Гурвалын нууцыг тайлах нь

2026-01-10

Qiu Zhi, Сингапур

Намайг 20 жилийн өмнө нэг ахлагч Христийн шашинд оруулсан юм. Орчлон ертөнц дэх бүх зүйлийн дундаас хүн төрөлхтөн, тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээсэн нэгэн жинхэнэ Бурхан байдаг гэж тэр надад хэлсэн. Энэ нь надад маш сонирхолтой байлаа. Дараа нь ахлагч надад, Эзэн Есүс бол Бурханы Хүү, бид Эзэнд итгэснээр аврагдаж болно гэж хэлсэн. Тухайн үед би, “Нэг л Бурхан байдаггүй бил үү? Яахаараа Бурхан Хүүтэй байж болдог билээ?” гэж жаахан будилсан. Бурхан үнэндээ хэд байдгийг би ер ойлгохгүй байлаа. Дараа нь, пасторынхаа хэн нэгэнд баптисм хийхийг харах бүрд “Танд Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрийн өмнөөс баптисм хийж байна” гэж хэлдэг нь анзаарагдсан. Будилсандаа би пастороос, “Хэдэн Бурхан байдаг юм бэ? Та яагаад дандаа хүмүүст Бурханы маш олон нэрээр баптисм хийдэг юм бэ?” гэж асуулаа. Пастор, “Нэг л Бурхан бий, гэхдээ Эцэг, Хүү, Ариун Сүнснээс бүрдсэн Ариун Гурвал гэж байдаг. Тэд нь өөр өөр бодгаль боловч нэг оршихуйд хамтдаа оршдог” гэж хариулсан юм. Намайг ойлгохгүй хэвээр байгааг хараад цааш нь, “Үүнийг ойлгохын тулд үнэхээр гүнзгий судлах ёстой. Одоо ойлгохгүй байвал зүгээр дээ. Тэдэнд бүгдэд нь Бурхан гэж л ханд. Эцэг, Хүү, Ариун Сүнс бүгд хамтдаа ажилладаг юм” гэж хэллээ. Пасторын тайлбарт би бас л будилж орхисон. Хэрвээ Тэр нь нэг Бурхан юм бол гурван бодгаль байж яаж болдог юм бэ? Гэхдээ энэ нь Христийн шашны үндсэн зарчим болохоор буруу байх учиргүй, тэгэхээр Бурханы гүн нууц байж магад гэж би бодлоо.

Дараа нь Бурханд илүү сайн үйлчлэхийн тулд би шашны сургуульд явсан юм. Тэнд байхдаа ч бас Гурвалын утга учрын талаар маш их бодсон. Будилаанаа арилгахын тулд маш олон материал, бичвэр уншиж эхлэн, зарим пастороос асуусан боловч хэзээ ч хариулт олоогүй дээ. Сургуулиа төгсөөд чуулганы Ням гарагийн сургуульд сайн дураар ажиллалаа. Зарим ах эгч надаас Гурвалыг тайлбарлаад өгөөч гэж хүсдэг байсан. Би яах учраа олохгүй байсан болохоор зүгээр л пасторын хэлсэн юмаар тэднийг аргацаасан даа. Тэдний төөрөлдсөн хэвээр харагдаж байгааг харахад үнэхээр эвгүй санагдсан. Би Эзэнд үйлчилж байх учиртай гэдгээ мэдэж байсан болохоор Христийн шашны ийм үндсэн юмыг тайлбарлаж чадахгүй байгаадаа үнэхээр ичсэн юм.

2007 онд би Хятадын пастор, ахлагч сургах олон улсын бага хуралд оролцсон. Олон улсын нэр алдартай пастор, номлогчид хуран цугласныг хараад би маш их догдолж, тэр боломжийг ашиглан эрж хайж, зүрх сэтгэлдээ байсан будилааныг арилгахыг хүссэн юм. Бага хурлын дараа нэг алдартай пасторт энэ талаар хандлаа. Гурвалын талаарх ойлголтыг нь асуутал тэр пастор “Эцэг бүх зүйлийг тогтоодог, Эцэгийн төлөвлөгөөг Хүү биелүүлдэг, харин Ариун Сүнс төлөвлөгөөг захирдаг юм” гэж хэллээ. Илүү дэлгэрэнгүй яриач гэтэл тэр асуултаас чадварлагаар бултсан. Өөр нэг пастороос энэ талаар асуутал, “Ехова бол Бурхан, Эзэн Есүс Бурхан, Ариун Сүнс ч Бурхан. Тэд бүгд Бурхан. Та аль хүссэндээ л залбир. Гэхдээ Эзэн Есүс хүний Хүү учраас Эзэнд залбир гэж зөвлөе. Эзэн хэвийн хүний сэтгэл хөдлөлтэй, бас хүний зүрх сэтгэлийг харж чаддаг. Тэгээд ч олон гайхамшиг үзүүлсэн шүү дээ. Ехова бол Сүнс, Ариун Сүнс ч гэсэн Сүнс. Тэднийг харж, хүрч болохгүй. Тийм болохоор газрын Бурхантай харилцсан нь дээр” гэлээ. Үүнд би бүр ч их будилж, “Гурван бодгалийн аль нь ч илүү дээд, доод биш шүү дээ, тэгэхээр нэгэнд нь залбирах илүү дээр байж яаж болдог юм бэ? Ехова Бурхан ч бас бидний зүрх сэтгэлийг харж, элдэв янзын гайхамшиг үзүүлж чаддаггүй гэж үү?” гэж бодсон юм. Будилсныг минь хараад тэр пастор, “Бурхан бол Сүнс, Бурханыг ойлгох аргагүй. Олон арван жил бичвэрийг тайлбарласан туршлагатай маш олон пастор үүнийг бүрэн тайлбарлаж чадахгүй хэвээр байгаа, би ч бас энэ талаар эрж хайсаар байна” гэж нэмж хэллээ. Үүний дараа надад асуух юм үлдээгүй юм. Залбирахын чухлыг пастор яаж онцолсныг бодохоор сэтгэл үнэхээр тавгүйтэж, тэр нь Бурханыг хүндэтгэсэн хандлага биш юм шиг санагдсан ч үүнийг яаж ойлгох ёстойгоо мэдэхгүй байлаа. Би Гурвалд итгэсээр, бас будилсаар л байсан юм. Ням гарагийн сургуулийн ангид Гурвал хөндөгдөх болгонд үүнийг гажуудуулаад Бурханд халдах вий гэж айсандаа халти мөлт л ярьдаг байсан ч зүрх сэтгэлдээ үүнийг хэзээ ч үнэхээр ойлгоогүй.

