II Түүх: Өндөр уул, жаахан горхи, хүчит салхи ба аварга давлагаа
Нэгэн жаахан горхи мурилзан мушгирч урссаар эцэст нь өндөр уулын бэлд ирэв. Уул бяцхан горхины замыг хааж байсан учир горхи доройхон, нарийхан дуугаараа “Намайг явуулаач, чи миний зам дээр зогсоод урагшлах замыг минь хаагаад байна” гэжээ. “Чи хаашаа явж байгаа юм бэ?” гэж уул асуув. “Би гэрээ хайж байгаа юм аа” гэж горхи хариулав. Уул: “За, яв, яв, миний дээгүүр давж урсаад яв!” гэлээ. Гэвч бяцхан горхи дэндүү дорой, бас хэтэрхий залуу учир өндөр уулыг давж урсах ямар ч арга байсангүй. Тиймээс зөвхөн уулын бэл даган урсаж чадах байлаа…
Хүчит салхи нөгөө уулын байгаа газраар элс шороо татуулсаар шуурав. Салхи уул руу хуугиж, “Намайг явуул!” гэсэнд уул “Чи хаашаа явж байна вэ?” гэв. “Би уулын нөгөө талд гармаар байна” гэж салхи улин хариулав. Уул: “За, за. Миний дундуур хуваагаад гарч чадвал явж болно!” гэв. Хүчит салхи ийшээ тийшээ ульж, хэчнээн ууртай үлээсэн боловч уулыг дундуур нь хувааж чадсангүй. Салхи хүчээ барж, амрах гээд намджээ. Харин уулын нөгөө талд сэвшээ салхи үлээх болж, хүмүүсийг баярлуулж байв. Уул ингэж хүмүүстэй мэндчилж байлаа…
Далайн эрэгт далайн хаялга хадат эргийг зөөлөн цохилон эргэдэг байжээ. Гэтэл нэгэн аварга давлагаа гарч ирээд уулын зүг шуугин чиглэв. “Замаас холд!” хэмээн аварга давлагаа хашхирав. “Чи хаашаа явж байгаа юм бэ?” гэж уул асуулаа. Их давлагаа давшилтаа зогсоож чадахгүй хүрхрэн “Би нутаг дэвсгэрээ тэлж байна! Гараа сунгамаар байна!” гэв. Уул: “За, за. Миний оройг давж чадвал чамд би зам тавьж өгнө” гэлээ. Их давлагаа хойш жаахан ухраад, уул өөд дахин нэг давлагаалав. Гэвч хэчнээн их хичээсэн ч уулын оргилд хүрч чадсангүй. Давлагаа далайдаа аажуухан буцахаас өөр аргагүйджээ…
Хэдэн мянган жилийн турш бяцхан горхи уулын бэлээр зөөлхөн хоржигнон урсжээ. Бяцхан горхи уулын заасан замыг даган явсаар гэртээ ирж, голд нийлж, гол нь далайд цутгав. Уулын халамж дор бяцхан горхи хэзээ ч төөрсөнгүй. Горхи, уул хоёр бие биедээ хүч нэмж, бие биеэ түшиглэжээ; тэд бие биеэ хүчирхэгжүүлж, бие биеэ хязгаарлаж, хамт оршиж байлаа.
Хэдэн мянган жилийн турш хүчит салхи зуршлаараа ульж байлаа. Хүчит салхи мөн л ууланд “зочлохоор” байнга элс шороо хуйлруулсаар ирдэг байв. Уулыг сүрдүүлэвч дундуур нь гарч хэзээ ч чадсангүй. Салхи, уул хоёр бие биедээ хүч нэмж, бие биедээ түшиглэсэн; тэд бие биеэ хүчирхэгжүүлж, бие биеэ хязгаарлаж, хамт оршиж байлаа.
Хэдэн мянган жилийн турш аварга давлагаа огт амарч намжсангүй, нутаг дэвсгэрээ тасралтгүй тэлэн хайр найргүй давшсаар байлаа. Давлагаа байсхийгээд л уулын өөдөөс хүрхрэн түрэх боловч уул ямхын төдий ч хөдөлсөнгүй. Уул далайг харж хандаж, ийм маягаар далайн амьтад үржиж олшрон, өсөн нэмэгджээ. Давлагаа, уул хоёр бие биедээ хүч нэмж, бие биедээ түшиглэсэн; тэд бие биеэ хүчирхэгжүүлж, бие биеэ хязгаарлаж, хамт оршиж байлаа.
Энэ түүх маань дууслаа. Эхлээд, энэ түүх юуны тухай байсныг Надад хэл дээ. Юуны өмнө нэг өндөр уул, бяцхан горхи, хүчит салхи, аварга давлагаа байсан. Бяцхан горхи ба өндөр уултай эхний хэсэгт юу болсон бэ? Би яагаад өндөр уул, бяцхан горхины талаар ярьж байна вэ? (Уулын халамж дор горхи хэзээ ч төөрөөгүй. Тэд бие биедээ түшиглэсэн.) Уул бяцхан горхийг хамгаалсан уу, саад болсон уу? (Хамгаалсан.) Гэхдээ саад болоогүй гэж үү? Уул, горхи хоёр бие биедээ анхаарч байсан; уул горхийг хамгаалж, бас саад болсон. Голд нийлж байсан болохоор уул горхийг хамгаалсан, гэхдээ бас хүмүүст үер усны аюул учруулж болзошгүй газраар урсгахгүйн тулд уул замыг нь хааж байсан. Уг хэсгийн санаа энэ мөн үү? Горхийг хамгаалж, мөн саатуулснаар уул хүмүүсийн орон гэрийг хамгаалсан. Дараа нь бяцхан горхи уулын бэлд гол мөрөнтэй нийлж, эцэст нь далайд цутгасан. Энэ нь горхины оршин тогтнолыг захирдаг зүй тогтол биш гэж үү? Горхи голд нийлж, дараа нь далайд цутгах боломжийг юу өгсөн бэ? Уул биш гэж үү? Тэр горхи уулын хамгаалалт болон саадад түшиглэсэн. Тэгэхээр энэ гол санаа нь мөн үү? Энд усны хувьд уул хэр чухал болохыг чи харж байна уу? Бурхан өндөр, нам уул бүрийг бүтээхдээ зорилготой байсан уу? (Тийм.) Нэг бяцхан горхи, өндөр уулаас өөр юм гардаггүй энэ богинохон хэсэг нь Бурханы бүтээлийн энэ хоёр зүйлийн үнэ цэн, ач холбогдлыг бидэнд харуулдаг; Бурхан энэ хоёр зүйлийг захирч байгаагаас бид Түүний мэргэн ухаан болон зорилгыг бас харж чаддаг. Тийм биш гэж үү?
