Хүн төрөлхтөнд зориулан Бурханы бэлддэг өдөр тутмын хоол, унд (1)
Дэлхийг бүтээхдээ Бурханы бэлдсэн хүрээлэн буй орчны нэг хэсгийн талаар ерөнхийд нь, ялангуяа хүн төрөлхтөн амьд үлдэхэд нэн шаардлагатай орчин нөхцөлийн талаар бид дөнгөж сая ярилцлаа. Бид таван зүйлийн талаар, хүрээлэн буй орчны таван элементийн талаар ярилцсан. Бидний дараагийн сэдэв бол хүн бүрийн биет амьдралтай нягт холбоотой, тэрхүү амьдралд илүү нийцдэг бөгөөд чухал шаардлагатай нөхцөлөө өмнөх таваасаа үлэмж сайн биелүүлдэг билээ. Чухамхүү энэ бол хүмүүсийн иддэг хоол хүнс юм. Бурхан хүнийг бүтээж, тохиромжтой амьдрах орчинд тавьсан; дараа нь хүнд хүнс, ус хэрэгтэй болсон. Хүнд ийм хэрэгцээ байсан болохоор Бурхан түүнд зориулж зохих бэлтгэлийг хийсэн юм. Тиймээс Бурханы ажлын алхам бүр, Түүний хийдэг юм болгон нь зүгээр нэг хэлсэн хоосон үг биш, харин бодитоор хийгддэг жинхэнэ үйлдэл юм. Хүмүүсийн өдөр тутмын амьдралд хоол хүнс зайлшгүй шаардлагатай бус уу? Хоол хүнс агаараас илүү чухал уу? Хоёулаа адилхан чухал. Хоёулаа л хүн төрөлхтөн амьд үлдэхэд, хүн үргэлжлүүлэн амьдрахад шаардлагатай нөхцөл байдал, зүйлс юм. Аль нь илүү чухал вэ—агаар уу, ус уу? Температур уу, хоол хүнс уу? Бүгд л адилхан чухал. Хүмүүс эдгээрийн алингүйгээр ч байж чадахгүй учраас аль нэгийг нь сонгож чадахгүй. Энэ бол жинхэнэ, бодит асуудал бөгөөд чиний сонгох зүйл биш. Чи мэдэхгүй, харин Бурхан мэднэ. Чи хоол хараад “Би хоолгүй байж чадахгүй!” гэж боддог. Гэхдээ дөнгөж бүтээгдсэнийхээ дараа чамд хоол хүнс хэрэгтэй гэдгийг чи мэдэж байсан уу? Чи мэдээгүй, харин Бурхан мэдэж байсан. Чи өлсөөд, идэх жимс модон дээр, үр тариа газар байхыг хараад л чамд хоол хэрэгтэй гэдгийг ухаарсан. Чи цангаж, булгийн усыг хараад, түүнээс уухдаа л чамд ус хэрэгтэйг ухаарна. Усыг Бурхан хүн төрөлхтөнд зориулан урьдаас бэлдсэн. Хүн өдөрт хоёр, гурван удаа, эсвэл түүнээс ч олон хооллох нь хамаагүй, товчхондоо, хоол хүнс бол хүмүүсийн өдөр тутмын амьдралд зайлшгүй шаардлагатай зүйл юм. Хүний биеийн хэвийн амьдралыг тэтгэхэд хэрэгтэй зүйлсийн нэг энэ билээ. Тэгвэл ихэнх хоол хүнс хаанаас гардаг вэ? Нэгдүгээрт, энэ нь хөрснөөс гардаг. Хөрсийг Бурхан хүн төрөлхтөнд зориулан урьдаас бэлдсэн бөгөөд хөрс нь зөвхөн мод, өвс бус янз бүрийн ургамал амьдрахад тохиромжтой байдаг. Бурхан хүн төрөлхтөнд зориулан бүх төрлийн үр тариа, өөр бусад янз бүрийн хоол хүнсний үр бэлдэж, тариалахад тохиромжтой хөрс, газрыг хүн төрөлхтөнд өгсөн бөгөөд эдгээр зүйлээс хүн төрөлхтөн хоол хүнс олж авдаг. Төрөл бүрийн хоол хүнс нь юу вэ? Та нар хэдийнээ мэдэж байгаа байх. Нэгдүгээрт, төрөл бүрийн үр тариа байдаг. Ямар өөр өөр төрлийн үр тариа байдаг вэ? Улаан буудай, хоног будаа, шар будаа, бог будаа болон бусад төрлийн хальстай үр тариа. Амуу тариа мөн л бүхий л сортоор, арвай, буудай, овьёос, сагаг гээд олон төрөл зүйлээр урдаас хойшоо байдаг. Өөр өөр төрөл зүйл нь өөр өөр бүс нутагт тариалахад тохиромжтой. Мөн өөр өөр төрлийн тутарга байдаг. Өмнөдөд өөрийн гэсэн төрөл зүйл байдаг, өмнөдөд илүү халуун байдаг учраас урт мөхлөгтэй, тэндхийн хүмүүст тохирсон