Алдар нэр, эд баялаг надад зовлон шаналал авчирсан

2021-11-17

Тянь Тянь, Хятад

Нэг хавар би хэдэн ахмад эмчийн хамт хээр гарч хоол хийж идэхээр явсан юм. Явах замд нутгийн тосгоны зарим хүн Ван эмчийг таньсан. Тэд Ван эмчийг хараад их л баярлаж, бас талархан байлаа. Түүнийг халуун дулаанаар угтаж авав. Дараа нь бид хоол хийж байхдаа зарим нэг зүйл дутуу байгааг анзаарсан юм. Гэтэл тосгоныхон үнэхээр найрсаг хандсан. Юм хэрэг болсныг харчхаад өөрсдийнхийгөө бидэнд өгсөн билээ. Өдөр тутмын зарим нэг зүйл тэр үед ховор, бас чамгүй үнэ цэнтэй байсныг хэлэх үү. Жишээ нь, сүү ховор байлаа. Олон хүн сүү авахдаа дараалалд зогсох хэрэгтэй болдог байсан юм. Гэтэл сүүний үйлдвэрийн хүмүүс бидэнд шууд л сүү авчраад өгсөн … Энэ бүхэн Ван эмчийн нэр хүндээс л болсон хэрэг шүү дээ. Ван эмч нүдээ онийлгон байж инээмсэглэхийг нь харсан би өөрийн эрхгүй түүнд атаархаад, дотроо ийн бодсон юм: “Хүмүүс Ван эмчийг үнэхээр их хүндлэх юм! Хаа ч явсан хүмүүс түүнийг хүндэлдэг тул юунд ч санаа зовох хэрэг гардаггүй байх. Аливаа ажлыг хялбархан бүтээхийн тулд царайгаа харуулахад л болох юм байна. Гэтэл би хэн ч танихгүй клиникийн эмч төдий. Ийм байж болохгүй. Би Ван эмчийн нөмөр нөөлөгт хэр удаан хорогдох вэ дээ.” Сэтгэл гонсойж байсан ч Ван эмчийн бууралтсан үсийг хараад ийн бодлоо: “Нас минь залуу байгаа биш үү? Зүй ёсоор нь анагаах ухааныг судалж, ахмад эмч нараас суралцах юм бол эрт орой хэзээ нэгэн цагт алдартай болж тэдэн шиг хүндлэгдэх боломжтой, өөрөө л хичээл зүтгэлтэй байх хэрэгтэй.”

Тэр явдлаас хойш, нэг сарын турш хичээл зүтгэл гаргасны хүчинд би бие дааж ээлжинд гарч чаддаг болсны хажуугаар мэс заслаар дадлагажих боломж гарав. Гэхдээ энэ бол дөнгөж эхний алхам байв. Илүү их ажиллах хэрэгтэй хэвээр байсан. Тиймээс эмчилгээний онолыг тасралтгүй судалж, ажлынхаа хажуугаар ур чадварын шалгалт өгч, эмчилгээний бүх төрлийн хичээлд суув. Яаралтай мэс засал гарч ирвэл ажлын эсвэл ажлын бус цагаар ч байсан, мэс засалд дадлагажих боломжийг алдаж байсангүй. Заримдаа мэс засалтай завгүй үед маш их өлсөх ч алдаа гаргаж болохгүй тул өөртөө анхаарах боломжгүй байв. Заримдаа бүр 24 цаг тасралтгүй ажиллах ч хэрэг гарна. Ажлаасаа буусны дараа толгой тархи ажиллахгүй, бие маань туйлдталаа ядарсан байдаг байлаа. Амрахын хүслэн болох боловч аавын маань надад үргэлж хэлж байсан “Зовохгүй бол жаргахгүй” гэдэг үг, бас зорилгодоо хүрэхийн тулд хичээнгүйлэн ажиллах тухай түүхүүд нь бодогддог байлаа. Тэгээд цааш яваад бай, хэмээн өөрийгөө зоригжуулна. Хичээнгүйлэн ажиллаад бай, хэмээн өөрийгөө хүчилнэ. Шөнө гэртээ орж ирэнгүүтээ орон дээрээ унаад өгдөг байлаа. Байдгаараа тэнийж хэвтээд, эцэж ядран, өвдөж шархирсан биеэ амраана. Унтах гээд нүдээ анихаар мэс заслын бүх үйл явдал толгойд минь зурсхийн орж ирнэ. Сульдаж ядарсан оюун санаа минь мэс заслын үед алдаа гаргахад хүргэх вий гэж би эмээж байв. Ажил дээрээ жижиг алдаа гаргаад мэс засал дахиж хийх эрхгүй болсон ажлын хуучин хамтрагч нарынхаа тухай бодно. Ямар нэг зүйл буруугаар эргэвэл би амжилтад хэзээ ч хүрэхгүй. Ингэж бодохоор тэр даруй сэтгэл хямарч, ядарч цуцан, айж эмээн, сэтгэл түгшинэ. Бие махбод, оюун санаа минь туйлдталаа ядарсан байлаа. Заримдаа маргаашийн хуваарьт мэс заслын талаар бодно, бас гэртээ хэдий оройтож харьсан байлаа ч маргаашийн мэс засалтай холбоотой онолын мэдлэгээ ахин дахин шалгаж, засаж сайжруулах хэрэгтэй болно. Ингэж байж би алдаа гаргахгүй. Маш их ядарсан байлаа ч, хэзээ нэгэн цагт амжилтад хүрэхийн тулд би өөрийгөө “Хичээнгүйлэн ажилла! Хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна” гэж шахдаг байв.

