Бурхан сүнсний ертөнцийг хэрхэн захирч, удирддаг вэ: Үл итгэгчдийн амьдрал, үхлийн мөчлөг
Материаллаг ертөнцийн хувьд, хүмүүс тодорхой нэг зүйл, үзэгдлийг ойлгохгүй байх болгондоо тэдгээр зүйлийн гарал үүсэл, цаад шалтгааныг олж мэдэхийн тулд янз бүрийн суваг ашиглаж, холбогдох мэдээллийг хайж болно. Харин өнөөдрийн бидний ярьж байгаа нөгөө ертөнц буюу материаллаг ертөнцийн гадна орших сүнсний ертөнцийн тухайд бол, энэ талаар ямар нэг зүйл олж мэдэх арга зам, суваг хүмүүст огт байхгүй. Би яагаад ингэж хэлж байна вэ? Яагаад гэвэл, хүн төрөлхтний ертөнцөд, материаллаг ертөнцийн бүх зүйл хүний биет оршин тогтнолтой салшгүй холбоотой бөгөөд материаллаг ертөнцийн бүх зүйл өөрсдийнх нь бие махбодын амьдрал болоод амьтай салшгүй холбоотой гэж хүмүүст санагддаг учраас ихэнх хүн өөрсдөд нь харагддаг, нүднийх нь өмнөх материаллаг зүйлсийг л мэддэг, хардаг. Гэвч сүнсний ертөнц, өөрөөр хэлбэл, нөгөө ертөнцийн бүх зүйлийн тухайд ихэнх хүн үүнд итгэдэггүй гэж хэлэхэд болно. Хүмүүс үүнийг харж чаддаггүй, сүнсний ертөнц нь материаллаг ертөнцөөс юугаараа тэс өөр болох талаар бүү хэл, үүнийг ойлгох, энэ талаар юу ч мэдэх хэрэггүй гэж боддогийн дээр Бурханы хувьд нээлттэй, харин хүмүүсийн хувьд нууцлаг, хаалттай байдаг учраас энэхүү ертөнцийн янз бүрийн талыг ойлгох замыг олоход хүмүүст маш хэцүү байдаг. Сүнсний ертөнцийн талаар Миний ярих гэж буй өөр өөр талууд бол зөвхөн Бурханы захиргаа, дээд эрхтэй хамаатай; Би ямар нэгэн нууцыг ил болгох гээгүй, мөн та нарын олж мэдэхийг хүсдэг нууцлаг зүйлээс алийг нь ч хэлж өгөх гээгүй. Энэ нь Бурханы дээд эрх, Бурханы захиргаа, Бурханы хангалттай хамаатай учраас Би та нарын мэдэх шаардлагатай хэсгийг л ярина.
Эхлээд Би та нараас нэг асуулт асууя: Та нарын бодлоор сүнсний ертөнц гэж юу вэ? Ерөнхийд нь хэлбэл энэ нь хүмүүсийн нүдэнд харагддаггүй, гарт баригддаггүй, материаллаг ертөнцийн гаднах ертөнц юм. Гэхдээ, та нар сүнсний ертөнцийг ямар ертөнц байх учиртай гэж төсөөлж байна вэ? Харж чадахгүй байгаагийн улмаас та нар энэ талаар бодож чадахгүй байж магад. Гэхдээ ямар нэг домог сонсохоороо та нар бодсоор л, энэ тухай бодохоо больж чаддаггүй. Би яагаад ингэж хэлж байна вэ? Хүүхэд байхад нь олон хүнд тохиолддог нэг ийм зүйл бий: Хий үзэгдэл, сүнсний талаар хэн нэг нь аймшгийн түүх ярихад тэд ухаан алдталаа айдаг. Яг яагаад тэд айдаг вэ? Учир нь тэд ийм зүйлийг төсөөлж байдаг; харж чадахгүй ч өрөөнийх нь хаа сайгүй, ямар нэг далд, харанхуй буланд тэдгээр нь байгаа санагдаж, маш их айсандаа унтаж ч зүрхэлдэггүй. Ялангуяа шөнө өрөөндөө ганцаараа байх, хашаандаа ганцаараа зориглон гарахаас дэндүү их айдаг. Энэ бол та нарын төсөөлдөг сүнсний ертөнц, хүмүүсийн аймшигтай гэж боддог ертөнц юм. Үнэн хэрэгтээ, хүн бүр үүнийг тодорхой хэмжээгээр төсөөлдөг, хүн бүр бага зэрэг мэдэрч чадна.
Сүнсний ертөнцийн талаар яриагаа эхэлье. Энэ юу вэ? Би та нарт энгийн бөгөөд товчхон тайлбарлаж өгье: Сүнсний ертөнц бол материаллаг ертөнцөөс өөр, чухал газар юм. Би яагаад үүнийг чухал гэж хэлж байна вэ? Бид энэ талаар дэлгэрэнгүй ярилцах болно. Сүнсний ертөнцийн оршин тогтнол нь хүн төрөлхтний материаллаг ертөнцтэй салшгүй холбоотой. Бүх зүйлийг захирах Бурханы ноёрхол дахь хүний амьдрал, үхлийн мөчлөгт энэ нь чухал үүрэг гүйцэтгэдэг; энэ бол сүнсний ертѳнцийн үүрэг бөгөөд оршин тогтнол нь чухал байдгийн нэг шалтгаан юм. Энэ нь таван мэдрэхүйгээр ялган таних аргагүй газар учраас сүнсний ертөнц оршин байдаг эсэхийг хэн ч үнэн зөв магадалж чаддаггүй. Сүнсний ертөнцийн янз бүрийн хөдөлгөөн нь хүний оршин тогтнолтой нягт холбоотой байдгийн улмаас хүн төрөлхтний амьдралын дэг жаягт ч бас сүнсний ертөнц асар их нөлөөлдөг. Үүнд Бурханы дээд эрх хамаатай юу, үгүй юу? Хамаатай. Намайг ингэж хэлэхээр та нар яагаад энэ сэдвээр ярилцаж байгааг минь ойлгоно: Учир нь, Бурханы дээд эрхээс гадна, Түүний захиргаа үүнд хамаатай. Хүмүүст үл үзэгдэх ийм ертөнцийн бүх тэнгэрлэг тушаал, зарлиг, захиргааны тогтолцоо нь материаллаг ертөнцийн аль ч улсын хууль, тогтолцооноос хавьгүй дээгүүр байдгийн дээр энэ ертөнцөд амьдардаг ямар ч зүйл эдгээрийг зөрчиж, халдаж зүрхлэхгүй. Энэ нь Бурханы дээд эрх, захиргаатай холбоотой юу? Сүнсний ертөнцөд тодорхой захиргааны зарлиг, тэнгэрлэг тушаал, хууль тогтоомж бий. Өөр өөр түвшин, янз бүрийн талбарт харгалзагч нар үүргээ чанд баримталж, дүрэм журмыг мөрддөг, учир нь тэд тэнгэрлэг тушаалыг зөрчихийн үр дагавар юу болохыг мэддэг; Бурхан хэрхэн мууг шийтгэж, сайныг шагнадаг, Тэр бүх зүйлийг хэрхэн удирдаж, захирдгийг тодорхой мэддэг. Түүнчлэн, Тэр тэнгэрлэг тушаал, хууль тогтоомжоо хэрхэн хэрэгжүүлдгийг тэд тодорхой хардаг. Эдгээр нь хүн төрөлхтний оршин суудаг материаллаг ертөнцөөс ялгаатай юу? Үнэндээ асар их ялгаатай. Сүнсний ертөнц нь материаллаг ертөнцөөс огт өөр ертөнц юм. Тэнгэрлэг тушаал, хууль тогтоомж байдаг болохоор Бурханы дээд эрх, захиргаа, мөн түүнчлэн Бурханы зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болохтой энэ нь хамаатай. Та нар үүнийг сонсоод Миний хувьд энэ сэдвийн талаар ярих нэн шаардлагатай гэж бодохгүй байна уу? Та нар салшгүй нууцыг нь мэдмээргүй байна уу? (Тийм ээ, бид мэдмээр байна.) Сүнсний ертөнцийн ухагдахуун ийм билээ. Хэдийгээр энэ нь материаллаг ертөнцтэй зэрэгцэн оршиж, Бурханы захиргаа, дээд эрхэд нэгэн зэрэг захирагддаг ч энэ ертөнцийг захирдаг Бурханы захиргаа, дээд эрх нь материаллаг ертөнцийнхөөс хавьгүй хатуу чанд байдаг. Нарийн ширийний тухайд гэвэл, сүнсний ертөнц хүн төрөлхтний амьдрал, үхлийн мөчлөгийн ажлыг хэрхэн хариуцдагаас бид эхлэх хэрэгтэй, учир нь энэ бол сүнсний ертөнцийн оршихуйнуудын ажлын томоохон хэсэг юм.
