрхшээлийг даван туулсны дараа хүний амьдралын талаарх мэдлэг ухаанаа “Хувь заяа нь тэр!” гэсэн хэдхэн үгээр л нэгтгэн дүгнэх болно. Хэдийгээр энэ хэллэг нь хорвоогийн хүмүүсийн хүний хувь заяаг ухаарсан ухаарал, хүрсэн дүгнэлтийг нь товчоор илэрхийлдэг, хэдий энэ нь хүн төрөлхтний арчаагүй байдлыг илэрхийлдэг, маш гярхай агаад үнэн зөв гэж тодорхойлж болох боловч Бүтээгчийн дээд эрхийн талаарх ойлголтоос асар зөрүүтэй, Бүтээгчийн эрх мэдлийн тухай мэдлэгийг ердөө ч орлож чадахгүй.

3. Хувь заяанд итгэх нь Бүтээгчийн дээд эрхийн тухай мэдлэгийг орлохгүй

Маш олон жилийн турш Бурханыг дагасан байтлаа хувь заяаны талаарх та нарын болон хорвоогийн хүмүүсийн мэдлэгийн хооронд бодит ялгаа байна уу? Та нар Бүтээгчийн урьдчилан тодорхойлсныг үнэхээр ойлгож, Бүтээгчийн дээд эрхийг үнэхээр мэдэж авсан уу? Зарим хүн “хувь заяа нь тэр” хэмээх хэллэгийн талаар ултай, гүнээ мэдэрсэн ойлголттой байдаг боловч Бурханы дээд эрхэд өчүүхэн ч итгэдэггүй; хүмүүний хувь заяаг Бурхан зохицуулж, зохион байгуулдаг гэдэгт тэд итгэдэггүй, Бурханы дээд эрхэд захирагдах дургүй байдаг. Ийм хүмүүс идэвхгүйгээр хүлээж, хувь заяагаа дагахаас өөр ямар ч сонголтгүй, далайн давлагаанд шидэгдэн, урсгал даган зөнгөөрөө хөвж байгаа мэт байдаг. Гэсэн ч тэд, хүмүүний хувь заяа Бурханы дээд эрхэд захирагддаг гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй; тэд өөрсдийн санаачилгаар Бурханы дээд эрхийг мэдэж авч, тэгснээрээ Бурханы эрх мэдлийн талаарх мэдлэгт хүрч, Бурханы зохион байгуулалт болон зохицуулалтад захирагдаж, хувь заяаг эсэргүүцэхээ болиод Бурханы халамж, хамгаалалт, удирдамж дор амьдарч чаддаггүй. Өөрөөр хэлбэл, хувь заяаг хүлээн зөвшөөрөх нь Бүтээгчийн дээд эрхэд захирагдахтай адил зүйл биш; хувь заяанд итгэнэ гэдэг нь хүн Бүтээгчийн дээд эрхийг хүлээн авч, зөвшөөрч, мэднэ гэсэн үг биш; хувь заяанд итгэнэ гэдэг нь ердөө л энэ үнэнийг, үүний өнгөц илрэлийг танин мэдэх явдал юм. Энэ нь хүн төрөлхтний хувь заяаг Бүтээгч хэрхэн захирдгийг мэдэх, Бүтээгч бол бүх зүйлийн хувь заяаг ноёрхдог эх үүсвэр гэдгийг танин мэдэхээс өөр, хүн төрөлхтний хувь заяанд зориулсан Бүтээгчийн зохион байгуулалт, зохицуулалтад захирагдахаас үнэхээр асар их ялгаатай. Хэрвээ хүн хувь заяанд л итгэдэг, үүнд бүр гүнээ итгэдэг ч гэсэн, ингэснээр хүн төрөлхтний хувь заяаг захирдаг Бүтээгчийн дээд эрхийг мэдэж, хүлээн зөвшөөрч, түүнд захирагдаж, түүнийг хүлээн авч чадахгүй байвал амьдрал нь бас л эмгэнэлтэй, дэмий, хоосон амьдарсан амьдрал байх болно; тэр жинхэнэ утгаараа бүтээгдсэн