I Түүх: Үр, газар, мод, нарны гэрэл, шувууд ба хүн
Өнөөдөр Би та нартай шинэ сэдвийн талаар нөхөрлөнө. Энэ ямар сэдэв бэ? Сэдвийн нэр нь “Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж.” Арай л томдсон сэдэв юм шиг санагдаж байна уу? Энэ нь та нарт арай л хүрэхийн аргагүй санагдаж байна уу? “Бурхан бүх зүйлийн амийн эх сурвалж” гэдэг энэ сэдэв хүнд нэг л хамаагүй мэт санагдаж болох юм, гэвч Бурханыг дагадаг хүмүүс бүгд үүнийг ойлгох ёстой. Яагаад гэвэл, хүн бүр Бурханыг мэдэж, Түүнийг хангалуун байлгаж, Түүнийг хүндэлж чаддаг байхад энэ сэдэв салшгүй холбоотой. Тийм учраас Би энэ сэдвийн талаар нөхөрлөх гэж байна. Хүмүүс энэ сэдвийн талаар энгийн, урьд нь ойлголттой байсан, эсвэл үүнийг ямар нэг хэмжээгээр гадарладаг байсан байж тун болзошгүй. Оюун ухаандаа тэд энэ тухай хэтэрхий энгийн мэдлэгтэй, эсвэл өнгөцхөн ойлголттой байж болох юм. Бусад нь энэ тухай зарим нэг онцгой туршлагатай байдаг; өөрсдийн өвөрмөц туршлагын улмаас зүрх сэтгэлдээ тэд энэ тухай гүнзгий ойлголттой болсон байдаг. Гэхдээ ийм урьдын мэдлэг гүн ч бай, өнгөцхөн ч бай, өрөөсгөл бөгөөд хангалттай тодорхой биш. Ийм учраас Би энэ сэдвийг нөхөрлөхөөр сонгосон нь та нарт илүү тодорхой, гүн гүнзгий ойлголт өгөхийн төлөө юм. Энэ сэдвийн талаар та нартай нөхөрлөхдөө Би нэгэн онцгой арга буюу өмнө нь хэрэглэж байгаагүй, та нарт жаахан сонин, эсвэл бага зэрэг таагүй санагдаж магадгүй аргыг ашиглана. Дараа нь та нар юу хэлээд байгааг минь мэдэх болно. Та нар түүх сонсох дуртай юу? (Дуртай.) За, та нар бүгдээрээ түүх сонсох их дуртайгаас хойш түүх ярих арга сонгосон минь зөв бололтой. Тэгвэл эхэлцгээе. Та нар тэмдэглэж авах шаардлагагүй. Ийш тийш сатааралгүй тайван суухыг та нараас хүсье. Хэрэв эргэн тойрны чинь зүйл, эсвэл хүмүүс сатааруулж магадгүй гэж санагдвал нүдээ аньж болно. Би та бүхэнд нэгэн гайхалтай бяцхан түүх ярьж өгье. Энэ нь нэг үр, газар, мод, нарны гэрэл, шувууд, хүний тухай түүх. Уг түүхийн гол дүрүүд юу билээ? (Үр, газар, мод, нарны гэрэл, шувууд, хүн.) Нэг нь Бурхан уу? (Үгүй.) Гэхдээ л энэ түүхийг сонсоод та нар сэргэж, сэтгэл ханана гэдэгт Би итгэлтэй байна. За, чимээгүйхэн сонсоорой.