байдаг нь нутгийн хүмүүс ази тутарга гэх мэт хэт цавуулаг биш төрлийг нь идэх ёстой гэсэн үг юм. Тутарга нь хэт цавуулаг байж болохгүй, эс бөгөөс тэд үүнийг боловсруулж чадахгүй бөгөөд хоолны дуршлаа алдана. Хойд нутаг үргэлж хүйтэн байдаг болохоор тэндхийн хүмүүс илүү цавуулаг ихтэй зүйл идэх ёстой байдаг учраас хойд нутгийнхан илүү цавуулаг тутарга иддэг. Түүнээс гадна мөн газар дээр ургадаг төрөл бүрийн шош, газар доор ургадаг төмс, амтлаг төмс, таро гэх мэт үндэст ногоо бий. Төмс хойд зүгт ургадаг, чанар нь тун сайн. Хүмүүст идэх үр тариа байхгүй үед өдөрт гурван удаа хооллоход нь төмс тэдний үндсэн хоол хүнс болж чаддаг. Төмсийг мөн хүнсний нөөц болгон хэрэглэж болно. Амтлаг төмсний чанар төмснөөс арай муу ч гэсэн өдрийн гурван хоолны нэг үндсэн хоол болгож болно. Үр тариа олдоц багатай үед хүмүүс амтлаг төмсөөр өлсөхөө дарж болно. Өмнөд нутгийн хүмүүсийн дандаа иддэг тарог ч бас ийм маягаар хэрэглэж болох бөгөөд мөн л үндсэн хоолны үүрэг гүйцэтгэж чадна. Хүмүүсийн өдөр тутмын хоол хүнс, ундны зайлшгүй хэсэг болсон янз бүрийн ургац ийм байдаг. Хүмүүс янз бүрийн үр тариа ашиглан талх, мантуу, гоймон, будаа, пүнтүүз болон бусад зүйлсийг хийдэг. Бурхан эдгээр төрөл бүрийн үр тариаг хүн төрөлхтөнд элбэг ихээр хайрласан. Яагаад ийм олон төрөл зүйл байна вэ гэдэг нь Бурханы хүслийн хэрэг билээ: Тэдгээр нь хойд, өмнөд, зүүн, баруун зүгийн өөр өөр хөрс, уур амьсгалд ургахад тохирсон байдаг бол тэдгээрийн янз бүрийн найрлага, агууламж нь хүний биеийн янз бүрийн найрлага, агууламжид таарсан байдаг. Хүмүүс эдгээр үр тариаг идэж байж л өөрсдийн биед шаардлагатай янз бүрийн шим тэжээл, бодисыг хадгалж чадна. Хойд болон өмнөд нутгийн хоол хүнс ялгаатай боловч ялгаатай гэхээсээ илүү төстэй байдал нь их юм. Тэдгээрийн аль аль нь хүний биеийн ердийн хэрэгцээг хангаж, хэвийн амьдралыг тэтгэж чадна. Тиймээс бүс нутаг бүрд ургадаг төрөл зүйл маш их байдгийн шалтгаан нь эдгээр өөр өөр хоол хүнсний хангадаг зүйл хүний бие махбодод хэрэгтэй. Биеийн хэвийн оршин тогтнолыг хадгалж, хэвийн хүний амьдралаар амьдрахын тулд хөрсөнд ургасан янз бүрийн хоол хүнснээс хангадаг зүйлс тэдэнд хэрэгтэй байдаг. Товчоор хэлбэл, Бурхан хүн төрөлхтөнд маш их анхаарал тавьсан. Хүмүүст Бурханы хайрласан янз бүрийн хоол хүнс нь нэгэн хэвийн биш—эсрэгээрээ маш олон янз байдаг. Хүмүүс овьёос идмээр байвал овьёос идэж болно. Зарим хүн улаан буудайнаас илүү цагаан будаанд дуртай байдаг, улаан буудайд дургүй болохоор тэд цагаан будаа идэж болно. Урт, богино гээд бүх төрлийн цагаан будаа байдаг ба хүмүүс нэг бүрийг нь амтархан идэж болно. Тиймээс хүмүүс эдгээр үр тариаг идвэл—дэндүү их хоол хүнс голж шилдэг биш л бол—шим тэжээлээр дутагдахгүй, үхэх хүртлээ эрүүл амьдрах нь баталгаатай. Хүн төрөлхтөнд хоол хүнс хайрлахдаа Бурханы зорьж байсан санаа энэ байсан. Хүний бие эдгээр зүйлгүйгээр байж чадахгүй—энэ нь бодит байдал бус уу? Хүн төрөлхтөн эдгээр бодит асуудлыг өөрсдөө шийдвэрлэж чадаагүй, харин Бурхан үүнийг тэдэнд зориулж бэлдсэн: Тэр урьдаас бодож, хүн төрөлхтөнд зориулж эдгээр зүйлийг бэлдсэн.