Тэгээд арав гаруй жил нүд ирмэхийн зуур л өнгөрсөн дөө. 2017 онд би Су эгчтэй уулзсан юм. Эгчийн Библийн нөхөрлөл үнэхээр гэгээрэлтэй, бас эгч үнэхээр гүн гүнзгий ойлголттой байсан. Үүнээс нь би их зүйл олж авсан. Дараа нь эгч намайг интернэтээр цомхон бүлгийн цуглаанд оролцохыг урилаа. Тийм нэг цуглаан дээр, Ли ах Бурханд итгэх жинхэнэ итгэл, Библийн цаад түүхийн талаар нөхөрлөж, энэ нь нүдийг минь нээсэн шүү. Ах бас Илчлэл дэх зөгнөлүүдийг дурдаад, “Хүн төрөлхтнийг аврах Бурханы ажил гурван эрин үед явагддаг. Хуучин Гэрээ нь Хуулийн эрин үе, Шинэ Гэрээ нь Нигүүлслийн эрин үе байсан, харин Илчлэл эцсийн өдрүүдийн ажлыг зөгнөдөг. Эрин үе болгонд Бурхан шинэ нэр авч, өөр өөр ажил хийдэг. Хуулийн эрин үеийн Хуучин Гэрээнд Бурхан Ехова гэх нэртэй байсан, тэгээд Мосегоор дамжуулан хууль, тушаал гаргаснаар хүмүүст нүглийн талаар зааж, эртний хүмүүсийг газар дэлхий дээрх амьдралд нь удирдсан. Хуулийн эрин үеийн сүүл үед хэн ч хууль дагахгүй, улам их нүгэл үйлдэж, хуулийн дор хүн бүр яллалт, үхэлтэй нүүр тулсан юм. Бурхан хүмүүсийг яллалтаас аврахын тулд Эзэн Есүс болж махбод болсон. Биднийг нүглээс золин аврахын тулд Эзэн өөрийн биеэр цовдлуулсан. Бид Эзэн Есүсийг хүлээн зөвшөөрч, Эзэнд нүглээ улайж, гэмшиж байгаа цагт нүглээ уучлуулж чадна. Гэхдээ бид одоо ч нүгэлт уг чанартай учир нүгэл үйлдэж, нүглээ улайсаар байна. Бид нүглийн хүлээсээс цэвэрлэгдэж, чөлөөлөгдөөгүй. Энэ маягаараа тэнгэрийн хаанчлалд орох эрхгүй. Эцсийн өдрүүдэд Бурхан хүн төрөлхтний хэрэгцээний дагуу үнэнийг илэрхийлдэг. Хүн төрөлхтнийг шүүж, цэвэрлэх, нүгэлт уг чанарыг маань шийдвэрлэх, биднийг Сатаны эзэмшлээс бүрэн аврахын тулд ажилладаг. Эдгээр нь хүн төрөлхтнийг аврах Бурханы ажлын гурван үе шат юм. Бурханы ажлын үе шат бүр хүн төрөлхтний хэрэгцээнд үндэслэдэг. Ажлын энэ гурван үе шатаар дамжуулан хариуд нь бид нүглийг мэдэж, нүглээс золин авруулж, нүглээс чөлөөлөгддөг. Биднийг нүглээс чөлөөлөх Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авах нь бүрэн аврагдаж, Бурханы хаанчлалд орох цорын ганц арга” гэсэн юм.

Ли ах, Бурханы ажлын гурван үе шат нягт уялдаатай гэж нөхөрлөөд, үүнийг Библитэй холбосон нь үнэхээр сэтгэлийг минь татсан шүү. Би Библийг нэлээд олон удаа уншиж, маш олон номлол сонссон ч Бурханы ажлын талаар тийм тодорхой нөхөрлөж байгаа хүнийг хэзээ ч сонсож байгаагүй.Тэгтэл Ли ах нэг хэсэг үг явуулсан юм. “Еховагийн ажлаас Есүсийнхийг хүртэл, Есүсийн ажлаас одоогийн энэ үе шатны ажил хүртэлх энэ гурван үе шат тасралтгүй уялдаатайгаар Бурханы удирдлагын бүхий л цар хүрээг хамардаг ба бүгдээрээ нэг Сүнсний ажил юм. Дэлхий ертөнцийн бүтээлээс хойш Бурхан үргэлж хүн төрөлхтнийг удирдан ажилласаар ирсэн. Тэр бол Эхлэл ба Төгсгөл, Эхэн ба Эцэс, эрин үеийг эхлүүлдэг Нэгэн, бас эрин үеийг төгсгөдөг Нэгэн юм. Өөр өөр эрин үе, өөр өөр байршил дахь ажлын гурван үе шат нь гарцаагүй нэг Сүнсний ажил мөн. Энэ гурван үе шатыг хуваадаг бүх хүн Бурханыг эсэргүүцэн зогсдог. Эхний үе шатнаас өнөөдрийг хүртэлх бүх ажил нь нэг Бурханы ажил, нэг Сүнсний ажил юм гэдгийг одоо чи ойлговол зохино. Үүнд эргэлзэх юмгүй(Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”). Бурханы үгийг уншсаны дараа Ли ах ингэж нөхөрлөсөн: “Нэг л Бурхан бий. Бурхан бүх хүн төрөлхтнийг бүтээсэн, Бурхан Өөрөө хүнийг удирдаж, аварч байдаг. Дэлхий ертөнц бүтээгдсэнээс хойш өнөөг хүртэл Бурхан хүн төрөлхтнийг аврахаар ажиллаж ирсэн, бас ажлын үе шат болгонд Бурханы нэр өөр, ажил, цаг үе, газар нь өөр өөр байдаг ч энэ бүгдийг нэг Бурхан хийдэг. Ажлын үе шат болгон өмнөх дээрээ суурилж, үе шат болгонд илүү дээшилж, гүнзгийрдэг.” Үүнийг сонсоод би үнэхээр гайхаж, “Ажлын үе шат болгоныг нэг Сүнс хийдэг гэж ах хэлж байна, тэгэхээр Ехова, Эзэн Есүс хоёр нэг Сүнс юм байна. Гурван Сүнс биш, нэг л Бурхан байдаг юм байна! Ли ахын нөхөрлөл маш ойлгомжтой байна, эргэлзэж, няцаах юу ч харагдахгүй байна. Гэхдээ ахын хэлсэнд үндэслэвэл бидний итгэж ирсэн Гурвал үндэслэлтэй байж чадахгүй гэсэн үг биш үү? Бурханы цор ганц байдал, олон тоот байдлын талаар шашны ертөнцөд маргаан өрнөсөөр ирсэн ч ихэнх хүн Гурвалд итгэдэг. Бүгдийнх нь буруу баймааргүй юм. Урьд нь би хэзээ ч иймэрхүү нөхөрлөл сонсож байгаагүй. Шашны нийгэмлэгт шинэ ойлголт гарсан юм болов уу?” гэж бодлоо. Тэгээд сэтгэлээ тайвшруулж чадалгүй, энэ талаар жаахан бодож үзэхээр эртхэн гарсан.