Нэг бяцхан үр газарт унажээ. Ширүүн бороо орж, өнөөх үр соёолон үндэс нь аажмаар хөрсийг ухан оржээ. Сар нэг битүүрч, нэг хавиргалахын хэрээр цаг улирал ээлжлэхийг харж, ширүүн салхи, аадар бороог даван туулсаар өчүүхэн нахиа аяндаа ургалаа. Зун болоход газрын ус хишгээ хайрлаж, улирлын аагим халууныг давахад нь тусалжээ. Газрын ачаар нахиа халуунд нэрвэгдээгүй ба тийнхүү зуны хамгийн бэрх халууныг мэнд өнгөрөв. Өвөл болоход газар түүнийг дулаан энгэртээ тэвэрч, тэд бие биедээ чанга наалджээ. Газар өнөөх нахиаг дулаацуулсны ачаар жихүүн салхи, цасан хуйг ажралгүй, өвлийн хахир хүйтэнд тэсэж үлдэв. Газрын нөмөр нөөлгөөр нахиа зоримог, аз жаргалтай болжээ; газрын харамгүй бойжуулан тэжээсэн нахиа эрүүл, чийрэг ургажээ. Нахиа бороонд дуугаа дуулж, салхинд найган бүжиж, баяр баясалтай ургалаа. Нахиа, газар хоёр бие биеэ түшиглэдэг…
Он жил өнгөрөхөд тэр нахиа сүглэгэр мод боллоо. Тоймгүй олон навчаар хучигдсан бахим олон салаа мөчиртэй болж, газар дээр бат байрлав. Үндэс нь урьдын адил газарт мөн л шигдсээр, хөрсний гүнд бөх зоогджээ. Нэгэн цагт өчүүхэн нахиаг хамгаалж байсан газар одоо аварга модны суурь болжээ.
Нарны цацраг модон дээр тусав. Мод биеэ ганхуулж, мөчрөө алдлан дэлгээд нар туссан агаарыг гүнээ амьсгалдаг байв. Доорх газар нь модтой нэгэн хэмнэлээр амьсгалж, шинэ болсон мэт санагддаг байв. Яг тэр үед модны мөчир дундаас сэвшээ салхи үлээж, мод баярлан намилзаж, эрч хүчээр оргилдог байлаа. Мод ба нарны гэрэл бие биеэ түшиглэдэг…
Хүмүүс модны сэрүүн сүүдэрт суугаад анхилуун цэнгэг агаарт баясжээ. Агаар тэдний зүрх, уушгийг цэвэрлэж, цусыг нь цэвэршүүлж, тэдний бие алжаал ядаргааг мэдрэхээ болив. Хүмүүс ба мод бие биеэ түшиглэдэг…
Удалгүй модны мөчрүүд дээр бяцхан шувууд жиргэн эргэлдэх боллоо. Зарим нь махчдаас зугтаж, зарим нь ангаахайгаа бойжуулах гэж, харин зарим нь түрхэн зуур амсхийх гэж буусан байх. Шувуу ба мод бие биеэ түшиглэдэг…
Модны үндэс мушгирч, зангиран газарт гүн шигдэв. Модны их бие нь газрыг салхи, борооноос нөмөрлөн мөчрүүдээ дэлгэн доорх газраа хамгаалдаг байлаа. Газар өөрийнх нь эх байсан учраас мод ингэдэг байжээ. Тэд бие биеэ хүчирхэгжүүлж, бие биеэ түшиглэдэг бөгөөд хэзээ ч салж хагацахгүй…