Хүн төрөлхтөн дундаас бүх хүнийг Би гурван төрөлд ангилдаг. Эхнийх нь шашны итгэл үнэмшилгүй үл итгэгчид. Тэднийг үл итгэгчид гэж нэрлэдэг. Үл итгэгчдийн дийлэнх олонх нь мөнгөнд л итгэдэг; тэд өөрсдийнхөө ашиг сонирхлыг л хөөцөлддөг, эдийн шуналтай бөгөөд амьдрал, үхлийн мөчлөг, шүтээн, хий үзэгдлийн тухай ямар ч ярианд итгэдэггүй, харин материаллаг ертөнцөд л итгэдэг. Би ийм хүмүүсийг үл итгэгчид гэж ангилдаг, тэд бол эхний төрлийн хүмүүс юм. Хоёр дахь төрөлд нь үл итгэгчдээс бусад итгэл бишрэлтэй янз бүрийн хүмүүс багтдаг. Хүн төрөлхтөн дундаас эдгээр итгэл бишрэлтэй хүмүүсийг Би хэд хэдэн томоохон бүлэгт хуваадаг: Эхнийх нь Иудейн шашинтан, хоёр дахь нь Католик шашинтан, гурав дахь нь Христийн шашинтан, дөрөв дэх нь Лалын шашинтан, тавь дахь нь Буддын шашинтан гэсэн таван төрөл юм. Эдгээр нь итгэл бишрэлтэй янз бүрийн хүмүүс юм. Гурав дахь төрөл нь Бурханд итгэдэг хүмүүс, үүнд та нар хамаарна. Ийм итгэгчид нь өнөөдөр Бурханыг дагадаг хүмүүс юм. Энэ хүмүүсийг Бурханы сонгосон хүмүүс болон үйлчлэл үзүүлэгчид гэх хоёр төрөлд хуваадаг. Эдгээр үндсэн төрлийг маш тодорхой ялгасан. Иймээс та нар одоо, бодол санаандаа хүмүүсийн төрөл, зэрэглэлийг хооронд нь тодорхой ялгаж чадна, тийм үү? Эхний төрөл нь үл итгэгчдээс бүрдэнэ, тэд юу болохыг Би хэлсэн. Тэнгэр Эцэгт итгэдэг хүмүүсийг үл итгэгчид гэж тооцох уу? Олон үл итгэгч Тэнгэр Эцэгт л итгэдэг; тариа тарьж, ургац хураахдаа өөрсдийнх нь найддаг энэхүү оршихуй салхи, бороо, аянга гэх мэтийг бүгдийг нь удирддаг гэж тэд итгэдэг атлаа Бурханд итгэх итгэлийн талаар дурдмагц Түүнд итгэхийг хүсдэггүй. Үүнийг итгэл байгаа гэж нэрлэж болох уу? Ийм хүмүүс үл итгэгчдэд хамаарна. Үүнийг ойлгосон биз дээ? Эдгээр ангиллыг бүү андуур. Хоёр дахь төрөлд нь итгэл бишрэлтэй хүмүүс багтдаг, гурав дахь төрөл нь яг одоо Бурханыг дагаж байгаа хүмүүс юм. Тэгвэл Би яагаад бүх хүнийг эдгээр төрөлд хуваасан бэ? (Учир нь төрөл бүрийн хүмүүс өөр өөр төгсгөл, хүрэх газартай байдаг.) Энэ бол нэг тал нь. Өөр өөр яс үндэс, төрлийн энэ хүмүүс сүнсний ертөнцөд эргэн очихдоо өөр өөр газар луу явж, амьдрал, үхлийн мөчлөгийн өөр өөр хуульд захирагдана, тийм учраас Би хүмүүсийг эдгээр үндсэн төрөлд ангилсан юм.
Үл итгэгчдийн амьдрал, үхлийн мөчлөг
Үл итгэгчдийн амьдрал, үхлийн мөчлөгийг эхлээд авч үзье. Хүнийг үхсэнийх нь дараа сүнсний ертөнцийн харгалзагч авч явдаг. Хүний яг юуг нь авч явдаг вэ? Махан биеийг нь бус, сүнсийг нь авч явдаг. Сүнсийг нь авч явахад, дөнгөж нас барсан хүмүүсийн сүнсийг тусгайлан хүлээн авдаг газар болох сүнсний ертөнцийн товчоо хэмээх газарт очдог. Тэр нь үхсэнийхээ дараа хүний очдог эхний газар бөгөөд сүнсний хувьд энэ нь танил бус байдаг. Тэднийг энэ газарт аваачих үед албан тушаалтан эхний үзлэг хийж, нэр, хаяг, нас, бүх туршлагыг нь баталгаажуулдаг. Амьд байхдаа хийсэн бүхнийх нь талаар бүртгэл хөтөлж, үнэн зөвийг нь магадалдаг. Энэ бүгдийг шалгасны дараа тухайн хүний насан туршийн үйлдэл, зан авирыг үндэслэн шийтгэгдэх үү, хүний төрлийг дахин олох уу гэдгийг нь тодорхойлдог ба энэ нь эхний шат юм. Энэ эхний шат аймшигтай байна уу? Хүн харанхуй, үл таних газарт ирснээс өөр зүйл тохиогоогүй учраас энэ тийм ч аймшигтай биш.