Гэвч хүн төрөлхтөнд Бурханы өгсөн зүйл үүгээр тогтохгүй—мөн Тэр хүн төрөлхтөнд хүнсний ногоо өгсөн! Цагаан будаа байхад чи цагаан будаанаас өөр юу ч идэхгүй бол хангалттай шим тэжээл авч чадахгүй байж магадгүй. Нөгөө талаар хэрвээ чи жаахан ногоо шарах буюу салат хутгаад хоолтойгоо идвэл хүнсний ногоонд агуулагдах витамин, янз бүрийн микро элемент, бусад шим тэжээл нь мэдээжийн хэрэг чиний биеийн хэрэгцээг хангаж чадна. Мөн хүмүүс хоолны дундуур бага зэрэг жимс бас идэж болно. Заримдаа хүмүүст илүү их шингэн, эсвэл өөр шим тэжээл, өөр амт хэрэгтэй болдог бөгөөд жимс, хүнсний ногоо энэ хэрэгцээг хангахын тулд байдаг. Өмнөд, хойд, зүүн, баруун нутгийн цаг агаар болон хөрс өөр өөр байдаг болохоор өөр өөр төрлийн жимс, хүнсний ногоо ургадаг. Өмнөд нутгийн цаг агаар дэндүү халуун болохоор тэндхийн жимс, хүнсний ногооны дийлэнх нь идмэгц хүний биеийн халуун, хүйтнийг тэнцвэржүүлж чадахуйц сэрүүн чанарын байдаг. Эсрэгээрээ хойд нутагт илүү цөөн төрлийн жимс, хүнсний ногоо байдаг ч нутгийн хүмүүс идэхэд хангалттай. Гэвч сүүлийн жилүүдэд нийгмийн хөгжил болон нийгмийн дэвшил гэгчийн улмаас, түүнчлэн хойд, өмнөд, зүүн, барууныг холбосон тээвэр, харилцаа холбоо сайжирсны улмаас хойд нутгийн хүмүүс ч бас өмнөдийн зарим жимс, хүнсний ногоо, өмнө зүгийн бүс нутгийн бүтээгдэхүүнийг идэхдээ жилийн дөрвөн улиралд идэж чаддаг болсон. Хэдийгээр энэ нь хүмүүсийн идэх дур, материаллаг хүслийг хангаж чаддаг ч, биед нь өөрийн мэдэлгүй янз бүрийн хэмжээгээр хор хөнөөл учирч байдаг. Учир нь хүн төрөлхтөнд зориулан Бурханы бэлдсэн хоол хүнс дунд өмнөдийн хүмүүст зохимжтой хоол хүнс, жимс, хүнсний ногоо гэж байхаас гадна, хойд нутгийн хүмүүст зохимжтой хоол хүнс, жимс, хүнсний ногоо гэж бий. Өөрөөр хэлбэл, хэрвээ чи өмнөдөд төрсөн бол өмнөдийн юм идэх нь чамд зохистой. Өмнөд нутаг онцлог цаг агаартай учир Бурхан, эдгээр хүнс, жимс, хүнсний ногоог тусгайлан бэлтгэсэн. Хойд нутагт, хойд нутгийн хүмүүсийн биед хэрэгтэй хоол хүнс байдаг. Гэвч хүмүүс ханаж цадахгүй дуршилтай учраас тэд нийгмийн шинэ чиг хандлагын давлагаанд өөрийн мэдэлгүй татагдан орж, эдгээр хуулийг ухамсаргүйгээр зөрчиж байна. Хэдийгээр хүмүүс амьдрал нь өнгөрсөн үеэс илүү дээрдсэн гэж бодож байгаа ч, ийм нийгмийн дэвшил нь маш олон хүний биед далдуур хор хөнөөл учруулж байдаг. Энэ бол Бурханы харахыг хүсдэг зүйл биш, мөн хүн төрөлхтнийг эдгээр хоол хүнс, жимс, хүнсний ногоогоор хангахдаа Түүний зорьж байсан зүйл биш. Хүмүүс Бурханы хуулийг зөрчсөнөөр одоогийн нөхцөл байдлыг бий болгосон юм.