Долоон жил хичээнгүйлэн, шаргуу ажилласны эцэст би мэргэшсэн эмч болсон. Тухайн үед толгойд минь хамгийн их орж ирдэг үг нь: Хэрэг нь гарлаа шүү! Миний цол зэрэг нэмэгдэнгүүт надад үзүүлэхэд төлөх үнэ ч нэмэгдсэн. Мэргэшсэн эмчийн зэрэгтэй хүн хийх боломжтой бүх мэс заслыг би хийдэг байлаа, мөн ерөнхий мэс засалчдын жагсаалтад миний нэр багтах болов. Хамт ажиллагсад маань ард хоцорсон байхад миний цалин, байр суурь өссөн байлаа. Үгээр илэрхийлж боломгүй аз жаргалыг би мэдэрсэн. Ялангуяа олон хүн хөлхсөн гудамжинд явж байхад зарим хүн намайг таньдаг байв. Тэднийг би оноож танихгүй ч, тэд намайг таньдаг байлаа. Тэд бүр намайг сайн мэс засалч шүү хэмээн магтдаг байв. Өвчтөнүүд намайг бахдаж биширсэн байдалтай хараад “Би тан дээр өмнө нь очоод их мөнгө зарлагадалгүй, нэг их удалгүй бие маань сайжирсан, гэтэл нөгөө эмч минь намайг удаан хугацаанд эмчилсэн ч сайжирсангүй” гэх зэргээр хэлдэг байлаа. Зарим хүн “Тийм хүн таныг сайн эмч гэж хэлсэн. Танд үзүүлээрэй гэж тэр надад санал болгосон юм. Одоо танд үзүүлэхэд их хэцүү болжээ” гэж хэлдэг байв Иймэрхүү зүйл сонсоод би нүүр дүүрэн инээмсэглэдэг байлаа. Би дотроо маш их баяр жаргалтай байсан. Олон жилийн хойно ч гэсэн хүмүүс ийм зүйлийг санасаар байдаг бөгөөд олонд алдаршсан болохоор хүмүүс намайг зорьж ирдэг байв. Нэр хүнд минь өссөн мэт гэнэт санагдаад амжилтын амтыг мэдэрч эхлэв. Гэвч аз жаргалыг мэдэрснийхээ дараа, би эмчлэгч эмч болох өдий хол байгаа тухайгаа бодов. Би ердөө л энгийн мэс засал хийж чадна. Эмчлэгч эмч байсан бол илүү нарийн мэс засал хийж чаддаг болоод, тэр хэрээр өвчтөнүүд намайг илүү их биширч, бүр олон хүн надад үзүүлэхээр ирэх байсан юм. Тэдний нүдэн дэх байр суурь минь илүү дээшлэх биш үү?