Уг түүхийн хоёр дахь хэсэг юуны тухай байсан бэ? (Ширүүн салхи ба өндөр уул.) Салхи сайн зүйл мөн үү? (Мөн.) Заавал сайн биш, заримдаа салхи хэт ширүүсвэл гай гамшиг учруулдаг. Хэрвээ чамайг ширүүн салхинд зогсоовол чамд ямар санагдах вэ? Салхины хүчээс хамаарна. 3–4 дүгээр түвшний хүчтэй салхинд бол тэсээд байж чадна. Хамгийн ихдээ л нүдээ нээхэд хэцүү байна байх. Харин салхи ширүүсэж, хар салхи дэгдвэл чи тэсэж чадах уу? Чи чадахгүй. Тэгэхээр хүмүүс салхийг үргэлж сайн, эсвэл үргэлж муу гэж хэлэх нь буруу, учир нь салхи хэр хүчтэйгээс энэ нь шалтгаалдаг. Тэгвэл уул энд ямар үүрэгтэй байсан бэ? Салхины шүүлтүүр байсан биш гэж үү? Уул ширүүн салхийг юу болгож бууруулсан бэ? (Сэвшээ салхи.) Тэгвэл, хүмүүсийн суудаг орчинд дийлэнх хүмүүсийн хүрч, мэдэрч чаддаг салхи нь хүчтэй салхи байсан уу, эсвэл сэвшээ салхи байдаг уу? (Сэвшээ салхи.) Энэ нь Бурханы нэг зорилго, уулсыг бүтээхдээ агуулсан санаа зорилгынх нь нэг биш гэж үү? Салхинд элс нүүр нүдгүй хийсэж, хааж, шүүх юмгүй орчинд амьдарвал хүмүүст ямар байх бол? Хаа сайгүй элс, шороо боссон газар амьдрах аргагүй болох биш үү? Зарим хүн чулуунд цохиулж магадгүй, эсвэл элс орж нүдийг нь сохолж болзошгүй. Хүмүүс салхинд унах юм уу дээш хийсэж ч магадгүй. Барилга байшин нурж, бүх төрлийн гай гамшиг нүүрлэж болно. Гэхдээ хүчтэй салхинд үнэ цэн бий юу? Би салхи муу гэсэн болохоор салхи ямар ч үнэ цэнгүй юм гэж санагдах байх, гэхдээ тийм гэж үү? Сэвшээ салхи болж хувирмагцаа үнэ цэнтэй болдог бус уу? Чийгтэй, бүгчим үед хүмүүст юу хамгийн хэрэгтэй байдаг вэ? Тэднийг зөөлөн илбэх, сэргээж, толгойг нь амраах, ухааныг нь хурцлах, сэтгэл санааг нь засаж, сайжруулах зөөлөн сэвшээ салхи хэрэгтэй. Жишээ нь, та нар олон хүнтэй, бүгчим агаартай өрөөнд сууж байвал юу хамгийн их хэрэгтэй вэ? (Зөөлөн салхи.) Агаар нь бүгчим, бохир газар очиход хүний бодож сэтгэх нь удааширч, цусны эргэлт буурч, ухаан санаа нь муудаж болно. Харин агаар жаахан эргэлт хөдөлгөөнд орвол цэнгэг болж, цэнгэг агаарт хүмүүсийн байдал ч дээрддэг. Хэдий бяцхан горхи, хүчтэй салхи гамшиг учруулж болох байсан ч уул байгаа цагт тэр аюулыг хүмүүст ашиг тустай зүйл болгон хувиргана. Тийм биш гэж үү?
Түүхийн маань гурав дахь хэсэг юуны тухай байсан бэ? (Өндөр уул ба аварга давлагаа.) Өндөр уул ба аварга давлагаа. Энэ хэсэгт уулын бэлийн далайн эргийг дүрсэлжээ. Бид уул, далайн хаялга, аварга давлагааг харж болно. Энэ тохиолдолд аварга давлагааны хувьд уул юу байсан бэ? (Хамгаалагч, бас хаалт.) Хамгаалагч, бас хаалт. Хамгаалагчийн хувьд далайг үгүй болголгүй байлгадаг, ингэснээр дотор нь амьдардаг амьтад үржиж олширч чадна. Хаалт болохын хувьд гэвэл, далайн ус хальж урсан гамшиг тарихаас, хүмүүсийн гэр орныг эвдэж сүйтгэхээс хамгаалдаг. Тэгэхээр уулыг бид хаалт, бас хамгаалагч гэж хэлж болох юм.