хүн болж, Бүтээгчийн сайшаалыг эдлэхээр Бүтээгчийн ноёрхолд орж чадахгүй хэвээр байх болно. Бүтээгчийн дээд эрхийг үнэхээр мэдэж, мэдэрдэг хүн идэвхгүй, арчаагүй биш, идэвхтэй байдалд байвал зохино. Тийм хүн бүх зүйл тавилантай гэдгийг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ амьдрал болон хувь заяаны талаар “Бүхий л амьдрал Бүтээгчийн дээд эрхэд захирагддаг” гэсэн үнэн зөв тодорхойлолттой болбол зохино. Хүн туулж өнгөрүүлсэн замаа эргэн харж, амьдралын замналын үе шат бүрээ дурсан санахдаа, замнал нь энхэл донхолтой, эсвэл толигор аль нь ч бай, Бурхан алхам бүрд замыг нь залж чиглүүлж, төлөвлөж өгч байсныг ойлгодог. Өнөөдрийг хүртэл хүнийг мэдэгдэлгүйгээр хөтөлж байсан зүйл нь Бурханы нямбай зохицуулалт, Түүний хичээнгүй төлөвлөлт байжээ. Бүтээгчийн дээд эрхийг хүлээн зөвшөөрч, Түүний авралыг хүртэх чадвартай байна гэдэг хэчнээн агуу завшаан бэ! Хэрвээ хүн хувь заяанд сөрөг ханддаг бол, түүнд зориулж Бурханы зохицуулсан бүхнийг тэр эсэргүүцдэг, түүнд захирагдах хандлага байхгүйг энэ нь батална. Хэрвээ хүний хувь заяаг захирах Бурханы дээд эрхийн талаар хүн эерэг хандлагатай бол амьдралын замналаа эргэн харж, Бурханы дээд эрхийг үнэхээр ухан ойлгох үедээ Бурханы зохицуулсан бүх зүйлд захирагдахыг чин сэтгэлээсээ хүсэж, хувь заяагаа зохион байгуулахыг Бурханд зөвшөөрч, Бурханы эсрэг тэрслэхээ болихдоо илүү шийдэмгий, итгэлтэй болно. Учир нь хувь заяаг ухаарч ойлгохгүй, Бурханы дээд эрхийг ойлгохгүй, манан дундуур гуйвж дайван зоргоороо урагшаа тэмтчин явахад уг замнал хэтэрхий хэцүү, хэтэрхий зүрх зүсэм байдгийг ойлгодог. Иймээс хүмүүс хүний хувь заяаг захирдаг Бурханы дээд эрхийг танин мэдэхээрээ ухаалаг хүмүүс нь өөрийн гараар сайхан амьдрал бүтээх гэж хичээж байсан бэрх өдрүүдтэйгээ салах ёс хийж, хувь заяаны эсрэг тэмцэж, “амьдралын зорилго” гэх зүйлээ өөрийнхөөрөө эрэлхийлэхээ болихоор мэдэж, хүлээн зөвшөөрөх замыг сонгодог. Хүнд Бурхан байхгүй, Түүнийг харж чадахгүй, Бурханы дээд эрхийг тодорхой танин мэдэж чадахгүй үед өдөр бүр нь утга учиргүй, үнэ цэнгүй, өрөвдөлтэй байдаг. Хүн хаана ч байсан, ажил нь ямар ч байсан, амьдрах арга зам болон зорилгоор хөөцөлдөх нь эргэн дурсаж ч чадамгүй эцэс төгсгөлгүй их уй гашуу, хөнгөвчлөхийн аргагүй зовлон шаналлаас өөр юуг ч авчрахгүй. Бүтээгчийн дээд эрхийг хүлээн авч, Түүний зохион байгуулалт, зохицуулалтад захирагдаж, жинхэнэ хүмүүний амьдралыг эрж хайсан цагт л хүн бүх уй гашуу, зовлон шаналлаас аажмаар ангижирч, амьдралын бүхий л утгагүй хоосон байдлаас салж эхэлнэ.