Ингээд би алдар нэр, эд баялгийн төлөөх алхаагаа түргэсгэв. Нөхөр маань надад гомдоллож, надтай хэрэлдэх нь их болов. Өөрт нь цаг зарцуулах нь улам багасаж байна гэж тэр хэлнэ. Би ядрахаас гадна, надад маш шударга бус хандаж байна гэж санагдаад, өөрөөсөө ахин дахин ийн асуудаг байлаа: “Би юуны тулд ингэж хичээж байгаа билээ? Амжилттай карьер, сайхан амьдралын төлөө биш гэж үү? Би ямар нэг буруу зүйл хийчихсэн юм уу? Үгүй шүү дээ. Нөхөр маань л ухаангүй аашилж байна. Өөрт нь хүсэл зориг байхгүй болохоор л тэр.” Би нулимсаа арчаад үргэлжлүүлэн суралцаж, эмчилгээний ур чадвараа улам ахиулж эмчлэгч эмч болохын тулд хотын түвшний эмчилгээний тасагт очиж ажиллах хүсэлтээ гаргалаа. Ховорхон тохиох боломж байсан тул би үүнийг ихэд нандигнаж байсан юм. Гэвч сургалтын үеэр жирэмсэн болсноо мэдээд гайхав. Жирэмсэн гэдгээ мэдээд яахаа мэдэхээ больсон, тэгээд ч үнэндээ, хүүхэдтэй болох цаг нь биш гэж бодож байлаа. Энэ боломжийг атгахын тулд би их зүйлийг туулсан, хүүхдээс болоод боломжоос татгалзаж ирээдүйгээ баллаж болохгүй. Гэвч дараа нь хүүхдийнхээ талаар бодлоо. Би үр хөндүүлэхийг хүсэхгүй байв. Тэгээд удалгүй, мэс засал хийж удаан зогсдог, хэт их ажилладаг, мөн хуваарьт бус мэс засал хийгээд хоол ундаа идэлгүй алгасдаг байснаас болоод хүүхэд маань зулбачихсан. Гэлээ гээд би алдар нэр, эд баялгийг хөөхөө нэг ч хором болиогүй. Ургаа авхуулсныхаа маргааш нь эмнэлэг дээрээ очиж ажиллахыг хүссэн. Гэвч бие маань тэр өдөр маш сул байв. Бие маань салж унах гэж байгаа юм шиг л санагдсан. Хэвлийгээр өвдөж, гар хөл минь тэнхээгүй байлаа. Орон дээрээ хэвтээд амрахаас өөр арга байсангүй. Гэтэл би зулбасан үрээ, эсвэл биеэ хэрхэн арчлах талаар бодоогүй. Зөвхөн сурах цаг маань хойшилсонд, төгсөлтөд маань нөлөөлөх вий л гэж санаа зовж байв. Энэ бүхний эцэст юу ч үгүй хоцрох юм гэж үү?