Тэр бүхнээр ч барахгүй, хүн төрөлхтөнд Бурханы хайрласан хишиг нь үнэхээрийн элбэг баян агаад газар нутаг бүрд орон нутгийн бүтээгдэхүүн байдаг. Жишээлбэл, зарим газар улаан хасарваань (мөн улаан чавга гэж нэрлэдэг) элбэг байхад, заримд нь хушга, газрын самар, өөр бусад олон янзын самар элбэг байдаг. Эдгээр материаллаг зүйл бүгд хүний биеийг хэрэгтэй шим тэжээлээр нь хангадаг. Гэхдээ Бурхан жилийн улирал, цаг үеийн дагуу аливаа зүйлээр зөв цагт нь таарсан хэмжээгээр хүн төрөлхтнийг хангадаг. Хүн төрөлхтөн бие махбодын таашаалд шунадаг, ховдог хомхой учраас хүн төрөлхтнийг бүтээхдээ Түүний тогтоосон хүний өсөж үржих байгалийн хуулийг зөрчиж, сүйтгэхэд хялбар байдаг. Интоорыг жишээ болгон авч үзье. Интоор ойролцоогоор зургаадугаар сард боловсордог. Хэвийн нөхцөлд наймдугаар сар гэхэд интоор байхгүй болсон байна. Интоорыг хоёрхон сар л шинэхэн байлгаж болно, гэвч хүмүүс тэр хугацааг одоо шинжлэх ухааны аргаар 12 сар, тэр ч бүү хэл, интоорын дараагийн ургац хүртэл сунгаж чадаж байна. Энэ нь бүтэн жилийн турш интоор байна гэсэн үг. Энэ үзэгдэл хэвийн үү? (Үгүй.) Тэгвэл интоор идэх хамгийн тохиромжтой улирал хэзээ вэ? Зургаадугаар сараас наймдугаар сар. Энэ хугацаанаас хойш бол чи яаж ч шинэхнээр нь хадгалаад адилхан амтагдахгүй, хүний биед хэрэгтэй зүйлийг нь ч өгөхгүй. Хугацаа нь дуусмагц ямар ч химийн бодис хэрэглэсэн гэсэн, байгальд ургасан шиг бүх зүйлийг нь шингээж өгч чадахгүй. Дээрээс нь, тэдгээр химийн бодисын хүмүүст учруулах хор хөнөөлийг хэн ч, яаж ч оролдоод арилгаж, эсвэл өөрчилж чадахгүй. Тэгэхээр одоогийн зах зээлийн эдийн засаг хүмүүст юу авчирдаг вэ? Хүмүүсийн амьдрал илүү дээрдсэн мэт санагдаж, бүс нутгуудын хоорондох зам тээвэр ихээхэн тав тухтай болж, хүмүүс бүх төрлийн жимсийг дөрвөн улирлын хэдийд ч идэж чадахаар болсон. Хойд нутгийн хүмүүс гадилаас гадна бүс нутгийн ямар ч амттан, жимс, өмнөдийн бусад хүнсийг байнга идэж чадахаар болсон. Гэхдээ хүн төрөлхтөнд Бурханы өгөхийг хүссэн амьдрал энэ биш юм. Ийм зах зээлийн эдийн засаг хүмүүсийн амьдралд зарим нэг ашиг тус авчирч болох ч бас хор хөнөөл авчирч чадна. Зах зээл дээр элбэг дэлбэг байдгаас нь болж олон хүн амандаа юу хийж байгаагаа бодолгүйгээр иддэг. Ийм зан авир байгалийн хуулийг зөрчиж байгаа бөгөөд хүмүүсийн эрүүл мэндэд хор хөнөөлтэй. Иймээс зах зээлийн эдийн засаг хүмүүст жинхэнэ аз жаргалыг авчирч чадахгүй. Өөрсдөө харцгаа. Зах зээл дээр жилийн дөрвөн улирлын турш усан үзэм зардаг бус уу? Усан үзэм үнэндээ түүсний дараа тун богино хугацаанд л шинэхнээрээ байдаг. Хэрвээ дараа жилийн зургаадугаар сар хүртэл хадгалбал тэдгээрийг усан үзэм гэж нэрлэж болох уу? Эсвэл “хог” гэх нь илүү дээр нэр болов уу? Тэдгээр нь зүгээр нэг шинэхэн усан үзэмд байх ёстой бодис нь байхгүй болсон юм биш илүү их химийн бодистой болсон байдаг. Жилийн дараа шинэхэн байхаа больж, шим тэжээл