
Тав дахь зүйл нь юу вэ? Энэ зүйл хүн бүрийн өдөр тутмын амьдралд маш ойр байдаг. Энэ материаллаг ертөнцөд хүний бие үүнгүйгээр амьдарч чадахааргүй тийм хэмжээнд хүний амьдралд ойр холбоотой байдаг. Энэ зүйл бол агаарын урсгал. “Агаарын урсгал” гэдэг нэр үгийг сонсоод хэн ч ойлгож чадах байх. Тэгэхээр агаарын урсгал гэж юу вэ? “Агаарын урсгал” гэдэг нь ердөө л урсаж буй агаарын хөдөлгөөн гэж хэлж болно. Агаарын урсгал бол хүний нүд харж чадахгүй салхи юм. Энэ нь бас хий шилжин хөдлөх нэг арга зам билээ. Гэхдээ ямар “агаарын урсгалын” талаар энд голчлон ярьж байна вэ? Та нар Намайг хэлмэгц ойлгоно. Дэлхий эргэхдээ уулс, далай тэнгис хийгээд бүх зүйлийг тээж явдаг бөгөөд тийнхүү эргэхдээ хурдтай эргэдэг. Ийнхүү эргэлдэж байгааг нь чи огт мэдэрдэггүй ч гэсэн, эргэж л байдаг. Энэхүү эргэлт юу үүсгэдэг вэ? Чамайг гүйхэд салхи үүсэж чихний чинь хажуугаар өнгөрдөг бус уу? Хэрвээ чамайг гүйхэд салхи үүсэж болж байгаа юм бол дэлхий эргэх үед салхи байхгүй байж яаж болох билээ? Дэлхий эргэх үед бүх зүйл хөдөлгөөнд оршдог. Дэлхий өөрөө хөдөлгөөнд оршиж, тодорхой хурдтай эргэж байхад түүн дээрх бүх зүйл ч бас байнга өсөж үржин, хөгжиж байдаг. Тиймээс тодорхой хурдтай хөдөлгөөн аяндаа агаарын урсгалыг бий болгоно. Үүнийг Би “агаарын урсгал” гээд байгаа юм. Энэхүү агаарын урсгал хүний биед тодорхой хэмжээгээр нөлөөлдөг үү? Хар салхийг аваад үзье: Энгийн хар салхи тийм ч хүчтэй биш боловч хар салхи ирэх үед хүмүүс тогтвортой зогсож ч чаддаггүй, салхинд алхахад хэцүү байдаг. Ганц алхахад ч бэрх байдаг, зарим хүн бүр салхинд юм руу шахагдаад, хөдөлж чаддаггүй. Энэ бол агаарын урсгалын хүн төрөлхтөнд нөлөөлж болох хэлбэрийн нэг юм. Хэрвээ газар дэлхий бүхэлдээ тал газраар дүүрэн байсан бол дэлхий болон бүх зүйл эргэхэд түүнээс үүсэх агаарын урсгалыг хүний бие тэсвэрлэх огт боломжгүй байх байлаа. Тийм нөхцөлд хариу үйлдэл үзүүлэхэд туйлын хэцүү байх байсан. Үнэхээр тийм байсан бол тэрхүү агаарын урсгал хүн төрөлхтөнд зөвхөн хор хохирол учруулаад зогсохгүй бүрэн сүйрүүлэх байлаа. Ийм орчинд хүмүүс амьд үлдэж чадахгүй байх байсан. Ийм учраас тэрхүү агаарын урсгалыг шийдвэрлэхийн тулд Бурхан өөр өөр газарзүйн орчныг бий болгосон—өөр өөр орчинд агаарын урсгал сулран, чиглэл, хурд, хүчээ өөрчилдөг. Тийм учраас хүмүүс уулс, их уулсын нуруу, хээр тал, толгод, голын сав газар, хөндий, өндөрлөг газар, их мөрнүүд гээд янз бүрийн газарзүйн орчныг хардаг билээ. Бурхан эдгээр янз бүрийн газар зүйн орчноор агаарын урсгалын хурд, чиглэл, хүчийг өөрчилдөг. Тэрээр энэ арга барилыг ашиглан агаарын урсгалыг сааруулж, салхины хурд, чиглэл, хүчийг нь тохиромжтой болгосноор хүмүүс хэвийн амьдрах орчинтой болно. Ингэх шаардлагатай юу? (Тийм ээ.) Ийм зүйл хийнэ гэдэг хүмүүст хэцүү мэт санагдавч харин Бурханд бол амархан, учир нь Тэр бүх зүйлийг ажиглаж байдаг. Хүн төрөлхтөнд тохирсон агаарын урсгал бүхий орчныг бүтээх нь Түүний хувьд үнэхээр энгийн, хялбар юм. Тиймээс Бурханы бүтээсэн ийм орчинд, Түүний бүтээсэн бүх зүйлийн доторх юм нэг бүр зайлшгүй чухал билээ. Юм нэг бүрийн оршин тогтнолд үнэ цэнэ, хэрэгцээ шаардлага гэж бий. Гэсэн хэдий ч Сатан болон завхарсан хүн төрөлхтөн энэ зарчмыг ойлгодоггүй. Тэд уулсыг тэгшилж, хавцлыг дүүргэж, тэгш газар дээр тэнгэр баганадсан барилга барьж бетонон ширэнгэ бүтээх хоосон мөрөөдөлтэйгөөр зогсолтгүй сүйтгэж, хөгжүүлж, олборлож байдаг. Өөрийнх нь тэдэнд зориулан бэлдсэн хамгийн зохимжтой орчинд хүн төрөлхтөн аз жаргалтай амьдарч, өсөж үржин, өдөр бүрийг баяр баясалтайгаар өнгөрүүлж чадна гэж Бурхан найддаг. Тийм ч учраас хүн төрөлхтний амьдрах орчинд Бурхан хэзээ ч хайнга хандаж байгаагүй. Температураас агаар, дуу чимээнээс гэрэл хүртэл Бурхан нарийн төлөвлөгөө, зохицуулалт хийсэн, ингэснээр хүмүүсийн бие махбод болон амьдрах орчинд байгалийн нөхцөл байдал саад болохгүй, харин ч хүн төрөлхтөн хэвийн амьдарч, өсөж үржин, бүх зүйлтэй хамт эв найртайгаар зэрэгцэн оршиж, хэвийн амьдарч чадна. Бүх зүйл болон хүн төрөлхтнийг Бурхан энэ бүхнээр хангадаг.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө VIII-aaс эш татав