Энэ бол өндөр уул ба бяцхан горхи, өндөр уул ба ширүүн салхи, өндөр уул ба аварга давлагааны хоорондох холбооны ач холбогдол юм; энэ бол тэдний бие биедээ хүч нэмж, бие биеэ хязгаарлаж, зэрэгцэн оршдогийн ач холбогдол юм. Бурханы бүтээсэн эдгээр зүйл оршин тогтнохдоо зүй тогтол, хуульд захирагддаг. Энэ түүхээс та нар Бурханы ямар үйл хэргийг харсан бэ? Бурхан бүх зүйлийг бүтээснийхээ дараа зөнд нь орхисон уу? Бурхан тэднийг зүй тогтолтой болгож, чиг үүргийг нь тогтоосныхоо дараа юу л болбол болог гээд зөнд нь хаясан уу? Ийм зүйл болсон гэж үү? (Үгүй.) Тэгвэл яасан бэ? Бурхан бас л хяналтдаа байлгадаг. Бурхан ус, салхи, давлагааг хянадаг. Тэднийг эмх замбараагаа алдаж, эсвэл хүмүүсийн гэр орныг эвдэж, сүйдлэхийг Бурхан зөвшөөрдөггүй. Тийм болохоор хүмүүс энэ газар нутагт амьдарч, өсөж үржиж чаддаг. Энэ нь Бурхан бүх зүйлийг бүтээхдээ тэдний оршин тогтнолын зүй тогтлыг аль хэдийнээ төлөвлөчихсөн байсан гэсэн үг юм. Бурхан бүх зүйлийг бүтээхдээ хүнд өгөх ашиг тусыг нь бодсон бөгөөд Тэр бас тэдгээрийг хянаж байдаг, ингэснээр энэ нь хүн төрөлхтөнд төвөг, гамшиг учруулахгүй юм. Хэрвээ Бурханы удирдлага байгаагүй бол ус замбараагүй урсах байсан биш үү? Салхи замбараагүй шуурах байсан биш үү? Ус, салхи зүй тогтлыг дагадаг уу? Хэрвээ Бурхан тэднийг удирдаагүй бол тэднийг захирах ямар ч зүй тогтол байхгүй байх байсан бөгөөд салхи ульж, ус задарч, үер ус нэрвэх байсан. Хэрвээ давлагаа уулнаас өндөр байсан бол далай оршиж чадах байсан уу? Чадахгүй байсан. Уул хэрвээ давлагаа шиг өндөр байдаггүй бол далай оршихгүй байсан бөгөөд уул үнэ цэн, ач холбогдлоо алдах байв.
Энэ хоёр түүхээс та нар Бурханы мэргэн ухааныг харж байна уу? Бурхан оршин буй бүх зүйлийг бүтээсэн бөгөөд Тэр оршин буй бүхнийг захирдаг; Тэр бүхнийг удирдаж, хангаж, оршин буй бүхний үг, үйлдэл бүрийг нь харж, гярхай ажигладаг. Тэр бас хүний амьдралын булан тохой бүрийг харж, гярхай ажигладаг. Иймээс Бурхан бүтээлд нь багтдаг юм бүрийн чиг үүрэг, шинж чанар, оршин тогтнох зүй тогтлоос нь эхлээд амьдралынх нь ач холбогдол, оршин тогтнолынх нь үнэ цэнийг нэгд нэггүй тодорхой мэддэг. Бурхан бүх зүйлийг бүтээсэн, тэдгээрийг захирдаг зүй тогтлыг Бурхан судлах хэрэгтэй гэж та нар бодож байна уу? Энэ тухай судалж, ойлгохын тулд Бурхан хүний мэдлэг, эсвэл шинжлэх ухааныг сурах хэрэгтэй юу? (Үгүй.) Тэгвэл хүн төрөлхтний дотор бүх зүйлийг Бурханы адил ойлгодог уудам ухаантай, өргөн мэдлэгтэй хүн байгаа юу? Байхгүй, тийм үү? Бүх зүйл хэрхэн амьдарч, өсдөгийг үнэхээр ойлгодог одон оронч, биологич байдаг уу? Юм бүхний оршин тогтнолын үнэ цэнийг тэд үнэхээр ойлгож чадна гэж үү? (Чадахгүй.) Яагаад гэвэл, бүх зүйлийг Бурхан бүтээсэн болохоор хүн хэчнээн их, хэчнээн гүнзгий судалсан ч, хэчнээн жил чармайсан ч, Бурхан бүх зүйлийг бүтээсний нууц болон зорилгыг хэзээ ч ухан ойлгож чадахгүй. Тийм биш гэж үү? Энэ хүртэл хэлэлцсэн болохоор “Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж” гэсэн үгийн жинхэнэ утгыг та нар бага ч атугай ойлгож чадав уу? (Тийм.) Намайг “Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж” гэдэг энэ сэдвийг ярихад олон хүн шууд л “Бурхан бол үнэн, биднийг хангахын тулд Бурхан үгээ ашигладаг” гэх өөр үгийн тухай бодохоос биш тэр сэдвийн учир утгын түвшнээс цааш бодохгүй гэдгийг Би мэдэж байсан. “Бурхан хүний амьдралыг хангаж, өдөр тутмын хоол унд, хэрэгцээг хангадаг нь хүнийг хангаж байгаад тооцогдохгүй” хэмээн боддог хүмүүс ч бий. Зарим хүнд ингэж санагддаггүй гэж үү? Хүн төрөлхтнийг хэвийн оршин тогтнуулж, амьдруулахын тулд бүх зүйлийг бүтээсэн Бурханы санаа зорилго тун тодорхой биш байна гэж үү? Бурхан хүмүүсийн амьдардаг хүрээлэн буй орчныг хэвээр хадгалж, хүн төрөлхтний оршин тогтнолд хэрэгтэй бүхнээр хангадаг. Түүнчлэн бүх зүйлийг удирдаж, ноёрхдог. Энэ бүхэн нь хэвийн байдлаар амьдарч, хөгжиж, үржих боломжийг хүн төрөлхтөнд олгодог; Бурхан ийм арга барилаар бүх зүйл болон хүн төрөлхтнийг хангадаг. Ийм юмыг хүмүүс танин мэдэж, ойлгох хэрэгтэй биш гэж үү? Зарим хүн: “Энэ сэдэв жинхэнэ Бурханы Өөрийнх нь тухай бидний мэдлэгээс дэндүү хол юм. Хүн зөвхөн талхаар биш, харин