Гурав дахь онцгой үе: Биеэ даах

2018-07-08

Хүн бага нас, өсвөр насыг өнгөрөөгөөд аажмаар, өөрийн эрхгүй нас биед хүрсний дараа залуу настайгаа бүрмөсөн салах ёс хийж, эцэг эхдээ баяртай гэж хэлээд, урдах замаа бие даасан насанд хүрэгчийн хувиар угтах нь түүний хийх дараагийн алхам билээ. Энэ үед тэд насанд хүрэгчийн нүүр тулах ёстой бүх хүн, үйл явдал, юмстай тулгарч, удалгүй тохиох хувь заяаныхаа бүх талтай нүүр тулах ёстой. Энэ нь хүний туулж өнгөрөх ёстой гурав дахь онцгой үе юм.

1. Биеэ даасныхаа дараа хүн Бүтээгчийн дээд эрхийг мэдэрч эхэлдэг

Төрж, өсөх нь хүний амьдралын замналын “бэлтгэл үе” болж, хувь заяаных нь тулганы чулууг тавьдаг бол биеэ даах нь хүний амьдралын хувь заяаны нээлтийн монологи юм. Хэрвээ төрж, өсөх нь амьдралын хувь заяандаа бэлдэж хураасан эд баялаг бол, биеэ даах нь хүн тэрхүү эд хөрөнгөө үрж, эсвэл нэмэгдүүлж эхлэх үе юм. Хүн эцэг эхээ орхин явж, биеэ даах үед түүнд тулгарах нийгмийн нөхцөл байдал болон түүнд олдох ажил, мэргэжлийн замналын аль алиныг нь хувь заяа шийддэг бөгөөд эцэг эх нь үүнд ямар ч хамаагүй. Зарим хүн коллежид сайн мэргэжил сонгож, сургуулиа төгсөөд сэтгэлдээ нийцсэн ажил олж, амьдралынхаа аянд анхныхаа ялгуусан алхмыг хийдэг. Зарим хүн олон янзын ур чадвар сурч, эзэмшдэг боловч ажил мэргэжлийн замналтай болох нь бүү хэл өөртөө тохирох ажил, байр сууриа хэзээ ч олдоггүй; тэд амьдралын замналынхаа эхэнд алхам бүрдээ бүтэлгүйтэж, хүндрэл бэрхшээлээр хүрээлэгдэж, ирээдүй нь бүрхэг, амьдрал нь тодорхойгүй байдалд ордог. Зарим хүн хичээл номдоо чармайн суралцдаг боловч, өндөр боловсрол олж авах боломж болгоныг ам мөлтөс алддаг; тэд хэзээ ч амжилтад хүрч чадахааргүй тавилантай мэт санагдаж, амьдралын аяны хамгийн анхны хүсэл тэмүүлэл нь ул мөргүй замхран алга болдог. Урдах зам нь бартаатай эсэхийг мэдэхгүй тэд, хүний хувь тавилан хувьсагчаар дүүрэн болохыг анх удаа мэдэрдэг учраас горьдлого болон айдастайгаар амьдралд ханддаг. Зарим хүн тийм ч сайн боловсрол эзэмшээгүй ч ном бичиж, тодорхой хэмжээний алдар нэрд хүрдэг; харин зарим нь бараг бичиг үсэгт тайлагдаагүй ч бизнес хийн мөнгө олж, өөрсдийгөө авч явдаг… Хүн ямар мэргэжил сонгох, хэрхэн амь зуух тухайд: сайн, эсвэл муу сонголт хийх эсэхээ хүмүүс хянаж чадах уу? Эдгээр зүйл нь хүмүүсийн хүсэл, шийдвэрээр болдог уу? Ихэнх хүмүүс бага ажиллаж, их мөнгө олж, нар, бороонд хүнд хүчир ажил хийхгүй, сайхан хувцаслаж, хаа сайгүй гялалзан гэрэлтэж, бусдаас илүү гарч, өвөг дээдэстээ нэр төр авчрах хүсэлтэй байдаг. Хүмүүс төгс зүйлийг хүсэж найддаг боловч амьдралын аянд эхний алхмаа хийхдээ, хүний хувь тавилан хэчнээн төгс бус болохыг аажмаар ухаардаг бөгөөд хэдийгээр хүн ирээдүйнхээ төлөө зоримог төлөвлөгөө гаргаж, зоригтой төсөөлөл өвөрлөж болох боловч мөрөөдлөө биелүүлэх чадвар, эрх мэдэл хэнд ч байхгүй, хэн ч ирээдүйгээ хянаж чадахгүй гэдэг бодит үнэнийг тэд анх удаагаа үнэхээр ухаарч ойлгодог. Хүний мөрөөдөл болон нүүр тулах ёстой бодит байдал хоёр хоорондоо үргэлж бага зэрэг зайтай байх болно; аливаа зүйл хэзээ ч хүний хүссэнээр байдаггүй, ийм бодит байдалтай нүүр тулсан хүмүүс хэзээ ч сэтгэл ханаж, сэтгэл хангалуун болж чадахгүй. Зарим хүн хувь заяагаа өөрчлөх гэж оролдохдоо төсөөлж болох юуг ч хийхээс буцахгүй, ахуй амьдрал, ирээдүйнхээ төлөө маш их хүчин чармайлт гаргаж, ихийг золиосолно. Гэвч эцэст нь, шаргуу ажиллах замаар хүсэл, мөрөөдлөө биелүүлж чадлаа ч гэсэн тэд хувь заяагаа хэзээ ч өөрчилж чадахгүй, хэчнээн цөхрөлтгүй хичээх нь хамаагүй, хувь тавилангийн оноосон зүйлээс илүү гарч хэзээ ч чадахгүй. Том, жижиг, өндөр нам, өргөмжлөгдсөн, эсвэл олхиогүй зантайг хооронд нь огт ялгадаггүй хувь заяаны өмнө хүмүүс, ур чадвар, оюуны чадамж, сэтгэлийн тэнхээний ялгааг үл харгалзан бүгд эн тэнцүү байдаг. Хүн ямар ажил мэргэжил эрхлэх, амьдрахын тулд юу хийх, амьдралдаа хэр их эд баялаг хураахыг хүний эцэг эх, авьяас чадвар, хичээл зүтгэл, хүсэл эрмэлзэл шийддэггүй, харин Бүтээгч урьдчилан тодорхойлдог юм.