4. Бүтээгчийн дээд эрхэд захирагддаг хүмүүс л жинхэнэ эрх чөлөөг олж авч чадна

Хүмүүс Бурханы зохион байгуулалт болон дээд эрхийг таньж мэддэггүйн улмаас хувь заяатай нүүр тулахдаа үргэлж эсэргүүцсэн, тэрслүү хандлагатай байдгийн дээр, одоогийн нөхцөл байдлаа хувиргаж, хувь заяагаа өөрчилнө гэж дэмий л найдан Бурханы эрх мэдэл, дээд эрх болон хувь заяаны төөргөөс татгалзахыг үргэлж хүсэж байдаг. Гэвч тэд хэзээ ч тэгж чаддаггүй, алхам тутамд нь саад тотгор учирна. Энэ бүх хугацаанд хүн амиа дэмий шалихгүй юманд үрж байхад, хүний сэтгэлийн гүнд явагддаг энэхүү тэмцэл ясанд нь хүрэхээр тийм гүнзгий шаналлыг авчирдаг. Энэ зовлон шаналлын шалтгаан нь юу вэ? Энэ нь Бурханы дээд эрхээс шалтгаалдаг уу, эсвэл хүн азгүй төрснөөс шалтгаалдаг уу? Мэдээж аль аль нь үнэн биш. Үндсэндээ энэ нь хүмүүсийн явсан замаас, хүмүүсийн амьдрахаар сонгосон арга замаас шалтгаалдаг. Зарим хүн эдгээр зүйлийг ухаараагүй байж болох юм. Гэвч Бурхан хүн төрөлхтний хувь заяаг захирах дээд эрхтэй гэдгийг үнэхээр танин мэдэж, үнэхээр хүлээн зөвшөөрсөн үед, чамд зориулж Бурханы төлөвлөсөн, чиний өмнөөс шийдсэн бүхэн нь асар их ашиг тус, хамгаалалт гэдгийг чи үнэхээр ойлгох үед зовлон шаналал чинь аажмаар хөнгөрч эхлэхийг, бүхэлдээ тайван, эрх чөлөөтэй, чөлөөлөгдсөн болж байгаагаа мэдрэх болно. Дийлэнх хүний байдлаас авч үзвэл, хэдийгээр субьектив түвшинд тэд өмнөх маягаараа амьдраад байхыг хүсэхгүй, зовлон шаналлаасаа чөлөөлөгдөхийг хүсдэг боловч үнэндээ бол хүний хувь заяаг захирах Бүтээгчийн дээд эрхийн бодит үнэ цэн, утга учрыг үнэхээр ойлгож чаддаггүй; үнэндээ бол тэд Бүтээгчийн дээд эрхийг үнэхээр танин мэдэж, түүнд захирагдаж чаддаггүй, Бүтээгчийн зохион байгуулалт, зохицуулалтыг хэрхэн эрж хайж, хүлээн авахаа бүр ч мэддэггүй. Тиймээс хэрвээ Бүтээгчид хүний хувь заяа болон хүний бүх хэрэг явдлыг захирах дээд эрх байдаг гэсэн бодит үнэнийг хүмүүс үнэхээр танин мэдэж чадахгүй бол, Бүтээгчийн ноёрхолд үнэхээр захирагдаж чадахгүй бол, “хүний хувь заяа өөрийнх нь гарт байдаг” гэсэн санаанд хөтлөгдөж, дөнгөлөгдөхгүй байхад хэцүү болно. Хувь заяаны болон Бүтээгчийн эрх мэдлийн эсрэг хүчтэй тэмцлийнхээ зовлон шаналлаас салах хэцүү байх бөгөөд үнэхээр чөлөөлөгдөж, эрх дураараа болж, Бурханыг шүтэн мөргөдөг хүмүүс болоход тэдэнд мөн хэцүү байх болно гэдгийг хэлэхийн ч хэрэггүй. Гэхдээ ийм байдлаас өөрийгөө чөлөөлөх их энгийн арга зам байдаг нь урьдын амьдрах арга замтайгаа салах ёс гүйцэтгэх; урьдын амьдралын зорилгодоо баяртай гэж хэлэх; урьдын амьдралын хэв маяг, амьдралыг үзэх үзэл, эрэл хайгуул, хүсэл, туйлын зорилгыг нэгтгэн дүн шинжилгээ хийх; дараа нь тэдгээрийг Бурханы хүсэл болон хүнд тавих шаардлагатай харьцуулаад, тэдгээрийн аль нэг нь Бурханы хүсэл, шаардлагатай нийцэж байгаа эсэх, аль нэг нь амьдралд зөв үнэ цэн өгч, үнэнийг илүү сайн ойлгоход хүнийг хөтөлж, хүн чанартайгаар, хүн шиг амьдрах боломжийг олгож байгаа эсэхийг харах юм. Чи