нь хэдийн үгүй болсон байдаг. Хүмүүс усан үзэм идэхдээ: “Бид ямар азтай юм бэ! Бид 30 жилийн өмнө энэ улиралд усан үзэм идэж чаддаг байл уу? Хүссэн ч идэж чадахгүй байсан. Одоо амьдрал үнэхээр сайхан байна!” гэж санагддаг. Энэ үнэхээр аз жаргал мөн үү? Хэрвээ чи сонирхож байвал химийн бодисын тусламжтайгаар хадгалдаг усан үзмийг өөрөө судалж үзээд, яг юунаас бүтдэг, тэрхүү бодис нь хүнд ашиг тус өгч чадах эсэхийг харж болно. Хуулийн эрин үед израильчууд Египетийг орхиж гараад явж байхад нь Бурхан тэдэнд бөднө шувуу болон манна өгсөн. Гэвч Бурхан тэдгээр хүнсийг хадгалахыг хүнд зөвшөөрсөн үү? Тэдний зарим нь алсын хараагүй байсан бөгөөд маргааш дахиж өгөхгүй байх гэж айгаад заримыг нь дараа хэрэглэхээр хадгалсан. Гэтэл юу болсон бэ? Дараагийн өдөр тэр нь ялзарсан байсан. Үлдээж, нөөцлөхийг Бурхан чамд зөвшөөрөхгүй, учир нь Тэр чамайг баталгаатай өлсгөлөн явуулахгүйгээр бэлдсэн. Гэвч хүн төрөлхтөнд тийм найдвар ч, Бурханд итгэх жинхэнэ итгэл ч байхгүй. Тэд арга мэх сүвэгчлэх боломж өөртөө гаргахыг үргэлж хүсдэгийн дээр хүн төрөлхтөнд зориулж Бурханы бэлдсэн зүйлийн цаана байгаа тэр бүх халамж, сэтгэлийг хэзээ ч харж чаддаггүй. Тэд үүнийг мэдэрч чаддаггүй учраас Бурханд бүрэн итгэж чадахгүй, үргэлж: “Бурханы үйлдэл найдваргүй! Бурхан бидэнд хэрэгтэй зүйлийг өгөх эсэхийг, эсвэл хэзээ өгөхийг хэн мэдэх юм! Хэрвээ намайг өлсөж үхэх гэж байхад Бурхан хангахгүй бол би өлбөрч үхэх бус уу? Би хоол тэжээлийн дутагдалд орох бус уу?” хэмээн бодож байдаг. Хүний итгэл хэчнээн үхээнц болохыг харж байна уу!
Үр тариа, жимс, хүнсний ногоо, бүх төрлийн самар гээд энэ бүгд нь ургамлын гаралтай хоол юм. Хэдийгээр ургамлын гаралтай хоол боловч хүний биеийн хэрэгцээг хангахуйц хангалттай шим тэжээлтэй. Гэсэн хэдий ч Бурхан: “Эдгээр хоолыг л Би хүн төрөлхтөнд өгнө. Тэдэнд эдгээр зүйлийг л идүүл!” гэж хэлээгүй. Бурхан тэгээд зогсчхоогүй, харин ч хүн төрөлхтөнд бүр их амттай илүү их хоолыг бэлдсээр байсан. Эдгээр хоол нь юу вэ? Энэ нь та нарын ихэнх нь харж, идэж чаддаг төрөл бүрийн мах, загас юм. Тэрээр хүнд зориулан маш олон төрлийн мах, загас бэлдсэн. Загас усанд амьдардгийн дээр усны загасны махных нь бүтэц хуурай газар дээр амьдардаг амьтдын махнаас өөр байдаг ба хүнд өөр өөр шим тэжээл өгч чадна. Загас мөн хүний бие дэх халуун, хүйтнийг зохицуулж чадах шинж чанартай байдаг нь хүнд ихээхэн ашиг тустай юм. Гэхдээ сайхан амттай хоолыг хэтрүүлж идэж болохгүй. Аль хэдийн Миний хэлсэнчлэн, Бурхан хүн төрөлхтөнд зөв цагт нь, таарсан хэмжээгээр нь хайрладаг, ингэснээр хүмүүс Түүний хайрласныг улирал, цагийн дагуу хэвийн байдлаар, зүй зохистойгоор эдэлж чаддаг. Тэгэхээр шувууны махны ангилалд ямар төрлийн хүнс багтдаг вэ? Тахиа, бөднө, тагтаа гэх мэт. Олон хүн бас нугас, галуу иддэг. Бурхан энэ бүх махаар хангасан хэдий ч Өөрийн сонгосон хүмүүст тодорхой шаардлага тавьж, Хуулийн