Ингээд энэ түүх дууслаа. Миний ярьсан түүх бол үр, газар, мод, нарны гэрэл, шувууд болон хүний тухай байлаа. Энэ түүх хэдхэн хэсэгтэй. Энэ түүх та нарт юу бодогдуулав? Ийм маягаар ярихад Миний юу хэлээд байгааг та нар ойлгож байна уу? (Ойлгож байна.) Та нар юу бодсоноо ярь даа. Энэ түүхийг сонсоод ямар санагдав? Энэ түүхэнд гарсан бүх зүйлийг харж, хүрч болно гэдгийг Би эхлээд та нарт хэлье; тэдгээр нь зүйрлэл биш, бодит юмс. Та бүхэн Миний ярьсныг бодоосой гэж Би хүсэж байна. Миний өгүүлсэн түүхэнд далд утгатай юм ер байхгүй бөгөөд гол санаа нь уг түүхийн хэдхэн өгүүлбэрээр илэрч болно. (Саяын сонссон түүх маш сайхан зураглал дүрсэлж байна. Нэг үр амьтай болж, ургах явцдаа хавар, зун, намар, өвөл гээд жилийн дөрвөн улирлыг туулдаг. Соёолон буй үрийг газар түүнийг эх юм шиг нь бойжуулдаг. Газар тэр нахиаг өвөл дулаацуулж, нахиа хүйтнийг давж гарсан. Нахиа ургаж мод болоход нарны гэрэл мөчрүүдэд нь хүрч, модонд их баяр хөөр авчирдаг. Бурханы бүтээлийн олон зүйлийн дунд газар бас амьд бөгөөд мод тэр хоёр бие биеэ түшиглэдэг гэдгийг би харсан. Бас нарны гэрэл модонд их дулаан илч хайрладгийг би ойлгосон, шувууд хэдийгээр ердийн амьтад боловч тэд мод, хүнтэй хамт төгс зохицолддог гэдгийг би ойлгосон. Энэ түүхийг сонсож байхад миний зүрх сэтгэлд ийм мэдрэмж төрж байлаа; эдгээр зүйл бүгд үнэхээр амьд гэдгийг ухаарч байна.) Сайхан хэллээ! Өөр юм нэмж хэлэх хүн байна уу? (Үр соёолж, сүглэгэр мод болж ургадаг энэ түүхээс би Бурханы бүтээлийн гайхамшгийг харж байна. Бурхан, бүх зүйлийг бие биеэ батжуулж, түшиглэдэг болгосон ба бүх зүйл бие биетэйгээ холбоотой, бие биедээ үйлчилдэг болгосныг ойлголоо. Би Бурханы мэргэн ухаан болон гайхамшгийг харж, Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж мөн гэдгийг харсан.)
Миний дөнгөж сая ярьсан бүх зүйлийг та нар урьд нь харсан. Жишээ нь үр байна, үр ургаад мод болдог үйл явцыг чи нарийн мэдэхгүй байж болно, гэхдээ тэгдэг гэдгийг мэднэ, тийм биз дээ? Чи газрыг, нарны гэрлийг бас мэднэ. Шувууд модон дээр суусан байх нь хүн бүрийн харсан зүйл, тийм үү? Хүмүүс модны сүүдэрт сэрүүцэхийг та нар бүгдээрээ харж байсан биз дээ? (Харсан.) Тэгэхээр энэ бүх жишээг нэг дүр зурагт багтаахад тийм зураг ямар мэдрэмж төрүүлэх вэ? (Эв зохицол.) Ийм дүр зургийн зүйлс бүгд Бурханаас ирдэг үү? (Тийм.) Тэд Бурханаас ирдэг тул энэ өөр өөр зүйлийн газар дээр оршин буйн үнэ цэн, ач холбогдлыг Бурхан мэддэг. Бурхан бүх зүйлийг төлөвлөж, бүтээхдээ санаа зорилготой хийсэн; Бурхан бүх зүйлийг бүтээхдээ тэдэнд амь шингээсэн. Хүн төрөлхтний оршин тогтноход зориулан Түүний бүтээсэн орчин нь яг л саяын түүхэнд өгүүлсэн үр ба газар бие биеэ түшиглэдэг, газар үрийг тэтгэж, үр газартай холбогддог тэр орчин юм. Энэ харилцааг Бурхан бүтээлийнхээ бүр эхэнд урьдчилан тогтоосон. Мод, нарны гэрэл, шувууд, хүмүүсийн дүрслэл бол хүн төрөлхтөнд зориулан Бурханы бүтээсэн амьдрах орчны зураглал юм. Нэгдүгээрт, мод