хүмүүсийн эрэлхийлдэг амьдралын олон янзын зорилго, тоо томшгүй олон амьдрах арга замыг нь ахин дахин судалж, нарийвчлан задлан шинжилбэл тэдгээрийн нэг нь ч, хүн төрөлхтнийг бүтээсэн Бүтээгчийн анхны санаа зорилготой нийцдэггүй гэдгийг олж мэднэ. Тэдгээр нь бүгд хүмүүсийг Бүтээгчийн дээд эрх болон анхаарал халамжаас холдуулдаг; тэдгээр нь бүгд хүмүүсийг самуурахад хүргэдэг, там руу хөтөлдөг урхи юм. Үүнийг танин мэдсэний дараа чиний хийх зүйл бол амьдралын талаарх хуучин үзлээ хойш тавьж, олон янзын урхи занганаас хол байж, амьдралыг чинь хариуцаж, чиний төлөө зохицуулалт хийхийг Бурханд даатгах; зөвхөн Бурханы зохион байгуулалт, удирдамжид захирагдан, хувийн сонголтгүйгээр амьдарч, Бурханыг шүтэн мөргөдөг хүн болохоор хичээх явдал юм. Энэ нь амархан сонсогддог боловч хийхэд хэцүү зүйл билээ. Зарим хүн үүний зовлонг нь тэсвэрлэж чадах ч зарим нь чадахгүй. Зарим нь дагаж мөрдөхөд бэлэн байдаг ч зарим нь дурамжхан байдаг. Дурамжхан байгаа хүмүүст үүнийг хийх хүсэл, шийдэмгий байдал дутагдаж байдаг; тэд Бурханы дээд эрхийн талаар тодорхой ойлгодог, Бурхан хүний хувь заяаг төлөвлөж, зохицуулдаг гэдгийг бүрэн төгс мэддэг атлаа эсэргүүцэж, тэмцэлдсээр, хувь заяагаа Бурханы гарт өгч, Бурханы дээд эрхэд захирагдахтай эвлэрэхгүй хэвээр; улмаар Бурханы зохион байгуулалт болон зохицуулалтад дургүйцэж байдаг. Тиймээс юу чаддагаа өөрсдөө харахыг хүсдэг хүмүүс үргэлж байх болно; тэд өөрийн гараар хувь заяагаа өөрчилж, өөрийн чадлаар аз жаргалд хүрэхийг, Бурханы эрх мэдлийн хязгаарыг даван гарч, Бурханы дээд эрхээс дээш гарч чадах эсэхээ харахыг хүсдэг. Хүний эмгэнэл нь аз жаргалтай амьдрал эрж хайж, нэр алдар, эд баялгаар хөөцөлдөж, хувь заяагаа сөрөн манан дундуур тэмцэж байгаад биш, харин Бүтээгчийн оршин тогтнолыг харж, хүний хувь заяаг захирах дээд эрх Бүтээгчид бий гэдэг бодит үнэнийг мэдсэнийхээ дараа ч гэсэн өөрийгөө засаж чадахгүй хэвээр, хөлөө намаг балчгаас татаж гаргаж чадахгүй, харин ч сэтгэлээ чангалж, алдаагаа туйлбартай үргэлжлүүлж байдаг нь юм. Тэр харин ч шавхай дундуур туучиж, Бүтээгчийн дээд эрхийн эсрэг зөрүүдлэн тэмцэлдэж, өчүүхэн төдий ч гэмшилгүйгээр эцсээ хүртэл эсэргүүцсээр байхыг илүүд үзнэ. Нурж унан, цус алдан хэвтэж байхдаа л эцэст нь тэр бууж өгч, буцахаар шийддэг. Энэ бол хүмүүний жинхэнэ уй гашуу юм. Иймээс захирагдахыг сонгодог нь цэцэн хүмүүс, тэмцэж, зайлж зугтаахыг сонгодог нь мунхаг хүмүүс гэж Би хэлнэ.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө III

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Зургаа дахь онцгой үе: Үхэл

Маш их үймээн бужигнаан, маш их бүтэлгүйтэл, гонсойлгосон үйл явдал, маш их баяр хөөр, уй гашуу, сайн, муу, маш олон мартагдашгүй он жил,...

Дөрөв дэх онцгой үе: Гэрлэлт

Хүн өсөж том болон, насанд хүрэх үедээ эцэг эхээсээ, төрж, өссөн орчноосоо улам холдож, оронд нь амьдралын зүг чигийг эрж хайн, эцэг...

Messenger дээр бидэнтэй холбоо барих