Хоёр дахь шатанд, тухайн хүн насан туршдаа олон муу зүйл хийж, олон хорон муу үйл үйлдсэн бол үүнийгээ шийдүүлэхээр шийтгэлийн газарт хүргэгдэнэ. Тэр нь тусгайлан хүмүүсийг шийтгэхэд ашигладаг газар байх болно. Түүний хэрхэн шийтгэгдэхийн нарийн ширийн нь үйлдсэн нүгэл, мөн үхэхээсээ өмнө хэчнээн олон хорон муу зүйл хийснээс нь хамаардаг, энэ нь хоёр дахь шатанд тохиодог эхний нөхцөл байдал юм. Үхэхээсээ өмнө хийсэн муу зүйл, үйлдсэн ёрын муу үйлийнхээ улмаас шийтгэлийнхээ дараа дахин төрлийг олохдоо, материаллаг ертөнцөд дахин нэг удаа төрөхдөө, зарим нь хүн хэвээр үлдэж, зарим нь амьтад болдог. Өөрөөр хэлбэл, хүн сүнсний ертөнцөд эргэн очсоныхоо дараа, үйлдсэн ёрын муу үйлээсээ болж шийтгүүлдэг; түүнчлэн, хийсэн хорон муу зүйлээсээ болж дараа төрөлдөө хүн биш, амьтан болж магадгүй. Тэд үхэр, адуу, гахай, нохой зэрэг амьтад болж магад. Зарим хүн дахин төрөхдөө шувуу, нугас, галуу болж болно… Тэд амьтны төрлийг олж дахин төрснийхөө дараа дахин үхэхдээ сүнсний ертөнцөд эргэж ирнэ. Тэнд урьдын адилаар үхэхийнх нь өмнөх зан авирт үндэслэн хүний төрлийг дахин олох эсэхийг нь сүнсний ертөнц шийднэ. Ихэнх хүн хэтэрхий их ёрын мууг үйлдэж, нүгэл нь дэндүү их байдаг учраас долоогоос арван хоёр удаа амьтны төрлийг олж төрдөг. Долоогоос арван хоёр удаа гэдэг аймшигтай бус уу? (Аймшигтай.) Та нарт юу нь аймшигтай байна вэ? Хүн, амьтан болно гэдэг аймшигтай. Хүний хувьд амьтан болохын хамгийн зовлонтой зүйл нь юу вэ? Хэл яриагүй, зөвхөн энгийн бодолтой, амьтдын хийж чадах зүйлсийг л хийж, амьтдын иддэгийг л идэж чаддаг байх, мөн амьтдын энгийн сэтгэлгээ, үйл хөдлөлтэй байж, босоогоороо явж чадахгүй, хүмүүстэй харилцаж чадахгүй байх бөгөөд хүмүүсийн зан авир, үйлдлийн аль нь ч амьтадтай огт хамааралгүй байдаг бодит үнэн юм. Өөрөөр хэлбэл, бүх зүйлийн дундаас амьтан байна гэдэг бүх амьд зүйлээс хамгийн дорд болж, хүн байхаас илүү их зовлон зүдүүр туулах болдог. Маш их мууг хийж, асар их нүгэл үйлдсэн хүмүүсийг шийтгэх сүнсний ертөнцийн шийтгэлийн нэг тал нь энэ юм. Шийтгэл хэр хүнд байх нь ямар төрлийн амьтан болохоос хамааран шийдэгддэг. Жишээ нь, гахай байх нь нохой байхаас дээр үү? Гахай нохойноос дээр амьдардаг уу, дор амьдардаг уу? Дор амьдардаг биз дээ? Хүмүүс үхэр, адуу болбол гахай байснаас дээр амьдрах уу, дор амьдрах уу? (Дээр амьдарна.) Хүн муур болж дахин төрснөөр илүү тухтай байх уу? Тэр адилхан л амьтан байх бөгөөд муур байх нь морь, үхэр байхаас хавьгүй илүү амар, учир нь муур ихэнх цагаа нойрмоглон залхуурч өнгөрүүлдэг. Үхэр, морь болбол илүү их хөдөлмөрлөдөг. Тиймээс хэрвээ хүн үхэр, адууны төрлийг олж төрвөл шаргуу ажиллах ёстой, энэ нь хатуу шийтгэлтэй адилхан. Нохой эзэнтэйгээ илүү ойр дотно харилцаатай байдаг тул нохой болох нь үхэр, морь болохоос арай дээр байх болно. Зарим нохойг хэдэн жил тэжээсний дараа эздийнхээ хэлдэг үгээс нэлээдийг ойлгож чаддаг. Заримдаа нохой эзнийхээ сэтгэл санааны байдал болон шаардлагад зохицож чаддаг, тэгээд эзэн нь нохойдоо илүү сайн хандаж, нохойгоо илүү сайн хооллож ундалж, өвдөх үед нь илүү сайн асардаг. Тэгэхээр нохой аз жаргалтай амьдардаг бус уу? Тиймээс нохой байна гэдэг нь үхэр, морь байснаас дээр. Үүгээр, хүний шийтгэлийн хатуу ширүүн байдал нь хэдэн удаа, ямар амьтны төрлийг олж төрөхийг нь тодорхойлдог.
Амьд байхдаа маш олон нүгэл үйлдсэнээсээ болоод зарим хүн долоогоос арван хоёр удаа амьтны төрлийг олж төрөхөөр шийтгүүлдэг. Хангалттай олон шийтгүүлээд сүнсний ертөнцөд эргэн очих үед нь түүнийг өөр газар луу, янз бүрийн сүнснүүд аль хэдийн шийтгүүлчхээд, хүний төрлийг олохоор бэлдэж байгаа төрлийн сүнснүүд байдаг газарт аваачдаг. Энэ газарт, ямар гэр бүлд төрөх, дахин төрөөд ямар үүрэг гүйцэтгэх гэх мэтийнх нь дагуу сүнс тус бүрийг төрөл болгон ангилдаг. Жишээ нь, зарим хүн энэ хорвоод ирээд дуучин болох учраас түүнийг дуучдын дунд оруулдаг; зарим нь энэ хорвоод ирээд бизнес эрхлэгч болох учраас түүнийг бизнес эрхлэгчдийн дунд оруулдаг; хэн нэгэн нь хүн болсныхоо дараа шинжлэх ухааны судлаач болох бол шинжлэх ухааны судлаачдын дунд оруулдаг. Тэднийг ангилсны дараа, яг л өнөөдөр хүмүүс э-мэйл илгээдэг шиг тус бүрийг нь өөр өөр цаг, товлосон өдөрт илгээдэг. Үүгээр амьдрал, үхлийн нэг мөчлөг дуусна. Хүн сүнсний ертөнцөд ирсэн өдрөөс эхлээд шийтгэл нь дуусах хүртэл буюу олон удаа амьтны төрлийг олж төрөөд, хүний төрлийг олж төрөхөөр бэлдэх хүртэл энэхүү үйл явц нь бүрэн төгс болдог.