газрыг орхиж чадахгүй, нарны гэрэлгүйгээр ч байж чадахгүй. Тэгэхээр Бурхан модыг бүтээсний зорилго нь юу юм бэ? Зөвхөн газрын төлөө бүтээсэн гэж хэлж болох уу? Зөвхөн шувуудын төлөө бүтээсэн гэж хэлж болох уу? Зөвхөн хүмүүсийн төлөө бүтээсэн гэж хэлж болох уу? (Болохгүй.) Тэдний хоорондох харилцаа юу вэ? Тэдний хоорондын харилцаа нь бие биеэ батжуулах, салж болшгүй харилцан хамаарал юм. Өөрөөр хэлбэл, газар, мод, нарны гэрэл, шувууд болон хүмүүс оршин байхын тулд бие биеэ тулж түшдэг бөгөөд нэг нь нөгөөгөө тэтгэдэг. Мод газрыг хамгаалдаг байхад газар модыг тэжээдэг; нарны гэрэл модонд шим өгөхөд мод нарны гэрлээс цэвэр агаар бий болгож, газарт тусах нарны төөнөм халууныг багасгадаг. Эцэст нь хэнд ашигтай байна? Хүн төрөлхтөнд ашигтай байгаа биз? Энэ бол хүн төрөлхтний амьдардаг, Бурханы бүтээсэн орчны үндэс болсон зарчмуудын нэг юм; Бурхан үүнийг анхнаасаа ямар байлгахаар зорьсон нь энэ юм. Хэдий энэ нь жирийн нэг дүрслэл боловч бид Бурханы мэргэн ухаан, санаа зорилгыг харж чаддаг. Хүн төрөлхтөн газаргүйгээр, модгүйгээр, бас шувуугүйгээр, нарны гэрэлгүйгээр амьдарч чадахгүй. Тийм биш үү? Энэ нь ердөө л нэг түүх боловч Бурханы бүтээсэн тэнгэр, газар ба бүх зүйл, мөн хүн төрөлхтөнд өгсөн Түүний бэлэг болох амьдрах орчны бичил ертөнцийг дүрслэн харуулдаг.
Бурхан тэнгэр, газар, бүх зүйлийг хүн төрөлхтөнд зориулж бүтээсэн бөгөөд бас амьдрах орчныг ч бүтээсэн. Нэгдүгээрт, энэ түүх бүх зүйл бие биеэ хүчирхэгжүүлдэг, харилцан хамаардаг ба зэрэгцэн оршдогийг гол зүйл болгон авч үздэг. Энэ зарчмын дор хүн төрөлхтний амьдрах орчин хамгаалагддаг; энэ нь цаашид оршин тогтож чадах ба байсаар байна. Үүний үрээр хүн төрөлхтөн цэцэглэн хөгжиж, өсөн үржиж чадна. Бидний үзсэн дүр зураг бол мод, газар, нар, шувууд, бас хүмүүсийн дүр зураг байсан. Энэ дүр зурагт Бурхан байсан уу? Хүн тэндээс Бурханыг олж хараагүй. Гэхдээ хүн энэ үйл явдалд гарсан зүйлсийн хоорондын бие биеэ хүчирхэгжүүлэх ба харилцан хамаарах зүй тогтлыг харсан; энэ зүй тогтлоор дамжуулан хүмүүс Бурхан оршин буйг, Бурханы дээд эрхийг харж чаддаг. Бурхан эдгээр зарчим болон зүй тогтлыг ашиглаад бүх зүйлийг амьд байлгаж, оршин тогтнуулдаг. Ийм замаар Тэр бүх зүйлийг хангаж, хүн төрөлхтнийг тэтгэж байдаг. Энэ түүх бидний гол сэдэвтэй холбоотой юу? Өнгөн талдаа холбоогүй юм шиг харагддаг боловч бодит байдал дээр Бурхан бүх зүйлийг бүтээсэн зүй тогтол болон бүх зүйлийг ноёрхох Түүний ноёрхол нь, Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж гэдэгтэй нь шууд уялдсан байдаг. Та нар жаахан юм сурч эхэлж байна!