эрин үед хоол хүнсэнд нь тодорхой хязгаарлалт тавьсан. Өнөө үед энэхүү хязгаарлалт нь хувь хүний дур сонирхол, өөрөө хэрхэн ойлгох дээр тулгуурладаг. Энэхүү янз бүрийн мах нь хүний биеийг янз бүрийн шим тэжээлээр хангаж, уураг, төмөр нөхөж, цус төлжүүлж, булчин, яс бэхжүүлэн, тамир тэнхээ суулгадаг. Хүмүүс ямар аргаар болгож идэхээс үл хамааран, эдгээр мах нь хоолны амт сайжруулж, хүмүүсийн хоолны дуршлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ мөн ходоодыг нь дүүргэхэд тусалж байдаг. Хамгийн чухал нь эдгээр хоол хүнс хүний биеийн өдөр тутмын шим тэжээлийн хэрэгцээг хангаж чадна. Бурхан хүн төрөлхтөнд зориулан хүнс хоол бэлдэхдээ үүнийг бодолцож үзсэн. Ногоо ч, мах ч байдаг нь элбэг баян байгаа бус уу? Гэвч Бурхан хүн төрөлхтөнд зориулж бүх хоол хүнсийг бэлдэж өгөхдөө ямар санаа зорилготой байсныг хүмүүс ойлгох хэрэгтэй. Энэ хоол хүнсийг хүн төрөлхтөн хэтрүүлэн хэрэглэг гэсэн үү? Хүн эдгээр материаллаг хүслээ хангахаар оролддогоо болихгүй болчихвол юу болох вэ? Тэр хоол тэжээлийн илүүдэлтэй болох бус уу? Хоол тэжээлийн хэт илүүдэлтэй байх нь хүний биеийг олон янзаар зовоодог бус уу? (Тийм.) Тийм учраас Бурхан таарсан хэмжээгээр зөв цагт хуваарилан өгч, өөр өөр цаг үе, улиралд нийцүүлэн хүмүүст янз бүрийн хоол хүнс хэрэглүүлдэг билээ. Жишээлбэл, маш халуун зуны дараа хүмүүсийн биед нэлээд их халуунаас гадна эмгэг хуурайшилт, чийг хуримтлагдана. Намар болоход, олон төрлийн жимс боловсордог бөгөөд хүмүүс эдгээр жимсийг идэхэд бие дэх чийгийг нь хөөнө. Энэ үед үхэр, хонь мөн тарга тэвээрэг авсан байх тул хүмүүс тэжээл болгож илүү их мах идэх хэрэгтэй. Төрөл бүрийн мах идсэнээр хүмүүсийн бие өвлийн хүйтнийг давах эрч хүч, дулааныг олж авч, үүний үр дүнд өвлийг аюулгүй, эсэн мэнд давч чадна. Бурхан хүн төрөлхтнийг хэдийд, юугаар хангах, мөн өөр өөр зүйлс хэдийд ургаж, үр жимсээ өгч, боловсрохыг маш нарийн бодож, тооцоолон хянаж, зохицуулдаг. Энэ нь “Хүний өдөр тутмын амьдралд хэрэгтэй хоол хүнсийг Бурхан хэрхэн бэлддэг”-т хамаарна. Олон төрлийн хоол хүнснээс гадна, Бурхан хүн төрөлхтнийг усны эх үүсвэрээр бас хангадаг. Хүмүүс юм идсэний дараа ус уух хэрэгтэй. Жимс дангаараа хангалттай юу? Хүмүүс дан ганц жимсээр амьдарч чадахгүй, үүнээс гадна зарим улиралд жимс байдаггүй. Тэгэхээр хүн төрөлхтний усны асуудлыг хэрхэн шийдэж болох вэ? Бурхан нуур, гол, булаг гээд газар дээр болон газар доор усны олон эх үүсвэр бэлдэж үүнийг шийдвэрлэсэн. Ямар нэгэн байдлаар бохирдуулаагүй, хүмүүс өөрчилж, сүйтгээгүй л бол эдгээр усны эх үүсвэрээс ууж болно. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн амьдралыг баян, элбэг дэлбэг, юугаар ч дутахгүй байлгах гэж Бурхан, хүн төрөлхтний бие махбодын амьдралыг тэтгэх хоол хүнсний эх үүсвэрийн тухайд маш чамбай, маш нарийн, тун зохимжтой бэлтгэл хийсэн. Энэ бол хүмүүсийн харж, мэдэрч болох зүйл юм.