Дахиад долоо жилийн турш сөхөртлөө ажилласны эцэст, Хүсэж мөрөөдөж байсан эмчлэгч эмчийн ажлаа авав. Үзэж байсан өвчтөнүүд минь намайг харангуутаа бүгд мэндэлж, ойр тойрныхоо хүмүүст “Тянь эмч мэс засал хийж намайг аварсан хүн байгаа юм” гэж хэлдэг байлаа. Зарим нь гэрт ирж, нутгийн янз бүрийн онцгой зүйлс авчирна. Нөгөө хэсэг нь баярласнаа илэрхийлж бэлэг сэлт, дэлгүүрийн ваучер авчирдаг байсан. Заримдаа, намайг ресторанд хоол идэж байхыг хараад тэд надад мэдэгдэхгүйгээр тооцоо хийчихсэн байдаг байв. Энэ бүхэн хүмүүсийн атаа жөтөөг хөдөлгөдөг боловч, надад ирэх баяр жаргал нь зөвхөн түр зуурынх байсан юм. Баяр жаргалын минь цаана байгаа хэцүү бэрх, зовлон шаналлыг хэн ч мэддэггүй байлаа. Мэс заслын үед өчүүхэн төдий ч алдаа гаргаж болохгүй, эс бөгөөс санаанд багтамгүй үр дагавар ирнэ, өөрийгөө сүйрүүлэх алдаа хийчих вий хэмээн би үргэлж түгшдэг байв. Хутганы ирэн дээгүүр явж байгаа мэт би маш анхаарал болгоомжтой байдаг сан. Хэтэрхий их дарамт дор явж ирсэн тул сэтгэл санаа минь үүнийг тэсвэрлэж чадаагүй. Бие минь хямраад, жин минь 90 паунд хүртлээ багассан. Урт хугацаанд хэт их ачаалалтай ажилласнаас болоод эрүүл мэнд маань дордож, би нойргүйдэл, ходоод гэдэс өвдөх, цөсний үрэвслээс болж зовж тарчилдаг болсон. Юм ч идэж чадахгүй, унтаж ч чадахаа больсон. Шөнөжингөө хонь тоолж, нойрны эмийг дөрөв давхарлаж уух боловч, тэглээ гээд үр дүн байхгүй байлаа. Өдөр нь манарсан байдалтай, ямар ч эрч хүчгүй. Хөл минь тугалгаар хийсэн юм шиг санагддаг байв. Тэсвэрлэхийн аргагүй хүнд байдаг сан. Өөрийн эрхгүй гашуунаар инээмсэглээд “Байр суурь, бусдын бишрэл хүндэтгэлийг олсон байтлаа одоо жирийн хүн шиг унтаж, идэж ч чадахгүй байна шүү дээ.” гэж боддог байлаа. Ажлаасаа, ер нь бүх зүйлээс зугтаж холдоод сайн унтарч амрахыг л хүсдэг байсан боловч тэр бүхэн мөрөөдөхөөс цаашгүй зүйл болсон байв. Хамгийн муухай нь, надад анхаарал халамж хамгийн их хэрэгтэй байхад нөхөр минь гадуур ууж наргин, өөрийгөө зугаацуулж, би гэдэг хүн уйтгар гунигаа зөвхөн өөртөө тээхээс аргагүй болно. Тэр нам гүм үдшүүдээр надад хөөрхийлөлтэй, дорой мэдрэмж төрдөг сөн. Унтахад маш хэцүү болсон бөгөөд харанхуйд тэмтчин мунгинаж байна, явж буй зүгээ эсвэл гэртээ харих замаа харж чадахгүй байна гэж байнга зүүдэлнэ. Зүүдэндээ айж ширвээтнэ, тэмцэж зүтгэнэ. Нэг удаа “Аа!” гэж хашхираад сэрж байсан. Дух маань хөлөрчихсөн байсан. Гэрлээ асаагаад орныхоо ирмэг дээр суунгаа өвчтөнүүдээс ирдэг хүндлэл, гэр бүлийнхний маань магтаал сайшаалын тухай бодсон ч, энэ бүхэн миний шаналлыг нимгэлсэнгүй. Олон жилий турш хичээж зүтгэснээ эргэж бодоод, өөрөөсөө ийн асуусаар байв: “Урагш ахиж дэвшихийн тулд би амьдралынхаа хагаст хичээнгүйлэн зүтгэсэн байтал эцэст нь, хэдхэн хормын алдрыг эс тооцвол, надад өвчтэй бие, араар тавьдаг нөхөр, эцэс төгсгөлгүй зовлон, шаналал л байна. Яагаад тэр вэ? Утга учиртай, үр бүтээлтэй амьдрахын тулд хүн яах хэрэгтэй вэ?” Би зовлон шаналлаас салахыг үнэхээр их хүсэж байв. Мэргэч төлөгч дээр очсон, алдартай хүмүүсийн эшлэл үгээс хариултаа хайсан, бас хүмүүсийн маш их эрж хайдаг “эерэг эрч хүч”-ийг оролдож үзсэн. Буддизмаас хариултаа олохоор онлайнаар эрж хайсан, гэвч сэтгэлд нийцсэн хариулт байгаагүй, тэр бүхэн миний асуудлыг огт шийдээгүй. Өвчин минь тэсэхийн аргагүй хүнд болох яг тэр мөчид, амьдралаас итгэл найдвар олж харж, цааш хэрхэх учраа олохоо байсан тэр үед Төгс Хүчит Бурханы авралын нигүүлсэл над дээр ирсэн.