Бурханы үгээр амьдардаг учраас бид үүнийг мэдэхийг хүсэхгүй байна” гэж хэлж магадгүй. Ингэж ойлгох нь зөв үү? (Үгүй.) Яагаад буруу вэ? Бурханы хэлсэн зүйлийг л мэдлээ гээд Бурханы талаар бүрэн гүйцэд ойлголттой болж чадах уу? Хэрвээ та нар Бурханы ажил, шүүлт, гэсгээлтийг л хүлээн зөвшөөрвөл Бурханы талаар бүрэн гүйцэд ойлголттой болж чадах уу? Хэрвээ та нар Бурханы зан чанарын жаахан хэсгийг, Бурханы эрх мэдлийн багахан хэсгийг л мэддэг бол Бурханы тухай ойлголттой болоход тэр нь хангалттай гэж үзэх үү? (Үгүй.) Бурханы үйлдэл бүх зүйлийг бүтээхээс эхэлдэг ба өнөөдөр ч үргэлжилдэг—Бурханы үйлдлүүд цаг үргэлж, хором бүрд илэрхий байдаг. Бурхан нэг бүлэг хүмүүсийг сонгож аваад тэр хүмүүсийг аврахаар тэдэн дээр ажилладаг учраас л Бурхан оршдог болохоос биш өөр юу ч Бурханы эрх мэдэл, ялгамж чанарт ч, үйлдэлд ч хамаагүй гэж итгэдэг бол ийм хүнийг Бурханы талаар жинхэнэ мэдлэгтэй гэж үзэж болох уу? “Бурханы тухай мэдлэг” гэгчтэй хүмүүс өрөөсгөл ойлголттой байдаг бөгөөд үүнийхээ дагуу Түүний үйл хэргийг зөвхөн нэг бүлэг хүмүүсээр хязгаарладаг. Энэ нь Бурханы тухай жинхэнэ мэдлэг мөн үү? Бурханы талаар иймэрхүү мэдлэгтэй хүмүүс, Бурхан бүх зүйлийг бүтээсэн гэдгийг, бас Бурхан бүх зүйлийг ноёрхдог гэдгийг үгүйсгэж байгаа биш гэж үү? Зарим хүн үүнд анхаарал хандуулахыг хүсдэггүй, харин “Бурхан бүх зүйлийг ноёрхдогийг би хараагүй. Энэ санаа надаас хэтэрхий хол зүйл, би ойлгох гэж оролдох ч үгүй. Бурхан юу хүссэнээ хийдэг, энэ нь надад огт хамаагүй. Би зөвхөн Бурханы удирдлагыг болон Бурханы үгийг хүлээн авахад анхаарна, ингэснээр би Бурханаар авруулж, төгс болгуулж чадна. Надад өөр юу ч хамаагүй. Бурхан бүх зүйлийг бүтээхдээ ямар зүй тогтол тогтоосон ч бай, бүх зүйл болон хүн төрөлхтнийг хангахдаа юу ч хийдэг бай, надад огт хамаагүй” гэж боддог. Энэ ямар гээчийн яриа вэ? Энэ тэрслүү үйлдэл биш гэж үү? Та нарын дотор ийм бодолтой хүн байна уу? Та нар өөрсдөө хэлэхгүй ч гэсэн та нараас олон хүн ингэж боддогийг Би мэднэ. Дүрэм журмыг ягштал баримталдаг ийм хүмүүс аливаа юмыг өөрсдийн “сүнслэг” үзэл бодлын үүднээс хардаг. Тэд Бурханыг Библиэр хязгаарлаж, Өөрийнх нь хэлсэн үгээр Бурханыг хязгаарлаж, бичигдсэн үгийн үгчилсэн утгаар Бурханыг хязгаарлахыг л хүсдэг. Тэд Бурханы талаар илүү ихийг мэдэхийг хүсдэггүй, мөн Бурхан өөр зүйл хийхэд анхаарлаа хандуулаасай гэж хүсдэггүй. Ийм төрлийн бодол гэнэн бөгөөд дэндүү шашинлаг. Ийм үзэл бодол баримталдаг хүмүүс Бурханыг мэдэж чадах уу? Бурханыг мэдэхэд тэдэнд тун хэцүү байх болно. Өнөөдөр Би дор бүрнээ өөр өөр талыг хөндсөн хоёр түүх ярилаа. Эдгээрийг дөнгөж сонсоход та нарт гүнзгий утгатай, эсвэл жаахан хийсвэр ч юм шиг, ухаарч ойлгоход хэцүү ч юм шиг санагдаж болох юм. Тэдгээрийг Бурханы үйлдэлтэй болон Бурхантай Өөртэй нь холбоход хэцүү байж магад. Гэхдээ Бурханы бүх үйлдлийг, бүтээлд болон хүн төрөлхтний дунд Бурханы хийсэн бүхнийг хүн бүр, Бурханыг мэдэхээр эрж хайдаг хүн бүхэн тодорхой, үнэн зөв мэдэх ёстой. Энэхүү мэдлэг Бурхан үнэхээр оршдог гэдэг итгэлд чинь баталгаа өгнө. Энэ нь бас чамд Бурханы мэргэн ухаан, хүч чадлын талаар, мөн Бурхан бүх зүйлийг хэрхэн хангадаг талаар үнэн зөв мэдлэг өгнө. Энэ нь чамд Бурханы жинхэнэ оршин тогтнол бол зохиомол биш, үлгэр домог биш, тодорхойгүй биш, онол биш бөгөөд нэг төрлийн шашны тайтгаруулах зүйл яавч биш, харин жинхэнэ оршин байдаг гэдгийг тодорхой ойлгуулна. Түүнчлэн Бурхан бүх зүйл болон хүн төрөлхтнийг үргэлж хангаж байдаг; Бурхан үүнийг Өөрийнхөө арга замаар, Өөрийнхөө хэмнэлээр хийдэг гэдгийг мэдэх боломжийг хүнд олгодог. Тэгэхээр, Бурхан бүх зүйлийг бүтээгээд тэдэнд зүй тогтол өгсөн болохоор Түүний урьдчилан тогтоосноор тэд тус бүрдээ өөрсдөд нь ноогдсон ажлыг хийж, хариуцлагаа биелүүлж, үүргээ гүйцэтгэх чаддаг; Бурханы урьдчилан тогтоосноор юм бүхэн хүн төрөлхтний төлөө, хүн төрөлхтний оршин амьдардаг орон зай, хүрээлэн буй орчны төлөө байдаг. Хэрвээ Бурхан ингэж хийгээгүй бол, хүн төрөлхтний амьдрах орчин ийм байгаагүй бол Бурханд итгэж, Түүнийг дагах нь хүн төрөлхтөнд боломжгүй байх байсан; энэ нь ердөө л хий дэмий яриа болох байсан. Тийм биш гэж үү?