Шийтгэгдэж дуусаад дахин амьтан болж төрөхгүй хүмүүс даруй материаллаг ертөнц рүү илгээгдэж хүн болж төрөх үү? Эсвэл, тэд хүмүүсийн дунд ирэх хүртлээ хэр удах вэ? Ийм зүйл тохиолдож болох давтамж нь ямар байдаг вэ? Үүнд цаг хугацааны хязгаарлалт байдаг. Сүнсний ертөнцөд болдог бүх зүйл цаг хугацааны нарийн хязгаарлалт, дүрэмд захирагддаг, үүнийг Би тоогоор тайлбарлавал та нар ойлгоно. Богино хугацаанд дахин төрлийг олсон хүмүүсийн хувьд гэвэл үхэх үед нь дахин хүн болж төрөх бэлтгэлийг аль хэдийн хийсэн байна. Ийм зүйл болж болох хамгийн богино хугацаа нь гурван өдөр байдаг. Зарим хүнд энэ нь гурван сар, заримынх нь хувьд гурван жил, заримд нь гучин жил, заримд нь гурван зуун жил гэх мэт болдог. Тэгвэл энэхүү цаг хугацааны дүрмийн талаар юу хэлж болох вэ, нарийн ширийн нь юу вэ? Сүнснээс материаллаг ертөнц буюу хүний ертөнцийн шаарддаг зүйл, энэхүү ертөнцөд сүнсний гүйцэтгэх учиртай үүрэг дээр эдгээр нь үндэслэдэг. Хүний ертөнцөд эгэл хүмүүсийн хэрэгцээ маш их байдаг учраас хүмүүс ийм эгэл хүний төрлийг дахин олж төрөхдөө ихэнх нь маш хурдан төрлөө олж дахин төрдөг, иймээс тэд гурван өдрийн дараа, нас барахаасаа өмнө байсан гэр бүлээс огт өөр гэр бүлд дахин илгээгддэг. Гэхдээ энэ дэлхийд онцгой үүрэг гүйцэтгэдэг зарим хүн бий. “Онцгой” гэдэг нь хүний ертөнцөд ийм хүмүүсийн хэрэгцээ нэг их байдаггүй гэсэн үг юм; ийм үүрэг гүйцэтгэхэд олон хүн шаардлагагүй учир гурван зуун жил ч болж болно. Өөрөөр хэлбэл, энэхүү сүнс нь гурван зуун жилд, эсвэл бүр гурван мянган жилд л нэг удаа ирнэ. Яагаад тэр вэ? Гурван зуу, эсвэл гурван мянган жилийн турш тухайн үүрэг хүний ертөнцөд шаардагдахгүй гэх баримтаас үүдэн түүнийг сүнсний ертөнцийн хаа нэгтээ байлгадаг. Күнзийг жишээ болгон авч үзье: Тэрээр Хятадын уламжлалт соёлд гүн гүнзгий нөлөөлж, тэр ирснээр тухайн үеийн хүмүүсийн соёл, мэдлэг, уламжлал, үзэл санаанд гүнзгий нөлөө үзүүлсэн. Гэхдээ ийм хүн эрин бүрд шаардлагагүй учраас сүнсний ертөнцөд үлдэж, дахин төрөх хүртлээ гурван зуу, эсвэл гурван мянган жил хүлээх ёстой болсон. Хүний ертөнцөд иймэрхүү хүн шаардлагагүй учраас тэр зүгээр хүлээх хэрэгтэй болсон юм, учир нь түүнийх шиг үүрэг маш цөөн, түүнд хийх зүйл маш бага байсан. Тиймээс хүний ертөнцөд хэрэгтэй болонгуут нь илгээхээр түүнийг ихэнх хугацаанд сүнсний ертөнцийн хаа нэгтээ дэмий байлгах ёстой болсон. Ихэнх хүний дахин төрөх давтамжид зориулсан сүнсний ертөнцийн цаг хугацааны дүрэм ийм байдаг. Хүмүүс энгийн, эсвэл онцгой ч бай, төрлөө дахин олох явцыг нь боловсруулахад үйлчилдэг зохих дүрэм, зөв хэрэгжүүлэлт сүнсний ертөнцөд байдаг бөгөөд эдгээр дүрэм болон хэрэгжүүлэлтийг сүнсний ертөнцийн аливаа харгалзагч юм уу оршихуй шийдэж хянадаггүй, харин Бурхан илгээдэг. Одоо та нар үүнийг ойлгож байгаа биз дээ?