Жаахан тодорхой ойлгохын тулд дахиад Библийн хуудас эргүүлж, номлолын маш олон эх сурвалжийг харж эхэлсэн юм. Юу ч ололгүй өчнөөн өдөр хайсан шүү. Тухайн үед сэтгэл түгшиж эхлэн, “Ли ахын нөхөрлөл шашны ертөнцийн хэлдгээс өөр байна, гэхдээ шинэлэг, Библийн үндэслэлтэй байсан шүү дээ. Дараачийн цуглаанд оролцох хэрэгтэй юу? Энэ чигээрээ яваад, Гурвал гэх санаанаас татгалзах юм бол шашны нийгэмлэг намайг хөөх нь лавтай. Гэхдээ би чуулганд олж авч чадахгүй гэгээрлийг ахын нөхөрлөлөөс олж авсан шүү дээ. Зүгээр болиход хайран юм” гэж дотроо бодлоо. Шийдэж чадахгүй байсан болохоор цуглаан дээр Ли ахын явуулсан Бурханы үгийн тэр хэсгийг олоод, уншингаа тунгаан бодож, бодох тусмаа, эгэл хүнээс ийм юм гарах аргагүй гэдгийг улам бүр мэдэрлээ. Бас ямар ч сүнслэг хүн Бурханы удирдлагын ажлын талаар тиймэрхүү өнгөөр ярьж зүрхлэхгүй. Энэ үнэхээр Бурханы үг юм болов уу? Маш их бодсоныхоо дараа би, шашны ертөнц юу ч гэж бодлоо гэсэн, Ли ахын нөхөрлөлийг сонсож, будилааныг минь арилгаж чадах эсэхийг харах ёстой гэж шийдлээ.

Дараачийн цуглаан дээр би Гурвалын талаарх эргэлзээгээ хэлтэл ах ингэж нөхөрлөсөн юм: “Шашны маш олон хүн Гурвал гэх санаатай зууралддаг. Нэг Бурхан бий, гэхдээ Бурханы удирдлагын ажлын өөр өөр хэсгийг хариуцдаг Эцэг, Хүү, Ариун Сүнс гэх гурван бодгаль байдаг гэж тэд боддог. Гэхдээ энэ санаа хаанаас гаралтайг бид ер нь бодож үзсэн үү? Бурхан ер нь Гурвалын талаар юм хэлсэн үү? Ариун Сүнс үүнд гэрчлэл хийсэн үү? Эш үзүүлэгчид энэ талаар ярьсан уу? Мэдээж үгүй! Үнэндээ Гурвал гэх санаа Эзэний цаг үеэс гурван зуу гаруй жилийн дараа Никеягийн Зөвлөл дээр анх гарч ирж, шашны удирдагчдын ширүүн мэтгэлцээний дараа үүнийг тогтоосон юм шүү дээ. Тэр цагаас хойш шашны ихэнх хүн бүх зүйлийг бүтээсэн нэгэн Бурханыг маань Гурвал гэж итгэж эхэлсэн. Эзэн Есүсээс гадна тэнгэрт Эцэг, Ариун Сүнс гэж бас байдаг, Тэд бол гурван Бурхан, гурван Сүнс гэж тэд боддог. Тэдний логикийг дагавал Бурхан нэгэн жинхэнэ Бурхан мөн байх уу? Тэд нэг л Бурхан байгаа талаар хаа сайгүй хашхичин явдаг ч Гурвалд итгэдэг. Энэ нь авцалдаагүй биш үү? Утгагүй биш гэж үү? Хуучин Гэрээнд Гурвалын талаар хэзээ ч, юу ч гэж байгаагүй, бас Эзэн Есүс газар дээр гурван жил хагас ажиллахдаа Гурвал байгаа талаар хэзээ ч, юу ч хэлээгүй. Эзэн Есүсийг ажлаа дуусгасны дараа яагаад тийм санаа гарсан юм бэ? Яагаад гэвэл бие махбодтой болохын мөн чанарыг хүмүүс ойлгоогүй юм. Ариун Сүнс Эзэн Есүсийг Бурханы хайртай Хүү гэж гэрчилсэн, бас тэд Эзэн Есүсийг тэнгэр дэх Эцэгтээ залбирч байгааг хараад Бурханы талаар үзэлтэй болсон. Эцэг, Хүү, Ариун Сүнс гэх гурван Бурхан байдаг гэж тэд бодож, өөрсдийн төсөөлсөн зүйлээс гаргалгаа гаргаж, Бурханыг хязгаарлах тийм дэндсэн оролдлого хийсэн юм. Жишээ нь, Филипийг аваад үз. Филип Эзэн Есүсийг бие махбодтой болсон Бурхан гэж мэдээгүй учраас Эцэгээ харуулаач гэж Эзэнээс хүссэн. Эзэн Есүс хариуд нь, ‘Би та нартай хамт ийм удаан байсан атал чи Намайг танихгүй гэж үү, Филип ээ? Намайг харсан хүн Эцэгийг харсан; гэтэл “Бидэнд Эцэгийг харуулаач” гэж чи яаж хэлнэ вэ? Би Эцэгийн дотор, Эцэг Миний дотор байгаа гэдэгт чи итгэдэггүй гэж үү? Та нарт хэлж байгаа үгээ би Өөрийн санаагаар хэлээгүй: харин Миний дотор оршдог Эцэг ажлаа хийж байгаа юм(Иохан 14:9–10) гэж тодорхой хариулсан. “Эзэн Есүс бас, ‘Би болон Миний Эцэг нэг юм(Иохан 10:30) гэсэн. Тэд нэгэн бүхэл, нэг Бурхан, нэг Сүнс гэдгийг Эзэн Есүс маш тодорхой хэлсэн.”