Өндөр уул ба жижиг горхины тухай түүхийг дахиад нэг авч үзье. Уулын үүрэг юу вэ? Уулан дээр амьтай юмс цэцэглэн үрждэг, тэгэхээр уулын оршин тогтнол чухал үнэ цэнтэй бөгөөд бас жижиг горхийг хаан, дураараа урсаж, хүмүүст гай гамшиг учруулахыг нь болиулсан. Тийм биш гэж үү? Уул, өөрийнхөө дээр амьдардаг үй түмэн зүйл—мод, өвс, бусад бүх төрлийн ургамал, амьтанд цэцэглэн үржих боломж олгон мөрөөрөө оршдог. Тэр бас жижиг горхины урсгах замыг чиглүүлсэн—уул, горхины усыг цуглуулаад бэлээрээ хэвийн урсгаж, голд нийлүүлэн, яваандаа далайд цутгуулсан. Эдгээр зүй тогтол аяндаа бий болоогүй, харин бүтээлийн үед Бурхан онцгойлон зохицуулсан юм. Өндөр уул ба ширүүн салхины тухайд, ууланд ч гэсэн салхи хэрэгтэй. Өөрийнхөө дээр амьдардаг амьд бүхнийг илбэн таалахын тулд ууланд салхи хэрэгтэй, үүний зэрэгцээ салхийг дур зоргоор нь шууруулахгүйн тулд хүчийг нь хязгаарладаг. Нэг талаараа энэ зүй тогтол бол их уулын үүрэг юм; гэхдээ уулын үүрэг болсон энэ зүй тогтол өөрөө үүсчихсэн үү? (Үгүй.) Үүнийг Бурхан бий болгосон юм. Өндөр уул өөрийн үүрэгтэй байдаг шиг ширүүн салхи ч бас өөрийн үүрэгтэй. Тэгвэл, өндөр уул ба аварга давлагааны тухай ярилцъя. Уул байгаагүй бол ус өөрөө чиглэлээ олоод урсах байсан уу? (Үгүй.) Ус үерлэх байсан. Уул нь уул гэдгээрээ өөрийн оршин тогтнолын үнэ цэнтэй, далай нь далай гэдгээрээ өөрийн оршин тогтнолын үнэ цэнтэй; гэвч хамтдаа зүгээр оршиж чаддаг, бие биедээ саад болдоггүй нөхцөлд тэд бас бие биеэ хязгаарладаг—өндөр уул далайг хязгаарласнаар далай эс үерлэж, тэгснээрээ хүмүүсийн орон гэрийг хамгаалдаг бөгөөд далайг хязгаарласнаар бас далайд амьдардаг амьтай зүйлсийг тэжээн тэтгэх боломжтой болдог. Энэ газрын гадаргуу өөрөө үүсчихсэн үү? (Үгүй.) Үүнийг бас л Бурхан бүтээсэн. Бурхан бүх зүйлийг бүтээхдээ уул хаана байхыг, горхи хаагуур урсахыг, ширүүн салхи хаанаас гарч хаашаа үлээхийг, аварга давлагаа хэр өндөр байхыг урьдаас тогтоосон гэдгийг бид энэ зураглалаас хардаг. Энэ бүх зүйл Бурханы санаархал, зорилгыг агуулсан бөгөөд тэдгээр нь Түүний үйл хэрэг билээ. Одоо та нар Бурханы үйл хэрэг бүх зүйлд байдгийг харж чадав уу? (Чадлаа.)
Бид эдгээрийг ярилцах нь ямар зорилготой вэ? Бүх зүйлийг бүтээхдээ Бурханы баримталсан зүй тогтлыг хүмүүсээр судлуулах гэж тэр үү? Аль эсвэл, одон орон, газар зүй сонирхохыг нь дэмжих гэж тэр үү? (Үгүй.) Тэгвэл ямар зорилготой юм бэ? Хүмүүст Бурханы үйл хэргийг ойлгуулах зорилготой. Бурханы үйлдлүүдээс хүмүүс, Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж мөн гэдгийг нотолж, баталж чадна. Хэрвээ чи энэ зүйлийг ойлгож чадвал өөрийн зүрх сэтгэл дэх Бурханы байр суурийг үнэхээр баталж, Бурхан бол тэнгэр, газар, бүх зүйлийг Бүтээсэн цор ганц Бурхан Өөрөө мөн гэдгийг баталж чадна. Тэгэхээр бүх зүйлийн зүй тогтлыг мэдэж, Бурханы үйл хэргийг мэдэх нь Бурханы талаарх ойлголтод чинь ашиг тустай юу? (Тийм.) Хэр ашиг тустай вэ? Юуны өмнө, Бурханы үйл хэргийг ойлгочихоод чи одон орон ба газар зүй сонирхсон хэвээр байж болох уу? Бурхан бол бүх зүйлийн Бүтээгч гэдэгт эргэлзэж, тээнэгэлзсэн зүрх сэтгэлтэй байсаар байж болох уу? Чи судлах хандлагатай байж, Бурхан бол бүх зүйлийн Бүтээгч мөн гэдэгт эргэлзсээр байж болох уу? (Үгүй.) Чи Бурхан бүх зүйлийг бүтээсэн гэдгийг баталж, Бурхан бүх зүйлийг бүтээсэн зарим зүй тогтлыг ойлгоод Бурхан бүх зүйлийг хангадаг гэдэгт үнэн сэтгэлээсээ итгэх үү? (Тийм.) Энд “хангах” гэдэг нь ямар нэгэн тодорхой утгатай юу, эсвэл онцгой нөхцөл байдлын талаар хэлж байна уу? “Бурхан бүх зүйлийг хангадаг” гэдэг үг маш өргөн утга учир, цар хүрээтэй. Бурхан хүмүүсийг өдөр тутмын хоол ундаар л хангадаг юм биш; харин хүмүүсийн хардаг болон харж эс чадах зүйлийг бүгдийг нь оролцуулаад хэрэгтэй бүхнээр нь хүн төрөлхтнийг хангадаг. Бурхан хүн төрөлхтөнд маш чухал амьдрах орчныг нь тогтоон барьж, удирдаж, захирдаг. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтөнд ямар улиралд ямар орчин хэрэгтэй байна, Бурхан түүнийг бэлдсэн. Хүн төрөлхтөн оршин тогтноход зохистой уур амьсгал, дулааны хэмийг Бурхан бас удирддаг. Эдгээр зүйлийг захирдаг зүй тогтол өөрөө санаандгүй үүсдэггүй; тэдгээр нь Бурханы дээд эрх ба үйл хэргийн үр дүн юм. Бурхан Өөрөө энэ бүх зүй тогтлын эх сурвалж бөгөөд бүх зүйлийн амийн эх сурвалж билээ. Чи үүнд итгэдэг ч бай, үгүй ч бай, үүнийг хардаг ч бай, үгүй ч бай, ойлгодог ч бай, үгүй ч бай, энэ бол маргашгүй баттай үнэн хэвээр үлдэнэ.