Ямар ч сүнсний хувьд, дахин төрөх, энэ амьдралд ямар үүрэгтэй байх, ямар гэр бүлд төрөх, амьдрал нь ямар байх вэ гэдэг нь урьд төрөлтэй нь нягт холбоотой. Бүх төрлийн хүмүүс хүний ертөнцөд ирдэг бөгөөд гүйцэтгэх үүрэг, биелүүлэх даалгавар нь өөр өөр байдаг. Тэдгээр нь ямар үүрэг даалгавар байдаг вэ? Зарим хүн өрөө төлөхөөр ирдэг: Хэрвээ тэд урьд төрөлдөө бусдад дэндүү их хэмжээний мөнгөний өртэй байсан бол энэ төрөлдөө тэд өрөө төлөхөөр ирдэг. Гэтэл зарим хүн өрөө авахаар ирсэн байдаг: Тэр урьд төрөлдөө дэндүү их зүйл, дэндүү их хөрөнгө мөнгө залилуулсан байдаг; тийм болохоор сүнсний ертөнцөд ирснийх нь дараа тэдэнд шударга хандаж, энэ төрөлдөө өрөө авахыг нь зөвшөөрдөг. Зарим хүн ач хариулахаар ирсэн байдаг: Өмнөх амьдралд нь, өөрөөр хэлбэл урьд төрөлд нь тэдэнд хэн нэгэн сайн ханддаг байсан бөгөөд энэ төрөлд дахин төрөх маш сайхан боломж олдсон учраас тэд ачийг нь хариулахаар дахин төрдөг. Харин нөгөө хэсэг нь хүмүүсийн амийг авахаар энэ амьдралд дахин төрсөн байдаг. Тэгээд тэд хэний амийг авдаг вэ? Урьд төрөлд нь өөрийг нь хөнөөсөн хүмүүсийн амийг авдаг. Дүгнэж хэлбэл, хүн бүрийн одоогийн амьдрал урьд төрөлтэй нь бат, салшгүй холбоотой байдаг. Өөрөөр хэлбэл, хүн бүрийн одоогийн амьдралд урьд төрөл нь асар их нөлөөлдөг. Жишээ нь, Жан нас барахынхаа өмнө Лигээс их хэмжээний мөнгө луйвардсан байж. Тэгвэл Жан, Лид өртэй юу? Өртэй, тэгэхээр Ли, Жангаас өрөө авах ёстой гэдэг нь зүй ёсны зүйл үү? Ийм болохоор нас барсных нь дараа тэдний хооронд төлөх учиртай өр үлддэг. Тэд дахин төрлийг олж, Жан хүн болох үед Ли өрөө хэрхэн авах вэ? Нэг арга зам нь Ли, Жангийн хүү болж дахин төрөх юм; Жан их мөнгө олж, дараа нь Ли түүнийг нь үрэн таран хийнэ. Жан хэчнээн их мөнгө оллоо ч хүү Ли нь үрэн таран хийж байдаг. Жан хэчнээн ч их мөнгө оллоо гэсэн хэзээ ч хүрэлцэхгүй; харин хүү нь яагаад ч юм бэ, янз бүрийн арга замаар эцгийнхээ мөнгийг дандаа үрж дуусгана. Жан “Яагаад миний энэ хүү үргэлж азгүй явдал авчирч байдаг юм бэ? Яагаад хүний хөвгүүд ийм сайхан биеэ авч явдаг юм бэ? Яагаад манай хүү ямар ч хүсэл эрмэлзэлгүй, ийм арчаагүй, ямар ч мөнгө олох чадваргүй байна вэ, яагаад би түүнийг байнга тэжээх ёстой юм бэ? Би түүнийг тэжээх ёстой юм хойно тэжээнэ ээ, гэхдээ хэчнээн их мөнгө өгсөн ч яагаад үргэлж хангалтгүй байдаг юм бэ? Яагаад тэр минь шударгаар хөдөлмөрлөж чадахгүй, харин биеэ оторлож, идэж ууж, завхайрч, мөрий тавих зэргийг хийдэг юм бэ? Юу л болоод байна даа?” хэмээн гайхшаа барна. Жан дараа нь “Би урьд төрөлдөө түүнд өртэй байсан байж болох юм. За яах вэ, өрөө барагдуулъя! Намайг өрөө төлж дуустал энэ дуусахгүй!” хэмээн хэсэг зуур бодно. Ли өрөө суутган авч дуусах өдөр ирж, тавин нас хүрээд гэнэтхэн сэхээ орж “Би амьдралынхаа эхний тэн хагаст нэг ч сайн зүйл хийсэнгүй! Эцгийнхээ олсон бүх мөнгийг үрэн таран хийлээ, тиймээс би сайн хүн болж эхлэх ёстой! Би өөрийгөө хатуужуулна; шударга, зөв зохистой амьдрагч нэгэн болж, эцэгтээ дахин хэзээ ч зовлон шаналал авчрахгүй!” хэмээн ухаарах өдөр ирж болно. Яагаад тэр ингэж бодов? Яагаад тэр гэнэт сайн тал руугаа өөрчлөгдөв? Үүнд шалтгаан байна уу? Шалтгаан нь юу вэ? (Учир нь Ли өрөө авсан; Жан өрөө төлсөн.) Үүнд шалтгаан, үр дагавар байдаг. Энэ түүх тэр хоёрын энэ амьдралаас нь өмнө аль эрт эхэлсэн; тэдний урьд төрлийн амьдралын энэхүү түүх өнөөг хүртэл үргэлжилсэн бөгөөд хэн нь ч хэнийгээ буруутгаж чадахгүй. Жан хүүдээ юу ч гэж сургасан, хүү нь хэзээ ч сонсоогүй, хэзээ ч шударгаар хөдөлмөрлөж үзээгүй. Гэтэл өр барагдсан өдөр хүүгээ сургамжлах ямар ч шаардлага байгаагүй, хүү нь аяндаа ойлгосон. Энэ бол энгийн жишээ. Ийм жишээ өөр олон байдаг уу? (Тийм ээ, байдаг.) Энэ нь хүмүүст юуг хэлж байна вэ? (Сайн байж, ёрын мууг үйлдэх ёсгүй гэдгийг.) Тэд ёрын мууг хийх ёсгүй, муу үйлд цээрлүүлэлт байх болно гэдгийг хэлж байна! Ихэнх үл итгэгч маш их мууг үйлддэг, тэгээд муу үйл нь цээрлүүлэлт хүртдэг, зөв үү? Гэвч ийм цээрлүүлэлт тохиолдлынх байдаг уу? Үйлдэл болгонд цээрлүүлэлтийнх нь ард үндэслэл, шалтгаан байдаг. Чи хүнээс мөнгө залилчхаад зүгээр өнгөрнө гэж боддог уу? Тэрхүү мөнгийг луйвардаж авсны дараа чи ямар ч үр дагавартай нүүр тулахгүй гэж боддог уу? Ингэх боломжгүй; үнэхээр үр дагавар байх болно! Тэд хэн байх, Бурхан байдаг гэдэгт итгэдэг, үгүй нь хамаагүй, хувь хүн бүр үйлдэлдээ хариуцлага хүлээж, хийсэн үйлдлийнхээ үр дагаврыг үүрэх ёстой. Энэхүү энгийн жишээний тухайд Жан шийтгүүлж, Лигийн өр төлөгдсөн нь шударга бус уу? Хүмүүс иймэрхүү зүйл хийх үед ийм л үр дүн гардаг. Энэ нь сүнсний ертөнцийн захиргаатай салшгүй холбоотой юм. Бурханд итгэдэггүй үл итгэгч байсан ч гэсэн оршин тогтнол нь иймэрхүү тэнгэрлэг тушаал, зарлигт захирагддаг. Хэн ч үүнээс зайлж чадахгүй, мөн хэн ч энэ бодит байдлаас зайлсхийж чадахгүй.