Дараа нь Ли ах Бурханы үгийн уншлагын хоёр видео үзүүлсэн юм. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хэрвээ та нарын дундаас хэн нэг нь Гурвал үнэхээр оршдог гэж хэлбэл гурван бодгаль дахь энэ нэг Бурхан яг юу вэ гэдгийг тайлбарла. Ариун Эцэг гэж юу вэ? Хүү нь юу вэ? Ариун Сүнс гэж юу вэ? Ехова Ариун Эцэг үү? Есүс Хүү юу? Тэгвэл Ариун Сүнс юу вэ? Эцэг нь Сүнс биш гэж үү? Хүүгийн мөн чанар ч бас Сүнс биш гэж үү? Есүсийн ажил нь Ариун Сүнсний ажил байгаагүй гэж үү? Тухайн үеийн Еховагийн ажлыг ч гэсэн Есүсийнхтэй адил Сүнс хийгээгүй гэж үү? Бурхан хэдэн Сүнстэй вэ? Чиний тайлбараар бол Эцэг, Хүү, Ариун Сүнс гэсэн гурван бодгаль нь нэг; хэрвээ тийм бол гурван Сүнс байна, гэхдээ гурван Сүнс байна гэдэг нь гурван Бурхан байна гэсэн үг. Тэгвэл цор ганц жинхэнэ Бурхан байхгүй гэсэн үг; ийм Бурхан яаж Бурханы төрөлх мөн чанартай байж чадах юм бэ? Хэрвээ чи цорын ганц Бурхан байдаг гэдгийг хүлээн зөвшөөрвөл Тэр яаж хүүтэй байж, мөн эцэг байж чадах юм бэ? Эдгээр нь бүгдээрээ зүгээр л чиний үзэл биш гэж үү? Цорын ганц Бурхан байдаг, энэ Бурханд цорын ганц бодгаль байдаг, цорын ганц Бурханы Сүнс байдаг, яг л Библид бичсэнчлэн ‘Цорын ганц Ариун Сүнс, цорын ганц Бурхан байдаг.’ Чиний ярьдаг Эцэг, Хүү оршдог эсэхээс үл хамааран, эцсийн эцэст цорын ганц Бурхан байдаг бөгөөд та нарын итгэдэг Эцэг, Хүү, Ариун Сүнсний мөн чанар бол Ариун Сүнсний мөн чанар юм. Өөрөөр хэлбэл, Бурхан бол Сүнс, гэхдээ Тэр махбод болж, хүмүүсийн дунд амьдарч, түүнчлэн бүх зүйлээс дээгүүр байж чаддаг. Түүний Сүнс бүхнийг-хамардаг бөгөөд хаа сайгүй оршдог. Тэрээр махбодод болон бүхий л орчлон ертөнцөд нэгэн зэрэг оршиж чадна. Бурхан бол цорын ганц жинхэнэ Бурхан гэж бүх хүн хэлдэг тул хэний ч хүслээр хуваагдашгүй ганцхан Бурхан байдаг! Бурхан бол цорын ганц Сүнс, цорын ганц бодгаль; тэр нь Бурханы Сүнс юм.” “Гэсэн ч зарим хүн: ‘Эцэг бол Эцэг; Хүү бол Хүү; Ариун Сүнс бол Ариун Сүнс бөгөөд эцэстээ Тэд нэг болно’ хэмээн хэлсээр байж магадгүй. Тэгвэл чи Тэднийг хэрхэн нэг болгох ёстой вэ? Эцэг, Ариун Сүнс хоёрыг яаж нэг болгож чадах вэ? Хэрвээ Тэд угаасаа хоёр байсан бол Тэднийг яаж ч нийлүүлсэн хамаагүй хоёр хэсэг хэвээр үлдэхгүй гэж үү? Тэднийг нэг болгох тухай ярих нь, нэг бүхэл болгохын тулд хоёр тусдаа хэсгийг нийлүүлж байгаа хэрэг биш гэж үү? Гэхдээ бүхэл болгуулахаасаа өмнө Тэд хоёр хэсэг байгаагүй гэж үү? Сүнс бүрд өөр өөр мөн чанар байдаг бөгөөд хоёр Сүнсийг ганц болгож болохгүй. Сүнс бол материаллаг зүйл биш, материаллаг ертөнц дээрх юутай ч адилгүй. Хүний үздэгээр, Эцэг нь нэг Сүнс, Хүү өөр Сүнс, Ариун Сүнс бас нэг Сүнс юм, тэгээд нэг бүхэл болгохын тулд гурван Сүнсийг гурван аягатай ус шиг хольж болно. Тэгвэл энэ гурав нэг болох бус уу? Энэ бол гарцаагүй эндүү ташаа, утгагүй тайлбар юм! Энэ нь Бурханыг хувааж байгаа хэрэг биш үү? Яаж Эцэг, Хүү, Ариун Сүнсийг нэг болгож болох юм бэ? Тэд бол тус бүрдээ өөр шинж чанартай гурван хэсэг биш гэж үү?(Үг нь махбодоор илэрсэн номын “Гурвал оршин байдаг уу?”). Дараа нь ах нөхөрлөхдөө, “Төгс Хүчит Бурханы үг Гурвалын төөрөгдлийг нэгд нэггүй, тодорхой задлан шинжилдэг. Бурхан бол нэгэн жинхэнэ Бурхан, бас өөр өөр нэртэй л болохоос ганцхан байдаг Ариун Сүнс гэдгийг бид харж болно. Бие махбодтой болсон Бурхан бол махбод дахь Ариун Сүнс, Түүний махбодын мөн чанар нь Ариун Сүнс юм. Бурханыг бид залбирахдаа юу ч гэж дуудсан бай, Бурхан, Ариун Сүнс, бие махбодтой болсон Бурхан бүгд нэгэн бүхэл, нэгэн Сүнс мөн. Энэ баримтыг хэн ч үгүйсгэж чадахгүй. Бурхан бол орчлон ертөнц дэх бүх зүйлийн Эзэн. Төгс хүчит, бүхнийг мэдэгч, бүхнийг хамарсан Сүнс. Бурхан газар сайгүй оршдог, хэмжээлшгүй хүчирхэг. Бурхан тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээж чадна, бас газар дээрх хүний амьдралыг замчилж чадна. Тэгээд бас хэрэгтэй зүйлийнх нь дагуу хүмүүсийг золин аварч, аврал үзүүлэхийн тулд хүний Хүү болон махбод болж чаддаг. Бурханы Сүнс бас орчлон ертөнц дэх бүх зүйлийг хянадаг. Ехова Бурхан бол орчлон ертөнцийг бүтээсэн Эцэг, Тэр удирдах, төлөвлөх ажил хийгээд тэнгэрт байгаа, харин Эзэн Есүс бол хүн төрөлхтнийг золин аврахаар Эцэгийн илгээсэн Хүү гэж шашны ертөнцийнхний хэлдгээр явах юм бол Эзэн Есүс дахин амилж, тэнгэр өөд гармагцаа хийх юмгүй болж, Ариун Сүнсэнд найдах ёстой болох байсан. Гурвалын бодгалиуд дор бүрдээ өөрсдийн гэх үүрэгтэй. Тэнгэр, газар, хүн төрөлхтөнд хийгддэг ажлыг хариуцах хариуцлага гэж байдаг. Энэ нь Бурханыг гурван хэсэг хувааж байгаа хэрэг биш үү? Тэгвэл Бурхан төгс хүчит, бүхнийг мэдэгч, хэмжээлшгүй хүчит, цорын ганц Бурхан хэвээр байх уу? Энэ нь зөрчилдөөнтэй биш үү? Цорын ганц Бурхан байдаг, Бурхан Өөрөө хүн төрөлхтнийг удирдаж, аварч байгаа. Бурханыг гурван хэсэг болгон хуваана гэдэг Бурханыг хэсэгчилж байгаа хэрэг. Бурханыг эсэргүүцэж, доромжилж байгаа явдал!” гэлээ.