Хүмүүсийн дийлэнх олонх нь Библид агуулагддаг Бурханы үг, ажилд л итгэдэг гэдгийг Би мэднэ. Цөөхөн хүмүүст л Бурхан үйл хэргээ илчилсэн ба Өөрийн оршин тогтнолын үнэ цэнийг хүмүүст харуулсан. Тэр бас тэдэнд Өөрийн ялгамж чанарыг бага зэрэг ойлгуулж, Өөрийн оршин тогтнолын баримтыг баталгаажуулсан юм. Гэхдээ Бурхан бүх зүйлийг бүтээж, бүх зүйлийг удирдаж, хангадаг гэх бодит үнэн олон хүнд бүрхэг, эсвэл тодорхой бус санагддаг; ийм хүмүүс бүр эргэлзсэн хандлага баримталдаг ч байж болно. Ийм хандлага нь, байгаль ертөнцийн хууль өөрөө аяндаа бий болсон, мөн байгалийн өөрчлөлт, хувирал, үзэгдлүүд, эдгээрийг захирдаг тэрхүү хуулиуд нь байгалиас үүссэн гэж туйлбартай итгэхэд хүмүүсийг хүргэдэг. Бурхан бүх зүйлийг хэрхэн бүтээснийг болон тэдгээрийг хэрхэн захирдгийг хүмүүс сэтгэлдээ ухаарч чаддаггүй; Бурхан бүх зүйлийг хэрхэн удирдаж, хангадгийг ойлгож чаддаггүй. Ийм нөхцөлд хязгаарлагдаад Бурхан бүх зүйлийг бүтээж, захирч, бүх зүйлийг хангадаг гэдэгт хүмүүс итгэж чаддаггүй; итгэдэг хүмүүс хүртэл зөвхөн Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе болон Хаанчлалын эрин үеэр хязгаарлагддаг: Тэд Бурханы үйл хэрэг болон хүн төрөлхтнийг хангадаг нь гагцхүү Түүний сонгосон хүмүүст л зориулагдсан гэж итгэдэг. Энэ бол Миний хамгийн жигшдэг зүйл бөгөөд маш их шаналал авчирдаг зүйл юм. Яагаад гэвэл, хүн төрөлхтөн Бурханаас ирсэн бүхнийг эдэлдэг атлаа Бурханы хийдэг бүхнийг, өөрсдөд нь өгдөг бүхнийг үгүйсгэдэг. Тэгээд тэнгэр, газар, бүх зүйл байгалийн зүй тогтолдоо болон оршин тогтнох байгалийн хуульдаа захирагддаг, тэдгээрийг удирддаг ямар ч захирагч байхгүй, эсвэл тэднийг хангадаг, хамгаалдаг ямар ч захирагч байхгүй гэж л хүмүүс итгэдэг. Чи Бурханд итгэдэг ч гэсэн, энэ бүхэн нь Бурханы үйл хэрэг гэдэгт итгэдэггүй байж магадгүй; үнэндээ, энэ нь Бурханд итгэдэг бүхэн, Бурханы үгийг хүлээн авдаг бүхэн, Бурханыг дагадаг болгоны хамгийн их орхигдуулдаг зүйлийн нэг юм. Тийм болохоор, Намайг Библитэй, эсвэл сүнслэг нэр томьёо гэгчтэй хамаагүй юм яриад эхлэнгүүт зарим хүн уйдаж, залхаж, бүр тавгүйтдэг. Миний үг сүнслэг хүмүүс болон сүнслэг юмсаас хөндийрсөн мэт тэдэнд санагддаг. Тэр их муу зүйл. Бурханы үйл хэргийг мэдэх тухайд бол бид хэдийгээр одон орны талаар дурддаггүй, мөн газар зүй, биологи судалдаггүй ч гэсэн, Бурхан бүх зүйлийг захирдгийг ойлгох ёстой, Тэр бүх зүйлийг хангадгийг болон Тэр бол бүх зүйлийн эх сурвалж гэдгийг мэдэх ёстой. Энэ бол заавал байх ёстой, заавал сурах ёстой хичээл юм. Миний үгийг ойлгов уу?
Миний дөнгөж сая ярьсан хоёр түүх та нарын хувьд хэдийгээр агуулга, илэрхийлэх маягаараа жаахан жирийн бус боловч бага зэрэг өвөрмөц байдлаар ярьсан нь та нарт илүү гүнзгий зүйл ухаарч, хүлээн зөвшөөрөхөд чинь туслахын тулд хялбар үг хэллэг, энгийн арга ашиглах гэсэн Миний оролдлого байлаа. Энэ бол Миний цор ганц зорилго байсан. Эдгээр богино түүх болон зураглалаас та нар, Бурхан бол бүх зүйлийг Захирагч гэснийг харж, итгээсэй гэж Би хүссэн билээ. Эдгээр түүхийг ярих зорилго бол түүхийн хязгаарлагдмал хүрээн дотроос Бурханы хязгааргүй үйл хэргийг харж, мэдэх боломжийг та нарт олгохын төлөө юм. Харин та нар өөрсдөө энэ үр дүнд хэзээ бүрэн хүрэх нь хувийн туршлага, эрэл хайгуулаас чинь хамаарна. Чи үнэнийг эрэлхийлж, Бурханыг мэдэхээр эрмэлздэг бол эдгээр зүйл чамд бүр илүү хүчтэй сануулга болох болно; эдгээр нь ухамсрыг чинь гүнзгийрүүлж, ойлголтыг чинь тодорхой болгож, Бурханы бодит үйл хэрэгт ойртох бөгөөд зай завсаргүй, алдаа мадаггүй ойр дотно болно. Гэхдээ чи Бурханыг мэдэхээр эрж хайдаггүй бол чиний сонссон эдгээр түүх чамд ямар ч хохирол учруулж чадахгүй. Зүгээр л үнэн түүх гэж бод.