Түүнчлэн, бүх зүйлийн дундаас Бурхан хүний биеийн гэмтлийг эдгээх, өвчнийг анагаахад онцгойлон зориулсан зарим ургамал, амьтан, төрөл бүрийн өвс ногоог бүтээсэн. Жишээлбэл, хэрвээ хүн түлэгдэх юм уу, санамсаргүй шалзлагдвал юу хийх хэрэгтэй вэ? Түлэгдлээ усаар зайлаад л болох уу? Чи зүгээр нэг даавууны өөдсөөр боогоод л болох уу? Тэгвэл шарх идээ бээрээр дүүрэх буюу халдвар авч магадгүй юм. Жишээлбэл, хүн халуурах буюу ханиад хүрч, ажиллаж байхдаа гэмтэж бэртэн, буруу зүйл идсэнээс болж ходоодны эмгэгтэй болох буюу амьдралын хэв маягийн хүчин зүйл юм уу сэтгэл хөдлөлийн асуудлаас үүдсэн зүрх судасны өвчин, сэтгэцийн эмгэг, дотор эрхтний өвчин гэх мэт тодорхой нэг өвчинтэй болбол эдгээр өвчнийг эмчлэхэд таарах ургамлууд байдаг. Цусны эргэлт сайжруулан бүлэгнэлийг арилгаж, өвчин намдаан, цус алдалт зогсоож, мэдээ алдуулан, арьсыг сэргээн хэвийн байдалд нь оруулахад тусалж, цусны бүлэгнэл арилган, биеэс хор гадагшлуулдаг ургамлууд бий. Товчоор хэлбэл, энэ ургамлууд өдөр тутмын амьдралд хэрэгтэй. Тэдгээрийг хүмүүс хэрэглэж болно, Бурхан хүний биед хэрэг болно гэж бэлдсэн. Тэдгээрийн заримыг санаандгүй олж илрүүлэх боломжийг Бурхан хүнд олгосон бол үүнийг хийлгэхээр Бурханы сонгосон хүмүүс, эсвэл Бурханы зохион байгуулсан онцгой үзэгдлийн үр дүнд бусдыг нь олж илрүүлсэн. Эдгээр ургамлыг олж нээснийхээ дараа хүн төрөлхтөн өвлүүлэн дамжуулж, олон хүн энэ тухай мэдэж авдаг. Ийнхүү Бурхан эдгээр ургамлыг бүтээсэн нь үнэ цэн, утга учиртай юм. Дүгнэж хэлбэл, эдгээр зүйл бүгд Бурханаас улбаатай бөгөөд хүн төрөлхтөнд амьдрах орчин бүтээхдээ Түүний бэлдэж, тарьсан зүйлс юм. Эдгээр нь маш чухал. Бурхан бодож боловсруулахдаа хүн төрөлхтнөөс илүү нягт нямбай байдаг уу? Чи Бурханы хийсэн бүхнийг хараад Бурханы бодитой талыг мэдэрдэг үү? Бурхан нууцаар ажилладаг. Хүн энэ дэлхийд хараахан ирээгүй байхад, хүн төрөлхтөнтэй харилцахаасаа өмнө Бурхан энэ бүхнийг бүтээсэн. Хүн төрөлхтөнд зориулан Өөрийнх нь бэлдэж өгсөн энэ баян, элбэг дэлбэг материаллаг дэлхийд тэд хоол, хувцасны талаар санаа зоволгүй, дутагдах зүйлгүйгээр аз жаргалтай амьдраасай гэсэндээ Бурхан хүн төрөлхтнийг бодож, хүний оршин тогтнолын төлөө, тэднийг амьд байлгахыг бодолцож юм болгоныг хийсэн. Хүн төрөлхтөн ийм орчинд үргэлжлүүлэн өсөн үржиж, амьдарч чадна.