Бурханы үгэнд үнэхээр сэтгэл хөдөлж, миний олон жил зүрх сэтгэлдээ тээж явсан Гурвал гэгч ер байдаггүйг олж харсан даа! Бид Бурхан бол цорын ганц гэж үргэлж зүтгэн, Эзэнд олон жил итгэсэн ч Бурханыг гурван бодгальд хуваагаад, дараа нь тэр гурван Бурханаа дахиад яаж нэг болгохоо мэддэггүй байж. Мунхаг биш байна уу? Гурвалын талаар авцалдаагүй тайлбарласан өнөөх алдартай пасторуудын талаар би бодлоо. Тэд тодруулж чадахгүй болохоороо Бурханыг ойлгошгүй, нууцлаг гэцгээж, бидний нүдийг хуурдаг юм байна. Бурханыг мэдэлгүйгээр Бурханд итгэж, Бурханыг хуваана гэдэг үнэхээр Бурханыг эсэргүүцэж, үл хүндэлж байгаа явдал гэдгийг би ойлгосон. Тэгж бодоод Бурханд үнэхээр өртэйгөө мэдэрсэн шүү. Гэхдээ би будилсаар л байсан. Яагаад гэвэл Библид, “Есүс баптисм хүртэх үедээ, голын уснаас тэр даруй гарах үед тэнгэр заагдаж, Бурханы Сүнс тагтаа мэт Түүн дээр буухыг Тэр харав: Тэнгэрээс нэгэн дуу хоолой гарч, ‘Энэ бол Миний хайртай Хүү. Би Түүнийг ихэд таалдаг’ гэлээ” гэсэн байдаг (Матай 3:16–17). Бурхан бол нэг Сүнс, нэг Бурхан. Эзэн Есүс Иордан голд баптисм хүртэж, Ариун Сүнс Түүнийг Бурханы Хүү гэж гэрчилсэн, бас Эзэн Есүс маш олон удаа тэнгэр дэх Эцэгтээ залбирсан. Үүнийг бид яаж ойлгож болох вэ? Би үнэхээр ойлгохыг хүссэн болохоор Ли ахаас асуусан юм.