Хүнд харагддаг бүхэн оршдог, харин харж болдоггүй юм бүхэн буюу хүмүүсээс маш холын зүйл оршин байдаггүй гэж итгэл бишрэлгүй хүмүүс дандаа итгэдэг. Тэд “амьдрал, үхлийн мөчлөг”, “шийтгэл” гэж байдаггүй гэдэгт итгэхийг илүүд үздэг учраас эрээ цээргүй нүгэл үйлдэж, мууг хийдэг. Үүний дараа тэд шийтгүүлж, эсвэл амьтны төрлийг олж төрдөг. Үл итгэгчдийн дундаас янз бүрийн хүмүүсийн ихэнх нь энэхүү аюулт тойрог руу унадаг. Тэд сүнсний ертөнц бүх амьд зүйлийг захирах захиргаандаа хатуу чанд байдгийг мэддэггүй учраас тэр юм. Чи итгэдэг ч бай, үгүй ч бай энэхүү бодит үнэн орших л болно, учир нь ганц ч хүн, эсвэл зүйл Бурханы нүдээрээ ажигладаг зүйлийн цар хүрээнээс зугтаж, Бурханы тэнгэрлэг тушаал, зарлигийн дүрэм, хязгаарлалтаас зугтаж чадахгүй. Тэгэхээр Бурханд итгэх эсэхээс үл хамааран нүгэл үйлдэж, мууг хийх чинь зөвшөөрөхийн аргагүй бөгөөд бүхий л үйлдэл үр дагавартай гэдгийг энэхүү энгийн жишээ хүн бүхэнд хэлж өгдөг. Хэн нэгэн өөр нэгний мөнгийг луйвардвал шийтгүүлдэг бөгөөд тэрхүү шийтгэл нь шударга юм. Иймэрхүү түгээмэл үзэгддэг зан авирыг сүнсний ертөнцөд шийтгэдэг, тэрхүү шийтгэлийг Бурханы зарлиг, тэнгэрлэг тушаалаар биелүүлдэг. Иймээс хүчин, тонуул, залилах, хууран мэхлэх, хулгай, дээрэм, хүн алах, галдан шатаах гэх мэт аймшигт гэмт хэрэг, хорон муу үйлдэл нь хүнд хөнгөний хувьд янз бүр, маш олон шийтгэлд улам бүр өртдөг. Хүнд хөнгөн нь янз бүр эдгээр шийтгэлд юу багтдаг вэ? Зарим нь цаг хугацаагаар хатуу чангын түвшнийг тогтоодог бол, зарим нь өөр өөр аргачлалаар үүнийг тогтоодог; гэвч зарим нь дараагийн төрлөө олох үедээ хүмүүсийн хаашаа явахыг нь шийдсэнээр тогтоодог. Жишээ нь зарим хүн бүдүүлэг үг яриатай байдаг. “Бүдүүлэг яриатай” гэж юуг хэлдэг вэ? Энэ нь бусдыг байнга харааж загнадаг, хорон үгээр бусдыг харааж зүхдэг гэсэн үг юм. Хорон үг хэл юуг илтгэн харуулдаг вэ? Энэ нь тэр хүн хорон санаатай гэдгийг илтгэдэг. Бусдыг харааж зүхсэн бүдүүлэг үг хэл тийм хүмүүсийн амнаас байнга гардаг бөгөөд ийм хорон үг хэл нь ноцтой үр дагавар авчирдаг. Ийм хүмүүс үхээд тохирох шийтгэлээ хүртсэний дараа хэлгүй болж дахин төрж болно. Зарим хүн амьд байхдаа маш тооцоотой, бусдыг байнга завшдаг, бяцхан явуулгаа нэн сайн төлөвлөдөг, хүмүүст маш их хор хохирол учруулдаг. Тэд дахин төрөхдөө ухаан муутай, оюуны хомсдолтой нэгэн болж болох юм. Зарим хүн бусдын хувийн амьдрал руу үргэлж өнгийдөг; нүд нь харах ёсгүй хувийн нууцыг харж, мэдэх учиргүй зүйл ихийг мэддэг. Тиймээс дахин төрөхдөө тэд сохор болж магадгүй. Зарим хүн амьд байхдаа маш овсгоо сүйхээтэй байдаг; байнга тэмцэлдэж, муу зүйл их хийдэг. Үүний улмаас дахин төрөхдөө эрэмдэг зэрэмдэг, доголон, гаргүй төрж магадгүй; эсвэл тэд дахин төрөхдөө бөгтөр, гилжгий болох юм уу хазганаж явдаг, эсвэл нэг хөл нь нөгөөгөөсөө богино гэх мэт болж ч магадгүй. Ийнхүү амьд байхдаа үйлдсэн ёрын муугийнх нь хэмжээнд үндэслэн тэдэнд янз бүрийн шийтгэл оноодог. Зарим хүн яагаад хялар байдаг гэж та нар бодож байна? Ийм хүмүүс их байдаг уу? Өнөө үед олон байдаг болсон. Зарим хүн урьд төрөлдөө нүдээ хэт их хэрэглэж, дэндүү олон муу зүйл хийсэн байдаг учир энэ төрөлдөө хялар нүдтэй болж төрдөг, ноцтой тохиолдолд сохор ч байдаг. Энэ бол цээрлүүлэлт билээ! Зарим хүн нас барахаасаа өмнө бусадтай сайхан харьцдаг; тэд төрөл садан, найз нөхөд, хамт ажиллагсад, өөрсөдтэй нь холбоотой хүмүүст олон сайн зүйл хийдэг. Тэд бусдад буян үйлдэж, асарч халамжилж, санхүүгийн дэмжлэг үзүүлж, хүмүүс тэднийг маш өндрөөр үнэлдэг. Ийм хүмүүс сүнсний ертөнцөд эргэн ирэхдээ шийтгүүлдэггүй. Үл итгэгч ямар нэг байдлаар шийтгүүлэхгүй байна гэдэг бол маш сайн хүн байсан гэсэн үг юм. Бурханы оршин тогтнолд итгэхийн оронд тэд зөвхөн Тэнгэр Эцэгт итгэдэг. Ийм хүн өөрийнх нь хийж байгаа бүхнийг дээрээс хардаг сүнс байдаг гэж л итгэдэг—түүний итгэдэг зүйл ердөө л энэ. Үр дүнд нь, энэ хүн биеэ хавьгүй дээр авч явдаг. Ийм хүмүүс сайхан сэтгэлтэй, өглөгч байдгийн дээр эцэстээ сүнсний ертөнцөд эргэж очиход нь тэдэнд маш сайн хандаж, тэд удалгүй дахин төрлийг олж төрнө. Тэд дахин төрөхдөө ямар айлд ирэх вэ? Энэхүү айл нь хэдий баян биш ч зовлон шаналалгүй, гэр бүлийн гишүүд нь хоорондоо эвтэй найртай байна; энэхүү дахин төрлийг олсон хүмүүс энд амар амгалан, жаргалтай өдрүүдийг өнгөрөөж, хүн бүр баяр хөөртэй, сайхан амьдарна. Энэ хүмүүс насанд хүрээд өнөр өтгөн гэр бүлтэй болж, хүүхдүүд нь авьяастай, амжилттай байж, гэр бүл нь аз жаргалтай байна, ийм төгсгөл энэ хүмүүсийн урьд төрөлтэй асар их холбоотой. Өөрөөр хэлбэл, хүн үхээд дахин төрлийг олохдоо хаашаа явах, эрэгтэй, эмэгтэй байх эсэх, үүрэг даалгавар нь юу байх, амьдралдаа юу туулах, ямар бүтэлгүйтэл туулж, ямар ерөөл хүртэх, хэнтэй уулзах, түүнд юу тохиолдох гээд эдгээр зүйлийг хэн ч урьдчилан хэлж, үүнээс зайлсхийж, эсвэл нуугдаж чадахгүй. Өөрөөр хэлбэл, амьдралыг чинь тодорхойлсны дараа чамд юу ч тохиолдсон, чи үүнээс зайлсхийхийг хэчнээн хичээж, ямар ч аргаар оролдсон байсан, сүнсний ертөнцөд чамд зориулж Бурханы төлөвлөсөн амьдралын замналыг зөрчих ямар ч аргагүй. Учир нь, чамайг дахин төрлийг олоход амьдралын чинь хувь заяа аль хэдийн тогтоогдсон байдаг. Сайн ч бай, муу ч бай хүн бүр үүнийг хүлээн зөвшөөрч, урагшаа ахисаар байх ёстой. Энэ хорвоод амьдардаг хэн ч энэ асуудлаас зайлсхийж чадахгүй, үүнээс илүү бодитой асуудал гэж үгүй. Миний хэлж байсан бүхнийг та бүгд ойлгосон, тийм үү?