Энэ хоёр түүхээс та нар ямар нэг зүйл ойлгож авав уу? Нэгдүгээрт, энэ хоёр түүх үүний өмнө Бурхан хүн төрөлхтөнд санаа тавьдаг тухай бидний хийсэн хэлэлцүүлгээс салангид байна уу? Ямар нэг холбоо хамаарал байна уу? Энэ хоёр түүхээс бид Бурханы үйл хэргийг болон Бурхан хүн төрөлхтөнд зориулан төлөвлөхдөө бүх зүйлийг сайтар тунгаан бодсоныг хардаг гэж үнэн үү? Бурханы хийдэг бүхэн болон Түүний боддог бүхэн хүн төрөлхтний оршин тогтнолын төлөө байдаг уу? (Тийм.) Бурхан хүн төрөлхтний төлөө нарийвчлан бодож, нягталсан нь маш тодорхой байгаа бус уу? Хүн төрөлхтөн юу ч хийх шаардлагагүй. Бурхан хүмүүст агаар бэлдсэн, тэд амьсгалахаас өөр юм хийх хэрэггүй. Тэдний иддэг ногоо, жимс бэлэн байж байдаг. Умардаас өмнөд, зүүнээс баруун хүртэл бүс нутаг бүрд байгалийн баялаг байдаг. Янз бүрийн бүсийн тариа будаа, жимс ногоог бүгдийг Бурхан бэлдсэн. Өргөн хүрээнд яривал, Бурхан бүх зүйлийг харилцан холбоотой, харилцан уялдаатай, зэрэгцэн оршихоор бүтээжээ. Тэр энэ арга зам, зүй тогтлыг ашиглан бүх зүйлийг мэнд байлгаж, оршин тогтнуулдаг; ийм маягаар хүн төрөлхтөн энэхүү хүрээлэн буй орчинд амар жимэр, энх тунх амьдарч, өнөөг хүртэл үеэс үед үржиж олширсоор иржээ. Өөрөөр хэлбэл, Бурхан байгаль орчинд тэнцвэр авчирдаг. Хэрвээ Бурханы дээд эрх, хяналт байгаагүй бол, Бурхан бүтээсэн ч гэсэн хүрээлэн буй орчны тэнцвэрийг барьж, хадгалах явдал ямар ч хүний хэрээс хэтрэх байсан юм. Зарим газар агаар байдаггүй, хүн тийм газар амьдарч чадахгүй. Бурхан чамайг тийш явуулахгүй. Тиймээс зохистой хил хязгаарыг бүү дав. Энэ нь хүн төрөлхтнийг хамгаалахын төлөө бөгөөд энд нууцлаг зүйл бий. Хүрээлэн буй орчны өнцөг булан бүрийг, газар дэлхийн урт, өргөнийг, дэлхий дээрх амьтан бүрийг—амьд, үхсэн хоёуланг—урьдаас Бурхан бодож, бэлтгэсэн. Энэ зүйл яагаад хэрэгтэй вэ? Тэр зүйл яагаад хэрэггүй вэ? Энэ зүйлийг энд байлгах зорилго юу вэ, тэр зүйл яагаад тэнд байх ёстой вэ? Бурхан энэ бүх асуултыг хэдийн сайтар бодсон, хүмүүст тэрийг бодох шаардлага байхгүй. Уул нүүлгэх тухай үргэлж боддог зарим мунхаг хүн байдаг, тэгэхийн оронд яагаад тал газар луу нүүдэггүй юм бэ? Хэрвээ чи ууланд дургүй бол яагаад уулын ойролцоо амьдардаг юм бэ? Энэ чинь мунхаг биш гэж үү? Хэрвээ чи тэр уулыг нүүлгэвэл юу болох вэ? Хар салхи гарч, аварга давлагаа ирж, хүмүүсийн орон гэр сүйднэ. Энэ мунхаг хэрэг байх бус уу? Хүмүүс зөвхөн сүйтгэж л чаддаг. Тэд өөрсдийн оршин амьдрах орчныг ч хадгалж хамгаалж чадахгүй байж, бас бүх зүйлийг хангахыг хүсдэг. Энэ боломжгүй.
Бүх зүйлийг удирдаж, тэдний эзэн болохыг Бурхан хүн төрөлхтөнд зөвшөөрдөг боловч хүн үүнийг сайн хийдэг үү? Хүн чадах бүхнээ сүйтгэдэг. Хүн төрөлхтөн Бурханы бүтээсэн бүх зүйлийг анхны байдлаар нь хадгалж ер нь чаддаггүй, харин ч эсрэг юм хийж, Бурханы бүтээлийг сүйтгэсэн. Хүн төрөлхтөн уул нүүлгэж, далай байсан газрыг хагалж, тал хээрийг хэн ч амьдрах аргагүй цөл болгосон. Тэгчихээд цөлд үйлдвэр барьж, цөмийн бааз байгуулж, хамаг газарт сүйрэл тарьсан. Одоо голууд нь гол байхаа больж, далай нь далай биш болсон… Хүн төрөлхтөн байгалийн тэнцвэр болон зүй тогтлыг нь нэгэнт алдагдуулсан, гамшиг, мөхлийнх нь өдөр холгүй бөгөөд энэ нь гарцаагүй. Гамшиг ирэхэд хүн төрөлхтний төлөө Бурханы бүтээсэн бүх зүйл хэчнээн эрхэм нандин болохыг, хүн төрөлхтөнд хэчнээн чухал болохыг тэд мэдэх болно. Хүний хувьд, салхи үлээх цагтаа үлээж, хур бороо орох цагтаа ордог орчинд амьдрах нь диваажинд байгаатай адилхан. Үүнийг ерөөл мөнгэдгийг хүмүүс ойлгодоггүй, харин энэ бүхнийг алдмагцаа ямар ховор нандин зүйл байсныг нь харна. Нэгэнт үгүй болчихвол хүн үүнийг яаж буцаан авах вэ? Бурхан үүнийг дахин бүтээхийг хүсэхгүй бол хүмүүс юу хийж чадах вэ? Та нарт хийж чадах юм бий юу? Үнэндээ, та нарын хийж чадах нэг юм бий. Энэ маш энгийн бөгөөд Намайг хэлэхээр та нар тэр боломжтой болохыг шууд