Ах хэлэхдээ, “Тийм ээ, Эзэн Есүс Бурханд залбирч, Бурханыг тэнгэр дэх Эцэгээ гэж дуудсан. Үүнд нууц бий. Эзэн Есүс үйлчлэлээ эхлэхийн өмнө махбод дахь Бурхан гэдгээ Өөрөө мэдээгүй, учир нь Сүнс махбодод ажиллах үедээ ер бусын биш, хэвийн байдаг. Ердийн хүнтэй яг адилхан. Тийм болохоор Эзэн мэдээж тэнгэр дэх Эцэгтээ залбирдаг байсан. Энэ нь Эзэн Есүс хүний хувиар Бурханы Сүнсэнд залбирч байгаа явдал байсан. Энэ нь байх л зүйл. Эзэн Есүсийг үйлчлэлээ эхлэх үед Ариун Сүнс үг хэлж, Тэр бол махбод дахь Бурхан гэж гэрчлэл хийсэн. Тэгэхэд л Эзэн Есүс жинхэнэ ялгамж чанараа мэдсэн. Гэхдээ Эцэгтээ залбирсан хэвээр байсан нь Христ даруу, нууцлаг, Христийн мөн чанар бүхэлдээ Бурханд дуулгавартай гэдгийг харуулдаг” гэлээ. Үүнийг тодруулдаг Төгс Хүчит Бурханы үгийн уншлагын видеог үзэцгээе. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Есүс залбирахдаа тэнгэр дэх Бурханыг Эцэг хэмээн дуудаж байсан нь зөвхөн бүтээгдсэн хүний өнцгөөс, мөн Бурханы Сүнс эгэл, хэвийн махбод өмсөж, бүтээгдсэн зүйлийн гадаад бүрхүүлтэй болсон учраас л тэгсэн юм. Түүний дотор Бурханы Сүнс байсан ч гэсэн гадаад төрх нь хэвийн хүнийх байсан; өөрөөр хэлбэл, Есүсийг Өөрийг нь оролцуулаад бүх хүний хэлдгээр Тэр ‘хүний Хүү’ болсон байлаа. Хүний Хүү гэж дуудагдаж байсныг нь харгалзан үзвэл, Тэрээр эгэл жирийн хүмүүсийн хэвийн гэр бүлд төрсөн хүн (эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай, ямартай ч хүний гадаад төрхтэй) байсан юм. Тиймээс Есүс тэнгэр дэх Бурханыг Эцэг хэмээн дуудсан нь анх та нар Түүнийг Эцэг гэж дуудсантай адил; Тэрээр бүтээгдсэн хүний өнцгөөс ингэсэн. Та нарт цээжлүүлэх гэж Есүсийн заасан Эзэний Залбирлыг та нар санаж байна уу? ‘Тэнгэр дэх бидний Аав аа…’ Тэнгэр дэх Бурханыг Эцэгийн нэрээр дуудахыг Тэр бүх хүнээс шаардсан. Тэр ч гэсэн Бурханыг Аав гэж дуудсан ба та бүхэнтэй адил байр сууринд зогсож байгаа хүний өнцгөөс ингэсэн юм. Нэгэнт та нар тэнгэр дэх Бурханыг Эцэгийн нэрээр дууддаг учраас Есүс Өөрийгөө та нартай адил байр сууринд байгаагаар, мөн Бурханы сонгосон газар дээрх хүн (өөрөөр хэлбэл, Бурханы Хүү) мэтээр үзжээ. Хэрвээ та нар Бурханыг ‘Эцэг’ хэмээн дуудвал, энэ нь бүтээгдсэн зүйл гэдгээс чинь болж байгаа бус уу? Газар дээрх Есүсийн эрх мэдэл хэчнээн агуу байсан ч цовдлолоос өмнө Тэр бол зүгээр л Ариун Сүнсээр (өөрөөр хэлбэл, Бурханаар) удирдуулсан хүний Хүү байсан бөгөөд газар дээрх бүтээгдсэн зүйлсийн нэгэн байсан, учир нь Тэр Өөрийн ажлыг хараахан биелүүлээгүй байсан юм. Тиймээс, тэнгэр дэх Бурханыг Эцэг хэмээн дуудсан нь гагцхүү Түүний даруу зан, дуулгавартай байдал байлаа. Тэрээр Бурханыг (өөрөөр хэлбэл, тэнгэр дэх Сүнсийг) тийм байдлаар дуудаж байсан нь Тэр бол тэнгэр дэх Бурханы Сүнсний Хүү гэдгийг нотолдоггүй. Харин ч Тэр өөр бодгаль байсан юм биш, зүгээр л Түүний харах өнцөг өөр байсан юм. Өөр өөр бодгалийн оршин тогтнол гэдэг нь гажууд онол юм! Цовдлогдохоосоо өмнө Есүс махан биеийн хязгаарлалтад баригдсан хүний Хүү байсан бөгөөд Сүнсний эрх мэдлийг бүрэн эзэмшээгүй. Тийм учраас Тэр бүтээгдсэн зүйлийн өнцгөөс Эцэг Бурханы хүслийг эрж хайж л чадсан юм. Тэрээр Гетсеманид: ‘Миний хүслээр биш, харин Таны хүслээр болог’ хэмээн гурвантаа залбирсантай адил. Загалмай дээр цовдлогдохоосоо өмнө Тэр иудейчүүдийн Хаан байсан; Тэрээр алдрын бие биш, харин Христ, хүний Хүү байлаа. Тийм учраас бүтээгдсэн зүйлийн өнцгөөс Тэрээр Бурханыг Эцэг гэж дуудсан юм.” “‘Есүс бол Түүний хайртай Хүү гэж Бурхан тов тодорхой хэлээгүй гэж үү?’ хэмээн хэлдэг хүмүүс бий. Есүс бол Бурханы хайртай Хүү, Түүнийг Тэр ихэд таалдаг гэж Бурхан Өөрөө гарцаагүй хэлсэн. Тэр нь, Бурхан Өөрийгөө гэрчилж байсан хэрэг боловч ердөө өөр өнцгөөс буюу тэнгэр дэх Сүнсний өнцгөөс бие махбодтой болсон Өөртөө гэрчлэл хийж байсан хэрэг юм. Есүс бол Түүний тэнгэр дэх Хүү биш, бие махбодтой болсон Бурхан юм. Чи ойлгов уу? ‘Би Эцэгийн дотор, Эцэг Миний дотор байдаг’ хэмээх Есүсийн үг нь Тэд бол нэг Сүнс гэдгийг илтгэдэггүй гэж үү? Бие махбодтой болсноос болж Тэд тэнгэр, газрын хооронд тусгаарлагдаагүй гэж үү? Үнэндээ Тэд нэг хэвээр байгаа; ямар ч байсан энэ нь Бурхан зүгээр л Өөрийгөө гэрчилж байгаа хэрэг. Эрин үеүдийн өөрчлөлт, ажлын шаардлага болон удирдлагын төлөвлөгөөнийх нь ялгаатай үе шатуудаас шалтгаалан хүний Түүнийг дууддаг нэр ч бас өөр өөр байдаг. Ажлын эхний үе шатыг хэрэгжүүлэхээр ирэхдээ Тэр зүгээр л Ехова гэж нэрлэгддэг, израильчуудын хоньчин байсан. Хоёр дахь үе шатанд бие махбодтой болсон Бурхан зөвхөн Эзэн, Христ гэж нэрлэгдэж байв. Гэхдээ тухайн үед, Тэр бол Бурханы хайртай Хүү гэж тэнгэр дэх Сүнс хэлсэн бөгөөд Түүнийг Бурханы цорын ганц Хүү гэж огт дурдаагүй. Энэ нь ердөө тохиолдоогүй. Бурхан яаж ганц хүүхэдтэй байх юм бэ? Тэгвэл Бурхан хүн болчихгүй гэж үү? Тэр бие махбодтой болсон байсан учраас Түүнийг Бурханы хайртай Хүү гэж дуудсан бөгөөд эндээс Эцэг, Хүүгийн хоорондын харилцаа гарч ирсэн. Энэ нь зүгээр л тэнгэр, газрын хоорондох тусгаарлалтаас болсон юм. Есүс махбодын өнцгөөс залбирсан. Тэр тийм хэвийн хүн чанартай махбод өмссөн байсан учраас махбодын өнцгөөс Тэрээр: ‘Миний гадаад бүрхүүл бүтээгдсэн зүйлийнх. Би энэ дэлхийд ирэхийн тулд махбод өмссөн тул тэнгэрээс холын хол байна’ гэж хэлсэн юм. Энэ шалтгааны улмаас Тэр зөвхөн махбодын өнцгөөс л Эцэг Бурханд залбирч байв. Энэ нь Түүний үүрэг байсан бөгөөд бие махбодтой болсон Бурханы Сүнсний эзэмших ёстой зүйл байлаа. Махбодын өнцгөөс Эцэгт залбирч байснаас нь болоод Түүнийг Бурхан биш гэж хэлж болохгүй. Хэдий Бурханы хайртай Хүү гэж дуудагдаж байсан ч Тэр бол Бурхан Өөрөө хэвээр юм, учир нь Тэр бол бие махбодтой болсон Сүнс бөгөөд Түүний мөн чанар бас л Сүнс юм(Үг нь махбодоор илэрсэн номын “Гурвал оршин байдаг уу?”).