Бурханд итгэх итгэлээ олсны дараа Бурханы үгээс би хариултаа олж авсан. Бурханы үгэнд ийн хэлсэн байдаг: “Алдар нэр, ашиг хонжоотой болмогцоо тэдгээрийг ашиглан, өндөр байр суурь, асар их эд баялгийг эдэлж, амьдралыг таашааж болно гэж хүмүүс боддог. Алдар нэр, ашиг хонжоо нь зугаа цэнгэлээр хөөцөлдөх амьдрал болон махан биеийн цадиггүй таашаалыг олж авахдаа ашиглаж болох нэг төрлийн хөрөнгө юм гэж тэд боддог. Хүн төрөлхтний ихэд шунадаг энэхүү алдар нэр, ашиг хонжооны төлөө хүмүүс сайн дураараа хэрнээ өөрсдийн мэдэлгүйгээр бие, сэтгэл, өөртөө байгаа бүхнийг, өөрсдийн ирээдүй, хувь заяаг бүгдийг нь Сатанд хүлээлгэн өгдөг. Тэд нэг хором ч эргэлзэхгүйгээр, өгсөн бүхнээ буцаан авах хэрэгтэйг ер мэдэхгүйгээр үүнийг хийдэг. Ийм маягаар Сатанд хоргодож, түүнд үнэнч болмогцоо хүмүүс өөрсдийгөө хянасаар байж чадах уу? Мэдээж үгүй. Тэднийг Сатан бүрмөсөн, бүрэн дүүрэн хянадаг. Мөн тэд намагт бүрмөсөн, тэр чигтээ живсэн бөгөөд өөрсдийгөө чөлөөлж чаддаггүй. Хүн алдар нэр, ашиг хонжооны намагт живмэгцээ гэрэл гэгээтэй зүйлийг, зөв шударга зүйлийг, эсвэл сайн, сайхан зүйлсийг эрж хайхаа больдог. Яагаад гэвэл, хүмүүсийг уруу татах алдар нэр, ашиг хонжооны хүч чадал дэндүү их; тэдгээр нь хүмүүсийн насан туршдаа, бүр эцэс төгсгөлгүйгээр үүрд мөнх хөөцөлддөг зүйлс болдог. Энэ нь үнэн биш гэж үү?(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө VI). Бурханы үг сэтгэл зүрхийг минь гэрэлтүүлсэн. Ван эмчтэй цуг хээр хоол хийж идэхээр явахдаа би байр суурьтай болж, эмчийн өндөр ур чадвартай болсон цагт бусад хүн намайг хүндэлж надад онцгой хандаж, амьдрал минь сайхан болно гэж зүрх сэтгэлдээ шийдэж байснаа саналаа. Мөн би “Хүн явсан газар бүрдээ нэрээ үлдээдэг, галуу ниссэн газар бүрдээ ганганадаг”, “Өөрөө онцгойрох”, “Хүн дээшээ тэмүүлдэг, ус уруугаа урсдаг” гэх мэт Сатанлаг хорыг хэтэрхий их хүлээн авсан болохоор алдар нэр, эд баялгийн хойноос хөөцөлдөх нь миний амьдралын эрэл хайгуул, зорилго болжээ. Би карьераа ахиулахын тулд тогтмол хичээнгүйлэн ажилладаг байсан. Ойр тойрныхоо хүмүүсийн хүндлэл, магтаалыг олж авсныхаа дараа амжилтыг жинхэнэ утгаар нь мэдэрсэн нь нэг их эргэж харалгүйгээр буруу замд ороход намайг хүргэсэн юм. Би гэр бүл, хэвлий дэх үрээ золин байж, хамгийн сайхан он жилүүдийнхээ 10 гаруйг нь алдар нэр, эд баялгийн хойноос хөөцөлдөж өнгөрөөжээ. Эрүүл мэндээ сүйтгээд би өвчтэй биетэй болж хоцорсон. Тэгж бүхнээ золиосолсныхоо дараа л би “Алдар нэр, эд баялаг надад ямар хэрэгтэй юм бэ? Араас нь хөөцөлдлөө гээд ядарч туйлдан, зовж зүдэрлээ, эцэст нь нэг юм олж авсан ч үгээр илэрхийлэхийн