2. Эцэг эхээ орхин явж, амьдралын театрт жинхэнээсээ дүрдээ орж тоглож эхлэх нь

Хүн нас биед хүрээд эцэг эхээ орхин явж, өөрөө биеэ дааж эхэлж чаддаг бөгөөд энэ үед хүн үнэхээр өөрийн үүргийг гүйцэтгэж эхлэн, манан арилж, хүний амьдрал дахь үүрэг даалгавар нь аажмаар тодорхой болдог. Хүн эцэг эхтэйгээ ойр холбоотой хэвээр байдаг нэртэй боловч хүний үүрэг даалгавар болон амьдралдаа биелүүлэх үүрэг нь эцэг эхтэй нь ямар ч хамаагүй учраас хүн аажмаар биеэ даах явцад энэхүү дотно холбоо нь бодит байдал дээр алгуурхан тасардаг. Биологийн өнцгөөс авч үзвэл, хүмүүс далд ухамсартаа эцэг эхээсээ хамааралтай хэвээр байхаас өөр аргагүй боловч, бодитоор яривал, өсөж том болмогцоо эцэг эхээсээ бүрмөсөн тусдаа амьдралтай болж, хүлээсэн үүргээ бие даан биелүүлэх болно. Хүүхдүүдийнхээ амьдралд эцэг эхийн хүлээх үүрэг хариуцлага бол төрүүлж, өсгөж хүмүүжүүлэхээс гадна хэлбэр дүрсээрээ өсөж том болоход нь тохирсон орчноор л хангах явдал байдаг, учир нь Бүтээгчийн урьдчилан тогтоосноос өөр юу ч хүний хувь заяанд нөлөөлдөггүй билээ. Хүний ирээдүй ямар байхыг хэн ч хянаж чадахгүй; үүнийг аль хэдийн урьдчилан тодорхойлсон байдаг бөгөөд эцэг эх нь хүртэл хүний хувь заяаг өөрчилж чадахгүй. Хувь заяаны тухайд гэвэл, хүн бүхэн биеэ даасан байдаг, хүн бүхэнд өөрийн гэсэн хувь заяа байдаг. Иймээс хэний ч эцэг эх хүний амьдралын хувь заяанд саад хийж, эсвэл амьдралд гүйцэтгэх үүрэгт нь өчүүхэн төдий ч нөлөө үзүүлж чадахгүй. Хүний төрөхөөр заяагдсан гэр бүл, өсөж том болох орчин нь тухайн хүний амьдралын даалгавраа биелүүлэх урьдач нөхцөлөөс өөр юу ч биш гэж хэлж болно. Тэдгээр нь хүний амьдралын хувь заяаг, эсвэл ямар тавиланд хүн даалгавраа биелүүлэхийг тодорхойлж яавч чадахгүй. Иймээс хэний ч эцэг эх амьдралд даалгавраа биелүүлэхэд нь дэмжлэг үзүүлж чадахгүй, үүний адил амьдралд үүргээ хүлээн авахад нь хэний ч хамаатан садан тусалж чадахгүй. Хүн даалгавраа хэрхэн гүйцэтгэх, ямар амьдрах орчинд үүргээ биелүүлэх нь бүхэлдээ хүний амьдралын хувь заяагаар тодорхойлогддог. Өөрөөр хэлбэл, Бүтээгчийн урьдчилан тогтоосон хүний даалгаварт өөр ямар ч объектив нөхцөл нөлөөлж чадахгүй. Бүх хүн өөрсдийн өсөж том болох тэр орчиндоо нас биед хүрдэг; дараа нь тэд аажмаар, алхам алхмаар амьдралын замдаа гарч, өөрсдөд нь зориулан Бүтээгчийн төлөвлөсөн хувь тавилангаа биелүүлдэг. Тэд аяндаа, өөрийн эрхгүй өргөн уудам далай шиг их хүний дунд орж, амьдралынхаа байр суурийг эзэлж, Бүтээгчийн тогтоосон тавилан, Түүний дээд эрхийн төлөө, бүтээгдсэн зүйлийн үүрэг хариуцлагаа биелүүлж эхэлдэг.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө III

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Дөрөв дэх онцгой үе: Гэрлэлт

Хүн өсөж том болон, насанд хүрэх үедээ эцэг эхээсээ, төрж, өссөн орчноосоо улам холдож, оронд нь амьдралын зүг чигийг эрж хайн, эцэг...

Хоёр дахь онцгой үе: Өсөж торних

Ямар айлд төрснөөс хамаараад хүмүүс гэр бүлийн өөр өөр орчинд өсөж, эцэг эхээсээ өөр өөр зүйл суралцдаг. Эдгээр хүчин зүйл нь хүний өсөж...

Тав дахь онцгой үе: Үр удам

Гэрлэснийхээ дараа хүн дараагийн үеэ өсгөн хүмүүжүүлж эхэлнэ. Хэдэн хүүхэдтэй, ямар хүүхэдтэй болохоо хүн шийдэж чадахгүй; үүнийг мөн л...

Messenger дээр бидэнтэй холбоо барих