ойлгоно. Хүн одоогийн ийм байдалд амьдрах болсны шалтгаан нь юу вэ? Хүний шунал ба сүйтгэлээс болоогүй гэж үү? Хүн ингэж сүйтгэхээ больчихвол амьдрах орчин нь өөрөө аажмаар засрахгүй гэж үү? Хэрвээ Бурхан юу ч хийхгүй бол, хүн төрөлхтний төлөө ямар нэг юм хийхийг хүсэхээ боливол—өөрөөр хэлбэл, Тэр энэ асуудалд хөндлөнгөөс оролцохыг хүсдэггүй бол—ингэж сүйтгэхээ больж, амьдарч буй орчноо анхны байдалд буцаж орох боломж олгох нь хүн төрөлхтний хувьд хамгийн шилдэг шийдэл болох юм. Энэ бүх сүйрлийг цэглэнэ гэдэг нь Бурханы бүтээсэн бүхнийг тонож, хөнөөхөө болино гэсэн үг. Ингэх аваас хүний амьдардаг хүрээлэн буй орчин аажмаар сайжирна, харин ингэж чадахгүй бол хүрээлэн буй орчин амьдрахад улам найгүй болж, сүйрэл нь цаг тутам түргэснэ. Миний шийдэл энгийн байна уу? Энгийн агаад боломжтой байгаа биз? Зарим хүнд үнэхээр энгийн бөгөөд зарим хүний хувьд боломжтой, гэхдээ газар дээрх ихэнх хүний хувьд боломжтой юу? (Үгүй.) Ядаж та нарын хувьд боломжтой юу? (Тийм.) Тэгвэл, та нар яагаад “тийм” гэж хэлж байна? Бурханы үйл хэргийн тухай ойлголтын суурин дээр үүнийг хэлсэн гэж болох уу? Бурханы эрх мэдэл, төлөвлөгөөнд дуулгавартай дагах нь үүний нөхцөл гэж болох уу? (Болно.) Энэ бүхнийг өөрчлөх арга зам бий, гэхдээ өнөөдөр бид энэ сэдвээр ярихгүй. Бурхан хүн нэг бүрийн амьдралыг хариуцдаг ба эцсийг нь хүртэл хариуцдаг. Чи Сатаны сүйтгэсэн энэ орчноос болж өвчилсөн ч, бохирдолд нэрвэгдсэн, эсвэл хохирол амссан байсан ч хамаагүй, Бурхан чамайг хангаж, чамайг амьдруулна. Чи үүнд итгэх ёстой. Бурхан хүнийг амархан үхүүлэхгүй.
Одоо та нар “Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж” гэдгийг ойлгохын чухлыг бага зэрэг мэдэрсэн үү? (Тийм ээ, тэгсэн.) Юу мэдэрсэн бэ? Надад хэл дээ. (Урьд нь бид уул, далай, нуурыг Бурханы үйлдэлтэй хэзээ ч холбон бодож байсангүй. Өнөөдөр харин Бурханы нөхөрлөлийг сонсоод эдгээр зүйл дотроо Бурханы үйлдэл, Бурханы мэргэн ухааныг агуулж байдгийг ойлголоо; Бурхан бүх зүйлийг бүтээж эхлэхдээ л юм дор бүрд нь хувь тавилан, Өөрийн сайн хүслийг шингээснийг харлаа. Бүх зүйл харилцан хүч нэмж, харилцан түшиглэдэг ба эцсийн дүндээ хүн төрөлхтөнд ашиг тустай байдаг. Өнөөдрийн бидний сонссон зүйл цоо шинэ, ер бишийн санагдаж, Бурханы үйлдэл хэчнээн бодит болохыг бид мэдэрлээ. Бодит байдал дээр, өдөр тутмын амьдралдаа, бүх зүйлтэй тулгарахдаа ийм гэдгийг нь хардаг.) Үнэхээр харсан биз дээ? Бурхан хүн төрөлхтнийг баттай суурьгүйгээр хангадаггүй; Түүний хангалт хэдхэн богино үг биш. Бурхан маш ихийг хийсэн бөгөөд чиний хардаггүй зүйл хүртэл чамд ашиг тустай байдаг. Хүн өөрийнх нь төлөө Бурханы бүтээсэн бүх зүйлийн дунд, хүмүүс болон бусад зүйлс бие биеэ түшиглэдэг энэ орчинд амьдардаг. Жишээлбэл, ургамлаас гардаг хий агаарыг цэвэршүүлж, хүмүүс цэвэр агаар амьсгалан ашиг тусыг нь хүртдэг; гэхдээ зарим ургамал хүнд хортой байхад хортой ургамлын ерөндөг өөр ургамлуудад байдаг. Энэ бол Бурханы бүтээлийн гайхамшиг мөн! Харин одоохондоо энэ сэдвийг орхиё; өнөөдөр бид голдуу хүн ба бусад зүйлс зэрэгцэн орших тухай, хүн үүнгүйгээр амьдарч чадахгүй тухай хэлэлцлээ. Бурхан бүх зүйлийг бүтээсний ач холбогдол юу вэ? Амьдрахын тулд хүнд агаар зайлшгүй хэрэгтэй ба хэрвээ чамайг агааргүй орчинд байлгавал удахгүй үхэхийн адилаар хүн бусад зүйлгүйгээр амьдарч чадахгүй. Энэ бол хүн бүтээлийн бусад зүйлээс тусдаа оршин тогтнож чадахгүйг харуулах тун энгийн зарчим. Тэгвэл хүн бүх зүйлд ямар хандлага баримтлах ёстой вэ? Тэднийг нандигнан хайрлаж, хамгаалж, үр дүнтэй ашиглах ёстой, харин сүйтгэж, үрэн таран хийж, дураараа өөрчилж болохгүй, учир нь бүх зүйл Бурханаас ирдэг, бүх зүйл бол хүнд өгдөг Түүний хангалт бөгөөд хүн төрөлхтөн тэдэнд ухамсартай хандах ёстой.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө VII
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?