аргагүй зовж зүдэрсээр байгаа биш үү. Алдар нэр, эд баялгийн араас хөөцөлдөх нь эцэстээ буруу зам байсан нь тодорхой байна.” гэж бодож байгаа нь даанч харамсалтай яа. Алдар нэр, эд баялгийн араас хөөцөлдөн тэмцэх нь хүнийг олсоор оосорлоод боомилох ёрын муу хүч юм байна гэдгийг би эцэст нь ойлгосон. Энэ нь зовж зүдрэн бүхнээ золиослохын хүслэнд намайг автуулдаг биед минь Сатаны зүүсэн буулга мэт байжээ. Эцэст нь Сатан намайг хүссэн газраа аваачжээ. Яг л Бурханы үгэнд хэлсэнчлэн: “Сатан, алдар нэр, ашиг хонжооноос өөр юу ч бодохгүй болтол нь хүний бодлыг хянахын тулд алдар нэр, ашиг хонжоог ашигладаг. Тэд алдар нэр, ашиг хонжооны төлөө тэмцэж, алдар нэр, ашиг хонжооны төлөө зовлон бэрхшээл туулж, алдар нэр, ашиг хонжооны төлөө доромжлолыг тэвчиж, алдар нэр, ашиг хонжооны төлөө өөрсдөдөө байгаа бүхнийг золиосолдог ба алдар нэр, ашиг хонжооны төлөө ямар ч үнэлгээ, шийдвэр гаргана. Ийм маягаар Сатан хүнийг үл үзэгдэх гав дөнгөөр хүлдэг ба тэдгээрээс ангижрах хүч ч, зориг ч хүнд байдаггүй. Хүмүүс өөрийн мэдэлгүйгээр энэ гав дөнгийг зүүж, асар их хүндрэлтэйгээр урагшаа арай ядан сажилдаг. Энэхүү алдар нэр, ашиг хонжооны төлөө хүн төрөлхтөн Бурханаас зайлж, Түүнээс урваж, улам хорон муу болдог. Тиймээс, ийм маягаар Сатаны алдар нэр, ашиг хонжооны дунд үе удам ээлж дараалан сүйрдэг(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө VI). Сатан үнэхээр ямар хорсолтой болохыг би олж харсан, тэгээд би Бурханд чин сэтгэлийнхээ угаас талархсан. Сатан намайг булан руу шахах яг тэр мөчид Бурхан зүгээр суугаад харалгүй авралын гараа надад сунгаж, үгээрээ намайг тайтгаруулж урам зориг өгч, шаналлынхаа эх үүсвэрийг эрж олоход минь тусалсан. Зөвхөн Бурхан л хүмүүст хамгаас илүү хайртай. Тэрээр үнэнийг илэрхийлж, сайныг муугаас, эерэг зүйлийг сөрөг зүйлээс ялгаж танихыг бидэнд зааж сургахаар махбод болсон. Алдар нэр, олз ашгийн хойноос хөөцөлдөн амьдралаа үрж, буруу замаар яваад байж болохгүй гэдгийг би мэдсэн. Би Бүтээгчид шүтэн мөргөх учиртай! Үүнээс хойш би Бурханы үгийг уншиж, ойлгохгүй байгаа зүйлийнхээ талаар ах, эгч нартайгаа нөхөрлөхөд чөлөөт цагаа илүү их зарцуулах болсон. Ингэснээр бид нэг нэгэндээ тусалж чадаж байлаа. Нэг л мэдэхэд би зарим үнэнийг ойлгож, зарим нэг зүйлийн талаар илүү сайн ойлголттой болсон байв. Сэтгэл санаа маань илүү их тайвширч, аажимдаа, нойргүйдэл маань дээрдэж, ходоод гэдэсний өвдөлт, цөсний хүүдий маань ч бас дээрдээд ирсэн. Алдар нэр, олз ашгийн хойноос хөөцөлдөөд би ийм зүйлд хүрч чадаагүй. Би сүнслэг эрх чөлөөний баяр жаргалыг үнэхээр туулж мэдэрсэн.