Бурханы том, жижиг бүх үйлс дотроос ямар ч үнэ цэн, учир утгагүй зүйл бий юу? Түүний хийдэг юм болгон үнэ цэн, утга учиртай байдаг. Хэлэлцүүлгээ түгээмэл сэдвээр эхэлцгээе. Хүмүүс: “Тахиа, өндөг хоёрын аль нь анхдагч вэ?” гэж үргэлж асуудаг. (Тахиа.) Тахиа анхдагч гэдэг нь эргэлзээгүй! Тахиа яагаад анхдагч вэ? Өндөг яагаад анхдагч байж болохгүй гэж? Тахиа өндөгнөөс гардаг бус уу? 21 хоногийн дараа тахиа өндөгнөөс гарч ирдэг. Тэр тахиа дараа нь олон өндөг гаргаж, тэр өндөгнүүдээс нь илүү олон тахиа гарна. Тэгэхээр тахиа, өндөг хоёрын аль нь түрүүлж гарсан бэ? Та нар туйлын итгэлтэйгээр “тахиа” гэж хариулдаг. Гэвч яагаад ингэж хариулдаг юм бэ? (Шувууд болон араатан амьтдыг Бурхан бүтээсэн гэж Библид өгүүлдэг.) Тэгэхээр та нарын хариулт Библид үндэслэсэн юм байна. Гэхдээ Бурханы үйлдлийн тухай ямар нэгэн бодит мэдлэг та нарт бий эсэхийг харах болов уу гэсэндээ өөрсдийнхөө ойлголтын талаар яриасай гэж Би хүсэж байна. Одоо та нар хариултдаа итгэлтэй байна уу, үгүй юу? (Бурхан тахиаг бүтээгээд түүнд үржих чадвар буюу өндөг дарах чадвар өгсөн.) Энэ тайлбар бараг л зөв. Эхлээд тахиа, дараа нь өндөг гарсан. Энэ бол гарцаагүй. Энд нэг их сүрхий нууц саад байх юм үгүй боловч дэлхийн хүмүүс үүнийг их сүрхий юм болгож, гүн ухааны онолоор шийдвэрлэх гэж оролддог ч хэзээ ч дүгнэлтэд хүрдэггүй. Тэднийг Бурхан бүтээсэн гэдгийг хүмүүс мэддэггүйтэй энэ нь яг адил. Тэд энэ суурь зарчмыг мэддэггүй, мөн өндөг анхдагч уу, эсвэл тахиа анхдагч уу гэдэг талаар ч тодорхой ойлголт байхгүй. Тэд аль нь анхдагч байх ёстой вэ гэдгийг мэдэхгүй тул хэзээ ч хариуг нь олж чаддаггүй. Тахиа эхлээд бий болсон нь тун хэвийн юм. Хэрвээ тахианаас өмнө өндөг байсан бол энэ нь хэвийн бус байх байсан! Энэ бол их энгийн зүйл—тахиа эхлээд бий болсон нь мадаггүй. Энэ бол их мэдлэгтэй байхыг шаарддаг асуулт биш. Бурхан юм бүхнийг хүнд эдлүүлэх зорилготойгоор бүтээсэн. Нэгэнт тахиа оршин байгаа цагт өндөг жамаараа гарна. Энэ нь бэлээхэн шийдэл бус уу? Хэрвээ өндөг эхлээд бүтээгдсэн бол үүнийг дарах тахиа мөн л хэрэгтэй болох байсан бус уу? Шууд тахиа бүтээх нь хавьгүй дөт шийдэл юм. Ингэснээр тахиа өндөглөж, өндгөн дотроо ангаахай дарж чадах бөгөөд хүмүүс тахианы мах идэж болно. Хэчнээн амар вэ! Аливааг хийх Бурханы арга зам аятайхан, цэвэрхэн, огтхон ч төвөгтэй биш байдаг. Өндөг хаанаас гардаг вэ? Тахианаас гардаг. Тахиа байхгүй бол өндөг байхгүй. Бурханы бүтээсэн юм нь амьд зүйл байсан! Хүн төрөлхтөн хөгийн, инээд хүрмээр, үргэлж ийм энгийн зүйлд будилж, эцэстээ өчнөөн олон утгагүй төөрөгдлийг гаргаж ирдэг. Хүн ямар гэнэн юм бэ! Өндөг, тахиа хоёрын хоорондын харилцаа тодорхой байдаг: Тахиа эхлээд бий болсон. Энэ бол хамгийн үнэн зөв тайлбар, үүнийг ойлгох хамгийн үнэн зөв арга, хамгийн үнэн зөв хариулт юм. Энэ бол зөв.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө VIII
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?