Бүх зүйлийн үйл ажиллагааг удирддаг зүй тогтлыг Бурхан захирдаг; Тэрээр бүх зүйлийн амьдралыг удирддаг зүй тогтлыг захирдаг; Тэр бүх зүйлийг хянаж, бие биедээ хүч нэмж, түшиглэдэг болгосноор тэд мөхдөггүй, алга болдоггүй. Зөвхөн ингэснээр хүн төрөлхтөн амьдарсаар байж чадна; зөвхөн ингэснээр Бурханы удирдлага дор ийм орчинд амьдарч чаддаг. Бурхан бол үйл ажиллагааны эдгээр зүй тогтлын эзэн бөгөөд хэн ч хөндлөнгөөс оролцож, тэдгээрийг өөрчилж чадахгүй; Бурхан Өөрөө л энэ зүй тогтлуудыг мэддэг, бас Бурхан Өөрөө л удирддаг. Модод хэдийд нахиалах; бороо хэдийд орох; газраас ургамал ногоонд газар хэр их ус, хэр зэрэг шим тэжээл өгөх; ямар улиралд навчис унах; ямар улиралд мод жимслэх; нарны гэрэл модонд хэр их шим тэжээл өгөх; нарны гэрлээс шим тэжээл аваад мод юу ялгаруулах—энэ бүхнийг Бурхан бүх зүйлийг бүтээхдээ урьдчилан зохицуулсан бөгөөд хэн ч зөрчиж чадахгүй зүй тогтлууд юм. Бурханы бүтээсэн зүйлс амьд ч бай, эсвэл хүний нүдэнд амьгүй гэж харагддаг ч бай, бүгдээрээ Бурханы гарт, Түүний ноёрхол дор байдаг. Хэн ч энэ зүй тогтлыг өөрчилж, эсвэл зөрчиж чадахгүй. Өөрөөр хэлбэл, Бурхан бүх зүйлийг бүтээхдээ ямар байхыг буюу газар байхгүйгээр мод үндэслэж, соёолж, ургаж чадахгүй байсан; хэрвээ газарт ямар ч мод байгаагүй бол газар хатах байсан; мод бол шувуудын орон гэр бөгөөд салхинаас хоргодох нөмөр нь болно гэдгийг урьдаас тогтоочихсон. Мод хөрсгүйгээр ургаж чадах уу? Яавч үгүй. Энэ нь нар, бороогүйгээр байж чадах уу? Бас л чадахгүй. Энэ бүхэн хүн төрөлхтний төлөө, хүн төрөлхтний оршин тогтнолын төлөө байдаг. Хүн модноос цэвэр агаар авдаг ба модоор хамгаалагдсан газар дээр амьдардаг. Хүн нарны гэрэл болон бусад янз бүрийн амьд зүйлгүйгээр амьдарч чадахгүй. Хэдий эдгээр зүйлийн хамаарал нарийн төвөгтэй боловч Бурхан бүх зүйлийг захирах зүй тогтлуудыг бүтээсэн, ингэснээр бүх зүйл харилцан хамааралтай, уялдаа холбоотой байдлаар оршиж болох юм гэдгийг чи санах ёстой; Өөрөөр хэлбэл, Бурханы бүтээсэн зүйл нэг бүр үнэ цэн, ач холбогдолтой. Хэрвээ Бурхан ач холбогдолгүй зүйл бүтээсэн бол Бурхан үүнийг алга болгох байсан. Энэ бол бүх зүйлийн хэрэгцээг хангахдаа Бурханы ашигладаг аргуудын нэг. Энэ түүхэнд “хангах” гэдэг үг юуг хэлж байна вэ? Бурхан тэр модыг өдөр бүр усалж байсан уу? Амьсгалахын тулд модонд Бурханы тусламж хэрэгтэй байна уу? (Үгүй.) Энд “хангах” гэдэг нь бүтээснийхээ дараа Бурхан бүх зүйлийг удирдахыг хэлдэг; тэдгээрийг захирах зүй тогтлыг бий болгосны дараа удирдах нь Бурханд хангалттай юм. Модны үрийг газарт тарьчихвал өөрөө ургадаг. Харин модны ургах нөхцөлийг бүгдийг нь Бурхан бүтээсэн. Бурхан нарны гэрэл, ус, хөрс, агаар болон хүрээлэн буй орчныг бүтээсэн; салхи, жавар, цас, бороо, дөрвөн улирлыг Бурхан бүтээсэн. Эдгээр нь мод ургахад хэрэгтэй нөхцөлүүд бөгөөд Бурханы бэлдсэн зүйл юм. Тэгэхээр Бурхан энэхүү амьдрах орчны эх сурвалж мөн үү? (Мөн.) Бурхан модны навч нэг бүрийг өдөр бүр тоолох шаардлагатай уу? Үгүй! Бурхан бас модыг амьсгалахад туслах хэрэг ч байхгүй, эсвэл өдөр бүр “Модон дээр тусах цаг чинь боллоо” гэж хэлээд нарны гэрлийг сэрээх ч шаардлагагүй. Тэр тэгэх шаардлагагүй. Нарны гэрэл зүй тогтлын дагуу гийх цаг нь болоход аяндаа гийнэ; гарч ирээд гэрлээ модон дээр тусгаж, хэрэгтэй үедээ мод нарны гэрлийг шингээдэг бөгөөд хэрэггүй үед мод мөн л зүй тогтлоор амьдардаг. Та нар энэ үзэгдлийг тодорхой тайлбарлаж чадахгүй байж магадгүй, гэвч энэ нь хүн бүрийн харж, хүлээн зөвшөөрдөг бодит баримт юм. Хийх ёстой ганц зүйл чинь бүх зүйлийн оршин тогтнолын зүй тогтол Бурханаас ирдэг гэдгийг танин мэдэж, тэдний өсөлт болон оршин тогтнол Бурханы ноёрхолд байдаг гэдгийг мэдэх явдал юм.