Ли ах цааш нь нөхөрлөж, “Эзэн Есүс бол махбод дахь Бурхан байсан. Хэвийн хүн чанартай хүний Хүүгийн бие доторх Бурханы Сүнс байсан юм. Эзэн огт ер бусын харагддаггүй ч Бурханы Өөрийн мөн чанартай байсан. Баптисм хүртэж, үйлчлэлээ эхэлснийх нь дараа Эзэн Есүсийг Бурхан хайртай Хүүгээ гэж гэрчилсэн. Энэ нь, Бурхан бие махбодтой болсон Бурханд Сүнсний өнцгөөс гэрчлэл хийж байгаа явдал байсан, ингэснээр хүмүүс Эзэн Есүсийг дагаж, Эзэнд итгэж, Бурханаас ирснийг нь мэдэх байсан. Хэрвээ Ариун Сүнс шууд Эзэн Есүсийг махбод дахь Бурхан гэж гэрчилсэн бол хүмүүс бие махбодтой болсон Бурханы талаар юу ч мэддэггүй учраас үүнийг хүлээн авахад хэцүү байх байсан юм. Тэдэнд бие махбодтой болох явдал шинэлэг, тэд энэ талаар ямар ч мэдлэггүй байлаа. Хүний Хүү, энэ ердийн хүн бол махбод дахь Бурханы Сүнсний биелэл гэж тэд хэзээ ч төсөөлөөгүй юм. Эзэн Есүс ажлаараа олон үг илэрхийлж, гэмшлийн замыг авчирч, тэмдэг, гайхамшиг үзүүлж, Бурханы эрх мэдэл, хүч чадлыг бүрэн илчилсэн. Гэхдээ Эзэн Есүс бол Бурхан Өөрөө, Бурханы илрэлт гэдгийг ажил, үгээс нь хүмүүс олж харж чадаагүй. Тэр үеийн хүмүүсийн биеийн хэмжээнд үндэслэн Бурхан Эзэн Есүсийг Өөрийн хайртай Хүү гэж гэрчилж, Эзэн Есүсийг Хүүг нь гэж эндүүрэхийг хүмүүст түр зөвшөөрсөн. Энэ нь хүмүүсийн үзэлд нийцтэй, хүлээн авахад амархан байсан. Эзэн Есүс золин авралын ажлыг л хийж байсан учраас хүмүүс Эзэнийг юу ч гэж дуудсан бай, зүгээр л Аврагчаа гэж хүлээн авч, нүглээ уучлуулж, Бурханы нигүүлслийг эдлэх эрхтэй болох хэрэгтэй байсан юм. Эзэн Есүс тэнгэр дэх Бурханыг Эцэгээ гэж залбирснаар бүтээгдсэн хүний өнцгөөс Бурханыг дуудаж байсан. Энэ нь Бурхан хэчнээн даруу, нууцлаг гэдгийг харуулсан юм. Эзэн Есүс Бурхан Өөрөө байсан ч Өөрийгөө Бурхан гэж хэлээгүй. Харин, гагцхүү бүтээгдсэн зүйлийн өнцгөөс л хүмүүст залбирахыг зааж, Бурханыг мэдэхэд нь тэднийг замчилсан. Тэгснээр хүмүүс Бурханыг нэн сүрлэг, хол хөндий гэж мэдрэхгүй, харин ч үүгээр Бурхан, хүн хоёр илүү ойртон дотносох байсан юм. Энэ нь Бурханы ажил дахь мэргэн ухаан байсан. Энэ нь хүмүүс бидэнд хэрэгтэй, бас Бурханы авралын ажилд хэрэгтэй зүйл байсан” гэлээ.