Ийм зүйлийг ойлгосон болохоор, үл итгэгчдийн амьдрал, үхлийн мөчлөгийг Бурхан маш нарийн, хатуу хянаж, захирдаг гэдгийг та нар одоо харж байна уу? Эхлээд, Бурхан сүнсний ертөнцөд олон төрлийн тэнгэрлэг тушаал, зарлиг, тогтолцоо бий болгосон бөгөөд эдгээрийг тунхагласны дараа сүнсний ертөнцөд янз бүрийн албан тушаалын оршихуйнууд, Бурханы тогтоосны дагуу тэдгээрийг маш чанд мөрддөг, хэн ч үүнийг зөрчиж зүрхэлдэггүй. Иймээс хүний ертөнц дэх хүн төрөлхтний амьдрал, үхлийн мөчлөгт амьтны, эсвэл хүний төрлийн алийг нь ч хүн олсон бай, хоёуланд нь хууль дүрэм бий. Эдгээр хууль дүрэм Бурханаас ирдэг учир хэн ч зөрчиж зүрхэлдэггүй, зөрчиж ч чадахгүй. Бурханы энэхүү дээд эрхийн улмаас, мөн ийм хууль дүрэм байдаг учраас л хүмүүсийн хардаг материаллаг ертөнц нэгэн жигд, эмх цэгцтэй байдаг; Бурханы энэхүү дээд эрхийн улмаас л хүн төрөлхтөн өөрсдөд нь огт үл үзэгдэх өөр ертөнцтэй амар тайван зэрэгцэн оршиж, зохицон амьдарч чаддаг—энэ бүгд нь Бурханы дээд эрхээс салгахын аргагүй юм. Хүний махан биеийн амь үхсэний дараа сүнс нь амьд хэвээр байдаг учраас хэрвээ Бурханы захиргаа байдаггүй байсан бол юу болох байсан бэ? Сүнс нь хаа сайгүй хэрэн тэнүүчилж, энд тэндгүй үймүүлж, хүний ертөнц дэх амьд зүйлсийг хүртэл хорлох байсан юм. Ийм хор хохирол зөвхөн хүн төрөлхтөнд төдийгүй, мөн ургамал, амьтанд ч учрах байсан, гэвч хамгийн түрүүнд хүмүүс хорлогдох байлаа. Ийм зүйл болсон бол, ийм сүнс захиргаагүй байж, хүнийг үнэхээр хорлож, үнэхээр хорон муу зүйл хийсэн бол, сүнсний ертөнцөд авбал зохих арга хэмжээг энэхүү сүнсэнд мөн авах байв. Хэрвээ асуудал ноцтой байвал тэрхүү сүнс удалгүй оршин тогтнохоо больж, устгагдах болно. Хэрвээ боломжтой бол хаа нэг газар байрлуулж, дараа нь дахин төрлийг олуулах байв. Өөрөөр хэлбэл, янз бүрийн сүнсийг захирах сүнсний ертөнцийн захиргаа дэг журамтай байдаг, үе шат, дүрэм журмын дагуу хэрэгждэг. Тийм захиргаа байдаг учраас л хүн төрөлхтний материаллаг ертөнц эмх замбараагүй байдалд ороогүй бөгөөд материаллаг ертөнцийн хүмүүс хэвийн сэтгэхүй, хэвийн эрүүл ухаантай, махан биеийн дэг журамтай амьдралтай байдаг. Хүн төрөлхтөн ийм хэвийн амьдралтай байсны дараа л махан биед амьдардаг хүмүүс үеэс үед хөгжиж, өсөн үржсээр байж чадна.
Та нар дөнгөж сая сонссон үгийн талаар юу гэж бодож байна вэ? Эдгээр нь та нарт шинэ зүйл үү? Нөхөрлөлийн өнөөдрийн сэдэв та нарт ямар сэтгэгдэл төрүүлсэн бэ? Шинэлэг байдлаас нь өөр зүйл мэдэрч байна уу? (Хүмүүс биеэ зөв авч явах хэрэгтэй бөгөөд Бурхан агуу агаад Түүнийг хүндэтгэх ёстой гэдгийг бид харж болно.) (Бурхан янз бүрийн хүмүүсийн төгсгөлийг хэрхэн зохицуулдаг талаар Бурханы яриаг дөнгөж сая сонсоод нэг талаар, Бурханы зан чанар халдахыг тэвчдэггүй; би Түүнийг хүндэтгэх ёстой гэж надад санагдаж байна; нөгөө талаар, Бурхан ямар хүмүүст дуртай, ямарт нь дургүй байдгийг мэддэг болсон учраас би Бурханы дуртай хүмүүсийн нэг болохыг хүсэж байна.) Энэ тал дээр Бурхан үйлдэлдээ зарчимч байдгийг та нар харж байна уу? Тэр ямар зарчмаар үйлддэг вэ? (Тэрээр хийдэг бүхнээс нь хамаарч хүмүүсийн төгсгөлийг тогтоодог.) Энэ бол бидний дөнгөж сая ярилцсан үл итгэгчдийн янз бүрийн төгсгөлийн тухай юм. Үл итгэгчдийн тухайд, Бурханы үйлдлийн цаад зарчмуудын нэг нь сайныг шагнаж, мууг шийтгэх мөн үү? Өөр ангид зүйл байдаг уу? (Үгүй.) Бурханы үйлдлийн цаана зарчим байдгийг та нар харж байна уу? Үл итгэгчид үнэндээ Бурханд итгэдэггүй, Бурханы зохион байгуулалтад ч бас дуулгавартай захирагддаггүй. Түүнчлэн тэд Бурханы дээд эрхийг мэддэггүй, тэр ч бүү хэл, Түүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Үүнээс ч ноцтой нь тэд Бурханыг гутаан доромжилж, Түүнийг хараан зүхэж, Бурханд итгэдэг хүмүүст дайсагнадаг. Тэд Бурханд ингэж ханддаг хэдий ч тэднийг захирах Бурханы захиргаа зарчмаасаа хазайдаггүй; Тэр Өөрийн зарчим, зан чанарын дагуу тэднийг эмх цэгцтэй захирдаг. Тэдний дайсагналыг Тэр юу гэж үздэг вэ? Мэдлэггүй байдал гэж