Энэ түүхэнд “зүйрлэл” гэж хэлэхээр зүйл байна уу? Энэ нь хүнчлэл үү? (Үгүй.) Би та нарт үнэн түүх ярьсан. Бүх төрлийн амьд юмс, амьтай бүхэн Бурханд захирагддаг. Амьд зүйл бүрийг бүтээснийхээ дараа Бурхан амь өгсөн; амьтан нэг бүрийн амийг Бурхан өгсөн бөгөөд тэд өөрсдийг нь удирддаг замнал болон хуулийг мөрддөг. Хүн үүнийг өөрчлөх хэрэг байхгүй, мөн үүнд хүний тусламж хэрэггүй; энэ бол бүх зүйлийг хангадаг Бурханы арга замын нэг юм. Та нар ойлгосон биз дээ? Хүмүүс үүнийг мэдэх хэрэгтэй гэж та нар бодож байна уу? (Тийм.) Тэгвэл энэ түүх биологитой ямар нэгэн холбоотой юу? Үүнд ямар нэг мэдлэг, эсвэл судалгааны салбарт холбоотой юм байна уу? Бид энд биологи яриагүй, лав л биологийн судалгаа хийгээгүй байна. Бидний ярианы гол санаа юу вэ? (Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж.) Бүтээлийн дотроос та нар юу харсан бэ? Та нар мод харсан уу? Газар харсан уу? (Харсан.) Нарны гэрлийг бас харсан, тийм биз дээ? Модон дээр суусан шувуудыг харсан уу? (Харсан.) Хүн төрөлхтөн ийм орчинд амьдрахдаа аз жаргалтай байдаг уу? (Тийм.) Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтний амьдрах орон гэрийг оршин тогтнуулж, хүн төрөлхтний гэрийг хамгаалахын тулд Бурхан бүх зүйлийг—Өөрийн бүтээсэн бүх зүйлийг ашигладаг. Ингэж Тэр хүнийг болон бүх зүйлийг хангадаг.
Энэ ярианы маяг, ийм янзаар нөхөрлөж байгаа маань та нарт ямар санагдаж байна? (Ойлгоход хялбархан, бас бодитой жишээ олон байна.) Би дэмий хоосон үг хэлэхгүй байгаа биз дээ? Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж гэдгийг хүмүүст ойлгуулахад саяын түүх хэрэгтэй юу? (Тийм.) Хэрвээ тийм бол дахиад нэг түүх ярья. Дараагийн түүх агуулгаараа жаахан өөр, гол санаа нь бас жаахан өөр. Уг түүхэнд гарах зүйлс нь Бурханы бүтээлээс хүмүүсийн харж чаддаг зүйл юм. За, Би дараагийн яриагаа эхэлье. Та нар чимээгүй сонсоод Миний үгийн учрыг ухаарч чадах эсэхээ хараарай. Ярьж дуусчихаад хэр зэрэг ойлгосныг чинь харахын тулд хэдэн асуулт асууна. Энэ түүхийн гол дүрүүд нь өндөр уул, жаахан горхи, хүчит салхи, аварга давлагаа юм.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө VII
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?