Энэ нь надад гэнэтхэн гэгээрэл авчирсан юм. Энэ бичвэрийн цаана Бурханы ажлын мэргэн ухаан, хүн төрөлхтнийг хайрлах Бурханы хайр байгааг би олж харсан. Гэхдээ ойлголтоор дулимаг бид Эцэг, Хүү, Ариун Сүнс гэж Библид дурдсаныг хараад үзэлдээ тулгуурлан Бурханыг гурван бодгаль, гурван Бурханд хуваадаг юм байна. Энэ үнэхээр Бурханыг доромжилж байгаа хэрэг! Бурхан бол Гурвал гэх төөрөгдөл миний сэтгэлд хормын зуур нуран унаад, би чөлөөлөгдсөн дөө. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Есүсийн доторх Сүнс, тэнгэр дэх Сүнс болон Еховагийн Сүнс бүгд нэг юм. Үүнийг Ариун Сүнс, Бурханы Сүнс, долоо дахин эрчимжсэн Сүнс, бүгдийг хамарсан Сүнс гэж нэрлэж болно. Бурханы Сүнс их ажил гүйцэтгэж чадна. Тэр дэлхийг бүтээж, бас үерээр газар дэлхийг устгаж чадна; Тэр бүх хүн төрөлхтнийг золин аварч чадна, түүнчлэн бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулж, бас устгаж чадна. Энэ ажлыг бүгдийг нь Бурхан Өөрөө хийдэг бөгөөд Түүний оронд Бурханы өөр ямар ч бодгаль хийж чадахгүй байх байв. Түүний Сүнсийг Ехова, Есүс, түүнчлэн Төгс Хүчит гэж нэрлэж болно. Тэр бол Эзэн бөгөөд Христ юм. Тэр бас хүний Хүү болж чадна. Тэр тэнгэрт, бас газарт байдаг; Тэр орчлон ертөнцөөс дээш өндөрт байдаг бөгөөд олон түмний дунд байдаг. Тэр бол тэнгэр, газрын цорын ганц Эзэн билээ! Бүтээлийн цаг үеэс эхлээд одоог хүртэл энэ ажлыг Бурханы Өөрийн Сүнс хийсээр ирсэн. Тэнгэр дэх ажил ч бай, эсвэл махбод дахь ажил бай бүгдийг нь Түүний Сүнс хийдэг. Тэнгэр дэх ч бай, эсвэл газар дахь ч бай бүх бүтээл Түүний төгс хүчит гарын алганд байдаг; энэ бүхэн нь Бурханы Өөрийн ажил бөгөөд Түүний оронд өөр хэн ч хийж чадахгүй. Тэнгэрт Тэр бол Сүнс, бас Бурхан Өөрөө; хүмүүсийн дунд Тэр махбод боловч Бурхан Өөрөө хэвээр. Хэдэн зуун мянган нэрээр нэрлэж болох ч Тэр Өөрөө хэвээр бөгөөд Түүний Сүнсний шууд илэрхийлэл юм. Түүний цовдлолоор дамжин ирсэн бүх хүн төрөлхтний золин аврал нь Түүний Сүнсний шууд ажил байсан бөгөөд эцсийн өдрүүдэд бүх улс орон, газар нутагт илгээх тунхаглал ч Түүний Сүнсний шууд ажил. Бурханыг цаг ямагт төгс хүчит, ганц жинхэнэ Бурхан, бүгдийг хамарсан Бурхан Өөрөө гэж л нэрлэж болно. Тусдаа бодгалиуд оршин тогтнодоггүй, Эцэг, Хүү, Ариун Сүнс хэмээх санаа бүр ч оршдоггүй. Тэнгэрт болон газарт цорын ганц Бурхан байдаг!(Үг нь махбодоор илэрсэн номын “Гурвал оршин байдаг уу?”). Ли ах үүнийг уншсаны дараа ингэж нөхөрлөсөн: “Бурхан бол Бүтээгч, хүн төрөлхтнийг Бүтээсэн Нэгэн. Тэр бол хүн төрөлхтний төлөө, хүмүүсийн газар дээрх амьдралыг замчлахын тулд хууль, тушаал гаргасан Ехова Бурхан. Тэр бас биднийг нүглээс золин аварсан манай Аврагч, Эзэн Есүс. Хамгийн гол нь Тэр бол бүх хүн төрөлхтнийг шүүхээр эцсийн өдрүүдэд эргэн ирсэн Төгс Хүчит Бурхан юм. Бидний хүсэн хүлээж байсан Эзэн Есүс эргэн ирсэн. Тэр бол Төгс Хүчит Бурхан. Бурхан үнэнийг илэрхийлж, эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг хийж, газар дээр хорь гаруй жил ажиллаж байна. Тэгээд хуйлмал номыг нээж, ариусаж, бүрэн аврагдахад хэрэгтэй бүх үнэнийг бидэнд өгсөн. Энэ нь Эзэний дараах зөгнөлийг биелүүлдэг: ‘Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана(Иохан 16:12–13). ‘Хэрвээ Миний үгийг сонсоод баримталдаггүй хүн байвал Би түүнийг шүүхгүй: учир нь Би дэлхий ертөнцийг шүүхийн тулд биш харин аврахын тулд ирсэн билээ. Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно(Иохан 12:47–48).”

Үүнийг сонсоод би маш их догдолсон шүү. Эзэн Есүс эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хийхээр эргэн ирж, үнэнийг илэрхийлсэн байлаа. Тэр үг яг л Бурханы дуу хоолой юм шиг маш хүчирхэг, эрх мэдэлтэй санагдсанд гайхах юм алга. Тэр үнэхээр Бурханы үг байсан юм билээ! Ли ахад би догдлонгуйгаар, “Одоо би ойлголоо. Бурханы Сүнс ч бай, бие махбодтой болсон Бурхан ч бай, Тэр бол Бурхан Өөрөө юм байна. Гурвал гэж байдаггүй юм байна. Хоёр мянга орчим жил мэтгэлцсэн энэ төөрөгдлийг Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үнэнгүйгээр хэн ч нэгд нэггүй няцааж, ил болгож чадахгүй байсан. Бурхан Өөрөө л энэ үнэнийг илчилж чадах байсан юм. Төгс Хүчит Бурханы үг бол Бурханы дуу хоолой, Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс гэдэгт би итгэлтэй байна! Одоо би Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авахад бэлэн байна! 20 гаруй жилийн турш намайг зовоосон энэ будилааныг бүрэн арилгаж өгсөнд нь Төгс Хүчит Бурханд талархъя!” гэж хэлсэн юм даа.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Сонсооч! Хэн үг хэлж байна вэ?

Жоу Ли, Хятад Чуулганы номлогчийн хувьд сүнсээрээ хоосорч, номлох зүйлгүй болохоос илүү зовлонтой зүйл гэж үгүй. Цуглаанд ирэх ах эгч нар...

Өөр төрлийн хайр

Чэншинь, Бразил 2011 онд тохиолдлоор олдсон боломжоор, би Хятадаас Бразилд ирсэн юм. Намайг яг ирэх үед, нүд минь шинэлэг, шинэхэн...

Messenger дээр бидэнтэй холбоо барих