үздэг! Иймээс Тэр энэ хүмүүсийг, өөрөөр хэлбэл үл итгэгчдийн дийлэнх олонхыг өнгөрсөнд амьтан болж төрөхөд хүргэсэн. Тэгэхээр Бурханы нүдээр бол үл итгэгчид гэж яг юу вэ? Тэд бүгд адгуус амьтан. Бурхан адгуус амьтан болон хүн төрөлхтний аль алиныг нь захирдгийн дээр ийм хүмүүст Тэр адил зарчмаар ханддаг. Энэ хүмүүсийг захирах Түүний захиргаанаас хүртэл Түүний зан чанарыг харж болдгийн адил бүх зүйлийг ноёрхох Түүний ноёрхлын цаад хуулийг ч харж болно. Иймээс Миний дөнгөж сая дурдсан үл итгэгчдийг захирдаг Түүний зарчмаас Бурханы дээд эрхийг та нар харж байна уу? Бурханы зөвт зан чанарыг харж байна уу? (Харж байна.) Өөрөөр хэлбэл, Бурхан бүх зүйлээс алинтай нь ч харьцсан байсан, Өөрийн зарчим, зан чанарын дагуу үйлддэг. Энэ бол Бурханы мөн чанар; ийм хүмүүсийг адгуус амьтан гэж үздэг байлаа гээд Тэр Өөрийн тогтоосон зарлиг, тэнгэрлэг тушаалыг хэзээ ч тоомжиргүй зөрчихгүй. Бурхан өчүүхэн ч болчимгүй үйлдэл хийхгүй, зарчмын дагуу үйлддэг, Түүний үйлдлүүдэд ямар ч хүчин зүйл огт нөлөөлдөггүй. Түүний хийдэг бүхэн Өөрийнх нь зарчмыг баримталдаг. Учир нь, Бурханд Бурханы Өөрийнх нь мөн чанар байдаг; ямар ч бүтээгдсэн зүйлд байдаггүй Түүний мөн чанарын нэг тал нь энэ юм. Бурхан Өөрийн бүтээсэн бүх зүйлийн дундаас юм, хүн, амьд зүйл бүртэй харьцаж, хандаж, удирдаж, эрхэлж, захирахдаа махруу, хариуцлагатай байдаг бөгөөд Тэр үүнд хэзээ ч хайхрамжгүй байгаагүй. Сайн хүмүүст Тэр нигүүлсэнгүй, сайхан ханддаг; хорон муу хүмүүст Тэр энэрэлгүй шийтгэл ноогдуулдаг; Тэр, өөр өөр цаг үед, хүний ертөнцийн өөр өөр шаардлагын дагуу, янз бүрийн амьд зүйлд, цаг тухайд нь, тохирох зохицуулалтыг тогтмол хийдэг, тэгснээр энэхүү янз бүрийн амьд зүйл, гүйцэтгэх үүргийнхээ дагуу, эмх цэгцтэйгээр дахин төрлийг олж, материаллаг ертөнц болон сүнсний ертөнцийн хооронд системтэйгээр шилждэг.
Амьд зүйлсийн үхэл буюу бие махбодын амь төгсөх нь амьд зүйл, материаллаг ертөнцөөс сүнсний ертөнц рүү одсоныг илтгэдэг бол, шинэ бие махбодын амь төрөх нь амьд зүйл сүнсний ертөнцөөс материаллаг ертөнцөд ирж, үүргээ хүлээн авч, гүйцэтгэж эхэлснийг илтгэдэг. Оршихуйн явах ч бай, ирэх ч бай, аль аль нь сүнсний ертөнцийн ажилтай салшгүй холбоотой. Хүн материаллаг ертөнцөд ирэх үед түүний очих гэр бүл, төрөх эрин үе, ирэх цаг, гүйцэтгэх үүрэгт нь тохирох зохицуулалт, тодорхойлолтыг Бурхан сүнсний ертөнцөд аль хэдийн бий болгосон байдаг. Иймээс энэ хүний бүхий л амьдрал—түүний хийдэг зүйлс, сонгодог зам—сүнсний ертөнцөд хийсэн зохицуулалтын дагуу өчүүхэн ч хазайлгүйгээр явагддаг. Түүнчлэн, бие махбодын амь төгсөх цаг, төгсөх байдал, газар сүнсний ертөнцөд тодорхой, ойлгомжтой байдаг. Бурхан материаллаг ертөнцийг, мөн сүнсний ертөнцийг захирдаг, Тэр сүнсний амьдрал, үхлийн хэвийн мөчлөгийг саатуулахгүй, мөн тэрхүү мөчлөгийн зохицуулалтад ямар ч алдаа гаргаж чадахгүй. Сүнсний ертөнцийн албан тушаалд байгаа харгалзагчид дор бүрнээ Бурханы заавар, дүрэм журмын дагуу өөрсдийн үүрэг даалгаврыг хэрэгжүүлж, хийх ёстой зүйлээ хийдэг. Иймээс хүн төрөлхтний ертөнцөд хүний харж буй материаллаг үзэгдэл болгон дэг журамтай, эмх цэгцтэй байдаг. Энэ бүхэн нь Бурхан бүх зүйлийг эмх цэгцтэй захирдаг, мөн түүнчлэн Түүний эрх мэдэл бүх зүйлийг захирдаг гэсэн бодит үнэнээс болдог бөгөөд Түүний ноёрхолд хүний амьдардаг материаллаг ертөнц, түүнчлэн хүн төрөлхтний цаана байгаа үл үзэгдэх сүнсний ертөнц багтдаг. Иймээс хэрвээ хүмүүс сайхан амьдралтай байхыг хүсэж, сайхан орчинд амьдарна гэж найдаж байвал нүдэнд харагддаг бүхий л материаллаг ертөнцөөр хангагдахаас гадна хэний ч харж чадахгүй, хүн төрөлхтний өмнөөс бүх амьд зүйлийг захирч, эмх цэгцтэй байдаг сүнсний ертөнцөөр мөн хангагдах ёстой. Тиймээс Бурхан бүх зүйлийн амийн эх сурвалж гэж хэлсэн болохоор бид “бүх зүйлийн” талаарх мэдлэг, ойлголтоо нэмсэн бус уу? (Тийм шүү.)
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө X
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?