Хожим нь, бүх хамтран ажиллагсад маань тушаал дэвшихээр зүтгэж, мэргэжлийн ур чадварын хувьд надаас ч доогуур хүмүүс, бүр миний сургаж байсан зарим хүн, бүгд дэд профессор болсныг нүдээр үзэв. Сайхан боломжоо алдсан ч юм шиг надад санагдаж байлаа. Эрүүл мэнд минь муудаж намайг арваад жилээр ухраагаагүй сэн бол өндөр ур чадвартайн хувьд би наанадаж дэд профессор болох байсан даа гэж бодсон. Гэвч яаж тушаал дэвшихээр хөөцөлдөж, өвчтэй биетэй, зовж шаналж байснаа эргэн санаад энэ бол Сатаны зальжин явуулгуудын нэг байж гэдгийг ухаарлаа. Сатан хүсэл эрмэлзлийг минь ашиглан намайг алдар нэр, олз ашгийн эргүүлэгт буцааж оруулахаар уруу татаж байж. Хэрвээ би алдар нэр, олз ашгийн хойноос ахин хөөцөлдөж эхэлбэл амиа ч алдаж магадгүй. Тэгсэн бол ямар хэрэг байх билээ? Би Эзэн Есүсийн хэлсэн зүйлийн талаар бодлоо: “Учир нь хүн бүх дэлхийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх юм бэ? Эсвэл хүн амийнхаа оронд юу өгөх билээ?(Матай 16:26). Төгс Хүчит Бурхан бас ийн хэлсэн байдаг: “Хэвийн хүн болохын хувьд, мөн Бурханыг хайрлахаар эрэлхийлдэг хүн болохын хувьд хаанчлалд орж, Бурханы ардуудын нэг болох нь та нарын жинхэнэ ирээдүй бөгөөд дээд зэргийн үнэ цэн, ач холбогдолтой амьдрал юм; та нараас илүү ерөөгдсөн хэн ч байхгүй. Би яагаад ингэж хэлдэг вэ? Учир нь Бурханд итгэдэггүй хүмүүс махан биеийн төлөө, Сатаны төлөө амьдардаг, гэхдээ өнөөдөр та нар Бурханы төлөө амьдарч, Бурханы хүслийг биелүүлэхээр амьдардаг. Тийм учраас, та нарын амьдрал дээд зэргийн ач холбогдолтой гэж Би хэлдэг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы шинэхэн ажлыг мэдэж, Түүний мөрийг дага). Өөрийнх нь үгээс би Бурханы хүслийг ойлгосон. Хүний байр суурь хэчнээн өндөр, нэр хүнд ямар ч байлаа гэсэн алдар нэр, эд баялгийн хойноос хөөцөлдөх нь буруу зам бөгөөд энэ бол үхэл рүү хөтөлдөг зам билээ. Энэ замаар явах юм бол чи Бурханы ерөөл, хамгаалалтыг хүртэж чадахгүй. Зөвхөн үнэнийг эрэлхийлж үүргээ гүйцэтгэснээр, мөн Бурханы ажлыг үзэж туулан, Бурханыг таньж мэдэх замаар завхралаасаа салж ангижирснаар л чи ач холбогдолтой, үнэ цэнтэй амьдралтай болж эцэст нь Бурханы ерөөлийг хүлээж авч чадна. Энэ бол хүнд байх ёстой цорын ганц жинхэнэ ирээдүй билээ. Хэрвээ би махан биеийн ашиг сонирхлыг хангах гэж хичээсэн хэвээр байсан бол Бурханы намайг ерөөхгүй байгаад зогсохгүй үнэндээ Тэр намайг үзэн ядах байсан. Миний мэдэх хүмүүсийн зарим нэг бодит жишээ бий: Даргын маань охин коллежоо төгсөөд гадаадад карьер сайтай амьдардаг байсан юм. Гэвч олон жил ширүүн өрсөлдөөн дунд хэтэрхий их стресстэй байсны эцэст сэтгэлийн гүн хямралд орж байшин дээрээс үсэрч амиа егүүтгэсэн. Манай найзын залуухан байхдаа менежер болж амжилтад хүрсэн хүү нь нийгмийн хүрээллээсээ болж хэт их уудаг байснаасаа болоод элэгний хатууралтай болсон. Тэр хүү хагас жил ч бололгүй өнгөрөөд үүнээс болж зовж шаналсан найзын минь үс ганцхан шөнийн дотор бууралтчихсан. Бурханы эдгээр үгийг нэгэнтээ уншиж байснаа санаж байна: “Мөнгөөр амь худалдан авч чадахгүй, алдар нэр үхлийг баллуурдаж чадахгүй, мөнгө, алдар нэрийн аль нь ч хүний амьдралыг ганц минут, ганц секундээр уртасгаж чадахгүй гэдгийг тэд ухаардаг(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө III). Алдар нэр, олз ашиг хүнийг зовлон зүдүүрээс салгаж, амь насыг нь аварч чадахгүй. Тэдгээр нь түрхэн зуурын аз жаргалыг мэдрүүлснийхээ дараа хүмүүсийг үхлийн ёроолгүй ангал руу л буцааж уруу татаж чадна. Үүнийг ойлгосон би бээр дахин хэзээ ч эргэн тойрныхоо хүмүүсийн нөлөөнд орж, сатаарахгүй. Үлдсэн жаахан цаг хугацаагаа үнэнийг эрэлхийлэх, Бурханыг мэдэх, Бурханы шаардлагын дагуу амьдрах, Бурханы гэрт үүргээ биелүүлэхэд зориулахыг хүсэх болсон.

Нэг өдөр, өөр нэг эмнэлгийн захирал над руу залгав. Тэрээр “Чамайг чөлөөндөө гарч байгаа болохоор манайхан чамд зориулж цайллага хийхээр төлөвлөж байна, тэгээд урьд нь ярьж байснаараа хамтарч ажиллах талаар ярилцаж болно шүү дээ. Өмнөх өвчтөнүүдийг чинь татахын тулд чиний эмчлэгч эмчийн лицензийг эмнэлэг дээрээ байрлуулмаар байна. Чи манайд ажилласан ч болно, эсвэл хувь нийлүүлэгч болох боломжтой. Чиний шийдэх хэрэг” гэлээ. Үүнийг сонсоод өөрийн эрхгүй, “Би алдар нэр, олз ашгийн хойноос хөөцөлдөж ихэнх амьдралаа өнгөрөөгөөд, үүнийхээ хариуд юу олж хүртэв? Үнэхээр би алдар нэр, олз ашгийн дор булагдаж бүх амьдралаа өнгөрүүлэх юм гэж үү? Алдар нэр, эд баялгийн араас хөөцөлдөх зовлон шаналлаас салах надад амар байгаагүй. Шөнөжингөө хонь тоолж эсвэл өдөржингөө сэтгэл түгшиж айдас хүйдэстэй явах шаардлага надад байхгүй. Бурханд итгэж үнэнийг ойлгосноор надад ирсэн сэтгэлийн амар амгаланг би амталж мэдэрчхээд байв. Энэ аз жаргалаас тас зуурах нь надад дээр. Тэгээд ч, зөвхөн лицензээ л эмнэлэгт өлгөх хэрэгтэй ч гэсэн, Асуудал гарлаа гэхэд оролцохоос аргагүй болох бөгөөд энэ нь үүргээ биелүүлэхэд минь саад болохгүй гэж үү?” Төгс Хүчит Бурханы үг надад бодогдсон: “Яг одоо та нарын туулан амьдарч буй өдөр хоног бүр тун чухал бөгөөд энэ нь хүрэх газар, хувь заяанд чинь дээд зэргийн ач холбогдолтой, иймээс та нар өнөөдөр өөрсдөдөө байгаа бүхнийг нандигнаж, өнгөрч буй хором бүрийг эрхэмлэх ёстой. Та нар энэ амьдралдаа дэмий амьдрахгүйн тулд өөртөө хамгийн их ашиг тус хүртээхэд аль болох их цаг гаргах ёстой(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи хэнд үнэнч вэ?). Би Бурханыг олох ховорхон боломжийг олж авсан маш хувьтай хүн. Бурхан амьдралын утга учрыг надад ойлгуулж, зовлон шаналлын ёроолгүй ангалаас намайг татаж гаргасан. Сатаны тэвэр лүү би яалаа гэж эргэж очих вэ? Бурханы ажил төгсгөл рүүгээ ойртож байсан, би үнэнийг хараахан олж аваагүй. Би өдөр бүрийг нандигнаж үлдсэн жаахан цаг хугацаандаа үнэнийг эрэлхийлэх хэрэгтэй байсан. Энэ л сайн сайхан амьдрал гээч нь юм шүү дээ! Бурханы хүслийг ойлгосон би бээр өнөөх захирлын саналаас татгалзсан. Утсаа салгах тэр мөчид урьд өмнө байгаагүйгээр эрх чөлөөтэй болсон мэт санагдлаа. Би өөрийн мэдэлгүй, “Би аль эрт алдар нэр, олз ашгийн араас хөөцөлдөхөө болих хэрэгтэй байж шүү дээ” гэж хэлсэн. Бусад эмнэлгээс хамтарч ажиллах талаар надтай ярьсан ч би бүгдэд нь татгалзсан. Яг одоо би үүргээ биелүүлэхэд өөрийгөө зориулж байгаа. Өдөр бүр надад амар амгалан, сэтгэл ханамжтай санагдах болсон. Энэ бол ямар ч материаллаг таашаал, алдар нэр, байр суурийн өгч чадахгүй зүйл. Намайг аварсанд нь Төгс Хүчит Бурханд би талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Би амьдралын зөв зорилгыг олж, амиа мөнгөөр худалдаж байсан өдрүүддээ баяртай гэж хэлсэн

Урьд нь би баян болж, шилдэг нь байхыг амьдралд эрэлхийлэх зорилгоо болгосон хүн байсан юм. Өдөр бүр би мөнгө олохын тулд машин шиг цөхрөлтгүй шаргуу ажилладаг байлаа. Ингэснээрээ биеэ туйлдуулж, эрүүл мэндээ сүйрүүлнэ гэж огт бодоогүй бөгөөд амьдралын утга учрыг байнга эргэцүүлэхэд хүргэсэн өвчин туссан билээ. Гайхмаар нь, Бурханы үг намайг амьдралын жинхэнэ зорилгоо олоход хүргэж, амиа мөнгөөр худалдаж байсан өдрүүддээ баяртай гэж хэлсэн юм...

Золгүй явдлаар ерөөл хүртсэн нь

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хүн туулж өнгөрүүлсэн замаа эргэн харах үедээ, амьдралын аяныхаа үе шат бүрийг эргэн санах үедээ,...

Мөнгөний боолын сэрэлт

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хүмүүс мөнгө, алдар нэрийн хойноос хөөцөлдөн амьдралаа өнгөрүүлдэг; эдгээрийг эзэмшсэнээр тэд амьд...

Messenger дээр бидэнтэй холбоо барих